Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2024/0029

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

 Татварын ерөнхий газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    М.Батсуурь  

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа              

Шүүгчид:                      Х.Батсүрэн

                                         П.Соёл-Эрдэнэ                                                              

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж                

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар  сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0654 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2023/0698 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Г, Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0040 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ч.Б нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан

1.1.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Ч.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.2.2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр ажлын хэсэг байгуулсан тушаал, ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудасны Ч.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.3.2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.4.2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

1.5.Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг даалгуулах,

1.6.2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дүгээр “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаалаар олгогдсон 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216,168 төгрөг, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 401,059 төгрөгийг гаргуулах,

1.7.2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр “Зэрэг дэвийн нэмэгдэл олгох тухай” тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаалуудаар зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь байх ёстой байхад 30 хувиар тооцсоноос үүссэн зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү 290,012 төгрөгийг гаргуулах,

1.8.2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548,614 төгрөгийг гаргуулах,

1.9.2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305,000 төгрөгийг гаргуулах,

1.10.2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46,955,081 төгрөг гаргуулах, уг хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Татварын ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталсны дагуу тус газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын орон тоо, харьяа татварын албадын орон тооны дээд хязгаарыг баталжээ.

2.2.Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан Татвар ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.Б-ийг албан тушаал бууруулан Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох албан хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон гэсэн үндэслэлээр Ч.Б-ийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс ... дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар тус тус томилсон байна.

2.3.Нэхэмжлэгч Ч.Б  нь ... дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа суралцах зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг нь үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон байна. 

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулсан нь Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн, үүнийг Төрийн албаны зөвлөлийн 79 дүгээр тогтоолоор баталгаажуулсан. Уг шийдвэрийг гаргахдаа мэдэгдээгүй, санал гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг, тушаалыг танилцуулаагүй нь мөн хуулийн 43 дугаар зүйлийг, Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Мөн Татварын ерөнхий газрын дарга 2020 оны А/37 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг баримталсан атал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалинг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн буцаан олгохоор шийдвэрлэсэн ...

3.2.Татварын ерөнхий газрын дарга нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны тухай хууль зөрчин Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалтыг зохион байгуулж, миний ажлын байранд өөр албан хаагчдыг томилох ажиллагаа явуулан эрхийг зөрчсөн. Ахлах байцаагчийн албан тушаалын шалгаруулалттай холбоотойгоор надтай хамт ажиллаж байгаагүй хүмүүсээс миний талаар санал авч оноо доошлуулах үйл ажиллагаа явуулсан. Улмаар Татварын ерөнхий газрын дарга нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар намайг ... дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар томилохдоо ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийг илт зөрчсөн тушаал болсон. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Татварын ерөнхий газрын орон тоо, бүтцэд нэхэмжлэгчийн албан тушаал болон албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байгаа тул хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн томилж ажиллуулах үүрэгтэй байсан гэж үзэж байна.

3.3.Уг тушаалаар батлагдсан бүтцээс үзэхэд нэхэмжлэгч миний өмнө нь эрхэлж байсан Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын чиг үүрэг нь Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн учир Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, ийнхүү үүргээ биелүүлээгүйгээс миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Би ... дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Удирдлагын академид докторын зэрэг хамгаалахаар суралцах болсон тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасны дагуу суралцахаар ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Гэтэл Татварын ерөнхий газрын  даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар намайг төрийн албанаас бүр мөсөн чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тушаалыг надад албан ёсоор танилцуулаагүй. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр тушаал дээр миний урамшууллыг 20 хувь болгож бууруулсан, харин 2020 оны А/37 дугаар тушаалаар албан тушаал буурсан цалингаас 20 хувь бууруулж тооцсон байсан ...

3.4.Татварын ерөнхий газарт 4, 5 дугаар сард ажилласан, 6 дугаар сард намайг ... дүүргийн Татварын хэлтэс рүү томилсон, томилогдоод Татварын ерөнхий газарт ээлжийн амралтын тушаалаа гаргуулсны дагуу амралтаа авсан учраас тус газарт ажилласан гэж үзэж байгаа тул миний 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг Татварын ерөнхий газар олгох үүрэгтэй ... Өмнө 1 дүгээр улирлын урамшууллыг бууруулсан ТЗ-7 цалингаар бодсон, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг өмнөх ТЗ-8 цалингаар бодуулж гаргуулна. ... Ахлах түшмэлийн зэрэгтэй ажиллаж байсан атал миний цалинг олгохдоо ТЗ-8-5 биш ТЗ-8-4 шатлалаар оруулсан. Ажилласан жил, албан тушаал бүх зүйл шаардлага хангаж зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь болж байгаа. Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор зэрэг дэвийн нэмэгдэл 30 хувь байсан нь 32 хувь болж нэмэгдсэн.

3.5.Гэтэл Татварын ерөнхий газрын дарга санаатайгаар салбар зөвлөлийн шийдвэрийг эс хэрэгжүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлийн 4 дүгээр тогтоолын хавсралтад заасны дагуу миний зэрэг дэвийг 32 хувиар тогтоосон боловч Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажихдаа 30 хувь болгож орхигдуулж тогтоосон. Эндээс үүссэн 292,000 төгрөгийг нэхэмжилнэ. Албан тушаал бууруулж ... дүүргийн Татварын хэлтэс рүү томилоход 548,600 төгрөгийн зөрүү үүссэн, цалин урамшуулал буурч 350,000 төгрөгийн зөрүү гарсныг нэхэмжилнэ. Энэ нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/37, А/74, А/221, Б/336 дугаар тушаалуудтай холбоотой. Сургалтын түр чөлөө авъя гэсэн хүсэлт гаргасан байхад ажлаас бүр чөлөөлж, татварын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон учраас ажилгүй байсан хугацааны цалинг, мөн ажилгүй байх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ ...” гэх зэргээр маргажээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1.“... Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагчийг чөлөөлж, буцаан томилохдоо татварын улсын байцаагчаар томилсон бөгөөд тушаалын 2 дахь заалтаар “татварын улсын ахлах байцаагч”-ийн орон тоо 23-аас 8 болж цөөрсөнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтаар 1 дүгээр улиралд багтаан татварын улсын ахлах байцаагчийг сонгон шалгаруулахаар болсон боловч тус газраас үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шалгаруулалт удааширсан тул төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дүгээр тушаалаар нэр бүхий албан хаагчдын урьд эрхэлж байсан татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр хэвээр олгох, зөрүү цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Татварын ерөнхий газар нь Төрийн албаны зөвлөлийн 179 дүгээр тогтоолын биелэлтийг хангуулж, 8 татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах ажлын хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулсан. Дээрх албан тушаалын шалгаруулалтад оролцохыг татварын улсын ахлах байцаагчаас чөлөөлөгдөж татварын улсын байцаагч болсон бүх албан хаагч нарт мэдэгдсэн.

4.2.Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Татварын ерөнхий газрын даргад хандан шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр шалгаруулалтыг хойшлуулах, оролцох боломжгүй гэдгийг мэдэгдсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шалгаруулалтад оролцоогүй, ажлын танилцуулгаа ирүүлээгүй. Татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулах үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад нийцсэн, хуулийн дагуу явагдсан.

4.3.Маргаан бүхий 2020 оны А/37 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг татварын улсын ахлах байцаагчаас чөлөөлж татварын улсын байцаагч болгосон нь урьд авч байсан дэс болон ахлах түшмэлийн дөтгөөр, дэд, тэргүүн зэрэг дэвийг бууруулсан гэсэн үг биш, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар цалинг шинэчлэн тогтоосон тушаалын хавсралтаар авч байсан зэрэг дэвийг бууруулаагүй. Нэхэмжлэгчийн ажилласан хугацаа болон албан тушаалын зэрэг дэвийг хамгийн сүүлийн байдлаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/09 дүгээр тушаалаар тогтоосон бөгөөд тухайн үед 32 хувиар олгох ёстой байтал 30 хувиар олгож байгаа асуудлаар санал, хүсэлтээ гаргаагүй атлаа маргаан бүхий 2020 оны А/37 дугаар тушаалаар 32 хувь авах ёстой байсныг 30 хувь болгон бууруулсан мэтээр маргааны үйл баримтад хамааралгүй асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан байна.

4.4.Татварын ерөнхий газрын ажилтан албан хаагч нар нь Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр тушаалын дагуу албан тушаалын тодорхойлолт батлагдахаар чөлөөлж, томилно гэдгийг мэдэж байсан бөгөөд газар, хэлтсийн шуурхай хуралдаан дээр ч танилцуулагдаж байсан. Нийтийн эрх ашиг, төрийн алба тасралтгүй явагдах зарчмын үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд дээрх үндэслэлээр сонсох ажиллагаа хийгдээгүй нь тушаалыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй...

4.5.Сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдаж, нэр бүхий 8 байцаагчийг татварын улсын ахлах байцаагчаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад нийцсэн. Нэхэмжлэгчийн хувьд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлс, нэмэгдлийг авч байгаа бөгөөд огт буураагүй тул 2020 оны A/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулснаар зөрчигдсөн гэж үзэж буй ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй.

4.6.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал нь шалгаруулалтад оролцогчдод бус, сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдэд хамаарах дотогшоо чиглэсэн акт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гадагш чиглэсэн акт гэж үзэх үндэслэлгүй.

4.7.Нэхэмжлэгч нь нэгэнт сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзсан, материал, танилцуулга ирүүлээгүй атлаа татварын улсын ахлах байцаагчийн шалгаруулалт болон ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтээгүүр шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дүгнэлтийг хүчингүй болгуулах 2 шаардлага гаргасан эрх зүйн үр дагавар, үндэслэл тодорхойгүй. Мөн шалгаруулалт болон дүгнэлтийг бүхэлд нь эсхүл өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа зэрэг нь ойлгомжгүй юм.

4.8.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаал хэлбэрийн хувьд эрх бүхий этгээдээс бичгээр гаргасан, нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, дүүргийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт томилсон нь ямар нэгэн илэрхий алдаатай, зөрчилтэй биш бөгөөд асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь ойлгомжтой, тодорхой, шинээр томилогдсон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн цалин хөлс авч байсан тул илэрхий алдаатай, илт хууль бус буюу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй. Нөгөөтээгүүр хуулийг зөрчсөн зөрчил нь өөрөө илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлд бус, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн төрөлд хамаарна. Нэхэмжлэгчийг шилжүүлж томилоогүй Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар бүтэц өөрчлөгдсөн биш, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан. Энэ нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

4.9.Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцоогүй атлаа өөрийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь ахлах байцаагчийн албан тушаалд шууд шилжин хадгалагдан үлдсэн гэж маргаж буй нь үндэслэлгүй. 2020 оны А/64 дүгээр тушаалаар бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой 3 ахлах байцаагч болсон үйл баримттай маргаагүй. Яг тухайн газарт 3 ахлах байцаагчийн орон тоо байгаагүй. Нэг газарт 1 ахлах байцаагчийн орон тоо байгаа учраас 3 хүн дээр сонгон шалгаруулалт явуулсан. Энэ албан тушаал дээр шууд Ч.Б  ажиллаж байсан учраас ахлах байцаагчаар шууд томилно гэж тогтоохгүй. Үүнд үргэлжлүүлж ажиллуулаагүй эс үйлдэхүй байхгүй.

4.10.Ч.Б-ээс Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар түр чөлөөлөгдсөнөөр 46.6-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогддог ... Ч.Б  нь өөрөө хүсэлт гаргасныг үндэслэн чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд маргаан бүхий 2020 оны Б/737 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, тушаалыг хүчингүй болгуулснаар зөрчигдсөн гэж үзэж буй эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

4.11.Гүйцэтгэлийн үр дүнгээр урамшууллыг 40 хувь олгоно гэж заасан боловч заавал олгоно гэсэн үг биш. Тухайн улирлын ажлыг хэрхэн яаж дүгнэснээр шалгаруулж байгаа. Энэ нь захиргааны эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Татварын ерөнхий газарт нэхэмжлэгчийн 2 дугаар улирлын ажлыг дүгнээгүй. 4 болон 5 дугаар сард энэ хүн Татварын ерөнхий газарт ажиллаж байсан. ... дүүргийн Татварын хэлтэс рүү 06 дугаар сарын 02-ны өдөр шилжсэнээр тухайн дүүрэгт харьяалагдаад ажлын гүйцэтгэлээ үнэлүүлнэ. Харьяа дүүргийн төсөвт тохируулж олгодог. 2020 оны 09 дүгээр тушаалыг 2020 оны 1 дүгээр сард гаргаад албан хаагч нарт хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд зэрэг дэвийн нэмэгдлийг 30 хувиар тогтоосон, 32 хувиар авна гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн 2020 оны А/37 дугаар тушаалаар улсын ахлах байцаагчид ажиллаж байгаа албан тушаалтнуудын цалинг буулгасныг Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу Татварын ерөнхий газрын дарга тушаал гаргаж буцаагаад авч байсан цалинг нь олгож байгаа тул зөрүү үүсэхгүй. ТЗ-7 буюу татварын улсын байцаагчийн албан тушаал дээр ажиллаж байгаа хэдий ч ахлах байцаагчийн цалин олгож байсан. Тухайн байгууллага өөрийн төсвийн хэмжээнд хоол, унааны мөнгийг баталдаг. Нэхэмжлэгч тухайн дүүргээсээ хоол, унааны мөнгө авсан ...” гэжээ

5.Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/519 дүгээр тушаалаар Татвар төлөгчид үйлчлэх газарт “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” хариуцсан татварын улсын байцаагчаар шилжиж,  Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилогдон өдийг хүртэл ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т заасны дагуу томилогдсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу урьдчилсан мэдүүлэг хянуулсан дүгнэлт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2 дахь заалтыг үндэслэн томилогдсон нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн тайлбар гаргасан.

6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0654 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 57 дугаар зүйлийн 57.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Ч.Б-т холбогдох хэсгийг, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг тус тус, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудасны Ч.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулаагүй, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг тогтоож олгоогүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг 20 хувиар тогтоож олгохыг тус тус Татварын ерөнхий газрын даргад даалгаж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш урьд эрхэлж байсан албан тушаалд томилж ажлаар хангах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг албан тушаалын дэс түшмэл ангиллын ТЗ-8-5 зэрэглэл, шатлалаар үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тооцон нөхөж олгуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216,168 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8 дахь заалтын дагуу нэхэмжлэлийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/211, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалуудаар зэрэг дэвийн нэмэгдлийг 30 хувиар тооцсоноос үүссэн зөрүү 290,012 төгрөгийг гаргуулах, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548,614 төгрөгийг гаргуулах, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

6.1... Бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн үндэслэл үүсээгүй байхад уг орон тоонд нэмж томилогдсон албан хаагчдыг оруулан тэдгээрийн дунд шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль бус, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг болон уг албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн уг албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж шалгаруулалт явуулж, бодит үнэлгээ өгөөгүй байх тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудасны Ч.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.2.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаал нь гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй байх тул захиргааны акт гэж үзэхгүй, иймд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

6.3.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг баримталсан, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй, чиг үүрэг хэвээр байгаа нөхцөлд энэ заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн ажлын байрнаас чөлөөлж, дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар томилсон нь хууль зүйн үндэслэлгүй ч нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэл болгосончлон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь утга агуулгын алдаатай, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, бодит байдалд хэрэгжих боломжгүй гэх илт хууль бус гэж үзэх үндэслэл биш юм. Тиймээс тухайн актыг хууль буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх нэмэгдэл баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах агуулгаар энэ шаардлагыг хангана.

6.4.Нэхэмжлэгч Ч.Б  2020-2023 оны хичээлийн жилд Удирдлагын академийн докторын сургалтад суралцах шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т зааснаар түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар уг заалтыг баримталсан атлаа түүнийг төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хасаж, мөн зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үр дагавар үүсгэсэн нь хуульд нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9-д заасан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцах нийтлэг эрх, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх нэмэгдэл баталгааг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх нь тодорхой үндэслэлүүд шаардах бөгөөд эдгээрт суралцах зорилгоор түр чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэх үндэслэл хамаарахгүйн дээр төрийн албанаас чөлөөлсөн нь төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох 46.6-д заасан үр дагавар үүсгэхгүйгээрээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

6.5... Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн хэвээр хадгалагдан үлдсэн орон тоо, чиг үүргийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, улмаар энэ хууль бус үйлдлээс улбаалж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үр дагавар бүхий бусад шийдвэрүүд гарсан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдсан нь тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл болно. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн 1 орон тоог баталснаас хойш энэ бүтэц, орон тоо хэвээр байх тул Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг даалгах шаардлагыг хангана.

6.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т зааснаар нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хариуцагч түүнийг эгүүлэн томилж ажлаар хангах хүртэл ажилгүй байсан хугацаанд түүний чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан, эгүүлэн томилогдох албан тушаалын дэс түшмэл ангиллын ТЗ-8-5 зэрэглэл, шатлалаар үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тооцон нөхөж олгуулна.

6.7.Нэхэмжлэгчийн 2020 оны 1 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийг Татварын ерөнхий газарт үнэлснээр түүнд үр дүнгийн урамшууллыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар 20 хувиар олгосон байх тул 40 хувиар олгох байсан гэх ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр олгох урамшууллын хэмжээнд шүүх дүгнэлт хийхгүй. Харин 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Татварын ерөнхий газарт, мөн өдрөөс ... дүүргийн Татварын хэлтэст ажилласан түүний 2 дугаар улирлын ажлын гүйцэтгэлийг ажил олгогч үнэлээгүй нь, улмаар тухайн улиралд урамшууллыг тогтоож олгоогүй нь ажилтнаас үл хамаарах шалтгаан бөгөөд ажлын гүйцэтгэлийг үнэлэх этгээд урамшууллын хувь хэмжээг тогтоож олгохоор байна. Ч.Б нь мөн оны 2 дугаар улирлын 4, 5 дугаар сард Татварын ерөнхий газарт ажилласан байх тул 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээг оруулан тооцож улирлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй, нэхэмжлэгчийн урамшуулал авах эрхийг зөрчсөн эс үйлдэхүйд хариуцагчийг буруутгахаар байх тул 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг 1 дүгээр улирлын урамшууллын хувь хэмжээгээр буюу 20 хувиар тогтоон нөхөн олгуулах агуулгаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэсэгчлэн хангана.

6.8.Үлдэх шаардлагуудыг нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэмэгдүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ ...” гэх зэргээр дүгнэжээ.

7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2023/0698 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 654 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг баримтлан иргэн Ч.Б-ийн “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаал, ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудасны Ч.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг албан тушаалд томилж ажиллуулахыг даалгуулах, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар олгогдсон 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216,168 төгрөг, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 401,059 төгрөгийг гаргуулах, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалуудаар зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь байх ёстойг 30 хувиар тооцсоноос үүссэн зөрүү 290,012 төгрөгийг гаргуулах, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548,614 төгрөгийг гаргуулах, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305,000 төгрөгийг гаргуулах, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46,955,081 төгрөг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтын “… үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/91 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн заалт нэмж ... шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

7.1.“Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон” тохиолдолд төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан, хэдийгээр Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалд бичиглэлийн хувьд Ч.Б-ийг “түр”-ээр биш чөлөөлж байгаа мэт боловч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.6-д заасныг үндэслэснээс үзэхэд Ч.Б нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, улмаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдоно. Нэгэнт Ч.Б  дээрх байдлаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр маргаан бүхий актууд болох Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн  Б/336 дугаар тушаалын эрх зүйн үйлчлэл тус тус дуусгавар болсон, иймд эдгээр актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

7.2.Нэхэмжлэгч 2020 оны Б/737 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өдийг хүртэл Удирдлагын академид докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа, энэ нь 6 сараас богино хугацааны сургалт биш байна. Нэхэмжлэгчийн суралцаж буй байдал нь хугацааны болоод шаардлагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-т заасанд хамаарахгүй, суралцах хугацаанд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх хуульд заасан үндэслэл үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй тушаал гаргасан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй. Иймд эрх зүйн нөлөөлөлгүй, маргаан бүхий тушаалуудыг хүчингүй болгож, илт хууль бус болохыг тус тус тогтоосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь үндэслэлгүй, шийдвэрт холбогдох хууль, маргааны үйл баримт, тушаалын үр дагаврыг буруу тайлбарласан.

7.3.Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар анх томилсон, улмаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэр бүхий 2, 2020 оны 2 сард нэр бүхий 3, нийт 5 албан хаагчийг тус тус татварын улсын ахлах байцаагчаар нэмж томилсон, эдгээр тушаалууд хүчин төгөлдөр байхад зөвхөн 2019 оны ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалыг үндэслэн Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчийн нэг орон тоо байсан гэж дүгнэх нь хэрэгт авагдсан баримтууд, 2020 оны А/37 дугаар тушаал, 3-6 ахлах байцаагч ажиллаж байсан бодит нөхцөл байдалтай нийцэхгүй.

7.4.Шүүхийн үзлэг, хэрэгт авагдсан баримтаар тус газарт хэдэн ахлах байцаагч ажиллах талаар өмнө тухайлсан шийдвэр гараагүй болох нь тогтоогдсон, үүнийг ч шийдвэрт үгүйсгээгүй атлаа “… анхнаасаа татварын улсын ахлах байцаагчийн орон тоо 1 байсан, түүнд Ч.Б  ажиллаж байсан, иймд шинээр батлагдсан бүтцээр чиг үүрэг өөрчлөгдөөгүй, орон тоо цөөрөөгүй …” гэх зэргээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасантай нийцээгүй. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан энэ тохиолдолд шинээр батлагдсан бүтцээр албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн боловч ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн тул хуульд зааснаар шалгаруулалтад оролцох хүртэл татварын улсын байцаагчаар томилсныг албан тушаал бууруулсан бус харин ч нэхэмжлэгчийн хувьд нэмэгдэл баталгаагаар хангагдсан гэж үзнэ.

7.5.Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа уг тушаалыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр буюу хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг, түүнчлэн шийдвэрт “…Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус үндэслэл тогтоогдохгүй байна …” гэж дүгнэсэн атлаа хууль буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэмэгдэл баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус зөрчсөн.

7.6.Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын орон тоо цөөрсөнтэй холбогдуулан даргын 2020 оны А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, татварын улсын байцаагчаар томилогдсон албан хаагчдаас шалгаруулах ажлыг зохион байгуулахад нэхэмжлэгч оролцоогүй, иймд Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын нэг ахлах байцаагчийн орон тоонд шалгаруулалтын үнэлгээг үндэслэн өөр албан хаагч томилогдсонтой холбогдуулан нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлж, ... дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсныг илт хууль бус гэж үзэхгүй. Ажлын хэсэг татварын улсын ахлах байцаагч нараас нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа эсэхийг удирдамжид заасан аргачлалын дагуу үнэлсэн, гэвч нэхэмжлэгч уг шалгаруулалтад оролцоогүйгээс ажлын танилцуулгад 0 оноогоор үнэлэгдсэнд, мөн шалгаруулалтад биечлэн оролцсон эсэхээс үл хамаарч албан хаагч тус бүрт үнэлгээ хийсэнд ажлын хэсгийг буруутгах боломжгүй.

7.7... дээрх үндэслэлээр Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй үйлдэл, эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэн нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилон ажиллуулахыг, үр дүнгийн урамшуулал болон урамшууллын зөрүү олгохыг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш урьд эрхэлж байсан ажилд томилж ажлаар хангах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлийг тооцож нөхөн олгохыг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, хоол, унааны нэмэгдлийг гаргуулахыг тус тус хариуцагчид даалгах шаардлагагүй.

7.8.Шийдвэрт Татварын ерөнхий  газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаал захиргааны актын шинжийг агуулаагүй талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгт тусгалгүй орхигдуулсан байна ...” гэж дүгнэн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулжээ.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.“... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 698 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.3-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 654 дүгээр шийдвэрээр маргааны үйл баримт, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан зөрүүтэй хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, хууль хэрэглээний зөрүү бий болгосон.

8.2.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон тохиолдолд төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан, хэдийгээр дээрх тушаалд бичиглэлийн хувьд Ч.Б-ийг “түр”-ээр биш чөлөөлж байгаа мэт боловч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, мөн 46.6 буюу “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэснийг тус тус үндэслэснээс үзэхэд Ч.Б  нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, улмаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдоно” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг маргаанд хамаарах нотлох баримтуудыг огт үнэлээгүйгээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн шүүхээс “... нэхэмжлэгч төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш өдийг хүртэл Удирдлагын академид докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа, энэ нь 6 сараас богино хугацааны сургалт биш байна” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн тухайд докторын сургалтын ээлжит улирлын хичээлд хамрагдахаар чөлөө авах хүсэлт гаргасан, ээлжит улирлын хичээл нь 6 сараас доош хугацаатай байдаг талаар тайлбарласан байхад уг тайлбарыг харгалзаж үзэхгүйгээр дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

8.3.Нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг эс зөвшөөрч буй үндэслэлээ урт хугацааны чөлөө авах хүсэлт гаргасан байхад төрийн  албанаас бүр чөлөөлөн нэхэмжлэгчийг хохироосон гэж маргасан. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д төрийн албанаас түр чөлөөлөх харилцааг; 46.2-т төрийн албанаас чөлөөлөх харилцааг /төрийн алба эрхлэх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох/ тус тус зохицуулсан, эдгээр нь эрх зүйн өөр үр дагавруудтай юм. Тухайлбал, төрийн албанаас түр чөлөөлөх нь хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгодоггүй, харин төрийн албанд эргэж орох, ажил албан тушаал хадгалагдах, нийгмийн даатгалын шимтгэл, төрийн албаны нөөцөд бүртгэгдэх зэрэг тодорхой төрлийн харилцаанууд үргэлжилдэг онцлогтой. Нэхэмжлэгчийн гаргасан ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтыг буруу хэрэглэж хууль зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүхээс бодитой  дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий 2020 оны Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгосон байхад давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй мэтээр дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

8.4.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/737 дугаар тушаал гарахаас өмнөх хугацаанд нэхэмжлэгчийн эрхийг зөрчин ажлаас үндэслэлгүй бууруулсантай холбоотойгоор шүүхийн журмаар маргаанаа шийдвэрлүүлж байсан учраас уг шүүхийн маргаан гаргаснаас хойш хугацаанд гарсан актын хууль зүйн үндэслэл нь өмнөх хууль бус захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг зөвтгөх шалтгаан болохгүй юм. Өөрөөр хэлбэл нэгэнт маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаал болон бусад маргаан бүхий актууд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд шүүхийн журмаар зөрчигдсөн эрхийг сэргээж, өмнөх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахад Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/737 дугаар тушаал саад болохгүй гэж үзэж байна. Уг тушаалаар нэхэмжлэгчийг ... дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн албан тушаалаас түр чөлөөлсөн болохоос Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөөгүй, нэхэмжлэгчийг хүсэлт гаргаагүй байхад татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон, гэтэл энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдсэн нь хуульд нийцээгүй.

8.5.Мөн магадлалд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 435 дугаар магадлалд хийгдсэн дүгнэлтийг дурдсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх шийдвэр, магадлал нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр биш байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэлүүдийг няцаахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьж магадлал гаргасан гэх үндэслэлийг бий болгож байна. Түүнчлэн магадлалд “... өөрийн санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөгдөж, нөөцөд бүртгэгдсэнээр төрийн албаны харилцаа дуусгавар болсон ... төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөс үүсэх үр дагаврын талаар Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолд маш тодорхой дүгнэсэн ...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.” гэж дурдсан бөгөөд дээрх Улсын дээд шүүхийн тогтоол нь энэхүү хэрэг маргаанд хамааралгүй байхад давж заалдах шатны шүүх ямар ямар үндэслэлээр энэхүү гомдлыг  үндэслэлтэй гэж үзэж байгаагаа тодорхой дурдаагүй байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

8.6.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газар 3-6 татварын улсын ахлах байцаагч ажиллаж байсан бодит нөхцөл байдал” байсан гэсэн нь огт үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс 2018 онд нэхэмжлэгч ганцаараа улсын ахлах байцаагчийн орон тоонд ажиллаж байсан, сүүлд нэмж нэр бүхий 5 төрийн албан хаагчийг нэмж улсын ахлах байцаагчаар томилсон бөгөөд 2019 онд нэмж томилогдсон 2 ахлах байцаагч нь батлагдсан орон тоо, чиг үүрэг байхгүй тул нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүргийг хуваан хэрэгжүүлж байсан, 2020 онд нэмж томилогдсон 3 ахлах байцаагч нь нэг ч өдөр уг албан тушаалд ажиллаагүй, 2018 онд нэхэмжлэгчийг ахлах байцаагчийн албан тушаалд томилогдох үед Татвар төлөгчтэй харилцах газар нь 1 ахлах байцаагчийн орон тоотой байсан, уг хугацаанд Татварын ерөнхий газрын бүтэц, орон тоог баталсан тушаал гараагүй байсан зэрэг нөхцөл байдлуудыг үгүйсгээгүй, энэ талаар нэхэмжлэгчтэй маргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан Татвар төлөгчид үйлчлэх газар 6 ахлах байцаагчийн орон тоотой байсан, улмаар орон тоо цөөрсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэх үндэслэлийг бий болгосон. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

8.7.Түүнчлэн анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад түүнийг ямар үндэслэл, нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаараа огт дүгнэлт хийлгүйгээр, нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо цөөрсөн, нэхэмжлэгчийг улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж улсын байцаагчаар томилсон нь албан тушаал бууруулсан бус харин ч нэхэмжлэгчийн хувьд нэмэгдэл баталгаагаар хангагдсан гэж үзнэ гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний зөрүү бий болгосон. Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т зааснаар “батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох” нь агентлагийн даргын бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс  бүтэц, орон тоо, цалингийн санг тогтоогоогүй л бол нэг албан тушаалд хэдэн ч албан хаагч ажиллаж болох мэтээр дүгнэж “... албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн боловч ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн тул ...” гэж дүгнэж байгаа нь бодит байдлаас эрс зөрүүтэй, хийсвэр дүгнэлт болсон, ийнхүү бүтэц, орон тоо, цалингийн санг тогтоогоогүй байдал нь хариуцагчийн хууль бус ажиллагаа бөгөөд үүний төлөө нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл огт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийг зөвтгөсөн төдийгүй хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн буруу мэтээр дүгнэж буруутгаж байгаа нь зүйд нийцэхгүй.

8.8.Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрөөгүй, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул өмнө ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагчийн зүгээс дахин нэхэмжлэгчийн эрхэд халдан түүний ажиллаж байсан албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан тул нэхэмжлэгч уг сонгон шалгаруулалтад оролцохгүй талаар бичгээр хүсэлт гаргасан, уг сонгон шалгаруулалт анхнаасаа явагдах ёсгүй байсан гэж үзэж маргасан, анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж сонгон шалгаруулалтын дүгнэлт, үнэлгээний хуудасны Ч.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон байхад давж заалдах шатны шүүхээс энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг ямар баримтаар үгүйсгэж байгаагаа дурдахгүй зөвхөн нэгэнт “нэхэмжлэгч төрийн албанаас чөлөөлөгдсөн” гэж хийсвэр дүгнэлтэд хэт автаж нэхэмжлэлийн энэ шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний зөрүү гарсан.

8.9.Хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь хэсгийг зөрчин томилгоо хийхээр сонгон шалгаруулалт зарласан уг сонгон шалгаруулалтыг хууль бусаар хийж өөр албан хаагч томилсон, улмаар дахин нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж ... дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаал нь илт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах бодит үндэслэл байгаагүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хуульд заасан эрхийн хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн. Уг заалтыг Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тайлбарласан бөгөөд тайлбарт нийцсэн байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэлийг харгалзахгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

8.10.Нэгэнт нэхэмжлэгчийг хууль бусаар тушаал бууруулсан, улмаар төрийн албанаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн өмнөх албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлийг нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хоол, унааны нэмэгдлийг гаргуулах шаардлага үндэслэлтэй. Цалин хөлс нэмэгдэлтэй холбоотой тооцооллыг нэхэмжлэгчийн зүгээс нэг бүрчлэн тооцон гаргаж маргасан бөгөөд анхан шатны шүүхээс эдгээрт нэг бүрчлэн дүгнэлт хийж зарим хэсгийг хангаж шийдсэн байхад давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хийсэн тооцоолол, дүгнэлтийг харгалзан үзэхгүйгээр “... Нэгэнт нэхэмжлэгч Ч.Б-ийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн, иймд үүнээс өмнө гарсан маргаан бүхий актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүйн сацуу тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдох тул ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

ХЯНАВАЛ:

10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

11.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

12.Нэхэмжлэгчийн зүгээс нийт 10 нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас анхан шатны шүүх Татварын ерөнхий  газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/91 дүгээр тушаал захиргааны актын шинжийг агуулаагүй гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар, мөн зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү 290,012 төгрөг, цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548,614 төгрөг, албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр нийт 4 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216,168 төгрөг, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 401,059 төгрөг гаргуулахаар шаардсанаас 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216,168 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, давж заалдах шатны шүүх уг шийдлийг өөрчлөөгүй.

13.Анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй дүгнэлтийн тухайд: Маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нийт албан хаагчдыг чөлөөлж, шинээр батлагдсан албан тушаалд томилохдоо Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчийн орон тоо 5 байсан нь 1 болж багассан тул нэхэмжлэгч Ч.Б-ээс гадна нэр бүхий байцаагчдыг бүгдийг нь тус газрын татварын улсын байцаагчаар томилсныг хууль бус гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.    

14.Учир нь, Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар анх томилсон, улмаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэр бүхий хоёр, 2020 оны 2 дугаар сард нэр бүхий 3, нийт 5 албан хаагчийг татварын улсын ахлах байцаагчаар нэмж томилсон, эдгээр тушаалууд хүчин төгөлдөр, мөн бодит байдалд 3-5 улсын ахлах байцаагч ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон байхад Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчийн нэг орон тоо байсан гэж үзэхгүй, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв байна.

15.Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо нь цөөрсөн ба энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар “... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” зохицуулалт үйлчилнэ.

16.Иймд хариуцагч 2020 оны А/37 дугаар тушаалын хавсралтаар бүх албан хаагчдыг ижил албан тушаалд томилж, 2 дахь заалтаар татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилуулах ажлыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газарт даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

17.Тодорхой шалтгааны улмаас (Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа сунгасан) сонгон шалгаруулалт удааширсан тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар нэр бүхий албан хаагчдын албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр хэвээр олгох, зөрүү цалин, даатгалыг нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Улмаар маргаан бүхий 2020 оны А/91 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, сонгон шалгаруулалт явуулжээ.

18.Өөрөөр хэлбэл, нэгэнт албан тушаал цөөрсөн тул эхэлж бүх албан хаагчдыг ижил албан тушаалд (татварын улсын байцаагчаар) томилж, улмаар хуулийн дагуу шалгаруулалт явуулж, холбогдох шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа хүнийг томилохоор, энэ хугацаанд албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс цалин хөлсний зөрүүг олгох, цаашид өмнө нь авч байсан цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байхаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхгүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, 2020 оны А/37 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

19.Иймд “давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрөөгүй, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул өмнө ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8.6-8.8-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

20.Маргаан бүхий акт болох 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалын тухайд “илт хууль бус” үндэслэлд хамаарахгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тус актыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар (шүүх ийнхүү өөрчилж буй үндэслэлийг) дүгнээгүй нь буруу, 2020 оны А/37 дугаар тушаалын талаар хийсэн дүгнэлтээ үндэслэж хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

21.Дээрх актын хувьд Татварын ерөнхий газрын бүтцийн өөрчлөлтөөр татварын “улсын ахлах байцаагч”-ийн 23 орон тоо нь 8 болж цөөрсөн ч Татвар төлөгчтэй харилцах газарт татварын “улсын байцаагч”-ийн орон тоо хангалттай байхад (нэг газар, хэлтэс 13 хүнтэй болж буурсан ч гэсэн) “... шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон тул ...” гэх шалтгаанаар нэхэмжлэгчийг ... дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тухайд “улсын ахлах байцаагч”-аар ажиллаж байсан, тухайн орон тоо цөөрсөн тул сонгон шалгаруулалтын дүнгээр өөр хүн томилогдсон байлаа ч тухайн газар, хэлтэстээ “улсын байцаагч”-аар үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж үзнэ. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулан Татварын ерөнхий газрын харьяа доод шатны байгууллага болох дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаас гадна 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан ... -тай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх”-ийг хориглосон заалтыг зөрчсөн байна. Энэ утгаараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдол (Тодорхойлох хэсгийн 8.9-д) үндэслэлтэй байх хэдий ч энэ нь магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй байна.

22.Учир нь давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ... дүүргийн Татварын хэлтсийн даргад хандаж “... 2020-2023 оны хичээлийн жилд Удирдлагын академийн докторын сургалтад элсэн орж, төрийн удирдлагын чиглэлээр судалгааны ажил эхлүүлж байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн суралцах хугацаанд ажлаас түр чөлөө олгоно уу” гэсэн хүсэлт гаргасныг нь үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэхгүй.

23.Нэхэмжлэгч өөрөө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т зааснаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, уг хуулийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:”, 46.1.2-т “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 46.6-д “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэж тус тус заасан. Иймд, хэдийгээр маргаан бүхий актад “түр” гэж үг байхгүй ч, хууль зүйн үр дагавраараа нэхэмжлэгч нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, энэ тохиолдолд төрийн албаны нөөцөд байна.

24.Төрийн албанаас түр эсхүл бүр чөлөөлөгдөх эрх зүйн зохицуулалтын үр дагавар ялгаатай, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэлээр бүр чөлөөлөгдсөн иргэний хувьд дахин төрийн албанд ажиллах хүсэлтэй бол төрийн албаны шалгалтыг өгч, эхнээс нь эхлэх бол, харин түр чөлөөлөгдсөн иргэний хувьд төрийн албаны нөөцөд байх хугацаанд сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн ажиллаж байсан албан тушаалын ангилал, олгогдсон зэрэг дэвийн дагуу эргэн томилогдох боломжтой байна.

25.Нэхэмжлэгчийн “хуулийн дээрх зохицуулалтын үр дагаврыг бүрэн ойлгоогүй байсан” гэх тайлбар нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Нэгэнт тэрбээр өөрийн сайн дураар төрийн албанаас чөлөөлөгдөж, төрийн албаны эрх зүйн харилцаагаа дуусгавар болгосон, иймд хамгийн сүүлийн 2020 оны Б/737 дугаар тушаал хууль ёсны, хүчинтэй байх тул маргаан бүхий 2020 оны Б/336 дугаар тушаалыг хүчингүй болгосноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, өөрөөр хэлбэл эрхэлж байсан албан тушаалд эргэж томилогдох үр дагавар үүсгэхгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8.2-8.4, 8.10-т заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.      

26.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2023/0698 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                                  

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.БАТСУУРЬ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                 ШҮҮГЧИД                                                          Х.БАТСҮРЭН

                                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                        Г.БАНЗРАГЧ