Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00041

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00041

 

 

    ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02676 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ЭТ ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 485 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 21 825 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х, Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга . Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭТ ХХК нь 2012 оноос 2014 оны 8-р сарын дуустал хугацаанд манай компаниас барилгын төмөр материалыг 37 удаа зээлээр авч, дараа төлбөр хийгдэх нөхцөлтэйгээр өгдөг байсан. Нийт нийлүүлсэн төмөр материалын үнэ 26 729 600 төгрөгийг 11 удаагийн төлөлтөөр хийсэн байдаг ба одоо үлдэгдэл 25 431 000 төгрөгийг төлөхгүй хохирол учруулаад байна. 2 компанийн захирал тохиролцож Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн нутагт 3 худаг барьж байгуулан төлбөр тооцоогоо дуусгахаар тохирсон боловч нэг худаг өрөмдөөд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай гээд авч яваад сураггүй болсон тул Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Худгийн бүх зардлыг ЭТ ХХК хариуцах байсан боловч манай компаниас тоног төхөөрөмжийг гаргуулаад, түүнийгээ өөрөөсөө гаргасан зардал гэж ойлгуулснаар иргэний журмаар шийдвэрлүүл гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ЭТ ХХК нь труба төмөр авахдаа борлуулалтын ажилтан Саранбаатар, Тогтохбаяр, Оюун-Эрдэнэ, Бумбарай нараас бичүүлээд авсан нь компанийн бараа материалын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн. Иймд ЭТ ХХК-иас авсан барааны үнэ 25 431 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулж шийдвэр гаргуулахад 70 200 төгрөг, нийт 25 485 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шинжээч томилоод худгийн үнэлгээг 2013 оны байдлаар 9 600 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9 600 000 төгрөгийг хасч, 15 885 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани тус компаниас авсан төмөр, барааны мөнгийг Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багын нутаг тариалангийн талбайд гүний худаг гаргаж бүрэн дуусгасан. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн ХААН банкны дансаар нэхэмжлэгч компанийн нягтлан н.Оюун-Эрдэнийн дансанд 2 426 000 төгрөгийг шилжүүлж бараагаа авсан. Энэ нь дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Харин 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зээлээр 5 415 000 төгрөгний бараа аваагүй. Энэ өдрийн падааныг хуурамчаар үйлдэж шүүхэд өгсөн, 5 415 000 төгрөгийг залилсан гэж цагдаад өгч шалгуулсан. Гарын үсгийг минийх биш гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 466 000 төгрөгийн бараа материалыг зээлээр авсан нь үнэн. Тэгээд 2013 оны 11 дүгээр сард Аргалант суманд худаг гарган өгч төлбөр тооцоо бүрэн дууссан, үүнээс хойш зээлээр болон бэлэн мөнгөөр бараа материал худалдаж аваагүй. Мөн шинжээч 23 140 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тодорхойлсон. Нэхэмжлэл үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани 2013 оны 10-р сарын 20-ны өдөр өв аймгийн Аргалант сум 2-р багт байх ХБ ХХК-ийн тариалангийн талбайд 219 мм диаметр бүхий 3 гүний худаг өрөмдөхөөр тохирсон бөгөөд уст цэг тогтоохоор газар дээр нь очиж хэмжилт хийхэд зарим газартаа усны илэрцгүй байсан бөгөөд тус компанийн захирал Н.Сүхбаатарт албан ёсны дүгнэлтээ гаргаж өгсөн. Өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж нийт 310 тууш метр өрөмдлөг хийж түүнээс усны нөөц сайтай нэг цооногт худгийн гүний насос 380 вт, шүүрийн хоолой, ус дамжуулах хоолой, цахилганы шит бусад холболт монтаж, кабель таглаа зэргийг суурилилуулж иж бүрэн худаг хүлээлгэн өгсөн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд 18 000 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд 5 ажилтан 11 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Уг худгийн өрөмдлөгийн ажлын хөлсийг материалын зардлын хамт Хос бэрс компани манайд төлж барагдуулах ёстой байсан ба манай худалдан авсан төмөр трубаны төлбөрт суутгаж тооцохоор 2 талаасаа тохиролцсон. Гэтэл уг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс материалын зардлыг манайхаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. ХБ ХХК-ийн Төв аймгийн Аргалант суманд байх тариалангийн талбайд 2013 оны 11-р сард гүний худаг өрөмдөж гарган тоног төхөөрөмжийг суулгаж хүлээлгэн өгсөн. Гүний худгийн өрөмдлөгийн ажлын хөлс, материалын зардал зэрэгт зарцуулсан 13 980 000 төгрөг, гүний худаг өрөмдөх зорилгоор өрөмдсөн худгийн цооногт суулгасан 219 мм ган трубаны үнэ болох 4 050 000 төгрөг, гүний худаг гаргах ажилд зарцуулсан 2 300 л дизель түлшний үнэ болох 3 795 000 төгрөг нийт 21 825 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцуулахаар нэхэмжилсэн. Хөрөнгө үнэлгээний төв ажлын хөлсийг 23 140 000 төгрөг гэж үнэлсэн тул зээлээр авсан трубаны 11 466 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 11 674 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлдээ нэг худгийн ажлыг 18 000 000 төгрөг гэсэн байна. 2013 онд гаргасан худгийг 9 600 000 гэж үнэлсэн. Хариуцагч компани худалдаж авсан бараа материалдаа тооцож худаг гаргаж өгсөн болохоос бид нар захиалж худаг гаргуулааагүй. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЭТ ХХК-иас 15 885 200 төгрөг гаргуулахыг хүссэн ХБ ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ХБ ХХК-иас 3 016 000 төгрөг гаргуулж ЭТ ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 8 658 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 267 075 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, ХБ ХХК-иас 63 206 төгрөг гаргуулж ЭТ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүх 2 худгийг хашааны гадна малчдад зориулж гаргуулсан, 1969 онд гаргасан худгийг сольж сумандаа хүлээлгэн өгнө гэсэн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна гэж хүний яриагүй хэлээгүй зүйлийг бичиж буруу дүгнэсэн. ЭТ ХХК нь тус компанид өр төлбөргүй юм бол 3-н худаг гаргаж өгөхөөр 3-н газарт өрөмдлөг хийгээд яваад байгааг ялгаж салгаж дүгнэх хэрэгтэй гэж үзэж байна. "Хос бэрс" ХХК өөрийн эзэмшил биш газар худаг гаргахыг шаардсан гэж дүгнэж байгаа бол ажил гүйцэтгэгч нь хууль бус шаардлагаас татгалзах эрх байгааг юу гэж ойлгож дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэн дуртай нь сум орон нутагт мэдэгдэхгүй өрөмдөлөг хийж байгаль орчныг сүйтгэж байх мэт дүгнэлт хийж байгаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй зөрчилдөж байна.

"Экспресс трейд" ХХК нь өр төлбөртөө, өөрийн зардлаар ХБ ХХК-ийн эзэмшлийн талбайд 3-н худаг гаргаж өгөхөөр үүрэг хүлээсэн учир ус гаргаагүй өрөмдлөг хийсэн эрсдлээ өөрөө хариуцахаар байна. Учир нь ЭТ ХХК нь ХБ ХХК-иас 21 825 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол үндэслэлгүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. "Экспрейс трейд" ХХК нь бараа материал зээлээр худалдан авч эргэн төлөлт хийх явцдаа Хос бэрс" ХХК-ийн итгэл хүлээлгэсэн байдлыг буруугаар ашиглан авсан бараагаа аваагүй хэмээн гүтгэж байгаа байдлыг шүүх зөв дүгнэлт өгч чадахгүй байна. Шүүх дүгнэхдээ 2014 оны 8 сарын 13-ны өдрийн 5 415 000 төгрөгийн зарлагын баримтад зурагдсан Ш.Ганбат гэсэн гарын үсэг нь түүний гарыг үсгийн загваруудтай тохирохгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд 5 415 000 төгрөгийн бараа материал аваагүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. ...Мөн хэрэгт ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгүүдийг огт үнэлээгүй. Экпресс трейд" ХХК-ийн захирал Ш.Ганбат 2014.08.13-нд 5 415 000 төгрөгийн бараа материалыг өөрөө ирж аваагүй нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байхад Ганбатын гарын үсэгтэй тохирохгүй байгаа нь аваагүй гэсэн үг гэж хэт нэг талд ач холбогдол өгч үнэлж байгаа хэргийн бодит байдалд эргэлзээгүй зөв үнэлэлт өгч чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч ЭТ ХХК-д холбогдуулж худалдсан төмөр трубаны үнэ 15 885 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч худгийн ажлын хөлсөнд 11 674 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын тайлбар болон ХБ ХХК-ийн НӨАТ-ын падаан, нэхэмжлэх зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар 2012 оноос ХБ ХХК нь төмөр трубаг ЭТ ХХК нийлүүлж, ЭТ ХХК нь трубаны үнийг дараа төлж байсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь 2013 оны 11 сарын байдлаар нийт 20 016 000 төгрөгийн трубаг, 2014 оны 08 сарын 13-ны өдөр 5 415 000 төгрөгийн трубаг тус тус хариуцагчид шилжүүлсэн буюу хүлээлгэн өгсөн гэдгээ нотлох учиртай болно. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн 2014 оны 08 сарын 13-ны өдрийн 5 415 000 төгрөгийн трубаны зарлагын баримтад хариуцагч ЭТ ХХК-ийн захирал Ш.Ганбат гарын үсэг зураагүй болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ \хх-ийн 13, 75-79 дүгээр тал\.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн хэргийн 14-15 дугаар талд авагдсан бичгийн баримтыг талуудын хоорондын тооцоо нийлсэн акт гэж үзэх боломжгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, ХБ ХХК-ийн ажилтнуудын хөтөлж байсан 3 ширхэг дэвтэр нь санхүүгийн анхан шатны баримт биш, уг дэвтэрт хариуцагчид труба хүлээлгэн өгсөн гарын үсэг зурагдаагүй зэргээс үзэхэд эдгээр нотлох баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрчээр Б.Саранбаатар, М.Тогтохбаяр, Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба гэрч Б.Саранбаатарыг асуулгах хүсэлтээс нэхэмжлэгч тал татгалзаж, гэрч М.Тогтохбаяр, Э.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг хэрэгт авагджээ.

 

Гэрч М.Тогтохбаяр нь 2014 оны 08 сарын 13-ны өдөр ЭТ ХХК-иас тухайн барааг авахаар ямар хүн ирсэн, зарлагын баримт дээр хэн гарын үсэг зурсан, барааг ачиж явсан автомашины марк, улсын дугаар зэргийн талаар тодорхой мэдүүлээгүй ба харин Саранбаатарын хэлснээр барааг ачуулсан /хх-ийн 121-122/ гэж, гэрч Э.Оюун-Эрдэнэ нь 2012-2013 оны хооронд ЭТ ХХК нь 20 016 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг бусад баримтаар нотлогдоогүй, тэрээр мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүйгээс гадна 2014 оны 08 сарын 13-ны өдрийн зарлагын баримт дээр хэн гарын үсэг зурсныг хараагүй гэж мэдүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дах хэсэгт зааснаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нөгөө тал нь түүнийг иш татах эрхтэй боловч хариуцагч талаас гаргаж ирүүлсэн ХБ ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 466 000 төгрөгийн, 08 сарын 16-ны өдрийн 3 078 000 төгрөгийн нэхэмжлэхүүдийг нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ болгоогүй байна.

 

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь 2013 оны 11 сарын байдлаар нийт 20 016 000 төгрөгийн трубаг, 2014 оны 08 сарын 13-ны өдөр 5 415 000 төгрөгийн трубаг тус тус хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцогддог ба Ш.Ганбат 5 415 000 төгрөгийн зарлагын баримтад гарын үсэг зураагүй, ЭТ ХХК трубаны үнэ 20 016 000 төгрөгийн өр төлбөртэй гэж үзэх өөр баримт байхгүй тохиолдолд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх, уг гэрээгээр хариуцагч ЭТ ХХК үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч ЭТ ХХК нь өр төлбөртөө 3 ширхэг худаг гаргахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нь хэдэн төгрөгийн өр төлбөртэй байсан нь дээрх байдлаар тодорхой бус байхаас гадна нэхэмжлэгчийн ашиглаж байгаа худгийн болон ашиглалтанд өгөөгүй 2 цооногийн ажлын хөлсийг хамтад нь тооцож, улмаар зөрүү гаргаж хариуцагч ЭТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр мөн үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл дээрх байдлаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг гаргажээ. /хх-ийн 17/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02676 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ЭТ ХХК-иас 15 885 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ХБ ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч ХБ ХХК-иас 11 674 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч ЭТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХБ ХХК-ийн төлсөн 237 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ