Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2016/01664/И |
Дугаар | 001/ХТ2017/01097 |
Огноо | 2017-10-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2017/01097
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00667 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 935 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Ш” ХК-д холбогдох,
0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөг, зээлээр авсан сэлбэгийн үнэ 90 353 955 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 862 942 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтээс учирсан хохирол 421 613 945 төгрөг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот гэрээний 4.1,4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, М.Бадрал, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Ш” ХК DA 40 маркийн нугасан холбоост буулгагч нэг ширхгийг 830 214 000 төгрөгөөр буюу гурван ширхгийг нийт 2 490 642 000 төгрөгөөр урьдчилгаа төлбөрт 249 064 200 төгрөгийг үлдсэн төлбөрийг 24 сарын хугацаанд нэг сарын 1,5 хувийн хүүтэйгээр тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 дугаар Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг “Э” ХХК-тай байгуулсан. 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гурван ширхэг нугасан холбоост буулгагчийг “Ш” ХК-д хүлээлгэн өгсөн. Худалдан авагч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ удаа дараа хоцроож байсан ба төлбөрийн хуваарийг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийн хуваарийг тус тус өөрчилсөн. Худалдан авагч нь нийт 1 245 372 940 төгрөгийг гэрээний үнэнд төлснөөс хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 100 000 000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш аливаа төлбөрийг төлөөгүй тул бид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг ашиглуулахаас татгалзаж унтраасан ба худалдан авагчид тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг олгож гэрээг цуцлаагүй хүлээсэн. Гэтэл “Ш” ХК бидний эсрэг нэхэмжлэл гаргасан тул бид гэрээг цуцалж нэхэмжлэл гаргаж байна.Гэрээг цуцалсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох ба 1 сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутамд 77 154 000 төгрөг байхаар талууд 056/2013 дугаар гэрээний 4.1.-д тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу тооцож үзвэл худалдан авагч нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 700 өдөр буюу 23.33 сар тоног төхөөрөмжүүдийг ашигласан байна. Гурван ширхэг тоног төхөөрөмжийн 1 сарын түрээсийн төлбөр 231 462 000 төгрөг ба үүнийг 23,33 сараар үржүүлбэл нийт 5 400 780 000 төгрөг үүнээс худалдан авагчийн төлсөн 1 245 372 940 төгрөгийг хасвал 4 155 407 060 төгрөгийг нэхэмжлэгч тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч энэхүү түрээсийн төлбөр 4 155 407 060 төгрөгийг 1 704 762 657 төгрөгөөр багасгаж 2 450 644 403 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжлэхээр шийдвэрлэлээ. 2014 оны 001/2014S дугаар Тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэх гэрээг “Ш” ХК, “Э” ХХК-тай байгуулж тус гэрээний үндсэн дээр нийт 90 353 955 төгрөгийн сэлбэгийг “Ш” ХК зээлээр авсан боловч үнийг төлөөгүй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Талууд зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдэгт нэхэмжлэгч маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь онцлог зохицуулалттай байдаг. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг заасан хугацаанд төлнө гэж заасан байдаг.
Хариуцагч “Ш ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Ш” ХК, “Э” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 тоот Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулан DOOSAN DA 40 маркийн нугасан холбоот буулгагчийг 2 490 642 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож худалдагч талын бэлтгэсэн гэрээнд гарын үсэг зурж худалдан авахаар болсон. Ингээд уг гэрээний дагуу 2013 оноос 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1 245 372 940 төгрөгийг төлсөн. Худалдан авагчийн зүгээс Монгол улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн, дэлхийн зах зээлийн дээрх нүүрсний үнэ унасантай холбоотойгоор хуваарьт төлбөрүүдийг төлөхөд хүндрэл учирсан бөгөөд худалдагч талаас хуваарьт төлбөрийг төлөөгүй шалтгаанаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс худалдсан техникийг ашиглахыг бүрэн зогсоосон. Энэ цаг мөчөөс зээлээр худалдан авсан 3 тоног төхөөрөмжийг ашиглан хийх ёстой байсан ажлууд зогсооход хүрсэн тул манай компани арга буюу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс “Эй Ти Эн” ХХК-тай тээвэрлэлтийн Г-34/2016 тоот гэрээ байгуулан хөрс хуулалтын ажилд уг компанийн техник хэрэгслийг ашиглаж эхэлсэн. Энэ манай компанийн хувьд гарах ёсгүй зардал байсан тул “Э” ХХК-иас 421 613 945 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Ш” ХК, “Э” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 тоот Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулан DOOSAN DA 40 маркийн нугасан холбоот буулгагчийг 2 490 642 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож худалдагч талын бэлтгэсэн гэрээнд гарын үсэг зурж худалдан авахаар болсон. Ингээд уг гэрээний дагуу 2013 оноос 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1 245 372 940 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Гэрээ цуцалсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутам 77 154 000 төгрөгөөр тооцно” гэсэн заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хэсгийг зөрчсөн. Гэрээний 4.1 дэх заалт нь худалдан авагчийн хувьд гэрээ цуцлагдсаны үр дагавар нь ямарч тохиолдолд худалдан авагчид хохиролтой байхаар байна. Худалдагчийнх уу, худалдан авагчийн санаачилгаар уу, эсхүл худалдагч үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан уу худалдан авагч үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дэх хэсгийн “энэ хуулийн 264.1 д заасан тохиолдолд худалдагч учирсан хохирол зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн.Иймд дээрх үндэслэлээр 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 4.1, 4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч “Ш” ХК нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүх төлбөр төлөгдөж дууссан байх ёстой байсан. Гэтэл хариуцагч 2015 оны 06 дугаар сард 100 000 000 төгрөг төлснөөс хойш ямарч төлбөр төлөөгүй мөртлөө тоног төхөөрөмжийг ашиглаад үр шимийг хүртэж байсан. Нийт төлбөрөөс 1 тэрбум 800 гаруй сая төгрөгийг огт төлөөгүй. 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд огт төлбөр төлөөгүй тул техникийг ашиглуулахаас татгалзсан гэв.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00667 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Ш” ХК-иас 90 353 955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 дугаартай Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 4.1. дэх заалтад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Ш” ХК-иас 609 720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ш” ХК-д олгож зохигчдоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үлдсэн хураамжийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 935 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш” ХК-иас түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөг, зээлээр авсан сэлбэгийн үнэ 90 353 955 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтээс учирсан хохиролд 421 613 945 төгрөг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот гэрээний 4.1, 4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Ш” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...609 720 төгрөг” гэснийг “...12 411 172 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 411 173 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нэхэмжлэгч нь DA40 маркийн 3 ширхэг тоног төхөөрөмж болон уг тоног төхөөрөмжүүдийн түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөгийг, сэлбэгийн төлбөр 90 353 955 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.Давж заалдах шатны шүүх магадлалынхаа ХЯНАВАЛ хэсэгт “Зээлээр худалдах худалдан авах гэрээний худалдан авагч тал нь үүргээ зөрчсөн тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд худалдагч тал татгалзах тохиолдолд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирол зардлаа гаргуулахаар шаардах эрхтэй, ...дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэж заасан хэрнээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар магадлалынхаа тогтоох хэсэгт заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах тухай гомдол гаргасан атал зөвхөн түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөгийг хариуцагчаас гаргуулах өөрчлөлтийг оруулж DA40 маркийн гурван ширхэг тоног төхөөрөмжийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулалтгүй орхисон алдааг гаргажээ.Ингэснээр магадлалын ХЯНАВАЛ хэсэг болон ТОГТООХ нь хэсэг нь хоорондоо зөрчилдөөнтэй, ХЯНАВАЛ хэсэгт тусгасан дүгнэлт ТОГТООХ нь хэсэгтээ бүрэн тусгагдаагүй байна.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу DA40 маркийн 3 ширхэг тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөг, сэлбэгийн үнэ 90 353 955 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай өөрчлөлтийг магадлалд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний төрлийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа талууд гэрээг цуцлах, эсхүл татгалзах эрхтэй эсэх дээр хуулийг буруу тайлбарлаж, мөн талуудын хооронд байгуулсан гэрээг буруу тайлбарлаж хариуцагчийн эрх ашгийг хэт хохироосон шийдвэр гаргасан....Эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2015 онд “Ш” ХК гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй тул “Эбирдигм Монгол” ХХК тоног төхөөрөмжийг ашиглуулахаас татгалзаж 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хууль бусаар унтраасан. 1 ширхэг нугасан холбоост тоног төхөөрөмжийн үнийг хэдийн төлсөн байтал манай өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй мөртлөө унтрааж ажил гүйцэтгэх боломжгүй болгон манай эрхийг ноцтой зөрсөн гэрээгээр харилцан тохиролцоогүй үйлдэл гарган хохирол учруулсан. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь заалтын дагуу Зээлээр худалдах худалдан авах гэрээний худалдан авагч нь үүргээ зөрчсөн тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд худалдагч тал татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцаан өгч худалдагч өөрт учирсан хохирол зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд яг л энэ хуулийн заалтыг баримтлан гэрээ байгуулсан. Хуулийн дээрх заалтын дагуу “Эбирдигм монгол” ХХК 3 тоног төхөөрөмжөө буцаан авч элэгдэл хорогдол, өөрт учирсан хохирол, зардлаа баримтаар нотлон “Ш” ХК-иас нэхэмжлэх ёстой. Гэтэл “Эбирдигм монгол” ХХК гэрээнээс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр татгалзсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 дугаартай гэрээг цуцласан гээд “Шарын гол” ХК-иас түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн дагуу худалдагчид ганцхан гэрээнээс татгалзах л эрх байгаа. Худалдагчид гэрээг цуцлах эрх хуулиар олгогдоогүй.Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 3 дугаартай зөвлөмжид “...Гэрээнээс татгалзах, гэрээг цуцпах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтад заасан зарчмын үүднээс талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар гэрээгээр тохиролцож болох боловч энэ тохиролцоо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх ёстой байна. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах маргаанд ийнхүү татгалзах, цуцлах болсон үндэслэлд дүгнэлт өгөхөөс гадна гэрээнээс татгалзах, цуцлах хуульд заасан журам зайлшгүй хэрэглэгдэхийг анхаарах нь зүйтэй байна...” гэж зөвлөсөн. Энэ нь нэхэмжлэгч “Эбирдигм Монгол” ХХК Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийг 264.2 дахь хэсгийн дагуу гэрээнээс татгалзаж талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцааж, нэхэмжлэгч өөрт учирсан хохирол зардал тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлоо тооцон нэхэмжлэлээ гаргаа л гэсэн үг. Тэрнээс биш Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийг баримтлан Иргэний хуулийг зөрчсөн, хуулиар олгогдоогүй эрхийг худалдагч эдлэх тохиролцоог хийж болно, тэрийгээ үндэслээд түрээсийн төлбөр нэхэмжилж болно гэсэн хэрэг огт биш.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд болон давж заалдах гомдолд гэрээнээс татгалзсан гэсэн нэг үг үсэг байхгүй бөгөөд анхнаасаа л бид гэрээг цуцласан тул гэрээний 4.1 дэх заалтын дагуу түрээсийн төлбөр нэхэмжилж байна гэдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс талуудын хооронд байгуулсан гэрээнд огт байхгүй хохирлын хэмжээг урьдчилан тохиролцсон тохиролцоог хийгдсэн мэтээр магадлалын үндэслэх хэсэгтээ дурдаж нэхэмжлэгчийг түрээсийн төлбөр биш хохирол зардал нэхэмжилсэн байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг нь өөрчлөн давж заалдах гомдлыг хангасан нь шүүх хэт нэг талыг барьсаныг харуулж байна....Шүүх гэрээний дээрх заалтуудыг яагаад хууль зөрчөөгүй гэж үзсэн талаар тайлбарлаагүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт худалдагч тал гэрээнээс татгалзах л эрхтэй. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1, 4.2.3 дахь заалтууд нь худалдагч тал гэрээг цуцлах, цуцласнаас үүсэх үр дагаврын асуудлыг зохицуулсан нь өөрөө хуульд байхгүй эрхийг худалдагч эдлэхээр зохицуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан үндэслэлийг үүсгэж байгаа болно.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь “Ш” ХК болон “Эбирдигм Монгол” ХХК-ийн хооронд түрээсийн гэрээ хийгдсэн гэж үзсэнтэй утга нэг юм. Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авагч нийт төлбөрийн 50 хувийг төлсөн тул 1 машины өмчлөх эрх “Ш” ХК-д шилжих ёстой байсан. Гэтэл шүүх хариуцагчийн төлсөн 1.2 тэрбум төгрөгийг түрээсийн төлбөр гэж тооцсон нь “Ш” ХК-ийн өмчлөх эрхэд халдсантай адил үйлдэл болсон. “Ш” ХК зээлээр тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээг байгуулан 1.2 тэрбум төгрөг төлсөн боловч өнөөдөр 3 машиныг “Эбирдигм монгол” ХХК-д буцаан өгч дээр нь 2.4 тэрбум төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй болж хоцорч байна. Энэ үр дагавар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд огт байгуулагдаагүй түрээсийн гэрээний төрлийг сонгосонтой холбоотой.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн 935 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Ш” ХК-д холбогдуулан гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөг, зээлээр авсан сэлбэгийн үнэ 90 353 955 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Улсын тэмдэгтийн хураамжид 12 862 942 төгрөг төлжээ.
Хариуцагч “Ш” ХК нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “зээлээр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах” гэрээний 4.1., 4.2.3. дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, худалдан авсан тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэхэмжлэгч зогсоосноос учирсан хохирлыг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн, хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус зөвшөөрөөгүй байна.
Үндсэн болон сөрөг шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхийн тулд шүүх аль аль шаардлагыг зөв тогтоож, эрх зүйн үндэслэлийг нь тодорхойлох учиртай.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь нэхэмжлэлдээ
-зээлээр худалдах-худалдан авах гэрээний зүйл буюу DA 40 маркийн нугасан холбоост буулгагч гурван ширхэгийг,
-дээрх эд хөрөнгийг ашигласан хугацааны түрээсийн төлбөр,
-зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан сэлбэгийн үнэ гаргуулах гурван шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх зөвхөн нэг буюу сэлбэгийн үнэ гаргуулах шаардлагад холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ \хх-ийн 64 дүгээр тал\. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн хоёр шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй атлаа хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч эд хөрөнгө, мөнгө гаргуулах хоёр төрлийн гурван шаардлага гаргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1., 63.1.2.-т зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан хэмжээгээр төлөөгүй байгааг анхаараагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1., 63.1.2.-т зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнг мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр, харин эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлдог байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гурван шаардлагаас зөвхөн сэлбэгийн үнийг буцаан гаргуулах шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн атлаа түрээсийн төлбөрийн талаарх шаардлагыг хянан шийдвэрлэжээ. Түүнчлэн, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг огт хянан шийдвэрлээгүй байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүйгээс гадна зохигчдын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээ цуцлагдах нь үндэслэлтэй гэж үзэж, гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа гэрээний зүйлийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох асуудлыг орхигдуулж, нэхэмжлэлийн нэг шаардлагыг мөн хянан шийдвэрлээгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдаа шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болно.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзжээ. Харин анхан шатны шүүх тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний 4.1.дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх уг заалтыг хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр, талуудын хүсэл зоригт үндэслэгдсэн хэлцэл гэж үзжээ. Түүнчлэн, хоёр шатны шүүх тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэх гэрээний дагуу зээлээр худалдан авсан сэлбэгийн үнийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн байна.
Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлээр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулж, DOOSAN DA40 нугасан холбоост буулгагч 3 ширхэгийг 2 490 642 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцжээ.
Худалдан авагч урьдчилгаа төлбөрийг худалдагч талд бүрэн төлж, тоног төхөөрөмж хүлээн авах актанд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж, худалдан авагч гэрээний үнийг бүрэн төлж, тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар гэрээ дуусгавар болохоор гэрээнд заасан байна \гэрээний 2.1.\.
Тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс хойшхи тээвэрлэлт, хулгай, бусад гэмт хэрэг, гал түймэр, байгалийн гамшиг, гэнэтийн осол, тоног төхөөрөмжийг ашиглах болон хадгалах үеийн бүх эрсдлийг худалдан авагч үл маргах журмаар хариуцна гэжээ \гэрээний 2.2.\.
Тоног төхөөрөмжийн нийт үнэ 2 490 642 000 төгрөг ба үлдэгдэл төлбөр болон хүү төлөх хуваарийг талууд гэрээний хавсралт №1-ээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 249 064 200 төгрөгийг тоног төхөөрөмжийг хүлээлцэхийн өмнө 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 4 хэсэгчлэн төлөх үүрэг худалдан авагч талд ногджээ \гэрээний 3.1.-3.3.\
Гэрээний төлбөрийг худалдан авагч тал гэрээний хавсралтад заасан хуваарьт хугацаанд төлөхгүй 7 хоног хэтрүүлбэл төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувийн алданги төлөх үүрэг хүлээжээ \гэрээний 3.4.\
Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох, нэг сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутамд 77 154 000 төгрөгөөр тооцохоор талууд тохиролцжээ. Ашигласан хугацаа гэдэгт тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс эхлээд худалдагчид буцаан өгөх хүртэлх хугацааг ойлгохоор гэрээнд заасан байна \гэрээний 4.1.\
Гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхийн тулд шүүх тухайн гэрээний нөхцөл бүрийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмын дагуу тайлбарлан, зохигчдын хоорондох маргаантай харилцааны төрлийг тодорхойлох, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтуудыг эрх зүйн үүднээс дүгнэх учиртай.
Хоёр шатны шүүх дээрх гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.1.-д заасан зохицуулалтыг шийдвэр, магадлалын үндэслэл болгожээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1., 263.2.-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгасан байх шаардлагатай.
Зохигчдын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлээр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний үнэ тодорхой бус тусгагдсан гэж үзэхээр байна. Тухайлбал, гэрээний зүйлийн үнийг 2 490 642 000 төгрөг \нэг төхөөрөмжийн үнэ 754 740 000 төгрөг, 3 төхөөрөмжийн үнэ 2 264 200 000 төгрөг, нөат 226 422 000 төгрөг\ гэж заасан боловч уг төлбөрийг төлөх хуваарьт \гэрээний хавсралт №1\ нийт төлбөр 2 685 810 202 төгрөг байна. Зээлээр худалдах-худалдан авах гэрээнд хүүгийн талаар тусгагдсан байх боловч хүүгийн хэмжээг тодорхой заагаагүй, хүүгийн хэмжээний талаар талуудын тохиролцоо бүхий заалт гэрээнд байхгүй байна. Хавсралтад заагдсан хүү, үндсэн төлбөрийн хэмжээ гэрээний үнийн дүнтэй нийцэхгүй байх ба төлбөр төлөх хуваарийг тусгасан гэрээний хавсралт №1 монгол хэл дээр хэрэгт авагдаагүй тул энэ баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзнэ \хх-ийн 18 дугаар тал\.
Хоёр шатны шүүх дээрх байдлын талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.
Зохигчид гэрээндээ тоног төхөөрөмжийн үнэ бүрэн төлөгдсөнөөр өмчлөх эрх худалдан авагчид шилжихээр тохиролцсон нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д заасан зохицуулалтад нийцжээ. Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилждэг байна.
Нөгөө талаар, талууд тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс хойшхи тээвэрлэлт, хулгай, бусад гэмт хэрэг, гал түймэр, байгалийн гамшиг, гэнэтийн осол, тоног төхөөрөмжийг ашиглах болон хадгалах үеийн бүх эрсдлийг худалдан авагч үл маргах журмаар хариуцахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7.-д заасан зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцдаг боловч гэрээний талууд өөрөөр тохиролцох боломжтойг хуульд заасан байна.
Гэрээний зүйл болох эд хөрөнгө худалдагчийн эзэмшил, ашиглалтад шилжсэн боловч өмчлөх эрх худалдан авагч талд хэвээр үлдсэн ба зээлээр худалдах-худалдан авах гэрээ цуцлагдаж, худалдагч эд хөрөнгийг буцаан авах тохиолдолд тухайн эд хөрөнгөд хэрэглэсэн буюу түүнд тавигдаж, эд хөрөнгийн нэг хэсэг болсон сэлбэгийн үнийг худалдан авагч төлөх эрх зүйн үндэслэлийн талаар талууд мэтгэлцээгүй, шүүх энэ талаар тодруулаагүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй учир хэргийн үүнтэй холбоотой нөхцөл байдал тодорхой бус үлджээ.
Зохигчид тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэх гэрээ \огноогүй\ байгуулж, DOOSAN, EVERDIGM үйлдвэрийн бүх бүтээгдэхүүний сэлбэгийг нэг сарын хугацаанд, 20 000 000 төгрөгийн хэмжээнд, 5 хувийн хямдралтай зээлээр худалдах-худалдан авах харилцааг зохицуулжээ. Уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг зохигчид 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, гэрээний үнийг 50 000 000 төгрөг болгон өөрчилсөн байна.
Шүүх дээрх гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэж, энэ гэрээний дагуу авсан сэлбэгийн үнийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэхдээ тухайн сэлбэгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа боловч худалдагчийн өмчлөлд хэвээр байгаа тоног төхөөрөмжид хэрэглэсэн эсэх, энэ тохиолдолд уг сэлбэг хэний өмчлөлийн эд хөрөнгө болох зэрэг асуудлыг эрх зүйн үүднээс дүгнээгүй байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлээс тоног төхөөрөмжийг буцаан авах шаардлагыг хоёр шатны шүүхийн алин нь ч шийдвэрлээгүй орхигдуулсан боловч нэхэмжлэгчийг гэрээг цуцлах эрхтэй гэж үзжээ. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог. Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж, гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлаж, хуулийн 205 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэдэг байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.
Шүүх зээлээр худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээр худалдан авагч гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд гэрээний зүйлийг худалдан авагчаас худалдагчид буцаан олгох асуудлыг түүний шаардлагаар шийдвэрлэх учиртай болно. Анхан шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан бол давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсаны шууд үр дагаврыг шийдвэрлээгүй атлаа гэрээ цуцалсанаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Нөгөө талаар шүүх гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч төлбөрөө төлөхгүй байсан тул нэхэмжлэгч “2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг унтраасан” гэжээ. Мөн нэхэмжлэлд ““Ш” ХК бидний эсрэг нэхэмжлэл гаргасан тул бид гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Хариуцагч “Ш” ХК-ийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “Э” ХХК нь зээлээр худалдах-худалдан авах гэрээг тоног төхөөрөмжийг унтрааж, ашиглах боломжгүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, эсхүл энэ хэргийн нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цуцалсан гэж үзэх талаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй байна. Гэрээний зүйл болох тоног төхөөрөмж хариуцагчийн өмчлөлд очоогүй харин эзэмшил ашиглалтад байсан тохиолдолд гэрээг цуцласан үйл баримтын үе тодорхой байх нь гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагаврыг тодорхойлоход ач холбогдолтой болно.
Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох тухай талуудын тохиролцооны талаар шүүх хангалттай бүрэн дүгнэлт хийж чадаагүй байна. Анхан шатны шүүх уг тохиролцоог хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх уг тохиролцоог худалдагчид учирсан хохирлын хэмжээг тогтоох агуулгатай хууль зөрчөөгүй хэлцэл гэж үзжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т заасан зохицуулалтын агуулгаас үзвэл хохирол гэх ойлголт зөвхөн гэм буруу байгаа тохиолдолд бий болдог байна. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бол нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол гэрээнээс татгалзсан тал хохирол шаардах үндэслэлгүй болно.
Зохигчдын тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний 4.1. дэх заалтад гэрээ ямар шалтгаанаар цуцлагдсан байхаас үл хамааран худалдагч нь худалдан авагчаас эд хөрөнгө ашигласан хугацаагаар түрээсийн төлбөр шаардах эрхтэй байхаар тусгасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т заасан шаардлагад нийцэхгүй юм. Харин ийнхүү гэрээний нэг нөхцлийг тодорхой бус тусгасан байдлыг тухайн тохиролцоог хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм. Тухайн нөхцлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмын дагуу тайлбарлах шаардлагатай болно.
Нэгэнт зээлээр худалдах-худалдан авах гэрээг худалдан авагчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шалтгаалан цуцлахад хүрч байгаа тохиолдолд шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6, 227 дугаар зүйлийн 227.1., 264 дүгээр зүйлийн 264.1., 264.2.-т зааснаар худалдагч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзэхээр байна.
Гагцхүү зохигчид гэрээний 3.4.-т гэрээний төлбөрийг худалдан авагч тал гэрээний хавсралтад заасан хуваарьт хугацаанд төлөхгүй 7 хоног хэтрүүлбэл төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувийн алданги төлөх үүрэг хүлээхээр заасан байхад нэхэмжлэгч “Э” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч “Ш” ХК-тай тохиролцсон арга хэрэгслийг буюу алдангийг шаардахгүй хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байна. Харин анз төлөхөөр тохиролцсон бол анзын тухайн төрлийг тооцож шаардах эрхтэй ба үүгээр өөрт учирсан хохирлыг нөхөх боломжтой болно.
Нөгөө талаар, гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох тухай талуудын тохиролцоо дан ганц гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг нөхөн төлөх агуулгатай гэж үзэх нь учир дутагдалтай байна. Гэрээ цуцлагдсан тохиолдолд худалдан авагчийн төлсөн төлбөрт түрээсийн төлбөр, эд хөрөнгийн элэгдэл хорогдол, засвар, сэлбэгийн зардал зэргийг багтаан тооцох зэргээр талууд тохиролцсон байгаа нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний худалдагчийн үүргийг түрээслэгчийн үүргээр солих агуулгатай гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3., 236.2.-т заасан үүрэг солисноор түрүүчийн үүрэг дуусгавар болох эрх зүйн зохицуулалт тухайн харилцаанд хамааралтай эсэх талаар дүгнэх шаардлагатай болно.
Түүнчлэн өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол дараа нь шинээр үүсэх үүрэг, гэрээний нөхцлийг талууд бодитоор тохиролцсон байхыг шаардана.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг алдаатай явуулж, хуульд заасан журмыг зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар дээрх алдааг залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00667 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 935 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 12 611 160 төгрөгийг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 12 481 373 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН