Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 211/МА2025/00003

 

211/МА2025/00003

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2024/00537 дугаар шийдвэртэй

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 А аймаг дахь Мхолбогдох

Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.1 Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга

   Тус компани А аймгийн М 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э-А-19/15 тоот гэрээ байгуулан А аймгийн М төвийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрээний үндсэн төлбөрт  48,790,968 төгрөг, алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Манай компанийн зүгээс хариуцагч А аймгийн М байгуулсан гэрээний  үндсэн төлбөр болон алдангийг нэхэмжилж байгаа бөгөөд уг иргэний хэрэг нь анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, хяналтын шатны шүүхээр 1 удаа тус тус хянан шийдвэрлэгдсэн ба анхан шатны шүүх 2 удаа шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн зохиогчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь “ Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны өмнөөс Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан учраас тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна” гэж тайлбарладаг, мөн анхан шатны шүүх 2 удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн шийдвэртээ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон учраас Э-А-19/15 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Манай компани нь зураг төсөл боловсруулах ажлын хөлсөнд хариуцагч талаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд уг зураг төсөл боловсруулах ажлыг бусад санхүүжилтээс авч А аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах А аймгийн М“Спорт заалны барилга”-н зураг төслийг хийж гүйцэтгэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх бүрэн эрхтэй бөгөөд хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах  үндэслэлээр өөрчилж байна.

Манай компанийн хувьд зураг төсөлд зориулан цалин хөлс болон удирдлага менежментийн  нийт 51,523,138 төгрөгийн зардал гаргаж 12 хүнийг 3 сарын хугацаанд, 2 хүнийг тус бүр 0,5 сарын хугацаанд ажиллуулсан ба тухайн зургийг буцаан авч дахин ашиглах боломжгүй талаар өмнөх шүүх хуралдаануудад тайлбар гаргасан билээ. Манай компани нь А аймгийн М-ийн Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхэд дараах зардлууд гаргаж хохирол амссан байна. Үүнд:

  1. “Л” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан А аймгийн Э сум 0 дугаар багийн нутагт баригдах М-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөр 4,500,000 төгрөг
  2. “Ц” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж тус спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг / Хаан банкны дансны хуулга 13-р гүйлгээ/
  3. Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер, архитектор нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг / цалингийн дансны хуулга 4 хуудас/
  4. А аймгийн Онцгой байдлын газраар хянуулж дүгнэлт гаргуулсан тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөг / Хаан банкны дансны 19-р гүйлгээ/
  5. Зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг / Хаан банкны дансны 183-р гүйлгээ/
  6. Нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг / Хаан банкны дансны 185-р гүйлгээ/
  7. Менежмент удирдлагын зардалд 6,733,828 төгрөг
  8. Өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг
  9. Албан томилолтын зардалд 2,857,749 төгрөг, нийт 41,485,719 төгрөгийг компанийн өөрийн хөрөнгөнөөс уг зураг төслийг боловсруулахад зарцуулсан.

 Мөн дээрх зардлуудаас гадна

-барилгын дотор агаар сэлгэлт, цэвэр бохир усны зураг төслийг 3,500,000 төгрөгөөр М дизайн ХХК-р

-цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг 3,037,419 төгрөгөөр “Т” ХХК-иар

-барилга бүтээцийн ажлын зураг хийх ажлыг 1,100,000 төгрөгөөр иргэн Т.Бээр

-барилгын нэгдсэн зураг төсөв боловсруулах ажлыг 2,100,000 төгрөгөөр иргэн Ч.Даар тус тус хийж гүйцэтгүүлсэн. Эдгээр зардлуудыг манай компани гэрээ байгуулан ажиллаж байсан ажлуудыг зогсоон А аймгийн М-ийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Иймд дээрх зардлуудыг өөрийн хөрөнгөнөөс гарган зураг зураг төслийг боловсруулсан ба тухайн зураг төслийг буцаан авсан тохиолдолд дээрх зардлууд нь нөхөгдөх ямар ч боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А аймгийн М байгуулсан Э-А-19/15 дугаартай “М спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах зургийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож хариуцагч А аймгийн М Э ХХК-д учруулсан 51,528,138 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

“Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Монгол Улсын хуульд зааснаар Э ХХК нь эрх бүхий байгууллага болох Хөдөлмөр нийгэм хамгааллын яамтай гэрээ байгуулж барилгын зураг төсөв хийж гүйцэтгэх байтал гэрээ байгуулах эрхгүй А аймгийн М гэрээ байгуулж хохирол учирсан гэдэг нь хариуцагч манай байгууллагаас хамаарахгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Өмнөх тайлбартаа анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Анх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, дараагийн шийдвэр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус шийдвэрлэсэн. Ер нь зураг төсөл зүгээр бүтнэ гэж байхгүй. Олон хүний цаг зав, хүч, хөдөлмөр орсон байдаг учраас тухайн компани эд хөрөнгөөрөө алдагдалд орж, хохирч байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг тайлбарлан ярьж байна. Тайлбартаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь “Э” ХХК өөрөө, мөн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж байна. Нэхэмжлэгч тал мөн энэ хуулийн зохицуулалтын дагуу хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг баримтлаад буруутай этгээдийг тогтоовол хариуцагч байгууллагын захирал Т гэдэг хүн юм. Захирал Т гэрээ байгуулах эрхгүй хэр нь бусдад гэрээ байгуулах санал тавиад, гэрээ байгуулчихсан байна.  Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч барилгын зураг төсөл дээр хэлтсийн дарга Ч, захиалагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам  байна гэж тайлбар гаргаж байна. Үүнд тайлбар хэлэхэд “Э” ХХК өмнө нь хариуцагч байгууллагатай хамтран ажиллаж байсан болохоор хоорондоо ярилцаад хамтран ажиллах боломжтой гэж үзсэн. Хариуцагчийн байгууллагын захирал Т шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа төрийн нарийн бичгийн даргаас энэ талаар асуухад зураг төслөө боловсруулаад хүрээд ир,  дараа нь энэ асуудлаа шийдэхэд болохгүй зүйл байхгүй гэж байсан тул шууд гэрээ байгуулчихсан гэж хэлж байсан. Хариуцагч байгууллагын захирал Т нэхэмжлэгч талд санал тавьсан гэдэг нь тогтоогдсон.  Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч сүүлд нөхөж гэрээ хийсэн гэж байна. Гэхдээ энэ талаар хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримт байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тооцоод  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар буруутай этгээдээс дээрх хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

1.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зургийг хийлгэсэн. Гэхдээ манай  тухайн зургаар заалтай болъё гэдэг санал улсын төсөвт суугдаж байж бид “Э” ХХК-ийн мөнгийг олгох боломжтой. Хэрвээ улсын төсөвт суучихвал манай байгууллагаар дамжихгүйгээр шууд яамнаас тендер нь зарлаад “Э” ХХК-ийн зураг төслийн мөнгийг өгчих боломжтой. Манай байгууллагад хуваарилагдаж ирсэн улсын төсвийн мөнгө, эсхүл энэ заалаа барь гэж өгсөн мөнгө байхгүй буюу ямар нЭн төсөвт суугдсан зүйл байхгүй байна. Энэ маргаан 4 жил болсон байна. Энэ хугацаанд бусад яам болон Тамгын газрууд, холбогдох байгууллагууд, Боловсролын яамны хөрөнгө оруулалтын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, мөн А аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүдэд удаа дараа зураг төслийг хүргүүлж, хүсэлт тавьдаг байсан. Гэтэл одоог хүртэл шийдэлд хүрээгүй байна. Иймд манай байгууллагын зүгээс нэхэмжилж байгаа мөнгийг нь өгөх боломж байхгүй гэв.

 

1.5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 10 сарын 02-ны өдөр “Э” ХХК А аймгийн М спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулсан. Харин энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон юм байна. Хариуцагч тал мөн үүнийг хүлээн зөвшөөрч байгаа учир тус гэрээний үйлчлэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл 2019 оны 10 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан энэ үеэсээ  гэрээ хүчин төгөлдөр бус байсан байна. Мөн хохирол төлбөр гарах юм уу, яагаад хохирол төлбөр А аймгийн М нэхэмжлээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж өөрсдөө зөвшөөрч байгаа. Манай тал ч зөвшөөрч байгаа. Үүний дагуу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдэд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. ТЭхээр гэрээ хийж байгаа буруутай этгээд нь А аймгийн м юм уу, эсвэл “Э” ХХК  юм уу. Үүнийг тогтоохын тул гэрээ байгуулсан үе шатыг харах хэрэгтэй. Гэрээн дээр захиалагч нь Ан аймгийн м захирал Т гэсэн байгаа. Харин зураг төсөл боловсруулах даалгавар дээр спорт заалны барилга байгууламж А аймгийн Э сум, 0 дугаар баг гээд,  барилга байгууламжийн зориулалт спорт заалны барилга гээд,  захиалагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэж байна. Үүн дээр захиалагч А аймгийн М гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Өөрөөр хэлбэл захиалагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гээд биччихсэн байгаа. ТЭхээр А аймгийн М гэрээ байгуулах эрхтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдана. Талуудын аль аль нь А аймгийн М гэрээ байгуулах эрхгүй гэдгийг мэдэж байгаа. Хариуцагч байгууллагын зорилго нь сургалт үйлдвэрлэл зохион байгуулах, өөр зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл дулааны болон спортын барилга бариулах гэрээ байгуулах эрхтэй байсан бол аль хэдийн байгуулаад мөнгө төгрөгөө өгөөд талуудын хооронд маргаан үүсэхгүй байсан. Гэрээний үндэслэл дээр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гээд хоосон орхичихсон  байгаа. Нотлох баримтаар шинжлэн судалсан зураг төсөл дээр  “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал М гээд гарын үсгээ зураад тамга дарчихсан. Харин  захиалагч гээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч гээд гарын үсэг нь хоосон, тамга дарагдаагүй байгаа. Үүнээс “Э” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа харагдаж байгаа. Ийм байхад зураг төсөл баталдаг байгууллагууд бүгд батлаад яваад байсан. Миний хэлэх гээд байгаа зүйл бол захиалагч нь байхгүй байхад нь тамга дараад, зөвшөөрчихсөн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2018 оны 147 тоот тушаалыг хавтаст хэрэгт хавсаргасан байсан. Энэ тушаал зураг төсөлтэй ямар ч холбогдолгүй.  Тушаалдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон “Э” ХХК-ийн байгуулсан гэрээ болон гадна дулааны шугам сүлжээний төлөвлөлтийн норм мөрдлөг болголоо гэсэн байгаа. “Э” ХХК  өөрөө А аймгийн М  хамаагүй, бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай гэрээ байгуулсан гэсэн байна гэж харж байна. Тухайн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалыг үндэслээд манай байгууллага гэрээ байгуулсан. ТЭэд “Э” ХХК Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хэлтсийн даргынх нь нэрийг нь бичээд, энийгээ үзүүлээд зураг төслөө байгууллагуудаар батлуулчихсан. Үүнийг шүүх анхаарах ёстой байх. Тус байгуулсан гэрээ нь зохих хууль ёсны этгээдийн зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны  хэм хэмжээнд харшилсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн  байна. Өрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.  Өмнө хэлсэнчлэн хүчин төгөлдөр бус хэлцэл мөн байна. Энэ гэрээний дагуу байгуулагдсан бүх гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. “Э” ХХК хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдгийг ойлгоод өөрсдийн гарах эрсдэлээ тооцоолчхоод А аймгийн Мөөс 9 зүйл иш татаад нийт 50,000,000 гаран төгрөг нэхэмжлээд байгаа.  ТЭхээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус юм бол 2020 оны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үг.  Ингэхээр мөнгө нэхэмжлэх эрхтэй юу, үгүй гэдэг асуудал үүснэ. ТЭхээр  гэрээ хүчин төгөлдөр бус болохоор хохирлыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэх эрхгүй гэсэн үг.  Өөрөөр хэлбэл гэрээ хэлцлээ нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. ТЭхээр хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцоход Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар гэрээ хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Хэн буруутай вэ гэхээр нэхэмжлэгч байгууллага өөрөө буруутай. “Э” ХХК ямар байгууллагатай гэрээ байгуулж болох, болохгүй талаар сайн мэдэж байгаа.  2019 оны  оны 10 сарын 02-ны өдрийн гэрээг сайн харахаар зураг төсөл гарсны дараа захирал нь нөхөж хийсэн гэрээ байдаг.  Нэхэмжлэгч байгууллага гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гарчихсан байгаа учраас хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн буруутай этгээд нь “Э” ХХК өөрөө. Иймд  хохирлыг  А аймгийн М төлөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2024/00537 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК хариуцагч А аймаг дахь М нарын байгуулсан Э-А-19/15 дугаартай “Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан хариуцагч А аймаг дахь Мөөс нийт 49,723,138 / дөчин есөн сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун гучин найм / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 / нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан хэрэгт авагдсан Спорт заалны барилгын ажлын зургийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч А аймгийн М олгохыг шүүгчийн туслах /Э.Ц/-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437,449  / дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А аймаг дахь Мөөс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 406,565 / дөрвөн зуун зургаан мянга таван зуун жаран тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсан байна.

 

            2.1 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч А аймгийн Мд холбогдох шүүх хуралдаан 2024 оны 12-р сарын 06 ны өдөр болсон. А аймаг дахь Сум Дундын Анхан Шатны Шүүхийн 2024 оны 12-р сарын 06 өдрийн дугаар 129/ШШ2024/00537 шийдвэрээр хариуцагч А аймгийн Мөөс 49,723,138/дөчин есөн сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК олгох, А аймгийн Мс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 406,565 /дөрвөн зуун зургаан мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан Нэхэмжлэгч “Э” ХХК олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 19/15 тоот гэрээг байгуулахдаа А аймгийн Мийг гэрээ байгуулах эрхгүй гэдгийг мэдэж байсан ба гэрээг боловсруулахдаа захиалагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн байна. Нэхэмжлэгч байгууллага нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн этгээд нь “Э” ХХК гэж үзэж байна. Иймд А аймгийн М нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлыг хүлээн авч, хянан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамтаар өөрийн биеэр оролцохдоо нэмэлт тайлбар өгнө...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э хувьцаат компанийн итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Хэргийн тухайд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 дэх жил рүүгээ орсон явж байна. Анхан шатны шүүхээр гурван удаа, давж заалдах шатны шүүхээр гурав дахь удаагаа, хяналтын шатны шүүхээр нэг удаадаа шийдэгдсэн байгаа. Э хувьцаат компанийн тухайд анх А аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвтэй 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/1915 тоот зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар 2019 оны гэрээ өөрсдөө хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж тайлбарлаад байна. Энэ хэргийн тухайд анхан шатны шүүхээр гурван удаа шийдвэрлүүлж байгаа. Хоёр дахь удаа шийдвэрлэхдээ 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ТЭэд нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд гэрээнээс үүдэн гарсан хохирол болох 51,523,138 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцээд 537 дугаартай шийдвэрээр өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгөөс бусад хохирлыг бол гаргуулж шийдсэн нь үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар 49,723,138 төгрөг гаргуулж шийдэд энэ нотлох баримтуудаа  үнэлэхдээ хамааралгүй нотлох баримтуудыг үндэслэсэн гэж тайлбарлаж байна. Энэ талаар тайлбарлахад тухайн төслүүдийг М-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа хөлс огтхон ч мөнгө төгрөг аваагүй байсан. Гүйцэтгэх боломжгүй байсан учраас бусад төслүүдийг зогсоож байгаад Э хувьцаат компани энэ төслийг боловсруулсан гэдгээ тайлбарладаг.  Үүнд маргалгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хэд хэдэн удаа өөрсдөө бүгдээрээ тэгж тайлбарлаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийг үнэн зөв бодитой нотлох баримтад үндэслэсэн, хуулийг буруу хэрэглээгүй, хуулийг үнэн зөв тайлбарлаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хуульд харшилсан хэлцэл гэж үзээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6. дахь хэсэгт зааснаар хохирлыг буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй. Яагаад М-ыг буруутай гэж үзэж байгаа юм гэхээр гэрээ байгуулах саналыг анх гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгч зураг төсөл, захиалагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гээд гэж яриад байна. Нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/1915 тоот гэрээг л хүчин төгөлдөр бус тооцуулах нэхэмжлэл гаргаад байгаа. Үүнд захиалагч нь А аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэрээ байгуулсан. А шүүх хуралдаанд оролцож байгаа итгэмжилсэн төлөөлөгч өөрөө гарын үсэг зурсан. Дээрээс нь баталсан хүмүүс нь болохоороо А аймгийн М-ын захирал Т, Э хувьцаат компанийн захирал Жаргал гэж баталсан байгаа. Э хувьцаат компани манайх энэ ажлыг чинь хийе ээ гэдэг байдлаар анх санал тавиагүй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс анх саналыг нь гаргасан. Энэ саналынх нь дагуу зураг төслийг хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн ийм баримтууд зэргээр тогтоогдож байгаа. Ийм учраас анх  анх гэрээ байгуулах саналыг гаргаагүй бол Э хувьцаат компани хохирол амсахгүй байсан. Ингэхээр буруутай этгээд нь хэн болж таарах гээд байна гэхээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болж таарч байна. Иймд анхан шатны шүүх М хохиролд 49,723,138 төгрөг гаргуулж шийдсэн нь үндэслэлтэй шийдвэр болсон учраас хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Гаргасан гомдлоо дэмжиж байна, өмгөөлөгч тайлбар хэлнэ гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад үндэслэлтэй гэхээр шүүх нэхэмжлэл гаргах явцдаа гэрээний дагуу гэрээний өмнө гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөд өөрөөр хэлбэл байгуулсан тэр гэрээнд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19/15 дугаар гэрээ хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Ингэж гаргасан үндэслэл нь ерөөсөө буруу гэрээ байгуулчихсан байна. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн. ТЭхээр өөрсдөө буруу зүйлээ сайн мэдээд энэ гэрээ буруу юм байна, хүчин төгөлдөр биш юм байна гэж үзсэн. Шүүх 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх энэ хуулийн дагуу 49,723,138 төгрөг гаргасан нь жоохон үндэсгүй гэж харж байна. Нэгдүгээрт нь энэ нэхэмжлэгч байгууллага өөрсдөө хүчин төгөлдөр бус гэрээ хийчихсэн байна гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд шүүхэд тэр утгаараа нэхэмжлэл гаргаад байгаа. Бид нар хүчин төгөлдөр бус гэрээ гаргачихсан байна, тийм учраас хүчин төгөлдөр энэ гэрээг хүчин төгөлдөр бусад  тооцоод өгөөч ээ гэсэн. Энэ дагуу шүүхээс тооцсон. Хоёрдугаарт нь энэ хүчин төгөлдөр бус хэлцэлд хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж байгаа. Өөрийн буруугаа мэдээд буруу хийсэн хүнээсээ зуун хувь нэхүүлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэргийн нарийн учрыг тайлбарлавал маш тодорхой зүйл гарч ирнэ. Өөрөөр хэлбэл мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь улсын төсвийг өөрсдөө захиран зарцуулах гээд гэрээ хийгээд байх эрхтэй юм уу үгүй юу, бичиг баримтыг гэрээ хийхдээ нэхэмжлэх тал өөрөө шаардаж авч байсан юм уу үгүй юм уу гэдэг асуудал яригдана. Хэнтэй гэрээ байгуулаад байгаа нь ойлгомжгүй. Спорт заалны барилгын зургийг нотлох баримтаар өгсөн гэж бодож байна. Тэр зургийг байгуулахдаа яаж байгуулсан юм, тэрний дагуу л мөнгө нэхээд байгаа. Хэн зөвшөөрөл өгсөн юм гэдэг энэ нөхцөл байдлын хохирлыг гаргахдаа харгалзаж шийдүүлэх ёстой. Нэгдүгээр асуудал нь гэрээний захиалагч нь Хөдөлмөр нийгэм хамгааллын яам гэдгийг гэрээнд тусгасан байдаг. Энэ спорт заалны барилгын зураг нь техник эдийн засгийн үзүүлэлтдээ яаж батлуулах юм, хэнтэй байгуулсан гэдгийг харах ёстой. Барилгын зураг төсөлд спорт заалны зураг гээд Э хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Г.М гээд гарын үсэг зураад тамга дарчихсан байдаг. Захиалагч нь хэн бэ гэхээр М гэж байхгүй, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга Ч гээд гарын үсэг зурагдаагүй байдаг. Ийм зүйлийг А аймгийн зөвшөөрөл өгөх ёстой нөхдүүд батлуулаад л гаргачихсан байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь байгаад байдаг, захиалагч нь байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй байдаг. Нэгдүгээрт нь Э компани өөрсдөө буруутай захиалагчаа тодорхойлж тамга, тэмдгээ даруулаагүй. Хоёрдугаарт хэрвээ энэ спорт заалны барилгын зураг гаргасны дагуу 49,723,138 төгрөг гаргах гэж байгаа бол үүнийг хийлгэх зөвшөөрөл өгсөн байгууллага байгаа. Захиалагч нь байхгүй байхад яахаараа зөвшөөрөл өгдөг юм. А аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь нэрээ бичээд тамга дарчихсан байгаа. Энэ чинь буруутай этгээд мөн шүү дээ. Хоёрдугаарт нь А аймгийн онцгой байдлын газрын дарга тамга дараад гарын үсэг зурчихсан байгаа. Гуравдугаарт нь А аймгийн мэргэжлийн хяналтын газар тамга гарын үсэг зураад тамга дарчихсан байгаа. Энэ гурван байгууллагын зөвшөөрлийг авахгүйгээр зураг гардаггүй. Энэ гурав батлагдахдаа захиалагч нь хэн юм бэ гэдгийг харах ёстой. Захиалагч байхгүй гүйцэтгэгчээ л зөвшөөрөөд даруулаад байгаа юм уу. Энэ спортын барилга, заалны зарлагын дагуу учирсан хохирлыг нэхэмжилж байгаа бол энэ гурван байгууллага татаж орж ирэх ёстой. Энэ гурвыг хамтран хариуцагчаар татах шаардлагатай гэж үзэж байна. Яахаараа төрийн алба ажлаа хийхгүй захиалагч нь байхгүй байхад Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны хөрөнгө оруулалтын үйлдвэрийн дарга Ч гээд гарын үсэг зурагдаагүй хоосон байхад зөвшөөрөл өгөөд тэрнийх нь дагуу зураг зохиогоод байдаг юм. Спорт заалны барилгын зургийг шинжлэн судлаад үзэхэд  зураг төслийг гүйцэтгэхдээ Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны 2016 оны А/145 тоот тушаал, Хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Хөдөлмөр нийгэм хамгааллын яам болон Э хувьцаат компанийн хооронд байгуулсан 3243 тоот гэрээг гэрээ болон гадна дулааны шугам сүлжээний төслийн зургийг гүйцэтгэж л байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай Э хувьцаат компани гэрээ байгуулчихсан байгаад байгаа. Тэрний дагуу хүсэлт тавиад Хөдөлмөр нийгмийн хамгааллын ийм гэрээ байгаад байна. Энэ гэрээг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас шаардаад аваад өг гэтэл байхгүй өөр бичиг гарч ирсэн. Өөрсдөө ийм худлаа зүйл бичиж өгчхөөд зураг төслөө зуруулсан. Дараачийн асуудал шүүхээр гаргуулахаар шийдсэн 49,723,138 төгрөг энэ зурагтай хамааралгүй зураг төслүүд яваад байгаа. Баянхонгор хийх ёстой байсныг А хийсэн гэдэг сонин зүйл бичээд орж ирдэг. Дээрх дурдсан 3 газраас зөвшөөрөл авсан юм уу. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэхээр ганцаараа М буруутай болчхоод байгаа. Ганцаараа буруутай биш, гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй өөрсдөө байгуулаад зөвшөөрчхөөд гэрээ байгуулсан. Нэг талдаа буруутай этгээд нь Э ХХК болон нөгөө талдаа зөвшөөрөл өгөөд байгаа А аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, А аймгийн мэргэжлийн хяналтын газар буруутай үйл ажиллагааг нь зөвшөөрөөд байна. Захиалагч нь байхгүй байхад зөвшөөрөөд батлаад байна. Энэ талаар нотлох баримтын шатанд шинжлэн судлуулна. Тийм учраас буруутай гэж үзэж байгаа бол ганцаараа буруутай биш, гэрээ байгуулсан уу байгуулсан.  Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч А аймаг дахь Мөөс Э-А-19/15 гэрээний үндсэн төлбөр 48.790.968 төгрөг, алданги 7.108.839 төгрөг, нийт 55.899.807 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч А аймаг дахь М “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын хуульд зааснаар Э ХХК нь эрх бүхий байгууллага болох Хөдөлмөр нийгэм хамгааллын яамтай гэрээ байгуулж барилгын зураг төсөв хийж гүйцэтгэх байтал гэрээ байгуулах эрхгүй А аймгийн М төвтэй гэрээ байгуулж хохирол учирсан гэдэг нь хариуцагч манай байгууллагаас хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны журам болон мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан шууд худалдан авах ажиллагааны журмыг тус тус зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймаг дахь М 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,  хариуцагч А аймаг дахь М хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай тул “Э” ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх  үндэстэй гэж дүгнэн, хохиролд 49.723.138 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

          Шийдвэрийг эс зөвшөөрч  хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “...Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 19/15 тоот гэрээг байгуулахдаа А аймгийн М гэрээ байгуулах эрхгүй гэдгийг мэдэж байсан ба гэрээг боловсруулахдаа захиалагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн байна. Нэхэмжлэгч байгууллага нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн этгээд нь “Э” ХХК гэж үзэж байна. Иймд А аймгийн М нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлыг хүлээн авч, хянан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

          Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймаг дахь Мийн хооронд байгуулагдсан 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ” нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэгтэй талууд маргаагүй байна.

         

          Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр хуульд зохицуулсан.

 

          Мөн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

          Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймаг дахь М хооронд 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”  байгуулагдсан байдаг.

 

          Гэтэл хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаас үзэхэд 2 тал гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн гүйлгээнүүд, гүйлгээний утга хэсэгт өөр гэрээний дугаар тавигдсан байхад эдгээр нь яагаад нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймаг дахь Мн хооронд 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний хохирол болох талаар нэг бүрчлэн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч “Э” ХХК-ний бүрдүүлсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн жагсааж, нэхэмжлэгч “Э” ХХК-д баримтаар тогтоогдож буй 49.723.138 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

          Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэл, тэдгээрийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэрт  заагаагүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

          Хариуцагч А аймаг дахь М хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2024/00537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

          2. Хариуцагч А аймаг дахь М хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                   Т.ГАНЧИМЭГ