Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0027

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Иргэдийн төлөөлөгч Д.Нармандах

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир, Р.Бямбажав, Х.Оюунбат

Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарт холбогдох эрүүгийн 201514000108 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Боржигон овгийн Батбаярын Мөнхнасан, Монгол Улсын иргэн, 1989 оны 06 сарын 12-ны өдөр Булган аймаг Сэлэнгэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6-б-13 тоотод оршин суух, Булган аймгийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх. /РД:ГИ89061219/.

 

2. Дэлсэг овгийн Бадрахын Эрдэнэдаваа, Монгол Улсын иргэн, 1995 оны 06 сарын 19-ний өдөр Булган аймаг Сэлэнгэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6б-13 тоотод оршин суух, Булган аймгийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх. /РД:ФЖ95061911/.

 

3. Халх овгийн Цогтбаярын Олдохбаяр, Монгол Улсын иргэн, 1997 оны 10 сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 9-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:ГИ97100314/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

            1. Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь 2015 оны 02 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байх Эрдэм ахлах сургуулийн ойролцоо тус сургуулийн сурагч Б.Энхцогтын Самсунг маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 30 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч  Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талын зам дээр хүч хэрэглэн Д.Шинэбаярын LGF-120 маркийн гар утсыг дээрэмдэн 150 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Эрдэм ахлах сургуулийн сурагч Б.Буянбатын Т-мобайл маркийн гар утас, Б.Дүүрэнбуянгийн Нөт-1 маркийн гар утас, 3 000 төгрөг, О.Жамъяндоржийн Эльжи прадо маркийн гар утас, Б.Цогтбаярын 60 000 төгрөг, З.Анхмөрөнгийн Самсунг эс-2 маркийн гар утас зэргийг дээрэмдэн 775 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь 2015 оны 12 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярын самсунг эс-3 маркийн гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэж 183 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. Шүүгдэгч Б.Мөнхнасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 201514000108 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан 2015 оны 06 сарын 30-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, харуул хамгаалалтын дор БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа 2016 оны 09 сарын 02-ны өдөр шүүхийн шатнаас оргосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар, шүүгдэгч Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 угаар зүйлийн 147.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч Б.Энхцогтын “Би 2015 оны 02 сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрч байхад сургуулиасаа гараад ангийн хүүхэд болох Бямбацогтын хамт 5-р хорооллын зүг явж байтал хойноос нэг эрэгтэй хүн хөөе та 2 нааш ир гэсэн тэгэхээр нь зогсоод уулзсан чинь та 2 аль сургуулийнх вэ? гэж асуугаад мөнгө байна уу? гэсэн би мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь утсаа гаргаад ир гэхээр нь гаргаад өгтөл тэр залуу одоо энэ утас чинь минийх гээд булаагаад авчихсан. Дараа нь миний утасны сим картыг авч өгөөд танилцъя намайг Олдох гэдэг гэж хэлээд утсыг маань аваад явсан. 2015 оны 02 сарын 23-ны орой хичээлээ тараад ангийн Анхмөрөн, Цогтбаяр, Жамъяндорж нарын хамт сургуулиасаа гараад нийгмийн даатгалын газрын хажуугаар явж байтал тэнд байдаг гаражны завсраас савхин куртиктэй дунд зэргийн нуруутай залуу гарч ирснээ бид нарыг дуудаж ийшээ ор ална шүү гээд дуудаад гаражны завсраар аваад орсон. Орсны дараа манай найз Жамъяндоржийг Олдох гэдэг залуу түлхэж унагаасан. Анхмөрөнг Олдох гэдэг залуу гэдэс рүү нь цохисон, Цогтбаярыг Олдох болон бид нарыг дуудаж оруулсан хар савхин куртиктэй залуу 2 нийлж цээж рүү нь гараараа цохиод байсан. Тэгээд манай найзуудын утас мөнгийг нь Олдох авсан. Яг ямар нэртэй утас, хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй. Та нар цагдаад хэлбэл ална шүү гээд байсан. Мөн намайг ямар нэгэн юм болбол чам дээр шүү гээд байсан. Би гар утсаа хүлээж авсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 38-39-р хуудас/

 

2. Насанд хүрээгүй хохирогч Д.Шинэбаярын “Би тэр өдөр ахынхаасаа гараад явж байтал араас хүн дуудаад хүрээд ир гэхээр нь очсон. Надаас таньж байна уу, хаана сурдаг билээ гэхээр нь би танихгүй гэхэд намайг сугадсан чигээрээ 15-р цэцэрлэгийн хашааны зүүн хойд буланд очоод намайг утсаараа яриулчих гэхээр нь би утсаа гаргаж өгсөн. Гэтэл тэр 2 надаас мөнгө байна уу гэж асуухаар нь байхгүй гэхэд энэ утсаа өгчих би авлаа шүү гээд өндөр нь миний гар утсыг авсан. Өндөр залуу нь намайг барьж аваад газарт шидээд миний хамраас цус гарах шиг болохоор нь босоод иртэл өндөр нуруутай залуу намхан залуудаа энэ пиздаг хутгалчих уу? бүлчих үү гээд над руу хутга далайгаад намайг тавихгүй байсан. Тэгснээ намайг пизда минь гүй гэсэн би айсандаа баруун тийш гүйсэн чинь араас дуудаж гөлөг минь ирж сим картаа ав гэсэн. Тэгэхээр нь би эргэж очоод авсан чинь чамайг цагдаад хэлбэл ална шүү гээд байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 21-22-р хуудас/

 

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Буянбатын “Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Анхмөрөн, Эрдэнэдалай нарын хамт сургуулиасаа гараад Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд явж байтал үл таних өндөр нам 2 залуу дуудаж өөдөөс ирээд таньж байна уу гэж асуухаар нь танихгүй байна гэж хэлсэн чинь өндөр залуу нь шууд нүүр рүү өшиглөсөн. Намхан залуу нь эрүү рүү цохисон. Бид нарыг бүгдийг нь Нийгмийн даатгалын хэлтсийн ар талын гаражруу оруулж зодсон. Дараа нь бид гурваас мөнгө эд зүйл асуусан, гар утсаа гаргаад ир гэхээр нь би өөрийн Т-Мобайл нэртэй утсаа халааснаасаа гаргахад өндөр залуу нь утсаа надад өг, харин чи сим картаа ав гэсэн. Тэгээд би гар утсаа дээрэмдүүлээд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 26-27-р хуудас/

 

4. Насанд хүрээгүй хохирогч Б.Дүүрэнбуянгийн “Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хичээлээ тараад найз Баянмөнхтэй хамт Нийгмийн даатгалын хэлтсийн хажуугаар явж байтал үл таних 3 залуу зогсож байснаа Эрдэнэдаваа гэдэг залуу бид хоёрыг дуудсан. Бид хоёрыг очтол Олдохбаяр гэдэг залуу элэг рүү цохисон. Миний элэг өвдөөд доошоо тонгойсон чинь миний халааснаас Нөт-1  маркийн гар утсыг маань Олдохбаяр авсан. Жаахан өндийсөн чинь надаас мөнгө байна уу гэсэн би өөрт байсан 3 000 төгрөгөө өгсөн. Намайг цагдаад хэлбэл ална шүү гээд одоо явцгаа гэж хөөсөн. Би 3-17-р байранд байдаг Сийлэн үсчинд орж нэг ахын утсыг гуйж Болдхуяг гэдэг ах руугаа ярьж уулзаад болсон явдлын талаар хэлж ах маань цагдаа дуудаж Олдохбаяр, Эрдэнэдаваа нарыг Төгөл төвийн хажуугаар явж байхад нь цагдаад барьж өгсөн” гэсэн мэдүүлэг. /х/х-н 30-31-р хуудас/

 

5. Насанд хүрээгүй хохирогч О.Жамъяндоржийн “Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад сургуулиасаа гараад Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд байдаг гаражийн хажуугаар найз Анхмөрөн, Энхцогт, Цогтбаяр нарын хамт явж байтал гаражнуудын завсраас нэг хар савхин куртиктай, доогуураа түрийтэй гутал өмссөн сэгсгэр үстэй залуу гарч ирээд нааш ир, ийшээ ор гээд бид нарыг биеэрээ түлхээд тэнд байсан гаражны завсар руу оруулсан. Тэгээд цаашаа орсны дараа нэг юүдэнтэй цамцтай залуу над дээр ирж миний нүүр рүү өшиглөж, элэгрүү цохисноо миний хөлний ард хөлөө тавьж байгаад дэгээдэж унагасан юм. Энэ залууг манай найз Батзаяа надад хэлэхдээ Олдох гэдэг гэж хэлсэн юм. Би энэ залууг танихгүй. Тэгээд намайг утсаа гаргаад ир гэсэн. Би хурдхан утсаа өгөөд салъя гэж бодоод утсаа гаргаад өгсөн. Бид нарын орсон тэр гаражийн завсар нь цаашаагаа нэвт гардаг юм байна лээ. Тэгээд тэнд байсан гурван залуу хүүхдүүдийг нэг нэгээр нь утас мөнгийг нь аваад цааш нь гаргаж явуулаад байсан. Тэгээд бид нарыг цагдаад хэлж болохгүй шүү. Ална шүү гэж хэлээд явуулсан. Харин орой нь 21 цагийн үед Батзаяа надад хэлэхдээ чамайг дээрэмдсэн хүмүүс цагдаад баригдсан гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдлөө өгсөн юм. Намайг Олдох гэдэг залуу нь нүүр рүү өшиглөж, элэг рүү цохиж миний утсыг авсан. Харин хар куртиктай залуу нь бид нарыг дуудаж гаражийн буланд оруулсан. Дараа нь хар куртиктай залуу, Олдох хоёр манай найз Энхцогт, Цогтбаяр нарыг цохисон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй байна. Энхцогтын утсыг Олдох гэдэг залуу битүүний өдөр сургуулийн үүдэнд авсан гэж Энхцогт надад хэлсэн. Тэгээд Энхцогтыг зодож цохиогүй. Харин Цогтбаярын мөнгийг Олдох авсан гэсэн. Өөр нэг залуу байсан тэр залуу тамхи татаад зогсож байснаа Олдох болон нөгөө хар куртиктэй одоо харвал таних залуу хоёрт хандан наад хүүхдүүдээ нүүр рүү нь битгий хамаагүй цохь, зүгээр юмыг нь ав гэж хэлээд байсан. Би одоо царайг нь харвал танина. Дүрсэлж хэлж мэдэхгүй байна. Би тэнд байсан 3 залууг харвал танина. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад одоогоор гэмтэл байхгүй байна. Өвдөж хавдсан зүйл алга байна. Би гар утсаа хүлээж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /х/х-н 34-35-р хуудас/

 

6. Насанд хүрээгүй хохирогч Б.Цогтбаярын “Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хичээлээ тараад сургуулиасаа гараад Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд байдаг гаражийн хажуугаар найз Жамъяндорж, Анхмөрөн, Энхцогт нарын хамт явж байтал 3 залуу зогсож байснаа Эрдэнэдаваа гэдэг залуу бид нарыг нааш ир гэж дуудсан юм. Яваад очтол бид нарыг тэнд байсан гаражийн мухар руу дагуулан очиж наанаа жагсаад зогс гэж хэлэхээр нь очоод зогссон юм. Олдохбаяр гэдэг залуу бид нарыг нэг, нэгээр нь нүүр рүү цохиод байснаа надаас мөнгө байна уу гэж асууж намайг нэгжиж, миний халаасанд байсан 60000 төгрөгийг авсан юм. Харин миний утсыг аваагүй. Яагаад гэвэл миний утасны дэлгэц нь хагарсан байсан болохоор аваагүй байх гэж бодож байна. Тэгснээ намайг цагдаа болон ар гэртээ хэлвэл ална шүү. Би чиний царайг тогтоогоод авчихсан байгаа шүү гэж Олдохбаяр хэлсэн. Би энэ залууг танихгүй. Хүүхдүүд л Олдох, Олдохбаяр гэж дуудаад байдаг юм. Эрдэнэдаваа нь намайг нэг, хоёр удаа цохиж авсан. Бас нэг нэрийг нь мэдэхгүй ах бид нараас хоёр гурван алхмын зайтай тамхи татаад зогсож байсан. Олдохбаяр, Эрдэнэдаваа нөгөө хоёртоо хандаж наад хүүхдүүдийнхээ нүүр рүү нь битгий цохь, өөр газар руу нь цохь гэж хэлж байсан. Тэгээд би мөнгөө дээрэмдүүлчихээд явсан юм. Тэр залуучууд миний мөнгө, манай найзуудын утсыг аваад бид нарыг хөөж явуулсан юм. Намайг Эрдэнэдаваа нь дуудаж цохиж чирээд Олдохбаярын хажууд аваачиж зогсоосон. Олдохбаяр гэдэг залуу нь цохиж миний мөнгийг дээрэмдсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад одоогоор гэмтэл байхгүй байна. Өвдөж хавдсан зүйл алга байна. Би 60 000 төгрөгөө олж авмаар байна. Үүнийгээ нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /х/х-н 42-43-р хуудас/

 

7. Насанд хүрээгүй хохирогч З.Анхмөрөнгийн “Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад сургуулиасаа гараад ангийнхаа Буянбаттай хамт харих гээд доошоо уруудаж явтал хүүхдүүд Олдох, Олдохбаяр гэж дуудаад байдаг залуу, одоо харвал танихгүй нэг залуутай өөдөөс ирээд таньж байна уу гэж асуугаад бид хоёрыг Нийгмийн даатгалын байрны хажууд байрлах гаражийн дундуур авч ороод Олдох гэдэг нь намайг нүүр рүү тохойгоороо 2 удаа цохиод утсаа гаргаад ир гэж хэлэхээр нь би айгаад шууд халаасанд байсан Самсунг галакси эс-2 утсаа гаргаад өгсөн Олдох гэдэг залуу миний утсыг авсныхаа дараа намайг нүүр рүү маань 2 удаа гараараа цохиод цагдаад хэлбэл ална шүү одоо яв гээд нийгмийн даатгалын байрны баруун тал руу нэвт гардаг замаар явуулсан. Тэгээд би шууд ганцаараа гэр рүүгээ явсан юм. Хойно нь юу болсныг мэдэхгүй байна. Надтай хамт явсан Буянбатын гар утсыг нэг залуу нь авсан гэсэн. Яг хэн нь авсныг би мэдэхгүй байна. Бид хоёрыг тэр гаражруу авч орсны дараа Олдох намайг цохиж миний гар утсыг авсан. Буянбатыг хэн зодож цохиж гар утсыг нь авсныг мэдэхгүй байна. Хүүхдүүд л Олдох гэдэг гээд байдаг болохоор нь би намайг дээрэмдсэн залууг Олдох, Олдохбаяр гэдэг гэж таних болсон.  Би гомдолтой байна. Дээрэмдүүлсэн Самсунг галакси эс-2 утсаа олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /х/х-н 46-47-р хуудас/

 

8. Насанд хүрээгүй хохирогч М.Отгонбаярын “Нэг ах над дээр ирээд намайг гар утсаа өгч бай гэхээр нь утас байхгүй гэсэн чинь өөрөө миний өмсөж явсан хувцасны халаасыг гадна талаас нь тэмтэрч үзэж байгаад чамд гар утас байна шүү дээ гаргаад ир гэсэн. Тэгэхээр нь би айгаад утсаа гаргаад ирсэн чинь ярьчихаад өгье гэхээр нь нэгж байхгүй гэсэн чинь тэр ах миний гар утсыг аваад нэг дугаар хийж залгах гэж байгаа юм шиг болоод гэнэт миний нүүрэн тус газарт тохойгоороо хүчтэй цохисон. Миний гар утсыг оролдож байгаад миний нүүр лүү нэг удаа, нуруу руу нэг удаа цохиж өшиглөсөн учир би айгаад тэр хүнээс гар утсаа авч чадалгүй зугтсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 538-539-р хуудас/

 

9. Насанд хүрээгүй гэрч Г.Баянмөнхийн “Би тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Хичээлээ тараад найз Б.Дүүрэнбуянтай сургуулиасаа гараад явж байхад Дүүрэнбуянг хүүхдүүд Олдохбаяр гэж дуудаад байдаг залуу дуудаж Нийгмийн даатгалын хажуугийн гаражруу авч ороод гэдэсрүү нь цохиж гар утсыг нь авсан юм. Тэгээд цаашаа явцгаа гээд явуулсан. Цагдаад хэлвэл ална шүү гэж дарамталсан юм. Намайг нүүр рүү Олдохбаяр нэг удаа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн надад гэмтлийн зэрэг гараагүй. Тэнд байсан залуучууд намайг зодож цохиогүй. Би тэр өдөр болсон асуудлыг сайн санахгүй байна. Харанхуй болсон байсан болхоор анзаараагүй айгаад шууд яваад өгсөн. Намайг тэнд байсан залуучууд дээрэмдээгүй юм. Би шууд айсандаа тэнд удалгүй яваад өгсөн. Харин дараа нь манай найзуудыг дээрэмдсэн Олдохбаяр гэдэг залуутай таарахаас айж эмээж байна” гэсэн мэдүүлэг. /х/х-н 104-р хуудас/

 

10. Насанд хүрээгүй гэрч Ү.Нямсамбуугийн “Би тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Цагаан сарын дараа байх гэж бодож байна. Хичээлээ тараад найз Цогтбаяр, Жамъяндорж нарын хамт сургуулиасаа гараад явж байхад хүүхдүүд Олдохбаяр гэж дуудаад байдаг залуу Цогтбаяр, Жамъяндорж бид нарыг дуудаж Нийгмийн даатгалын хажуугийн гаражруу авч ороод манай хоёр найзыг цохиж гар утсыг нь мөнгөтэй нь авсан юм. Тэгээд одоо явцгаа гэж хэлээд явуулсан. Цагдаад хэлвэл ална шүү гэж хэл үгээр дарамталсан юм. Би тухайн үед утасгүй байсан болохоор надаас утас асуухад нь байхгүй гэж хэлсэн чинь надтай юм яриагүй. Тэгээд бид нарыг нэг нэгээр нь явуулсан юм. Харин манай найз нарыг дээрэмсэн байна лээ” гэсэн мэдүүлэг. /х/х-н 105-р хуудас/

 

11. Насанд хүрээгүй гэрч Э.Эрдэнэдалайгийн  “Цагаан сарын дараахан хичээл амарч орж ирсний эхний өдөр хичээл тараад найз Анхмөрөн, Б.Буянбат нартай хамт гэртээ харих гээд явж байхад Олдохбаяр гэдэг залуу бид гурвыг дуудаж таньж байна уу гэж хэлээд бид гурвыг дагуулаад тэнд байсан гаражны завсраар оруулсан юм. Надаас утас байна уу гэж асуусан. Надад утас байсан боловч би байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд манай найз Анхмөрөн, Буянбат хоёрын гар утсыг нь аваад бид нарыг цагдаад хэлбэл ална шүү гээд явуулсан юм. Би надад утас байхгүй гэсэн чинь надтай юм ярилгүй манай найзуудыг цохиж эхэлсэн. Намайг зодож цохиогүй. Тэнд бас хоёр гурван залуу байсан. Тэд нар намайг зодож цохиогүй. Би ч тэнд юу болоод байгааг анзаараагүй. Харанхуй болсон байсан болохоор надтай олон юм ярилгүй. Олдохбаяр тэнд байсан найзуудын маань гар утсыг аваад бид нарыг явуулсан юм” гэсэн мэдүүлэг. /5-р х/х-н 107-р хуудас/

 

12. Гэрч М.Төрмандахын “2016 оны 09 сарын 02-ны өдрийн өглөө би шүүгдэгч Мөнхнасанг оргон зайлахаас сэргийлэх чиглэлээр харуулдаж хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Өглөө ажилд гарахдаа үүрэг чиглэлийг авч гарсан байсан. Ингээд оройн 21 цагийн орчимд би бие засахаар Мөнхнасангийн хажуугаас холдоод 5-10 минут л болсон. Намайг бие засах өрөө рүү ороход Мөнхнасан хэвтэж байсан, хамт нэг өрөөнд хэвтэж байсан Гончигсумлаа гэдэг залуу нь тэр үед өрөөндөө үлдсэн юм. Ингээд өрөөндөө эргээд ороод ирэхэд Мөнхнасан байхгүй байхаар нь би гадаа гарахад Гончигсумлаа гадаа зогсож байсан. Мөнхнасанг асуухад хараагүй гэсэн. Тэгээд би сандраад ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд жижүүрт болон даргадаа мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг. /5-р хх-ийн 15-р хуудас/

 

13. Гэрч Б.Гончигсумлаагийн “Миний бие 2016 оны 09 сарын 02-ны үеэр БОЭТ-ийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхад манай тасагт Мөнхнасан гэх залуу хэвтэн эмчлүүлж байсан. Хэрэг хийсэн бололтой цагдаа нар хамгаалалтанд аваад харгалзаж байсан юм. Өөр өөр цагдаа нар хараад байдаг байсан. Одоо санаж байгаагаар 09 сарын 02-ны өдрийн орой Мөнхнасанг өрөөндөө байхад хамт явсан цагдаа нь гараад явсан байсан. Бодвол бие засах гээд гарсан байх. Мөнхнасан ч өрөөндөө байсан. Би гадаа салхилхаар гарсан юм. Намайг гадаа гараад удаагүй байхад Мөнхнасанг манаж байсан цагдаа нь сандарчихсан гүйж гарч ирээд Мөнхнасанг харсан уу гэхээр нь би хараагүй, өрөөндөө л байсан шүү дээ гэхэд цагдаа нь булан тойроод гүйгээд явсан” гэсэн мэдүүлэг. / 5-р хх-ийн 17-р хуудас/

 

14. Гэрч Э.Мягмардоржийн “Маргааш нь буюу Мөнхнасанг алга болсон өдөр Төрмандах гэдэг залуу үүрэг гүйцэтгэсэн юм. Би алга болсон талаар нь тэр орой нь цагдаагаас эрэн сурвалжлалт зарлахад л мэдсэн юм” гэсэн мэдүүлэг. /5-р хх-ийн 18-р хуудас/

 

15. Гэрч Б.Баярбатын “2016 оны 09 сарын 02-ны өдрийн орой БОЭТ-ийн хашааны гадна талд таксины зогсоол дээр зогсож байхад эмнэлэгийн хашаанаас нэг танихгүй залуу хар хурдаараа гүйж гарч ирээд миний машинд орж суугаад “Хүний бие муудаад байна, хурдан яваарай” гэсэн. Тэгээд хаашаа явах вэ гэхэд Хабитат руу гэхээр нь хөдлөөд явсан юм. Хөдлөөд 4, 5 дугаар хорооллын араар яваад гэр хороолол руу ороод зам дагуу гэр хорооллын эцэс газраас замаар доошоо уруудаад нилээн явж байтал Их залуу хабитатын нэг нарийн гудамжны дэргэд зогсоорой гээд мөнгөө төлөөд гудамж руу ороод явсан. Тухайн үедээ их л яаруу яваа хүн шиг байсан. Надтай нэг их юм яриагүй, Одоо бодоход их сандраад байсан нь их сэжигтэй санагдаж байна” гэсэн мэдүүлэг. /х/х-н 5-р хх-ийн 20-р хуудас/

 

16. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 5-р хх-ийн 10-13 хууудас/

 

17. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /5-р х/х-н 14-19-р хуудас/

 

18. Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /х/х-н 52, 56, 60, 64, 68, 72-р хуудас/ болон шүүгдэгч нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 24-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхнасан мэдүүлэхдээ “Гар утас дээрэмдсэн хэргийн талаар ярих зүйл байхгүй. Эмнэлэгт байхад Төрмандах цагдаа намайг яваад өглөө эрт ирээрэй гэж хэлээд явуулсан. Цагдан хорих байранд намайг дарамталж удаан хугацаагаар сахилгад суулгаж байсан учир би ирэлгүй явсан. Оргосон зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэдаваа мэдүүлэхдээ “хэргийн талаар ярих зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Олдохбаяр “Мэдүүлэг өгөхгүй, ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нологдож тогтоогдсон, ял шийтгэх үндэстэй” гэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэдаваагийн өмгөөлөгч Х.Оюунбат мэтгэлцэхдээ “Шүүгдэгч Б.Эрдэнэдаваагийн үйлдсэн хэрэгт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Олдохбаярын өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “Ц.Олдохбаяр нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөгдсөн зэргийг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхнасангийн өмгөөлөгч П.Ган-Очир мэтгэлцэхдээ “Шүүгдэгч Б.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар мэтгэлцэх зүйл байхгүй. Харин шүүхийн шатнаас оргон зайлсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн буруутай байдлаас болж энэ хэрэг гарсан. Б.Мөнхнасанд ял шийтгэл оногдуулахдаа хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ц.Олдохбаяр нь 2015 оны 02 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байх Эрдэм ахлах сургуулийн ойролцоо тус сургуулийн сурагч Б.Энхцогтын Самсунг маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 30 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч  Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талын зам дээр хүч хэрэглэн Д.Шинэбаярын LGF-120 маркийн гар утсыг дээрэмдэн 150 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Эрдэм ахлах сургуулийн сурагч Б.Буянбатын Т-мобайл маркийн гар утас, Б.Дүүрэнбуянгийн Нөт-1 маркийн гар утас, 3 000 төгрөг, О.Жамъяндоржийн Эльжи прадо маркийн гар утас, Б.Цогтбаярын 60 000 төгрөг, З.Анхмөрөнгийн Самсунг эс-2 маркийн гар утас зэргийг дээрэмдэн 775 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Олдохбаяр нь 2015 оны 12 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярын самсунг эс-3 маркийн гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэж 183 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Мөнхнасан нь эрүүгийн 201514000108 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 09 сарын 02-ны өдөр шүүхийн шатнаас оргосон гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй, хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна. Шүүгдэгч Б.Мөнхнасан болон түүний өмгөөлөгч “шүүхийн шатнаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй” гэж улсын яллагчтай мэтгэлцсэн байна. Шүүх хавтаст хэрэг авагдсан гэрч М.Төрмандах, Б.Гончигсумлаа, Э.Мягмардорж, Б.Баярбат нарын мэдүүлэг, Б.Мөнхнасанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж, албан шалгалт явуулсан материалын хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол зэрэг баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Мөнхнасан нь эрүүгийн 201514000108 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан 2015 оны 06 сарын 30-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, харуул хамгаалалтын дор БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа 2016 оны 09 сарын 02-ны өдөр шүүхийн шатнаас оргосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Мөнхнасангийн “намайг харгалзаж байсан цагдаа Төрмандах намайг гэртээ хариад өглөө ирээрэй гэж явуулсан, би оргон зайлаагүй” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнхнасанг давтан үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, шүүхийн шатнаас оргосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Олдохбаярыг давтан үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эрдэнэдавааг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Ц.Олдохбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор зэргийг харгалзан тэдний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн, мөн Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нар нь урьд ял шийтгүүлж, тэнсэж хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрхи нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5, 6 дугаар зүйлүүдэд хамрагдах боломжтой боловч уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулахаар заасан тул шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг өршөөн хасах нь зөв  гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Мөнхнасан 568 хоног, Б.Эрдэнэдаваа 555 хоног, Ц.Олдохбаяр 429 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн таньж олуулах ажиллагааны явцад хийсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Мөнхнасанг давтан үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, шүүхийн шатнаас оргосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Халх овгийн Цогтбаярын Олдохбаярыг давтан үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Дэлсэг овгийн Бадрахын Эрдэнэдавааг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Эрдэнэдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар шүүгдэгч Ц.Олдохбаярыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Эрдэнэдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хассугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялд багтааж Сум дундын 4 дүгээр шүүхийн 2013 оны 03 сарын 24-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэдаваад оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ял дээр Сум дундын 4 дүгээр шүүхийн 2013 оны 03 сарын 24-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 6 сарыг  нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-дзааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанд оногдуулсан 3 жил 9 сарын хорих ял, шүүгдэгч Б.Эрдэнэдаваад оногдуулсан 3 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг шүүгдэгч Ц.Олдохбаярт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасангийн цагдан хоригдсон 568 хоног, Б. Эрдэнэдаваагийн цагдан хоригдсон 555 хоног, Ц.Олдохбаярын цагдан хоригдсон 429 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацааг дуустал хавсарган үлдээсүгэй.

 

8.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхнасан Ц.Олдохбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Эрдэнэдаваад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийдэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС

 

                                  ШҮҮГЧИД                                    Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

                                               Ж.БАЙГАЛМАА