Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 311

 

Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 79А дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаар магадлалтай, 201514000108 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий Прокурорын бичсэн эсэргүүцлээр хянан хэлэлцэв. 

1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батбаярын Мөнхнасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, давтан үйлдлээр  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Дэлсэг овогт Бадрахын Эрдэнэдаваа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Цогтбаярын Олдохбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, давтан үйлдлээр  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Эрдэнэдавааг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 жил 1 хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Олдохбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар  Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тус бүрийн 5 жил 1 хоногийн хорих ялд Булган аймаг дахь сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан тус бүрийн 2 жил 6 сарын хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж, тэдний эдлэх хорих ялыг тус бүр 5 жил 1 сар 1 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхнасанд оногдуулсан 5 жил 1 сар 1 хоног, Б.Эрдэнэдаваад оногдуулсан  5 жил 1 сар 1 хоног,  Ц.Олдохбаярт оногдулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарыг тус тус эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 1 хоногийн хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарт тус бүрт оногдуулсан 3 жил 4 сар 1 хоногийн хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хасч, тус бүрийн үлдэх 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялыг эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарын эдлэх 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийтгэх тогтоолын 2, 4, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, харин Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхнасан 493 хоног, Б.Эрдэнэдаваа 556 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, тэд шүүхээс оногдуулсан 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялыг эдэлж дууссан байх тул Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарыг сулласан байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын Ерөнхий Прокурорын эсэргүүцэлд: “...Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаар магадлалыг хянавал:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарын урьд Булган аймгийн сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон учраас тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгч нарт  хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан “...хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд”-д хамаарахаар заасан байхад давж заалдах шатны шүүх тэнсэж хянан харгалзсан хугацаанд бүлэглэж давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч нарт хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь хэсэгт заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж” Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 3 жил 4 сар 1 хоногийн хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хасч ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасан “... энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна” гэсэн заалтыг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэлд бичив...” гэжээ.  

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нар тэнсэж хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг харгалзалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэсэн байна. Мөн Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хоёр удаа хэрэглэсэн нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Олдохбаярын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярын “Самсунг-3” маркийн гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэж 183,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг хамааруулж, уг хуулийг буруу хэрэглэжээ.

Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарын тэнсэж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгон, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, уг ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасч Өршөөл үзүүлэх тухай хуулийг хоёр удаа хэрэглэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасан “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг .... нэг удаа өршөөлд хамааруулна.” гэсэн заалтыг зөрчсөн тухай прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 79А дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Ц.Олдохбаярт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч  Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                                   Ч.ХОСБАЯР