Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 135/2016/00900/И |
Дугаар | 001/ХТ2017/01098 |
Огноо | 2017-10-05 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2017/01098
Г.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч О-т холбогдох,
Гэм хорын хохирол 343 538 935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний нөхөр Б.Найдан бид 1991 онд гэр бүл болж өдгөө 6 хүүхдийн эцэг эх болж сайхан амьдарч байсан. 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр уг салбарын дарга болох Б.Энхбаяр ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй хөдөлмөр хамгааллын зааварчилгаа танилцуулалгүй хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй А-92 маркийн түлш агаарт ууршиж аюултай нөхцөл байдал үүссэн газарт дуудсан байсан. Түлшний агуулах хэсэгт байрлах 1000м3 багтаамж бүхий түлшний савнаас АИ92 маркийн бензиныг зөөврийн цахилгаан насосоор шатахуун тээвэрлэх машин руу шахах үед гал гарч уг газарт ажиллаж байсан Б.Найдан нь бүх биеийн нийт гадаргуугийн 40 хувийг хамарч түлэгдэж Улаанбаатар хотын түлэнхийн сэхээний тасаг руу шилжихэд 70 хувийг хамарсан түлэгдэлтэй байсны улмаас 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. О-, Дарханы салбарын дарга Б.Энхбаяр нар түүний ар гэрт өнчин үлдэж буй 5 насанд хүрээгүй хүүхдүүдэд өчүүхэн төдий ч санаачлага гаргаж санаа тавиагүйд бид туйлын гомдолтой байна.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан.Иймд Онцгой байдлын газраас Б.Найдангийн эмчилгээний зардалд зарцуулсан 13 948 830 төгрөг, оршуулгын зардалд зарцуулсан 16 390 105 төгрөг, нас барж хүнд гарз хохирол учирсан, насанд хүрээгүй 5 хүүхдийн маань ирээдүйд сурч боловсрох, 18 нас хүртэлх хугацааны зардалд 200 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол болоод өмгөөллийн хөлс, уг хэрэг Дарханаас Улаанбаатар хот руу шилжсэн учраас прокурор, мөрдөн байцаагч нар дуудах бүрт хэргийн материалтай танилцах гэж явсан зардал, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас алдагдал орсон нөхөн төлбөр зэрэгт 100 000 000 төгрөг, 60 сартай тэнцэх цалин олгох байсны 36 сартай тэнцэх цалин олгосны зөрүү 24 сартай тэнцэх цалин болох 13 200 000 төгрөг, нийт 343 538 935 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Онцгой байдлын ерөнхий газраас Б.Найданг үрийн агуулахын тоног төхөөрөмжийн механикийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэх үүрэг даалгавар тушаалыг амаар болон бичгээр өгөөгүй тухайн үед Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан иргэн Б.Энхбаярын бие даан гаргасан шийдвэр юм. Эмчилгээний зардалд зарцуулсан гэж нэхэмжилж буй 13 948 830 төгрөгийн тухайд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардлыг эмнэлгийн байгууллагад сарын хуваарийг үндэслэн урьдчилан төлж гүйцэтгэлээр дараа сарын 25-ны дотор тооцон олгоно гэж заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эмнэлгийн байгууллагын нөөцөд байхгүйгээс даатгуулагчийг хэвтэж эмчлүүлэх хугацаанд эмчилгээнд нь шаардлагатай, өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, ороох боох материалыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллага даатгуулагчид эм тариа, ороох боох материалын үнийг бүрэн нөхөн олгох үүрэгтэй. Мөн тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-т даатгуулагч Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан тохиолдолд зардлыг даатгалын сангаас төлнө гэж заасны дагуу харъяа даатгалын байгууллагаар төлүүлэх нь зүйтэй.Оршуулгын зардалд зарцуулсан 16 390 105 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.3-т заасан Оршуулгын тэтгэмж нь тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмжийн төрөлд багтдаг. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас уг зардлыг гүйцээн гаргуулах нь зүйтэй.Б.Найдан нас барж хүнд гарз хохирол учирсан тул гэм хорын хохирол учирсны төлбөрт 200 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 201409000551 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогчоос нэхэмжлэх нь зүйтэй байна. Сэтгэл санааны хохирол, өмгөөллийн хөлс бусад зардалд 100 000 000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж заасныг үндэслэн 17 397 460 төгрөгийн тусламж олгосон. Нийт 45 967 460 төгрөгийг түүний ар гэрт олгосон байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газраас 19 492 044 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 324 046 891 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч О- нь улсын тэмдэгтийн хураамж 255 410 төгрөгийг гаргуулж,Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар магадлалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад, “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 гэснийг 498.2 гэж өөрчлөн, 505 дугаар зүйлийн 505.1“ гэсэн заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамж 255 410 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийн сангийн орлогод оруулжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Дархан-Уул аймгийн нөөцийн салбарт 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр болсон асуудлыг хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хавтаст хэргийг нууцлалын зэрэгтэйгээр шалтгаалан иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй. Үүнээс шалтгаалан Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шатахууныг ачих үеийн галын аюулгүй байдал, алба хаагчдын хөдөлмөр хамгааллыг хариуцан ажиллахаар 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 61 дүгээр тушаалаар үүрэг хүлээсэн ерөнхий инженер Б.Галмандахыг эзгүй байх үед АИ-92 бинзенийг ачих үед хохирогч Б.Найданг ажиллуулах болсон шалтгаан нөхцөл, хохирогч өөрөө тухайн ажилд дадлага туршлагагүй байж оролцохыг зөвшөөрч, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын дүрэм журамтай танилцах арга хэмжээ аваагүй, өөрөө биечлэн галын аюултай нөхцөлд аюулгүй байдлыг хангаагүй пускатель худалдан авч, илт болгоомжгүй хандан, үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэх асуудлыг тодруулах, нотлох боломжгүй болсон. Энэ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илт болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэсэн заалтыг хэрэглэж, хэргийн бодит, үнэн байдлыг тогтоох боломж бүрдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой ...тохиолдолд нотлох баримтыг хэргийг оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг бодитой, үнэн зөв шийдвэрлэхийн тулд хоёр талын нөхцөл байдлыг бүрэн тодорхойлох арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг” гэж заасны дагуу О- нь аливаа гэнэтийн ослоос үүссэн гэм хор буюу хохирлыг барагдуулах үүргийг 2014 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр “МИГ даатгал” ХХК-тай 14/088 дугаар гэрээ байгуулан даатгалын үйл ажиллагаа явуулан шилжүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолын хавсралтад “Гэнэтийн ослын даатгал нь аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч, эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал” гэж заасны дагуу “МИГ даатгал” ХХК-иас Онцгой байдлын ерөнхий газрыг төлөөлөн, гэрээний дагуу гэм хор үүссэний хариуцлагыг бүхэлд нь хүлээн 24 000 000 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч Г.М-ын дансанд шилжүүлсэн байна.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол ...болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж заасны дагуу О- нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн А/238 дугаар тушаалаар нэхэмжлэгчид нас барагч Б.Найдангийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 17 397 460 төгрөгийн хохирлын нөхөн олговрыг ар гэрт нь өгсөн байна.Анхан шатны шүүхийн 343 дугаар шийдвэрт “Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас хохирол төлбөрт өгсөн гэх ... ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор 17 397 460 төгрөгийг, МИГ даатгал ХХК-иас даатгалын олговор 24 000 000 төгрөгийг тус тус хохирлын төлбөрт оруулан тооцох үндэсгүй болно” гэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх заалтыг буруу тайлбарлан ашигласан, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг хэрэглээгүй шийдвэр гаргасан байна.Давж заалдах шатны шүүхийн 76 дугаар магадлалд “Хөдөлмөрийн хуулийн дагуу 36 сарын тэтгэмж 17 397 460 төгрөг, даатгалын гэрээний дагуу “Миг даатгал” ХХК-иас 24 000 000 төгрөг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу 2 000 000 төгрөгийн тэтгэмж, тусламж өгсөн” болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон зохигчид энэ талаар маргаагүй болохыг дурдаж байна” гэж тусгасан ч Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ тайлбарлаагүй байгаа нь хэргийн нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О- нь хуульд заасан үүргээ биелүүлэн Б.Найдангийн эмчилгээний болон нас барснаас учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг 41 394 460 төгрөгөөр барагдуулсан байна.Иймд нэхэмжлэгч Г.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд нар нь Онцгой байдлын ерөнхий газраас учирсан гэм хорыг арилгуулах нөхөн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлж, гэм хор учирснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний үндэслэл бүхий залруулга оруулсан байна.
Нэхэмжлэгч Г.М-ын нөхөр Б.Найдан Онцгой байдлын Ерөнхий газрын Дархан-уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт механикаар ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, түлэгдэлтийн улмаас нас барсан байна. Нэхэмжлэгч Г.М- гэм хорын хохиролд 343 538 935 төгрөг гаргуулахаар Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр болон О-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа зөвхөн О-т холбогдуулжээ.
Хариуцагч О- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй маргахдаа нэхэмжлэгчид учирсан зарим хохирлыг талийгаачийн ажиллаж байсан байгууллагын хувьд арилгасан, эмчилгээний болон оршуулгын зардлыг холбогдох байгууллагаас шаардах боломжтой, шаардлагын зарим хэсэг баримтаар нотлогдоогүй гэж тайлбарласнаас гадна тухайн осолд гэм буруутай албан тушаалтан буюу Б.Энхбаяр гэм хорыг арилгах үүрэгтэй гэж мэтгэлцжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тодорхой тусгасан байх ба хяналтын шатны шүүх уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан нь гэм хор учруулсан этгээдийн хариуцлага хүлээх зарчмыг тодорхойлсон байна. Харин гэм хор учруулаагүй этгээд хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлүүдийн нэг нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д тусгагджээ. Тухайлбал, ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг байна. Түүнчлэн, мөн зүйлийн 498.2.-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй байна.
Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д зааснаар хуулийн 498.1., 498.2.-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч О- нь нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хэмжээгээр хохирсон гэж үзвэл гэм буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрх нь нээлттэй байна.
Нэхэмжлэгч нь талийгаачийн эмчилгээнд зарцуулсан зардлыг шаардсан байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлд хамааруулсан нь зөв болжээ.
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.-д зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардалтай холбогдох хэсгийг нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэл бүхий болсон ба шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН