Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/01319

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 79 дүгээр магадлалтай,

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.О-д холбогдох,

8.783.230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О- нь тус компаний Дархан салбарын эрхлэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилласан. Эрхлэгчийн албан тушаалд томилогдоход Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Барьцааны гэрээг тус тус харилцан тохиролцож байгуулсан. Салбарын эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа дээрх гэрээнд заасан эрх үүргээ зөрчин өөрийн эрхэлж буй ажилдаа хайнга хандсаны улмаас 3.496.385 төгрөгийн барааны хугацаа дууссан буюу борлуулах боломжгүй болгосон, мөн албан тушаалаа хэтрүүлэн борлуулалтын орлогоос 4.571.460 төгрөг хувьдаа завшсан тул компанид учирсан хохирол болох нийт 8.783.230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О- шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажил хүлээлцэх тооллого хийж шинэ салбарын эрхлэгч болох Үнэнбатад хүлээлгэж өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Ж” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн гэрээг чандлан сахиж ажил үүргийнхээ хуваарийн дагуу арга хэмжээг эрх мэдлийнхээ хүрээнд авч байсан. 2016 оны 03 дугаар сарын 01-04-ний хугацаанд хотод ерөнхий захирал Ш.Дашдорж, ерөнхий нягтлан Ууганбямба, борлуулалтын албаны дарга Гантулга нарт Дарханы салбарт байгаа хугацаа дуусахад 30 хоног болон ажил хүлээж авахад дууссан байсан, борлуулах боломжгүй болсон муудсан бараанууд, хуванцар савтай молоко дээгүүрээ хагараад байна. Буд худалдааны төвийн агуулах хэт халуун байгаа учир бараа хадгалахад хүндрэлтэй байгааг хэлж борлуулалтын албаны дарга Гантулгад фейсбүүк чатаар дээрх асуудлыг дахин тавьж, бараа тус бүрийн зурагнуудыг авч тайлбарыг нь бичин явуулсан. “Ж” ХХК нь бараагаа татан аваагүй өөрсдөө Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.5, Хөдөлмөрийн гэрээний 4.3, 5.1 болон 5.4 заалтуудаа зөрчин гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй.  Хөдөлмөрийн тухай хуулиар баяр болон нийтээр амрах өдрүүдэд ажиллуулсан бол хуулийн дагуу нэмэгдэл бодох ёстой байдаг. “Ж” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 08, улсын баяр наадмаар ажиллуулсан боловч нэмэгдэл цалин олгож байгаагүй. Эрсдлийн сан нэрийдлээр ажилчдаасаа мөнгө хурааж авч хууль бус мөнгө босгодог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О-оос 198.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 8.585.230 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.481 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6.590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 79 дүгээр магадлалаар: Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 155.490 төгрөг төлснийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 79 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч нь эрхэлж буй ажилдаа хайнга хандсаны улмаас 3.496.385 төгрөгийн барааны хугацаа дуусгаж, борлуулах боломжгүй болгосон. Салбарын эрхлэгчийн хувиар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.5, 3.5, 3,9-д заасны дагуу бараа бүтээгдэхүүнийг муутгахгүй байх талаар хадгалалтын горимд байнгын хяналт тавих, хугацаа дуусахаас урьтаж буцаалт хийлгэх үүрэгтэй байсан. Энэхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан ДС.05 дугаар Барьцааны гэрээгээр 100.000.000 төгрөгийн эрсдэлийг урьдчилан тохиролцож, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Түүнчлэн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тооллогын баримтаар хагарч гэмтэж, хугацаа дуусаж, худалдан борлуулах боломжгүй болсон барааг тодорхой тусгаж тусгасан. Б.О- нь тооцоо нийлэхээс эрс зугтааж байсан бөгөөд бид өөрт байсан боломжит бүхий л баримтуудаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол багатай, хангалтгүй гэдгийг нь мэдэж байсан учир шүүх хуралдааны явцад амаар “Санхүүгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, мэтгэлцэх боломжийг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учир шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Б.О-оос 8.783.230 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа ажилдаа хайнга хандсанаас 3.496.385 төгрөгийн барааны хугацаа дууссан, борлуулалтын орлогоос 4.571.460 төгрөг хувьдаа завшсан гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хугацаа дууссан болон муудсан барааны талаар зохих арга хэмжээг авч байсан, ...бараа хүлээн аваагүй, мөнгө завшаагүй ...” гэсэн тайлбар гаргаж маргажээ.  

Ажил олгогч “Ж” ХХК нь сард 500.000 төгрөгийн үндсэн цалин олгох, Б.О- нь тус компаний Дархан салбарын эрхлэгчээр ажиллахаар тохирч хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын мөн барьцааны гэрээг тус тус байгуулж, 2016 оны 01 дүгээр сарын 12-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 24-ний хооронд ажилласан нь тогтоогджээ /хэргийн 20-31 дүгээр тал/.

Нэхэмжлэгч дээрх гэрээнүүд болон 2016 оны 8 дугаар сарын 24-ний  өдрийн тооллогын баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.  

Хөдөлмөрийн гэрээний 1.3-т зааснаар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нөхцлийг тусгах бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хуульд заасан шаардлагууд тусгагдсан байх тул зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан, мөн дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж өгөөгүй ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.2, 135.1.3-т тус тус заасан.

Зохигчдын хооронд байгуулагдсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 6.1-т “хэрэв ажилтны буруугаар байгууллагад эд хөрөнгө, бараа материалын хохирол учирсан бол уг хохирлын хэмжээг тодорхойлох, түүнийг төлүүлэх ажиллагааг хууль тогтоомжийг  баримтлан гүйцэтгэх захирлын томилсон комисс гаргасан шийдвэрийн дагуу зохион байгуулна” гэж заасан ба энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан тооллогын баримт нь хариуцагчид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүйгээс барааны хугацаа дууссан болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүйгээс гадна хичнээн төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн үүнээс хэдэн төгрөгийг завшсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Харин Б.О- 4 уут будааны үнэ 198.000 төгрөгийг төлөөгүй, шүүх уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан, нэхэмжлэгч шүүх хуралдаанд санхүүгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь тодорхой бус, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугарын гомдлыг хангахгүй орхисугай.        

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 155.482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ