Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 347

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                                                                    

 

 

 

 

 

 

           З.Баасандоржид холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Алтанцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Ялтан З.Баасандорж, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ю.Баярсайхан нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон ялтан З.Баасандорж, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Баасандоржид холбогдох эрүүгийн 201625013864 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сартуул овогт Зандраагийн Баасандорж, 1988 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнүүн хотхоны 21-27 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ИЭ88012211/,   

 

З.Баасандорж нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнүүн хотхоны 21-27 тоотод эхнэр Б.Ганчимэгийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: З.Баасандоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Баасандоржийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар З.Баасандоржийг 12 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснааар З.Баасандоржид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар З.Баасандоржийн цагдан хоригдсон 138 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнжил нэг ширхэг, майк нэг ширхэг, түрсик нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Сууц Өмчлөгчдийн холбооны хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар З.Баасандоржоос 3.634.577 төгрөгийг гаргуулж Л.Оюун-Эрдэнэд, 12.409.000 төгрөгийг гаргуулж “Монгол даатгал” ХХК-д тус тус олгох, бусад зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд З.Баасандоржид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ю.Баярсайхан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “…Эрүүгийн 201625013864 тоот хэргийн хохирогч Ю.Баярсайхан, Л.Оюун-Эрдэнэ бид 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 181 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад доорх гомдлыг гаргаж байна.

Тус өдрийн шүүх хуралдаан дээр ялтан З.Баасандорж нь хэргээ хүлээхгүй, хохирогч биднийг басамжлан доромжсон байдалтай байж, халамжит сайн хань байсан мэтээр худал мэдүүлж бодит байдлыг гуйвуулсан мэдүүлэг өгсөн.

Миний талийгаач охин амьдралын төлөө хэрхэн зовж зүтгэж байсан талаар түүний ажлын хамт олны өгсөн мэдүүлэг, нас барахынхаа өмнө сэтгэл санааны ямар хүнд дарамтанд байсан болох нь нотлогдсоор байхад шүүх хуралдаан дээр З.Баасандорж худал мэдүүлж, түүнд шүүхээс 12 жил 8 сарын хорих ял оногдуулсныг хөнгөдсөн гэж үзэж байна. Хохирогч бид 2 ганц хайртай охиноо бусдын гарт алдаж амьдралын утга учраа алдаж, сэтгэл санаагаар унаж байхад охиноос минь үлдсэн 2 бага насны хүүхдийг асран хамгаалах үүрэг оногдсон. З.Баасандорж түүний ар гэрийн зүгээс 2 хүүхдэд ямар нэгэн зүйлээр тусалж дэмжсэн зүйл байхгүй. Бүр анхан шатны шүүх хурал болсны дараа төрсөн эх, эгч нар нь ирж биднийг үг хэлээр дарамталж, “гэмгүй явсан хүүхэд минь танай охиноос болж шоронд орлоо, шинжээч эмч, гэрч нар мөн танай өмгөөлөгч худал гүтгэлээ, эдгээр хүмүүст хуулийн хариуцлага тооцуулна” гэх мэтээр үг хэлээр доромжилж, удаа дараа дарамталж, бие сэтгэлээр хохирсон биднийг дарамтлан доромжилж байна.

Иймд ялтан З.Баасандорж нь үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, хохирогч бид нараас уучлалт гуйхгүй, хоёр сайхан үрээ бодсон ямар нэгэн алхам хийхгүй байгаа учраас оногдуулсан хорих ялыг хүндрүүлж өгөхийг хүсэж байна. Мөн З.Баасандорж түүний ар гэрийнхэн 2 хүүхдийн тэжээн тэтгэх талаар, оршуулгын зардлыг төлөх талаар санал санаачилга гаргахгүй байгаад бид маш их гомдолтой байна…” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйл байхгүй. Хэрэг болдог өдөр эхнэр “охин минь ухаан алдсан байна, яаралтай ирээрэй” гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор З.Баасандоржид оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Улсаас 2 хүүхдийн дунд 240.000 төгрөгийн тэтгэмж 18 нас хүртэл нь өгдөг юм байна. Бид нарын нэхэмжилсэн мөнгийг нэмэгдүүлж өгөх боломжтой болов уу гэж бодож байна. Хэрвээ тухайн мөнгийг авчихвал миний охины 2 хүүхдийн ирээдүйд хэрэгтэй байх” гэв. 

Ялтан З.Баасандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлсэндээ миний бие маш их гомдолтой байна.

Миний бие эхнэр Ганчимэгтэй гэр бүл болж, хоёр сайхан хүүтэй болж, орох оронтой, унах машинтай, бусад хүмүүсийн адил ирээдүйд итгэж, дундаж амьдралтай байсан. Гэтэл нэг л өдрийн дотор 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө амьдрал минь орвонгоороо эргэсэн үйл явдал болж, учир зүйг нь ч ойлгохгүй хар үүлэн хөшиг буух адил боллоо. Таалийгаач ханийхаа нас барсан учир шалтгааныг одоо ч би ойлгохгүй, итгэхгүй байна. Ойлгоё ч гэсэн мухардалд орж, хоёр хүүхдийнхээ ирээдүйд маш их санаа зовж, шүүхийн шийдвэрийг хэзээ нэгэн цагт үнэнийг олох байх гэж итгэж сууна.

Хэрэгт авагдсан материалаас хадам ээж Оюун-Эрдэнийн мэдүүлэгт байгаа манайд ирсэн цаг хугацаа, миний хаалга тайлсан үйлдэл, түүнийг орох байх гэж хүлээж зогссон үйлдэл, араас нь 1-2 минутын дараа утасдсан үйлдэл, түргэн тусламж дуудсан үйлдэл, эмчийг тосч дагуулж орж ирсэн үйлдэл бүгд үнэн зөв болсон үйлдэл мөн.

Гэтэл талийгаач эхнэрийнхээ хүзүүг дарж алсан гэсэн дүгнэлт итгэхийн аргагүй. Ийм үйлдэл хийх хэрүүл маргаан болох битгий хэл бид 4 /эхнэр, хоёр хүүхэд, би/ 2016 оны 11  дүгээр сарын 6-ны шөнө 21 цаг өнгөрөөд амар тайван, гэр бүлийн ам бүлээрээ, ганц орон дээрээ xaлуун дулаан, унтаж амарч байхад 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 07 цагийн үед хаалга нүдэх чимээнээр хамгийн захад унтаж байсан тул би босож хаалга тайлсан. Тэр үед хадам ээж минь гэрт орж ирсэн бол энэ асуудал бидний хувь заяа өөр байсан байхдаа гэж одоо хүртэл харамсах юм. Намайг хадам ээж явсны дараа эхнэрээ хоолойг нь дарж алсан гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Түргэний эмч ирэх үед нас барсан байна гэсэн үед л эхнэрээ өнгөрснийг мэдсэн.

Намайг хаалга тайлаад иргэж орондоо ороход намайг босоход яагаад дуугарахгүй байгаа юм бол гээд харахад л хүзүү нь хойшоо гэдийсэн, нүд нь эрээлжилсэн сонин болсон байсан шүү дээ. Тэгээд л би хадам ээж рүү утасдсан... Хүнийг нас барсны дараа үнэн худал нь мэдэгдэхгүй жижиг том нь хамаагүй муу болгох зүйлийг л гэрчлэх хүн олон гарч ирдэг юм байна даа. Би эхнэртээ нэг ч удаа гар хүрч үзээгүй, миний эхнэр ч муухай ааш зан авир байхгүй, сайн хань, сайн ээж байсан. Амьдралын шаардлага болон багшийн ажилдаа дуртай тул хадам ээж “та нарт тусалж хүүхдийг нь харж өгье” гэсэн тул эхнэр маань 9 сард ажилдаа орсон юм. Тэгээд ч цалингийн зээлтэй /байрны/ өр зээлээ хугацаанд нь төлье гэж ярилцаад ажилдаа орсон. Би огт ажилгүй суудаггүй ээ. Ямар л бол ямар л ажлыг хийж мөнгө олж амьдралаа хамт авч явсан. Хоёр талын ах дүүс ч бидний амьдралд нэг их санаа зовохгүй, санаа зовоох зүйл /хэрүүл, зодоон/ ч гаргалгүй амьдарч байсан. Энэ талаар гэрч нарын ихэнх нь үнэн зөв л ярьсан байна лээ. Миний бие эхнэрээ санаатай алсан зүйл ангийг зөвшөөрөхгүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нарийн шалгаж өгнө үү...” гэв.

Ялтан З.Баасандоржийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд үндэслэлтэй, бодитой, эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэн гаргах ёсгүй гэж үзэж байна. З.Баасандоржийг зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргасан №2016 дугаартай эргэлзээтэй, үндэслэл муутай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ганчимэгийн хүзүүг гаднаас дарж амь насыг хохироосон гэж таамагласан дүгнэлт хийж ял шийтгэсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг гарснаас хойш гэрч нарын болон хохирогчийн мэдүүлгүүд тодорхой хэмжээнд өөрчлөгдөж, хэт яллах талыг барьж явагдсан. Тухайлбал, гэрч Дүүрэнзул, Лхагважаргал нар 2016 оны 11 дүгээр сарын 7-нд өгсөн мэдүүлэгтээ /хх-54-56/ “...Нөхрөө зоддог гэж ярьж байсан удаа байхгүй, хамгийн сүүлд уулзахад Ганчимэг багш толгой өвдөөд байна гээд байсан, сүүтэй цай уудаг юм бил үү гэж ярьсан…” гэж байснаа 2016 оны 12 дугаар сарын 23-нд дахин гэрчээр мэдүүлэхдээ /хх-80-81, 82/ “…2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр нас барсныг мэдээд гэрт нь очиход хүү Цэрэнпунцаг нь гэнэт ярьж эхэлсэн, ээж ухаан алдсан, ааваас болж ээж ухаан алдсан тухай ярьсан…” гэж мэдүүлсэн. Хүү Б.Цэрэнпунцаг тэгэж ярьсан тогтоогдоогүй. Гэрч нар яагаад 2016 оны 11 дүгээр сарын 7-нд огт мэдүүлээгүй атлаа 2016 оны 12 дугаар сарын 23-нд мэдүүлэх болов. Хохирогч Л.Оюун-Эрдэнийн мэдүүлэгт шүүх цаг хугацаа болон хохирогчийн амь насыг хохироосон байж болох боломжийн талаар бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Хохирогч Л.Оюун-Эрдэнийн эхний мэдүүлэг З.Баасандоржийн мэдүүлэгтэй тохирдог. Түүний анхны мэдүүлгээр /хх-35-36/ “...2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 06 цаг 30 минутад Улиастайн эцсээс гараад 07 цагийн үед гэрээр нь ороход Баасандорж турсиктэйгээ босож хаалга онгойлгосон. Хүргэн хаалга онгойлгоод намайг ор гэсэн байдалтай байхад “би яарч яваа, явлаа” гээд журналыг өгчихөөд гарсан гэдэг. Хохирогч Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Баасандоржийн гэрээс гарч машинтайгаа явахад надруу утасдсан үед 500 метр л /офицеруудын ордны тойрог/ явсан байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, хэдхэн /2-3/ минутын дараа Баасандорж утасдсан нь тогтоогдсон. Офицеруудын ордны тойрог өнгөрөөд явж байтал З.Баасандорж утастаад “ээжээ яадаг билээ, хүрээд ирээ, Ганаа сонин болчихлоо” гэхээр нь очиход Баасандорж миний охиныг тэвэрчихсэн орон дээр сууж байсан. Би орон дээр хэвтүүлээд цээжин дээр нь 2-3 удаа дараад хиймэл амьсгал хийсэн. Баасандорж гарч түргэний эмч дагуулж орж ирсэн. Баасандорж нойрмог улаан нүдтэй юм турсиктэйгээ ирж хаалга онгойлгохоор нь журнал өгчихөөд явсан. Л.Оюун-Эрдэнийн мэдүүлэгт “Талийгаач охин их ядарсан үедээ толгой өвдөөд гэж хэлдэг байсан. Сүүлийн хоёр жил нүднийх нь хараа их муудаад байна гэж байсан.

Сүүлдээ З.Баасандоржийн хувийн байдлаас амь насыг нь хохироох харьцаатай байсан мэтээр нөхцөл байдлуудыг хэлсэн боловч тэр нь бодитоор цохиж зодсон гэх гэмтэл, эмнэлэгт үзүүлсэн гэх түүх, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн баримт хэрэгт байхгүй. Хохирогч Б.Ганчимэгийн биеийн эрүүл мэндэд 2016 оны 11 дүгээр сарын 4-нөөс 6-ны хооронд ямар зовиур илэрч байсан талаар гэрч нарын мэдүүлгийг анхаарч үзээгүй. Үүнд: Гэрч Дүүрэнзулын “...тэр өдөр 2016 оны 11 дүгээр сарын 4-нд толгой жаахан өвдөөд байна. Сүүтэй цай уудаг юм бил үү гэж ярьж байсан…” нь нотлогдсон. Энэ нь түүний тархи, түүний бүтцэд таталт өгч болох эмгэг процесс байсныг үгүйсгэхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй байх бөгөөд дүгнэлт гаргасан шинжээч нар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэхдээ “зүрх нь огч өвчингүй гэж ойлгож болохгүй” гэж мэдүүлсэн зүрхний эмгэг өвчинг үгүйсгээгүй боловч нарийвчлан шинжилгээ хийгээгүй гэж ойлгогдсон, мөн “хүзүүнд маш жижиг цус хуралт байсан /фото зураг №10, хх-12-14/ тул цэг мэт гэж бичсэн. Энэ цус хуралт нь хэлэн доорх ясны гэмтэлтэй холбоогүй гэсэн. Хэрэгт дуудлагаар очсон түргэн тусламжийн эмчийн талаар шалгалт хийгээгүй. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд нас бараад 6-8 цаг болсон байна гэх зүйл байдаг. цогцост задлан шинжилгээг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17-1810 цагт хийсэн ба энэ үед цогцост гарах өөрчлөлтүүд аль эрт илэрч нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй олон цагийн хэлбэлзэлтэй баримжаалж тогтоох болдог. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг хаалга тогшихоос хэдэн цагийн өмнө З.Баасандорж хохирогчийн амь насыг хохироосон гэж ойлгогдохоор цаг хугацааг дүгнэсэн. Магадгүй яаралтай түргэн тусламжийн эмчийн хуудсыг авч үзвэл хохирогч зүрх зогссон, хөшилт хөрөлт үүсээгүй байна гэсэн байвал нас бараад удаагүй байна гэж үзээд хэзээ энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна вэ гэдгийг нарийвчлан тогтоосон зүйл байхгүй байна. Шүүх хуралдаанд шинжээч эмч хэлэхдээ хохирогчийг зүрхний өвчингүй гэж ойлгож болохгүй гэх мэтчилэн зүрхийг нь нарийвчлан судлаагүй гол нь ховч яс хугарсан учраас нас барсан гэх дүгнэлт гаргасан гээд энэ талаараа тайлбар хэлсэн. Богино хугацаанд нас барах нь зүрхний оношлогдоогүй өвчнөөс болсон, эсхүл тархины эмгэг өөрчлөлтийн улмаас тархины хаван болон бусад байдлаар таталт өгөөд таталтын байдлаасаа болоод зүрхний үйл ажиллагаа зогсох зэрэг нөхцөл байдлууд байж болно. Үүнийг нарийвчилж шинжилсэн асуудалд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гарсан гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан цогцост үзлэг хийх үед авсан №9 дугаартай зурганд “баруун нүдний алиманд цус хурсанг харуулав” гэсэн зураг байна. Нүдний эвэрлэгийн /дугариг xap/ хоёр талд цайвар улаан шаргал толбо нэг түвшинд байна. Энэ нь зовхи хагас хаалттай үед салст нь хатахад үүсдэг лярщегийн нэртэй эрт үед буюу нас барснаас 2-3 цагийн дараа гардаг хаталтын шинж гэж үзэхээр байна. Үүнийг цус хурсан гэмтэл гэж андуурчээ гэж үзэж байна. Жолоо булчин болон ховч яс гэдэг нь хаана байрладаг яс болох нь энэ нь ямар үйлчлэлээр үүсдэг гэдгийн талаар анхаарч шалгах шаардлагатай ба шинжээчийн мэдүүлэг үндэслэлгүй байсан. Мөн баруун нүдний зовхи хөхөрсөн, цус хуралттай гээд гэмтэл гэж бичсэн. Фото зургийг үзэхээр гаднаас цохигдсон ямар нэгэн гэмтэл биш. Харин хүний биеийн онцлогоос хамаараад нүдний доогуур татсан зураг байсан. Гэтэл үүнийг цус хуралт гэмтэл хэд хоногийн өмнө үүссэн гээд бичсэн  байсан. 2-3 өмнө хохирогчийн нүд хохирсон эсэх гэрчийн мэдүүлэг байдаггүй.

Ийм учраас шинж тэмдэгийг буруу үнэлж дүгнэж алдаа гаргасан байх. Хэргийн газрын үзлэгээр цогцсын биед үзлэг хийхэд амьсгал бүтсэн гэх тод шинж тэмдэг илэрээгүй, тухайлбал, доош өтгөн шингэн гараагүй, ховч яс хугарсан, түүнийг багалзуурдаж үүсгэсэн гэвэл нүүр нь цэлдэн хөх болсон, хөөсөн, чинэрсэн, хүзүү багалзуурт хумсаар зулгаралт, хурууны өндөгний хэлбэр бүхий цус хурсан /хүзүүний 2 талд/, задлан хийхэд багалзуурын хэсэгт их хэмжээний цус хурсан, эсэргүүцэн, тэмцэлдсэн гэмтэл үүссэн гэх мэт зайлшгүй нотолгоот шинж илрэх ёстой. Шинжээчийн дүгнэлиийн эргэлзээтэй асуудлыг мөрдөн байцаалтын шатанд хүсэлтээр тавьсан. Харин прокурор бусад шалгах ажиллагааны хүсэлтүүдийг хүлээн аваад шинжилгээтэй холбоотой хүсэлтүүдийг нарийвчлан хүлээн аваагүй. Зөвхөн шинжээч нараас мэдүүлэг авахад шинжээч Чулуунбаатар “хүзүүнд цэгэн цус харвалт байсан” гэсэн. Гэтэл энэ цэгэн цус харвалт нь ховд ясны хугаралтай огт хамааралгүй юм. Хэлэн доорх яс болон жолоо булчин нэг түвшинд байрладаг юм гэж хэлсэн. Жолоо булчингийн хөлөнд цус хурсан гэсэн боловч ямар хэмжээтэй цус хурсан нь тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Чулуунбаатар “баруун нүдний зовхины цус хуралт нь шинэ цус хуралт юм” гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан зургийг харахад баруун нүдний зовхинд шинэ цус хуралт гэхээр зүйл байхгүй. Хүнийг багалзуурдаж алах гэж байвал эсэргүүцсэн тэмцэлдсэн ул мөр заавал байх ёстой. Гэтэл хохирогчийн бие цогцос болон хэргийн газрын үзлэгээр гэр, оронд ийм шинж тэмдэг огт байхгүй. Иймд шүүхийн шийдвэр таамагласан байдалд гарсан нь үндэслэлгүй юм. Мөн гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоогоогүй. Үйл явдал болон хохирогчийн биед учирсан гэмтэл нөхцөл байдал үнэхээр эргэлзээтэй байна. Баасандорж гаднаас хүн ирээгүй гэж хэлсэн учир Баасандорж л байж таарна гэсэн байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь хохирогч нарт буруу ойлголт төрүүлэх үндэслэл болсон. Залуу гэр бүлийн нэг хүн нас барсан нь үнэхээр харамсалтай боловч энэ хэргийн шалтгаан нөхцлийг нарийвчлан тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь дахин нэг гэр бүл сүйрч, эцэг нь хорих ял шийтгэгдэх хоёр хүүхдийн хувь заяаны асуудал яригдаж байна. Шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ю.Баярсайхан нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн материалтай танилцаад хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийн хүрээнд уг гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой нөхцөл байдал үүссэн талаар, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирол түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэх асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь өмгөөлөгчийн хувьд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар таамаглалд үндэслэж гаргасан зүйл байхгүй. Гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтүүдэд үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах гомдол, ялтан, түүний өмгөөлөгч нарын гаргаж байгаа тайлбараас харахад хохирогч талын гомдол арилах нөхцөл байдал байхгүй гэдэг нь харагдаж байна. Хохирогч талын хувьд ял шийтгэл хөнгөдсөн талаар бичсэн. Анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах зүйл нь хохирол төлбөрийн талаарх баримтыг бүрдүүлж өгсөн байдаг. Үүнээс оршуулгын зардалтай холбоотой 3.600.000 төгрөгийн баримтыг хангаад үлдсэн баримтуудыг хассан. Бусад баримтуудын хүрээнд талийгаачид ажиллаж байсан сургуулиас нь байрны зээл олгох нөхцөл бололцоогоор хангаж өгсөн. Тухайн байрны асуудлыг “Монгол даатгал” ХХК-иас зохих хэмжээний төлбөрийг өгөөд үлдэгдэл 5.562.000 төгрөг үлдсэн. Эдгээр хохирлын баримтуудыг үнэлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна” гэв. 

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Ялтны үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна гэж үзсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр З.Баасандорж нь гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, талийгаачийг байнга хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг байсан нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтэл нь хүзүү гаднаас дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас барсан гэдэг. Энэ нь талийгаачид учирсан гэмтлүүдтэй тохирсон гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмчийн өгсөн мэдүүлгээр дээрх ховч ясны хугарал нь гадны нөлөөлөл буюу хүзүү гаднаас дарагдсан үйлчлэлийн улмаас үүссэн. Жолоо булчингийн цус хуралт нь гадны нөлөөллийн улмаас хохирогчийн амьд байхад нь үүссэн гэх мэдүүлгүүдийг өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв. 

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

З.Баасандорж нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнүүн” хотхоны 21-27 тоотод эхнэр Б.Ганчимэгийн хоолойн дээр нь дарж, амьсгал бүтэлтэд оруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюун-Эрдэнийн “...Талийгаач Б.Ганчимэг нь миний 2 дахь хүүхэд байгаа юм. Би 1 охин 2 хүүтэй талийгаач ганц охин минь байсан болохоор маш их харамсалтай байна. …2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 06 цаг 30 минутад эмнэлэгт хэвтүүлэх хүнээ аваад Улиастайн эцсээс гэрээсээ гараад 07 цагийн үед гэрт нь нөгөө мартсан зүйлийг нь хүргэж өгөхөөр болоод нөгөө хүнээ машиндаа суулгачихаад тэдний хаалгыг тогшиход охин гарч ирэлгүй, харин Баасандорж турсиктэйгээ босож ирээд хаалгаа онгойлгосон. Би 2 ширхэг журнал өгчихөөд дотогшоо оролгүй шууд явсан. Тэгээд Офицеруудын ордны тойрог өнгөрөөд явж байтал Баасандорж утасдаад “ээжээ яадаг билээ, хүрээд ир, Ганаа сонин болчихлоо” гэхээр нь “юу гэнээ, яасан гэнээ” гээд л шууд дохиогоо өгч эргээд маш хурдан яваад очиход Баасандорж миний охиныг тэвэрчихсэн орон дээрээ сууж байхаар нь ингэж тэвэрч болохгүй гээд хойшоо орон дээр хэвтүүлэн цээжин дээр нь 2-3 удаа дараад хиймэл амьсгаа хийх гэтэл гар хөл нь мөс болж ам нь хүйтэн болчихсон, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь “яана аа, энэ чинь нас барчихсан байна шүү дээ, түргэн чинь яасан бэ” гэхэд Баасандорж гарч түргэний эмчийг дагуулж орж ирсэн. Эмч орж ирээд орон дээр нь чагнаж үзээд “болохоо байчихсан байна, юу ч байсан газар хэвтүүл” гэхээр нь “ээ дээ миний хүү бүх арга хэмжээгээ аваарай” гэхэд зүрхэнд нь тариа хийсэн, дараа нь нүдийг нь гэрэл тусгаж хараад “өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Тэгээд эмч гарч цагдаа дуудах шиг болсон. …Манай охин Ганчимэг үе үе Улиастайд ээж аавынхаа гэрт хоёр хүүхдээ авч ирдэг байсан. Тэр болгонд нь миний охин амьдрал ахуйгаа хэлээд байдаггүй ч гэсэн ээжийн хувьд царай зүсийг нь харахад нөхөр нь дарамталсан байдал ажиглагдаж байсан. Нэг удаа охиныг минь зодсон байсан. Нүүр нь хөхөрсөн байсан. Баасандорж гэртээ ганцаараа байнга шөнөжин компьютер тоглодог. Хааяа би гэрт нь очиж хүүхдүүдийг нь хардаг байсан. Тэгээд нэг удаа шөнө тоглоод байхаар нь “хүүе чи унтаач” гэхэд манай охин чимээгүй байж байснаа “таныг явсны дараа том хүү бид хоёрыг дарамтлаад байдаг юм” гэж хэлэхээр нь би дахин юм хэлэхээ больсон. Миний тухайд маш их гомдолтой байна…” /хх-35-36, 37-39-I/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баярсайханы “…2016 оны 11 дүгээр сарын 7-ний өглөө миний охин Ганчимэг гэртээ учир битүүлгээр нас барсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллага шалгаад гадны нөлөөтэйгээр нас барсныг нь тогтоосон. Миний охин Ганчимэг ямар нэгэн өвчин зовлонгүй эрүүл саруул хүүхэд байсан. Тэр гэрт талийгаач охин нөхөр Баасандорж түүний 5 настай хүү, 6 сартай хүү нар байсан. Гаднаас ямар нэгэн хүн орж гараагүй байхад надны нөлөөтэйгээр нас барсан нь нөхөр Баасандоржтой холбоотой гэж би үзэж байна. Тиймээс хоёрдогч хохирогчоор оролцож байна. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд 4.650.000 төгрөг гарсан. Түүнээс Баасандоржийн тал 2.325.000 төгрөгийг төлсөн. Одоо 4 сая төгрөг нэхэмжилж байна…” /хх-40-41-I/,

гэрч Б.Ган-Эрдэнийн “…Миний бие Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Жуковын урд талын буудлын баруун талд байх автомашин угаалгын газарт ажилладаг юм. Багцаагаар 21-22 цагийн үед шиг санаж байна, угаалгын газартаа байж байтал ногоон өнгөтэй “Приус-10” загварын машинтай, 30 орчим насны эрэгтэй, эхнэр 2 хүүхдийн хамтаар ирж машинаа угаалгана гэсэн. Би уг газар ажилд ороод 2-3 хонож байгаа учир өмнө нь үйлчлүүлж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би уг машиныг нь 30 орчим минут гадна талыг нь угаагаад үйлчилгээний хөлс гэж 10.000 төгрөг авсан. Намайг машин угааж байхад эхнэр нь хүүхдээ хөхүүлээд машиныхаа урд талд, ард нь том хүүхэд нь сууж байсан. Машинаас энэ гурван хүн гараагүй. Харин нөхөр нь болох залуу машинаасаа гараад машиныхаа тал талаас нь зургийг нь аваад байсан. Энэ залуу надаас машин хэдээр угаах бэ, бүтэн угаалга хийлгэвэл хэд бэ гэж л асуусан өөр юм хэлээгүй. Тэгээд гадна угаалга хийхээр болсон. Уг залуугийн бие болон сэтгэл санааны байдал хэвийн харагдаж байсан. Эхнэр нь надтай ямар нэгэн зүйл яриагүй. Манай угаалгын газарт камер байдаггүй…” /хх-51-52-I/,

гэрч Г.Отгонжаргалын “…Би талийгаач Ганчимэгтэй 1995 онд нэг ангид ороод найзууд болж анги дотроо дотно байсан юм. Бид сүүлийн 8-9 жил уулзаагүй байж байгаад сая 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Улиастай” бүрэн дунд сургуулийн 30 жилийн ойг угтсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр л уулзсан. Гэр орон амьдралынхаа талаар ярьж чадаагүй. Арван жилийн талаараа л ярьсан. 5 сартай хүүхэдтэй, том хүү 3 настай гэж байсан. Ганчимэг бол их дайчин шударга зантай. Уулзалт дээр бол их цоглог хөгжилтэй байсан…” /хх-53-I/,

гэрч Б.Оньгэрэлийн “…Би талийгаачтай хамт “Этүгэн” их сургуульд багшилдаг байсан. Талийгаачийг мэддэг болоод 6-7 жил болж байна. Энэ жилээс хамт нэг өрөөнд суух болсон. Талийгаач бол манай тэнхмийн эрхлэгч байсан. …Би талийгаачтай 2016 оны 9 дүгээр сараас хойш нэг тэнхимд орж хамт суух болсон. Өнгөрсөн 7 хоногт талийгаач аав, ээжийнхээ гэрээс буюу Улиастайгаас ажилдаа явж байсныг мэднэ. Яагаад гэвэл талийгаач лекц тараад л хол явах болохоор эрт яваад өгдөг байсан. 4, 5 дахь өдөр талийгаач ажлаа хийж чадахгүй нэг үйлдлээ олон дахин давтаж хийгээд гадаад дүр төрх нь болон хийж байгаа үйлдэл, биеэ авч яваа байдал нь их стрессдсэн байдалтай байдаг байсан. Шанаагаа тулж суугаад хичээлээ зааж чадахгүй дундаас нь гарч явж байсан. Өрөөндөө сууж байхад нь утас нь байнга дуугардаг. Нөхөртэйгээ ярьж байгаа бололтой “чамтай яриад байх юм байхгүй” гэж хэлээд хэд хэдэн удаа утсаа тасалж байсан. Харин дахин дахин эргэж залгаж байсан. Тэр үед талийгаач “чамтай ярих юм байхгүй, чи гэрээс авах юм байвал аваад яваарай” гэж хэлээд утсаа тасалж байсан. Ингэж утсаар ярьсны дараа талийгаач их хямарсан байдалтай шанаагаа тулаад орж гараад яваад байдаг байсан. 4 дэх өдөр хичээлээ зааж чадахгүй хичээлээ зогсоож байсан. Талийгаач ийм байдалтай байгааг миний хувьд 4, 5 дахь өдөр мэдэрсэн. Өмнөх өдрүүдийг бол би сайн анзаараагүй. Миний мэдэж байгаагаар талийгаач их зарчимч, ажилсаг, хариуцлагатай мундаг хүүхэд байсан. Олон хүн удирдаж байсан ч хүмүүстэй муудалцаж байгаагүй. Их даруу төлөв дотогшоо хүүхэд. Өөрийн хувийн амьдрал болон ар гэрийн амьдралын талаар хүмүүстэй яриад байдаггүй байсан. Нөхрийнх нь хувьд зүс харж байгаагүй. Манай залуу багш нар ярихдаа их хартай, зовоодог, амьдралд нь огт нэмэр болдоггүй гэж ярьдаг байсан. Талийгаач бага насны 2 хүүхэдтэй…” /хх-57-59-I/,

гэрч Б.Дүүрэнзулын “…Бид хоёр хүүхдүүдэд хоол хийж өгөөд бүгдээрээ ширээ тойроод сууж байхад талийгаач багшийн том хүү Цэрэнпунцаг “манай ээж ажил дээрээ очоогүй шүү дээ, ээж бурхны оронд очсон шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “чи яаж мэдэж байгаа юм бэ, ээж нь яасан юм бэ” гэж асуухад “бид 4 гэртээ хамт нэг орон дээр унтдаг юмаа, аав муухай тоглоом тоглоод, ээж аавыг загнасан, наад муухай тоглоомоо боль гэж загнасан чинь аав уурлаад тэгээд ээж бурхан болчихсон гэж хэлэхээр нь хамт байсан Лхагважаргал өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд бид хоёрын хоорондоо ярьсан яриаг бичсэн. Тэр бичлэг дүрстэй зөвхөн яриа байсан. Сүүлийн хэсэгхэн яриаг бид хоёр бичиж авсан. Түүнээс өмнө надад дээрхийг ярьж хэлсэн. Тэгээд ээж муухай хурхираад унтаад байсан. Ааваас болж ээж ухаан алдаж унасан гэж хэлсэн…” /хх-80-81-I/,

гэрч Н.Лхагважаргалын “…хүүхдийг харж байхад талийгаачийн хүү Цэрэнпунцаг ээжийгээ нас барсан гэдгийг гадарласан шинжтэй байсан. Дүүрэнзул бид хоёрыг анх ирэхэд “ээж яасан юм бэ” гэж асуугаад байсан. Тэр үед бид хоёр нэг их юм хэлээгүй.  Тэгсэн бэр эгч нь хүүхдүүддээ хоол унд хийж өгсөн. Талийгаачийн бага хүүг салхинд гаргаад ирье гээд гарсан. Дүүрэнзул бид хоёр хүүхдүүдээ ширээ тойруулаад хоол өгч байсан. Тэгсэн Цэрэнпунцаг гэнэт ярьж эхэлсэн. “ээж ухаан алдаад уначихсан, ааваас болж ээж ухаан алдаж унасан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр “яасан юм бэ, юунаас болсон юм бэ” гэхэд Цэрэнпунцаг хэлэхдээ “аав нэг муухай тоглоом тоглоод байсан, ээж наадахаа тоглоод болино шүү гэж хэлсэн. Тэгээд ааваас болж ээж ухаан алдаж унасан, тэгээд баахан түргэн дуудсан гэж ярьсан. Ээж бурхны орон луу явсан гэж хэлсэн…” /хх-82-I/,

гэрч З.Эгэлхандын “…Талийгаач манай төрсөн дүү Баасандоржийн эхнэр юм. 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 07 цаг 10 минутын үед дүү Баасандорж залгаад “эхнэр Б.Ганчимэгийн бие сонин болчихлоо, хурдан ирээрэй” гэж сандрангуй сонин хоолойгоор хэлэхээр нь “түргэн дуудсан юм уу” гэхэд “дуудсан” гэж хэлсэн. Тэгээд би “Хүүхдийн урлан бүтээх төв”-өөс гэрт нь 07 цаг 25 минутын үед иртэл түргэн ирчихсэн “тариа хийгээд 2-3 удаа амьсгал хийгээд нэмэр болсонгүй, нас барчихлаа” гээд бичиг хийж өгөөд “цагдаа дуудчихъя” гээд гарсан. Цагдаа ирэхгүй болохоор нь 102 дугаар луу 08 цаг 10 минутад ярьж дуудлага өгсөн. Хамгийн сүүлд манай ээжийн гэрийн гадаа таарсан. Би ээжийнхээс 18 цагийн үед гарч байхад гэр бүлээрээ ээжийнх рүү орж байсан. Би 21 цагийн үед ээжийнд ирэхэд талийгаач, нөхөр, хүүхдийн хамт гэрлүүгээ харьсан байсан. Гадаа тааралдахад эрүүл саруул явж байсан…” /хх-67-I/,

гэрч Р.Санжмятавын “…Манай дээд талын айл болох 27 тоотод залуу гэр бүл амьдардаг юм. Эхнэр нь их боловсролтой, соёлтой байрын хүүхэн байдаг юм байна лээ. Мэнд устай, ааш сайтай хүүхэд байдаг байсан. Нялх нярай хүүхэдтэй юм шиг байсан. Нөхөр нь өндөр томоотой бор залуу байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө уйлсан хайлсан чимээ гарсан гэсэн. Би их нойртой учраас унтсан байсан. Дараа нь хүмүүсээс сонссон. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар мэдэх юм алга. Ер нь чимээ шуугиан гарвал дуулддаг л юм. Одоо бол хүүхэд уйлах чимээ л гарах юм…” /хх-68-69-I/,

гэрч Н.Шуурайгийн “…2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр би гэртээ байгаагүй эмнэлэгт хэвтэж байсан юм. Намайг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлгээс гарч ирэхэд ажил явдал нь болсон гээд хүмүүс орсон гарсан байдалтай байсан. Ер нь бол чимээ шуугиан гарвал сонсогддог юм. Манайх 26 тоот хажуу айл 27 тоот гэж явдаг юм. 27 тоотод нэг машинтай залуу эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Нялх нярай хүүхэд уйлж байгаа сонсогддог юм. Залуу хүмүүс байж мэнд мэдээд өнгөрдөг юм. Түүнээс цааш мэдэхгүй. Өндөр биерхүү залуу байдаг юм. Эхнэрийг нь танихгүй. Ээж аав нь хааяа ирж харагддаг юм. Манайх коридор байсан хэсэгтээ битүүлж хаалга гаргасан тэгээд 27 тоотын хаалга онгойхоор манай хаалга давхар сонсогддог юм. Би тэр өдөр байгаагүй болохоор болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Ер нь намдуу чимээ дуулдаад байх нь гайгүй. Хааяа хүүхэд л уйлж байдаг юм. Үе үе чимээгүй болчихдог юм. Тэр үедээ байхгүй болчихдог байх. Залуу нь ганцаараа орж гараад байгаа харагддаг юм. Би уг байранд 3 жил амьдарч байна…” /хх-70-71-I/,

гэрч М.Гансүхийн “…Гачуурт 10-аас 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 08 цаг 15 минутын орчимд “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнүүн” хотхоны 21 дүгээр байрны 27 тоотод хүн нас барсан байна” гэсэн дуудлагыг хүлээн авч очиж шалгахад хаалга хаалттай, цоожтой байсан. Хаалгыг цохиход 30-35 орчим насны эмэгтэй хүн хаалга онгойлгосон. Хаалгаар нь явж ороод үүдний коридороор нь явахад нилээн хэдэн хүн ирсэн байсан. Хүүхэд тэвэрсэн эмэгтэй болон 4-5 хүмүүс ирсэн шахцалдаад зогсож байсан…” /хх-74-75-I /,

гэрч Б.Батжаргалын “…Баасандоржийг би багаас нь мэднэ. Эгч нартаа эрхэлсэн сонин ааш зантай, голдуу “Сега” тоглоом тоглосон хүүхэд байдаг байсан. Би сүүлийн 5 жилийнх нь асуудлыг яръя. Би анх төрсөн дүү Ганчимэгтэй маань найзлаад явж байна гэхэд дургүй л байсан. Дүүдээ ч хэлж байсан. Солонгос Улс руу явж ажил хийж байгаа гэхээр нь хүний газар очоод ажил хийж, амьдрал мэддэг болсон байхдаа гэж бодоод өнгөрсөн юм. Баасандорж маш муу санаатай хүн байгаа юм. Ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн ч гэсэн өөр хэн нэгэн рүү буруугаа чихдэг залуу. Тэр болгоных нь хэрүүл маргааныг бид үл тоож байсан. Том хүү нь ааваасаа их айдаг байсан. Бид нар том хүүхдээс нь асуухад “аавдаа их дургүй, айж байна” гээд байдаг байсан. Гэртээ байнга л компьютер тоглоом тоглоод байж байдаг хүн. Манайхнаас их хөндий байдаг байсан…” /хх-78-79-I/,

гэрч Г.Чимгээгийн “…Би Баасандоржийн ээж нь байгаа юм. Би болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 07 цаг өнгөрч байхад хүү Баасандорж утсаар яриад “ээжээ хурдан ирээрэй, эхнэр ухаан алдчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би охин Эгэлхандтай хамт Баасандоржийн гэр болох “Тэнүүн” хотхонд очсон. Намайг очиход талийгаачийг газарт хэвтүүлсэн түргэний эмч ирчихсэн цээжин дээр нь массаж хийгээд байж байсан. Тэгээд эмч нь нэг тариа хийсэн. Тэгснээ “одоо хэрэггүй зүрх нь зогссон байна” гэсэн. Тэгэхээр нь би талийгаачийг тэврээд хөлнөөс нь барьсан. Хөлнийх нь үзүүр хүйтэн байсан. Тэгээд бид нар уйлалдаад хажууд нь байж байсан. Би хүүгээ ийм хэрэг хийчихээд ээжийгээ дуудна гэж бодохгүй байна. Миний хүү халуун дулаан гэр бүлд өссөн. Миний хүү эхнэртэйгээ маргалдаж байгаагүй. Бид элэгсэг дотно байцгаадаг. 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баасандорж над руу залгаад “ээжээ сайхан хоол хийж бай, бид 4 яваад очъё” гэсэн. Хаана яваа юм бэ гэхэд тэмцээн дээр явж байна гэсэн. Тэгээд удалгүй манайд дөрвүүлээ ирсэн. Манайд 2 цаг орчим байж байгаад эхнэр нь яараад “Номин” орж хүүхдийнхээ хоол сүүг авъя гээд гарцгаасан. Миний хүү 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр арван жилийн сургуульд суралцаж 10 дугаар ангийг төгссөн. Баасандорж бол дөлгөөн даруухан ямар нэгэн зүйлд ул суурьтай ханддаг. Би 2 хүү, 4 охинтой юм. Талийгаач бол их даруу үг дуу цөөнтэй, хэр баргийн хүнтэй үг хэл яриад байдаггүй юм. Би өөрөө олон охидуудтай учраас их дотно байсан. Баасандорж эхнэрээ өмөөрөөд намайг загнаж л байсан…” /хх-83-84-I/,

гэрч Ю.Болдын “…Би талийгаач Ганчимэгийн аав Баярсайханы төрсөн дүү нь байгаа юм. Намайг бичиг үсэг сайтай юм байна гээд ламын хэлсэн болгоныг бич гэсэн учраас би бичсэн. Тухайн үед бид нар гадны нөлөөтэй нас барсан гэж мэдээгүй. Баасандорж лам ном уншиж байхад миний өмнө ирж суусан. Тэгэхэд хөл гар нь чичрээд сууж чадахгүй байсан ба би гайхаж л байсан…” /хх-85-I/,

гэрч Б.Батчулууны “…Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр нас барсан байна гэдгийг нь аав ээжээсээ дуулсан. Гэтэл гадны нөлөөтэйгээр нас барсан болж таарсан. Нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Ээж, ах хоёртой өмнө нь ярьж байгаад уйлсан гэсэн яасан гэж асуухад зүгээрээ би гэртээ 2 хүүхэдтэйгээ буцаж ирмээр байна гэсэн гэнэ лээ…” /хх-86-I/,

шинжээч эмч Д.Чулуунбаатарын “…Жолоо булчингийн цус хуралт нь гадны нөлөөллийн улмаас амьд ахуйд үүсгэгдсэн ер нь аливаа цус хуралт амьддаа үүсгэгдсэн гэмтэл байдаг. Ховч ясны хугарал нь гадны нөлөөлөл буй хүзүү гаднаас дарагдсаны улмаас үүсгэгдсэн гэмтэл юм. Ховч ясны хугарлын түвшин нь зүүн жолоо булчингийн цус хуралттай нэгэн түвшинд байгаа нь гадны ямар нэгэн үйлчлэлээр үүссэн гэдгийг батлаж байна. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Амь насны заалтаар эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тухайлбал зүрхэнд шууд бус массаж хийхэд хавирга хугарах хүндрэл гарч болдог. Тухайн талийгаачийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон ховч ясны хугарал гэмтэл нь яаралтай тусламж үйлчилгээний үед үүсэхгүй болно. Уушигны гэмтэл доорх ба зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалтууд, толбонууд нь амьсгал бүтэлтийн үед үүсдэг шинж тэмдгүүд юм. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт ир ирмэг бүхий зүйл /хутга, гэх мэт иртэй зүйл/ орохгүй бөгөөд бусад хатуу болон зөөлөн эд материалууд орж болно. Зөөлөн материалд тухайлбал уяа, оосор, бүс, даавуу гэх мэт. Хатуу эд материалуудад мод, чулуу, хүний гар гэх мэт орж болно…” /хх-104-106-I/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 дугаар шинжээчийн дүгнэлтэд “…1. Талийгаачийн цогцост ховч ясны хугарал, жолоо булчингийн цус хуралт, залгиур болон бамбай мөгөөрс орчмын булчин, зүүн бамбай булчирхайн цус хуралт, уушгины гялтан доорх ба зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, баруун нүдний доод зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Талийгаач B /III/ бүлгийн цустай байна. 4. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно. 5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь хүзүү гаднаас дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ. 7. Талийгаач 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 06 цаг 00 минутаас 08 цаг 00 минутын хооронд нас барсан байх боломжтой байна. 8. Талийгаачийн үтрээний арчдас шинжилгээгээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй…” /хх-88-92-I/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1172 дугаар дүгнэлтэд “…1. З.Баасандорж нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байна. 2. З.Баасандорж нь сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 3. З.Баасандорж нь гэмт хэрэг үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна. 4. З.Баасандорж нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.Баасандорж нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. 5. З.Баасандоржид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 6. З.Баасандорж нь хэрэг хариуцах чадвартай байна…” /хх-101-I/ гэх дүгнэлтүүд, талийгаач Б.Ганчимэгийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-193-204-I/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, З.Баасандоржид түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ю.Баярсайхан нар “…шүүхээс З.Баасандоржид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн…”, ялтан З.Баасандорж “…Миний бие эхнэрээ санаатай алсан гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…”, түүний өмгөөлөгч Э.Ганбат “…181 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч Б.Ганчимэг, шүүгдэгч З.Баасандорж нараас өөр насанд хүрсэн болон эрх зүйн чадамжтай хүн гэрт байгаагүй ба хохирогчийн биед “ховч ясны хугарал, жолоо булчингийн цус хуралт, залгиур болон бамбай мөгөөрс орчмын булчин, зүүн бамбай булчирхайн цус хуралт, уушгины гялтан доорх ба зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, баруун нүдний доод зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ш.Чулуунбаатарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, мөн гэрч Б.Оньгэрэл, Б.Дүүрэнзул, Н.Лхагважаргал нарын мэдүүлэг болон амь хохирогч Б.Ганчимэгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тэд хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай байсан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.Баасандорж нь хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Б.Ганчимэгийн хүзүү хоолойн дээр нь гараараа дарж, хохирогчийг амьсгал бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн амь хохирогчид учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн, энэхүү шинжээчийн дүгнэлтэд хэргийн оролцогчдоос ямар нэгэн гомдол, санал гаргаагүй байх тул шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэхээр байна.     

Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх ба шүүхээс тогтоол гаргахад шийдвэрлэвэл зохих асуудлуудыг бүрэн шалгаж шийдвэрлэсэн байна.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ю.Баярсайхан нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон ялтан З.Баасандорж, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ю.Баярсайхан нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон ялтан З.Баасандорж, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                                                         Н.БАТСАЙХАН

 

                                                                                        Д.МЯГМАРЖАВ