Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 393

 

Э.Энхтүвшинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор О.Багшбаяр,

            Ялтан Э.Энхтүвшин, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

            Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Энхтүвшинд холбогдох 201625011671 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Энэбишийн Энхтүвшин, 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамжны 43 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 20 хоног баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ХБ87121470/.

Э.Энхтүвшин нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3-1360 тоотод байх хохирогч М.Гантөмөрийн гэрийн хаалгыг эвдэн орж, 280.000 төгрөгийн үнэ бүхий монетан гинж 1 ширхэг, 90.000 төгрөгийн үнэ бүхий монетан бөгж 1 ширхэг, 90.000 төгрөгийн үнэ бүхий монетан кулон, 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, гинжний хослол, 55.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, гинж, кулоны хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 565.000 төгрөгийн хохирол,

Мөн өдрөө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3-1360 тоотод байх  хохирогч М.Нарантуяагийн гэрийн хаалгыг эвдэн орж, 600.000 төгрөгийн үнэ бүхий Эл Жи загварын 42 инчийн зурагт, 50.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси таблет зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол,

2016 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны подвальд байх хохирогч Н.Бямбацогтын ажиллуулдаг дарханы газрын хаалганы хаалт төмөр болон бүргэд хаалгыг эвдэн орж, алт, мөнгө, монетан эдлэлүүдийг хулгайлж, 36.141.000 төгрөгийн хохирол,

Мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны подвальд байх хохирогч Н.Ганчимэгийн ажиллуулдаг дарханы газрын хаалганы хаалт төмөр болон бүргэд хаалгыг эвдэн орж, хохирогч Н.Ганчимэгийн алт, мөнгө, монетан эдлэлүүдийг хулгайлж, 735.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 38.091.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Энхтүвшинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Энхтүвшинг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Э.Энхтүвшингээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Энхтүвшинд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Энхтүвшингийн цагдан хоригдсон 222 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Энхтүвшингийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс нийт 38.091.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Гантөмөрт 565.000 төгрөг, хохирогч М.Нарантуяад 650.000 төгрөг, хохирогч Н.Бямбацогтод 36.141.000 төгрөг, хохирогч Н.Ганчимэгт 735.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Ялтан Э.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Би хулгайн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлж байсан. Гэвч хохирогч Н.Бямбацогт нь миний аваагүй, хулгай хийх үед байгаагүй эд зүйлийг нэмж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Хохирогч Н.Бямбацогт нь анх алдсан эд зүйлсээ хэлэхдээ оруулаагүй байсан эд зүйлээ дараа нь нэмж мэдүүлсэн байдаг. Эдгээр эд зүйлс нь 21 см диаметртэй мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 2 кг мөнгө, 17 гр алт, тоногтой хэт хутга гэсэн. Эдгээр зүйлсийг би аваагүй, хулгай хийхэд байгаагүй эд зүйлсүүд. Миний хулгай хийсэн эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн улсын үнэлгээгээр оруулж, 21.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хохирогч Бямбацогт нь би улсын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд дахиж хувийн үнэлгээний газраар үнэлүүлсэн ба тэр компани нь хохирогчийн хэлсэн байдлаар эд зүйлийг нь үнэлэн 36.000.000 төгрөг болгосон. Дахин үнэлгээ хийлгэхдээ миний аваагүй эд зүйлсийг нэмж хохирлын хэмжээ нэмэгдсэнд гомдолтой байна. Хохирогчийн нэхээд байгаа хэт хутга гэхэд тоногтой 2 кг мөнгө орсон, үнэлгээн дээрээ 3.200.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Миний авсан хэт хутга ямар ч тоноггүй байсан ба би Рэнцэндорж гэдэг хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Рэнцэндорж нь уг хутганы зах зээлийн үнэ нь 230.000-280.000 байдаг гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн байдаг. Энэ мэтчилэн эд хөрөнгийн үнэлгээ бодитой хийгдсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Мөнгөн хазаар, эмэгтэй мөнгөн бүс, 2 кг мөнгө гэхэд л хэн ч шууд хэлэх баримжаатай эд зүйлс байхад анх мөрдөн байцаалтад мэдүүлээгүй байснаа сүүлд нь нэмж нэхсэн байдаг. Хохирогч нь хэрэг гарах үед хөдөө явсан байсан гэдэг. Тухайн үед намайг барьсан эрүүгийн төлөөлөгч танай хохирогч мөнгөн хазаар, эмээл хоёрыг 43.000.000 төгрөгөөр зарсан юм байна лээ гэж хэлж байсан. Зарим эд зүйлээ зарчихаад надаас нэхээд ч байгаа юм билүү. Хохирогч Бямбацогт нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн тайлбартаа хөөрөг 3 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, алт мөнгөн бэлдэцүүд алдагдсан гэдэг. Миний аваагүй гэдэг алтан халбага, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг зүйлсийг мэдүүлээгүй байдаг. Сүүлд нэмж хэлээд үнэлгээ тогтоосон байдаг. Энэ мэтчилэн эргэлзээтэй асуудлууд байсаар байтал хэргийг минь эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн үед энэ гэмт хэргийг үйлдэхдээ Ганболд овогтой Г.Эрдэнэпүрэвтэй цуг явж үйлдсэн. Г.Эрдэнэпүрэв нь надад чи энэ хэргээ ганцаараа даачих, би чамд хохирлоо төлж өгөөд дээрээс нь өмгөөлөгч авч өгье гэж гуйсан. Тухайн үед би хохирлын хэмжээ ийм өндөр гарна гэж мэдээгүй. Мөн Г.Эрдэнэпүрэв нь хохирол төлнө гэсэн боловч төлөөгүй. Г.Эрдэнэпүрэв нь алт мөнгөний дарханаас ямар эд зүйлс авсанаа сайн мэдэж байгаа. Мөн Г.Эрдэнэпүрэвтэй хамт Баянзүрх дүүргийн Хужирбуланд нэг айлаас эд зүйлс авсан. Эрдэнэпүрэв бид хоёр 2016 оны 6 дугаар сард Тэрэлжийн модон гүүрний хойд талаас 2 эмэгтэй хүнээс хар цүнх, гар утас 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэгийг авч зугтсан. Энэ 3 үйлдлээ цагдан хорих төвийн эрүүгийн төлөөлөгч Батцоожтой 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зам шалгалтаар явж зааж өгсөн. Энэ үйлдэл нь одоо улсын мөрдөн байцаах газрын байцаагч Алзахгүйбаатар дээр шалгагдаж байгаа. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хуралд миний бие үйлдсэн хэрэг гэм буруугаа хүлээсээр байтал Г.Эрдэнэпүрэвтэй Тэрэлжид үйлдсэн булаалтын хэрэг, мөн 3 удаагийн хулгайн үйлдлээ үнэн зөвөөр нь хэлээд байхад шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Миний бие дээрх үйлдлүүдээ нэмж нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна. Учир нь, давхар яллагдахгүй гэсэндээ нэг мөсөн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үйлдсэн хэргийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.  

Ялтан Э.Энхтүвшингийн өмгөөлөгч У.Сайнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Алдагдсан эд зүйлсийн үнэлгээнд маргаантай асуудал гардаг. Хохирогч Бямбацогтын мэдүүлгийг харахад өөрийн хулгайд алдсан эд зүйлийг бодитоор мэдүүлсэн нь эргэлзээтэй байна. Хохирогч дараа дараагийн мэдүүлэгтээ алдагдсан эд зүйлсээ нэмж хэлж байсан. Алдагдсан эд зүйлсийг бодит бус үнээр үнэлсэн” гэв.

Прокурор О.Багшбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Энхтүвшин давж заалдах гомдолдоо “хохирогч миний аваагүй эд зүйлийг авсан гэж хэлсэн” гэсэн байна. Анх хулгайн гэмт хэрэг гарах үед хохирогч Ховд аймагт байсан бөгөөд түүнтэй хамт ажилладаг дүү нь анх Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, алдагдсан эд зүйлсийг мэдүүлсэн. Энхтүвшин хэт хутга, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг аваагүй гэж мэдүүлсэн тул энэ талаар хохирогчоос асуухад “Би өөрөө дархан хүн учир “Монгол банк”-ны пайз болон бусад эд зүйлс надад байсан юм” гэж хэлсэн. Хохирогч өөрийн эд зүйлийг зарчихаад алдагдсан гэж хэлж байгаа юм биш. Э.Энхтүвшингийн эрүүгийн төлөөлөгчийн талаар ярьж буй зүйлийг нотлох баримт байхгүй. Нийт 3 удаа хохирлын үнэлгээ хийгдсэн. Дарханы газраас эд зүйл хулгайлсан үйлдэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, Нарантуяа, Ганчимэг нарын эд зүйлийг хулгайлсан үйлдэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд эдгээрийн үнэлгээг гаргахдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ганчимэгийн гэрээс хулгайлсан эд зүйлийг үнэлэлгүй орхигдуулсан байсан. Дарханы газраас хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээнд хохирогч, шүүгдэгч нар аль аль нь гомдол гаргасан. Иймд хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагаар дахин үнэлгээ гаргуулсан. Нийт хохирлын үнэлгээ 38.091.000 төгрөг болсон. Э.Энхтүвшин бусадтай бүлэглэн хулгай хийсэн эсэх, ямар ямар газраас хулгай хийсэн гэдэг талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн ч энэ талаар мөрдөн байцаалтын шатанд ярьж байгаагүй. Э.Энхтүвшин нь хэргийн шийдвэрлэлтийг удаашруулах зорилгоор ийм зүйл ярьж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Э.Энхтүвшин нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны подвальд байх хохирогч Н.Бямбацогтын ажиллуулдаг дарханы газрын хаалганы хаалт төмөр болон бүргэд хаалгыг эвдэн орж, 36.141.000 төгрөгийн үнэ бүхий алт, мөнгө, монетан эдлэлүүдийг хулгайлсан гэх үйлдлийн хохирлын үнэлгээ эргэлзээтэй байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 90 дүгээр хуудаст, хохирогч Н.Бямбацогтын хулгайд алдсан бор өнгийн 25,5 см урттай, модон хуйтай цагаан өнгийн 2 ширхэг савхтай 16 см урттай, бор өнгийн, цагаан оруулгатай иштэй, 19,5 см урт ажлын хэсэгтэй хэт хутгыг түр хураан аваад 1 дүгээр хавтасны 92 дугаар хуудаст, хохирогч Н.Бямбацогтод хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлджээ.

Хэт хутгыг 3.200.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд гэрч Ц.Рэнцэндорж уг хутгыг Э.Энхтүвшингээс 80.000 төгрөгөөр худалдан авсан, зах зээл дээр 230.000-280.000 төгрөгийн үнэтэй байдаг талаар мэдүүлжээ.

Эд зүйлсэд үнэлгээ тогтоосон мэргэжилтнүүд хэт хутганы хэлбэр хийц, мөнгөний хэмжээ зэргийг бодит байдлаар харж, үзсэний үндсэн дээр үнэлгээг тогтоогоогүй байх тул хураагдсан эд зүйлсийг бодит байдлаар үзэж, харж үнэлгээ хийх шаардлагатай.

Түүнчлэн, бусад эд зүйлсийг үнэлэхдээ адил төстэй эд зүйлстэй харьцуулан үнэлгээ хийж, улмаар уг эд зүйлсийг хэрхэн үнэлсэн талаарх эх сурвалжаа үнэлгээний тайланд тусгах.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогч Н.Бямбацогтоор хулгайд алдсан гэх эд зүйлсийнх нь эх сурвалжийг заалгах, алт, мөнгөөр эд зүйл хийдэг болон алт, мөнгөн эдлэлийн худалдаа эрхэлдэг хүмүүсийг гэрчээр асуух байдлаар хулгайд алдсан эд зүйлсийн үнийн эх сурвалжийг тодорхойлох боломжтой байна.

Иймд   хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 108-109 дүгээр хуудаст байгаа “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг бодитой гэж үзэх үндэслэлгүй байна.  

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудын, 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г тодорхой болгож, хохирлын үнэлгээг нэг мөр тогтоолгож, уг тогтоосон нөхцөл байдлаа дүгнэж, яллах дүгнэлт үйлдсэний дараа Э.Энхтүвшингийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.