Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0927/з |
Дугаар | 001/ХТ2024/0051 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2024/0051
“О с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0871 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2024/0146 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2024/0129 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Л.Э нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “О с” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон 08/2627 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай;
2.Хэргийн нөхцөл байдал: Хот байгуулалт, хөгжлийн газар “архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан загвар зургийг зөрчиж, 2 дугаар давхраас дээш консоль гаргасан, зэргэлдээ орших барилгын хоорондын зааг норм дүрэмд заасан хэмжээнээс ойртуулсан” үндэслэлээр “О с” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон.
3.Нэхэмжлэгчээс “... сонсох ажиллагаа хийсэн өдрөө шийдвэрээ гаргаж, оролцогчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, захиргааны актад гомдол гаргах этгээд, хугацааг дурдаагүй” гэж, хариуцагчаас “... архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан загвар зургийг зөрчиж, 2 дугаар давхраас дээш консоль гаргасан, зэргэлдээ орших барилгын хоорондын зааг норм дүрэмд заасан хэмжээнээс ойртуулсан” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “ ... “барилга хоорондын зайн хэмжээ нь заавал мөрдөх норм ба дүрмийн шаардлагыг хангаагүй нь бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй” үндэслэлээр Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... “шүүх хуулийг зөв хэрэглэсэн, “тэнхлэгийн хувьд зөрүүгүй” гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгоогүй, нэхэмжлэгч Барилгын норм ба дүрмийг зөрчсөн зөрчлийг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй“ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц гомдолдоо:
6.1.Шинжээч томилж, шинжилгээ хийх журмыг зөрчсөн, үнэлэх боломжгүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шийдвэр, магадлалд нөлөөлсөн.
6.2.Шинжээчийн дүгнэлтүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хариуцагчийг шинжээчээр томилсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн.
6.3.Барилгын хөгжлийн төв шинжээчээр ажиллахаас татгалзсанаас хойш 4 сарын дараа захирамжаа өөрчилсөн.
6.4.Барилгын хөгжлийн төвийн дүгнэлт нь бүрэн бус байтал нэмэлт шинжилгээ хийлгээгүй.
6.5.Хот байгуулалт, хөгжлийн газар анхдагч шинжилгээ хийхэд оролцоогүй буюу шүүгчийн захирамж биелэгдээгүй.
6.6.Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийг шинжээчээр томилохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй.
6.7.Шинжээчийн дүгнэлтэд “барилга нь батлагдсан зураг төслөөс тэнхлэгийн зөрүүгүй” гэсэн атлаа “барилгын норм, дүрэм зөрчсөн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.
6.8.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2024/0129 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9.Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/267 дугаар захирамжуудаар “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны гудамжинд үйлчилгээний зориулалтаар 599 м.кв газар эзэмших эрх олгосон”-ыг үндэслэн “О с” ХХК-д Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр МЗХ2018/26-19 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газар 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 344/2021 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г тус тус олгосон байна.
10.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02-02/2366, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02-02/2532 дугаар албан бичгүүдээр “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Б” ХХК-ийн чанх урд талд “О с” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилга нь “Б” ХХК-ийн барилгаас 3.62 м байгаа нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-01-10/-ын 2.5 дахь заалтыг зөрчсөн тул “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г цуцалж, хариуг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлэх талаар мэдэгдсэн”-ий дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/2627 дугаар албан бичгээр “Барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээ”-г цуцалсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс шүүхэд хандсан.
11.Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн барилга нь архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургаас байршлын болон тэнхлэгийн зөрүүгүй хэдий ч заавал мөрдөх дүрэмд заасан хэмжээнээс ойрхон /6 метр байхаас 3.7 метр/ байгаа нь бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй байна. Энэ нь Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн ...5.2-т “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, 5.1.2-т заасан баримт бичгийг сонгож мөрдөнө” гэж заасантай нийцэхгүй”, давж заалдах шатны шүүх “Маргаан бүхий захиргааны акт нь “загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчиж, консоль гаргаж, барилга хоорондын зай зөрчигдсөн” талаар дурдсан бөгөөд анхан шатны шүүх үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлтэд “...тэнхлэгийн хувьд зөрүүтэй” гэснийг шийдвэрийн үндэслэл болгоогүй, харин дүгнэлтийн 2, 3 дахь хэсэгт заасан дээр дурдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн барилга хоорондын зайн хэмжээ нь заавал мөрдөх норм ба дүрмийн шаардлагыг хангахгүй гэснийг үндэслэлээ болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна” гэх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1238 дугаар захирамжаар шинжээчээр томилогдсон “Б х т” ТӨААТҮГ татгалзсанаар шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5611 дүгээр захирамжаар Хот байгуулалт, хөгжлийн газрыг шинжээчээр хамтран томилсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5, Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д нийцээгүй байна.
13.Гэвч хэрэгт шинжээчээр томилогдсон Хот байгуулалт, хөгжлийн газар шинжээчээр ажиллахаас татгалзсанаар шинжээчийн дүгнэлтийг нөгөө этгээд болох “Б х т” ТӨААТҮГ гаргаж, “ ... “О с” ХХК-ийн барилга нь “Б” ХХК-ийн барилгаас хөндлөн талын баруун талын булангаас 3.7 м /гадна засал хийгдээгүй үндсэн нийцээс/, зүүн талын булангаас нь 6.3 м /гадна засал хийгдээгүй үндсэн нийцээс/ зайтай байна”, 3-д “ ...барилгуудын хоорондох хамгийн бага зай нь хэмжилтээр 3.7 /гадна засал хийгдээгүй үндсэн нийцээс/ байгаа нь “Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/”-ийн “Заавал мөрдөх 4 дүгээр хавсралт”-ын шаардлагыг хангаагүй” болохыг тогтоожээ.
14.Энэ тохиолдолд буюу шинжээчээр томилсон этгээд хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа үндэслэлээр татгалзаж дүгнэлт гаргаагүй байхад шинжээчээр томилсон захирамж гаргасныг дангаар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой зөрчил гэж үзэхгүй.
15.Түүнчлэн шүүхээс шинжээчид тавьсан “ ... “О с” ХХК анх зөвшөөрөл авахад барилга хоорондын зай 15 м байгаагүй, тэгэхээр анх барилга хоорондын зай хэдэн метр байсан эсэх, ... “О с” ХХК анх зөвшөөрөл авахад барилга хоорондын зай өөрчлөгдсөн эсэх, энэ нь хөрш залгаа “Б” ХХК-ийн барилгад ямар нөлөө үзүүлээд байгаа эсэх” зэрэг асуултуудад шинжээч хариу ирүүлээгүй, шүүхийн нотлох баримт гаргуулах тухай албан бичгийн дагуу Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчаас дүгнэлт гаргаж ирүүлсэн зэрэг нь “О с” ХХК-ийн баригдаж буй барилга Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/”-ийн “Заавал мөрдөх 4 дүгээр хавсралт”-ын шаардлагыг хангаагүй зөрчлийг үгүйсгэх, өөрөөр хэлбэл, эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
16.Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
17.Нэхэмжлэгч зөрчлөө арилгасны үндсэн дээр Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлж, барилгын ажлаа үргэлжлүүлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0871 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2024/0146 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Д.БАТБААТАР