Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2016/00529/и |
Дугаар | 001/ХТ2017/01136 |
Огноо | 2017-10-10 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2017/01136
“Т У С” ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00566 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1222 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Т У С” ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Ө, Г.Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6.762.700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Х, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө, Г.Э нар нь тус хоршоотой 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бид гэрээг нотариатаар баталгаажуулан, фидуцийн гэрээний зүйл болох Япон улсад үйлдвэрлэгдсэн Suzuki /Суцуки/ маркийн 78-37 УНЛ улсын дугаартай автомашины бичиг баримтыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Гэхдээ хариуцагч нар автомашиныг унаж эзэмшиж байгаа. Зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15 сарын хугацаатай сунгасан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд зээлийн хүүд 3.656.000 төгрөг төлсөн. Зээлдэгч нар удаа дараа зээлээ төлөхгүй тохиролцсон хугацааг хэтрүүлдэг, удаа дараа шаардуулдаг. Тухайлбал 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдэгдэх хуудас өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх байсан боловч төлөөгүй. Мөн өмнөх 6 дугаар сарын хүүний дутууг ч төлөөгүй, энэ тухай сануулж утсаар мэдэгдсэн. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, гэрээний 4.6-д заасны дагуу Иргэний хуулийн 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд үндсэн зээл 4.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 2.296.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 459.200 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 6.762.700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ө, Г.Э, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ө, Г.Э нар нь тус хоршооноос 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 4.000.000 төгрөгийг 15/22 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Мөн гэрээг 15 сарын хугацаатайгаар 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр сунгасан нь үнэн. Зээлийн барьцаанд Д.Өгийн нэр дээр байсан 78-37 УНЛ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэгдсэн 60.000 км явсан хар өнгийн Сузуки жипийг шилжүүлсэн. Зээл төлөх график хийгдсэн. Гэтэл зээл төлөх хугацаа болоогүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчиж, тус хоршоо хариуцагч нарын автомашиныг бага үнээр авах гэсний илрэл. Зээлийн гэрээгээр сар бүрийн зээлийг дараа сарын 02-ны дотор төлөхөөр гэрээнд тусгагдсан. Зээлдэгч нар нь гэрээнд заасны дагуу сар бүр хүүг төлж байсан. 2016 оны 3 дугаар сард хүүг хугацаанаас нь хоцорч төлсөн нь үнэн хэдий ч нэхэмжлэгч шаардах хуудас өгсний дараа үүргээ биелүүлж 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрийг төлсөн. Зээлийн хугацаанд төлсөн төлбөрийн дүнд маргахгүй. Нэгэнт нэхэмжлэгч зээлээ шаардаж гэрээгээ цуцалж байгаа тул өмнө нь шүүхийн шийдвэрээр гарсан хэмжээ болох 4.477.900 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00566 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Ө, Г.Э нараас 4 477 900 /дөрвөн сая дөрвөн зуун далан долоон мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэгш Уран санаа” ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 284 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147 882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 24 729 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 86 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэгш Уран санаа” ХЗХ-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1222 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Өгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Өгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 160 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Т У С” ны гүйцэтгэх захирал Ч.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-т зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалт ба Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зэргийг зөрчсөн үндэслэлээр дараахь гомдлыг гаргаж байна. Үунд: 1. Энэхүү хэрэг нь өмнө нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01028 дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэн байдаг. Тэгээд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 36 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01028 дугаартай шийдвэр нь хүчингүй болж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байдаг. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн хуралдаанаараа “урт хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар дүгнэсэн нь буруу болсноос гадна зээл, зээлийн хүүгээ төлөхийг зээлдэгч нарт удаа дараа сануулсан талаар нотлох баримт байхгүй байна” гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01028 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа 2016 оны 7-р сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, зээлийн хүү (392.000 төгрөг) ба нэмэгдүүлсэн хүү (78.400 төгрөг) зэргийг тооцоолж шийдвэрлэсэнд манай нэхэмжлэгч тал гомдолтой байгаа юм. (Манай нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 2.284.800 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгосон) Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн хуралдаан дээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээл болох 4.000.000 төгрөг, зээлийн болох 392.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 78.400 төгрөг нийт 4.470.400 төгрөгийг манай нэхэмжлэгч талд төлөхийг хүлээн зөвшөөрч байсан. Эндээс үзэхэд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа субъектив шийдвэр гаргасан төдийгүй, хариуцагч нарыг цаашид гомдол гаргуулахгүй байхын тулд (Зүй нь бол анхан шатны шүүх хуулиа баримтлан шийдвэрээ гаргах байсан) ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна.
2.2017 оны 03-р сарын 15-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00566 тоот шийдвэрийн 2-р хуудасны доороосоо 3-р мөрөнд “... зээл ба фидуцийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 235-р зүйлийн 235.5, 451-р зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх зээлийн хүүг 2016 оны 7-р сарын 20-ны өдөр хүртэл тооцоолон бодож, түүнээс хойш хүүг зогсоож шийдвэрлэснийг ИХШХШТХуулийн 116-р зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Учир нь ИХШХШТХуулийн 116-р зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан байдаг. Нэмж хэлэхэд 2016 оны 12-р сарын 23-ны өдөр болсон давж заалдах шатны шүүх зээл ба фидуцийн гэрээний хугацаа дуусаагүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. Мөн зээлийн болон фидуцийн гэрээнүүдийн хугацааг 2016 оны 09-р сарын 02 хүртэл сунгагдсан байдаг. Бас зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.6-т “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралтанд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх өдрийн дараахь өдрөөс хэтрүүлсэн хугацааны хүү болох энэхүү гэрээний 2.1-т заасан хүүг төлөхөөс гадна ИХ-ийн 453.1-д заасны дагуу үргэлжлүүлэн төлөхөөр талууд тохиролцов” гэж заасан байдаг. Мөн зээлийн гэрээний 2.7-д “Зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж заасан байдаг. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.6 ба 2.7 дахь заалтуудыг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан явдал нь ИХШХШТХуулийн 116-р зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын (зээл ба фидуцийн гэрээнүүд нь нотлох баримт болохын хувьд) үндсэн дээр гаргана” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Манай нэхэмжлэгч тал хариуцагч нартай ИХ-ийн 189-р зүйлийн 189.1 ба ИХ-ийн 43-р зүйлийн 43.2.1-т заасны дагуу зээл ба фидуцийн гэрээнүүдийг байгуулсан байдаг. Тэгээд зээл ба фидуцийн гэрээнүүд нь нотариатаар гэрчлэгдсэн байдаг.
3. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа ийм шийдвэр гаргасан нь дараахь хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. А. Иргэний хуулийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Б. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байдаг. В. Иргэний Хуулийн 227-р зүйлийн 227.3-д "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно."
4. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 5-р сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хариуцагч Д.Өгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисныг зөв зүйтэй гэж манай нэхэмжлэгч тал үзэж байна. Гэхдээ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 5-р сарын 26-ны өдрийн хуралдаанаараа ИХШХШТХ-ийн 166-р зүйлийн 166.4-т зааснаар “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасныг зөрчиж магадлалаа гаргасан. Учир нь энэхүү хэргийг бүхэлд нь хянаж үзээгүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2.284.800 төгрөгөөр манай нэхэмжилсэн мөнгөн дүнг нэмэгдүүлж, 6.762.700 төгрөг болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00566 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5-р сарын 26-ны өдрийн 1222 дугаартай магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Т У С” нь хариуцагч Д.Ө, Г.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 6 762 700 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар 4 470 000 төгрөгийн үүргийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг татгалзсан байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болох 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Д.Ө, Г.Э нар 4 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээг бичгээр байгуулж хариуцагч Д.Өгийн өмчлөлийн “Сузуки гранд витара” маркийн 78-37 УНЛ дугаартай автомашины өмчлөх эрх “Т У С” ны нэр дээр шилжсэн, зээлийн болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талуудын үүрэг, гэрээний хугацааг сунгасан талаар шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д заасан зохицуулалтын дагуу үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Зохигчид зээлийн гэрээний хугацааг 15 сараар буюу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгаж, зээл эргэн төлөлтийн хуваарийг тохирсон байх ба хариуцагч нар үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэж, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн зүгээс 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэл гаргах үеийн байдлаар шаардсан хэмжээнд буюу үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 392 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78 400 төгрөг, нийт 4 470 400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Харин шүүх нэхэмжлэлийн 2 дах шаардлага буюу фидуцийн зүйлээс үүргийг хангуулах шаардлагыг зөв тодорхойлж, шийдвэрлэж чадаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зохигчдын хооронд фидуцийн гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийн харилцаа болохыг Иргэний хуульд тодорхойлжээ. Харин үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заажээ.
Нэхэмжлэгч “Т У С” нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хангуулах эрхтэй атлаа фидуцийн зүйлээс үүргийг хангуулахыг хүсч байгаа нь фидуцийн гэрээний дагуу шаардах эрхээсээ татгалзсан агуулгатай болохыг хоёр шатны шүүх дүгнэж чадаагүй байна. Шүүх фидуцийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн боловч үүргийн гүйцэтгэлийг хангах өөр арга болох барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар эрх зүйн зөрчилтэй дүгнэлтийг хийж, шийдвэр гаргажээ.
Үүрэг гүйцэтгүүлэгч “Т У С” нь фидуцийн зүйлийг гаргуулан авахыг хүсээгүй, харин уг зүйлээс үүргийг хангуулах агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзнэ. Барьцааны гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх ч үүсэхгүй байна.
Иймд фидуцийн зүйлээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэх талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1222 дүгээр магадлал, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00566 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул фидуцийн зүйлээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэгч “Т У С” ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Сузуки гранд витара” маркийн 78-37 УНЛ дугаартай автомашины өмчлөх эрхийг хариуцагч Д.Өгийн өмчлөлд буцаан шилжүүлсүгэй” гэсэн заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 51 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА