Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 000044

 

                       Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа

                           нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                  Хэргийн индекс 142/2015/0117/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Б.Жавхлантуяа

            Шүүгдэгч                                           Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр,

                      Шүүгдэгчдийн өмгөөлөгч                Х.Оюунбат, П.Ган-Очир,

            Нарийн бичгийн дарга                   Д.Оюунбилэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа нарт холбогдох, 201514000108 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн  Сэлэнгэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6б-13 тоотод оршин суух,

 

Булган аймгийн сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ГИ-89061219 регистрийн дугаартай, Боржигон овогт Батбаярын Мөнхнасан,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6б-13 тоотод оршин суух,

 

Булган аймгийн сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ФЖ-95061911 регистрийн дугаартай, Дэлсэг овогт Бадрахын Эрдэнэдаваа,

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян цагаан багийн Шинэ тосгоны 9-01 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ГИ-97100314 регистрийн дугаартай, Халх овогт Цогтбаярын Олдохбаяр.

 

           - Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр “Эрдэм” ахлах сургуулийн ойролцоо тус сургуулийн сурагч Б.Энхцогтын “Самсунг” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 30.000 төгрөгийн хохирол,

 

            2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Баянцагаан багийн нутаг дэвсгэрт  насанд хүрээгүй М.Отгонбаярыг “Самсунг эс-3” маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 183.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

- Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талын зам дээр хүч хэрэглэн Д.Шинэбаярын “LGF-120” маркийн гар утсыг дээрэмдэн 150.000 төгрөгийн хохирол,

 

- Шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг “Эрдэм” ахлах сургуулийн сурагч Б.Буянбатын “Т-мобайл” маркийн гар утас 1 ширхэг,  Б.Дүүрэнбуянгийн “Нөт-1” маркийн гар утас 1 ширхэг, 3.000 төгрөг, О.Жамъяандоржийн “Эльжи прадо” маркийн гар утас 1 ширхэг, Б.Цогтбаярын 60.000 төгрөг, З.Анхмөрөн “Самсунг эс-2” маркийн гар утас 1 ширхэг зэргийг дээрэмдэн 775.000 төгрөгний хохирол учруулсан,

 

            - Шүүгдэгч Б.Мөнхнасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 201514000108 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, харуул хамгаалалтын дор БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн шатнаас оргосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор :

 

Шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Мөнхнасанг давтан үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, шүүхийн шатнаас оргосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Халх овгийн Цогтбаярын Олдохбаярыг давтан үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Дэлсэг овгийн Бадрахын Эрдэнэдавааг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Эрдэнэдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д зааснаар шүүгдэгч Ц.Олдохбаярыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Эрдэнэдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялд багтааж Сум дундын 4 дүгээр шүүхийн 2013 оны 03 сарын 24-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1.д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэдаваад оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ял дээр Сум дундын 4 дүгээр шүүхийн 2013 оны 03 сарын 24-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 6 сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанд оногдуулсан 3 жил 9 сарын хорих ял, шүүгдэгч Б.Эрдэнэдаваад оногдуулсан 3 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг шүүгдэгч Ц.Олдохбаярт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасангийн цагдан хоригдсон 568 хоног, Б. Эрдэнэдаваагийн цагдан хоригдсон 555 хоног, Ц.Олдохбаярын цагдан хоригдсон 429 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацааг дуустал хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхнасан Ц.Олдохбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Эрдэнэдаваад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийдэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхнасан давж заалдах гомдолдоо:

 

Миний бие дээрмийн гэмт хэрэгт холбогдоод 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр цагдан хоригдоод 2 жил болж байна. Бага байхдаа толгойндоо хүнд хагалгаанд орж байсан. Хоригдох хугацаанд толгойн ар дагзаар хатгаж, чинэрч лугшуулж өвддөг болсон. Мөн эхнэр, хоёр хүүхэд, аав, ээжийн бие тааруу.

 

Миний ээж болох Наранцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр толгойндоо цус харваж Улаанбаатар хотод арав гаран сая төгрөгөөр хагалгаанд орсон боловч хугалгаа нь өвдөж заримдаа толгой нь эргэж унах гээд байдаг болсон.

 

Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Олдохбаяр давж заалдах гомдолдоо:

 

Миний бие уг гэмт хэргийг үйлдэхдээ 17 настай насанд хүрээгүй байсан. Нийт 1 жил 3 сарын хугацаанд хоригдож байх хугацаандаа тоосгоны үйлдвэр, гол тогоо, хоолны зааланд цэвэрлэгчээр тус тус ажиллаж,  ангийн арга хэмжээнд идэвхтэй оролцож шагнал урамшууллын хоногийг авч хичээж хүмүүжсэн.

 

Миний бие бүтэн өнчин бөгөөд авга эгчийнхээ асрамжинд байдаг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашдаа сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөн авга эгчийнхээ ачийг хариулах туйлын их хүсэл зорилготой.

 

Эдгээр байдлуудыг минь харгалзан үзэж өршөөлийн хуульд хамруулж ялын хугацааг минь багасгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            - Шүүгдэгч  Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нар бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талын зам дээр хүч хэрэглэн Д.Шинэбаярын LGF-120 маркийн гар утсыг дээрэмдэн авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            - Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц. Олдохбаяр нар бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт Эрдэм ахлах сургуулийн сурагч Б.Буянбатын “Т-мобайл” маркийн гар утсыг дээрэмдэн авч 60.000 төгрөгийн, Б.Дүүрэнбуянгийн “Нөт-1” маркийн гар утас, 3.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 203.000 төгрөгийн хохирол, О.Жамъяндоржийн “LG прадо” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 45.000 төгрөгийн хохирол, Б.Цогтбаярын 60.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан, З.Анхмөрөнгийн “Самсунг s-2” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 150.000 төгрөгийн хохирол тус тус  учруулсан,

 

            - Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байх Эрдэм ахлах сургуулийн ойролцоо тус сургуулийн сурагч Б.Энхцогтын “Самсунг” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 30.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            - Мөн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярын “Самсунг s-3” маркийн гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэн 183.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            Шүүгдэгч Б.Мөнхнасан нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан цагдаагийн байгууллагын хараа хамгаалалтын дор Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа шүүхийн шатнаас оргосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

            Хэргийн талаар мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэн хуульд заасан ял оногдуулсан байх тул шүүгдэгч Ц.Олдохбаярын “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялын хугацааг минь багасгаж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Б.Мөнхнасангийн “...Ар гэрийн ахуй амьдралын байдлыг минь харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтанд шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нар нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ял шийтгүүлсэн байхад “2013 он” гэж буруу бичсэн, тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд Ц.Олдохбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т заасан ял оногдуулахдаа нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг орхигдуулсан байгааг зөвтгөх шаардлагатай байна.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд Ц.Олдохбаярыг гэсний дараа “...эд хөрөнгийг хураахгүйгээр...”  гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн  4 дүгээр заалтын “2013 оны” гэснийг “2014 оны” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

 

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ                                                                                                                                                                                                                                         

 

 

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА