Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1637

 

 

Л.Мөнхтулга, С.Цэндсүрэн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00193 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Мөнхтулга, С.Цэндсүрэн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Ганхөлөгт холбогдох

 

Бараа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 233 149 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Х.Ганхөлөгийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Бадрал,

Хариуцагч Х.Ганхөлөг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Х.Ганхөлөгтэй бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр АНУ-ын “Калифорни ийрт минерал” ХХК-ийн бүтээгдэхүүн болох Террамин нэрийн хүний бие организмд шаардлагатай эрдэс бодис агуулсан, гэдэс цэвэрлэх, дархлаа сайжруулах үйлчилгээ бүхий Террамин повдер, Террамин трасилк маскийг худалдсан. Террамин повдер бүтээгдэхүүнээс 1lb хэмжээтэйг 12 хайрцаг буюу хайрцагандаа 225 ширхэгтэй, нийт 2700 ширхэг, нэг бүрийн үнэ 42 000 төгрөгөөр, 2lb хэмжээтэйг 12 хайрцаг буюу хайрцагандаа 45 ширхэгтэй, нийт 540 ширхэг, нэг бүрийн үнэ 84 000 төгрөгөөр, 4lb хэмжээтэйг нь 6 хайрцаг буюу хайрцагандаа 25 ширхэгтэй, нийт 150 ширхэг, нэг бүрийн үнэ 168 000 төгрөгөөр, Террамин трасилк маск бүтээгдэхүүнийг 12 хайрцаг буюу хайрцагандаа 20 ширхэгтэй, нийт 240 ширхэгийг нэг бүрийн үнэ 42 000 төгрөгөөр тус тус тооцон нийтдээ 194 040 000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн. Дээрх барааг нийтэд нь 170 000 000 төгрөгөөр тооцон үлдсэн хэсгийг урамшуулалд нь өгөхөөр тохиролцож Х.Ганхөлөгт хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон. Гэтэл Х.Ганхөлөг нийтдээ 14 567 000 төгрөгийг бэлнээр болон бараагаар төлбөрт тооцон шилжүүлсэн байна. Худалдагч талаас удаа дараа үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд Х.Ганхөлөгөөс үлдэгдэл 155 433 000 төгрөгийг, алданги 77 716 500 төгрөгийн хамт нийт 233 149 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гоо сайхны салон ажиллуулдаг байсан. Манай холын хамаатны залуу анх над дээр ирээд танайх салоноороо дамжуулаад зараад өгөөч гэсэн. Тэгээд барааг зарахаар реклам сурталчилгааг явуулж, эхний үед бараа зарагдаж байсан. Анх н.Батбаяр гэгч хүнтэй тохиролцоог хийдэг байсан. Бүтээгдэхүүн дуусаад хэлтэл бараа гааль дээр ирсэн, ирээд ав гэсэн. Л.Мөнхтулгыг бол танихгүй, надтай гэрээ л хийсэн. Барааг хүлээн авсан нь үнэн. Төлбөрөөс нийт 14 567 000 төгрөгийг төлсөн. Мөн барааг зарах явцад худалдан авсан зарим иргэдээс хааяа гэдэс гүйлгэлээ гэх мэтээр гомдол ирж байсан. Үлдэгдэл бараа зарагдаагүй байгаа тул буцаан өгөх хүсэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд барааны тоо хэмжээ, ширхэг нь тусгагдаагүй гэрээний хавсралт нь шаардлага хангахгүй байх тул уг гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн алданги өндөр байх тул алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Х.Ганхөлөгөөс 233 149 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Х.Мөнхтулга нарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 323 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 323 697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Ганхөлөг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Бид анх гэрээг байгуулахдаа хэдэн төрлийн, хэдэн тоо ширхэг бүхий, ямар үнэтэй барааг худалдах-худалдан авах талаар нарийн тохиролцож өгч авалцаагүй нь үнэн бөгөөд гагцхүү гэрээнд мөнгөний дүн байсан нь үнэн, би гарын үсэг зурсан нь үнэн. Нэхэмжлэгч талаас шүүхэд гадаад хэл дээр ямар нэгэн баримтуудыг өгсөн боловч тэр монгол хэл дээр орчуулагдаагүй байсны дээр, хариуцагчийн зүгээс энэ баримтуудыг орчуулуулж шүүхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэх хүсэлт тавьж байсан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй, шүүх үүнийг орчуулуулах үүрэггүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэв гадаад хэл дээр байсан баримтуудыг монгол хэл дээр орчуулж, нотлох баримтын хэмжээнд авч үзэж судалсан бол хариуцагч талд тэдгээр баримтууд нь ашигтайгаар тогтоогдох магадлалтай гэж үзэж байна. Мөн түүнчлэн гэрээний хавсралт гэх баримт нь зохигчдын хоёр талын баталгаажсан гарын үсэггүй, тамга тэмдэггүй, хэн нэгэн хүний гараар бичсэн нооргийг нотариатаар гэрчлүүлээгүй, албан бус баримтыг үндэслэж шүүх зохих шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Хариуцагч миний талаас өгсөн гаалийн үндсэн баримт дээр тусламжаар орж ирснийг баталгаажсан дардастай байхад шүүх мөн хүлээж авалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэв тусламжаар орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах эрхтэй эсэх талаар шүүхийн журмаар шалгуулах хүсэлт гаргахад мөн хэрэгсэж үзээгүй болно. Шүүх нэг талыг барьж гарын үсэг зурагдсан гэрээг үндэслэж нэгэнт л гэрээ байгуулсан гэдгээр зохих шалгалтыг хийлгүй, хүсэлтийг хангалгүй эцсийн шийдвэр гаргасан явдалд шүүхийн шийдвэрт гомдол гаргаж дахин шалгуулах хүсэлтэй байна. Гадаад хэл дээр байгаа бүх баримтуудыг албан ёсны орчуулгатайгаар хүлээн авч зохих үнэлэлт өгөх, хариуцагч талын өгсөн баримтыг шалгуулж тусламжаар ирсэн барааг өндөр үнээр зарж борлуулах эрхтэй эсэхийг шалгуулах, гэрээний хавсралт гэх баримтыг хэний оролцоотойгоор, хэн бичиж хэрэгт хавсаргасныг шалгуулах зэрэг ажиллагааг явуулж эцэслэн шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар хариуцагч Х.Ганхөлөгт холбогдуулан Бараа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 233 149 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барааны тоо, ширхэг, хэмжээ, нэг бүрийн үнийг гэрээнд тусгаагүй, гэрээний хавсралт хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул зарагдаагүй үлдсэн барааг буцааж өгнө гэж маргажээ.

 

Хэргийн 11 дүгээр талд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 218 тоот тодорхойлолтод дээрх бэлдмэл нь хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах бүтээгдэхүүн болохыг, хэргийн 12 дугаар талд Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 09/126/315 тоот дүгнэлтэд уг бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа талаар дүгнэсэн байна.

 

Хариуцагч талаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн “Террамин”-ийг хэрэглэхтэй холбогдсон заавар, дагалдах баримтуудыг жагсаалтаар авах, Засгийн газрын холбогдох агентлагийн зөвшөөрлийг гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

 

Шүүх дээрх хүсэлтийг тодруулж, маргааны үйл баримтыг тогтооход хэрэгт ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт өгөх байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчиж нотлох баримтыг бүрдүүлэх тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний улмаас маргаанд хамааралтай үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 323 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ