Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01183

 

Б.С гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01579 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С гийн хариуцагч БТБК ХХК, А.Ч , Э.Б нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Би ти би констрашн ХХК, Э.Б нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Э.Бгийн нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.С гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай БТБК ХХК, Э.Б нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг БТБК ХХК, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч БТБК ХХК, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.П, хариуцагч А.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2018 оны 2 дугаар сард Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 айлын орон сууцанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн барилгад цахилгаан угсралтын ажлыг хийсэн. Энэ үед тус барилгад барилгын өрлөг, заслын ажлыг хийж байсан А.Ч гэх залуу би энэ ажлыг хийж өгөөд ажлын хөлсөнд нь гурван байр авч байгаа, та 9 давхрын зүүн талын 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр надаас худалдаж авах уу, дүүд нь мөнгө хэрэгтэй байна гэсэн. Би тухайн үед БТБК ХХК-ийн захирал, инженертэй уулзаж асуухад А.Ч нь хийж байгаа ажлынхаа хөлсөнд гурван орон сууц манай компаниас авч байгаа, та хоёр өөрсдөө тохир гэж хэлсэн. Ингээд миний бие хариуцагч нартай ярилцаж тохиролцсоны дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг А.Ч д төлж, тоёота приус-30 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцож, түүний хэлсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А.Ч той хамт ажилладаг дүүгийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн. Үүнээс хойш 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөг зэрэг нийт 70,000,000 төгрөгийг А.Ч ын Хаан банк-ны данс руу шилжүүлсэн. Төлбөрөө бүрэн төлж дуусгаад 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А.Ч той гэрээгээ хийж баталгаажуулахаар болж энэ өдөр А.Ч болон БТБК ХХК нарын хооронд энэ орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, би А.Ч той энэ өдөр мөн тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Миний зүгээс орон сууцны төлбөрөө бүрэн барагдуулж дууссан. Үүнээс хойш удалгүй 2018 оны 12 дугаар сард тухайн байр ашиглалтад орж, манай хүүхэд С.Б нь эхнэр хүүхдийн хамтаар тухайн байранд нүүж орсон. Нүүж ороход орон сууцны талаар ямар нэгэн маргаан хэл ам гараагүй өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд миний хүүхдүүд амьдарч, орон сууцныхаа СӨХ, ашиглалт, цахилгаан болон кабелын телевизийн гэх мэт төлбөрүүдийг тогтмол төлж, шударгаар эзэмшиж, ашиглаж амьдарч байна. Байр ашиглалтад орсноос хойш миний зүгээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авах талаар БТБК ХХК-ийн захирал Жаргалан-Энхтэй уулзах болгонд А.Ч той тооцоо нийлж дуусаад өмчлөх эрхийн гэрчилгээг чинь өгнө гэхээс өөр зүйл хэлдэггүй. Харин А.Ч той уулзах болгонд би Жаргалан-Энх захиралтай ямар нэгэн тооцоо байхгүй танай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх ёстой гэсээр өнөөдрийг хүрсэн. Тухайн үед орон сууц баригдаж дуусаагүй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байсан. Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо *** байрны ** тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Энэ маргааны явцад БТБК ХХК-ийн захирал Жаргалан-Энх нь энэ бүх маргааныг мэдсээр байж өөрийн гэр бүлийн хүн болох Э.Бгийн нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Б гэх хүний нэр дээр гаргасан байдаг. Тус компанийн захирал Жаргалан-Энх нь мэдсээр байж гэрчилгээ өөрийн гэр бүлийн хүний нэр дээр шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож Э.Бгийн нэр дээрх гарсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч БТБК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь БТБК ХХК нь иргэн Б.С тай эрх зүйн харилцаанд оролцоогүй гэрээний үүрэг үүсээгүй. А.Ч той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч А.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Орон сууцыг барьж хүлээлгэж өгөөгүй тул манай компани өөр компаниар ажлаа гүйцэтгүүлсэн. М.С нь тухайн үед ажил гүйцэтгэх гэрээгээр манай компанид ажиллаж байсан нь үнэн. А.Ч ын ажил гүйцэтгэх гэрээгээр нийт гүйцэтгэх ажлын үнийн дүн 123,302,100 төгрөг байсан. Гэтэл энэ ажилдаа гурван байр авсан нь үнэн, үнэхээр гүйцэтгэсэн юм бол ирээд ажлаа дүгнэх хэрэгтэй. Огт ирж уулздаггүй. Ажлаа дүгнэдэггүй. Маргааны явцад олдоггүй байж байгаад ажиллагааны явцад хоригдож байгааг нь мэдсэн. Шүүхэд төлөөлөгч томилчихоод өөрөө огт ирж энэ маргааныхаа учрыг олдоггүй. Бид нар ажил гүйцэтгэх гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгээгүй байгаа. А.Ч ажил хийсэн гэж байгаа бол хийснээ өөрөө нотлох хэрэгтэй. Б.С г Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч Э.Бгийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Б нь гэрээ болон гэрээний бусаар нэхэмжлэгчтэй ямар ч хамааралгүй. БТБК ХХК өөрийн байрыг өөр хэн нэгэнд шилжүүлэх нь байгууллагын эрх. Тухайн үед нь Б.С бүртгэлийн үнэн зөвтэй холбоотой маргаан үүсгэх эрх нь нээлттэй байсан. Б.С төлбөрийг нь төлнө гээд л орон сууцанд орчихсон. Жаргалан-Энхийн хувьд А.Ч нь авч байгаа байрныхаа мөнгийг нь төлж чадахгүй юм байна, Б.С төлөх юм байна гээд л ойлгоод оруулсан. Э.Бгийн хөрөнгийг бусдын өмнөөс худалдах эрх, түүнээс нэхэх эрх байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч А.Ч ын тайлбарын агуулга: Маргаан бүхий орон сууц нь Н.Ж ийн эхнэр Э.Бгийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Миний бие БТБК ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргээ биелүүлсэн. Тухайн үед надад 3 орон сууц өгөхөөр тохирлцсоны дагуу Жаргалан-Энхтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний үндсэн дээр би Б.С гуайд орон сууц худалдсан. Мөнгөө аваад БТБК ХХК-ийн байрыг барих ажилчдын цалин хөлс, бараа материалд зарцуулсан. Энэ ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан үүсээгүй. Намайг дутуу хийж гүйцэтгэсэн эсвэл мөнгө нэхэмжилсэн маргаан нэхэмжлэлийг огт гаргаагүй. Би ажлаа 100 хувь гүйцэтгэсэн учраас улсын комисс байрыг хүлээж авсан. Б.С гийн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие дэмжиж байна гэжээ.

 

5.Хариуцагч БТБК ХХК, Э.Б нарын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: БТБК ХХК нь иргэн Б.С тай өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүргийн 22-р хороо, *** байрны ** тоот 74.19 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. Б.С болон БТБК ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний үүрэг хариуцлага үүсээгүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай тохиролцоог манай байгууллага иргэн А.Ч той хийж улмаар орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Гэтэл хариуцагч Б.С нь манай байгууллагатай гэрээ хэлцэл байгуулаагүй, орон сууцны төлбөрт нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй атлаа тухайн хаягт байрлах манай компаний өмчлөлийн орон сууцыг 2018 оны 12 дугаар сараас хойш хууль бусаар хүү С.Б гийн хамтаар эзэмшиж оршин сууж байна. ** тоот орон сууцны өмчлөгч нь Э.Б болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Иймд орон сууцыг Б.С гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: БТБК ХХК-ийн хувьд А.Ч той харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тус орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн орон сууц байшин худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Миний хувьд мөн өдөр А.Ч той гэрээ байгуулж тус орон сууцны эрх, үүргийг шилжүүлж авсан. БТБК ХХК-ийн захирал Н.Ж , А.Ч нараас энэ 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээг өөрчилж миний нэр дээр болгох талаар шаардахад Н.Ж захирал болон А.Ч нар нь ямар нэгэн асуудал байхгүй барилга орсны дараа орон сууцны гэрчилгээг чинь гаргаж өгнө гэж байсан учир миний бие нээх юм бодоогүй. Учир нь тус орон сууцанд миний бие ажил хийж гүйцэтгэж байсан огт таньж мэдэхгүй, танихгүй хүнээс орон сууц худалдаж авсан бол нэг өөр хэрэг байх. Мөн тэнд байсан хамт ажил хийж байсан хүмүүс бүгд мэдэж байгаа ер нь гадуур баригдаж байгаа барилга ихэнхи нь бартер буюу орон сууц өгч ажлаа хийж гүйцэтгүүлдэг. Гэтэл БТБК ХХК, А.Ч нарын хооронд үүссэн үл ойлголцлоос болж тус орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүртэл Б.С намайг хохироож байна. Миний хувьд Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92 б байрны ** тоот 74.19 кв.м сууцыг анх орсон цагаас нь эхлэн төлбөрөө бүрэн төлж өнөөдрийг хүртэл тус сууцыг шударгаар эзэмшиж, ашиглаж ирсэн. Иймд Б.С миний бие шударга эзэмшигч тул хариуцагч БТБК ХХК болон Э.Б нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Зээл авах үед барьцаа хөрөнгө нь зээлдэгч Э.Бгийн нэр дээр байсан. Э.Б нь манай байгууллагаас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаа болгож 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Манай байгууллагын эрх ашгийг хөндөөгүй шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан БТБК ХХК болон Э.Б нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Э.Бгийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, *** байр, ** тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг Б.С гийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.С д холбогдох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *** байрны ** тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч БТБК ХХК, Э.Б нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,114,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ч , Би ти би консракшн ХХК, Э.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.С д олгож, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

10.Хариуцагч Би ти би консракшн ХХК, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

10.а.Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн 112, 243, 343 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болохоор хуульчилсан. Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч тал нь А.Ч той байгуулсан худалдах, худалдан авах гэрээг анх 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулан, тухайн гэрээ байгуулсан өдрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон, мөн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 70,000,000 төгрөгийг А.Ч д шилжүүлэн өгсөн гэж ойлгогдож байна. Гэтэл А.Ч д Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 70,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байгаа учир анхан шатны шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг төлснөөр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай илт зөрчилдсөн дүгнэлт болжээ. Нэхэмжлэгч Б.С гийн А.Ч д төлсөн гэх 70,000,000 төгрөг нь өөр өөр дансанд орсон, мөн шилжүүлсэн гэх автомашин нь ч А.Ч д шилжээгүй, хэдэн төгрөгт тооцон шилжүүлж байгаа тухай ямар ч баримтгүй байдаг. А.Ч нь гэрээний үүргийн хариуцлагаас зайлсхийх болон Б.С нь илт хуурамч гэрээгээр орон сууцтай болох зорилгоор нийлж үгсэн тохиролцсон байдал нь хэрэгт авагдсан бодит байдлыг тогтоох баримтуудаар хангалттай тогтоогдоно. Нөгөө талаар гэрчээр асуугдсан этгээд болох Б.Б нь маргааны зүйл болсон орон сууцыг бартерт тооцож өгсөн болохыг мэднэ гэх тайлбарыг хэлээгүй байдаг.

10.б.Анхан шатны шүүх А.Ч , Б.С нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэхдээ ажил гүйцэтгэгч ММОЧ ХХК-ийг хариуцагч А.Ч ын эзэмшлийн компани мөн эсэх талаар маргаагүй, хариуцагч А.Ч нь БТБК ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 3 байр авахаар тохиролцсон, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэжээ. Хариуцагч БТБК ХХК нь ММОЧ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үнийг 123,302,100 төгрөг гэж тодорхойлжээ. Гэрээнд бартераар 3 орон сууц тооцох талаар байхгүй бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А.Ч БТБК ХХК-ийн хооронд 3 өрөө орон сууцыг 92,737,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 12,600,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр авсан тухай худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ. Уг гэрээний дагуу үлдэгдэл 80,137,500 төгрөгийг А.Ч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон байна. Харин нэхэмжлэгч Б.С нь хариуцагч А.Ч той дээрх маргаан бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулж улмаар тухайн гэрээний үнэд 70,000,000 төгрөгийг төлсөн гэжээ. Хариуцагч А.Ч БТБК ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр барахгүй тухайн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бусдад буюу Б.С д тухайн орон сууцыг төлсөн талаар хэлээгүй бөгөөд харин ч нэхэмжлэгч нь уг байрыг худалдан авна гэсэн тул танил байсны хувьд зөвшөөрөн оруулсан үйл баримт байдаг. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөгөөр худалдан авсан байрныхаа тооцоотой холбоотойгоор нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг баримтаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө хийсэн төлбөр тооцоо болон гэрээ байгуулсан өдрөө А.Ч ын дансанд 4,400,000 төгрөг хийсэн баримтыг өгчээ. Өөрөөр хэлбэл А.Ч , Б.С нарын хооронд байгуулагдсан гэрээ нь нөхөн хийсэн хуурамч гэрээ гэж үзэхээр байна. Хэрэв дээрх маргаан бүхий байрыг нэхэмжлэгч тухайн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр худалдан авахаар А.Ч той тохирсон бол гэрээг А.Ч той биш шууд БТБК ХХК-тай байгуулах боломжтой байсан бөгөөд Б.С ч мөн тухайн компанийн барьж буй барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул улсын комисс хүлээн авснаас хойш уг байрыг худалдан авна гээд орсон асуудал нь шаардах эрх шилжих нөхцөл болох үндэслэлгүй юм. Дүгнэн хэлэхэд дээрх маргаан бүхий байр нь бартерын байр болох талаар анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй болох нь хэрэв 3 байр гэж үзвэл тухайн үед байрны метр квадрат нь 1,250,000 тооцогдож байсан бөгөөд 3 байр нийлээд 175.03 мкв гэж тооцоход 218,787,500 төгрөгийн өртөгтэй болж байна. Гэтэл шүүх бартераар авсан байрны үнийг төлсөн, дээрх байр нь бүрэн дуусаагүй учир ул хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэх шаардлагагүй гэж дүгнэсэн атлаа ММОЧ ХХК болон БТБК ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хууль зүйн талаас дүгнээгүй гэсэн нь ойлгомжгүй, нэг дүгнэлтээ нөгөөгөөр үгүйсгэсэн байна А.Ч БТБК ХХК-ийн хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу байгуулагдсан бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасан үнийг төлөх үүрэгтэй байтал төлбөрөө бүрэн төлөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар болон нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар хангалттай нотлогддог.

10.в.Мөн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцсон тухайг илтэд зөрүүтэйгээр бичиж албажуулсан нь энгийн нэгэн техникийн алдаанд тооцох боломжгүйгээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын гаргасан тайлбарыг огт өөрөөр өөрийн эсрэг тайлбар гаргасан мэтээр бичсэн нь шүүхийн шийдвэр хэрхэн бичигдэх тухай заасан Улсын дээд шүүхийн тогтоолын эсрэг гаргасан эрх зүйн баримт гэж үзэж болохоор байна. Нөгөө талаар нэхэмжлэгч талыг удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийг зөрчсөн байгааг шүүх огт анхаарахгүйгээр нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан болох нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь 718,600 төгрөг байхад анхан шатны шүүх хариуцагч нараас 1,114,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С д олгуулахаар шийдвэртээ тусгасан байна. Энэ тооцооллыг нь хэдийгээр огт ойлгохгүй байгаа боловч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар нь төлсөн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд ханган шийдвэрлэсэнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч БТБК ХХК болон хариуцагч Э.Б нарын зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байгаагаа дурдах нь зүйтэй гэж үзэж байна Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

11.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль зүйн үндэслэлтэй. 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа байрны төлбөрийг анх 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Би ти би коснтракшн ХХК-ийн захирал Э.Ж, нэхэмжлэгч Б.С , хариуцагч А.Ч болон гэрч н.Батмагнай нар тухайн орон сууцын үүрэг гүйцэтгэгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар байж байгаад шаардах эрхийг шилжүүлсэн. Талууд харилцан зөвшөөрч төлбөрийг А.Ч хариуцагчийн зарласан хүмүүсийн дансанд тухай бүр шилжүүлж байсан. Мөн өөрийнхөө дансанд хийж байсан. Уг төлбөрийг 2018 онд 06 дугаар сарын 16-нд бүрэн төлж барагдуулсны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн өдөр ББТК ХХК болон хариуцагч А.Ч нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан, худалдах авах гэрээ байгуулсан үндэслэл нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудал. Иймд уг үндэслэлийн дагуу анхан шатны шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.С нь тухайн төлбөрийг төлсөн, өмчлөгч гэж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд зааснаар хэргийг бодитой, үнэн зөв дүгнэсэн. Мөн нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэн зөв дүгнэсэн гэж үзэж байгаа. ББТК ХХК болон, Б.С , А.Ч нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд зааснаар шаардах эрхийг шилжүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс шаардлагыг ихэсгэсэн, тухайн шаардлага нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ББТК ХХК-ийн захирал Н.Ж болон түүний эхнэр Э.Б нарын хооронд хйисэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 163.1.1-д заасан. Гэрээ хэлцлийн үнийн дүн гэж заасан. Уг үнийн дүн нь 75,680,000 төгрөг орон сууц захиалгын гэрээ. Уг дүнтэй холбооотй 462,400 төгрөг болон 70,200 төгрөг , нийт 536,400 төгрөгийг нэхэмжлэлийн зүгээс төлсөн. 2022 оны 02 дугаар сарын 17-нд тухайн Э.Бгийн эзэмшлийн орон сууц гэрчилгээ хүчин төгөлпдөр тооцуулахтай холбооотой 70,200 төгрөгийг төлсөн. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Дээрх үндэслэл нь бүгд хууль зүйн шаардлагад нийцсэн. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

12.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч А.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Тухайн ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд А.Ч нь БТБК ХХК-ийн барьж байгуулсан барилгад нийт 192,000,000 төгрөгийг зарцуулсан. БТБК ХХК-ийн зүгээс А.Ч д ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой байдлаар захиалагчийн зүгээс хөрөнгө оруулсан. Төлбөр төлсөн эсэх, мөнгө шилжүүлсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй. Тухайн барилга БТБК ХХК-ийн үүрэг гүйцэтгэгч, үүргэг гүйцэтгэгч биш гэж хэлдэг боловч ажлын гүйцэтгэлийн буюу мөнгөн хөрөнгийг А.Ч өөрийн хөрөнгөнөөс гаргасан. Энэ талаар тухайн барилгын ажилчдын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. А.Ч , Жаргалан-Энх, Б.С нар сууж байгаад тухайн үл хөдлөх хөрөнгөд Б.С г оруулж амьдруулах шийдвэр гаргаж Б.С гаас дансаар буюу бартерийн зүйлээр, мөн төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөхөөр тохиролцдог. Тухайн төлбөрийг барилгын ажилд зориулсан гэх нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан. Тухайн байртай холбоотой асуудлаар ажил гүйцэтгэгчийн төлбөр эсхүл бусад маргааны асуудлыг БТБК ХХК болон Жаргалан-Энхийн зүгээс А.Ч д холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах асуудал нь нээлттэй. А.Ч болон БТБК ХХК хоорондын харилцаанаас болоод тухайн байранд шударгаар өмчлөл, ашиглалтанд орсон хугацаанаас хойш тасралтгүйгээр оршин сууж, амьдарч байгаа Б.С г хохироож болохгүй. Б.С д өмчлөлийн гэрчилгээг шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Барилга, байгууламжийн ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтэнд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой байдлаар үнэлэлт, дүгнэлтийг улсын зүгээс хүлээж авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч БТБК ХХК, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч БТБК ХХК, А.Ч , Э.Б нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, БТБК ХХК, Э.Б нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Э.Бгийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч А.Ч зөвшөөрсөн тайлбар гаргасан бол хариуцагч БТБК ХХК, Э.Б нар эс зөвшөөрч орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

4.Хариуцагч БТБК ХХК нь хариуцагч А.Ч ын эзэмшлийн ММОЧ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ММОЧ ХХК нь орон сууцны өрлөг, шавар, заслын ажлыг гүйцэтгэж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч буюу захиалагч БТБК ХХК нь ажлын хөлс 123,302,100 төгрөгийг бартераар төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 233-237-р тал/

 

4.а.Дээрх ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг бартераар төлөхөөр тохиролцсоны дагуу хариуцагч БТБК ХХК нь А.Ч той 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр БТБК ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 43 айлын орон сууцны 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 58-62 дүгээр тал/.

 

4.б.Хариуцагч БТБК ХХК, А.Ч нар нь дээрх байдлаар хоёр удаа гэрээ байгуулсан байх боловч орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулах үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч А.Ч бүрэн биелүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан эргэлзээгүй баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний талууд ажлыг актаар хүлээлцээгүй, гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх асуудал маргаантай байхад хариуцагч А.Ч нь нэхэмжлэгч Б.С тай 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх 74.19 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдсан гэж үзэхээр байна. /хх-ийн 6-р тал/

 

4.в.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд хариуцагч А.Ч нь дээрх хуульд зааснаар өмчлөх эрхийг шилжүүлэн авч бусдад худалдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хариуцагч А.Ч нь БТБК ХХК-аас ажлын хөлсөндөө авсан орон сууцаа надад худалдсан, энэ талаар БТБК ХХК-ийн захиралтай уулзаж тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.г.Нөгөө талаар, нэхэмжлэгч Б.С нь хариуцагч А.Ч той байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх-ээр заасан. Гэвч гэрээний талууд худалдах, худалдан авах гэрээнд өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой заагаагүйгээс гадна, гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Б.С д маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх үүсээгүй байна.

 

4.д.Нэгэнт нэхэмжлэгч Б.С нь маргаан бүхий 3 өрөө орон сууцыг хуульд заасан журмын дагуу олж авсан гэж үзэх үндэслэлгүй тул БТБК ХХК, Э.Б нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Учир нь маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгч БТБК ХХК нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй, уг эрхийнхээ хүрээнд орон сууцны өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлсэн, түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх тул хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч Э.Бгийн нэр дээрх өмчлөх эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй. /хх-ийн 83-88-р тал/.

 

4.е.** тоот орон сууцны өмчлөгч Э.Б нь тус орон сууцыг барьцаалан гуравдагч этгээд И ХК-тай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд барьцааны эрх хүчинтэй байна. /хх-ийн 91-94-р тал/

 

Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, БТБК ХХК, Э.Б нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Э.Бгийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.С гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Нэхэмжлэгч Б.С гийн хувьд хохирсон гэж үзвэл буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

5.Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15-р хороолол, *** байр, ** тоот хаягт байршилтай, 75,68 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220410**** дугаарт бүртгэлтэй, гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.С гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай БТБК ХХК, Э.Б нарын сөрөг нэхэмжлэлийн хувьд Э.Б нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

5.а.Дээрх гурван өрөө орон сууцанд нэхэмжлэгч Б.С гийн хүү С.Б оршин сууж байгаа талаар нэхэмжлэгч тайлбарласан боловч хэргийн оролцогчид түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаагүй байна. Нөгөө талаар, нэхэмжлэгч Б.С нь хариуцагч А.Ч той байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны эзэмшлийг шилжүүлэн авч, улмаар өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байх тул Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15-р хороолол, *** байр, ** тоот хаягт байршилтай, 75,68 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220410**** дугаарт бүртгэлтэй, гурван өрөө орон сууцыг чөлөөлж, өмчлөгч Э.Бд шилжүүлэхийг Б.С д даалгах нь зүйтэй. Харин дээрх орон сууцанд өөр этгээд оршин сууж байгаа бол өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр дахин шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр мөн хөндөөгүй болно.

 

6.Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай БТБК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хувьд тус компани нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлсэн байх тул өмчлөгчийн хувиар шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ. Иймд Б.С гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай БТБК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч БТБК ХХК, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01579 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, БТБК ХХК, Э.Б нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Э.Бгийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.С гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.С гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай БТБК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Э.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15-р хороолол, *** байр, ** тоот хаягт байршилтай, 75,68 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220410**** дугаарт бүртгэлтэй, гурван өрөө орон сууцыг Б.С гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж,

 

3 дах заалтын ... улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,114,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ч , Би ти би консракшн ХХК, Э.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.С д олгож, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг улсын тэмдэгтий хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,114,600 төгрөг, хариуцагч Би ти би консракшн ХХК, Э.Б нараас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С гаас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Э.Бд олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-с төлсөн 1,286,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР Г.ДАВААДОРЖ