Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01560

 

Э.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01511 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1886 дугаар магадлалтай,

Э.Нгийн нэхэмжлэлтэй

Х.Тд холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс газар, хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, хариуцагч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэх 10 дугаар гудамж 216а тоотод орших 18631304374161 нэгж талбарын дугаартай Г-2206003976 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 700 м.кв газар болон тус газар дээр баригдсан Ү-2206010523 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 78,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм. Тус хашаа байшинд миний нөхөр Х.Баттулга нь 2006 оноос эхлэн өөрийн ээж, төрсөн дүү Х.Т нарыг амьдруулж байсан. Ийн түр амьдруулах болсон нь дүү Х.Тыг өөрийн орон гэртэй болтлоо амьдарч бай гээд, өөрсдийн хашааны хажууд мөн газар авч хашаа барьж өгсөн. Түүнчлэн дүүргээс иж бүрэн 5 ханатай гэр тусламжийн шугамаар авахад тусалж гэртэй болгож өгсөн. Ингээд бид өөрсдийн хашаа байшингаа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч, Х.Т нь нүүж хашаа байшинг суллаж өгөхгүй байсаар байна. 2009 оноос миний нөхөр Баттулгын зүрх муудаж, ахыг нь эмчилгээнд явуулмаар байна, хашаа байшингаа зармаар байна гэж хэлэн хашаа байшинг суллаж өгөхийг гуйхад ч хөдөлж өгөөгүй. 2016 оны 12 дугаар сард нөхрийн маань бие бүр муудаж, 3 дугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, 2017 оны 1 дүгээр сарын 17-нд 13,000,000 төгрөгийн хагалгаанд орсон. Иймд миний өмчлөлийн газар, хувийн сууцыг Х.Ты хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Өсөн өндийсөн цагаасаа хүний саванд амьдарч үзээгүй би анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-50-7 тоотод 2 гэр 3 байшинтай хашаанд амьдран суудаг байсан. Ах Баттулга 2000 онд манайх хот руу нүүх боллоо та нар нялх хүүхдүүдтэй эмэгтэй улсууд хөдөө газар хэцүү гээд, 1 өрөө байрыг минь заруулж тэр мөнгөөр байр аваад орсон. Тэгээд удалгүй хот Мөрөнгийн хооронд явахад хол, зардал их гэж биднийг хот руу нүүж ир гэж шаардах болсон. Бид дургүйцэн 5,6 жил болсон. Ээж минь хот Мөрөнгийн хооронд явж ахын 2 хүүг өсгөж өндийлгөсөн. Ингээд ахын гуйлтаар ээж, эгч, хүргэн ах, дүү, би 2 хүүхдийн хамт ирж заасан газрын цэвэрлээд, хашаа барьж, дараа нь байшин барьж амьдарсан. Үүнээс өмнө 2006 оны хавар ах Баттулга Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч хийж байхдаа 10 дугаар хорооны засаг дарга Дашдоржтой 50-59 гэсэн улсын дугаартай автомашинтай ирж Нисэхийн архичид цугласан, хогондоо дарагдсан газрыг зааж өгсөн. Ингээд би дүү Лхамсүрэнтэй ирж талбайгаа цэвэрлэж байхад хүмүүс ирж юун хүмүүс яах гэж байна гэж хэл ам их хийсэн. Би ахдаа үзүүлэх бичиггүй, ийм хэл амтай газар амьдрахгүй больё гэхэд ах “та нар хөдөөний хаягтай шилжиж ирээгүй юм чинь түр Дөлгөөний нэр дээр бичиг авч байя гэсэн. Тэгээд үүнээс хойш таг болсон. Би бүх юм аа зарж ирсэн мөнгөөрөө хашаагаа барьж, байшингаа барьж 00-оо барьж ухаж, Хөвсгөлөөс улсын Нийслэлд ээжтэйгээ амьдралаа босгосон. Энэ бэр эгч Э.Нгийн ширхэг ч хөлс, гишгэсэн мөр нь ч байхгүй. Энэ хүн бидний амьдралд орж ирсэн цагаас хойш бид хайр хүндэтгэл, эв нэгдэл арилсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01511 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Ты хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж 216а тоот хаягт байршилтай, 18631304374161 нэгж талбарын дугаартай, Г-2206003976 бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 700 м.кв талбайтай газар, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206010523 дугаартай 78,5 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан чөлөөлж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Таас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1886 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01511 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1886 дугаартай магадлалаар:

1.Маргааны зүйл болох газар, хувийн сууцыг хариуцагч эзэмших болсон байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн,

3. Талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт эрх зүйн алдаатай болсон талаар: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж 216а тоот хаягт байршилтай, 18631304374161 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206003976 дугаартай 700 м.кв талбай бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010523 дугаартай 78,5 м.кв талбай бүхий хувийн сууцыг иргэн Б.Дөлгөөн нь 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өмчилж байгаад 2015 онд төрсөн эх Э.Нд шилжүүлснээр тухайн хувийн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь болсон. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000434709 тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000348169 тоот гэрчилгээгээр баталгаажсан. Ийнхүү 10 шахам жил иргэнд өмчлөгдсөн газар, хувийн сууцны өмчлөгчийн асуудлаар эрх бүхий байгууллагад хариуцагч Х.Т ямарваа хүсэлт, гомдол гаргаж байгаагүй учир газар болох хувийн сууцны өмчлөлийн талаарх улсын эрхийн бүртгэл хүчин төгөлдөр болно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажихаар заажээ. Энэ баталгаажилт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Энэ хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан, хариуцагч Х.Ты хууль бус эзэмшлээс газар, хувийн сууцыг чөлөөлөх шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон үндэслэл нь: 1.1 -“Маргааны зүйл болох газар, хувийн сууцыг хариуцагч эзэмших болсон байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй” гэж үзэхдээ “өмчлөх”, “эзэмших” гэсэн ойлголтыг нэг асуудал байдлаар эрх зүйн алдаатай дүгнэлтийг хийжээ. Тухайлбал, “эзэмших” гэдэг нь: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсоор болон өөр этгээдийн бүрэн эрх олгосноор л эзэмших эрх үүсдэг. Х.Тыг эхийнхээ хамт амьдрах нөхцлийг нэхэмжлэгч хангаж, хашаа, байшиндаа амьдруулах эрхийг өмчлөгч нар олгосон, цаашид түүнийг байлгах эсэх нь зөвхөн өмчлөгчийн бүрэн эрхийн асуудал учир шүүх хөндлөнгөөс оролцох эрх зүйн боломжгүй юм. "Өмчлөх эрх” гэдэг нь тодорхой этгээд өөрт байгаа хөрөнгийг хуулийн хэм хэмжээ хязгаарын хүрээнд өөрийн үзэмж, ашиг сонирхлоор бусад этгээдийн нөлөөллөөс үл шалтгаалан эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээр баталгааждаг. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. дэх хэсэгт зааснаар аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болохын зэрэгцээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, түүнд хамаарах харилцааны эрх зүйн зохицуулалтыг давж заалдах шатны шүүх зөв тайлбарлан хэрэглээгүй байна. 1.2- Хариуцагч Х.Т нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг баримтаар үгүйсгэж чадаагүй, өөрийн эзэмшлийн хууль зүйн үндэслэлийг баримтаар нотлоогүй нөхцөлд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгож, дүгнэлт гаргасныг давж заалдах шатны шүүх буруутгаагүй атлаа хууль зүйн үндэслэлгүй эсрэг дүгнэлт хийсэн алдаа гаргажээ.

Хоёр. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй талаар: 2.1-Нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн: Нэхэмжлэгч Э.Н нь Х.Тд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар, хувийн сууц албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаарын дотор маргааныг шийдвэрлэх эрхтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нягтлан үзэхгүйгээр хэргийн маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар гэрч асуулгах хариуцагчийн хүсэлтийг хангаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан асуудалд дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. 2.2-Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тухайд: Нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш 4 сарын турш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаанд хариуцагч Х.Т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлд хамаарал бүхий тайлбар, түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног байхаар заасан. Энэ хугацаа болон шүүхээс тогтоосон хугацаанд хэргийн оролцогч мэтгэлцэх зарчмын дагуу өөрийн эрх ашгийг хамгаалах бүхий тайлбар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл нь болж байна. Дээрх хугацаа өнгөрсөн тохиолдолд зохигчид өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн эсэх буюу шүүхэд нотлох баримт хангуулах хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран шүүх тухайн хэргийг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэх юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,-д заасан “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн зарчмын шаардлагыг давж заалдах шатны шүүх зөрчсөн, хийсвэр алдаатай дүгнэлтийг хийжээ. 2.3-Шүүх хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хангасан тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл, түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахаар заасны дагуу шүүх тухайн хэргийг хянан хэлэлцэх явцад 2017.04.18-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Х.Т өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар, 2017.05.11-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаснаар тус тус хойшлуулж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг тухай бүр хангаж байсан. 2.3- Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хусэлт тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тухайд: Шүүх хэргийн оролцогчоос гаргах хүсэлтийг хангах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж байгаа хүсэлт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай эсэх, ямар ач холбогдолтой байдлыг харгалзан үздэг. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцагийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтээс үзэхэд:

Байшин барьсан гэх хүмүүсээс:

-Маргаан бүхий байшинг хэдэн онд барьсан,

-Байшингийн хашааг хэдэн см-ийн зузаантай банзаар барьсан,

-Байшинг ямар материалаар барьсан,

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг, 4-р байрны 11 тоот байрыг Х.Баттулга хэдэн онд худалдаж авсан,

-Х.Баттулга нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт ямар ажил эрхэлж байсан зэргээр хариуцагч нь маргаан бүхий тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа эсэхийг тодруулахад огт ач холбогдолгүй асуултыг гэрчээс асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Учир нь, уг хувийн сууц нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр баталгаажсан гэдгийг давж заалдах шатны шүүх анхаараагүй бололтой. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд хариуцагч Х.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2008 оноос 2015 онд хүртэл өмчлөгч байсан иргэн Б.Дөлгөөн, Э.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний талаар маргах эрх зүйн үндэслэлгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй харилцаа учир тухайн асуудлаар гэрч асуулгах хүсэлтийг анхан шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг шүүх зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. 2.4- Шуух хурлын товыг хуульд заасны дагуу хэргийн оролцогчдод мэдэгдсэн тухайд: 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүх зохигчид утсаар мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлджээ. Тухайн тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцагт 9116-0175 утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...хөдөө явж байна, хариуцагч надгүйгээр хуралд орчих байх” гэжээ. Энэ нь шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцохгүй гэсэн агуулга бүхий тайлбар юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байтал хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтын хамт шүүхэд ирүүлээгүй нөхцөлд шүүх хурлыг нэхэмжлэгчийн хүсэлт, өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх бүрэн эрхтэй. Иймд хариуцагч талын хариуцлагагүй байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл, түүнийг нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй хүсэлт гаргах, шүүх хуралдааны товыг мэдсээр байж ирээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168 дугаар заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцлүүдэд хамааралгүй гэж үзнэ. Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.23-ны өдрийн 183/ШШ2017/01511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.23-ны өдрийн 1886 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Х.Тд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өмчлөлийн газар болон хувийн сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээнэ.

Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж, 216 а тоотод байрлах 700 м.кв талбай бүхий газар, 78.5 м.кв талбайтай сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Э.Н болох нь баримтаар тогтоогдсон байх боловч хариуцагч Х.Т уг газар болон хувийн сууцыг өөрийн хөрөнгөөр барьсан гэж маргаж,”... хотод оршин суух бүртгэлгүй байсан тул төрсөн ах Х.Баттулгын хүү Б.Дөлгөөний нэр дээр түр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Гэтэл Б.Дөлгөөнөөс Э.Нд үндэслэлгүйгээр өмчлөх эрх шилжсэн байна...” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэвэл зохих хуулийг буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг сонгож, хэрэглэсэн нь оновчтой болсон боловч хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх эсэх талаар тодруулаагүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс гадна Х.Баттулгыг гэрчээр асуулгахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хангаагүй, хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Эдгээр зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1886 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА