Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0067/З |
Дугаар | 221/МА2019/0435 |
Огноо | 2019-08-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2019/0435
О.Л-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.О, нэхэмжлэгч О.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0308 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу О.Л-гийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0308 дугаар шийдвэрээр: “Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 24 дүгээр зүйлийн 24.6.6, Иргэдээс төрийн байгууллага, албан ташаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6 дахь заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Л-гоос гаргасан “Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө тоот албан бичиг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2011 оны **6 дугаар тогтоол, журамд заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгах” гэсэн шаардлагыг хангаж, “Л.Б-д чөмөг шилжүүлэн суулгах зардал болон эмчилгээнд 630.317.500 төгрөгийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О.Л-гийн хүү Л.Б-ийн эмнэлэгийн тусламж, үйлчилгээний төлбөрт санхүүгийн дэмжлэх авах тухай хүсэлт Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу судлан шийдвэрлэж хариу өгөхийг хариуцагч Эрүүл мэндийн яаманд даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллагаас биелүүлэхдээ нэхэмжлэгч О.Л-гийн өмнө гаргасан хүсэлт, хавсарган өгсөн материалыг үндэслэн Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу түүний хүсэлтийг судлан үзэж, шийдвэрлэх болохыг дурдаж” тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч О.Л давж заалдах гомдолдоо: “...Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.6.2, 24.6.6, Донорын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан зохицуулалт, хуулийн үзэл санаад нийцүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүл мэндийн сайдын 370 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан Орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулсан журмын заалтыг үндэслэсэн нь учир дутагдалтай. О.Л-гийн хүү Л.Б-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөр санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу судлан, шийдвэрлэж хариу өгөхийг хариуцагч Эрүүл мэндийн яаманд даалгасугай, дурдсугай гэсэн тогтоох хэсгийн 1, 2-т заасныг хүчингүй болгож, БНХАУ-ын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх цусны эмнэлгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмын 2.3, 2.4-т зааснаар Эрүүл мэндийн сайдад тушаал гаргаж шийдвэрлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмын 2.1-д “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт”-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөлгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина. Нэхэмжлэгч нь журамд зааснаар эмнэлэг хяналтын комисст хандаж дүгнэлт гаргуулахгүйгээр шууд өргөдөл гаргасан байсан тул түүнд журмын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн ирүүлснээр дэмжлэг үзүүлэх боломжтой байна гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл шүүхээс Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгах гэсэн шийдвэр гаргасан тул хууль, журамд зааснаас гадуур үйл ажиллагаа явуулахыг шүүхээс даалган шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны акт гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
О.Л-гийн гаргасан “Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/7126-ө дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээр Эрүүл мэндийн яаманд холбогдуулан анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн[1] байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Санхүүгийн дэмжлэг авах тухай өргөдөлд Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/7126-ө дугаартай албан бичгээр хариу өгсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, БНХАУ-ын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх цусны эмнэлгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмын 2.3-т зааснаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж, уг тушаалын хувийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлэх, эмчлүүлэгчийн нэр дээр нийт 630.317.500 төгрөгийг шилжүүлэх Эрүүл мэндийн сайдын тушаал гаргахыг даалгах” гэж[2], 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/****-ө дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, ...санхүүжилт олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэж[3] тус тус тодорхойлжээ.
Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.1.5-д “зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ыг баталсан байна.
Уг журмаар Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтад орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээний төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв эмнэлгийн хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавих бөгөөд тухайн байгууллагын холбогдох алба нь уг саналыг орон тооны бус зөвлөлд танилцуулсны дагуу Зөвлөл дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсны дараа Сангийн яамны Төрийн сангийн газар эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас ажлын 5 өдөрт багтаан эмчлүүлэгчийн нэр дээр мөнгийг шилжүүлэхээр зохицуулжээ.
Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.
Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх цусны эмнэлгийн тодорхойлолт /дүгнэлт/-ыг[4] дээрх журамд заасан улсын хэмжээний үйлчилгээний төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв эмнэлгийн хяналтын комиссын зөвлөгөөнөөс Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтад орсон өвчин, эмгэгтэй болохыг тогтоосон дүгнэлт гэж үзэн орон тооны бус зөвлөлөөс дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргуулахыг хүссэн эсхүл уг тодорхойлолт /дүгнэлт/-ыг Орон тооны бус зөвлөлийн шийдвэртэй адил гэж үзэн хариуцагч Эрүүл мэндийн яам /сайд/-ыг тухайн шийдвэрийг баталгаажуулсан тушаал гаргуулахыг хүссэн болохын чухам аль нь болох нь тодорхойгүй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх ““...журамд орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан” гэх шаардлагыг биелүүлээгүй гэж нэхэмжлэгч О.Л-гийн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь энэхүү журмын заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаагүй шаардлага буюу “Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу өргөдлийг журмын дагуу судалж, хариу өгөхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчжээ.
Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмын хүрээнд тухайн шийдвэр нь тодорхой, биелэгдэх боломжтой байх ёстой атал анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу ямар акт гаргахгүй хууль бус эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр гаргасан гэж үзэж, Эрүүл мэндийн яамнаас ямар шийдвэр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас “2.Л.Б-д чөмөг шилжүүлэн суулгах зардал болон эмчилгээнд 630.317.500 төгрөгийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгуулах” гэсэн агуулгыг дурдаагүй боловч, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс энэхүү 2 дах нэхэмжлэлийн шаардлага байгааг тодруулсан тул шүүхээс энэхүү 2 шаардлагыг хянан үзсэн” гэж дурдсан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, хүлээн авсан бол уг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж, “Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагаас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх талаарх тайлбарыг авч, холбогдох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас шууд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.
Мөн “2.Л.Б-д чөмөг шилжүүлэн суулгах зардал болон эмчилгээнд 630.317.500 төгрөгийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2018/7902 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШТ2018/0823 дугаар тогтоолоор хянасан байх тул уг шаардлагатай холбогдуулан шүүх дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.
Иймд дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилган, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 1-119 дүгээр хуудас
[2] Хавтаст хэрэг 1-125 хуудас
[3] Хавтаст хэрэг 1-181, 188 хуудас
[4] Хавтаст хэрэг 1-15 хуудас