Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/02676

 

 

 

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/02676

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х Б ХХК-ний  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч:  Э ТХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 485 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, Э ТХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй Х Б ХХК-иас 21 825 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Ш.Жаргалсайхан, /үнэмлэх 0204/, хариуцагч Ш.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ТХХК нь 2012 оноос 2014 оны 8-р сарын дуустал хугацаанд манай компаниас барилгын төмөр материалыг 37 удаа зээлээр авч, дараа төлбөр хийгдэх нөхцөлтэйгээр өгдөг байсан. Нийт нийлүүлсэн төмөр материалын үнэ 26 729 600 төгрөгийг 11 удаагийн төлөлтөөр хийсэн байдаг ба одоо үлдэгдэл 25 431 000 төгрөгийг төлөхгүй хохирол учруулаад байна. 2 компаний захирал тохиролцож Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн нутагт 3 худаг барьж байгуулан төлбөр тооцоогоо дуусгахаар тохирсон боловч нэг худаг өрөмдөөд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай гээд авч яваад сураггүй болсон тул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Худгийн бүх зардлыг Э ТХХК хариуцах байсан боловч манай компаниас тоног төхөөрөмжийг гаргуулаад, түүнийгээ өөрөөсөө гаргасан зардал гэж ойлгуулснаар иргэний журмаар шийдвэрлүүл гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Э ТХХК нь труба төмөр авахдаа борлуулалтын ажилтан Саранбаатар, Тогтохбаяр, Оюун-Эрдэнэ, Бумбарай нараас бичүүлээд авсан нь компаний бараа материалын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна. Эдгээр хүмүүс ч гэрчилнэ. Иймд Э ТХХК-иас авсан барааны үнэ 25 431 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулж шийдвэр гаргуулахад 70 200 төгрөг нийт 25 485 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Х Б ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчаас худалдсан авсан бараа материалын үлдэгдэл төлбөрт 25 458 200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Э ТХХК нь 2012 оноос барилгын төмөр материал 37 удаагийн худалдан авалт хийж, 11 удаагийн төлөтөөр 26 729 600 төгрөг төлсөн. 2013 оны 11 дүгээр сард тооцоо нийлээд 20 160 000 төгрөгийн үлдэгдэл гарч, энэ төлбөртөө худаг гаргаж өгөхөөр тохирсон. Өөрийн зардлаар нийт 3  худаг гаргахаас 1 худаг гаргасан. 2 худгийг нь  гаргаж өгөөгүй. Мөн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5 415 000 төгрөгийн бараа материал худалдаж авсан боловч худалдаж аваагүй гэж маргасан учраас цагдаад хандсан. 2016 оны 01-р сард хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч оршин суух газар нь тодорхойгүй гээд нэхэмжлэлийг буцаасан. Ингээд эрэн сурвалжлуулах 2017 оны 01 сарын  27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шинжээч томилоод худгийн үнэлгээг 2013 оны байдлаар 9 600 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9 600 000 төгрөгийг хасч  15 885 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ш.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн 25 485 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Манай компани тус компаниас авсан төмөр, барааны  мөнгийг Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багын нутаг тариалангийн талбайд гүний худаг гаргаж бүрэн дуусгасан. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн ХААН банкны дансаар нэхэмжлэгч компанийн нягтлан н.Оюун-Эрдэнийн дансанд 2 426 000 төгрөгийг ажлын цаг тарж байхад 16.45 минутанд шилжүүлж бараагаа авсан. Энэ нь дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Харин 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бол зээлээр 5 415 000 төгрөгний бараа аваагүй. Энэ өдрийн падааныг хуурамчаар үйлдэж шүүхэд өгсөн, 5 415 000 төгрөгийг залилсан гэж цагдаад өгч шалгуулсан. Гарын үсгийг минийх биш гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 466 000 төгрөгний бараа материалыг зээлээр авсан нь үнэн. Тэгээд 2013 оны 11 дүгээр сард Аргалант суманд худаг гарган өгч төлбөр тооцоо бүрэн дууссан, үүнээс хойш зээлээр болон бэлэн мөнгөөр бараа материал худалдаж аваагүй. Мөн шинжээч 23 140 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь манайхыг янз бүрийн байдлаар маш их шалгуулсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна гэв.   

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани 2013 оны 10-р сарын 20-ны өдөр өв аймгийн Аргалант сум 2-р багт байх Х Б ХХК-ний тариалангийн талбайд 219 мм диаметр бүхий 3 гүний худаг өрөмдөхөөр тохирсон юм. Тохирсон ёсоор уст цэг тогтоохоор газар дээр нь очиж хэмжилт хийхэд зарим газартаа усны илэрцгүй байсан бөгөөд Х Б компаний захирал Н.Сүхбаатарт албан ёсны дүгнэлтээ гаргаж өгсөн юм. Өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж нийт 310 тууш метр өрөмдлөг хийж түүнээс усны нөөц сайтай нэг цооногт худгийн гүний насос 380 вт, шүүрийн хоолой, ус дамжуулах хоолой, цахилганы шит бусад холболт монтаж, кабель таглаа зэргийг суурилилуулж иж бүрэн худаг хүлээлгэн өгсөн болно. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд 18 000 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд 5 ажилтан 11 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Уг худгийн өрөмдлөгийн ажлын хөлсийг материалын зардлын хамт Х Б компани манйд төлж барагдуулах ёстой байсан ба манай худалдан авсан төмөр трубаны төлбөрт суутгаж тооцохоор 2 талаасаа тохиролцсон. Гэтэл уг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс материалын зардлыг манайхаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Иймд 2013 оны 11-р сарын 10-нд хүлээлгэн өгсөн гүний худгийн ажлын хөлс болон худгийн ажилд гарсан материалын зардлыг Х Б ХХК-иас гаргуулж хоорондын бүх төлбөр бүрэн барагдсан байдлыг тогтоолгохоор дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Х Б ХХК-ний Төв аймгийн Аргалант суманд байх тариалангийн талбайд 2013 оны 11-р сард гүний худаг өрөмдөж гарган тоног төхөөрөжийг суулгаж хүлээлгэн өгсөн гүний худгийн өрөмдлөгийн ажлын хөлс, материалын зардал зэрэгт зарцуулсан 13 980 000 төгрөг, гүний худаг өрөмдөх зорилгоор өрөмдсөн худгийн цооногт суулгасан 219 мм ган трубаны үнэ болох 4 050 000 төгрөг, гүний худаг гаргах ажилд зарцуулсан 2 300 л дизель түлшний үнэ болох 3 795 000 төгрөг нийт 21 825 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгчийн тариалангийн талбайд гаргасан 1 ширхэг гүний худаг, 2 ширхэг цооногийн ажлын хөлс 21 825 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээс хасч тооцуулахаар гаргасан. Хөрөнгө үнэлгээний төв ажлын хөлсийг 23 140 000 төгрөг гэж үнэлсэн. Үүнээс зээлээр авсан трубаны 11 466 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 11 674 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Сөрөг нэхэмжлэлдээ нэг худгийн ажлыг 18 000 000 төгрөг гэсэн байна. 2013 онд гаргасан худгийг 9 600 000 гэж үнэлсэн. Хариуцагч компани худалдаж авсан бараа материалдаа тооцож худаг гаргаж өгсөн болохоос бид нар захиалж худаг гаргуулааагүй. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х Б ХХК нь Э ТХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 485 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, Э ТХХК нь Х Б ХХК-иас 21 825 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 15 885 200 төгрөг болгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 11 674 000 төгрөг болгож багасгасан тул энэ хэмжээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Шүүх Х Б ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Э ТХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 016 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Х Б ХХК нь 2012 оноос эхлэн Э ТХХК-д барилгын төмөр материалыг худалдаж, худалдан авагч нь төлбөрийг дараа хийж байсан, төлөөгүй төлбөртөө Төв аймгийн Аргалант сумын 2-р багт орших тариалангийн талбайд 3 худаг гаргаж өгөхөөр тохирсон талаар талууд маргаагүй байна.

            Харин  2013 оны 11 дүгээр сард тооцоо нийлж 20 016 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5 415 000 төгрөгийн бараа материалын үнийг төлөөгүй нийт 25 431 000 төгрөгийн төлбөрт 1 худаг гаргаж, 2-ыг гаргаагүй,  хариуцагчиийг эрэн сурвалжлуулахад 70 200 төгрөг төлж хохирсон талаар маргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...худгийг гаргаж өгсөн, миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн” гэж тайлбарлажээ.

Аж ахуйн нэгжүүд нь Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 6-р сарын 18-ны өдрийн 171/111 тоот тушаалаар батлагдсан Тооцооны үлдэгдлийн баталгааг НХмаягт Т-3 маягтаар 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлдэг байна.

 

Хэргийн 14-15 дахь талд авагдсан тооцоо нийлсэн гэх баримтыг 2 тал харилцан нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нийлсэн тооцооны акт гэж үзэх боломжгүйгээс гадна нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Түүнчлэн гар бичмэл бүхий 3 дэвтэрийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн дагуу хөтлөгдсөн баримт гэх үндэслэлгүй. 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04-р сарын 28-ны өдрийн 1968 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх 47-79/ Х Б ХХК-ний 2014 оны 8-р сарын 13-ны өдрийн 5 415 000 төгрөгийн “Зарлагын баримт”-д /хх 13/ зурагдсан  Ш.Ганбат гэсэн гарын үсэг нь түүний гарын үсгийн загваруудтай тохирохгүй болох нь тогтоогдсон байна. Иймд 5 415 000 төгрөгийн бараа материал аваагүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Талууд 2013 оны 8-11 дүгээр сарын хугацаанд хийгдсэн худалдан авалт, төлбөр тооцооны талаар маргасан байх ба Э ТХХК нь 2013 оны 8-р сарын 14-ний өдрийн 11 466 000 төгрөгийн, 8-р сарын 16-ны өдрийн 3 078 000 төгрөгийн бараа материал худалдан авалтын нийт 14 544 000 төгрөгийг “нэхэмжлэх”-ийн дагуу төлөх үүрэгтэй байсан гэж үзнэ. Энэ талаар хариуцагч маргаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн хүсэлтээр худалдан авсан барааны үнэнд тооцох худгийн үнэлгээг шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд   шинжээч Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ний 2017 оны 08-р сарын 11-ний өдрийн 416 тоот дүгнэлтээр 2013 оны байдлаар  Х Б ХХК-ний хашаанд гаргасан, одоо бүрэн ашиглагдаж байгаа худгийг 9 600 000 төгрөгөөр, эзэмшлийг бус газарт газарт гэх 1 дүгээр цооногийн үнэлгээг 3 560 000 төгрөг, 2-р цооногийн үнэлгээг 4 400 000 төгрөгөөр нийт 17 560 000 төгрөгөөр, 2017 оны байдлаар   худгийг 11 200 000 төгрөг, 1-р цооног 5 340 000 төгрөг, 2-р цооног 6 600 000 төгрөгийн нийт 23 140 000 төгрөгөөр тус тус үнэлсэн /хх 148-156/ байна.

Шинжээч дүгнэлт гаргахдаа талуудыг байлцуулан үзлэг хийж, 2013, 2017 оны зах зээлийн үнэ ханшийг үндэслэсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан, дүгнэлтийг талууд маргаагүй, улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дүгнэлтийн үнэлгээгээр буюу 9 600 000 төгрөг багасгасан болно.

Нэхэмжлэгч 2 цооногийг “манай тариалангийн талбайд гаргаагүй” гэж маргадаг боловч хариуцагч Экпресс трейд ХХК нь нэхэмжлэгчийн заагаагүй газар өрөмдлөг хийх, түүний зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэх, захиалагч шатанд хяналтаа тавиагүй байх боломжгүй, нөгөө талаас, “...Сүхбаатар өөрөө 1 худгийг талбайдаа гаргуулсан, 2 худгийг хашааны гадна малчдад зориулж гаргуулсан, 1969 онд гаргасан худгийг сольж сумандаа хүлээлгэж өгнө гэсэн” тайлбар татгалзал үндэслэлтэй байна.

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15 885 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд Э ТХХК нь 14 544 000 төгрөгийн үүргийг гүйцэтгэх байснаас 2013 оны үнэлгээгээр 17 560 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж төлбөрт тооцон хүлээлгэж өгчээ. Үүнээс дүгнэвэл, хариуцагч нь 3 016 000 төгрөгийг илүү төлсөн гэж үзнэ.

Аливаа этгээд эрхээ зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт гаргадаг.

Энэ шаардлагыг хангаж хариуцагчийн эрэн сурвалжлуулахдаа 70 200 төгрөг төлснийг худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд тооцох нь буруу байна.

                                  Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Э ТХХК нь Х Б ХХК-иас 21 825 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны шатанд   нэхэмжлэлийн шаардлагаа 11 674 000 төгрөг болгож багасгажээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа үндэслэлээ Шинжээчийн дүгнэлтийн 2017 оны зах зээлийн үнэлгээг буюу 23 140 000 төгрөгийн үнэлгээнээс өөрийн төлөх үүрэг 11 466 000 төгрөгийг хасч тооцсон байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ талуудын 2013 онд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, түүний төлбөрт хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг үндэслэл болгон тооцсон болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох бөгөөд Э ТХХК нь 14 544 000 төгрөгийн үүргийг гүйцэтгэх байснаас 2013 оны үнэлгээгээр 17 560 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж төлбөрт тооцон хүлээлгэж өгсөн тул үүнээс дүгнэж 3 016 000 төгрөгийг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэргийн 11-13 дахь талд авагдсан Д.Бямбажавт, Б.Баянзул, Н.Сүхбаатар нарт хаягласан албан бичгүүд нь эрх бүхий байгууллагат гаргасан өргөдлийн хариу, 102-107 дугаар хуудас дахь Х Б ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээний талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ТХХК-иас 15 885 200 /арван таван сая найман зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн Х Б ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Х Б ХХК-иас 3 016 000 /гурван сая арван зургаан мянга/ төгрөг гаргуулж Э ТХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 8 658 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 267 075 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж, Х Б ХХК-иас 63 206 /жаран гурван мянга хоёр зуун зургаа/ төгрөг гаргуулж Э ТХХК-д олгосугай.      

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА