Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 231

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Хохирогч Г.О, Ч.Р,

Иргэний нэхэмжлэгч П.Э,

Иргэний хариуцагч О.А,

Гэрч Ж.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал,

Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Е овогт О.Ст холбогдох эрүүгийн 201609000609 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Е овогт О.С, /РД: / Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч О.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

1.1 О.С нь Т.Н, Ч.Р нарыг залилсан гэх хэргийн тухай

2013 оны 8 сард П.Э, Ч.Р нар нь БНХАУ-аас 2 ширхэг амины орон сууцны барилгын хийц оруулж ирэн Дархан-Уул аймагт загвар болгон барихаар тохиролцсон.

Цаашлаад БНХАУ-аас амины орон сууцны хийцийн үйлдвэр оруулж ирэн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Уг загвар болгон барих 1 амины орон сууцыг Ч.Р өөртөө авах, цаашид хамтран ажиллах учраас тээврийн зардал, бусад зардлыг дараа харилцан тооцохоор тохиролцжээ.

Харин нөгөө 1 амины орон сууцыг Т.Нд үйлдвэрийн үнэ болох 54 сая төгрөгөөр худалдахаар болсон ба Т.Н нь уг байшингийн үнэд 27 сая төгрөг өгсөн байна.

2013 оны 8 дугаар сарын сүүлээр 2 ширхэг амины орон сууцны хийц Дархан-Уул аймагт ирсэн бөгөөд Ч.Р, Т.Н нарын байшин барих газар нь авто зам тавигдахаар болж хураагдсан байна.

Энэ үед Ч.Р нь О.Стай уулзаж Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол, Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай О.Сын эзэмшлийн газар дээр дээрх 2 амины орон сууцыг барихаар тохиролцжээ.

Т.Н нь байшин барих газаргүй болсон, захиалсан байшингийн хийц таалагдахгүй байна гэх шалтгаанаар уг хийцийг худалдаж авахаас татгалзсан ба О.С нь Т.Нгийн гэх барилгын хийцийг худалдаж авахаар Т.Нтай тохиролцсон болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.Сын өгсөн: Ч.Р, П.Э нар нь 2013 онд “газрын гэрчилгээ хүчингүй болчихлоо. Газраа чөлөөлж болох уу?” гэхээр нь би “болно” гээд Олон улсын худалдааны төвийн зүүн урд байрлах миний газарт барилгын материалаа буулгасан. Газар чөлөөлсний хөлсөнд 20.000.000 төгрөг төлнө гэсэн. Тэгээд Ч.Р, П.Э нар нь барилгын суурь хийх мөнгөгүй гэхээр нь би бүх зардлыг нь гаргаж байшинг барьсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Ч.Ргийн нэр дээр гарахгүй байсан ба Ч.Р нь намайг нэр дээрээ гэрчилгээг гаргаж, зараад дараагийн ажлыг хийе гэж хэлсэн учраас би үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Үүнийг Ж.М ч гэсэн мэдэж байгаа. Тухайн үед байшинг зараад ашгаа олоод явж байсан бол би өнөөдөр шүүгдэгч болоод явахгүй. Энэ хэрэгт улсын яллагч хэтэрхий нэг талд үйлчилж байгаа. Ч.Р нь уг барилгын цонх, будгийг хийгээд банкны зээлийн барьцаанд барьцаалах зөвшөөрлийг надад өгсөн учир “Чингис хаан” банкнаас зээл авсан гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Ргийн өгсөн: Тухайн үед иргэний нэхэмжлэгч П.Этай анх барилгын хийц оруулж ирээд нэг байшинг нь би, нөгөө байшинг нь Т.Н, Ж.М нар авахаар тохирсон. Тэгтэл уг барилгыг барих газар замын трасст орсон тул бид газаргүй болсон. Тэгтэл шүүгдэгч О.Стай тааралдаж уг барилгыг түүний газар дээр барихаар амаар ярилцсан. Тэгтэл Т.Н, Ж.М нар уг барилгыг мансарттай учир авахгүй гэдгийг хэлсэн. Тэд нар уг байшингаа О.Ст зарахаар тохиролцсон. Би дунд нь зуучилж өгөөгүй. Өөрсдөө О.Стай уулзаж зарахаар болсон байсан. Тэгээд уг барилгыг О.Сын газар дээр барьсан. Байшин барих зардлыг П.Э гаргахаар тохирсон. Би 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хас банкнаас 52.000.000 төгрөгийн зээл аваад иргэний нэхэмжлэгч П.Эт өгсөн. Үлдэх төлбөрийг дараа нь өгсөн. Байшингийн явц 50-60 хувьтай явагдаж байхад байшин миний нэр дээр бүртгэлтэй байсан. 2018 онд шүүгдэгчийн нэр дээр гэрчилгээ гарсан байсныг мэдсэн. Миний байшинг одоо буулгачихсан байгаа боловч би барилгын хийцээ буулгах газар байхгүй учраас би О.Сын газраас барилгын материалаа авахгүй байгаа. Би уг барилгын хийцийг оруулж ирсэн 54.000.000 төгрөг, банкны зээлэнд төлсөн хүү гээд нийт 65.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч П.Эын өгсөн: БНХАУ-аас барилгын хийц оруулж ирэхэд нэг барилгын үндсэн төлбөр 54.000.000 төгрөг болж байсан. Хохирогч Ч.Р 54.000.000 төгрөг, Т.Н 27.000.000 төгрөг тус тус өгсөн. Барилгын хийцийг оруулж ирэх гааль, тээвэрлэлтийн зардлыг би гаргасан. Тэгтэл Ч.Ргийн газар авто замын трасст орсон учраас газаргүй болчихсон. Тэгээд хохирогч Ч.Р шүүгдэгч О.С гэж хүний газар дээр барихаар боллоо гэж хэлсэн. Тухайн үед Ч.Р нь надад хэлэхдээ “шүүгдэгч О.С гэж хүн нь газрын үнэ гэж мөнгө авахгүй. Би зөндөө тус болж байсан учир зүгээр өгнө гэж хэлсэн” гээд суурийг цутга гэж хэлсэн. Тэгээд уг газарт байшингийн суурийг цутгуулсан. Хэнээр уг байшингийн суурийг цутгуулсан гэдгийг би мэдэхгүй. Барилгын суурийг цутгасны дараа би барилгын хийцийг угсарсан. Одоо би шүүгдэгчээс 47.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх тайлбар,

Гэрч Ж.Мгийн өгсөн: Манай нөхөр Т.Н бид хоёр иргэний нэхэмжлэгч П.Эт барилгын хийц захиалж, 27.000.000 төгрөгийн цалингийн зээл аваад төлбөрийг өгсөн. Гэтэл нөхөр бид 2-ын захиалсан барилгын хийцээс өөр хийц ирсэн. Тэгэхээр нь П.Эт энэ хийцийг авахгүй гэдгээ утсаар хэлсэн. Тэгтэл манай хашаанаас барилгын хийцийг П.Э нь О.Ст зарсан гээд аваад явсан байсан. Тухайн барилгыг хаана баригдаж байгааг судлаад нөхөртэйгөө хамт очиход шүүгдэгч О.Стай очиж уулзсан. Шүүгдэгч О.С нь уг барилгыг худалдаж авсан учир таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Иргэний нэхэмжлэгч П.Э нь “О.С таны мөнгийг өгнө” гэж хэлсэн. Шүүгдэгч О.С яг сарын дараа таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгч О.С ахаа, эгчээ гэрээ хийчихье гэж хэлсэн. О.Сын эгч нотариатч бөгөөд эгч дээр нь очиж гэрээ байгуулсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Т.Нгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тус тус өгсөн: ...Тухайн үед би газаргүй болчихсон учраас өөрийнхөө барилгын хийцийг О.Ст худалдсан. О.С нь 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд О.Сыг миний барилгын хийцийг яасныг тодруулж очиход Олон улсын худалдааны төвийн ард байшин барьж байсан. Ингээд О.Стай уулзаж мөнгөө авах гэтэл хойшлуулж эхэлсэн. 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдөр О.С нь надад 27.200.000 төгрөг төлнө гэсэн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Тэгтэл Г.О гэх хүн “О.С нь надаар барилга бариулсан бөгөөд цаад эзэн нь та өөрөө юм байна. О.С нь надаар зээл авахуулж өчнөөн өрөнд унагаачхаад одоо хүртэл мөнгөө төлөхгүй байна” гэж хэлэхээр нь би Г.Отай хамтарч цагдаад өргөдөл өгсөн. Би барилгын хийцийн 27.000.000 төгрөг, мөн цалингийн зээл авч барилгын хийц авсан тул хүү болох 6.842.100 төгрөг, нийт 33.842.100 төгрөгийг О.Саас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26, 91-92, 94-95, 2-р хх-ийн 10-11/,

Гэрч Д.Сийн өгсөн: Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн О.Сын мэдүүлгийн дагуу амины орон сууцны анхны бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээг олгохдоо өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, байшингийн план зураг, байшингийн 4 талын гэрэл зураг, тэмдэгтийн хураамжийн үндэслэн Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаарт бүртгэж олгосон... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34/,

Гэрч Ш.Цийн өгсөн: Би 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгэхдээ Эд хөрөнгө бүртгэгчийн ажиллах журмын 5 дугаар зүйлд зааснаар хамтран өмчлөгч өөрчлөх хэлцлийг нэг мэдүүлгээр авч болох тухай заасны дагуу бүртгэлийг хийсэн. Ингэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг, төлбөр төлсөн баримт, нотариатаар батлуулсан хамтран өмчлөгч нэмсэн болон хассан хэлцэл зэрэг холбогдох бүх бичиг баримтыг үзэж шалгаж, ямар нэгэн зөрчилгүй байсан учир гэрчилгээг гаргасан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35/,

Хохирогч Т.Н, шүүгдэгч О.С нарын хооронд байгуулсан “Т.Н нь О.Сын эзэмшлийн 15 дугаар багийн 7 дугаар хороололд байрлах газар дээр баригдсан амины орон сууцны барилгын хийцийн үнэд 27.200.000 төгрөг төлсөн. О.С нь 27.200.000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээнэ” гэх гэрээ /1-р хх-ийн 8/,

Гэрч Ж.М нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ХААН банкнаас 17.000.000 сая төгрөгийн цалингийн зээл авсан тухай барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 9-10/,

Гэрч Ж.Мн ХААН банк дахь 5046169694 дугаарын данснаас иргэний нэхэмжлэгч П.Эын ХААН банк дахь 5062043435 дугаарын дансанд 20.000.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 11/,

Улсын бүртгэлийн Ү-2003019769, Ү-2003016633 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг /1-р хх-ийн 33-74/,

Иргэний П.Эын БНХАУ-аас барилгын хийц оруулж ирсэн тухай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/,

Хохирогч Ч.Ргийн ХАС банкнаас авсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн баримтууд /4-р хх-ийн 16-42/,

Эрүүгийн 201709000332 дугаартай хэрэгт яллагдагч О.С, хохирогч Ч.Р нарын угсарсан барилга дээр ирж үзлэг хийв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 66-69/ зэргээр нотлогдож байна.

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн дүгнэвэл П.Э, Т.Н нарын хооронд, О.С, Т.Н нарын хооронд тус тус Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдаж, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Худалдаж, худалдах авах гэрээ гэдэг нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2 талын гэрээ юм.

Худалдан авагч тал болох Т.Н нь худалдагч тал болох П.Эаас байшингийн хийцээ хүлээж авсан боловч гэрээнээс татгалзах хүсэлтэй байгаагаа П.Эт мэдэгдсэн. Хэрэв 2 талын гэрээнд аль нэг тал гэрээнээс татгалзан бол өгсөн авснаа буцаах үүрэг үүсдэг. Гэтэл Т.Н, П.Э нар нь өгсөн авснаа буцаагаагүй байхад П.Э, Ч.Р нар нь О.Стай тохиролцож түүний газар дээр Т.Нгийн байшингийн хийцийг барих, улмаар О.С уг байшингийн хийцийг худалдаж авч үнийг Т.Нд өгөхөөр тохиролцсоныг Т.Н хүлээн зөвшөөрсөн байгаа тул О.С, Т.Н нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн болно.   

Шүүгдэгч О.С нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байхдаа өөрийн худалдан авсан амины орон сууцны хийцээр өөрийн эзэмшлийн газар дээр байшин барьж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан гэж үзэх үндэслэлтэй ба Т.Нг хуурч мэхлэн өмчлөх эрхэд нь халдсан гэж үзэх боломжгүй байна.     

Харин О.С, Ч.Р нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Тэдний хамтын ажиллагааны үр дүнд 120 метр квадрат амины орон сууц бий болсон бөгөөд уг амины орон сууц нь тэдний дундын өмч байна.

О.С нь Ч.Ргийн зөвшөөрөлгүйгээр 2013 оны 10 дугаар сарын 17-нд дундын өмч болох уг амины орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч “Чингис хаан” банкны барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийн зээл авч ашигласныг Ч.Р 2017 онд мэдсэн болох нь хохирогч Ч.Ргийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар /4-р хх-ийн 4-14/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч Ч.Р нь 2017 оны 5 дугаар сарын 23-нд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба О.С нь 2017 оны 7 дугаар сарын 03-нд “Чингис хаан” банкан дахь зээлийг төлж уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн болох нь 3-р хавтаст хэргийн 160 дугаар талд авагдсан албан бичгээр нотлогдож байгаа ба О.С нь Ч.Ргийн анхны шаардлагаар тэдний дундын өмч болох үл хөдлөх эд хөрөнгө дээр бүртгэгдсэн барьцааны гэрээг цуцалсан байна.

Шүүгдэгч О.Сын дээрх үйлдэл нь Иргэний хуульд заасан гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, гэрээний хариуцлагатай холбоотой бөгөөд Ч.Ргийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

1.2. О.С нь Г.Оыг залилсан гэх хэргийн тухай

Шүүгдэгч О.С нь хохирогч Г.От Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр нийт 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг нь өгнө гэж хэлэн 2 ширхэг амины орон сууцны суурийг хийлгэсэн. Улмаар Г.Оаар “Болор зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 30.000.000 төгрөгийн зээл авахуулан, үүнээс 20.000.000 төгрөгийг авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Хохирогч Г.Оын өгсөн: 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр О.С надтай уулзаж “10 ширхэг амины орон сууц барихаар барилгын материал оруулж ирж байгаа” гээд Олон улсын худалдааны төвийн ойролцоо газарт ирж үзүүлсэн. Тухайн газарт барилгын материалууд буусан байсан. Тэгээд би шүүгдэгчид итгэсэн. Барилгын ажлыг эхлүүлсэн. О.С нь зээл авъя гэхээр нь “Болор зоос” ББСБ-аас 1 амины орон сууцыг барьцаалж 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийн зээлийг авсан. Тэгээд шүүгдэгч надтай утсаар холбогдоод О.А эгчид мөнгө өгөх хэрэгтэй байна гээд 10.000.0000 төгрөгийг нэмж авсан. О.С, О.А нарт тус бүр 10.000.000 төгрөгийг өгсөн. О.А нь 2.000.000 төгрөгийг бага багаар цувуулж дансаар буцааж төлсөн ба баримтыг нь хэрэгт хавсаргасан гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч О.Агийн өгсөн: Би хохирогч Г.Оаас нэг ч төгрөг аваагүй. Хэн нь хэндээ хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Би өөрөө 10.000.000 төгрөг аваагүй. Мөрдөн байцаалтын шатанд 10.000.000 төгрөгийг хохирогч Г.От өгвөл миний дүүгийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзээд төлнө гэдгийг илэрхийлж байсан гэх тайлбар,

Мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Ш.Чийн өгсөн: Г.О нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө барьж байгаа Элит 30 айлын барилгын ажилд зарцуулах зорилгоор манай “Болор зоос” ББСБ-аас 20.000.000 төгрөгийн зээл авах өргөдөл өгсөн бөгөөд манай байгууллагаас судалгаа хийх явцад Г.О нь 10.000.000 төгрөг нэмж авахаар хүсэлт гаргасан. Ингээд бид судалж үзээд Г.От 30.000.000 төгрөгийн зээл олгосон. Тэгтэл Г.О нь зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлөлт хийж чадахгүй байсан бөгөөд нийт 12.503.333 төгрөгийг эргэн төлсөн. Энэ нь зээлийн хүү болон алдангид тооцогдсон бөгөөд үндсэн зээлээс төлөгдөөгүй. /1-р хх-ийн 100-101, 2-р хх-ийн 8-9/,

Гэрч Ж.Аийн өгсөн: Манай нөхөр Г.О нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Болор зоос” ББСБ-аас 30.000.000 төгрөгийн зээл авахад би зээлийн батлан даагчаар оролцсон. Тухайн үед О.С нь 10 ширхэг амины орон сууц бариад 1 орон сууцыг нь манай нөхөрт өгөхөөр тохиролцож хамтарч ажиллаж байсан. 20.000.000 төгрөгийн зээлийг өдөрт нь гаргуулаад 10.000.000 төгрөгийг нь О.С аваад явсан. Маргааш нь О.Сын эгч О.Ад 10.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд нэмээд зээл авч, нийт 30.000.000 төгрөгийн зээлтэй болсон. О.С нь 10.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй, харин О.А нь хэд хэдэн удаагийн гүйлгээ дансаар 3.340.000 төгрөгийг буцааж өгсөн. Би дэвтэр дээрээ О.С болон О.А нараар мөнгөө төлнө гэсэн гар бичмэл бичүүлж авсан /1-р хх-ийн 102-103/,

О.С, Г.О нарын хооронд байгуулсан хэлцэл /1-р хх-ийн 20/,

Болор зоос ХХК-ийн мэдэгдэл, зээлийн гэрээний хавсралт /1-р хх-ийн 22-24/,

Хохирогч Г.От холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалын хуулбар /1-р хх-ийн 188-202/,

Шүүгдэгч О.Сын эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг хохирогч Г.Оын эзэмшилд бүртгэсэн тухай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, орон сууцны өмчлөх эрхээс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, үл хөдлөх хөрөнгийн холбогдох материал /1-р хх-ийн 206-213/,

“Монголын нотариатчдын танхим, бүртгэлийн дэвтэр, гэрээ, 2013 он 10 сар №5 гэсэн бүртгэлийн дэвтрийн 55 дахь хуудаст улаан өнгийн дугаарлагчаар 2013.12.16-ны өдөр гэсэн байх бөгөөд уг он, сар, өдрийн доор 1646 дугаарт О.С, Г.О нарт Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Дархан сум, 15 дугаар баг, 7 дугаар хорооллын 120 м2 амины орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл, 55 дахь хуудасны ар хэсэгт 1647 дугаарт О.С, Г.О нарт Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Дархан сум, 15 дугаар баг, 7 дугаар хорооллын 120 м2 5 өрөө амины орон сууцны хамтран өмчлөгчөөс нэмүүлэх хэлцэл гэсэн бүртгэл бүртгэгдсэн байв. Монголын нотариатчдын танхим, бүртгэлийн дэвтэр, гэрээ, 2013 он 12 сар гэсэн бүртгэлийн дэвтрийн 10 дахь хуудасны 1748 дугаарт О.С, Т.Н 27.200.000 төгрөгийн барилгын хийцийн үнийг төлөх тухай хэлцэл гэсэн бүртгэл бүртгэгдсэн байв” гэх бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 26-31/,

“Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “250 маркийн бетон зуурмаг 16.0 м3, ф13-ф22 маркийн арматур төмөр 2.0 тонн, цемент 1.0 тонн, ОХУ-д үйлдвэрлэгдсэн 150 мм-ийн хүчний кабел утас 180.0 метр зэрэг эд зүйлс нь 8.330.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 113-114/,

Шүүгдэгч О.Сын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг /1-р хх-ийн 134-150/,

Шүүгдэгч О.Сын нэр дээр бүртгэлтэй Ү-0000000000, Ү-0000000001 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг /3-р хх-ийн 153-179/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч О.С нь ...хохирогч Г.О дээрх 2 амины орон сууцны барилгын суурийн ажлыг хийгээгүй, би өөрөө хийсэн юм... гэж мэдүүлж мэтгэлцэж байгаа боловч эдгээр нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Шүүгдэгч О.Сын хохирогч Г.От Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр нийт 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг өгнө гэж хэлэн бодит байдлыг нуух замаар хуурч 2 ширхэг амины орон сууцны суурийг хийлгэн 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан, өөрийн өмчлөлийн амины орон сууцыг Г.Оын нэр дээр шилжүүлэн “Болор зоос” ББСБ-д барьцаанд тавиулан 30.000.000 төгрөгийн зээл авахуулж 20.000.000 төгрөгийг авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ст холбогдох 2013 оны 9 дүгээр сард хохирогч Т.Нг хуурч мэхлэн 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 11 дүгээр сард Ч.Рг хуурч, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар 54.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 9 дүгээр сар, 12 дугаар саруудад хохирогч Г.Оыг хуурч мэхлэн 28.330.000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 109.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн 201609000609 дугаартай хэргээс хохирогч Т.Нг хуурч мэхлэн 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 11 дүгээр сард Ч.Рг хуурч, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар 54.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохдоо ... тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба шүүгдэгч О.Сын 2013 оны 9-өөс 12 дугаар саруудад бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Г.От 28.330.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор  2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тогтоогдсон тул О.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч О.Сын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул тус хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.От 2 ширхэг амины орон сууцны суурийн ажлын 8.330.000 төгрөг, “Болор зоос” ББСБ-аас зээлсэн 20.000.000 төгрөг, нийт 28.330.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба О.Саас 18.330.000 төгрөг, иргэний хариуцагч О.А 10.000.000 төгрөгийг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Учир нь О.Сын авсан 20.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг иргэний хариуцагч О.А авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нь иргэний хариуцагчийн ...хохирогч Г.Оын нэг хүүхэд гадаадад байдаг. Тэр хүүхэд рүүгээ 10 сая төгрөг явуулсан. Харин эхнэртээ уг мөнгийг таныг авсан гэж хэлсэн учир та уг мөнгийг төлж байгаач гэж хэлээд хохирогч Г.О, шүүгдэгч О.С хоёулаа мөнгө авчирч өгдөг байсан. Тэр мөнгийг нь би Г.Оын эхнэр лүү шилжүүлдэг байсан ... гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Харин хохирогч Г.Оын “Болор зоос” ББСБ-аас авсан 30.000.000 төгрөгийн зээлийн хүү, алданги нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох бөгөөд шүүгдэгч, иргэний хариуцагч, хохирогч нар нь тус бүрд ногдох 10.000.000 төгрөгийн зээлийн хүү, алдангийг төлөх үүрэгтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хор уршгийг арилгах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох боломжгүй тул хохирогчийн нэхэмжлэлээс гэмт хэргийн хор уршгийг арилгах зардал бүхий нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ч.Р, иргэний нэхэмжлэгч П.Э нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч Т.Н нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн О.Сын эзэмшлийн 42 инчийн Тошиба загварын зурагт болон хөргөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ст холбогдох хэргээс Т.Нг залилж 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, Ч.Рг залилж 54.000.000 /тавин дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч О.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч О.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар шүүгдэгч О.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.Саас 18.330.000 /арван найман сая гурван зуун гучин мянга/ төгрөг, иргэний хариуцагч О.Агаас 10.000.000 /арван сая/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б овогт Г.О /РД:, утас: /-т олгож, хохирогч Ч.Р, иргэний нэхэмжлэгч П.Э нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Хохирогч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий зурагт, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хөргөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР