Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0067/З |
Дугаар | 221/МА2020/0140 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2020/0140
О.Л-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч О.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 862 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн давж заалдах гомдлоор О.Л-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 862 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6, Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.5, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.6.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Л.Б-гийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад эмчлүүлэх эмчилгээний зардал болох 250,000 ам долларыг эрүүл мэндийн яамнаас шийдвэр гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож олгохыг хариуцагчид даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж” тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Л-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 862 дугаартай шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрт 4 асуудлыг дурджээ.
1. Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах”, 24 дүгээр зүйлийн 24.6.6-д заасан “...хорт хавдрын тусламж үйлчилгээний санхүүжилтийг төрөөс олгохоор” зааснаар Л.Б нь “цусны бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар”.
2. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын 1.2-т “Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана” гэж зааснаас үзвэл “дүгнэлт” гаргах нь орон тооны бус зөвлөлийн “эрх биш” үүрэг гэдгийг хатуу анхаарвал зохино.
3. Нэхэмжлэгч нь 2014 оноос хойш “... шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөөр байхад таван жилийн хугацаанд Монгол Улсын иргэний эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж, эмчилгээний зардлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчид Л.Б-гийн гадаадад эмчлүүлэх санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, холбогдох баримтыг үндэслэн эмчилгээний зардлыг гаргахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
4. “... 250000 долларыг Эрүүл мэндийн яамнаас шийдвэр гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцон гаргах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэрт дээр дурдсан асуудлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээг үе шаттайгаар нэмэгдүүлж, олон олон өвчнийг эх орондоо оношилж, эмчлэх боломжтой болсоор байна. Мөн эх орондоо оношилж, эмчлэх боломжгүй өвчнүүдийн жагсаалтыг гаргаж, улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт гаргуулсан иргэдэд гадаад эмчлүүлсэн төлбөрийн 5 хувийг олгох арга хэмжээ авч ажиллаж байна.
Хариуцагчийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эмчилгээний төлбөртэй холбоотой асуудлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1348 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1797 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1651 дүгээр тогтоол, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор урьд нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаартай шүүхийн шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад энэхүү шүүхийн шийдвэрээр дахин хүчингүй болгож, мөн “... нэхэмжлэгчийн хүүгийн эмчилгээний төлбөрт хэдий хэмжээний тусламжийн төлбөр олгох” асуудал нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу Монгол улсын иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн эрх хэмжээний асуудал байх тул шүүхээс уг асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй юм гэж шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсаар байтал шүүх тухайн үйл баримтыг дахин авч хэлэлцэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой.
Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д Монгол Улсын иргэний эмнэлгийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна”, 24.6.6-д “...хорт хавдар... зарим эмчилгээ”-ний зардлыг төр хариуцна гэж зааснаас бүхэлд нь олгохоор заасан заалт бус юм.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 862 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 862 дугаар шийдвэртэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 7/216-ө дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Л.Б-гийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад эмчлүүлэх эмчилгээний зардал болох 250.000 долларыг шийдвэр гарах өдрийн Монгол банкны ханшаар тооцож олгохыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах” гэсэн 2 шаардлага гаргасан бөгөөд тухайн шаардлага тус бүрт нь анхан шатны шүүх дүгнэлт хийжээ.
Эрүүл мэндийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн О.Л-д “... Эрүүл мэндийн сайдын 2017 оны жагсаалт, журам шинэчлэн батлах тухай 370 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад донороос реципентед ясны чөмөг шилжүүлсэн суулгах эмчилгээ багтсан ... эмчилгээний төлбөрийн баримтад тулгуурлан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг тул холбогдох материалыг бүрдүүлэн ирүүлснээр дэмжлэг үзүүлэх боломжтой” гэсэн утга бүхий хариуг хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардлаа өөрөө гаргаад дараа нь нөхөж авах ёстой гэсэн агуулга бүхий хариу өгчээ.
Уг албан бичигт “эмчилгээний төлбөрийн баримтад тулгуурлан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг” гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалаар баталсан “Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт”-ын Ж/20-д заасан донороос реципентэд ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ орсон, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын 2.1-д “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтад орсон өвчин эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина” гэж, 2.3-д “санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан Зөвлөлийн шийдвэрийг эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулна”, 1.2-т “гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана” гэж заасан зэргээс үзэхэд заавал урьдчилан өөрөө төлбөрөө гаргаад эмчлүүлсний дараа мөнгө гаргуулан авах ёстой гэж дүгнэх боломжгүй байна. Энэ үүднээсээ Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 7/216-ө дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэгэнт Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 7/216-ө дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул холбогдох зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Учир нь анх Л.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх Цусны эмнэлгийн Эсийн хорт хавдар судлалын хүүхдийн тасагт 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 9 хоног хэвтэн эмчлүүлж, цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар өвчний онош тогтоогджээ.
Мөн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2/1142 дугаартай тодорхойлолтод “...Л.Б нь 12 дугаар сард тус эмнэлгийн цусны эмгэг судлалын тасагт хандсан. Уг өвчтөн анх хурц лимфобластын лейкеми гэж оношлогдсон. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад очиж цитогенетикийн болон молекул генетикийн шинжилгээ өгч дээрх онош тодорсон...” гэжээ.
Эрүүл мэндийн яамны 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн захиралд хүргүүлсэн 1а/588ө дугаартай албан бичигт “...О.Л өөрийн ач хүү Б-г ... цусны хавдрын шинжилгээ хийлгэж, лейкеми онош тогтоогдсон гээд Эрүүл мэндийн сайдын багцаас зургаан зуун сая төгрөг олгохыг хүссэн өргөдлийг ирүүлсэн байна. ... хүүхдийн өвчний талаар сайтар судлан хүүхдийн анагаах ухааны мэргэжлийн зөвлөл, цус судлалын мэргэжлийн зөвлөлийн хамтарсан зөвлөгөөнөөр дүгнэлт гаргаж өгнө үү” гэж байсан байна.
Монгол Улсын иргэний гаргасан дээрх хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй тул иргэний хэргийн шүүхэд маргаан үүсч 2018 он хүртэл үргэлжилсэн байна.
Ингээд иргэн О.Л Эрүүл мэндийн яаманд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин “... Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалаар баталсан Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтын Ж/20-д заасан донороос реципентэд ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардал 70,000 ам доллар буюу 167.785,100 төгрөг, /0/1 бүлгийн цустай, ясны чөмөгний тохирох донорын төлбөр 180.000 ам доллар буюу нийт 599.232.500 төгрөгийг Төрийн сангийн газар, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас гаргаж өгнө үү гэсэн өргөдөл, түүнд хавсаргасан иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “...Л.Б 11 настай цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар оноштойгоор сумын өрх, багийн эмчийн хяналтад байдаг нь үнэн гэсэн 09 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “...Л.Б өвчний учир байнгын О.Л-ийн хяналтад байдаг...” гэсэн 133 дугаартай тодорхойлолт, Л.Б-гийн Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх Цусны эмнэлгийн Эсийн хорт хавдар судлалын хүүхдийн тасагт цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар өвчний онош зэрэг 23 хуудас материалыг Эрүүл мэндийн яаманд гаргасан болох нь өргөдлийн бүртгэл хяналтын картаар нотлогдсон зэрэг анхан шатны шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.
Дээрх байдлаар нэхэмжлэгч 2014 оноос хойш хүүгийнхээ гадаад улсад эмчлүүлэх зардлыг гаргуулах талаар эрх бүхий захиргааны байгууллагад хүсэлт гаргаж шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөөр байхад таван жилийн хугацаанд Монгол Улсын иргэний эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж, эмчилгээний зардлыг нь шийдвэрлээгүй байна. Иймд шүүхээс “зохих захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” байдлаар шийдвэр гаргах нь ямар ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж Л.Б-гийн гадаадад эмчлүүлэх санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, холбогдох баримтыг үндэслэн эмчилгээний зардлыг гаргахыг даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзэв.
Давж заалдах гомдолд дурдсан “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1348 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1797 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1651 дүгээр тогтоол, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор урьд нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаартай шүүхийн шийдвэрээр “2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. Дээрх шийдвэр тогтоолоор энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй, маргааны бүхий захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэж байгаагүй, эмчилгээний зардлын асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Мөн давж заалдах гомдолд Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д Монгол Улсын иргэний эмнэлгийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна”, 24.6.6-д “...хорт хавдар... зарим эмчилгээ”-ний зардлыг төр хариуцна гэж зааснаас бүхэлд нь олгохоор заасан заалт бус юм гэж давж заалдах гомдолд дурджээ.
Аливаа хуулийн заалтыг ойлгож хэрэглэхийн тулд уг зүйл, заалтыг бичвэрийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.6 дахь заалтын “... зарим эмчилгээ ...” гэсэн үгийг таслан авч “хорт хавдар өвчний зарим зардлыг төр хариуцна” гэсэн гэж тайлбарлажээ. Уг зүйлийн бүхэлд нь авч үзвэл 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэний эмнэлгийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна” гээд 24.6.6-д “сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ” гэжээ. Өөрөөр хэлбэл хорт хавдар өвчний Монголд эмчлэгдэх боломжгүй зарим эмчилгээний зардлыг төр хариуцна гэсэн агуулга юм. Түүнээс бус хорт хавдар өвчин бүрийн зарим зардлыг төр хариуцна гэсэн агуулгагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон