Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 333

 

Б.Пүрэвбазарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Пүрэвбазарын өмгөөлөгч В.Ганболд,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлээр, Б.Пүрэвбазарт холбогдох эрүүгийн 201726010195 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Саарал адуу овогт Базаргочоогийн Пүрэвбазар, 1968 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Далангийн 1-6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт  заасныг журамлан 247 дугаар зүйлийн 247.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар түүний эдлээгүй үлдсэн 8 сар 10 хоногийн хорих ялыг өршөөж, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан, /РД: АЗ 68071115/,

Б.Пүрэвбазар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны орой 20-21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи охиндоо үг хэлж бай, өөрөөсөө хөгшин хүнтэй архи уугаад, хүний эд зүйл алга болгосон биз дээ” гэж хамтран амьдрагч С.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Пүрэвбазарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Пүрэвбазарыг ялтай байхдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвбазарыг 1 сар, 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Б.Пүрэвбазар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Пүрэвбазарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор  шийдвэрлэжээ. 

           

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхээс шүүгдэгч Б.Пүрэвбазарыг ялтай байхдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ял шийтгэсэн боловч баривчлах ялыг хаана эдлүүлэх талаар дурдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт “...ялтны ял эдлэх дэглэмийг зааж өгнө”, 297.5 дахь хэсэгт “шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ..., ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн байна. Иймд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “..., Б.Пүрэвбазарт оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилж эдлүүлэх” талаар нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байна ...” гэжээ.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Пүрэвбазарт оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилж эдлүүлэх” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах талаар дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.        

Ялтан Б.Пүрэвбазарын өмгөөлөгч В.Ганболд тус шүүх хуралдаанд тайлбартаа: “... Дээд шатны прокурорын эсэргүүцэл хуулийн шаардлагад нийцсэн байх тул хангаж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг асуудлыг энд ярьсан. Гэхдээ өнөөдрийн хуралдаанд энэ талаар ярихгүй. Гэсэн хэдий ч Б.Пүрэвбазар нэг нүд нь хараагүй, нөгөө нүд нь 20 см зайд байгаа зүйлийг мэдэрдэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Б.Пүрэвбазар ирэх бүтэн сайн өдөр баривчлах ялаа эдэлж дуусна. Түүнтэй уулзах гэж очиход хараагүй хүн тул довжоо руу унаж таягаа хугалсан. Хэдийгээр энэ асуудал ач холбогдолгүй ч хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэрээр өмнө ял эдэлж байсан ба ялаа эдлээд, хүмүүжээд гарсан. Хүндрүүлж үзээд байх шаардлагагүй...” гэв.                  

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Пүрэвбазар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны орой 20-21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи охиндоо үг хэлж бай, өөрөөсөө хөгшин хүнтэй архи уугаад, хүний эд зүйл алга болгосон биз дээ” гэж хамтран амьдрагч С.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Эрдэнэчимэгийн “... Б.Пүрэвбазар нь 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэртээ зодсон. Энэ өдөр үснээс зулгааж, баруун гарын эрхий хурууг арагш нь дарж, хойш нь гар дарсан чигээрээ түлхэж явсаар орон дээр дарж унагасан. Тэгэхээр нь би нуруунаас нь хазсан чинь чи муу намайг хазлаа гээд дахин үсдэж зодоод байхаар нь нөмгөн дээлтэй гарч гүйсэн. Замдаа ээжтэй нь утсаар ярьж хүүхдийнх нь талаар хэлсэн. Б.Пүрэвбазар нь би нүдгүй гээд тэмтчээд байдаг ч баруун талын нүд нь бага зэрэг хардаг тул намайг хөөгөөд зодоод байдаг. Утсаа нүдэндээ тулгаж байгаад дуудлага хийдэг. Мөн ганцаараа хаа сайгүй явдаг юм. Ер нь намайг удаа дараа зоддог байсан...” /хх-14-15/,

Гэрч Р.Больхүүгийн “... Тухайн өдөр хүүтэйгээ ярихад Чимгээгийн хүүхдэд оёдлын машин аваачиж өгчихөөд ирлээ. Одоо хуушуур хийж идэх гэж байна гэсэн. Гэтэл оройхон нь Эрдэнэчимэг залгаад бид 2 муудалцаад, Б.Пүрэвбазар намайг зодчихлоо. Би арай гэж гарч ирлээ. Нэг шил архи авсан байсныг нь би мэдсэнгүй. Хоол хийх гэж байхад архиа гаргаад уусан. Намайг шахаад байхаар нь би ганц, хоёр уусан гэж хэлсэн. Тэгээд удалгүй охиныхоо гэрт ирсэн байна гэж хэлсэн...” /хх-19-20/,

Гэрч А.Дэлгэрцэцэгийн “... 2017 оны 1 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед ээж залгаад “Базар ах чинь архи уучихаад ээжийг нь зодоод байна. Гараад явах гэхээр чи хүүхдүүд рүүгээ явах гээд байна уу” гээд гаргахгүй, арай гэж утсаа авчихаад ярьж байна. цагдаа дуудсан ирдэггүй. Чи цагдаа аваад ирэх үү, би энэ хаягийг хэлж мэдэхгүй байна гэсэн. Түүнээс 30-40 минутын дараа дахин залгаад “Баруун салааны автобусанд суугаад 1 дүгээр буудал дээр явж байна. Базар ах чинь гараад ирэх байх гэж айгаад нөмгөн дээлтэй явж байна гэхээр нь нэг хашаанд амьдардаг ээжийн дүү Энхтуяа эгчид өөрийнхөө куртикийг өгөөд автобусны буудал руу явуулсан. Тэгээд 102 дугаарт залгаж өөрийнхөө хаягт дуудлага өгсөн. Ээж маань их айсан байдалтай, нимгэн фудволк дээр гэр зуур өмсдөг дээлтэйгээ, баруун гараа тохойгоор нь  нугалаад барьчихсан, өвдөөд байна гэсэн ба харахад баруун гарын алганы ар хэсэг, долоовор, эрхий хуруу орчим, гарын бугуй нь хавдсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “тэр өдөр манайд ирээд явахдаа Б.Пүрэвбазар нь урд дэлгүүрээс тамхи авахдаа нэг шил Хараа нэртэй архи зээлснийг ээж орой гэртээ очоод мэдсэн гэсэн. Б.Пүрэвбазар нь тэр архиа задлаад ээжийг уу гээд загнаад байхаар нь хийж өгсөн архийг нь өөр аяганд хийчихээд уугаагүй гэсэн. Тэр орой Б.Пүрэвбазар нь ганцаараа архи ууж ээжид агсам тавин гарыг нь арагш өчиж дараад байхаар нь ээж түүний хаанаас нь ч гэлээ хазсан чинь чи муу намайг хаздаг новш вэ гээд орон дээр дарж унагаад боосон гэсэн. 2016 оны 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр охиныг тэднийд хонох гэж очиход ээжийг зодсон. 11-12 дугаар сард мөн ээжийг орон дээр багалзуурдаж дарсан гэсэн...” /хх-21-22/,

Гэрч С.Энхтуяагийн “... 2017 оны 1 дүгээр сарын 15-ны орой эгч залгаад “би энд хүнд алуулчих гээд байхад та нар чинь яагаад бүгд утсаа хаачихсан юм бэ, би хашааны буланд автобус хүлээгээд байж байна гэсэн. Тэгэхээр нь би Дэлгэрцэцэгийн гэрт ороод “ээж чинь нөгөөхтэйгээ муудсан юм шиг байна. Нөмгөн, нүцгэн наашаа ирэх гээд автобус хүлээгээд зогсож байна” гэж байна гээд тэдний хүүхдийг дагуулаад автобусны буудал руу очсон. Тэгэхэд Эрдэнэчимэг эгч улаан, хүрэн өнгийн дээл өмссөн, үс нь арзайсан автобуснаас бууж ирсэн. Тэгээд бид нар Дэлгэрцэцэгийн гэрт ирсэн. Удалгүй намайг цаад гудамжны дэлгүүрт ороход Б.Пүрэвбазар ирчихсэн зогсож байсан. Эгч маань “Б.Пүрэвбазар миний хурууг арагш нь дараад байсан гээд аль билээ хуруу нь хавдсан байсан. Өмнө нь нэг зодоход нүүр нь хөхөрсөн байсан. Б.Пүрэвбазар манай эгчийг 3 дахь удаагаа зодож байна...” /хх-23/,

Гэрч С.Алтан-Эрдэнийн “... 2017 оны 1 дүгээр сард орой намайг ажлаас ирэхэд хадам ээж гэрт ирчихсэн байсан ба Б.Пүрэвбазар зодоод, ээж нөмгөн, нүцгэн гүйж ирсэн гэсэн. Тэр үед ээжийн баруун гарын эрхий билүү долоовор хуруу хавдсан байсан. Мөн 2016 оны 9-10 дугаар сарын үед охин маань эмээгийндээ хононо гэж явчихаад ирэхдээ “өвөө архи уугаад, эмээг зодсон. Би болиоч гэсэн чинь намайг ална гэсэн” гэж хэлсэн...” /хх-24/,

Насанд хүрээгүй гэрч Д.Амаржаргалын “... 2016 оны 9 дүгээр сард эмээгийнх Баруун салааны эцэст байх үед намайг очиход өвөө архи уусан, согтуу байсан. Орой 21 цагийн үед би унтаж байгаад бие засах гээд босоход эмээ, өвөө 2 маргалдаж байсан. Эмээг сандал дээр сууж байхад өвөө үснээс нь зулгааж, гэрийн хойморт хивсэн дээр унагаад, гараа зангидаад толгой, нуруу руу нь цохиж, бөөр, нуруу руу нь өшиглөөд зодоод байсан. Би “өвөө боль л доо, гуйж байна” гээд уйлсан чинь “дуугүй бай, дуугүй болохгүй бол би чамайг эмээтэй чинь адилхан болгоно шүү” гэж загнасан. Эмээ бид 2 өвөөгөөс айгаад гэрээс гарсан чинь өвөө араас гарч ирээд эмээг газар унагаагаад хөлнөөс нь ойролцоогоор миний алхамаар 9 алхам газар чирсэн. Энэ үед хажуу айлын эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирээд эмээг өвөөгөөс салгасан. Тэгээд эмээ бид 2 гэрт орж унтаад, өглөө би эмээг дагаад ажил руу нь явсан...” /хх-25/,

Сэжигтэн Б.Пүрэвбазарын “... 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр С.Эрдэнэчимэг охиндоо оёдлын машин хүргэж өгмөөр байна гэхээр нь би хажуу айлын хүнийг гуйгаад бид 2 хамт А.Дэлгэрцэцэгийн гэрт хүргэж өгсөн. Тэднийд байж байхад А.Дэлгэрцэцэг “чи муу сохойсон амьтан, мөрөөрөө ээжид хань болоод байж байхгүй, хүн амьтанд янз янзын юм яриад байх юм. Чи муу манайд ямар юм ирлээ, одоо ямар болчихоод байгаа билээ” гэх мэтээр намайг харааж загнан, өөрийг нь 60 нас гарсан хөгшинтэй архи уусан гэж ах, дүү нарт нь хэллээ гэж уурласан. Би түүнд “За  А.Дэлгэрцэцэг минь больж үз. Муу үг хүнд амархан дуулдаж байгаа байлгүй дээ” гэж хэлээд Эрдэнэчимэгтэй гэртээ ирсэн. 17 цагийн үед бид 2 хуушуур хийж идье гээд махаа гаргачихаад, гэрт байсан 0.75 литрийн Хараа нэртэй архи задалсан. Энэ архиа хувааж уугаад хоолоо хийж идсэн. Тэр үед би “Дэлгэрцэцэг 20 гаруйхан настай байж 60 гарсан өвгөнтэй архидсан, бас өвгөний гар утас, мөнгө төгрөг алга болсон гээд хэл ам боллоо. Тэгээд чи цалин мөнгөө авч ирэхгүй, хүүхдүүддээ өгчих юм. Жил гаруй миний халамжийн мөнгөөр л болгож байна” гэж хэлсэн чинь Эрдэнэчимэг уурлаад охиныхоо гэр лүү явлаа гэсэн. Гадаа харанхуй болсон, хүйтэн байхад яаж Эрдэнэчимэгийг явуулхав гэж бодоод, таягаараа тэмтчин гэрийн хаалга руу очин хаалгаа халхлаад зогссон чинь Эрдэнэчимэг баруун шилбэ рүү өшиглөн, толгой руу 2-3 удаа цохин, гэрийн баруун хатавчинд байрлуулсан угаалтуур луу түлхэн, би хөл алдаж нуруугаараа угаалтуур луу унасан. Энэ үедээ Эрдэнэчимэгийн гараас татаад өндийн баруун гарыг нь сугандаа бугуйн дээрээс нь бариад гэрийнхээ хоймор руу зүтэгтэл Эрдэнэчимэг баруун талын мөрний доохно бондгор хэсгээс нь хазчихсан, тавихгүй байсан тул аргагүйн эрхэнд үснээс нь зулгаатал намайг хазахаа больчихоод нуруу, толгой руу баахан цохиж байгаад гэрээс гараад явсан ...” /хх-39-40/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Эрдэнэчимэгийн биед баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1893 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Ялтан Б.Пүрэвбазарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Пүрэвбазарыг ялтай байхдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвбазарыг 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсэн боловч баривчлах ял эдлэх дэглэмийн талаар дурдалгүй орхигдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвбазарт оногдуулсан 1 сар 15 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлал гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧИД                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН