Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 368

 

Н.Отгондэлэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Н.Анхбаяр,

          Ялтан Н.Отгондэлэгийн өмгөөлөгч Г.Баяржаргал,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадмаагийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Отгондэлэг, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Отгондэлэгт холбогдох эрүүгийн 2016 2400 0854 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Найдан тойн овгийн Нямдаваагийн Отгондэлэг, 1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 63 дугаар тусгай сургуульд багш ажилтай байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн гудамж, 2-27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙЮ89041310/,

Н.Отгондэлэг нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын “Голомт” банкны салбарын баруун замд Г.Ганболдын эзэмшлийн “Тоёота Приус” загварын, 31-45 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Оюунсанааг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Н.Отгондэлэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Отгондэлэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Н.Отгондэлэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаатай хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Н.Отгондэлэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Отгондэлэгийн /Н.Отгонцэцэгийг/ 802345 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг НШШГА-р дамжуулан Замын цагдаагийн лицензийн төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Отгондэлэгээс 2.423.600 төгрөгийг гаргуулж Ц.Бадмаад олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Отгондэлэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирол төлсөн баримт нь дээр хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасанд миний зүгээс гомдолтой байдаг. Надад холбогдох хэрэг дээр хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2.148.780 төгрөгийн баримт гаргаж өгсөн байдаг. Би өөрийн гэм буруутайдаа маргах зүйл байхгүй тул анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө “Хаан” банкны дансаар 3 удаагийн шилжүүлгээр 800.000 төгрөг, өмгөөлөгчөөр дамжуулан 1.300.000 төгрөг, Чимгээ гэгч хүний /хохирогчийн нэр заасан данс/ дансаар 400.000 төгрөг, мөн баримтгүйгээр 330.000 төгрөгийг тус тус өгсөн бөгөөд хохирогчийн ээж Ц.Бадмаад мөн баримт үйлдэж 500.000 төгрөг хүлээлгэн өгч байсан. Баримтгүй мөнгөн дүн нь 2.900.000 төгрөг болж байна.

Шүүх энэ мөнгөн дүнгээс зөвхөн 1.800.000 төгрөгийг тооцсон. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр 2.400.000 төгрөгийн баримт шууд гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад шинэ баримтын дагуу хохирлын мөнгө нөхөн төлөх бололцоо байгаагүй юм.

Анхан шатны шүүхийн шүүгч шийтгэх тогтоолыг надад тайлбарлаж ойлгуулахдаа “хэдийгээр санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэгт анх удаа холбогдсон, урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн ч хохирлын мөнгөө бүрэн төлөөгүй байгаа нь хорьж шийтгэх үндэслэл болж байгаа” гэж тайлбарлаж ойлгуулсан. Би хоригдохоосоо өмнө Ерөнхий Боловсролын тусгай 63 дугаар дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл зааж хөдөлмөрлөж байсан. Одоогийн байдлаар сургуулийнхаа захиралд үнэн байдлаа ойлгуулж түр ажлын байрны орон тоогоо хадгалуулсан. Хохирогч О.Оюунсанаагийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Мөн ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийж хохирогч О.Оюунсанаагийн эмчилгээнд цаашид гарах зардлыг төлөх зорилготой байгаа.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах ял шийтгэлээр сольж надад ажил хөдөлмөр эрхлэх, цаашид хохирогчийн эрүүл мэндэд зохих анхаарал тавих нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Н.Отгондэлэгийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 218 дугаар зүйлийн 218.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг биечлэн оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх эс зөвшөөрч хүсэлтийг гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. Хохирогч О.Оюунсанаа нь хэрэг болох үед гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл авсанд өмгөөлөгч, шүүгдэгч нарын зүгээс маргахгүй боловч шүүх хуралдаан болохоос 4 сарын өмнө эрхэлсэн ажил хөдөлмөрөө албан ёсоор гүйцэтгэж байгаа хүнийг биечлэн шүүх хуралдаанд оролцуулж хэргийг бодит байдлыг тогтоолгох өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлт хуулийн дагуу байсан гэж үзнэ

Үүнээс гадна прокурорын үйлдэж шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт тавьсан боловч мөн гомдол гаргах эрхгүйгээр шүүх шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж дүгнэхээс өөр аргагүйд хүрч байна.

2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр үйлдэж шүүхэд ирүүлсэн 31 тоот яллах дүгнэлтэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан “:..учруулсан хохирлын талаар огт дурдаагүй...”, 31 тоот яллах дүгнэлтийн хавсралтын 2 дахь хэсэгт “...яллагдагч Н.Отгондэлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадмаагаас нэхэмжилсэн хохирлын төлбөрийг төлж барагдуулаагүй болно...” гэж ойлгомжгүй үнийн дүнтэй хавсралт үйлдсэн нь шүүгдэгч өөрийн гэм буруутай байдал, хохирлын хэмжээгээ тодорхой нөхөн төлж барагдуулах тал дээр тодорхой үйлдэл хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал бүрэн хамрагдах бололцоог хаасан гэж үзэж байна.

Хавтаст хэргийн материалд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс /хх-22/ 2.148.780 төгрөгийн 42 ширхэг баримт хавсаргагдсан.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс /хх-142/ 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр буюу Мөрдөн байцаалтын хугацааг 1 дүгээр удаа сунгах тогтоол /2017 оны 1 дүгээр сарын 13/ үйлдэхээс өмнө өгсөн төлбөр төлсөн “Хаан” банкны шилжүүлэг, бусад баримтуудад прокурорын зүгээс болон шүүхээс ямар ч үнэлэлт дүгнэлт өгөлгүй эмчилгээний зардалд төлсөн мөнгөн дүнгээс хасаагүйг ойлгохгүй байна.

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 173 тоот шийтгэх тогтоолд ямар учраас төлбөр төлсөн баримтыг үнэлж дүгнээгүй, дурдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан “...Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ...” гэсэн заалтыг зөрчсөн учир шийтгэх тогтоолыг гаргахдаа хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын явцад “Тоёота Приус” загварын, 31-45 УБС улсын дугаартай автомашины эзэмшигч Г.Ганболдыг иргэний хариуцагчаар татсан боловч иргэний хариуцагчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн болохыг хавтаст хэргийн материалд болон шийтгэх тогтоолд огт дурдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Энэ талаар 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 15 тоот тогтоол, тайлбарт тодорхой дурдсан байдаг.

2. Үйлчлүүлэгч Н.Отгондэлэг нь хэдийгээр Нийслэлийн Ерөнхий Боловсролын 63 дугаар тусгай сургуульд багшаар ажилладаг боловч хэл ярианы хөгжил муутай, аймтгай зантай хүн гэдэг нь хувийн байдлыг нь тогтоосон гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой болдог. Энэ байдлаасаа болж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өөрийн санаа бодлоо бүрэн дүүрэн гаргаж чадаагүй боловч гэм буруутай байдлаа ухамсарлан ойлгосон, цаашид ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийж, хохирогчийн бие, эрүүл мэндийн тал дээр анхаарах хүсэлт зорилготой байдаг.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед хохирлын баримтыг шүүхэд нэмж гаргаж өгсөн тул миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн баримтад тусгагдсан эмчилгээний нэмэлт зардлын мөнгөн дүнг шууд төлж барагдуулах хугацаа болон боломж байгаагүй. Хохирогчийг эмнэлэгт хэвтсэн цагаас эхлэн миний үйлчлүүлэгч болон түүний ар гэрийнхэн боломж бололцоогоороо эргэж, тухай бүрд нь шаардлагатай зардлыг нь бэлнээр болон бэлэн бусаар өгч байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын огнооноос харагддаг.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч 173 дугаар шийтгэх тогтоолд дурдсан мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан.

3. Өмгөөлөгчийн зүгээс Н.Отгондэлэгт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт эсхүл анхан шатны шүүхэд буцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан заалтуудыг зөрчсөн байдлуудыг арилгуулах гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч дээрх давж заалдах гомдлоо өөрчилж Н.Отгондэлэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хохирлыг төлж барагдуулсан, мөн ялтны хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгэж  өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадмаагийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Оюунсанаагийн өвчин нь илааршаад ажилдаа орсон, давж заалдах гомдлуудтай танилцсан, маргах зүйл байхгүй, давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд уламжилж байна...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Н.Отгондэлэг нь шийтгэх тогтоолд дурдагдсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

          Н.Отгондэлэг нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансрын “Голомт” банкны салбарын баруун замд Г.Ганболдын эзэмшлийн “Тоёота Приус” загварын, 31-45 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Оюунсанааг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч О.Оюунсанаагийн “...Би осол хэрэг гарсан тухай үнэхээр санахгүй байна...” /хх-13-14/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадмаагийн “...Осол гарсан талаар 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр буюу осол хэрэг гарсны маргааш нь мэдсэн. Аав нь над руу залгаад “охин маань гэмтэл дээр байна” гэж ярьсан. ...Гэмтэл дээр ирэх үед манай охин ухаангүй сэхээнд байсан...” /хх-59-60, 124-126/,

            Гэрч Г.Тэмүүжингийн “...ард “түс, тас” хийх чимээ гарахаар нь эргээд хартал саарал өнгийн автомашин хүн мөргөсөн байдалтай, мөргүүлсэн хүн нь зам дээр хэвтэж байсан. Үүнийг хараад бид нар туслахгүй бол болохгүй гээд очиход жолооч нь 20 орчим насны залуу шоконд орчихсон жолооныхоо ард суугаад байсан. Ингээд жолооч автомашинаас бууж ирсэн, явган зорчигч зам дээр доошоо харсан байдалтай, толгойноос нь цус гарчихсан байсан. ...Явган хүний гарц байсан. Явган зорчигч явган хүний гарцаар гарч байгаад автомашинд мөргүүлээд шидэгдсэн байсан...” /хх-61-62, 165/,

            Гэрч Ш.Ариун-Эрдэнийн “...Би 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр А-2 чиглэлд үүрэг гүйцэтгээд шөнө 00 цаг өнгөрч байхад АТ-1-ээс Сансарын Баянцээлийн хажуу замд “Тоёота Приус” загварын автомашин хүн мөргөсөн байна гэсэн дуудлага хүлээн авч осол, хэрэг гарсан газарт очсон. Очих үед “Тоёота Приус” загварын, 31-45 УБС улсын дугаартай автомашин явган зорчигч эмэгтэйг мөргөсөн байдалтай байсан...” /хх-160/,

            Гэрч Ч.Ганбаатарын “...Сансарын Баянцээлийн хажуу замд “Тоёота Приус” загварын автомашин хүн мөргөсөн байна гэсэн дуудлага хүлээн авч осол гарсан газарт очсон. “Тоёота Приус” загварын, 31-45 УБС улсын дугаартай автомашин явган зорчигч эмэгтэйг мөргөсөн байдалтай байсан. Үзлэг хийх үед явган зорчигч эмнэлэг явсан, жолооч хэргийн газарт байсан...” /хх-161/,

            Гэрч Ё.Отгончулууны “...Осол хэрэг гарсан тухай маргааш өглөө нь 11 цаг өнгөрч байхад мэдээд Гэмтлийн эмнэлэг дээр очиж анх охиноо харсан. Тэр үед ажлын газрынх нь хүмүүс ирчихсэн, манай охин ухаангүй, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. Хэрэг гарсны дараа ухаангүй байсан ба хагалгаа хийлгэсний дараагаас ухаан санаа нь орон гаран солиорлын байдалтай байсан. Тэгээд одоо ой санамж нь муу, нүд чих нь байнгын өвдөлтийн байдалтай байдаг болсон. Эмнэлгээс гарах үед нь баруун талын хөл нь мэдээгүй болсон байсан ба энэ тухай тэр үед л мэдсэн...” /хх-162-163/ гэх мэдүүлгүүд,               

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...хохирогч О.Оюунсанаагийн биед баруун чамархайн ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, суурийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, хагалгаа хийж цусан хурааг авсан байдал, баруун чамархайн хуйхны шарх, зүүн өвдөгний үений шарх, 2 тохойн зулгаралт, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна...” гэсэн 13484 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-74-75/,

            Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 31-45 УБС улсын дугаартай, “Тоёота Приус” загварын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Ганбатын Ганболдын эзэмшлийн “Тоёота Приус” загварын саарал өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 31-45 УБС улсын, NHW200016157 арлын дугаартай суудлын автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14.10 цагаас 14.25 цаг хүртэл MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь тухайн осол хэрэгт нөлөөлөхгүй гэж үзэж байна. Харин зүүн урд их гэрэл асахгүй байгааг ослын өмнө, хойно үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэсэн 16/45617 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-69-73/,

         Техникийн шинжээчийн “...”Тоёота Приус” загварын, 31-45 УБС дугаартай автомашины жолооч Н.Отгондэлэг нь Замын Хөдөлгөөний Дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч О.Оюунсанаа нь Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн 678 тоот шинжээчийн дүгнэлт /хх-78-80/,     

         Шүүх сэтгэц эмгэг судлалын “...О.Оюунсанаа нь сэтгэцийн хувьд тархи доргилтын дараах хам шинж, өмнөх хэсэгчилсэн ойгүйдэлттэй байна. О.Оюунсанаагийн тархи доргилтын дараах хам шинж, өмнөх хэсэгчилсэн ойгүйдэл эмгэг нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний зам тээврийн ослоос эхэлж илэрсэн байна. О.Оюунсанаагийн тархи доргилтын дараах хам шинж, өмнөх хэсэгчилсэн ойгүйдэл эмгэг нь авто ослын улмаас үүссэн байна. О.Оюунсанаагийн өвчин бүрэн төгс эмчлэгдэх эсэх нь эмчилгээний явц үр дүнгээс хамаарна. О.Оюунсанаа нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна...” гэсэн 1168 тоот шинжээчийн дүгнэлт /хх-129-133/,

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2, 3-4/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /хх-5-6/, хохирогч О.Оюунсанаагийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-35-58/, хохирол төлбөрийн баримтууд /хх-22, 23-34, 143, 147, 201-207, 208/, ялтан Н.Отгондэлэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Ялтан Н.Отгондэлэгийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Н.Отгондэлэг, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нар “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Н.Отгондэлэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, Н.Отгондэлэг нь тогтоолд дурдсан хохирлыг төлж барагдуулсан гэх боловч бусдад учирсан материаллаг хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хохирогч О.Оюунсанаагийн эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны гэм бурууд тохирсон ба Н.Отгондэлэгийн гэм бурууг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзлээ.

Иймд ялтан Н.Отгондэлэг, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Отгондэлэг, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ