Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01480

 

Ч.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00806 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1439 дугаар магадлалтай,

Ч.Дын нэхэмжлэлтэй

“Т Б” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Дын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Т Б”инд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд санхүүгийн эрсдлийн шинжээч, зах зээлийн эрсдэл хариуцсан мэргэжилтэн, үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байсан. Хариуцаж байсан ажил, албан тушаалаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан учраас сүүлийн 12 улирлын турш ажлын гүйцэтгэлээ 96 хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 94-100 хувиар, 2014 онд “Т Б”ны Алтан соёмбо-оор шагнуулж байсан. “Т Б”ны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлж, зардал бууруулахын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай Ч.Д надад урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй болно. Надаас авсан шалгалт нь “Т Б”ны эрсдлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын үйл ажиллагааны эрсдлийн хэлтсийн үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. “Т Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын хамрах хүрээ тодорхойгүй, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлт байхгүй, миний хийж гүйцэтгэсэн, одоо хийж гүйцэтгэж байгаа болон цаашид хийж гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй, мэргэжил, ур чадварын түвшинг тогтоогоогүй атлаа Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т Б”” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам болон 2 дугаар хавсралтаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээлэл болон журмыг нийт ажиллагаанд хамрагдах ажилтнуудад урьдчилан хүргүүлж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг зохион байгуулж ажилласан. Ажиллагааны дүнг ажилтнуудад танилцуулсан. Дүнтэй холбоотой ажилтнуудаас гаргасан өргөдлийг журамд заасан хугацаанд хүлээн авч, өргөдлийн дагуу хариуг хүргүүлсэн. Улмаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаатай холбоотой ажиллагааны нэгдсэн дүнг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний нөөцийн хорооны хуралд танилцуулж, ажиллагаагаар хангалтгүй үнэлэгдсэн ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5- д заасны дагуу мэдэгдэл хүргүүлэхийг хүний нөөцийн хорооны хурлаас шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу үйл ажиллагааны эрсдлийн хэлтсийн үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллаж байсан Ч.Дт мэдэгдлийг танилцуулж гардуулсан. Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан хугацаа дуусгавар болсноор “Т Б”ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот тушаалаар Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Ч.Дтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, 1 сарын үндсэн цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгосон. Банк мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан болно. Иймд Ч.Д-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00806 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ч.Дын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1439 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Г.Ч.Д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д хяналтын гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх түүнийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. А. Эрсдэлийн удирдлагын газрын захирал Л.Идэрцогт Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэх талаар үнэлгээг өгөхдөө хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгон ашигласан тухай хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хуудаст дурдсан байдаг. Гэвч энэхүү үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Ажил олгогч нь ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Эрсдэлийн удирдлагын газрын захирал Л.Идэрцогт Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг нарын үнэлгээний үндэслэл баримтаар нотлогдоогүй байхад давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт: “нэхэмжлэгч нь мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 0-30 хувь авахаас 22,80 хувийн нийт 54,80 авсан нь хэргийн 91 дүгээр талд авагджээ” гэсэн еренхий үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гайхан эргэлзэж байна.

Б. “Т Б”ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ыг “Т Б”ны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот “Үнэлгээний хуудсын загвар баталж, үнэлгээ хийлгүүлэх тухай” шийдвэрийн хавсралтаар журмын 1.2.1-д “харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ өгөх хуудас”-ын загварыг тус тус баталсан. Гэтэл Эрсдлийн удирдлагын газрын захирал Л.Идэрцогт зах зээл, үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” болон “Үнэлгээний хуудсын загвар” батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлсэн байсан. Үүнээс үзэхэд “Т Б” ажилтан Ч.Дыг ажлаас халах шийдвэрийг урьдчилан гаргасан болох нь тодорхой харагдана. Давж заалдах шатны шүүх энэ талаар хянавал хэсэгтээ “..үнэлгээний загвар хуудсыг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шалгалтын комиссын шийдвэрээр батлагдахын өмнө 11 дүгээр сарын 01-ний өдөр гарчихсан байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар хийсэн дүгнэлт зөв байна гэжээ..” энэ талаар маргасан нэхэмжлэгчийн тайлбарыг ямар баримтыг үндэслэж үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхой тайлбарлаагүй байгаа нь давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэх бас нэгэн үндэслэл болох юм.

В.““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.1-д “Комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харъяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна” гэж заасан байхад “Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудас”-аар “ажлын байранд тавигдах шаардлагын тохироц”, “гүйцэтгэлийн чанар”, “мэргэжлийн ур чадвар”, “хөдөлмөрийн сахилга бат /таслалт, хоцролт/”, “ачаалал даах чадвар”, “ажил хэрэгч, идэвхи санаачилгатай байдал”, “хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байдал”, “тусгай чадвар” гэсэн асуудлаар үнэлгээ өгсөн байна. Гэтэл Ч.Дын ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 6 төрлийн шаардлага, ур чадварын 7 төрлийн шаардлага, нийт 13 төрлийн шаардлага тавигдсан байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд “Эрсдлийн удирдлагын газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас”-аар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 13 төрлийн шаардлагад огт хамааралгүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэхийг хүсье.

Г. Ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг үнэн зөв, бодитой шалгаж тогтоохгүйгээр ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг дүгнэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасныг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно" гэж тайлбарлажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т зааснаас үзэхэд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоохоор зохицуулсан байна. Гэтэл “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гуйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох гол шалгуур, үзүүлэлт болох ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг огт үнэлээгүй, энэ байдлыг тогтоогоогүй байна. Зүй нь ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс тогтоосон байх, үүнийгээ шалгуур үзүүлэлтээр баталгаажуулсан байх шаардлагатай. Ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагын талаар үнэлгээ өгсөн эрсдлийн удирдлагын газрын захирал Л.Идэрцогт зах зээл, үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг нар журамд заасан үнэлгээг журам батлагдахаас өмнө өгсөн, үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дунг нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас энэхүү үнэлгээг үнэн зөв, бодитой хийгдэн үнэлгээ гэж үзэх боломжгүй. Мөн энэхүү үнэлгээг гүйцэтгэсэн Газар, хэлтсийн захирлууд нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.6, 5.7-д заасны дагуу банкны жинхэнэ ажилтан болоогүй, банк ажилтнаар авах эсэхийг турших зорилгоор хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтнууд тул банкны жинхэнэ ажилтныг банкны бус хүн үнэлж байгаа нь тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх нэг үндэслэл болно. “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.2.2-д “мэдлэг, ур чадварын үнэлгээ гэдэгт сорилго, даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м хамаарна” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авсан. Даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м шалгалт аваагүй. Зөвхөн сорилгын шалгалтын дүнг үндэслэн мэргэжил, ур чадварын үнэлгээ өгсөн нь журмыг зөрчсөн. “Т Б”ны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Ч.Доос авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 11, 14, 16, 29 дүгээр асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байсан. Бусад үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй огт хамааралгүй болох нь ажилтан Ч.Дын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 30 асуулт бүхий сорилгын шалгалтын баримтаар нотлогдсон. Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Оролцоо, чанарын үнэлгээг комиссын төлөөлөл ярилцлага болон комиссоос тогтоосон бусад арга хэлбэрийн дагуу хийж гуйцэтгэнэ” гэсний дагуу оролцоо, чанарын үнэлгээг ярилцлагын арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан ярилцлагын үнэлгээний хуудаснаас үзэхэд ажилтан Ч.Доос нийт 10 асуулт асуух ёстой байсан. Асуулт тус бүр Маш муу-0, Муу-1, Дунд зэрэг-2, Сайн-3, Маш сайн-4 гэсэн үнэлгээтэй байна. Ажилтан нийт 10 асуултанд “Маш сайн-4” хариулсан тохиолдолд нийт авбал зохих 40 оноог авах ёстой байсан. Гэтэл Ч.Доос 10 асуулт асууж 40 хүртэл оноо өгөх байтал эхний этгээд нь 4 асуулт асууж 6 оноо, дараагийн этгээд нь 5 асуулт асууж 6 оноо өгсөн байна. Ажилтнаас 10 асуулт асууж 40 хүртэл оноогоор үнэлгээ өгөх байтал 4 асуулт асууж 6 оноо, 5 асуулт асууж 6 оноо өгсөн нь оролцоо чанарын үнэлгээг бодитой үнэлгээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж, хууль бус бусаар ажлаас халсныг анхан шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна. Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Оролцоо, чанарын үнэлгээг комиссын төлөөлөл ярилцлага болон комиссоос тогтоосон бусад арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэсний дагуу оролцоо, чанарын үнэлгээг ярилцлагын арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан Ч.Дын ярилцлагын үнэлгээний хуудаснаас үзэхэд үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, үнэлгээ өгсөн он, сар, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, батлагдсан үнэлгээний хуудасны дагуу бүх асуултыг асуугаагүй буюу үнэлгээг бүрэн гүйцэд явуулаагүй, асуултанд ажилтан хэрхэн хариулсан талаар үнэлгээг дэмжих, бодитой болсон эсэхийг нотлох тэмдэглэгээ баримт байхгүй нөхцөлд давж заалдах шатны шүүх энэхүү нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.3.3-д “Комиссын даргын томилсон комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээ гүйцэтгэнэ” гэж заасан байхад ажилтан Ч.Доос оролцоо, чанарын үнэлгээг “Т Б”ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн”-д ороогүй этгээд өгсөн. Үнэлгээний хуудсанд зурагдсан гарын үсэг хэний гарын үсэг болохыг “Т Б” Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3-д заасны дагуу шүүхийн өмнө баримтаар нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журамд түвшин тогтоох ажиллагаа нь 3 шатыг дамжин явагдахаар заагдсан. Гэтэл эхний шатыг огт явуулаагүй, шууд дараагийн 2 шатны ажиллагааг гүйцэтгэснээр журам бүхэлдээ зөрчигдсөн. Мөн Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн хугацаа буюу 3.1-д Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд хавсралтанд заасан хуваарийн дагуу авна гэсэн байхад, үл мэдэгдэх шалтгааны улмаас удирдамжийг зөрчин 15-ны өдөр оролцоо, чанарын үнэлгээг явуулсан. Иймээс “Т Б”ны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, холбогдох удирдамжийг зөрчин хийгдсэн ажиллагааны үр дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хоёр. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан байна. Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас халахын тулд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байх шаардлагатай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ажилтан Ч.Дыг мэргэжил, ур чадварын түвшинг үнэн зөв, бодитой тогтоогдоогүй, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс ажилтан Ч.Дын гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоогоогүй, банкны зүгээс “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг зөрчсөн ажиллагаа явуулж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хедөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Гурав. Энэхүү түвшин тогтоох шалгалтыг авах болсон шалтгаан нь тус “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага солигдсон даруй, орон тоог цөөрүүлж зардал бууруулах зорилготойгоор зохион байгуулагдсан хэмээн нэхэмжлэгч тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Дт түүний харъяалах газар хэлтсийн дарга захирлын өгсөн үнэлгээний хуудаст үнэлгээ өгч гарын үсэг зурсан Эрсдлийн удирдлагын газрын захирал Л.Идэрцогт болон зах зээл, үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг нар нь энэхүү түвшин тогтоох шалгалтад дээрх байдлаар оролцож, үнэлгээ дүн өгөх хэмжээнд хамтран ажилласан байсан эсэхийг тодруулсангүй. Учир нь эдгээр хүмүүс нь тус тусын ажлын байранд томилогдоод удаагүй 1 сар ч болоогүй төрийн тус тусын ажлын байранд туршилтын хугацаагаар ажиллаж байсан атлаа урьд өмнөх удирдлагуудын өгсөн үнэлгээнээс доогуур үнэлгээ өгсөн үүнийг нь хариуцагчийн төлөөлөгч нь урьд өмнө хийгдсэн үнэлгээ, “Т Б”ны соёмбо медаль, цалингийн 100 хувийн шагнал урамшуулал цалинг үндэслэлгүй өгдөг байсан. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө тодорхойлоод өөртөө үнэлгээ өгч өөртөө шагнал урамшуулал олгодог байсан мэтээр гуйвуулан тайлбарласныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий, эргэлзээгүй байдлаар үнэлэж дүгнэж чадсангүй. Урьд өмнө гүйцэтгэлийн үнэлгээ хэрхэн хийгддэг байсан талаар ямар амжилт гаргасан ажилтныг хэний тодорхойлолтоор одон тэмдэг болон цалингийн 100-аар шагнаж урамшуулдаг талаар “Т Б”ны дотоод журмын 10.15 дахь хэсэгт заасан Шагналын тухай журам, гүйцэтгэлийн үнэлгээний журам зэргийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт материал хангалттай бүрдсэн байсан эсэхэд мөн дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Дөрөв. “Т Б” ХХК-ны 2016 оны 11 сард зохион байгуулсан энэхүү түвшин тогтоох шалгалт нь орон тоог цөөрүүлж зардал бууруулах зорилготой зохион байгуулагдсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч талын төлөөлөгч маргаагүй бөгөөд түвшин тогтоох шалгалт нэрийн доор орон тоогоо цөөлж, ажилчдаа бөөнөөр халах үйл ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байна. Учир нь бүтцийн өөрчлөлт болон түвшин тогтоох шалгалт зохион байгуулсны улмаас “Т Б”анд ажиллаж байсан 200 гаруй хүн ямар нэг байдлаар ажил хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлсэн тул гомдол тасрахгүй шүүхийн хаалгыг сахиж, та бүхний ажлын ачааллыг ийнхүү нэмэгдүүлж байна.

Тав. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч “Т Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, хэдийгээр 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 109 дугаартай Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Т Б” ХХК-ийн дүрмийг гаргаж өгсөн боловч энэхүү дүрэмд гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн нэр хаяг байхгүй байна. Энэ хэргийн материалд авагдсан шийдвэр тушаал хурлын тогтоол болон шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хууль ёсны дагуу төлөөлөх бүрэн эрхтэй эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Учир нь бусдын хөдөлмөрлөх эрхийг зөрчин зохион байгуулсан хэмээн нэхэмжлэгч талаас маргаж байгаа түвшин тогтоох шалгалт авах болон шалгалтыг авах, шалгалтыг зохион байгуулах үнэлж дүгнэх цаашилбал ажлаас халах хүртэл шийдвэр тушаап гаргасан “Т Б” ХХК-ийн шинэ гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн гэгчийн эрх зүйн байдал албан тушаал нь хэргийн материалд тодорхой баримтаар тогтоогдоогүй байхад гарын үсэг бүхий итгэмжлэлтэй төлөөлөгчдийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00806 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1439 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Д нь “Т Б”инд холбогдуулж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Т Б” эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч мэргэжил, ур чадварыг тогтоох шалгалтад тэнцээгүй...” гэж маргажээ.

Шүүх маргааны зүйл болох хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Т Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот тушаалын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Т Б”ны гүйцэтгэх захирлын А/352 тоот тушаал болон түүний хавсралтаар банкны ажилтны түвшин ур чадварыг тогтоох журам, ...түвшин тогтоох комисс, шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь шалгалтанд оролцож, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 0-30 хувь авахаас 22.80 хувийн, мэдлэг, ур чадварын үнэлгээ 17 хувь, оролцоо чанарын үнэлгээ 15 хувь нийт 54.80 авч, шалгалтад тэнцээгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд нэг сарын өмнө буюу 2017 оны 11 сарын 21-ний өдөр мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчөөгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан шалгалт авах журам, шалгалтын тов, мэдэгдсэн байдал, шалгалтын асуулга, сорилго, албан тушаалын хүрээнд хамаарах эсэх зэрэг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаггүй асуудлаар дүгнэлт хийх үндэслэлгүй юм.

“Т Б”ны стратеги төлөвлөгөөнд тусгагдсанаар орон тоог хасах, оновчтой болгох, ажилтнуудын ур чадварыг дүгнэж, анхаарах шаардлагатай болсон тул мэргэжил ур чадварын шалгалт авахаар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл түвшин тогтоох шалгалтын ажиллагааг байгууллагын дотоод ,бүрэн эрх хэмжээний үйл ажиллагаа гэж үзэв.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00806 дугаар шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1439 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                  

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА