Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01038

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  05  17  210/МА2024/01038

 

 

Ж.Б- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/01314 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Б- нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Б-д холбогдох

92,321,515 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 25,866,715 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б , хариуцагч Г.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, Б.Анхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Ж.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Г.Б-д зээлээр бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тооцоо хийхэд нийт 805,670,300 төгрөгийн бараа хүлээлгэн өгч, Г.Б-өс 179,649,875 төгрөгийг дансаар, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 533,321,515 төгрөгийн хүнсний барааг төлбөрт авсан. Үлдэгдэл төлбөр 92,321,515 төгрөгийг төлөхгүй хохироож байна.

Иймд хариуцагчаас 92,321,515 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2015 оноос хойш Ж.Б бид хоёр хамтран ажилласан. Миний оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг Ж.Б худалдан борлуулдаг байсан. 2017 онд тооцоо нийлэхэд 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гарын үсэг зурах болоход 3,000,000 биш 5,000,000 гэсэн, би 5,000,000 төгрөгийг төлөхөд энэ хүн 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй юм байна гэсэн. Дараа нь 13,000,000 төгрөгийн өглөгтэй юм байна гээд тооцоо зөрсөн. Илүү төлсөн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Ж.Б тай 2015 оноос эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлж ирсэн бөгөөд барааны төлбөр тооцоог бэлэн мөнгөөр, дансаар, бараагаар харилцан тооцож хийж ирсэн. Миний бие Ж.Б аас 2015 онд 17,043,000 төгрөгийн, 2016 онд 389,611,240 төгрөгийн, 2017 онд 320,820,370 төгрөгийн, нийт 727,474,610 төгрөгийн барааг авсан бөгөөд үүний төлбөрт Ж.Б- Хаан банк ХК дахь 5013066018 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 118 удаагийн үйлдлээр 182,923,765 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 570,417,560 төгрөгийн барааг Ж.Б д өгсөн. Эдгээр нь нийт 753,341,325 төгрөг болж байх тул 25,866,715 төгрөгийг илүү төлсөн байна.

Иймд Ж.Б аас 25,866,715 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2016 оноос хойшхи нийлүүлэлтийн баримт, Г.Б ийн над руу явуулж байсан баримт зэргээр 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 805,670,300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Үүнээс 2015 онд 8 баримтаар нийт 19,959,530 төгрөг, 2016 онд 91 баримтаар 405,233,840 төгрөг, 2017 онд 93 баримтаар 380,476,930 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Г.Б нь 2015 оны 2 удаагийн нийлэлтийн баримтаар 2,458,400 төгрөг, 2016 оны 6 удаагийн нийлүүлэлтийн баримтаар 14,284,200 төгрөг, 2017 онд 14 удаагийн нийлүүлэлтийн баримтаар 59,243,800 төгрөг, 2015 оноос 2017 он хүртэл сүүлийн баримт хүртэл үнийн зөрүү 2,463,800 төгрөг, нийт 78,449,700 төгрөгийг орхигдуулан шүүхэд баримт гаргаж өгөлгүй, үнийн дүн зөрүүтэй зэргээр үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-өс 43,921,644.30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,399,870.70 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч Г.Б ийн 25,866,715 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,380 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,283 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-өс улсын тэмдэгтийн хураамжид 377,558 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б , хариуцагч Г.Б нараас 3,300,000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, Ай Жэй Эй Эйч аудит ХХК-д олгож шийдвэрлэжээ.

  6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Уг хэрэгт хариуцагч талын хүсэлтээр Ай Жэй Эй Эйч аудит ХХК-ийг шинжээчээр томилж 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүгнэлт гаргуулсан, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт дүгнэлт гаргуулсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл бүтэн 1 жил гаруй хугацаанд татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөөгүй. Гэтэл үүнээс хойш 4 жил гаруй хугацааны дараа 60,015,000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын падаан гэх баримтыг шинжээчээр томилогдсон Их монгол хөлөг аудит ХХК-д гаргаж өгсөн байсан. Уг шинжээч нь хариуцагчаас гаргаж өгсөн зарлагын баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан бол шүүх уг дүгнэлтийг үндэслэн шийдвэрээ гаргасан. Эдгээр баримт нь хариуцагчаас надад бараа эд зүйл хүлээлгэн өгснийг нотлохгүй, хамааралгүй баримт бөгөөд эдгээр зарлагын баримтанд бичигдсэн барааг би огт хүлээж аваагүй. Хариуцагч төлбөр төлөх хариуцлагаас зайлсхийхийн тулд нөхөж үйлдсэн гэж үзэхээр байгаа юм. Учир нь эдгээр баримт хариуцагчид байсан л юм бол анхнаасаа гаргаж өгөх байсан.

6.2. Шинжээчийн дүгнэлтийн талаар зохигч маргаагүй гэсэн үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг баримтлан хэргийг шийдсэн гэж шүүх дүгнэсэн байна. Маргаан эхэлснээс хойш 4 жилийн дараа шинжээчид зориулж нөхөж үйлдсэн, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, эргэлзээтэй баримтыг нотлох баримтаар тооцох эсэх, тухайн баримтыг үнэлэх эсэх нь шинжээч биш, шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шинжээч хэрэгт байгаа бүх баримтад бичигдсэн тооцооллыг л хийснээс биш тухайн баримт хуулийн шаардлага хангасан эсэх, үнэн зөв эсэхийг үнэлж дүгнээгүй. Шинжээчийн дүгнэлтээр биш хэрэгт авагдсан баримтууд болон 2018 оны 06 сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

6.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д Их монгол хөлөг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийг 801,292,440 төгрөгийн барааг, 2,337,600 төгрөгийг дансаар хариуцагчид өгч, харин хариуцагчаас 180,545,950 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлж гэсэн нь үнэн зөв бөгөөд харин 37,055,855 төгрөгийн барааг Х тэмдгээр хаасан буюу бэлнээр төлж гэсэн нь хариуцагчид хамаарах надаас хасах дүн биш, харин миний хариуцагчид хүлээлгэн өгсөн 2 шинжээчийн дүгнэлтээр батлагдсан 85 ширхэг баримт буюу 801,292,440 төгрөгийн үнийн дүнд орсон 10 ширхэг баримтын дүн /бэлэн тооцов Х гэх тэмдэглээтэй дүн/ 37,055,855 төгрөгийг хариуцагчийн надад өгсөн барааны дүн болгож буруу тооцоолсон байна. Мөн хариуцагчаас 524,879,560 төгрөгийн барааг надад хүлээлгэн өгч гэдэг нь бас буруу, миний бие хариуцагчаас 533,321,515 төгрөгийн барааг хүлээж авсан байх ёстой.

6.4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б , хариуцагч Г.Б нараас 3,300,000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, Ай Жэй Эй Эйч аудит ХХК-д олгосугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч Г.Б ийн хүсэлтээр "Ай Жэй Эй Эйч аудит ХХК томилогдон ажилласан болохоор шинжээчийн ажлын төлбөр надад хамааралгүй бөгөөд хариуцагч Г.Б төлнө.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

6.5. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шинжээч томилох шаардлагагүй байсан. 78,000,000 төгрөг буюу 22 ширхэг баримт нь хариуцагчийн гарын үсэгтэй нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байдаг гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан, мөн дахин шинжээч томилохдоо хэрэгт авагдсан баримтыг шинжээчийн дүгнэлтэд тусгуулалгүй зөвхөн тодорхой тооны баримтад үндэслэн дүгнэлт гаргуулсан нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжгүй болгосон гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ай Жэй Эй Эйч аудит ХХК анхдагч шинжилгээг, Их монгол хөлөг аудит ХХК-ийн гаргасан дахин шинжилгээний дүгнэлтийг харьцуулж 37,505,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцлоо гэжээ. Гэтэл дахин шинжилгээ хийсэн Их монгол хөлөг аудит ХХК-ийн дүгнэлтэд хавтас хэргийн 24 дэх хуудаст авагдсан хариулт 2.4-т нэхэмжлэгч, хариуцагч нар бараа материал солилцохдоо бараа материалын зарлагын баримт үйлдсэн боловч бэлэн мөнгөөр төлбөр тооцоо барагдуулсан тухай бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтгүй, тооцоо нийлсэн актаар хоорондын тооцооны үлдэгдлийг баталгаажуулаагүй байна ... Шинжээчид ирүүлсэн нийт баримтаас Г.Б-өс Ж.Б д өгсөн 60,015,000 төгрөгийн бараа материал баримт хавсаргаагүй байх тул Ж.Б- баримтын дүнгээс хасч тооцоход 22,527,644 төгрөгийн өр төлбөр байхаар байна гэж тодорхой дүгнэсээр байтал шүүх 2 аудитын дүгнэлтийг хэрхэн харьцуулж 37,505,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоод байгаа нь үндэслэлгүй байна.

7.2. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ гэж заасны дагуу анхдагч шинжилгээ нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байсан учраас Ай Жэй Эй Эйч аудит ХХК-ийн хийсэн шинжилгээг хангалтгүй гэж үзэж дахин шинжилгээ хийгдсэн байтал шийдвэр гаргахдаа тус эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг харьцуулсан, харьцуулахдаа хэрхэн харьцуулж авч үзэж байгаа нь ойлгомжгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

7.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн дүгнэлт нь нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадахгүй байхад ийм эргэлзээ бүхий, нэг тал дангаараа өөртөө ашигтай байдлаар үйлдэж болохуйц баримтуудыг үнэлэн намайг хариуцагчид өр төлбөр төлөх ёстой гэж үзэж байгаад гомдолтой байна. Би үнэхээр нэхэмжлэгчид өр төлбөр өгөх байсан бол түүнийгээ төлж барагдуулах хүнийхээ хувьд ёс зүйтэй, хүн чанартай хүн. Гэтэл хуурамчаар үйлдсэн байх боломжтой, хууль дүрэм журмаар тогтоосон шаардлагын алийг нь ч хангаагүй нэг талын гаргаж өгсөн баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

7.4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 25,866,715 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүнийг төлбөр дутуу төлсөн гэж мөнгө гаргуулж шийдвэрлэсэн учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь би хэрэгт нотлох баримтаар 8 тооны зарлагын баримтыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн боловч шүүх дахин шинжилгээ хийлгэх захирамждаа тус уг баримтуудад дүгнэлт гаргуулахгүйгээр заасан нь хууль зөрчсөн. Тус баримтуудад дүгнэлт хийгдсэн тохиолдолд миний сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой байсан бөгөөд эдгээр баримтыг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтын адилаар дүгнэлт гаргуулахгүйгээр орхигдуулж хууль зөрчсөнд мөн гомдолтой байна.

7.5. Тухайн хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан, дүгнэлт тус бүрээр хэрэгт авагдсан баримтууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлага хангасан баримт нэг ч байхгүй болохыг дурдаж дүгнэсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжоор зохицуулж буй анхан шатны баримтад тавигдах шаардлагууд нь тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой.

7.6. Мөн шүүхээс талуудын хоорондын харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд талууд барааг бараагаар солилцож байсан тул энэ нь арилжааны гэрээний харилцаа бий болсон гэж үзэж байна.

Гэтэл шүүх тус хуулийн зорилгын яг эсрэгээр нь үйлдэгдсэн, хэн нэгэн хуурамчаар үйлдэх боломжтой баримтуудад үндэслэн намайг 43,921,644.30 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой гэж үзэж байгаа нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргалаа гэж үзэхэд хүргэж байна. Иймд Ж.Б- гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

7.7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд тайлбар гаргах шаардлагагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Б-д холбогдуулан барааны үлдэгдэл төлбөр 92,321,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 25,866,715 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчид 805,670,300 төгрөгийн бараа нийлүүлсэн, хариуцагчаас 179,649,875 төгрөгийг дансаар, 533,698,910 төгрөгийг бараагаар, нийт 713,348,785 төгрөгийг авсан, одоо 92,321,515 төгрөгийн үлдэгдэлтэй гэж,

хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгчээс 727,474,610 төгрөгийн бараа авсан, 182,923,765 төгрөгийг дансаар, 570,417,560 төгрөгийг бараагаар, нийт 753,341,325 төгрөг төлсөн, нэхэмжлэгчид илүү төлсөн 25,866,715 төгрөгийг буцаан гаргуулна гэж тус тус тайлбарлажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Гэрээгээр шилжүүлсэн нийт барааны үнийн дүн маргаантай байх ба нэхэмжлэгч нь 805,670,300 төгрөг гэж, хариуцагч нь 727,474,610 төгрөг гэж тус тус маргажээ.

4.1. Талууд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгчээс хариуцагчид 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд нийт 802,850,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгснийг баталгаажуулсан байх боловч уг тооцоог хийсэн санхүүгийн баримтууд тодорхойгүй, мөн ямар нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүн бүхий барааг хэдэн удаа, хэрхэн нийлүүлсэн тооцоолол тусгагдаагүй байх тул уг баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн. (хэргийн 1 дэх хавтас 7 дахь тал)

Иймээс уг тооцоо нийлсэн актыг үндэслэн маргааныг шийдвэрлэх байсан гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2. Шинжээч Их монгол хөлөг аудит ХХК-ийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн 185 зарлагын баримтыг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 801,292,440 төгрөгийн барааг нийлүүлсэн гэж тусгасан, ингэхдээ зарлагын баримт тус бүрд бичигдсэн худалдагч, худалдан авагчийн нэр, огноо, барааны нэр, тоо хэмжээ, үнийг харьцуулан үзжээ. (хэргийн 5 дахь хавтас 6-24 дэх тал)

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагчид 801,292,440 төгрөгийн барааг нийлүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон байна.

5. Худалдагч нь гэрээний дагуу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийн үнийг төлөхийг худалдан авагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч нь барааны үнэд 182,923,765 төгрөгийг дансаар, 570,417,560 төгрөгийг бараагаар тооцож, нийт 753,341,325 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж маргасан.

5.1. Хаан банк ХК дахь хариуцагчийн эзэмшлийн 5034470493 тоот дансны хуулгаар 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд нийт 118 удаагийн гүйлгээгээр 180,545,950.70 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснийг шинжээчийн дүгнэлтэд дүгнэсэн байна. Үүний зэрэгцээ нэхэмжлэгчээс хариуцагчид 8 удаагийн гүйлгээгээр 2,337,600 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг шинжээч дүгнэсэн байх ба эдгээр дансны шилжүүлэгтэй холбоотой тооцоололд зохигч давж заалдах гомдол гаргаагүй болно.

5.2. Мөн хариуцагчаас нийт 503,485,560 төгрөгийн барааг нэхэмжлэгчид нийлүүлсэн гэж шинжээч дүгнэсэн байх ба дүгнэлтэд хэрэгт авагдсан 73 зарлагын баримт (хэргийн 1 дэх хавтас 8-94 дэх тал) тус бүрд бичигдсэн худалдагч, худалдан авагчийн нэр, огноо, барааны нэр, тоо хэмжээ, үнийг харьцуулан үзсэн тул уг тооцоог хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлтэй.

5.3. Үүнээс гадна хариуцагчийн 12 зарлагын баримтыг үндэслэн 60,015,000 төгрөгийг хариуцагчийн төлсөн тооцоонд оруулсан байх ба анхан шатны шүүх уг дүнгээс 38,621,000 (1,116,000+37,505,000) төгрөгийг хасаж дүгнэсэнд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргасан.

Дээрх 12 зарлагын баримтыг хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн хамт шүүхэд гаргасан (хэргийн 2 дахь хавтас 78-89 дэх тал) байхад анхан шатны шүүх хариуцагчийг хожим нэмж гаргасан, өмнөх шинжээчийн дүгнэлтэд гаргаж өгөөгүй нь эргэлзээтэй гэх байдлаар нотлох баримт гаргасан цаг хугацааг буруу тодорхойлжээ. Улмаар уг баримтууд нь нэхэмжлэгч талаас гаргасан дээрх 73 зарлагын баримттай бүрдлийн хувьд ижил, тухайлбал худалдагч, худалдан авагчийн нэр, огноо, барааны нэр, тоо хэмжээ, үнэ бичигдсэн, хариуцагчийн гарын үсэг зурагдсан зэргээр ижил байгааг анхаараагүй байна.

Шүүх шинжээч томилох болсон нэг үндэслэлээ нэхэмжлэгч болон Ажирга хангай ХХК, Итирнал Би энд Цэ ХХК нарын тооцоо нийлсэн актууд нэг талын гарын үсэг байхгүй, хэргийн оролцогч биш этгээдийн тэмдэг дарагдсан тул өглөг, авлагыг тооцох боломжгүй гэсэн атлаа шинжээчийн дүгнэлтийг тэдгээртэй харьцуулж улмаар дүгнэлтийг эргэлзээтэй гэж үнэлсэн нь буруу.

Иймээс тус 60,015,000 төгрөгийг хариуцагчийн тооцоонд оруулж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлнэ.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх 12 баримт хариуцагчаас бараа эд зүйл хүлээлгэн өгснийг нотлохгүй, хамааралгүй, хариуцагч төлбөр төлөх хариуцлагаас зайлсхийхийн тулд нөхөж үйлдсэн гэж үзэхээр байгаа, эдгээр баримт хариуцагчид байсан бол анхнаасаа гаргаж өгөх байсан гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

5.4. Түүнчлэн хариуцагчийн гаргасан нотлох баримтаар 8 зарлагын падаан гаргасныг шүүх дахин шинжилгээ хийлгэх захирамждаа заагаагүй нь хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, хариуцагч 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 8 зарлагын баримт хэрэгт гаргаж өгсөн байх боловч дахин шинжилгээ хийлгэх түүний хүсэлт нь эдгээр баримттай холбоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг шүүх зөрчсөн гэж үзэхгүй. Мөн шинжээч томилсон шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2023/06369 дугаар захирамжид дээрх хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. (хэргийн 4 дэх хавтас 78-145-152 дахь тал)

5.5. Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчээс нийт 37,055,885 төгрөгийн үнийн дүн бүхий 10 зарлагын баримтдаа бэлэн тооцов гэсэн тэмдэглэгээ хийснийг үндэслэн уг үнийн дүнг хариуцагчийн төлсөн тооцоонд оруулжээ. Нэхэмжлэгч нь тус тэмдэглэгээ бүхий хэсгийг өөрийн тооцооноос хасаж нэхэмжилсэн гэх агуулга гомдолд дурдагдсан байх боловч шинжээчийн дүгнэлтийн Хүснэгт-1-д нэхэмжлэгчийн 185 ширхэг зарлагын баримтын түүврийн 98, 99, 100, 101, 111, 116, 117, 118, 120, 185-д эдгээр 10 баримт тусгагдсан, өөрөөр хэлбэл хариуцагчид шилжүүлсэн 801,292,440 төгрөгийн үнэ бүхий барааны нийт тооцоонд багтсан байна. Иймээс тус гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дансаар 180,545,951 төгрөг, бэлэн тооцоогоор 37,055,885 төгрөг, мөн бараагаар 563,500,560 (503,485,560+60,015,000) төгрөг, нийт 781,102,396 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж дүгнэнэ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хариуцагчаас 43,921,644.30 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг өөрчилж, 22,527,644 (801,292,440+2,337,600-781,102,396) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Хариуцагч нь барааны үнийг нэхэмжлэгчид бүрэн төлөөгүй тул шүүх түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Шинжээчийн зардлыг хуваарилах журмыг Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд тогтоосон ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээр шинжээчийн зардлыг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулсан нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нийцсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс маргааны зарим үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хангасан үнийн дүнг 22,527,644 төгрөг болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/01314 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...43,921,644.30... гэснийг 22,527,644 гэж, ...48,399,870.70... гэснийг 69,793,871 гэж, 2 дахь заалтад ...377,558... гэснийг 270,588 гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 399,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 377,558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА