| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2017/01405/И |
| Дугаар | 210/МА2025/01976 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01976
БНХАУ-ын иргэн *******,
*******нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн *******, *******нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ХХК, *******, *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: БНХАУ-ын иргэн *******, *******болон *******ХХК, *******, ******* нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 сарын 19-ний өдөр байгуулсан Нөхвөр гэрээнээс тус тус татгалзаж, эдгээр гэрээний дагуу хөрөнгө оруулалт, гадаад ажилтнуудад төлсөн хөлсөнд нийт 353,784,518 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч *******аас ковшийн үнэ 58,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: БНХАУ-ын иргэн *******, *******нар нь *******тай 2012 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан *******ХХК-ийн ******* үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гэрээгээр ******* нь ******* хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр үнэлж, БНХАУ-ын иргэн *******, *******нар тус бүр 120,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ******* үйлдвэрт шинэ тоног төхөөрөмж, үйлдвэрийн тохижуулалтад зарцуулах, талуудын оруулсан хөрөнгөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс олсон ашгийг 3 тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нар гэрээ байгуулсан өдрөөс 2013 оны 02 сарын 16-ны өдрийн хугацаанд 270,824,080 төгрөгийн хөрөнгө оруулалтыг *******, ******* нарт өгсөн. Мөн 2013 оны 02 сарын 19-ний өдөр *******ХХК, *******, ******* нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний Нөхвөр гэрээ байгуулсан. Тус гэрээгээр *******, ******* нар 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс өмнө *******ХХК-ийн нийт хувьцаанаас тус бүр 33,3 хувь буюу нийт 66,6 хувийн хувьцаа эзэмшигч болгох, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй бол хөрөнгө оруулалт 240,000,000 төгрөгийг тухайн жилийн орлогоос буцаан өгөхөөр тохиролцсон.
Гэтэл гэрээний дагуу хариуцагч нар нь *******ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгч нарт эзэмшүүлээгүй ба хөрөнгө оруулалтын мөнгийг олгоогүй. Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж хөрөнгө оруулалт 159,861,950 төгрөгийг *******ХХК, *******, ******* нараас гаргуулах, мөн дээрх гэрээнүүдийн дагуу хамтран ажиллах явцад хятад ажилтнуудад олгосон батлан даагчийн хувиар төлсөн хөлс 193,922,567.44 төгрөгийг *******ХХК, ******* нараас гаргуулж өгнө үү.
Дээрх гэрээнүүд хэрэгжиж байх явцад 2013 оны 09 сарын 08-ны өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ээс ******* модельтой 2012 оны ковшийг хүлээн авсан ч буцаан өгөөгүй. Ковшийн үнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ХХК-ийн дүгнэлтээр тогтоолгоход 58,330,000 төгрөгөөр тогтоосон. *******аас ковшийн үнэ 58,330,000 төгрөг гаргуулан *******-д олгуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулсан гэж нэхэмжилж буй 240,000,000 төгрөгийн тухайд, 53,612,000 төгрөгийг гэрээний дагуу харилцан зөвшилцөн хэрхэн зарцуулахаар ярилцан тооцоо нийлж, гарын үсэг зурсан баримтыг шүүхэд өгсөн. Үлдэх 186,388,000 төгрөгийн тухайд ямар баримтад үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул зөвшөөрөх боломжгүй.
Ковшийг буцаан өгөхийг шаардсан тухайд, ковшийг 2014 оны 10 сард жолооч *******, *******, ******* нар нь Амгалан дахь нүүрсний газрын захирал *******д ******* өөрөө ковшоор хөрөнгө оруулсан гэрээний дагуу хүлээлгэн өгсөн. Мөн нэхэмжилж буй бутлуурын талаар *******ийн менежер гэгдэх ******* нь ******* улсын дугаартай цэнхэр өнгийн кантер машины жолооч *******гаар ачуулж *******ны үйлдвэрт буулгасныг түүний хамтран ажиллагч *******гийн үйлдвэрт буулгасныг дээрх хүмүүс гэрчилнэ.
Мөн 382,900,000 төгрөг нь бидэнтэй ямар ч холбогдолгүй ба 2013 оны цагаан сараар ******* нь тоосгоны үйлдвэр танилцуулж гэрээ хийхээр 2 хятад авч ирж бид 2-ыг энэ үйлдвэрийн 66 хувийг эзэмшдэг нь үнэн гэж ойлгуулж өгөөч, монгол талаас хөдөлмөрийн гэрээг чи хийж өгөөч, би бүх зардал, санхүү, цалин хөлсийг хариуцна, энэ хүмүүс 6-8 сая тоосго хийнэ, тоосгоны мэргэжлийн хүмүүс авч ирнэ гэж ярьсан. Гэвч энэ нь ажил болоогүй ба *******, ******* 2 цалинг нь өгөөгүй гээд хятад ажилчид ажлаа хаяж нутаг буцсан. Үүнээс хойш хагас жилийн дараа гэрээний үүргээ биелүүлэлгүй зугтаж эцэст нь 194,300,000 төгрөгийн үнэтэй 1,295,581 ширхэг тоосгыг хууран мэхэлж авч явсан. Нэхэмжилсэн үнийн дүнд орсон зүйлүүдийг хулгайгаар үйлдвэрээс авч явчхаад нэхэмжилж байгааг шүүх үнэн зөвөөр нь тогтоож өгнө гэдэгт итгэж байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 58,330,080 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* /*******/-д олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 353,784,518 /159,861,950+193,922,567/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,584,720 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 449,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******/*******/ гэх нэрээр шүүхийн шийдвэрт бичсэн ба хамтран ажиллах гэрээнд ******* овогтой *******, ковш авч явсан бичигт ******* гэж өөр өөр нэрээр бичигдсэн буюу нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь тодорхойгүй байна. БНХАУ-ын иргэн *******-ийн өөр нэр нь ******* мөн гэх хятад хэл дээрх нотариатын бичиг нь үнэн зөв болохыг Монгол Улсын нотариатч гэрчилсэн байх ба уг нотариатчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хангаагүй.
Хариуцагчийн үйлдсэн бичгээс дүгнэхэд хариуцагч анхнаасаа уг ковшийг үнэ төлбөргүй ашиглах хүсэл зоригтой байсан ба шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Уг ковшийг хамтран ажиллах гэрээний зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хариуцагч ашигласан ба ковшийг *******ХХК худалдан авч төлбөрийг төлсөн нь нотлогдож байгаа учраас тус компанийн өмч байна. Ковш нь тухайн компаниас *******-ийн өмчлөлд хэрхэн шилжсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх *******ХХК-ийн албан бичгээр БНХАУ-ын иргэн *******-ийн өмч болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Түүнчлэн ковш үнэ төлбөргүй ашиглах гэрээ 2013 оны 09 сарын 08-ны өдөр байгуулагдсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.
Үнэлгээний талаар хариуцагч маргаж, мэтгэлцэх зорилгоор үнэлгээчинг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан ч шүүгч дахин захирамж гаргаж гэрч оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй. Үнэлгээний компани ковшийг бодитоор байхгүй байхад хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргасан нь бодит байдалд нийцээгүй бөгөөд ковшны үнэ болон өмчлөл, эзэмшлийн талаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд хэн болох нь тодорхой бус, энэ талаар нотлогдоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 58,330,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагч *******ын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс БНХАУ-ын иргэн *******нь ******* мөн болохыг тодорхойлох БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны нотариатчийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн нотариатчийн бичгийг монгол хэл рүү хөрвүүлсэн орчуулгын үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ба шүүхээс хэрэгт ач холбогдолгүй гэж зөв дүгнэж татгалзсан. БНХАУ-ын иргэн *******болон ******* нар нэг хүн болох нь хэргийн баримтаар тогтоогддог.
Улсын дээд шүүхийн 2018 оны 12 сарын 06-ны өдрийн тогтоолоор ковшийн үнэлгээ тодорхой бус гэх үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан. Ковш нь *******ХХК-ийн өмч бус БНХАУ-ын иргэн *******-ийн хувийн өмч болохыг тодорхойлсон баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Мөн ******* нь ковш хүлээн авсан талаар маргадаггүй ба ковшийг бусдад дамжуулсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй.
Хариуцагчаас ковшны үнэлгээний талаар маргадаг ч *******ХХК-ийн үнэлгээ хэрэгт авагдсан ба тухайн баримтад ковш байхгүй тул үзэж танилцаагүй, хэрэгт авагдсан материалыг үндэслэн төлөв байдлыг тодорхойлж, зах зээлийн хандлагаар хийсэн нь үнэ цэнийг тодорхойлдог. Элэгдэл, хорогдлын тооцоолол шаардлагагүй зах зээлийн бодит үнэлгээг илэрхийлнэ гэж үнэлгээ хийсэн баримтад дурдсан. Үүнтэй холбоотой шинжээчийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг нь шүүхээс хангаагүй боловч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээ хариуцагч хэрэгжүүлээгүй нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч *******ын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******, ******* нар нь хариуцагч *******ХХК, *******, ******* нарт холбогдуулан 2012 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 сарын 19-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээнээс тус тус татгалзаж, нөхвөр гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийсэн 159,861,950 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч *******ХХК, ******* нарт холбогдуулан 2012 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 сарын 19-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээний дагуу гадаад ажилтнуудад төлсөн 193,922,567 төгрөгийн хөлсийг гаргуулах, мөн нэхэмжлэгч *******нь хариуцагч *******т холбогдуулан ковшийн үнэ 58,330,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нарыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд гэрээнээс татгалзаж, хөрөнгө оруулалтаа шаардаж байгааг зөвшөөрөхгүй. ******* ковшийг хүлээн авсан, уг баримтад гарын үсэг зурсан ч ковшны өмчлөгч шаардлага гаргах эрхтэй тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөн хэн, ямар зорилгоор, ямар ажил гүйцэтгүүлэхээр хятад ажилтнууд оруулж ирсэн, цалин олгосон тухай баримтгүй, талууд энэ тухай тохиролцоогүй гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******аас 58,330,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоон, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлжээ. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******аас 58,330,080 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин шүүх нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ын нэхэмжлэл болон нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгсэхгүй болгож байгаа нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг шийдвэрийн тогтоох хэсэгт бүрэн тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх уг алдааг засаж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулна. Энэ нь хариуцагч *******ын гомдлыг хангах, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
5.БНХАУ-ын иргэн *******, *******болон ******* нарын хооронд 2012 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр *******ХХК-ийн ******* үйлдвэрт нэмэлт хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн энэхүү гэрээг үндэслэн БНХАУ-ын иргэн *******, *******болон *******ХХК нарын хооронд 2013 оны 02 сарын 19-ний өдөр нөхвөр гэрээг байгуулжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
Талууд дээрх хоёр гэрээний дагуу хамтын үйл ажиллагаа явуулж байх үед хариуцагч ******* нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ээс 2013.09.08-ны өдөр ******* модель бүхий ковшийг 40 хоногийн хугацаанд ашиглах, мото цагийг 885 цаг байхаар зааж, засвар, бүх зүйлийг хариуцан ашиглахаар тохиролцсон нь 1 дэх хавтаст хэргийн 63 дахь талд авагдсан Ковш авч явсан тухай бичиг гэсэн баримтаар тогтоогджээ. Хэргийн 1 дэх хавтасны 22, 74, мөн 2 дахь хавтасны 17-20 дахь талд авагдсан баримтад нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******/*******/-ийн дуудах нэрийг *******, оноосон нэр нь *******болохыг тодорхойлсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны нотариатын газрын бичиг авагдсан байх тул энэхүү бичигт нэр дурдагдсан ******* нь нэхэмжлэгч *******гэж дүгнэнэ.
Хариуцагч ******* уг ковшийг буцаан өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******тус ковшийн зах зээлийн үнэ 58,330,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ******* эс зөвшөөрч, ковшийг *******, *******, ******* нарт хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч уг ковшийн өмчлөгч биш тул шаардах эрхгүй гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.
******* маркийн ковшийг *******ХХК нь 2012.08.03-ны өдөр АОДЭ ХХК-аас худалдан авчээ. Тус компаниас 2017.12.25-ны өдрийн 17/27 тоот албан бичгийг шүүхэд ирүүлж дээрх ковш нь *******ХХК-ийн компанийн үүсгэн байгуулагч *******-ийн өмч болохыг илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч *******-г тус ковшийг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч ******* дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ээс ковшийг авч 40 хоногийн хугацаанд ашиглахаар тохиролцсон боловч талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болсон, хариуцагч уг техникийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй байна. Хариуцагч ковшийг биет байдлаар нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй буюу үрэгдүүлсэн нь гэрч *******ын мэдүүлгээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч уг ковшийн үнийг гаргуулахаар 2017.05.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлд нийцсэн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дээрх үндэслэлээр ковшийн үнийг шаардсан тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр хариуцагч *******аас 58,330,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй байна.
Хэргийн 4 дэх хавтасны 26, 119 талд авагдсан тус шүүхийн шүүгчийн 2022.09.19-ний өдрийн *******, мөн 2024.11.19-ний өдрийн ******* дугаартай захирамжид гэрчээр шинжээч *******, нотариатч *******ийг оролцуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхижээ. Шүүгчийн ******* дугаартай захирамжид гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүй байна. Хэргийн 3 дахь хавтасны 170, 220 дахь талд авагдсан баримтаар *******ХХК нь ковш бодитоор байхгүй тул хэргийн баримт, бусад байдлыг үндэслэн дүгнэлтийг гаргасан тухай дурдсан бол ******* ХХК-ийн зүгээс эл үндэслэлээр дүгнэлт гаргах боломжгүй мэдэгдсэн баримтууд авагджээ.
Анхан шатны шүүх дээрх захирамжуудыг хэргийн байдалд нийцүүлэн, эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх тул буруутгах үндэслэлгүй байна. Иймд энэ тухай гомдлыг хангахгүй.
7.Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 58,330,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******/*******/-д олгож, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ийн болон нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ийн нэхэмжлэлээс 2012 оны 06 сарын 14-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, мөн 2013 оны 02 сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээнээс тус тус татгалзаж, 353,784,518 төгрөгийг хариуцагч *******ХХК, *******, ******* нараас гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэсэн найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/02780 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 58,330,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******/*******/-д олгож, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ийн болон нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ийн нэхэмжлэлээс 2012 оны 06 сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, мөн 2013 оны 02 сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээнээс тус тус татгалзаж, 353,784,518 төгрөгийг хариуцагч *******ХХК, *******, ******* нараас гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Э.ЭНЭБИШ