Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/хт2017/01256

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00948 дугаар шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1247 дугаар магадлалтай,

            “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “К” ХХК-д холбогдох

          2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу “К” ХХК-д шилжүүлсэн 149.500.000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэх, 70.000.000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө, 2 орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            “А” ХХК болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           Нэхэмжлэгч “А” ХХКболон нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

                    Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадорж, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

              Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 15/09 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр ”А” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр тус дүүргийн ажилчдын орон сууцны барилгын ажил буюу 9х18м суурьтай, 1 давхраас бүх талдаа 1,8 м консалтай барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор гүйцэтгүүлэхээр “К” ХХК-тай тохирсон бөгөөд гэрээний үнэ 1.065.960.000 төгрөгийг 4 удаагийн санхүүжилтээр олгохоор тохирсон. Уг гэрээний дагуу ”А” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын хооронд нийт 234.500.000 төгрөгийг “К” ХХК-д төлсөн бөгөөд үүнээс 149.500.000 төгрөг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 6 ажилтнаас орон сууц захиалж өгсөн төлбөр байсан бол үлдэх 85.000.000 төгрөг нь гэрээний төлбөр байсан. Энэ 85.000.000 төгрөгийг Лексус 570 маркийн автомашиныг “К” ХХК-д шилжүүлэх замаар өгсөн. Гэтэл “К” ХХК нь манай компанид мэдэгдэлгүйгээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай шууд барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байсан бөгөөд тухайн барилгыг барьж хүлээлгэж өгсөн байна. Ийм учраас бид 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож тооцоо нийлж, гэрээ байгуулсан. Гэрээгээр “К” ХХК нь тус компанид шилжүүлсэн 149.500.000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг “А” ХХК-д өгөх, “А” ХХК-д төлөх төлбөр болох 140.000.000 төгрөгийг 2 хувааж буюу 50 хувийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл хувийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй бол хүлээх хариуцлагыг гэрээний 3 дугаар зүйлээр тохирсон байна. Гэтэл хариуцагч компани нь одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тодруулбал 2016 оны 7, 8 дугаар сард төлбөрөөс 70.000.000 төгрөгийг  2 хувааж төлсөн ба бусад үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлж хугацаа олгож хүлээсэн ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийг биелүүлээгүй бөгөөд үүнээс болж компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, ажил тасалдаж хохирол учраад байна.

Иймээс дараах шаардлагуудыг гаргаж байна. 1. “К” ХХК-д шилжүүлсэн 149.500.000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “А” ХХК-дхүргүүлэхийг даалгах, 2. Гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70.000.000 төгрөгийн төлбөрт хариуцагч компанийн барьж байгаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө, 2 айлын орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх үндсэн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, харин 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд үндэслэж шаардаж байгаа тул гэрээний 5.3-т зааснаар шүүхэд хандсан. Гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч өөрөө зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Хариуцагч “К” ХХК-ийн төлөөлөгч О.Бямбадорж, өмгөөлөгч Б.Баттөмөр нарын шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг шаардлагад: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “А” ХХК, “К” ХХК нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагч компани өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилгыг барьж гүйцэтгэж, захиалагч нараас төлбөр авах нөхцөлтэй байсан. Уг гэрээний дагуу “А” ХХК үүргээ биелүүлээгүй тул бид түр хугацаагаар ажлаа зогсоосон бөгөөд үндсэн захиалагч болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар “А” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээ цуцалснаар туслан гүйцэтгэгч болох манай компани мөн “А” ХХК-тай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үндсэндээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар болон “А” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан ажлыг манай компани нь “А” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нь өөрөөсөө нэг ч төгрөгийн санхүүжилтийг хийгээгүй. Харин 85.000.000 төгрөгт тооцож автомашин шилжүүлсэн. 2 захиалагчийн хоорондын гэрээ цуцлагдсанаар манай гэрээ ч цуцлагдсан тул бид гаргасан зардлаа буцаан авах нөхцөл хомсдож, “А” ХХК-тай холбогдоход Лексус 570 маркийн 1 машиныг 85.000.000 төгрөгт тооцож манайд өгснөөс өөр ямар ч төлбөр төлөөгүй. Харин бид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах гэрээ байгуулж, санхүүжилтийг өөрөөс гаргаж, барилгын захиалагч нараас оруулсан хөрөнгө буюу мөнгөөр ажлын хөлс, гаргасан санхүүжилтээ буцаан авахаар тохирсон. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, барилгыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. “А” ХХК нь гэрээ цуцлагдахаас өмнө 6 захиалагчаас нийт 150.410.400 төгрөгийг ажлын хөлс гэж авсан байснаас манай компанид 149.500.000 төгрөгийг нь шилжүүлсэн бөгөөд бид уг мөнгийг захиалагч нартай байгуулсан шинэчилсэн гэрээний төлбөрөөс хасаж, зөрүүг нь аваад орон сууцыг олгосон байгаа. Энэ байдлаар “А” ХХК нь манай компанитай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 85.000.000 төгрөгт тооцож автомашин өгснөөс өөр төлбөр өгөөгүй нь тогтоогдоно. Манай компани энэ төлбөрөөс нь 70.000.000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд захиалагч нарын төлбөрөөс дутуу өгсөнийг хасаж тооцвол 3 сая гаран төгрөгийн төлбөрийн асуудал байгаа. Гэхдээ нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас манай компанид хохирол учирсан тул одоо ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй.

          2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг гэрээ нь хууль бус бөгөөд уг гэрээнд манай компанийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, уг гэрээг байгуулах болсон үндэслэл нь нэхэмжлэгч гэрээ байгуулах үед уг гэрээнд заагдсан зүйлийг манай компанид хамааралгүй, зөвхөн автомашины төлбөрийн тооцоог л тусгасан, түүнийг хэрхэхтэй холбоотой асуудалд хамаатай гэж тайлбарласан юм. Би тухайн үед тэр тайлбарт нь итгэж, гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Гэрээг бэлдэж ирсэн байсан бөгөөд би бүрэн уншаагүй н.Батсайханы хэлсэн үгэнд итгэж гарын үсэг зурсан. Түүнээс гадна сонгуулийн үе таарсан учир Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шахалт, гуйлт нь уг гэрээнд гарын үсэг зурах 1 нөхцөл болсон. Нэхэмжлэгч компаниас манай компанитай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу автомашинаас өөр ямар ч хөрөнгө оруулаагүй байхад юу гэж 140.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг буцаан төлөх агуулгатай гэрээ хийх вэ дээ. Орон сууцыг худалдан авах захиалагч нараас төлбөрийг нь авсан орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх тухай гэрээнд заах боломжгүй. Иргэний хуулийн 343.1-д зааснаар захиалагч “А” ХХК нь “К” ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх үүрэгтэй болохоос мөнгө шаардах эрхгүй тул шилжүүлсэн машинтай холбоотой төлбөр тооцооноос өөр тооцоогүй учир ”А” ХХК-ийн захирал С.Батсайханы үгэнд итгэсэн хэрэг. “А” ХХК болон “К” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 15/09 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс өөр эрх зүйн харилцаа үүсээгүй байхад гэрээний үр дагавар болгож дахин гэрээг байгуулах замаар бусдыг төөрөгдүүлэх нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагчийн хувьд хэлцлийн агуулгыг эндүүрсэн, тохиролцооны зүйл нь зөвхөн автомашин гэж бодож ноцтой төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурсан тул “А” ХХК болон “К” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

           Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00948 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т заасныг баримтлан ”А” ХХК болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, уг гэрээний дагуу гаргасан 149.500.000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэх, 70.000.000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг “К” ХХК-д даалгах тухай “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 595.000 төгрөгөөс 590.230 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 857.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 4770 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 857.950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1247 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу ”К” ХХК-д шилжүүлсэн 149.500.000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй ”А” ХХК-дхүргүүлэх, 70.000.000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг ”А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах  тухай нэхэмжлэгч ”А” ХХК-ийн, ”А” ХХК болон ”К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч ”К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/00948 тоот шийдвэр болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1247 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172.2.1, 172.2.2-т заасныг хангаагүй гэж үзэж доорх гомдлыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “К” ХХК-ийн захирал О.Бямбадорж нь нэхэмжлэлд дурьдсан 2 өрөө 2 ширхэг орон сууцыг хуурамч гэрээгээр өөрийн эхнэр Б.Гантогоо болон өөрийн хамаатны дүү Э.Солонго нарт шилжүүлж, талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний үүрэг биелэгдэх боломжийг зориуд хууль бус аргаар байхгүй болгосон нь илтэд гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэ хууль бус үйлдлээс үүдэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох 2 өрөө 2 ширхэг орон сууц нь өөр хоёр хүний өмчлөлд шилжснээр хариуцагч “К” ХХК-иас уг орон сууцуудыг шилжүүлэн авахаар нэхэмжлэх үндэслэлгүй болж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг гэмт хэрэг үйлдэх аргаар зөрчсөн болно. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс иргэний хэрэг шийдвэрлэхэд үүссэн хууль бус зохиомол гацааг шийдвэрлүүлж зөвтгүүлэх үүднээс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгч, улмаар О.Бямбадоржид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, түүнийг ЭХТА-ийн 148.4 дэх хэсэгт заасны дагуу сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар хариуцагч О.Бямбадоржид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар дурьдаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг нотлох баримтаар гарган өгсөн, мөн шүүх хуралдаан дээр хариуцагчаас эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа болохоо өөрөө хүлээн зөвшөөрч маргахгүй байхад анхан шатны шүүхээс уг үйл баримтыг үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

           Анхан шатны шүүх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсч, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд ИХШХШТХ-ийн 65.1.8 дахь хэсэгт “Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа”, 117.1 дэх хэсэгт “...иргэний хэрэг үүссэнээс хойш ... 65.1.3-65.1.8 заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасныг үндэслэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл ИХШХШТХ-ийн 80.1.4 дэх хэсэгт “эрүүгийн журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан щийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” бол хэргийг түдгэлзүүлэхээр заасан хуулийн заалт байсаар байтал огт хэрэглэхгүй шийдвэрлэсэн талаар давж заалдах гомдол гаргасан боловч мөн л Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн магадлалаар дээрх хуулийн заалтыг баримтлалгүй гомдлын агуулгыг огт анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн болно. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/00948 тоот шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1247 тоот магадлал нь ИХШХШТХ-ийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/00948 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1247 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2 өрөө 2 орон сууц гаргуулах асуудлаар буюу “К” ХХК-ийн захирал О.Бямбадорж анхнаасаа дээрх гэрээний дагуу төлбөрийг төлөхгүй санаа зорилготой байсан гэдгийг баримтаар нотолж эрүүгийн хэрэг шийдвэрлэх шатандаа явж байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ нь эцсийн дүндээ эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үр дагаварт хүрээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш,...65.1.8, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгааг шүүх мэдмэгц дээрх заалтад хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж болно" гэж биш “хэрэгсэхгүй болгоно", энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байхад шүүх хурлын үеэр хоёр тал эрүүгийн хэрэг үүссэн гэж хэлсээр байхад хэргийг хэрэгсэхгүй болголгүй хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн шийдвэр болжээ. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/00948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн 2017 оны 05 сарын 29-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1247 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Хэрэв Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэх үндэслэлгүй гэж үзвэл манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хурал дээр шүүгчийн амаар танилцуулсан шийдвэр, бичгээр гарсан магадлал хоёр утга агуулгын хувьд зөрүүтэй байна. Шүүх хурлын дүрс бичлэгт “2016 оны 06 сарын 22-нд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь энийг нотлоогүй гэж үзнэ, харин хариуцагч нь 70.000.000 төгрөгийг буцаан төлчихсөн үлдэгдэл энэ 70.000.000 төгрөг дээр маргасан, маргасан тохиолдолд энэ 140. 000.000 төгрөгийн хэмжээгээр бол буцаан шаардах эрхтэй байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй, энэ нотлох үүргийг хангалттай биелүүлээгүй, 85.000.000 төгрөгөөр машин тооцож өгсөн талаар бол маргаагүй, 70.000.000 төгрөгийхөө хэмжээнд бол 15.000.000 төгрөгийн машины төлбөр тооцоо байгаа боловч нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг шаардаагүй орон сууцаар шаардсан учраас нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, энэ мөнгөн хөрөнгөөр шаардахад саад болохгүй энэ шийдвэр, харин орон сууц шаардах эрхгүй гэж шүүх үзсэн..” Бид давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоод шүүгч гаргасан шийдвэрийн агуулгыг тайлбарлаж өгөхөд манай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр гарлаа гэж ойлготол магадлалыг бичгээр үйлдэж ирүүлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан байгаад гомдолтой байна. Бид шүүх хуралдаанаас гарсан шийдвэр талуудад ёсчлогдож хүрэхдээ яг тэр хэвээрээ байдаг гэж ойлгож байтал шүүх хуралдаан дээр тайлбарласнаас эрс зөрүүтэй магадлал бидний гарт ирсэнд гомдолтой байгаа тул магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.

Бид Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэргийн материалд бүх баримтыг гаргаж өгсөн байсан учраас иргэний хэргийн анхан шатны шүүхэд баримт гаргаж өгөөгүй, энэ талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд тайлбар өгч, баримтыг эх хувиар нь үзүүлсэн. Манай компани “К” ХХК-д хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд нэхэмжилж буй 2 өрөө 2 байр буюу 70.000.000 төгрөг нь тухайн орон сууц баригдахаас өмнө болон барипгын ажил эхлүүлэх хүртэл манай байгууллагаас гарсан зардал юм. Бид гэрээгээр тус зардлыг өгч авахаар тохиролцсноос бус хөрөнгө оруулсны дүнд байр авахаар тохиролцоогүй юм. “К” ХХК-ийн захирал О.Бямбадорж нь удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр 2016 оны 06 дугаар сарын 22-нд эцсийн байдлаар тооцоо нийлж, гэрээнд тусган, тодорхой нөхцлүүдийг хангасны үндсэн дээр ерөнхий гүйцэтгэгчийн эрх үүргийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэвч тухайн баригдсан орон сууцанд манай компанид шилжүүлж өгөх байрнуудаас өөр борлогдоогүй байр хангалттай байхад гэрээнд тусгагдсан 2 байрыг эхнэр болон бусдын нэр дээр яаравчлан шилжүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж, дараа нь дээрх эрх шилжүүлэх, төлбөр төлөх нөхцөлтэй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хөөцөлдөж байгаа нь санаатайгаар залилан мэхлэх зорилготой байсан нь тогтоогдсон. Уг 2 өрөө 2 орон сууцыг өөрийн өртгөөр нь буюу 70.000.000 төгрөгт тохиролцсоноос зах зээлд худалдах үнээр тооцоогүй бөгөөд үүнийг бид гэрээний хариуцлага гэж үзэж байна.

             Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1247 дугаар магадлалаар 2016 оны 06 дугаар сарын 22-ны гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд тус гэрээнд тусгасны дагуу “К” ХХК нь үлдэгдэл 70.000.000 төгрөгийг төлөх хугацаа 2016 оны 07 дугаар сарын 01-нд дуусгавар болсон тул тус гэрээний 3.2-т заасны дагуу 2 өрөө 2 байрыг “А” ХХК-д шилжүүлж өгнө үү. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд “К” ХХК-ийн захирал О.Бямбадорж нь төрөөс хүн амын орлогын албан татварыг жилд нэг удаа орон сууц худалдан авсан иргэдэд буцаан олгодог олголтыг өөрийн байгууллагаас төлсөн мэтээр санаатайгаар шүүх бүрэлдэхүүнд буруу ойлголт өгч шийдвэр гаргуулсныг залруулж, 2016 оны 06 дугаар сарын 22-нд хийгдсэн гэрээний 1.5-д заасны дагуу 149.500.000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийг баталгаажуулуулж өгнө үү гэжээ.                                                         ХЯНАВАЛ:

           Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний  өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч ”А” ХХК нь хариуцагч ”К” ХХК-д холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу “К” ХХК-д шилжүүлсэн 149.500.000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэх, 70.000.000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө, 2 орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

           Хариуцагч “К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “А” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг шаардлага гаргаж маргасан байна.

          Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

          Нэхэмжлэгч ”А” ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагч “К” ХХК-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн огноотой нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан боловч нэхэмжлэлийг хүлээн авсан тухай шүүх хоёр дардас дарсан, энэ нь хоёр өөр огноотой буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэжээ. /xx-2 ар тал/ Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь ойлгомжгүй байна. /xx-16/

              2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар “... нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй 2 орон сууцны улсын бүртгэлд хөдөлгөөн хийхгүй байх тэмдэглэгээ хийлгэх” тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байх боловч энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. /xx-7/

           Харин 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтийг бичгээр дахин гаргасан /xx-45/ ба энэ хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр дахин гаргасныг шүүгчийн 181/ШЗ2017/01421 дүгээр захирамжаар шийдвэрлэж, /xx-53,54/ хариуцагч “К” ХХК-ийг маргааны зүйл болж буй 2 орон сууцыг захиран зарцуулахтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байх бөгөөд энэ захирамжийн хувийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

            Дээрх захирамжид заасан үл хөдлөх 2 хөрөнгө нь 2016 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрчилгээгээр иргэн Э.Солонго, Б.Гантогоо нарын өмч болох тухай хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргаснаар уг захирамж 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор хүчингүй болжээ.

      Нэхэмжлэлийн шаардлага болж буй хоёр өрөө, хоёр орон сууц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын өмчлөлд шилжсэн байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар дүгнэлгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасантай нийцээгүй байна.

             2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нотлох баримт гаргуулах тухай хүсэлт” шүүхэд гаргасныг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг “...хэрэгт зайлшгүй шаардлагатай гэж үзэх нотлох баримт биш” гэж хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэл муутай байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зохигчдын нотлох баримтын үндсэн дээр мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзнэ. /xx-103,105/

            Түүнчлэн хавтаст хэргийн 42, 63, 108 дахь талд авагдсан баримтаас үзэхэд хэргийн материалтай зөвхөн хариуцагч танилцсан, харин 148 дахь талд нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь хэргийн материалтай танилцсан байх боловч тухайн өдрөө шүүх хуралдааныг явуулж, шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байгааг анхаарах нь зүйтэй. 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх дээрх алдааг илрүүлээгүй нь буруу байна. Түүнчлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтод заасан дуу, дүрс бичлэгийн хуулбараас үзэхэд шүүгчийн магадлалыг амаар танилцуулахдаа дурдсан үндэслэлээ бичгээр гаргасан магадлалд оруулаагүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:   

            1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00948 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1247 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 590.230 /таван зуун ерэн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН