Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 76

 

Г.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Г.Б, хохирогч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, Г.Бт холбогдох 2025004000366 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн          Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт урьд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Бийг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг              3 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийн хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бээс 16.990.000 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг “Уурхайчин” 24 дүгээр байр 61 тоотод оршин суух, хохирогч Б.Мд олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын         10-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бт холбогдох хэргийг мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч Г.Б би Б.Маас 2019 оны 03-р сараас 2020 оны 04-р сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 29 удаа нийт 56.548.000 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогдох юм. Би авсан мөнгөө буцаагаад 18 удаа 63.800.000 төгрөг болгож төлсөн. Хохирогч нэх М бид хоёр өгсөн авсан бүх мөнгөн дээрээ гэрээ хийж өдрийн хүүгээр тооцож надаас мөнгө авдаг байсан учраас л 2021 оны 04 дүгээр сард надад дахиад мөнгө зээлдүүлсэн. Бид хоёрын дунд мөнгө өгч авалцсан бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээсэй л гэж хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Би Б.Маас 2020 оны 04 дүгээр сард авсан мөнгөө төлж чадахгүй /өмнөх шигээ өндөр хүүтэйгээр/ байсан шалтгаан гэвэл нэгдүгээрт; зургаан cap гарантай жирэмсэн байсан бөгөөд хүүхэд дутуу гарах гээд мөн хүүхдийн баруун бөөрөнд нь ургацаг байна гээд эмчилгээ хийлгэж байсан учир ажилдаа явж чадахгүй байсан. Хоёрдугаарт; иргэн Алиманцэцэгээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 27.0000.000 төгрөг авсан байсан бөгөөд энэ мөнгөнөөсөө 24.000.000 төгрөгийг нь иргэн С.Золзаяад өгсөн учир 2020 оны 04 дүгээр сараас хойш орж ирсэн орлогоо Алиманцэцэгт өгч байсан. Гуравдугаарт; би 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрөөд өнөөдрийг хүртэл хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Хүүхдээ хүнээр харуулаад ажилдаа орох гэхээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын өвчнөөс шалтгаалаад /би өөрөө хоёр дахиж өвчилсөн/ ажилдаа орж чадахгүй байна. Би 2020 оны 04 дүгээр сард Б.Маас авсан мөнгөө буцааж төлөхгүй гэсэн санаа зорилго огт агуулаагүй болон өмнө нь мөнгө аваад илүү нилээд их төлөлттэй учир тооцоо нийлэх болон анх 2019 оны 03 дугаар сараас эхлэн миний мөнгө авсан цагаас эхлэн тооцоо хийвэл би Мд нэг ч төгрөгийн өглөг байхгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 ооны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ДШМ/11 дугаартай магадлалуудыг Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж надад ял халдааж байгаа учир хэргийг хянан үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн боловч 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийг хэрэглэхдээ алдаа гаргасан байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасныг зөрчсөн буюу шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь хууль буруу хэрэглэсэн байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны      11 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Г.Б нь иргэн Б.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 16.990.000 төгрөгийг авсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгчийн үйлдлийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3. Харин анхан шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэж Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан ... хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна ... гэсэн хуулийн зүйл заалтыг анхаарч үзээгүйгээс Г.Бт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх зөрчилд хамаарч байна” гэж зөвтгөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “... Залилах (Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”, энэ хуулийн 12.14-т энэ хуулийн ... 7.1-т ... заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай ... 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчлан тогтоожээ.

          Шүүгдэгч Г.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байгаа, шүүгдэгч нь байнга оршин суух газрын хаягтай байх шаардлагыг хангаж байгаа боловч тэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэм буруугийн асуудал дээр маргаж байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

4. Шүүгдэгч Г.Б нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... өмнө нь мөнгө аваад илүү нилээд их төлөлттэй учир тооцоо нийлэх болон анх 2019 оны 03 дугаар сараас эхлэн миний мөнгө авсан цагаас эхлэн тооцоо хийвэл би Мд нэг ч төгрөгийн өглөг байхгүй” гэжээ.

Шүүгдэгч нь Б.Маас зээлсэн 16.990.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, одоо төлбөрийн үлдэгдэлгүй гэж маргадаг боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь Б.Маас дээрх мөнгийг авсан болох нь нотлогддог ба харин эргэн төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хяналтын шатны шүүх нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдлыг шинээр тогтоох, хавтаст хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, бусад баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийх буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх эрхгүй билээ.

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, үүнийг хяналтын шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны       01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        Ч.ХОСБАЯР

 

                                                                         Б.ЦОГТ

 

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН