Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01100

 

 

 

С- сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- сургуулийн хариуцагч “Б-” ХХК, Б.Б- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол болон бусад зардалд нийт 596,937,740 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, нэмэлт ажлын хөлс болон хохиролд нийт 1,457,284,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, А.З, Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Снар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С- сургууль “Б-” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Тус гэрээний дагуу ажил гүйцэтгэгч болох “Б-” ХХК нь барилгын ажлыг хууль болон барилгын норм ба дүрэм, заавар, стандартын дагуу 216 хоногийн хугацаанд гүйцэтгэж түлхүүр хүлээлгэн өгөх, өөрсдийн гүйцэтгэсэн ажилтай холбогдох аливаа зөрчил, ажлын үр дүнгийн доголдлыг арилгах үүрэг, хариуцлагыг хүлээхээр тохиролцсон. “Б-” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С- сургуультай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж байгаа тухай албан мэдэгдлийг өгч ажлаа хаяж явахдаа ажлын хөлсийг урьдчилан авсан хэдий ч гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй.

1.1.“Б-” ХХК-аас дараах хохирлыг гаргуулна. Үүнд: Доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх болон доголдлыг арилгахад гаргасан зардал 43,184,644 төгрөг. “Б-” ХХК нь дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхдээ хатаж гүйцээгүй, нойтон шавар хананд эмульс тавьсны улмаас хагарал үүссэн тул шавардсан ханын шаврыг буулгаж, тус ажлыг дахин гүйцэтгэх шаардлагатай болсон. Дээрх доголдол, чанаргүй гүйцэтгэл буюу гэрээний үүргийн зөрчлийн талаар ажил

гүйцэтгэгч “Б-” ХХК-д тухай бүрд нь мэдэгдэж, доголдлыг засах тухай сануулсан боловч хэдхэн хоногийн өмнө ажлаа орхиж, гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Гэрээний 1.6, 2.4.8-д заасныг зөрчсөн, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгалгүй хаяж явсан тул захиалагч өөр хувь хүн, барилгын компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэмэлт зардлаар дотор заслын доголдлыг арилгуулж ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлсэн.

1.2.Аваарын шат хийж гүйцэтгүүлсэнтэй холбогдох зардал 46,000,000 төгрөг. Барилга угсралтын ажлын нэг хэсэг болох аваарын шат огт хийгээгүй. С- сургууль нь 2015 онд Уран ган ХХК-аар аваарын шатыг хийлгэх гэрээ байгуулж 46,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн.

1.3.Спорт заалны түрээсийн төлбөр 78,790,000 төгрөг. С- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг Б- ХХК хаяж явж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс барилга ашиглалтад оруулах боломжгүй болсон учир сургуулийн биеийн тамирын хичээлийг хэвийн явуулахын тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт заал түрээсэлж, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 17,640,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 28,150,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 15,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 18,000,000 төгрөг, нийт 78,790,000 төлсөн.

1.4.Автобус түрээсийн төлбөр 5,400,000 төгрөг. С- сургууль спорт заал руу сурагчдаа зөөж хүргэхийн тулд автобус түрээслэх шаардлагатай болсон. Түрээсийн төлбөрт 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 2,400,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 3,000,000 төгрөг буюу нийт 5,400,000 төгрөг төлсөн.

1.5.Өргөтгөлийн байрны хаалгануудыг хийлгэхэд гарсан зардал 36,711,520 төгрөг. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу өргөтгөлийн барилгын бүх хаалгыг 45,057,600 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэтэл “Б-” ХХК-ийг ажлаа орхиж явсны дараагаар өргөтгөлийн хөнгөн цагаан хаалгыг хийж гүйцэтгэхийг “С-” ХХК-аас шаардахад “Б-” ХХК нь төлөх байсан 12,471,000 төгрөгийг төлөөгүй тул хийж гүйцэтгэх боломжгүй гэсэн. С- сургууль нь нэмэлт зардал 12,471,000 төгрөгийг тус компанид төлсөн. Түүнчлэн, бусад хаалгануудыг хийлгүй орхиж явсан тул С- сургууль Цэлмүүнжин ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 26,493,400 төгрөгөөр хаалгануудыг хийж гүйцэтгүүлсэн.

1.6.Өргөтгөлийн байрны цонхны төлбөр 16,340,556.7 төгрөг. “Б-” ХХК нь гэрээгээр С- сургуулийн өргөтгөлийн барилгад шаардлагатай бүх цонхыг хийж, суулгах үүрэг хүлээсэн боловч өргөтгөлийн цонхны ажлыг өөрсдийн ур чадваргүйн улмаас доголдолтой шаардлага хангахгүй цонх хийж байсан ба цонхны ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй. Цонхны ажлыг “С-” ХХК-тай гэрээ байгуулан, бүрэн хийж гүйцэтгүүлэхэд 16,344,556.7 төгрөг зарцуулсан.

1.7.Дулааны төлбөр 27,059,819 төгрөг. “Б-” ХХК нь сургуулийн өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс С- сургууль дулааны төлбөрийг задгайгаар төлж cap бүр 3,000,000 төгрөг, барилга хугацаандаа ашиглалтад орох байснаас хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 8 сарын хугацаанд 27,059,819 төгрөг нэмж төлсөн.

1.8.Фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23,083,850 төгрөг. С- сургуулийн өргөтгөлийн барилгын фасадны ажлыг “Б-” ХХК болон С- сургууль 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хийсэн хэлцлээр харилцан тохиролцож бүрэн тооцоо нийлж, С- сургууль фасадны ажлын үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь баримтаар нотлогддог. Мөн тус хэлцлээр С- сургуулийн фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23,083,850 төгрөг өгөх эсэх асуудлыг тусдаа ярилцаж шийдэхээр харилцан тохиролцсон ч “Б-” ХХК-ийн захирал Б.Б- нь фасадны ажлын материалын зөрүү төлбөр гэж 23,083,850 төгрөгийг шаардан С- сургуулийн урд жагсаал, цуглаан хийж дарамт, шахалт үзүүлэн сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байсан учир С- сургуулийн зүгээс үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд дээрх мөнгийг төлсөн. “Б-” ХХК болон түүний захирал Б.Б- нар нь С- сургуулиас фасадны ажлын зөрүүд 23,083,850 төгрөгийг хууль бусаар, үндэслэлгүйгээр дарамт, шахалт үзүүлэн авсан тул энэхүү мөнгийг С- сургууль буцаан шаардах эрхтэй.

1.9.Дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг. С- сургууль нь “Б-” ХХК-д өргөтгөлийн барилгын дээврийн ажлын хөлс 79,902,144 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Гэвч “Б-” ХХК-ийн С- сургуулийн өргөтгөлийн барилгад хийж гүйцэтгэсэн дээврийн ажлын нийт төсвийг шинжээч 68,604,466 төгрөг гэж тооцсон тул С- сургууль дээврийн ажилд илүү төлсөн 11,297,678 төгрөгийг буцаан шаардан авах эрхтэй. Мөн “Б-” ХХК нь С- сургуулийн өргөтгөлийн дээврийн парапедны ажлыг хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явсан тул С- сургуулиас дээврийн парапедны ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд 2,910,000 төгрөгийн зардал гаргасан. Иймд дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг гаргуулна.

1.10.Техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1,401,628 төгрөг. С- сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын нийт төсөв 17,989,664 төгрөг бөгөөд С- сургуулиас “Б-” ХХК-д техникийн давхрын ажлын хөлсөнд 5,297,322 төгрөгийг шилжүүлсэн. Шинжээчийн зүгээс “Б-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн С- сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын өртгийг 6,895,624 төгрөг гэж дүгнэсэн. “Б-” ХХК-ийн захирал Б.Б- нь мэргэжлийн ур чадваргүй бүрэлдэхүүнээр С- сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгүүлж техникийн давхрыг цоорсон доголдол гаргасныг засварлахад 3,000,000 төгрөг нэмж зарцуулах шаардлагатай болсон. Иймд барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1,401,628 төгрөгийг гаргуулна.

1.11.Арматур төмрийн төлбөрт илүү төлсөн 167,225,000 төгрөг. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Б-” ХХК-ийн захирал Б.Б- нь С- сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын төсөвт өртгийг зохиохдоо арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнэлгээ тогтоож С- сургуулиас арматур төмрийн үнэ 297,255,000 төгрөг төлсөн. “Б-” ХХК буюу түүний захирал Б.Б- нь арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр өндрөөр үнэлэн тогтоосныг С- сургууль арматур төмрийн үнийг төлсний дараа мэдсэн. С- сургууль нь “Б-” ХХК-д арматур төмрийн үнэнд зах зээлийн үнээс илүү төлсөн 167,225,000 төгрөг нэхэмжилж байна.

1.12.Цахилгааны төлбөр 8,800,930 төгрөг гаргуулна. “Б-” ХХК нь С- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явснаар С- сургууль нь цахилгааны хэрэглээний төлбөр 8,800,930 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 9.2.3-т ... Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй, захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй гэж заасан.

1.13.Усны төлбөр 3,732,861.38 төгрөг. “Б-” ХХК нь С- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явсан байдаг тул С- сургуулийн зүгээс усны хэрэглээний төлбөр 3,732,861.38 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 9.2.3-т ... Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй, захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй гэж заасныг үндэслэн хариуцагчаас усны төлбөрт 3,732,861.38 төгрөг гаргуулна.

1.14.Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын үйлчилгээний хөлс 12,960,000 төгрөг. “Б-” ХХК нь С- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлан, ажлын талбайгаас ажилчид, харуул хамгаалалтаа татаж, ажлын талбайг орхисон тул С- сургуулийн зүгээс өргөтгөлийн барилгын аюулгүй байдлыг хамгаалж барилгын талбайд харуул, хамгаалалт гаргах зайлшгүй шаардлага гарсан. С- сургууль нь “Х-” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ байгуулан С- сургуулийн өргөтгөлийн барилгын талбайд харуул, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд cap бүр 2,100,000 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.5-т Гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэж буй ажил, ажлын үр дүнг хүний хүчин зүйл, байгалийн болзошгүй гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээ авч байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, галын хяналтын албанаас тавьсан шаардлага, дүгнэлтийг хүлээн авч биелүүлнэ гэж заасан.

1.15.Ажлын хөлсөнд илүү төлсөн 112,039,253 төгрөг. Шинжээч Ү.Б-ийн шинжээчийн дүгнэлтэд тухайн үеийн норм, үнэлгээ, дүрэм, журмын дагуу тооцоход Б- ХХК-аас С- сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүнг 981,834,121 төгрөг гэж тогтоосон. С- сургууль нь Б- ХХК-д өргөтгөлийн барилгын санхүүжилтэд нийт 1,199,007,774 төгрөг шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Хариуцагч “Б-” ХХК-ийн С- сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүн 981,834,121 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул “Б-” ХХК-аас Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4, ажил гүйцэтгэх гэрээний 2.4.5-д зааснаар илүү төлсөн зөрүү 112,039,253 төгрөгийг тус тус шаардах эрхтэй. Иймд хариуцагч “Б-” ХХК-аас нийт 596,937,740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү, хариуцагч Б.Б-т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь С- сургуультай сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан. Гэрээгээр барилгын ажлын үнэлгээг 1,560,000 ам.доллар гэж тохирсон. Энэ тооцоонд барилгын материал, ажлын хөлс зэрэг бүх зардал багтсан. Харин гэрээний төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс зардал болон барилгын материалын зардлаар тохироогүй. Манай компани барилгын ажлыг гүйцэтгэхдээ С- сургуулиас 1,199,000,000 төгрөгийн санхүүжилт авч 1,596,434,898 төгрөгийн ажил буюу барилгын ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад нэхэмжлэгч санхүүжилт өгөхгүй ажил зогсоход хүрч байсан учир бараа материал авахын тулд бусдаас зээл авч, эд хөрөнгөө зарж, барилгын ажлыг үргэлжлүүлж байсан. С- сургуульд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санхүүжилт хүссэн боловч хариу өгөөгүй, санхүүжилт шийдвэрлээгүй, энэ өдрөөс ажил гүйцэтгэх гэрээ зөрчин манай компанид мэдэгдэхгүйгээр өөр барилгын компанийн ажилчдыг оруулан манай ажилчдыг талбайгаас хөөж байсан боловч бид ажлаа үргэлжлүүлж байсан. Гэтэл тус сургуулийн захирал Д.З- 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой утсаар ярьж, гэрээ цуцалсан талаар мэдэгдсэн боловч манайх ажлаа үргэлжлүүлж хийсээр байсан. 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой Д.З- Х- ХХК-ийг ажиллуулан манай компанийг барилгын талбайд оруулахгүй, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон учир энэ өдөр манай компани гэрээ цуцалсан мэдэгдлийг өгч барилгын ажлыг хүлээлгэн өгөх комиссыг байгуулсан боловч С- сургууль барилгын ажлыг хүлээн аваагүй.

2.1.“Б-” ХХК-ийн доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх болон доголдлыг арилгахад гаргасан зардал 43,184,644 төгрөг гаргуулах тухайд манай компани барилгын дотоод заслын ажлыг чанартай, ямар нэг доголдол, дутагдалгүй хийж гүйцэтгэсэн. Манай компанийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс барилгын талбайд оруулж ажиллуулахгүй талбайгаас гаргахад нь С- сургуульд ажил хүлээж авахыг шаардан ажил хүлээлцэх комисс томилсон мэдэгдэл явуулсан боловч С- сургууль барилгын ажлыг зориуд хүлээн аваагүй. Б- ХХК-ийг ажил гүйцэтгэх хугацаандаа Улсын баяр наадмаар 1 хоног, 8 сард 10 хоног, Барилгачдын баяраар 7 хоног нийт 24 хоногийг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан гэжээ. Гэтэл манай компани 2013 оны 07 дугаар сарын 11-15-ны өдөр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу ажилчдаа 5 хоног амрах талаар ажил гүйцэтгэх гэрээнд календарьчилсан хуваарьт тусгасан тул хугацаа хожимдуулахад нөлөөлөөгүй. Мөн оны 08 сарын 01-05-ны өдрийг хүртэл ажиллаагүй нь захиалагч С- сургууль нь спорт заал буюу 4, 5 давхрыг бариулахгүй гэсэн шийдвэр гаргаС-ай холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажлын зурагт өөрчлөлт оруулах тухай 13/72 дугаар албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй, ажил үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 13/76 тоот албан бичиг дахин өгч 5 хоног хугацаа алдсан нь захиалагчийн буруутай үйлдлээс болсон.

2.2.Аваарын шат хийж гүйцэтгүүлсэнтэй холбогдох зардал 46,000,000 төгрөг гаргуулах тухайд. Энэ ажил нь манай компанийн зүгээс С- сургуулийн өргөтгөлийн барилгын гэрээт ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж гадна заслын ажил бүрэн дууссаны дараа хийгдэх ажил байсан. Гэтэл барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд С- сургууль гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлөөгүй учир уг шатны төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, манай компани хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг С- сургуулиас аваагүй.

2.3.Спорт заалны түрээс болон автобусны түрээсийн төлбөр нэхэмжилсэн тухайд, С- сургуулийн захиргаа 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Ж-” ХХК-ийн захирал н.Баттөр барилга бариулахыг эсэргүүцээд байна. Иймд 4, 5 давхраа бариулахаа болилоо гэж мэдэгдсэн. С- сургуулийн өргөтгөлийн барилгын 4, 5 давхар нь спорт заал байсан. Спорт заал баригдаагүй нь манай компаниас шалтгаалаагүй тухай захирал Д.З- 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлсэн. Мөн эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Ө.Г-, хохирогч Д.З- нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Спорт заал баригдахгүй болсон асуудал нь манай компанид хамааралгүй бөгөөд үүнээс үүдэж захиалагч тал байгууллагын заал түрээслэх, спорт зааланд очиход хөлсөлсөн унааны зардал нь тухайн байгууллагын дотоод асуудал тул спортын заалны түрээсийн төлбөр 78,790,000 төгрөг, автобусны түрээсийн төлбөр 5,400,000 төгрөгийг манай компаниас нэхэмжлэх эрхгүй.

2.4.Өргөтгөлийн байрны хаалгануудыг хийлгэхэд гарсан зардал 36,711,520 төгрөг нэхэмжилсэн тухайд, С- сургуулийн захирал З.Энхмөнх нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “С-” ХХК-ийн үнийн санал хүргүүлэн заавал уг компаниар гадна хаалганы ажлыг хийж гүйцэтгүүлнэ гэснээр 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, хаалганы төлбөрт 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа 80 хувь болох 48,000,520 төгрөгийг “С-” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Манай компани хаалганд 2,942,920 төгрөгийг илүү төлсөн.

2.5.Өргөтгөлийн цонхны төлбөр 16,344,556.7 төгрөг гаргуулах тухай, Манай компани өргөтгөлийн барилгын 83 ширхэг цонхыг хийж суулгах ёстойгоос 52 ширхэг цонх суулгасан бөгөөд 31 цонх дутуу байхад ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж цонхыг хийж амжаагүй. Хийсэн 52 цонхны үнэ 41,540,550 төгрөг болсон бөгөөд С- сургуулийн зүгээс 29,184,376 төгрөг шилжүүлж, үлдэгдэл төгрөгөө төлөөгүй атлаа 83 цонхны мөнгийг бүтэн авсан мэтээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

2.6.Дулааны төлбөр 27,059,819 төгрөг гаргуулах тухайд, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно. 48.2-т Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Ажил гүйцэтгэх гэрээ нь манай компанийн буруутай ажиллагаанаас болж цуцлагдаагүй бөгөөд гэрээ цуцлагдах нөхцөл үүсэх хүртэл дулаан халаалтыг уг барилгад аваагүй байсан. Гэрээг цуцалснаас хойших авсан дулаан, халаалтын зөрүү манай компани төлөх үндэслэлгүй.

2.7.Фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23,083,850 төгрөг гаргуулах тухайд, С- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зурагт фасадны дулаалгын материалыг ЕPS маркийн дулаалгын цагаан хавтангаар хийхээр тусгасан боловч захиалагчийн хүсэлтээр XPS маркийн дулаалгын ногоон хавтангаар хийж материалын үнийн зөрүү 23,083,850 төгрөг гарсныг 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлээр фасадны материалын үнийн зөрүү 23,083,850 төгрөгийг хүлээн зөвшөөрч манай компанид төлөхөөр тохиролцсоны дагуу шилжүүлсэн.

2.8.Дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг гаргуулах тухайд, С- сургуулийн өргөтгөлийн барилга нь ажлын зургаар сэндвичэн буюу фермэн дээврийн технологитой байсан. Спорт заал баригдахгүй болсонтой холбогдуулан дээврийн ажлын технологид өөрчлөлт орж 3 давхрын таазны хучилт дээр уур ус тусгаарлагч, 2 давхар хөөс нааж, дулаалгын керамзит асгаж, уклон гаргаж 7-9 см бетон цутгаад 2 үе хар цаас нааж гүйцэтгэн зурагт тусгаагүй нэмэлт ажил гарсан. Уг ажилд манай компани 68,604,466 төгрөгийн илүү ажлыг хийсэн. Манай компани С- сургуультай батлагдсан зураг төслийг үндэслэн барилгыг бүхэлд нь 1,560,000 ам.доллароор барихаар тохирсон байхад батлагдсан зурагт өөрчлөлт оруулж, нэмэлт ажил хийсэн.

2.9.Техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1,401,628 төгрөг гаргуулах тухайд, Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ барилгын техникийн давхрын ажлын нийт төсөв 17,989,664 төгрөгөөр тохиролцсон гэжээ. Барилгын ажлын явцад техникийн давхрын ажлыг С- сургуультай 17,989,664 төгрөгөөр гүйцэтгэхийг зөвшөөрч, тохиролцсон нь үнэн боловч 5,297,322 төгрөг төлж үлдэх 12,692,342 төгрөгийг С- сургууль төлөөгүй. С- сургууль нь техникийн давхрыг цоолсныг засварлахад гарсан зардал нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

2.10.Арматур төмрийн илүү төлсөн төлбөр 167,225,000 төгрөг гаргуулах тухайд, С- сургуультай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилга барьж гүйцэтгэхдээ бараа материалыг манай компани гаргахаар тохиролцсон. Үүний дагуу барилгад ашигласан арматурыг тухайн үеийн зах зээлийн ханшаар чанартай арматур авч барилгыг барьж гүйцэтгэсэн. С- сургууль нь арматурын төмрийн үнийн зөрүү нэхэмжлэх эрхгүй.

2.11.Цахилгааны төлбөр 8,800,930 төгрөг, усны төлбөр 3,732,861.38 төгрөг гаргуулах тухайд, Гэрээ хэрэгжих боломжгүй болсноос хойш манай компанийн зүгээс удаа дapaa уулзалт зохион байгуулж, зөвшилцөлд хүрэхийг хичээсэн боловч үр дүнд зарим ажлууд болоод сөрөг нэхэмжлэлд дурдсан цахилгаан болон усны төлбөрийг /6,7,8,9 сарын/ 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлээр тохиролцож, С- сургуулиас манай компанид шилжүүлэн өгөх мөнгөн дүнгээс хасалт хийж шийдвэрлэсэн. Гэтэл дахин ийм хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. С- сургууль нь 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Г-” ХХК-тай гэрээ хийж ажлаа эхэлсэн тул тус компаниас нэхэмжлэх ёстой.

2.12.Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын үйлчилгээний хөлс 12,960,000 төгрөг гаргуулах тухайд, Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.5-д заасан гэрээ хэрэгжих явцад хэрэгжүүлэх заалт бөгөөд гэрээний 10.2-т захиалагчийн буруугаас болж гэрээ цуцлагдсан тохиолдолд гүйцэтгэгч талбайгаас бууж болохыг заасан. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдаж гүйцэтгэгч талбайгаас буусан тохиолдолд хэрэгжих үндэслэлгүй. 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С- сургууль нь Г- ХХК-тай гэрээ хийсэн учир тус компаниас нэхэмжлэх нь зүйтэй.

2.13.Ажлын хөлсөнд илүү төлсөн 112,039,253 төгрөг гаргуулах тухайд, С- сургуультай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу хийсэн ажлын үнийн дүн нь 1,6 тэрбум гаруй төгрөг болно. Үүнийг шинжээч Ц.О-ы 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд тусгасан. “Б-” ХХК нь С- сургуулиас ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл төлбөрийн авлагатай, иймд нэхэмжлэлийн шаардлага 596,937,740.08 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С- сургуулийн удирдлагын зүгээс гэрээгээ зөрчиж санхүүжилт өгөхгүй байх, бидний ажлыг өөр компанид өгөх, биднийг ажлын талбайгаас хөөх зэрэг үйлдэл гаргаж байсан. 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр С- сургуулийн удирдлагуудын зүгээс манай компанид спорт заалаа бариулахгүй болсон талаар хэлсэн бөгөөд “Ж-” ХХК-ийн удирдлагуудын зүгээс эсэргүүцсэн болохоор энэ жилдээ барихаа болилоо гэсэн юм. Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 5 асуудал тодруулахаар 72 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч заасан хугацаанд хариу өгөөгүй учир 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 75 дугаар албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээний 10.2-д заасны дагуу ажил зогсоож байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа дээврийн ажлын зураг болон барилгын ажлын зурагт өөрчлөлт орсон зураг ирсэн учир 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлсэн нь барилгын ажлын тэмдэглэлд тусгагдсан. Барилгын 4, 5 давхар буюу спорт заал баригдаагүй нь С- сургуулийн удирдлагуудын зүгээс хийсэн үйлдэл буюу “Ж-” ХХК-ийн зүгээс гаргасан хүсэлттэй холбоотой гэдгийг Э- ХХК-ийн захирал Ө.Г-ын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид өгсөн мэдүүлгээр батлагдана.

3.1.Манай компани барилгын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлөөр тохирсон боловч манайд мэдэгдэхгүйгээр С-ехник болон салхивчны ажлыг булаан авч, “Я-” ХХК, “У-” ХХК-д шилжүүлэн өгсөн нь гэрээний 1.2.10, 1.2.11, 1.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болно. С- сургууль 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаднаас заслын бригад оруулж манай компанийн 3 давхрын заслын ажлыг булаан авч өгсөн бөгөөд ажлаа өгөхгүй гэсний төлөө санхүүжилт өгөхгүй, хөөсөн учир тухайн өдөр 117 дугаар албан бичгээр санхүүжилт болон ажлаа 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгах талаар хүсэлт хүргүүлсэн. Гэвч манай хүсэлтэд хариу өгөхгүй, гэрээгээ зөрчиж, санхүүжилт хоцроож байсан тул ажил гүйцэтгэх гэрээний 10.2-д захиалагчийн буруугаас цуцлах гэж зааснаар гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснийг хүлээн аваад 7 хоногийн дотор хариу өгөх ёстой боловч С- сургуулийн захирал Д.З- 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой утсаар мэдэгдэл хүлээн авлаа, гэрээ цуцалж байгааг мэдэгдье, маргаашаас танайхыг оруулахгүй учир маргаантай асуудал байвал хууль, шүүхээр явъя гэж хэлсэн.

3.2.Гэрээгээр тохирсон ажил. Газар шорооны ажил 1,815 м.куб, үнэлгээ 7 ам.доллар нийт 12,709.20 ам.доллар, угсралтын ажил 2,016 м.кв, үнэлгээ 245 ам.доллар, нийт 493,920 ам.доллар, өрлөгийн ажил 2,016 м.кв, үнэлгээ 60 ам.доллар, нийт 120,960 ам.доллар, фасадны ажил 2,016 м.кв, үнэлгээ 40 ам.доллар, нийт 80,640 ам.доллар, дотор заслын ажил 2,016 м.кв үнэлгээ 99 ам.доллар, нийт 119,750 ам.доллар, хаалга /дээвэр/ 2,016 м.кв үнэлгээ 13 ам.доллар нийт 26,208 ам.доллар, цонхны ажил 2,016 м.кв үнэлгээ 18 ам.доллар нийт 23,587 ам.доллар, цахилгаан, холбоо, дохиоллын ажил 2,016 м.кв үнэлгээ 35 ам.доллар нийт 35,280 ам.доллар, бусад ажил /хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ/ 2,016 м.кв үнэлгээ 15 ам.доллар нийт 30,240 ам.доллар, нийт 2,016 үнэлгээ 532 ам.доллар нийт үнэ 943,294 ам.доллар болно. С- сургуулиас нийт 1,199,008,574 төгрөгийн санхүүжилт авсан.

3.3.Гэрээнээс гадуур хийсэн нэмэлт ажил. Техникийн давхар 21.56 м.кв үнэлгээ 516 ам.доллар нийт дүн 16,576,190 төгрөг, хүзүүвч 17.52 м.кв үнэлгээ 516 ам.доллар ханш 1,490 төгрөг, нийт 13,470,076 төгрөг, хөөсөнцрийн зөрүү нийт 23,085,850 төгрөг, гараашийн шалны дулаалга 504 м.кв нийт 6,959,290 төгрөг, хавтгай дээвэр 504 м.кв нийт 68,604,466 төгрөг, пандусны ханын нэмэлт ажил нийт 4,445,105 төгрөг, гадна хаалганы зөрүү, нийт 30,156,300 төгрөг, парапедны өрлөг нийт 6,422,201 төгрөг, нийт 169,719,478 төгрөг болно.

3.4.С- сургуулийн өргөтгөлийн барилгад оруулсан материалын тооцоо болох цемент 30,365,000 төгрөг, арматур 214,046,200 төгрөг, элс 7,696,000 төгрөг, хайрга 4,466,000 төгрөг, бетон зуурмаг 178,393,950 төгрөг, тоосго 22,983,500 төгрөг, блок 48,398,375 төгрөг, хөөс 64,584,200 төгрөг нийт 570,933,225 төгрөг болно. Мөн кассын зарлагын тооцоо 06 сард 206,042,867 төгрөг, 07 дугаар сард 133,498,508 төгрөг, 08 дугаар сард 212,914,787 төгрөг, 09 дүгээр сард 362,673,679 төгрөг, 10 дугаар сард 249,186,317 төгрөг, 11,12 дугаар сард 85,590,789 төгрөг, нийт 1,820,840,171 төгрөг байна. Манай компаниас С- сургуулийн өргөтгөлийн барилгад зарцуулсан материал, ажлын хөлсний тооцоо 1,820,840,171 төгрөг болох тул алданги 190,426,073 төгрөгөөс татгалзаж, ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 265,440,654 төгрөгийг 185,680,039 төгрөгөөр нэмэгдүүлэн 451,120,693 төгрөг болгож байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 761,379,855 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 18, 2013 оны 11 дүгээр сарын 20, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс нийт 7,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ю Би пропертис ХХК-д төлсөн шинжээчийн зардал 1,370,000 төгрөг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн зардал 2,500,000 төгрөг, нотариатын төлбөр 1,088,900 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр улсын комисст өгсний дараах 5 хувийн барьцаа төлбөр /1,199,007,774 төгрөг/ 63,105,672 төгрөг, нийт 75,064,572 төгрөгөөр нэмэгдүүлж 836,444.42 төгрөг нэхэмжилнэ. Ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 451,120,693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөг, гэрээнээс үүссэн хохирол 836,444,427 төгрөг, нийт 1,457,284,598 төгрөгийг С- сургуулиас гаргуулж “Б-” ХХК, Б.Б- нарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 9-р зүйлд захиалагч нь гүйцэтгэгчээс ирүүлсэн ажлын гүйцэтгэл болон баримтжуулалтыг үндэслэн санхүүжилтийг олгохоор заасан. Гэвч “Б-” ХХК нь ажпыг гүйцэтгэхээсээ өмнө буюу гүйцэтгээгүй ажлын хөлсийг урьдчилж төлөхийг шаардсан. Захиалагчийн зүгээс ажлын хөлсөнд нийт 1,199,008,574 төгрөгийг төлсөн боловч шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажил дээрх мөнгөн дүнд хүрээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул “Б-” ХХК-аас 596,937,740 төгрөг гаргуулах С- сургуулийн нэхэмжлэл, С- сургуулиас 1,457,284,598 төгрөг гаргуулах “Б-" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С- сургууль нь хариуцагч Б.Б-т холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,300,589 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 814,073 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК-аас дутуу төлсөн 6,969,930 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. “Б-” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг бичгээр өгч, ажлаа орхиж явсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүхээс гэрээг ердийн журмаар цуцласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах тухай албан мэдэгдлээ бичгийн хэлбэрээр ирүүлснийг нэхэмжлэгч тал гардаж авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, гэрээний харилцаа дуусгавар болсон. Нэгэнт “Б-” ХХК гэрээгээ үндэслэлгүйгээр цуцалж, ажлаа орхиж явсаи тул дутуу гүйцэтгэлтэй барилга болон түүний гадна талбайд ухсан нүхэнд хүн унаж бэртэх, амь насанд эрсдэл учрахаас сэргийлж барилгын талбайд нэхэмжпэгчийн зүгээс харуул ажиллуулсан. Барилгын тухай хуулиар гүйцэтгэгч барилгын талбайн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд “Б-" ХХК-аас захиалагчтай байгуулсан гэрээгээ үндэслэлгүйгээр цуцалж, ажпаа орхиж явсан тул барилгын захиалагч, өмчлөгч аюулгүй байдлыг хангахаас өөр аргагүйд хүрсэн байдаг. Нэхэмжлэгчээс ганц ч удаа гэрээ цуцлах санаачилга гаргаж байгаагүй, энэ талаар ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй. Гэтэл шүүх С- сургуулийн зүгээс гэрээ цуцлагдахад хүргэсэн сэдэлт гэж бичсэн нь ойлгомжгүй.

6.1.Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт өртөг тодорхой болсон байдаг ба талууд нэхэмжлэгчээс гүйцэтгэгчид төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргадаггүй. Нэхэмжпэгч нь хариуцагчид хийж гүйцэтгэсэн ажпын төсөвт өртгөөс илүү хэмжээний төлбөрийг төлсөн нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон тул нэхэмжлэгч нь илүү төлсөн төлбөрөө нэхэмжилдэг. Гэтэл шүүх нэхэмжпэгч илүү мөнгө төлсөн бол түүнийгээ 2013 оны 12 сарын 14 болон 29-ний өдөр шаардах ёстой байсан мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Талууд гэрээг ердийн журмаар цуцалсан гэх дүгнэлтээрээ шүүх нэхэмжлэгчийн илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шударга бус байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлж, үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх ёстой. Гэтэл шүүхийн дээрх дүгнэлтээр “Б-” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажпын хөлснөөсөө илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжиж нэхэмжпэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт илүү төлбөр төлөн хохирч, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч С- сургуулийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр үндсэн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. “Б-” ХХК-ийн зүгээс 2013.10.21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ цуцлах мэдэгдэл өгч, Барилгын тухай хууль/2008 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1,5-д заасан "Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах” үүргээ зөрчиж, барилгын талбайг орхин явсан байдаг. Захиалагчийн зүгээс сургуулийн өргөтгөлийн барилгын талбайд хүүхэд болон суралцагчид орж бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн аюулгүй байдал болон өргөтгөлийн барилгын чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор нэн даруй “Х-” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээг байгуулсан. “Х-” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулсан нь “Б-” ХХК-аас гаргасан гэрээ цуцлах саналыг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн зүйл огг биш бөгөөд харин “Б-” ХХК ажил гүйцэтгэх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, барилгын ажлын талбайг орхин явсан энэ тохиолдолд тухайн өргөтгөлийн барилгын ажлын талбайн харуул хамгаалалтыг хариуцах, мөн барилгын талбай эзэнгүй байсны улмаас бусад этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангах үүргийг захиалагч хэрэгжүүлсэн юм. Нэгэит “Б-” ХХК нь өргөтгөл, спорт заалны барилгыг дээрх байдлаар үргэлжлүүлэн барих боломжгүй болсон тул С- сургууль өөрийн суралцагчдын таатай орчин суралцах орчин нөхцөлийг яаралтай хангах зорилгоор тухайн барилгад хяналтыг хэрэгжүүлж байсан “Толомт констракшн” ХХК- тай 2013.11,17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх үйл баримт болон нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу энэхүү үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “Б-” ХХК-аас ирүүлсэн 2013.10.21-ний өдрийн №13/120 тоот мэдэгдлийг гэрээ цуцлах тухай санал байсан хэмээн дүгнэх тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

7.1.“Б-” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.1 дэх хэсгийг тус тус зөрчиж ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. С- сургууль нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, ажил гүйцэтгэгчээс нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд "Б-” ХХК-ийн зүгээс 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй. Гэтэл “Б-” ХХК-аас ирүүлсэн гэх мэдэгдэл /2013.10.21, 2013.10.25-ны өдрийн мэдэгдлээс бусад мэдэгдэл/-үүдийг захиалагч С- сургууль нь ажил гүйцэтгэгчээс огт хүлээн авч байгаагүй ба тухайн мэдэгдлүүдэд дурдсан үйл баримтууд нь үндэслэлгүй бөгөөд дээрх мэдэгдлийг анх шүүх дээр харсан болохоо шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн төлөөлөгч тайлбарласан байдаг. “Б-” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 9.2.1, 9.2.4, 9.4.1, 9.4.2, 9.4.3-т заасны дагуу төлбөрийн нэхэмжлэхийг “Б-” ХХК ирүүлэх ёстой атал гэрээнд заасан журмын дагуу нэг ч удаа ирүүлж байгаагүй атлаа шүүхэд дээрх санхүүжилтийн мэдэгдлүүдийг ирүүлсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Нөгөөтээгүүр, “Б-” ХХК нь 2013.10.21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг өөрийн санаачилгаар, дээр дурдсан үндэслэлгүйгээр шалтгаанаар цуцалсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасны дагуу “Б-” ХХК-д 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрх үүсэхгүй. Тухайлбал, Захиалагч С- сургууль нь 2013.06.07-2013.12.29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,199,007,774 төгрөгийн санхүүжилтийг “Б-” ХХК-д олгосон атал “Б-” ХХК нь 2013.06.06-2013.10.21-ний өдрийг хүртэл буюу гэрээгээ цуцалж, барилгын талбайг хаяж явах өдрийг хүртэл нийт 981,834,121 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Нэгэнт, “Б-” ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалж, барилгын ажлын талбайг хаяж явсан тул гүйцэтгэсэн ажлын хөлснөөс илүү хөлс авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хууль зүйн үндэслэл “Б-" ХХК-д байхгүй юм. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажпын үр дүн байна”, мөн хуулийн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн за зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан боловч “Б-” ХХК нь С- сургуулийн өргөтгөлийн барилгыг гүйцэт бариагүй, спорт заалны барилгын ажлыг огт хийгээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба гэрээгээ хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсан, өөрийн гүйцэтгэсэн ажпын хөлснөөс 112,039,253 төгрөгийн санхүүжилт илүү авсан “Б-” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээр дурдсанчлан анхан шатны шүүх үндсэн нэхэмжпэлд холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, ач холбогдол бүхий үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “үндсэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан” өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

8.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Гэрээт ажлыг гүйцэтгэж байх хугацаанд С- сургууль нь санхүүжилтээ өгөхгүй ажил зогсоход хүрч байсан. Манай компани бусдаас зээл авч барилгын материал аван барилгын ажлыг үргэлжлүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санхүүжилт хүсэж, С- сургуульд албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нь тухайн өдрөөс эхлэн гэрээ зөрчиж өөр этгээдүүдээр барилгын ажлыг гүйцэтгүүлж эхэлсэн. Улмаар нэхэмжлэгч С- сургууль нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэн, Х- хамгаалалтын албыг ажиллуулан манай компанийг барилгын талбай руу оруулаагүй. Нэгэнт барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул манай компани гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэхээр комисс томилж нэхэмжлэгчид мэдэгдсэн. Гэвч С- сургууль нь ажлыг хүлээн аваагүй. Захиалагчийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан тул гомдол үндэслэлгүй гэжээ.

9.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний заалтуудыг зөрчсөн удаа байхгүй. С- сургуулийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдаж, манай компани барилгын талбайгаас хөөгдөж гарсан байхад анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлыг нотолсон нотлох баримтыг үнэлээгүй буруу дүгнэлт хийсэн. Манай талаас шүүхэд гаргаж өгсөн гуравдагч этгээдүүдтэй байгуулсан зээлийн гэрээ, мөнгө өгсөн, авсан баримт, бусдаас бараа материал худалдаж авсан, бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд нь С- сургуулийн өргөтгөлийн барилгад хэрэглэгдсэн, барилгатай шууд хамаарал бүхий баримтууд болохыг Х.Баярбадрал, Я.Ц-, Б.Г- нараар нотлуулахын тулд эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй атлаа сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан хэргийн бодит нөхцөл байдлыг мэдэж буй гэрч Б.Б-, Д.М, Б.У нарын мэдүүлгийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. С- сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгөхдөө “Г-" ХХК-тай хуурамч гэрээ хийсэн байдаг. Үүнийг АТГ-аас томилогдсон шинжээчийн 2021 оны 07-р сарын 19-ний өдрийн 07/020/02 дугаартай дүгнэлтэд дүгнэсэн байдаг бөгөөд энэ гэрээ байгуулагдаагүй.

9.1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “С-” сургуулийн нэхэмжлэлтэй, Б.Б- болон “Б-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдсэн боловч уг иргэний хэргийн үндсэн болон сөрөг нэхэмжпэлийн шаардлагууд нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой бөгөөд мөн эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг болон 2 хэрэг бүртгэлтийн хэрэг нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой буюу иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл С- сургуулийн захирал Д.З- нь намайг эрүүгийн хэрэгт гүтгэн, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байхад эвлэрч энэ бүх маргаан эцэслэгдэж дуусна гэсэн итгэл үнэмшил байсан юм. Гэтэл энэ итгэл үнэмшлийг “С-” сургуулийн захирал Д.З- эвдэж, “Г-” ХХК, “Э-” ХХК- тай хуурамч гэрээ, дотор цахилгааны тусгай зөвшөөрөлгүй “М-” ХХК-тай гэрээ хийж, Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн манай компанийн баримт бичиг, эд зүйлийг ашиглаж, “Г-” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгч байсан мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Б-” ХХК ерөнхий гүйцэтгэгч байсан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан юм. Манай компанийн “С-” сургуультай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг өргөтгөлийн барилгад оруулсан ажлын хөлс, материалын зардал, нэмэлт ажил нийт 1,820,840,171 төгрөг болсон бөгөөд үүнээс “С-” сургууль 1,199,496,000 төгрөг авч нийт 621,344,171 төгрөгийн бодит хохирол учирсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эрүүгийн хэрэг болон хэрэг бүртгэлтийн хэргүүд шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхад анхан шатны шүүх үнэлээгүй.

9.2.Мөн шүүх өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй. Өмгөөлөгч Л.Н, Б.Т нараас татгалзаж, өмгөөлөгч авах эрхээр хангаж өгөх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь МУ-ын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчим алдагдсан.

9.3.Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөг ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 836,444,427 төгрөг, нийт 1,457,284,598 төгрөгийг С- сургуулиас гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. “Б-” ХХК нь “С-” сургуультай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр С- сургуулийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаанд С- сургуулийн зүгээс гэрээгээ зөрчиж санхүүжилт өгөхгүй байх, бидний ажпыг булааж, өөр компанид өгөх, биднийг ажпын талбайгаас хөөх зэрэг үйлдэл гаргаж, гэрээгээ удаа дараалан зөрчиж байсан боловч манай компанийн зүгээс ажлаа хийж байсан. “С-” сургуулийн хүсэлтээр спорт заал баригдахгүй болсонтой холбогдуулан 3 давхар барилгын төсөв нь 1,802,304,000 төгрөг, гэрээнээс гадуур манай компанийн хийсэн нэмэлт ажил 169,719,478 төгрөг болохыг шинжээч тогтоосон. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

10.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: “Б-” ХХК нь хамгийн сүүлд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил хийсэн. Үүнээс хойш 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажил хийсэн талаар тэмдэглэгээ байдаггүй. Бичгийн нотлох баримтаар 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр талбайг орхиж явсан үйл баримт нь талуудын тайлбар гэхээсээ илүүтэй хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог. Ил далд ажлын ард гүйцэтгэлийн тайланг захиалагчийн зөвшөөрөл гэх баримт, мөн бичгээр ирүүлсэн нэхэмжлэхийн хамт захиалагчид ирүүлж, захиалагч түүнийг авсны үндсэн дээр төлбөрийн асуудлыг шийдэх ёстой. Хэзээ үйлдэгдсэн нь мэдэгддэггүй, энэ маргаан эхэлснээс хойш С- сургуулиас хэн нэгэн хүлээж авлаа гэх ямар ч тэмдэг тэмдэглэлгүй нэхэмжлэхийг үндэслэж С- сургууль төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал үүсэхгүй.

 Гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй гэдэг. Эдгээр зээлийн гэрээг “Б-” ХХК-тай байгуулаагүй. Иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд бие дааж тусдаа оролцоно. Б.Б-ийн байгуулсан зээлийн гэрээний үүргийг “Б-” ХХК С- сургуулиас шаардах эрхтэй юу гэвэл шаардах эрх шилжүүлсэн гэрээ хэлцэл байдаггүй. Иргэн Б.Б-ийн авсан зээл нь С- сургууль болон “Б-” ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд хамааралтай болдог. Иргэний хувьд авсан зээлийг С- сургууль Б.Б-т төлөх ёстой гэх уялдаа холбоо байхгүй учраас гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийг гэрээг анхан шатны шүүх үнэлээгүй нь үндэслэлтэй. Үүнтэй холбоотойгоор Б, Б, Я.Ц-, Б.Г- нарыг гэрчээр асуух шаардлагатай гэж гомдолдоо дурдсан байдаг. Нэгэнт энэ зээлийн гэрээ нь хэрэгт хамааралгүй учраас гэрчээр асууж, мэдүүлэг авах шаардлага байхгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотолгооны ач холбогдолгүй. Гэрч Б.Б-, Д.М, Б.У нар нь хариуцагчийн ах болон ажилчид. Төлбөр мөнгөнөөс өөртөө хувь хүртэх буюу цалин хөлсөө авах зорилгоор мэдүүлэг өгөх боломжтой учраас гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

“Г-” ХХК-тай байгуулсан гэрээ хуурамч гэж тайлбарладаг. “Г-” ХХК-тай холбоотой асуудлаар ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолд хэргийн бүртгэлийн дугаар, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, уг хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах үндэслэлийг тусгана. Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно гэж заасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нь гомдол мэдээллийг шалгаж байгаа болохоос биш хэн нэгэн этгээдэд холбогдуулан нээдэггүй. Хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. “Г-” ХХК-тай байгуулсан гэрээг хуурамч гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв, иргэний шүүхэд өгсөн мэдүүлгийг үнэлдэггүй гэж ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтыг үнэлэхгүй учраас эдгээр гэрчийн мэдүүлэг үнэн зөв эсэх нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй.

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өмгөөлүүлэх эрхийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй гэдэг нь тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, өмгөөлөгч оролцуулаагүй гэх гомдол нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар төсөвт ажил нэмэгдсэн тохиолдолд энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдсэн тохиолдолд захиалагч төсөв буюу мөнгө өгч нэмэлт ажил хийлгэх үү, эсвэл гэрээг дуусгавар болгох эсэхийг захиалагч бие даан шийдвэрлэх эрхтэй. Гэтэл “Б-” ХХК-ийн зүгээс нэмэлт ажил хийх талаар захиалагчид мэдэгдээгүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад санхүүгийн баримтууд авагдсан. Энэ нь 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.4-т анхан шатны баримт гэж ажил гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоо, 8.3-т нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажлыг дараах байдлаар гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Касс, тооцоо, ерөнхий гэх 3 нягтлан, журнал, бүх бичиг баримт байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас авч үзвэл С- сургуулиас “Б-” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлдэг ба үүнийг Б.Б- хувьдаа чек гэж гаргадаг. Санхүүжилтээр хэзээ, хэнтэй гэрээ хийгээд ямар бараа материал шилжүүлээд С- сургуулийн барилгын материалд зарцуулагдсан талаар баримт байдаггүй. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            1.1.Нэхэмжлэгч С- сургууль нь хариуцагч “Б-” ХХК, Б.Б- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас учирсан хохирол, доголдлыг арилгахад гарсан зардал болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нийт 596,937,740 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-ээс татгалзсан байна. Хариуцагч “Б-” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, нэмэлт ажлын хөлс болон гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролд нийт 1,457,284,598 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

1.2.Зохигчид 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,560,000 ам.долларын үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Б-” ХХК нь С- сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг технологийн дагуу, чанартай гүйцэтгэн, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч С- сургууль нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /1хх-ийн 17-30-р тал/

1.3.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн даалгасан ажлыг гүйцэтгэн, үр дүнг шилжүүлэн өгөх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлс төлөх үндсэн үүргийг тус тус хүлээдэг.

1.4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “Б-” ХХК нь ажлын хөлсийг урьдчилан авсан боловч 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үндэслэлгүйгээр гэрээ цуцлах мэдэгдэл өгч ажлаа орхиж явсан, энэхүү мэдэгдлийг өгөх хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажил нь дутуу, доголдолтой, мөн зах зээлийн жишиг үнэлгээнээс илүү ажлын хөлс урьдчилан авч захиалагчид хохирол учруулсан” гэх агуулгаар тайлбарлаж, дараах 15 төрлийн төлбөрийг хариуцагч “Б-” ХХК-аас шаардсан. Үүнд:

1.дотор заслын ажлын зардал 43,184,644 төгрөг,

2.аваарын шат хийлгэсэн зардал 46,000,000 төгрөг,

3.спорт заалны түрээс 78,790,000 төгрөг,

4.автобусны түрээс 5,400,000 төгрөг,

5.өргөтгөлийн хаалганы зардал 36,711,520 төгрөг,

6.өргөтгөлийн цонхны төлбөр 16,340,556 төгрөг

7.дулаан, халаалтын зөрүү төлбөр 27,059,819 төгрөг,

8.фасадны материалын зөрүү 23,083,850 төгрөг,

9.дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг,

10.техникийн давхрын ажлын зардал 1,401,628 төгрөг,

11.илүү төлсөн арматур төмрийн үнэ 167,225,000 төгрөг,

12.цахилгааны төлбөр 8,800,930 төгрөг,

13.усны төлбөр 3,732,861 төгрөг,

14.хамгаалалтын үйлчилгээний хөлс 12,960,000 төгрөг,

15.ажлын хөлсөнд илүү төлсөн гэх 112,039,253 төгрөг, нийт 596,937,740 төгрөг. /1хх-ийн 1-10, 3хх-ийн 36-38-р тал/

 

1.5.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч С- сургууль нь гэрээнд заасны дагуу санхүүжилтийг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын талбайд харуул хамгаалалтын алба оруулснаар ажил гүйцэтгэх боломжгүй болсон, улмаар захиалагч нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч, утсаар хариу өгсөн” гэж тайлбарласан байна. /1хх-ийн 121, 2хх-ийн 48-52, 3хх-ийн 51-52-р тал/

1.6.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “нэхэмжлэгч С- сургууль нь санхүүжилтийг хугацаанд нь өгөөгүйтэй холбоотойгоор бусдаас өндөр хүүтэй зээл авч, гэрээт ажлын 80 гаруй хувийг гүйцэтгэсэн, захиалагч гэрээг цуцалснаас шүүх, нотариат, өмгөөлөгч, шинжээчийн зардлаар хохирсон, иймд ажлын хөлс, материалын зардал 451,120,693 төгрөг, нэмэлт ажлын хөлс 169,719,478 төгрөг, өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөг, шинжээчийн төлбөр 3,870,000 төгрөг, нотариатын зардал 1,088,900 төгрөг, улсын комиссийн барьцаа төлбөр 63,105,672 төгрөг, бусдаас авсан зээлийн хүү буюу хохирол 761,379,855 төгрөг, нийт 1,457,284,598 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. /6хх-ийн 147-154, 7хх-ийн 15, 7хх-ийн 15-16, 7хх-ийн 160, 7хх-ийн 240-242, 8хх-ийн 243, 14хх-ийн 94-р тал/

 

1.7.Ажил гүйцэтгэх гэрээний 2-т гэрээний нийт үнэ /НӨАТ орсон/ 1,560,000 ам.доллар гэсэн боловч талууд материалын нэр төрөл, ажлын нэгж үнийг тодорхойлоогүй, ажлын хуваарь, гүйцэтгэлийн төлөвлөгөөг гэрээгээр тохиролцоогүй, мөн ажлын төсөв зохиохгүйгээр зөвхөн ажил хүлээлгэн өгөх, авах эцсийн хугацааг тодорхойлж ажлыг эхлүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд аль тал нь үүргийн зөрчил гаргаж, гэрээг цуцалсан нь талуудын маргааны зүйл болсон байна.

2.Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 9.2.1-т “гүйцэтгэгч ажлыг зохих үе шаттайгаар гүйцэтгэсний дараа гэрээний санхүүжилтийг төлөх зарчмыг баримтална”, 9.2.4-т “тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол ажлын хөлсийг захиалагчийн зүгээс ажлын гүйцэтгэл болон баримтжуулалтыг баталгаажуулсны үндсэн дээр гүйцэтгэгчээс холбогдох шаардлагыг хангаж ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч гэрээний хавсралт төлбөрийн хуваарийн дагуу төлнө”, 9.4.1-т “хяналтын инженерээр баталгаажсан ил далд ажлын актыг үндэслэн, дунд үеийн санжүүилтийг олгоно” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлцэж, нэхэмжлэх явуулсны үндсэн дээр захиалагч санхүүжилтийг олгохоор тохиролцжээ.

 

2.1.Анхан шатны шүүх “хариуцагч “Б-” ХХК-ийг гэрээнд заасны дагуу ил, далд ажлын акт, гүйцэтгэлийн тайлан зэргийг захиалагчид өгсөн болохоо нотлоогүй, талууд ажил гүйцэтгэх гэрээг ердийн журмаар цуцалсан байна” гэж дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, мөн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлах талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

2.2.“С- сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын ил ба далд акт, фото зураг” нэртэй хавтас бүхий баримт болон 5 дугаар хавтаст хэргийн 57-58 дугаар талд авагдсан ажил хүлээлцсэн акт зэргээс үзвэл хариуцагч “Б-” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч С- сургууль буюу захиалагчийн хяналтын инженер А.Ариунболд, С- сургуулийн захирал Д.З- нарт актаар хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, гүйцэтгэгч нь захиалагчаас 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаанд 100,000,000 төгрөг авч, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр барилгын урд тавигдсан улаан шугамыг татаж, тэг тэнхлэг тавих, 06 дугаар сарын 17-ны өдөр суурийн нүх ухах, барилгын буурь хөрсөнд хяналт хийх зэрэг ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр захиалагч нь 06 дугаар сарын 18-ны өдөр 200,000,000 төгрөгийг,

/С- сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын ил ба далд акт, фото зураг нэртэй хавтас бүхий баримт /цаашид баримтын гэх/-ын 2-3-р тал”, 1-р хх-ийн 33-р тал, 

06 дугаар сарын 24-ний өдөр барилгын суурийг ажлын зураг, техникийн нөхцөлийн дагуу хийсэн эсэхийг шалгах, 06 дугаар сарын 25, 27-ны өдөр цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчлах ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр захиалагч нь 06 дугаар сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөгийг, /баримтын 8, 11, 14-р тал, 1-р хх-ийн 33-р тал/, 

06 дугаар сарын 30, 07 дугаар сарын 02, 03, 04-ний өдөр цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчлах ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр захиалагч нь 07 дугаар сарын 08-ны өдөр 70,000,000 төгрөгийг, /баримтын 16, 20, 22, 24-р тал, 1-р хх-ийн 33-р тал/,

07 дугаар сарын 10, 15, 16, 18, 20, 21, 22, 23, 08 дугаар сарын 09, 10, 11, 12-ны өдөр цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчлах ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр захиалагч нь 08 дугаар сарын 18-ны өдөр 131,502,000 төгрөгийг, /баримтын 32-50, 57-65-р тал, 1-р хх-ийн 33-р тал/,

08 дугаар сарын 26, 28-ны өдөр уур, ус тусгаарлалтын ажил гүйцэтгэсний үндсэн дээр захиалагч нь 08 дугаар сарын 28-ны өдөр 90,000,000 төгрөгийг, /баримтын 76-85-р тал, 1-р хх-ийн 33-р тал/,

09 дүгээр сарын 05-ны өдөр уур, ус тусгаарлалтын ажил, 09 дүгээр сарын 10-ны өдөр дуу тусгаарлалын ажил, 09 дүгээр сарын 11-ний өдөр хаалга, цонхны ялуу суулгах, өрөгт бүтээцийн ажлыг, 09 дүгээр сарын 18-ны өдөр дотор цахилгааны угсралтын ажил, 09 дүгээр сарын 19-ний өдөр цонх суулгах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэсний үндсэн дээр захиалагч нь 09 дүгээр сарын 01-ний өдөр 120,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 06-ны өдөр 90,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 100,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон болох нь ажил хүлээлцсэн акт болон санхүүжилт олгосон банкны тодорхойлолт бүхий баримтаар тогтоогджээ. /баримтын 90-97, 104, 121-р тал, 1-р хх-ийн 33-р тал/,

 

2.3.Мөн хариуцагч “Б-” ХХК нь 10 дугаар сарын 10-ны өдөр дотор бохир ус, халаалтын системийг угсрах, 10 дугаар сарын 12-ны өдөр дээврийн ажлыг тус тус гүйцэтгэж, захиалагч буюу нэхэмжлэгч С- сургуулийн захирал Д.З-ид актаар хүлээлгэн өгсөн /5хх-ийн 57-58, баримтын 110-р тал/ боловч 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш санхүүжилт олгогдоогүй, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр заслын ажлыг гүйцэтгэж, акт үйлдсэн боловч тус актад захиалагч тал гарын үсгээ зураагүй болох нь “С- сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын ил ба далд акт, фото зураг” нэртэй хавтас бүхий баримтын 122 дугаар талд авагдсанаар тогтоогдож байна. 

 

2.4.Нэхэмжлэгч С- сургууль нь 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл гэрээт ажлыг актаар хүлээн авсан атлаа 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш санхүүжилт олгоогүй шалтгаанаа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй байна.

 

2.5.Иймд нэхэмжлэгч С- сургуулийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-т заасан ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

2.6.2013 оны 12 дугаар сарын 14, 29-ний өдрийн санхүүжилт нь гэрээ цуцлагдсанаас хойш дээвэр болон фасадны ажилтай холбоотойгоор талууд тооцоо нийлсний дагуу олгогдсон болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 107-108 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдсон байна.

 

2.7.Хариуцагч “Б-” ХХК нь гэрээний 9.2.4-т зааснаар гүйцэтгэсэн ажлыг захиалагчид актаар хүлээлгэн өгч, санхүүжилт хүссэн нэхэмжлэхийг тухай бүр захиалагчид хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... “Б-” ХХК-аас ирүүлж байсан хэд хэдэн удаагийн нэхэмжлэхүүд байгаа” гэх тайлбар зэргээр тогтоогдсон. /5хх-ийн 75-83, 14хх-ийн 99-р тал/

 

2.8.Хариуцагч “Б-” ХХК нь нэхэмжлэгч С- сургуульд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “... гэрээний ажлын үе шатны санхүүжилт 2013 оны 09-р сарын 20-ны өдрөөс хойш хийгдээгүй бөгөөд 2013 оны 10-р сарын 04-ний өдрийн нэхэмжлэхийг 5 хоногийн дотор шийдвэрлэж өгнө үү” гэх албан бичгийг, 

 

2.9.2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “... гэрээт ажлыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан боловч 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш санхүүжилт олгогдоогүйгээс гадна, захиалагч нь манай компанийг цааш ажиллуулахгүй гэж мэдэгдэн, ажлын талбайгаас хөөсөн, иймд гэрээний 10.2-т заасны дагуу гэрээ цуцлах болсныг мэдэгдье, 5 хоногийн дотор комисс гарган тооцоо нийлж, хохиролгүй болгож өгнө үү” гэх албан бичгийг тус тус хүргүүлжээ. /1хх-ийн 31, 243-р тал/.

 

2.10.Мөн хариуцагч “Б-” ХХК нь гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлснээс 4 хоногийн дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч С- сургуульд “... барилга угсралтын гэрээг цуцалС-ай холбоотойгоор барилга хүлээн авах комисс томилж, тооцоо нийлнэ үү” гэх албан бичгийг дахин хүргүүлсэн байна. /2хх-ийн 57-р тал/. Дээрх албан бичгүүдийг хүлээн авсан болохоо нэхэмжлэгч тал 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан байна. /14хх-ийн 91-р тал арын хуудас/

 

2.11.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч С- сургууль нь гэрээт ажлыг актаар хүлээн авсан боловч хууль буюу гэрээнд зааснаар санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гаргаС-ай холбоотойгоор хариуцагч “Б-” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2.12.Түүнчлэн, нэхэмжлэгч С- сургууль нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлж санхүүжилт хийх талаар ямар нэгэн үр дүн гаргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагч “Б-” ХХК-аас гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Х-” ХХК-тай “Аюулгүй байдлыг хангах гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Г-” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх-ийн 81-82, 2хх-ийн 67-69-р тал/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С- сургууль нь хариуцагч “Б-” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, санхүүжилттэй холбоотойгоор үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

2.13.Нэхэмжлэгч тал хариуцагчийн татгалзалд гаргасан тайлбар болон гомдолдоо гэрээний 10.2-т заасныг хариуцагч зөрчсөн гэжээ. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 10.2-т захиалагчийн буруугаас гэрээг цуцлах талаар заасан ба үүнд: “хэрэв захиалагч 5 ба түүнээс дээш удаа гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй, бичгээр урьдчилан мэдэгдэхгүйгээр гэрээг зөрчсөн гэж үзвэл гүйцэтгэгч нь энэхүү заалтыг дурдан гэрээг цуцлах тухай мэдэгдэл захиалагчид өгч болно. Хэрэв мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор зөрчил арилаагүй бол гүйцэтгэгч гэрээт ажлын нэг хэсгийг эсвэл бүхлээр нь зогсоож болно. Хэрэв зөрчил мэдэгдэл авснаас хойш 14 хоногийн дотор арилаагүй бол, гүйцэтгэгч хоёрдахь мэдэгдлийг өгч 21 хоногийн хугацаа олгоно. Энэ хугацаанд зөрчил арилаагүй бол гүйцэтгэгч гэрээг дангаар цуцалж талбайгаас бууж болно” гэсэн байна.

 

2.14.Дээрх гэрээний заалтын агуулгаас үзвэл захиалагч буюу С- сургууль 5 ба түүнээс дээш удаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдлийг гүйцэтгэгч буюу “Б-” ХХК-аас өгөх, ингэхдээ хугацааг 7, 14, 21 хоногийн давтамжтай буюу хэт урт, тодорхой бус тогтоосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах ерөнхий зарчимд нийцээгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч гэрээний агуулга хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байх шаардлага тавигддаг.

 

2.15.Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу 07 сарын хугацаатай байх бөгөөд захиалагч С- сургууль нь 5 ба түүнээс дээш удаа төлбөрөө төлөөгүй тохиолдол нь хэдий хугацааг хамрах нь тодорхой бус, улмаар гэрээ цуцлах мэдэгдэл өгөх хугацааг дахин нэмэлтээр тогтоосон нь хуульд нийцээгүй байх тул талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 10.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч “Б-” ХХК нь гэрээг цуцлахдаа гэрээний 10.2-т заасан журмыг баримтлаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар, гомдол үндэслэлгүй. 

 

3.Нэхэмжлэгч С- сургууль нь хариуцагч “Б-” ХХК-аас нийт 596,937,740 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд спорт заалны түрээс 78,790,000 төгрөг, автобусны түрээс 5,400,000 төгрөг, дулаан, халаалтын зөрүү төлбөр 27,059,819 төгрөг, хамгаалалтын үйлчилгээний хөлс 12,960,000 төгрөгийг гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн. Гэрээ цуцлагдсан нөхцөл байдалд хариуцагч “Б-” ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй байх тул үүргийн зөрчилтэй холбоотойгоор хохирол нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсэхгүй болно.

 

3.1.Дотор заслын ажлын зардал 43,184,644 төгрөг, аваарын шат хийлгэсэн зардал 46,000,000 төгрөг, өргөтгөлийн хаалганы зардал 36,711,520 төгрөг, өргөтгөлийн цонхны төлбөр 16,340,556 төгрөг, илүү төлсөн арматур төмрийн үнэ 167,225,00 төгрөг, техникийн давхрын ажлын зардал 1,401,628 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талууд анхнаасаа барилгын ажлын төсөвгүй, гүйцэтгэх ажлын нэгж үнийг гэрээгээр тохиролцоогүй байх тул нэхэмжлэлд заасан үнийн дүн бүхий ажлыг хариуцагч “Б-” ХХК нь гүйцэтгэх ёстой байсан гэж үзэн, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

3.2.Фасадны материалын зөрүү 23,083,850 төгрөг, дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг, цахилгааны төлбөр 8,800,930 төгрөг, усны төлбөр 3,732,861 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талууд 2013 оны 12 дугаар сарын 14, 29-ний өдөр хоёр удаа уулзалт хийхдээ фасад, дээврийн ажлын хөлсийг тооцож, нэхэмжлэгч С- сургууль нь хариуцагч “Б-” ХХК-д төлөх ажлын хөлснөөс 6, 7, 8, 9 сарын ус, цахилгааны төлбөрийг хасаж тооцсон болох нь талуудын байгуулсан хэлцэл, хурлын тэмдэглэл, ажлын хөлс төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. /1хх-ийн 33, 1хх-ийн 107-108-р тал/. Иймд нэхэмжлэгч нь дээрх 4 төрлийн төлбөрийг хариуцагчаас дахин нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

3.3.Ажлын хөлсөнд илүү төлсөн гэх 112,039,253 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь уг төлбөрийг шинжээч Ү.Б-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжилсэн. /3хх-ийн 36-38-р тал/

 

3.4.Хэрэгт гурван удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан ба хариуцагч “Б-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг “Ю би пропертиз” ХХК нь 354,835,752 төгрөгөөр, шинжээч Ү.Б-и нь 981,834,121 төгрөгөөр, шинжээч П.Ч-, А.У-, А.Э нар нь 1,043,526,082 төгрөгөөр тус тус үнэлсэн буюу эдгээр дүгнэлтүүд үнийн дүнгийн хувьд эрс зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй байна. /1хх-ийн 149-216, 3хх-ийн 17-31, 6хх-ийн 15-62-р тал/

 

3.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад давж заалдах шатны шүүх шинжээч Ү.Б-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын 112,039,253 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

            3.6.Учир нь 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т “Шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийнэ” гэж заасан ба мөн хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээний обьектод тавигдах шаардлагыг заасан. Шинжилгээний обьект нь шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх, эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх шаардлага тавигддаг.

 

3.7.Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ 2013 оны 10 сард цуцлагдаж, нэхэмжлэгч С- сургууль нь 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Г-” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр барилгыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан. /2хх-ийн 67-69, 6хх-ийн 164-165-р тал/

            3.8.Шинжээч Ү.Б-ийн дүгнэлт 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр буюу барилга ашиглалтад орсны дараа гарсан байх бөгөөд түүний дүгнэлтэд “... хоёр тал мөрдлөг болгон хэрэглэх ажлын төсөвгүй, материал, ажлын хөлс үнийн тооцоогүй, ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн уялдаа байхгүй гэрээ байгуулж, энэ шалтгааны улмаас ажил гүйцэтгэх явцад маргаан гарсан байна.” гэжээ. /3хх-ийн 22-р тал/

 

3.9.Түүнчлэн шинжээч Ү.Б-и шүүх хуралдаанд оролцож, өөрийн гаргасан дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлахдаа “... би барилга дээр нэг л удаа очиж үзсэн, талууд шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, анхнаасаа төсөв зохиолгүй барилгын ажлыг эхлүүлсэн болохоор дүгнэлт гаргахад хүндрэлтэй байсан, сүүлд захиалагч талаас гаргаж өгсөн Ж.Л-гийн төсвийг үндэслэн дүгнэлт гаргасан.” гэжээ. /9хх-ийн 23-24-р тал/. Өөрөөр хэлбэл, шинжээч Ү.Б-и нь шинжилгээний обьект болох барилгад нэг удаа очиж үзсэн, талууд анхнаасаа төсөв зохиолгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн учраас захиалагч талаас гаргаж өгсөн төсвийг үндэслэн дүгнэлтээ гаргасан талаар тайлбарласан байх тул түүний дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгэрэ зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй байна. Иймд ажлын хөлсөнд илүү төлсөн гэх 112,039,253 төгрөг гаргуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4.Хариуцагч нар нь нэхэмжлэгч С- сургуулиас нийт 1,457,284,598 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэмэлт ажлын хөлс 169,719,478 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 345 дугара зүйлийн 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч “Б-” ХХК нь нэмэлт ажил гүйцэтгэх болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч С- сургуульд мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн шинжээчийн дүгнэлтүүдэд нэмэлт ажлын талаар тусгагдсан байх боловч давж заалдах шатны шүүхээс тус дүгнэлтүүдэд үндэслэн аливаа төлбөр гаргуулах боломжгүй болохыг дээр дурдсан.

 

4.1.Өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч “Б-” ХХК нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 7,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор гарах зайлшгүй зардалд хамаардаггүй болно. /7хх-ийн 248-250, 8хх-ийн 1-4-р тал/

 

4.2.Улсын комиссийн барьцаа төлбөр 63,105,672 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь уг шаардлагын үндэслэлээ “барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа захиалагч нь ажлын хөлсний 5 хувийг “Б-” ХХК-д өгөх байсан, уг 5 хувийг санхүүжилтээсээ хасаж олгож байсан учраас нийт олгогдсон санхүүжилтээс 5 хувиар тооцож тус төлбөрийг гаргуулна” гэж тайлбарласан. Гэвч талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ 2013 оны 10 сард цуцлагдаж, хариуцагч “Б-” ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй, улсын комисс болон захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул 63,105,672 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

4.3.Бусдаас авсан зээлийн хүү буюу хохирол 761,379,855 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь уг шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгч С- сургууль нь санхүүжилт өгөхгүй байсан учраас бусдаас өндөр хүүтэй зээл авч, барилгын ажлыг гүйцэтгэж байсан” гэж тайлбарласан ба энэхүү шаардлагаа нотлохоор 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Г-той байгуулсан 115,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Я.Ц-тай байгуулсан 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Х.Баярбадралтай байгуулсан 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус нотлох баримтаар гаргажээ. /7хх-ийн 19-30-р тал/

 

4.4.Гэвч зээлийн гэрээ байгуулагдсан цаг хугацаа нь гэрээ цуцлагдсан 2013 оны 10 сараас хойшхи огноотой байхаас гадна хариуцагч нь дээрх зээлийн гэрээнүүдэд тусгагдсан мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хүлээн авч, нэхэмжлэгч С- сургуультай байгуулсан гэрээт ажилд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч өөр этгээдүүтэй зээлийн гэрээ байгуулсныг С- сургуультай байгуулсан гэрээт ажилд зарцуулагдсан гэж шууд дүгнэх боломжгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймд хохирол гэх 761,379,855 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.5.Харин шинжээчийн төлбөр 3,870,000 төгрөг, нотариатын зардал 1,088,900 төгрөгийн шаардлага нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзС-ай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч “Б-” ХХК нь дээрх төлбөрүүдийг нэхэмжлэгч С- сургуулиас шаардах эрхтэй байна. /6хх-ийн 10-11, 8хх-ийн 5, 8хх-ийн 7-8-р тал/

 

4.6.Ажлын хөлс, материалын зардал 451,120,693 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь уг шаардлагын үндэслэлээ нэмэлт ажилтай нийлээд нийт 1,820,840,171 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, нэхэмжлэгч С- сургууль нь ажлын хөлсөнд 1,199,007,774 төгрөг төлсөн гэж тайлбарласан. 

 

4.7.Нэхэмжлэгч С- сургууль нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш санхүүжилт олгоогүй болох нь Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт бүхий шилжүүлгийн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч “Б-” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг захилагчид хүргүүлж, 4 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 25-ны өдөр “гэрээ цуцалС-ай холбоотойгоор барилга хүлээн авах комисс томилж, тооцоо нийлэх” албан бичгийг захиалагчид дахин хүргүүлснээр ажил зогссон гэж үзэх үндэслэлтэй.

 

4.8.Хариуцагч “Б-” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч С- сургуулиас шаардах эрхтэй тул санхүүжилт зогссон 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс ажил хүлээлцэх мэдэгдэл өгсөн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан зардал болох нийт 172,462,257 төгрөгийг нэхэмжлэгч С- сургуулиас гаргуулж, хариуцагч “Б-” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.9.Давж заалдах шатны шүүх дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “СБД II хороо С- сургуулийн өргөтгөлийн барилга 2013 оны 10 дугаар сарын зарлагын баримт” нэртэй хавтас бүхий баримтыг үндэслэл болгосон бөгөөд тус хавтаст банкны шилжүүлгийн баримт, гуравдагч компаниас бараа материал худалдан авсан зарлагын баримт, “Б-” ХХК-ийн өөрийн санхүүгийн баримтууд гэсэн гурван төрлийн баримт багтсан байна. Эдгээр баримтаас “Б-” ХХК-ийн өөрийн үйлдсэн санхүүгийн баримтуудыг эргэлзээтэй гэж үзэхээр байх тул банкны шилжүүлгийн баримт болон гуравдагч компаниас бараа материал худалдан авсан зарлагын баримт зэргийг үндэслэл болгов.

 

Үүнд: 

2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын хөлс, бараа материалын зардлын 14 баримт бүхий 24,224,000 төгрөг, 

09 дүгээр сарын 22-ны өдрийн бараа материалын зардлын 4 баримт бүхий 447,000 төгрөг,

09 дүгээр сарын 23-ны өдрийн бараа материалын зардлын 6 баримт бүхий 274,500 төгрөг,

09 дүгээр сарын 24-ний өдрийн фасад болон бараа материалын зардлын 3 баримт бүхий 4,412,500 төгрөг,

09 дүгээр сарын 25-ны өдрийн бараа материалын зардлын 15 баримт бүхий 10,605,380 төгрөг,

09 дүгээр сарын 26-ны өдрийн бараа материалын зардлын 8 баримт бүхий 624,800 төгрөг,

09 дүгээр сарын 27-ны өдрийн бараа материалын зардлын 8 баримт бүхий 1,352,900 төгрөг,

09 дүгээр сарын 28-ны өдрийн бараа материалын зардлын 7 баримт бүхий 2,170,000 төгрөг,

09 дүгээр сарын 29-ний өдрийн бараа материалын зардлын 7 баримт бүхий 406,700 төгрөг,

09 дүгээр сарын 30-ны өдрийн бараа материалын зардлын 12 баримт бүхий 5,411,000 төгрөг,

10 дугаар сарын 01-ний өдрийн цалин болон бараа материалын зардлын 10 баримт бүхий 13,455,000 төгрөг,

10 дугаар сарын 02-ны өдрийн бараа материалын зардлын 11 баримт бүхий 3,796,000 төгрөг,

10 дугаар сарын 03-ны өдрийн бараа материалын зардлын 15 баримт бүхий 10,542,710 төгрөг,

10 дугаар сарын 04-ний өдрийн бараа материалын зардлын 17 баримт бүхий 5,139,152 төгрөг,

10 дугаар сарын 05-ны өдрийн ажлын хөлс, бараа материалын зардлын 12 баримт бүхий 5,254,500 төгрөг,

10 дугаар сарын 06-ны өдрийн бараа материалын зардлын 10 баримт бүхий 12,333,000 төгрөг,

10 дугаар сарын 07-ны өдрийн бараа материалын зардлын 5 баримт бүхий 402,800 төгрөг,

10 дугаар сарын 08-ны өдрийн ажлын хөлс, бараа материалын зардлын 13 баримт бүхий 11,807,450 төгрөг,

10 дугаар сарын 09-ний өдрийн бараа материалын зардлын 7 баримт бүхий 2,014,000 төгрөг,

10 дугаар сарын 10-ны өдрийн бараа материалын зардлын 11 баримт бүхий 7,971,700 төгрөг,

10 дугаар сарын 11-ний өдрийн бараа материалын зардлын 15 баримт бүхий 2,622,020 төгрөг,

10 дугаар сарын 12-ны өдрийн бараа материалын зардлын 14 баримт бүхий 539,700 төгрөг,

10 дугаар сарын 13-ны өдрийн ажлын хөлс, бараа материалын зардлын 13 баримт бүхий 17,516,575 төгрөг,

10 дугаар сарын 14-ний өдрийн бараа материалын зардлын 10 баримт бүхий 331,000 төгрөг,

10 дугаар сарын 15-ны өдрийн бараа материалын зардлын 10 баримт бүхий 4,081,500 төгрөг,

10 дугаар сарын 16-ны өдрийн бараа материалын зардлын 16 баримт бүхий 15,917,920 төгрөг,

10 дугаар сарын 17-ны өдрийн бараа материалын зардлын 2 баримт бүхий 487,000 төгрөг,

10 дугаар сарын 18-ны өдрийн бараа материалын зардлын 6 баримт бүхий 769,500 төгрөг,

10 дугаар сарын 19-ний өдрийн ажлын хөлс, бараа материалын зардлын 12 баримт бүхий 3,125,450 төгрөг,

10 дугаар сарын 20-ны өдрийн бараа материалын зардлын 2 баримт бүхий 820,000 төгрөг,

10 дугаар сарын 21-ний өдрийн бараа материалын зардлын 8 баримт бүхий 439,000 төгрөг,

10 дугаар сарын 22-ны өдрийн бараа материалын зардлын 1 баримт бүхий 159,500 төгрөг,

10 дугаар сарын 23-ны өдрийн бараа материалын зардлын 5 баримт бүхий 295,000 төгрөг,

10 дугаар сарын 24-ний өдрийн бараа материалын зардлын 1 баримт бүхий 13,000 төгрөг,

10 дугаар сарын 25-ны өдөр ажлын хөлс 2,700,000 төгрөг, нийт 172,462,257 төгрөгийн зардал гаргасан байна. 

 

4.10.Иймд шинжээчийн ажлын хөлс 3,870,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1,088,900 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 172,462,257 төгрөг бүгд 177,421,157 төгрөгийг нэхэмжлэгч С- сургуулиас гаргуулж, хариуцагч “Б-” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, маргаан бүхий асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байхад хэргийг хэрэгсэхгүй болгох байсан” гэх агуулгыг заасан.

 

5.1.Шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан нөхцөл байдал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зэргийг харгалзан “өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох” хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь С- сургуулийн нэхэмжлэлтэй “Б-” ХХК-д холбогдох гэрээг цуцалС-ай холбоотой хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,142,639 төгрөг, хариуцагчаас төлсөн нийт 7,444,374 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч С- сургуулиас давж заалдах гомдолд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 3,142,639 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 100200700941 тоот дансанд оруулахаар шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулсан болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б-” ХХК-аас 596,937,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С- сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С- сургуулиас 177,421,157 төгрөг гаргуулж, хариуцагч “Б-” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,279,863,441 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “... 56.1 ...” гэсний дараа “56.2” гэж “... үлдээж, ...” гэсний дараа “нэхэмжлэгч С- сургуулиас 1,045,056 төгрөг гаргуулж, хариуцагч “Б-” ХХК-д олгож,” гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн нийт 7,444,374 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар захирамжаар буцаан олгосныг дурдаж, нэхэмжлэгч С- сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 3,142,639 төгрөг гаргуулж, улсын төсвийн 100200700941 тоот дансанд оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

 

                        ШҮҮГЧ                                 Д.ЗОЛЗАЯА

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ