Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 79А

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Иргэдийн төлөөлөгч З.Нарантунгалаг

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар, П.Ган-Очир, Р.Бямбажав, Х.Оюунбат

Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарт холбогдох эрүүгийн 201514000108 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв

 

                                Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 сарын 12-ны өдөр Булган аймаг Сэлэнгэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6-б-13 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Батбаярын Мөнхнасан /РД:ГИ89061219/.

 

 Монгол Улсын иргэн, 1995 оны 06 сарын 19-ний өдөр Булган аймаг Сэлэнгэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт амьдрах, Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6б-13 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Дэлсэг овгийн Бадрахын Эрдэнэдаваа /РД:ФЖ95061911/.

 

    Монгол Улсын иргэн, 1997 оны 10 сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, хүргэн ах, нагац эгч, тэдний охин, хүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шинэ тосгоны 9-01 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Халх овгийн Цогтбаярын Олдохбаяр /РД:ГИ97100314/

 

                       Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

            Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь 2015 оны 12 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярыг хичээлээ тараад гэртээ харихаар явж байхад нь самсунг эс-3 маркийн гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэж 183 000 төгрөгийн хохирол учруулсан,

          

            Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь 2015 оны 02 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байх Эрдэм ахлах сургуулийн ойролцоо тус сургуулийн сурагч Б.Энхцогтын Самсунг маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 30 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 Шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 сарын 20-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талын зам дээр хүч хэрэглэн Д.Шинэбаярын LGF-120 маркийн гар утсыг дээрэмдэн 150 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Мөнхнасан, БЭрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Эрдэм ахлах сургуулийн сурагч Б.Буянбатын Т-мобайл маркийн гар утас, Б.Дүүрэнбуянгийн  Нөт-1 маркийн гар утас, 3 000 төгрөг, О.Жамъяндоржийн  Эль жи прадо маркийн гар утас, Б.Цогтбаярын бэлэн 60 000 төгрөг, З.Анхмөрөнгийн Самсунг эс-2 маркийн гар утас зэргийг дээрэмдэн 775 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  1.Насанд хүрээгүй хохирогч М.Отгонбатын “Нэг ах над дээр ирээд намайг гар утсаа өгч бай гэхээр нь утас байхгүй гэсэн чинь өөрөө миний өмсөж явсан хувцасны халаасыг гадна талаас нь тэмтэрч үзэж байгаад чамд гар утас байна шүү дээ гаргаад ир гэсэн. Тэгэхээр нь би айгаад утсаа гаргаад ирсэн чинь ярьчихаад өгье гэхээр нь нэгж байхгүй гэсэн чинь тэр ах миний гар утсыг аваад нэг дугаар хийж залгах гэж байгаа юм шиг болоод гэнэт миний нүүрэн тус газарт тохойгоороо хүчтэй цохисон. Миний гар утсыг оролдож байгаад миний нүүр лүү нэг удаа, нуруу руу нэг удаа цохиж өшиглөсөн учир би айгаад тэр хүнээс гар утсаа авч чадалгүй зугтсан” гэсэн мэдүүлэг.  

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Энхцогтын “Би 2015 оны 02 сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрч байхад сургуулиасаа гараад ангийн хүүхэд болох Бямбацогтын хамт 5-р хорооллын зүг явж байтал хойноос нэг эрэгтэй хүн хөөе та 2 нааш ир гэсэн тэгэхээр нь зогсоод уулзсан чинь та 2 аль сургуулийнх вэ? гэж асуугаад мөнгө байна уу? гэсэн би мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь утсаа гаргаад ир гэхээр нь гаргаад өгтөл тэр залуу одоо энэ утас чинь минийх гээд булаагаад авчихсан. Дараа нь миний утасны сим картыг авч өгөөд танилцъя намайг Олдох гэдэг гэж хэлээд утсыг маань аваад явсан. 2015 оны 02 сарын 23-ны орой хичээлээ тараад ангийн Анхмөрөн, Цогтбаяр, Жамъяндорж нарын хамт сургуулиасаа гараад нийгмийн даатгалын газрын хажуугаар явж байтал тэнд байдаг гаражны завсраас савхин куртиктэй дунд зэргийн нуруутай залуу гарч ирснээ бид нарыг дуудаж ийшээ ор ална шүү гээд дуудаад гаражны завсраар аваад орсон. Орсны дараа манай найз Жамъяндоржийг Олдох гэдэг залуу түлхэж унагаасан. Анхмөрөнг Олдох гэдэг залуу гэдэс рүү нь цохисон, Цогтбаярыг Олдох болон бид нарыг дуудаж оруулсан хар савхин куртиктэй залуу 2 нийлж цээж рүү нь гараараа цохиод байсан. Тэгээд манай найзуудын утас мөнгийг нь Олдох авсан. Яг ямар нэртэй утас, хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй. Та нар цагдаад хэлбэл ална шүү гээд байсан. Мөн намайг ямар нэгэн юм болбол чам дээр шүү гээд байсан. Би гар утсаа хүлээж авсан” гэсэн мэдүүлэг.

3. Насанд хүрээгүй хохирогч Д.Шинэбаярын “Би тэр өдөр ахынхаасаа гараад явж байтал араас хүн дуудаад хүрээд ир гэхээр нь очсон. Надаас таньж байна уу, хаана сурдаг билээ гэхээр нь би танихгүй гэхэд намайг сугадсан чигээрээ 15-р цэцэрлэгийн хашааны зүүн хойд буланд очоод намайг утсаараа яриулчих гэхээр нь би утсаа гаргаж өгсөн. Гэтэл тэр 2 надаас мөнгө байна уу гэж асуухаар нь байхгүй гэхэд энэ утсаа өгчих би авлаа шүү гээд өндөр нь миний гар утсыг авсан. Өндөр залуу нь намайг барьж аваад газарт шидээд миний хамраас цус гарах шиг болохоор нь босоод иртэл өндөр нуруутай залуу намхан залуудаа энэ пиздаг хутгалчих уу? бүлчих үү гээд над руу хутга далайгаад намайг тавихгүй байсан. Тэгснээ намайг пизда минь гүй гэсэн би айсандаа баруун тийш гүйсэн чинь араас дуудаж гөлөг минь ирж сим картаа ав гэсэн. Тэгэхээр нь би эргэж очоод авсан чинь чамайг цагдаад хэлбэл ална шүү гээд байсан” гэсэн мэдүүлэг.

 

4. Насанд хүрээгүй хохирогч Б.Буянбатын “Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Анхмөрөн, Эрдэнэдалай нарын хамт сургуулиасаа гараад Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд явж байтал үл таних өндөр нам 2 залуу дуудаж өөдөөс ирээд таньж байна уу гэж асуухаар нь танихгүй байна гэж хэлсэн чинь өндөр залуу нь шууд нүүр рүү өшиглөсөн. Намхан залуу нь эрүү рүү цохисон. Бид нарыг бүгдийг нь Нийгмийн даатгалын хэлтсийн ар талын гараж руу оруулж зодсон. Дараа нь бид гурваас мөнгө эд зүйл асуусан, гар утсаа гаргаад ир гэхээр нь би өөрийн Т-Мобайл нэртэй утсаа халааснаасаа гаргахад өндөр залуу нь утсаа надад өг, харин чи сим картаа ав гэсэн. Тэгээд би гар утсаа дээрэмдүүлээд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг.

 

5. Насанд хүрээгүй хохирогч Б.Дүүрэнбуянгийн “ Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хичээлээ тараад найз Баянмөнхтэй хамт Нийгмийн даатгалын хэлтсийн хажуугаар явж байтал үл таних 3 залуу зогсож байснаа Эрдэнэдаваа гэдэг залуу бид хоёрыг дуудсан. Бид хоёрыг очтол Олдохбаяр гэдэг залуу элэг рүү цохисон. Миний элэг өвдөөд доошоо тонгойсон чинь миний халааснаас Нөт-1  маркийн гар утсыг маань Олдохбаяр авсан. Жаахан өндийсөн чинь надаас мөнгө байна уу гэсэн би өөрт байсан 3 000 төгрөгөө өгсөн. Намайг цагдаад хэлбэл ална шүү гээд одоо явцгаа гэж хөөсөн. Би 3-17-р байранд байдаг Сийлэн үсчинд орж нэг ахын утсыг гуйж Болдхуяг гэдэг ах руугаа ярьж уулзаад болсон явдлын талаар хэлж ах маань цагдаа дуудаж Олдохбаяр, Эрдэнэдаваа нарыг Төгөл төвийн хажуугаар явж байхад нь цагдаад барьж өгсөн” гэсэн мэдүүлэг.

 

6. Насанд хүрээгүй хохирогч О.Жамъяндоржийн “Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад сургуулиасаа гараад Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд байдаг гаражийн хажуугаар найз Анхмөрөн, Энхцогт, Цогтбаяр нарын хамт явж байтал гаражнуудын завсраас нэг хар савхин куртиктай, доогуураа түрийтэй гутал өмссөн сэгсгэр үстэй залуу гарч ирээд нааш ир, ийшээ ор гээд бид нарыг биеэрээ түлхээд тэнд байсан гаражны завсар руу оруулсан. Тэгээд цаашаа орсны дараа нэг юүдэнтэй цамцтай залуу над дээр ирж миний нүүр рүү өшиглөж, элэг рүү цохисноо миний хөлний ард хөлөө тавьж байгаад дэгээдэж унагасан юм. Энэ залууг манай найз Батзаяа надад хэлэхдээ Олдох гэдэг гэж хэлсэн юм. Би энэ залууг танихгүй. Тэгээд намайг утсаа гаргаад ир гэсэн. Би хурдхан утсаа өгөөд салъя гэж бодоод утсаа гаргаад өгсөн. Бид нарын орсон тэр гаражийн завсар нь цаашаагаа нэвт гардаг юм байна лээ. Тэгээд тэнд байсан гурван залуу хүүхдүүдийг нэг нэгээр нь утас мөнгийг нь аваад цааш нь гаргаж явуулаад байсан. Тэгээд бид нарыг цагдаад хэлж болохгүй шүү. Ална шүү гэж хэлээд явуулсан. Харин орой нь 21 цагийн үед Батзаяа надад хэлэхдээ чамайг дээрэмдсэн хүмүүс цагдаад баригдсан гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдлөө өгсөн юм. Намайг Олдох гэдэг залуу нь нүүр рүү өшиглөж, элэг рүү цохиж миний утсыг авсан. Харин хар куртиктай залуу нь бид нарыг дуудаж гаражийн буланд оруулсан. Дараа нь хар куртиктай залуу, Олдох хоёр манай найз Энхцогт, Цогтбаяр нарыг цохисон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй байна. Энхцогтын утсыг Олдох гэдэг залуу битүүний өдөр сургуулийн үүдэнд авсан гэж Энхцогт надад хэлсэн. Тэгээд Энхцогтыг зодож цохиогүй. Харин Цогтбаярын мөнгийг Олдох авсан гэсэн. Өөр нэг залуу байсан тэр залуу тамхи татаад зогсож байснаа Олдох болон нөгөө хар куртиктэй одоо харвал таних залуу хоёрт хандан наад хүүхдүүдээ нүүр рүү нь битгий хамаагүй цохь, зүгээр юмыг нь ав гэж хэлээд байсан. Би одоо царайг нь харвал танина. Дүрсэлж хэлж мэдэхгүй байна. Би тэнд байсан 3 залууг харвал танина. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад одоогоор гэмтэл байхгүй байна. Өвдөж хавдсан зүйл алга байна. Би гар утсаа хүлээж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг.

 

7. Насанд хүрээгүй хохирогч Б.Энхцогтын “Би 2015 оны 02 сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрч байхад сургуулиасаа гараад ангийн хүүхэд болох Бямбацогтын хамт 5-р хорооллын зүг явж байтал хойноос нэг эрэгтэй хүн хөөе та хоёр нааш ир гэсэн тэгэхээр нь зогсоод уулзсан чинь та хоёр аль сургууль бэ гэж асуугаад та хоёрт мөнгө байна уу гэсэн. Би мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь утсаа гаргаад ир гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаад өгсөн чинь тэр залуу энэ утас чинь одоо минийх гээд булаагаад авчихсан. Дараа нь миний утасны сим картыг салгаж надад өгөөд за танилцъя намайг Олдох гэдэг гэж хэлээд утсыг маань аваад яваад өгсөн. Харин 2015 оны 02 дугаар сарын 23-ны орой хичээлээ тараад ангийн хүүхдүүд болох Анхмөрөн, Цогтбаяр, Жамъяндорж нарын хамт сургуулиасаа гараад Нийгмийн даатгалын газрын хажуугаар явж байтал тэнд байдаг гаражийн завсраас нэг хар савхин куртиктай дунд зэргийн нуруутай залуу гарч ирснээ бид нарыг дуудаж ийшээ ор, ална шүү гээд гаражийн завсраар аваад орсон юм. Орсны дараа манай найз Жамъяндоржийг Олдох гэдэг залуу түлхэж унагаасан. Анхмөрөнг Олдох гэдэг залуу гэдэс рүү нь гараараа цохисон, Цогтбаярыг Олдох болон бид нарыг дуудаж оруулсан хар савхин куртиктай залуу хоёр нийлж цээж гэдэс рүү нь гараараа цохиод байсан. Намайг Олдох битүүний өдөр дээрэмдэж гар утсыг маань авсан болохоор таниад хажуу тийшээ зогсож бай гээд зодож цохиогүй. Тэнд бас нэг ах байсан. Тэр ах тамхи татаад Олдох гэдэг залууд хандан Оогий наад хүүхдүүдийнхээ нүүр рүү нь битгий цохь гээд зогсоод байсан. Тэгээд манай найзуудын утас, мөнгийг нь Олдох авсан. Яг ямар нэртэй утас, хэдэн төгрөгийг авсныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд бид нарыг явцгаа гээд явуулсан. Тэгэхдээ та нарыг цагдаад хэлвэл ална шүү гээд байсан. Мөн намайг ямар нэгэн юм болвол чам дээр шүү гээд байсан. Тэгээд бид нарыг явуулсан юм. Би шууд гэртээ харьсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад одоогоор гэмтэл байхгүй байна. Өвдөж хавдсан зүйл алга байна. Би гар утсаа хүлээж авсан” гэсэн мэдүүлэг.

 

8. Насанд хүрээгүй хохирогч Б.Цогтбаярын “Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хичээлээ тараад сургуулиасаа гараад Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд байдаг гаражийн хажуугаар найз Жамъяндорж, Анхмөрөн, Энхцогт нарын хамт явж байтал 3 залуу зогсож байснаа Эрдэнэдаваа гэдэг залуу бид нарыг нааш ир гэж дуудсан юм. Яваад очтол бид нарыг тэнд байсан гаражийн мухар руу дагуулан очиж наанаа жагсаад зогс гэж хэлэхээр нь очоод зогссон юм. Олдохбаяр гэдэг залуу бид нарыг нэг, нэгээр нь нүүр рүү цохиод байснаа надаас мөнгө байна уу гэж асууж намайг нэгжиж, миний халаасанд байсан 60 000 төгрөгийг авсан юм. Харин миний утсыг аваагүй. Яагаад гэвэл миний утасны дэлгэц нь хагарсан байсан болохоор аваагүй байх гэж бодож байна. Тэгснээ намайг цагдаа болон ар гэртээ хэлвэл ална шүү. Би чиний царайг тогтоогоод авчихсан байгаа шүү гэж Олдохбаяр хэлсэн. Би энэ залууг танихгүй. Хүүхдүүд л Олдох, Олдохбаяр гэж дуудаад байдаг юм. Эрдэнэдаваа нь намайг нэг, хоёр удаа цохиж авсан. Бас нэг нэрийг нь мэдэхгүй ах бид нараас хоёр гурван алхмын зайтай тамхи татаад зогсож байсан. Олдохбаяр, Эрдэнэдаваа нөгөө хоёртоо хандаж наад хүүхдүүдийнхээ нүүр рүү нь битгий цохь, өөр газар руу нь цохь гэж хэлж байсан. Тэгээд би мөнгөө дээрэмдүүлчихээд явсан юм. Тэр залуучууд миний мөнгө, манай найзуудын маань утсыг аваад бид нарыг хөөж явуулсан юм. Намайг Эрдэнэдаваа нь дуудаж цохиж чирээд Олдохбаярын хажууд аваачиж зогсоосон. Олдохбаяр гэдэг залуу нь цохиж миний мөнгийг дээрэмдсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад одоогоор гэмтэл байхгүй байна. Өвдөж хавдсан зүйл алга байна. Би 60 000 төгрөгөө олж авмаар байна. Үүнийгээ нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг.

 

9. Насанд хүрээгүй хохирогч З.Анхмөрөнгийн “Би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад сургуулиасаа гараад ангийнхаа Буянбаттай хамт харих гээд доошоо уруудаж явтал хүүхдүүд Олдох, Олдохбаяр гэж дуудаад байдаг залуу, одоо харвал танихгүй нэг залуутай өөдөөс ирээд таньж байна уу гэж асуугаад бид хоёрыг Нийгмийн даатгалын байрны хажууд байрлах гаражийн дундуур авч ороод Олдох гэдэг нь намайг нүүр рүү тохойгоороо 2 удаа цохиод утсаа гаргаад ир гэж хэлэхээр нь би айгаад шууд халаасанд байсан Самсунг галакси эс-2 утсаа гаргаад өгсөн Олдох гэдэг залуу миний утсыг авсныхаа дараа намайг нүүр рүү маань 2 удаа гараараа цохиод цагдаад хэлбэл ална шүү одоо яв гээд нийгмийн даатгалын байрны баруун тал руу нэвт гардаг замаар явуулсан. Тэгээд би шууд ганцаараа гэр рүүгээ явсан юм. Хойно нь юу болсныг мэдэхгүй байна. Надтай хамт явсан Буянбатын гар утсыг нэг залуу нь авсан гэсэн. Яг хэн нь авсныг би мэдэхгүй байна. Бид хоёрыг тэр гараж руу авч орсны дараа Олдох намайг цохиж миний гар утсыг авсан. Буянбатыг хэн зодож цохиж гар утсыг нь авсныг мэдэхгүй байна. Хүүхдүүд л Олдох гэдэг гээд байдаг болохоор нь би намайг дээрэмдсэн залууг Олдох, Олдохбаяр гэдэг гэж таних болсон. Би гомдолтой байна. Дээрэмдүүлсэн Самсунг галакси эс-2 утсаа олж авмаар байна” гэсэн мэдүүлэг.

 

            10. Насанд хүрээгүй гэрч Г.Баянмөнхийн “Би тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Хичээлээ тараад найз Б.Дүүрэнбуянтай сургуулиасаа гараад явж байхад Дүүрэнбуянг хүүхдүүд Олдохбаяр гэж дуудаад байдаг залуу дуудаж Нийгмийн даатгалын хажуугийн гараж руу авч ороод гэдэс рүү нь цохиж гар утсыг нь авсан юм. Тэгээд цаашаа явцгаа гээд явуулсан. Цагдаад хэлвэл ална шүү гэж дарамталсан юм. Намайг нүүр рүү Олдохбаяр нэг удаа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн надад гэмтлийн зэрэг гараагүй. Тэнд байсан залуучууд намайг зодож цохиогүй. Би тэр өдөр болсон асуудлыг сайн санахгүй байна. Харанхуй болсон байсан болхоор анзаараагүй айгаад шууд яваад өгсөн. Намайг тэнд байсан залуучууд дээрэмдээгүй юм. Би шууд айсандаа тэнд удалгүй яваад өгсөн. Харин дараа нь манай найзуудыг дээрэмдсэн Олдохбаяр гэдэг залуутай таарахаас айж эмээж байна” гэсэн мэдүүлэг.

           

            11. Насанд хүрээгүй гэрч Ү.Нямсамбуугийн “Би тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Цагаан сарын дараа байх гэж бодож байна. Хичээлээ тараад найз Цогтбаяр, Жамъяндорж нарын хамт сургуулиасаа гараад явж байхад хүүхдүүд Олдохбаяр гэж дуудаад байдаг залуу Цогтбаяр, Жамъяндорж бид нарыг дуудаж Нийгмийн даатгалын хажуугийн гараж руу авч ороод манай хоёр найзыг цохиж гар утсыг нь мөнгөтэй нь авсан юм. Тэгээд одоо явцгаа гэж хэлээд явуулсан. Цагдаад хэлвэл ална шүү гэж хэл үгээр дарамталсан юм. Би тухайн үед утасгүй байсан болохоор надаас утас асуухад нь байхгүй гэж хэлсэн чинь надтай юм яриагүй. Тэгээд бид нарыг нэг нэгээр нь явуулсан юм. Харин манай найз нарыг дээрэмсэн байна лээ” гэсэн мэдүүлэг.

 

            12. Насанд хүрээгүй гэрч Э.Эрдэнэдалайгийн “Цагаан сарын дараахан хичээл амарч орж ирсний эхний өдөр хичээл тараад найз Анхмөрөн, Б.Буянбат нартай хамт гэртээ харих гээд явж байхад Олдохбаяр гэдэг залуу бид гурвыг дуудаж таньж байна уу гэж хэлээд бид гурвыг дагуулаад тэнд байсан гаражны завсраар оруулсан юм. Надаас утас байна уу гэж асуусан. Надад утас байсан боловч би байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд манай найз Анхмөрөн, Буянбат хоёрын гар утсыг нь аваад бид нарыг цагдаад хэлбэл ална шүү гээд явуулсан юм. Би надад утас байхгүй гэсэн чинь надтай юм ярилгүй манай найзуудыг цохиж эхэлсэн. Намайг зодож цохиогүй. Тэнд бас хоёр гурван залуу байсан. Тэд нар намайг зодож цохиогүй. Би ч тэнд юу болоод байгааг анзаараагүй. Харанхуй болсон байсан болохоор надтай олон юм ярилгүй. Олдохбаяр тэнд байсан найзуудын маань гар утсыг аваад бид нарыг явуулсан юм” гэсэн мэдүүлэг.

 

13. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /х/х-н 10-13 хууудас/

 

14. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /х/х-н 14-19-р хуудас/

 

15. Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /х/х-н 52, 56, 60, 64, 68, 72-р хуудас/ болон Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 24-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэн зөвд тооцож үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь 2015 оны 12 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярыг хичээлээ тараад гэртээ харихаар явж байхад нь самсунг эс-3 маркийн гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэж 183 000 төгрөгийн, 2015 оны 02 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байх Эрдэм ахлах сургуулийн ойролцоо тус сургуулийн сурагч Б.Энхцогтын Самсунг маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 30 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

 Шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 сарын 20-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талын зам дээр хүч хэрэглэн Д.Шинэбаярын LGF-120 маркийн гар утсыг дээрэмдэн 150 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Мөнхнасан, БЭрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Эрдэм ахлах сургуулийн сурагч Б.Буянбатын Т-мобайл маркийн гар утас, Б.Дүүрэнбуянгийн  Нөт-1 маркийн гар утас, 3 000 төгрөг, О.Жамъяндоржийн  Эль жи прадо маркийн гар утас, Б.Цогтбаярын бэлэн 60 000 төгрөг, З.Анхмөрөнгийн Самсунг эс-2 маркийн гар утас зэргийг дээрэмдэн авч бусдад нийт 775 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Шинэбаяр, Б.Буянбат, Б.Дүүрэнбуян, О.Жамъяндорж, Б.Энхцогт, Б.Цогтбаяр, З.Анхмөрөн нарын болон насанд хүрээгүй гэрч Г.Баянмөнх, Ү.Нямсамбуу, Э.Эрдэнэдалай нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхнасангийн өмгөөлөгч П.Ган-Очир нь “шүүгдэгч Б.Мөнхнасан нь энэ гэмт хэрэгт оролцоогүй гэж шүүгдэгч Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг бөгөөд бусдыг хүч хэрэглэн дээрэмдсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж  байх боловч шүүх хүлээн авах боломжгүй, дээрхи хүсэлт нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.Энхцогтын ...2015 оны 02 дугаар сарын 23-ны орой хичээлээ тараад ангийн хүүхэд Анхмөрөн, Цогтбаяр, Жамьяндорж нарын хамт Нийгмийн даатгалын газрын хажуугаар явж байталтэнд байдаг нэг гаражийн завсараар нэг хар савхин куртиктэй дунд зэргийн нуруутай залуу гарч ирсэнээ бид нарыг дуудаж ийшээ ор ална шүү гээд тэнд байсан гражны завсраар аваад орсон.Цогтбаярыг Олдох болон бид нарыг дуудаж оруулсан хар савхин куртиктэй залуу хоёр нийлж цээж болон гэдэс рүү нь гараараа цохиод байсан. Тэнд бас нэг ах байсан,тэр ах тамхи татаад Олдох гэдэг залууд хандан -Оогий наад хүүхдүүдийнхээ нүүр рүү битгий цохь гээд зогсоод байсан гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч ...Б.Дүүрэнбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн би 2015 оны 02 сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хичээлээ тараад Нийгмийн даатгалын хэлтсийн хажуугаар найз Баянмөнхтэй хамт явж байтал үл таних 3 залуу зогсож байснаа Эрдэнэдаваа гэдэг залуу бид хоёрыг дуудсан. Яваад очтол Олдохбаяр гэдэг залуу бид хоёрын элэг рүү цохисон. Миний элэг өвдөөд доошоо тонгойсон чинь миний гадуураа өмссөн куртикны халааснаас НӨТ-1 гар утасыг Олдохбаяр авсан, жаахан өндийсөн чинь надаас мөнгө байна уу гэсэн, би өөрт байсан 3 000 төгрөгөө өгсөн. Тэгсэн чинь намайг цагдаад хэлбэл ална шүү, одоо явцгаа гэж хөөсөн гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О.Жамьяндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... бид нарын орсон тэр гаражны завсар нь цаашаагаа нэвт гардаг юм билээ. Тэгээд тэнд байсан 3 залуу хүүхдүүдийг нэг нэгээр нь утас мөнгийг нь аваад цааш нь гаргаж явуулаад байсан. Бид нарыг цагдаад хэлж болохгүй шүү, ална шүү гэж хэлээд явуулсан. Өөр нэг залуу байсан тэр залуу тамхи татаад зогсож байснаа Олдох болон нөгөө хар куртиктэй залуу хоёрт хандан наад хүүхдүүдээ битгий хамаагүй нүүр рүү нь цохь, зүгээр юмыг нь ав гэж хэлээд байсан гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Иймд Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэдаваа, Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тэднийг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нар  нь Булган аймгийн сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

           

Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарын дээрхи үйлдлүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-дэх заалтад хамрагдаж байх тул тэдэнд оногдуулсан ялаас 2 жилийг тус тус өршөөн хассан болно.

                       

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Шинэбаярт 150 000 төгрөг, Б.Дүүрэнбуянд 200 000 төгрөг, З.Анхмөрөнд 230 000 төгрөг, Б.Буянбатад 60 000 төгрөг, О.Жамъяндоржид 45 000 төгрөг, Б.Энхцогтод 30 000 төгрөг, Б.Цогтбаярт 60 000 төгрөг, нийт 775 000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Ц.Олдохбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний  хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Мөнхнасан 463 хоног, Б.Эрдэнэдаваа 526 хоног, Ц.Олдохбаяр 297 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн таньж олуулах ажиллагааны явцад хийсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Мөнхнасан, Халх овгийн Цогтбаярын Олдохбаяр нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Дэлсэг овгийн Бадрахын Эрдэнэдавааг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 /тав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч Ц.Олдохбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тус бүрийн 05 жил 01 хоногийн хорих ялд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 24-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан тус бүрийн 02 жил 06 сарын хорих ялаас 01 сарын хорих ялыг нэмж тэдний эдлэх ялыг тус бүр 05 /тав/ жил 01 /нэг/ сар 01/нэг/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанд оногдуулсан 5 жил 1 сар 1 хоног, Б.Эрдэнэдаваад  оногдуулсан 05 жил 01 сар 01 хоногийн хорих ялаас тус бүр 2 жилийг, Ц.Олдохбаярт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт оногдуулсан 03 жил 01 сар 01 хоногийн, шүүгдэгч Ц.Олдохбаярт оногдуулсан 01 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасангийн цагдан хоригдсон 463 хоног, Б. Эрдэнэдаваагийн цагдан хоригдсон 526 хоног, Ц.Олдохбаярын цагдан хоригдсон 297 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацааг дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэдаваа, Б.Мөнхнасан  Ц.Олдохбаяр  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.БАЙГАЛМАА.   

                   ШҮҮГЧИД                                              Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.

                                                                                   Ц.АЛТАНГАДАС.