Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00936

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00936

 

 

Л.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01344 дугаар шийдвэртэй,

Л.Э-ын нэхэмжлэлтэй, Д.Б, Ц.Б нарт холбогдох,

С.Г, Л.Э нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, мөн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хувийн сууц, гараж худалдах, худалдан авах гэрээ, Д.Б-ийн нэр дээрх газар, хувийн сууц, гараж бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх газар, хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо толгойтын *****************тоот хаягт байрлалтай газар, хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Б-гийн ээж С.Г гэх хүнтэй 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн. Уг хэлцэлд Л.Э оролцож гарын үсэг зураагүй байхаас гадна 5,000,000 төгрөг аваагүй.

Гэрээ байгуулах үед Л.Э нь Замын-Үүд боомтоор гарч Эрээн хотод байсан. н.Г гэдэг хүн С.Г-тай хамт ажиллаж байсан бөгөөд С.Г-ын гуйлтаар Л.Э-ын өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн. Гэрээнд зурагдсан Л.Э-ын гарын үсэг хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Л.Э өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож гэрээнд оролцоогүй тул дээрх 2 гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ гэж хүчин төгөлдөр бусд тооцуулна.

1.2. Л.Э-ын өмчлөх эрхийг зөрчин газар, хувийн сууц, гаражийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан С.Г нь 2018 онд нас барж, түүний охин Ц.Б өвлөн аваад хариуцагч Д.Б-дшилжүүлсэн. Энэхүү хууль бус гэрээг үндэслэн хийгдсэн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн тул хариуцагч Д.Б-ийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцож, ************** дугаартай, 700 м.кв газар, ************* дугаартай хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр тогтоолгоно.

Иймд С.Г, Л.Э нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээ, мөн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан хувийн сууц, гараж худалдах, худалдан авах гэрээ, Д.Б-ийн нэр дээрх газар, хувийн сууц, гараж бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх газар, хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Б-гийн татгалзал, тайлбарын агуулга:

2014 онд Д.Б-өөс ээжийн зээлсэн мөнгөний талаар мэдээгүй, ээжтэйгээ хамт амьдардаггүй байсан. Манай ээж С.Г 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авто ослоор нас барсан. Л.Э-ын эхнэр Г.Г-ийн ах Г.Г-тай манай ээж амьдардаг, харин би өвөө эмээ дээрээ амьдардаг байсан. Ээжийг нас барсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яриад ээжийн чинь нэр дээр хөрөнгө байна, заавал өвлөж авах ёстой гэж хэлсэн. Би энэ талаар мэддэггүй байсан болохоор өв авахаас татгалзсан.

Гэтэл шүүхийн шийдвэрээс өв нээгдсэнээс хойш хуулийн хугацаанд татгалзсан хариугаа өгөөгүй учраас энэ өвийг чи заавал авах ёстой гэсэн. Тэгээд би 3 жилийн дараа өвийг авахад танай ээж Д.Б гэдэг хүнээс мөнгө зээлсэн өртэй тул энэ өвийг шилжүүлээд өрөө дарчих, нэг бол өрийг төл гэсэн. Би өвийг авсан өдрөө Д.Б-дшилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч Д.Б-н татгалзал, тайлбарын агуулга:

Би талийгаач С.Г-тай 2015 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр уулзан түүний төлөх ёстой 15,000,000 төгрөгийг төлж, тэр мөнгөн дээрээ зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш зээлээ төлөхгүй байсан тул 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргахад С.Гас 23,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. 2016 онд миний хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн хашаа байшинг битүүмжилсэн. 2017 онд С.Г нас барсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талийгаачийн охин өв залгамжилтал жил хүлээнэ гэсэн.

Улмаар 2020 онд охин нь өвийг авсны дараа би газар, орон сууцыг өрөндөө шилжүүлж авсан. Талийгаачийг нас барсны дараа 2020 онд битүүмжлэгдсэн газарт Л.Э гэдэг хүн миний байшин гээд ороод ирсэн. Мэдээгүй байх боломжгүй, өмнө нь шийдвэр гүйцэтгэл дээр битүүмжлэгдсэн байсан. Л.Э гарын үсэг зурсан, зураагүй гэх зүйлийг би мэдэхгүй, хуулийн дагуу надад шилжиж ирсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 128 дугаар зүйлийн 128.3 дахь заалтыг баримтлан худалдан авагч С.Гтай 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан эрхийн улсын бүртгэлийн ************** дугаартай, 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, амины орон сууц, гараж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Д.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************** дугаартай газар, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай хувийн сууц, гаражийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг газар, хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчсөн. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шүүх тогтоосон атлаа үр дагаварыг арилгаж өмчлөх эрхээ алдсаныг сэргээх байтал шийдвэрлээгүй. Шийдвэрт өмчлөх эрх бусдад шилжсэн тул үл хөдлөх хөрөнгө байхгүй болсон гэх боловч хөрөнгө бодитоор байх бөгөөд нэхэмжлэгч одоо ч дотор нь амьдарч байгаа, гагцхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагчид шилжсэн.

Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг арилгаж өмчлөгчөөр тогтоолгох байтал шүүх нөхцөл байдлыг буруу үнэлж хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан. Мөн үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж залилан мэхлэсэн боловч нас барсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй болсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр олж авсан эд хөрөнгийг өр төлбөрт нь шилжүүлснээр шүүхийн шийдвэрээр буцаах болсон тохиолдолд төлбөр авагчид хохирол учирсан гэж үзвэл хөрөнгийг шилжүүлсэн этгээдээс хохирол төлбөрийг шаардах нь зүйд нийцнэ гэх дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан.

5.2. Хэлцэл хүчин төгөлдөр болсон ч өмчлөх эрхээ буцаан шилжүүлэн авах боломжгүй учраас мөнгөөр гаргуулъя гэхэд гэрээгээр 5,000,000 төгрөгөөр үнэлж зарсан, мөн 23,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлсэн үйл баримт байдаг. Гэтэл одоо уг үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханшаас илүү үнэлэгдэхээр байхад шүүх уг асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй нь тодорхойгүй, маргааныг даамжруулсан шийдвэрийг гаргасан нь зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах чиг үүргээсээ ухарсан шийдвэрийг гаргасан.

Д.Б-ийн хувьд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бусдаас 23,000,000 төгрөг авах байтал уг төлбөртөө хэд дахин давсан үнэтэй үл хөдлөх хөрөнгийг авсан нь өмчлөгч бус, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Хариуцагчийн өр төлбөртөө шилжүүлэн авсан хашаа байшинд амьдарч байгааг тодруулаагүй байж өмчлөх эрхийг шилжүүлэн авч хөрөнгө шилжүүлж байгаа Ц.Б, мөнгө зээлж авч байсан, төлбөр төлөгч С.Г-ыг үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч биш болохыг мэдэх боломжтой байсан болохыг харуулж байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-27 хүртэлх заалтуудад тодорхой дэлгэрэнгүй тайлбарласан. Шүүх маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг анх хэдэн онд хэн хэний нэр дээр байсан, хэдэн онд хамтран өмчлөгч нар хасагдсан, хасагдах үеийн нөхцөл байдал болох өмчлөгч нар Монгол улсад байсан эсэх, хилээр орсон гарсан талаарх баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлтийг хийсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч өмчлөх эрхээ хууль бусаар бусдад шилжүүлж байсан бөгөөд тухайн үйлдлээ өөрөө мэдсээр байж хийсэн. 2014 оны 04 дүгээр сарын 09 болон 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн н.Гантулгатай хийсэн худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь үндэслэлтэй.

6.2. Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоогоогүй тул давж заалдах гомдол гаргасан гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх дээрх асуудлын үр дагаврыг хууль бус хэлцэл хийсэн хүмүүсээс нэхэмжлэх эрхтэй гэсэн боловч хариуцагч нар дээрх хэлцлийг хийгээгүй учраас үр дагаврыг арилгах боломжгүй. Мөн нэхэмжлэгч маргаан бүхий хашаа байшинд одоо болтол амьдарсаар байгаагаа тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийг хууль бус эзэмшигч болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг хариуцагч Д.Б-дчөлөөлөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч шийдвэрийг үл хүндэтгэн өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Хариуцагч нар гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн талаар тогтоосон нотлох баримт байдаггүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Д.Б, Ц.Б нарт холбогдуулан С.Г, Л.Э нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээ, мөн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан хувийн сууц, гараж худалдах, худалдан авах гэрээ, Д.Б-ийн нэр дээрх газар, хувийн сууц, гараж бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, дээрх газар, хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 131 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг Л.Э, Г.Г, Э.А, Э.О нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хамтран өмчлөгч хасах хэлцлийг Л.Э, Г.Г, Э.А, Э.О нар байгуулж, уг хэлцлээр тухайн газрын хамтран өмчлөгчөөс хасагдаж, газрын өмчлөгчөөр Л.Эыг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. /2-р хх9, 32/

 

3.2. Л.Э, С.Г нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороо, ************тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь газрын үнэд 5,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Г 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгосон. /1-р хх6, 32/

 

3.3. Л.Э, Г.Г, Э.А, Э.О нараас С.Г-тай 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороо, ************ тоот хаягт байрлах, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны үнэд 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /1-р хх5/

 

3.4. С.Г, Д.Б нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороо, ************тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь газрын үнэд 2,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /2-р хх34/

 

3.5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02418 шийдвэрээр нэхэмжлэгч С.Г, хариуцагч Д.Б нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороо, ************тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, ************тоот хаягт байрлах, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч С.Гас 23,475,000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Б-долгож шийдвэрлэсэн. /2-р хх35-39/

 

3.6. Дээрх шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороо, ************ тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Г 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгосон. /1-р хх180, 2-р хх42/

 

3.7. С.Г нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын сарын 21-ний өдрийн 30, 31 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Б нь улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, ************ тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөн авч, өмчлөгчөөр 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгосон. /1-р хх162-163, 172-174, 216-217/

 

3.8. Хариуцагч Ц.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч Д.Б-ийн төлбөрт тооцон шижлүүлж өгөх хүсэлт гаргаснаар улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, ************ тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Д.Б 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгосон. /1-р хх97-98/

 

3.9. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/00868 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороо, Толгойт 48 гудамж, 663 тоот хаягт байрлах, ************* дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай хувийн сууц, гараж болон мөн хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ********** дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч Л.Э, Г.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн. /1-р хх218-224/

 

Зохигчдын хоорондын байгуулагдсан газар, хувийн сууц, гараж худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулахдаа нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан эсэх, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр болон 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарласан.

 

4.1. Гэрч Ш.Г шүүхэд Г-тай эмнэлэгт 10 гаруй жил хамт ажиллаж байсан, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Гантулга манай дүү хөдөө ажиллаж байгаа, зээл авахад хэрэгтэй байна, гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь юм бодохгүй зөвшөөрсөн гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

4.2. Зохигчдын маргаж буй 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн газар худалдах, худалдан гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хувийн сууц, гараж худалдах, худалдан авах гэрээнд эрүүгийн болон иргэний журмаар тус тус шинжээч томилоход эдгээр гэрээн дээрх гарын үсэг Л.Э-ын гарын үсэгтэй тохирохгүй байна гэж дүгнэсэн байна.

 

4.3. Түүнчлэн, Л.Э нь Замын-Үүдийн хилийн боомтоор 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарч 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орж ирсэн, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гарч 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр орж ирсэн, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гарч 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсоноос үзвэл 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хамтран өмчлөгч хасах хэлцэл байгуулах үед Л.Э Монгол улсад байгаагүй талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4.4. Дээрх баримтуудаар Г.Г нь гэр бүлийн гишүүн Л.Э-ын зөвшөөрлийг авалгүйгээр С.Гтай газар болон хувийн сууц, гараж худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д заасныг зөрчсөн тул С.Г, Л.Э нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн газар худалдах, худалдан гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хувийн сууц, гараж худалдах, худалдан авах гэрээнүүдийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шаардсан боловч гэрээний нэг тал болох С.Г нас барж түүний хууль ёсны өв залгамжлагч Ц.Б-т Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгүүд өвлөгдсөн. Уг өвийг хүлээн авсан Ц.Б нь өвлүүлэгч С.Г-ын шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэвэл зохих өр төлбөрийг хариуцагч Ц.Б төлснөөр тооцож дээрх газар болон хувийн сууц, гаражийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

6. Шүүх хариуцагч буюу төлбөр авагч Д.Б нь төлбөр төлөгчийн хөрөнгийг өвлөгч Ц.Б-ээс шилжүүлэн авсныг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 109 дүгээр зүйлийн 109.3-т заасантай нийцсэн байна.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагаас С.Г, Л.Э нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан эрхийн улсын бүртгэлийн ************** дугаартай 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай хувийн сууц, гараж худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар Д.Б-ийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр буст тооцуулж, газар болон хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /1-р хх36-39, 76-77/

 

Шүүх дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шийдвэрлэсэн хэсэгт зохигч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...өмчлөх эрхээ буцаан шилжүүлэн авах боломжгүй учраас мөнгөөр гаргуулъя гэхэд гэрээгээр 5,000,000 төгрөгөөр үнэлж зарсан, улмаар 23,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлсэн. Гэтэл одоо маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш түүнээс илүү өндөр үнэлэгдэхээр байхад шүүх мөр шийдвэрлээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

8.1. Нэхэмжлэгч нь шүүхэд хохирлын мөнгөн төлбөрийн талаарх шаардлага гаргаагүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй, мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ