Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2019/03262

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2019/03262

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХБ ХХК

Хариуцагч: ЭТ ХХК

Барааны үнэ хохиролд 15.885.200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, ажлын хөлс 8.596.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн төлөөлөгч Д.Бямбажав, өмгөөлөгч М.Ц, хариуцагч Э.Т ХХК-ийн захирал Ш.Г, гэрч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Т ХХК нь 2012 оны 09 дүгээр сараас 2014 оны 08 дугаар сарыг дуустал 37 удаагийн зээлээр Х.Б ХХК-наас барилгын төмөр материалыг худалдаж авсан. Төмөр материалын үнэ 26.729.600 төгрөгийг 11 удаагийн төлөлтөөр хийсэн байдаг. Үлдэгдэл 25.431.000 төгрөгийг төлөөгүй. 2013 оны 11 сарын байдлаар тооцоо гаргахад хариуцагч 20.016.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хоёр талын захирал уулзаж энэ тооцоог дуусгавар болгож тооцооны үлдэгдэл төлбөрт Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багт байх газар тарилангийн талбайд 3 худаг ухаж өрөмдөхөөр амаар тохиролцож худаг гаргуулсан. 1 худаг гаргасан нь чанарын шаардлага хангасан хэвийн ажиллагаатай. 2, 3 дахь худгийг шав тавьсан газраас өөр газар ухсан, ус гараагүй байсан. Э.Т ХХК барилгын төмөр трубаг худалдан авч байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.С 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр утсаар ярьсны дагуу хариуцагч талд 5.415.000 төгрөгийн труба төмөр өгсөн, төлбөрийг төлөөгүй гэдгийг гэрчиллээ. Энэ мөнгийг нэхэмжилнэ. Шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлага 25.485.200 төгрөгийг багасгасан байгаа. 2012 оны 09 дүгээр сараас 2014 оны 08 дугаар сарын хооронд авсан барааны үнэд 15.885.200 төгрөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч Э.Т ХХК-наас барааны үнэ 15.885.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Т ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Ш.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргаан 2015 оноос эхэлсэн. Түүнээс өмнө бидний дунд ямар нэг маргаан байгаагүй. Х.Б ХХК-ийн захирал Н.Сүхбаатар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажавын охины нөхөр. Энэ хүний охин 2015 онд цагдаад хандан 5.415.000 төгрөгийн үнэ бүхий трубаг зээлээр аваад мөнгөө өгөөгүй, залилаа гэж маргаан анх эхэлсэн. Энэ гомдлыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. 2012 оны 12 дугаар сараас 2014 оны 08 дугаар сарын дуустал 37 удаагийн үйлдлээр труба худалдаж авсан нь үнэн. Гэхдээ зээлээр аваагүй. Бараа худалдаж аваад дансаар шилжүүлж төлбөрийг төлж НӨАТ-ын баримтыг шивүүлж авдаг байсан. Бидний хооронд ямар ч гэрээ, хэлцэл хийгдэж байгаагүй. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5.415.000 төгрөгний трубаг зээлээр авсан гэж нэхэмжилж баримтыг шүүхэд гаргасан боловч баримтад зурсан гарын үсэг минийх биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нягтлан н.Оюун-Эрдэний дансанд 2.426.000 төгрөгийг шилжүүлж бараа материал худалдаж авсан. Харин манайх Х.Б ХХК-наас 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11.466.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3.078.000 төгрөгийн трубаг нэхэмжлэх бичүүлэн зээлээр авч төлбөрийг төлөөгүй явсан нь үнэн. Энэ төлбөрт хоёр тал харилцан тохиролцож Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багт байх газар тарилангийн талбайд 3 худаг ухаж өрөмдөхөөр амаар гэрээ байгуулж ажлын хөлсөнд тооцсон. Манайх хэлсэн газар нь худаг өрөмдөж хүлээлгэн өгснөөр аль аль тооцоо дуусгавар болсон. Х.Б ХХК-наас Э.Т ХХК бараа материал худалдан авч нийт 42.728.600 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Дээрх ажлууд дууссаны дараа ч би эднийхээс 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 4.426.000 төгрөгийн материал 18-ны өдөр нь 439.636 төгрөгийн материалыг авч үнийг төлж үүнээс хойш ч материал аваад мөнгийг төлөөд явсан. Өмнөх үнээ төлөөгүй байж би дахин худалдан авалт хийхүү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Э.Т ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон захирал Ш.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 10 дугаар сард Х.Б ХХК-ийн захирал Б.Сүхбаатар бид хоёр уулзаж худалдаж авсан барааны үлдэгдэл төлбөрт Төв аймгийн Аргалант сум 2 дугаар багт байх Х.Б ХХК-ийн тариалангийн талбайд 219 мм-ийн диаметр бүхий 3 гүний худаг өрөмдөхөөр тохиролцож заасан газар нь өрөмдөж 1 худгаас ус гарч нөгөө хоёр нь усны илэрцгүй байсан. Бид өмнөх гэрээг дуусгавар болгож шинээр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Гэрээний үүргийг 2013 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгч үүгээр бидний хоорондох гэрээний бүх асуудал дууссан. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг дуусгавар болгож тохиролцон худаг гаргуулах ажил гүйцэтгүүлж ажлыг 2013 оны 11 дүгээр сард хүлээлцсэн. Үүнээс хойш бидний дунд ямар нэгэн маргаангүй явсан. Гэтэл нэхэмжлэгчийн эхнэр цагдаад хандаж, дараа нь шүүхэд хандсанаар шүүх шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр хариуцагч тал 23.140.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон тул энэ үнийн дүнгээс 14.544.000 төгрөгийг хасаж тооцсон. Хариуцагч шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан. Түүнээс шүүхэд хандаж мөнгө төгрөг гаргуулах санаа байгаагүй. Гэхдээ ажлын хөлсөнд 8.596.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Э.Т ХХК 2012 оноос барилгын төмөр материалыг зээлээр авч дараа төлбөр хийгдэх нөхцөлтэйгээр худалдаж авдаг байсан. 2013 оны 11 дүгээр сарын байдлаар 20.016.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон тул хоёр тал тохиролцож Х.Б ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Аргалант сумын нутагт байрлах газар тариалангийн талбайд мал, газар тариалан услах 3 худаг гаргахаар тохиролцож 1 худаг нь чанарын шаардлага хангаж, 2 худаг нь шав тавьснаас өөр газар өрөмдсөнөөс ус гараагүй. Хариуцагч нь барааны үлдэгдэл 20.016.000 төгрөгийн өр төлбөрт 3 худаг гаргаж өгч тооцоогоо дуусгахаар тохиролцсон тул ажлын хөлс гэж шаардах эрхгүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Э.Т ХХК-нд холбогдох худалдан авсан бараа материалын үнэд 15.885.200 төгрөг, хариуцагч Э.Т ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулж ажлын хөлсөнд 8.596.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар хариуцагч Э.Т ХХК нь нэхэмжлэгч Х.Б ХХК-аас 2012, 2013 онуудад барилгын төмөр материалыг худалдан авч үнийг төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч барааны үлдэгдэл төлбөрт 15.885.200 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримтаар 5.415.000 төгрөгийн труба төмөр худалдаж авсан гэж тайлбарлан үнийн дүнд тооцож нэхэмжилсэн боловч, шаардлагын /15.885.200-5.415.000=10.470.200/ 10.470.200 төгрөгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлагыг нотолсон баримтгүй тул дүгнэлт өгөх боломжгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагч Э.Т ХХК нь 2013 оны 11 сарын байдлаар 20.016.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх тооцоо гарсан гэж тайлбарлан хавтаст хэргийн 14-15 дахь хуудсанд авагдсан хүснэгтийн тооцоог ирүүлсэн боловч баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, зохигч харилцан баталж тооцоо нийлээгүй тул баримтыг үнэлэх боломжгүй.

Зохигч шүүхийн хэлэлцүүлэгт талууд тохиролцож Э.Т ХХК-ийн худалдаж авсан төмөр материалын үлдэгдэл төлбөрт хариуцагч нь нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн эзэмшлийн талбайд 3 худаг гаргаж өгөхөөр тохиролцож худаг гаргах ажил гүйцэтгэсэн гэсэн тайлбараас дүгнэхэд талууд худалдах, худалдан авах гэрээний үнэд ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг тооцохоор тохиролцож үүрэг гүйцэтгүүлэгч Х.Б ХХК нь Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2-т зааснаар өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзаагүй, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар Х.Б ХХК нь хариуцагчийн гаргасан 3 худгийг хүлээн авахаар тохирсон тул хариуцагч Э.Т ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажав гэрчээс асуусан асуултдаа 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн орой Төв аймгийн Аргалант суманд байх газар худаг гаргаж өгнө гээд М.Тогтохбаяраас 159, 133-ийн турбаг 09-88 УБГ улсын дугаартай автомашинд ачиж явуулсан нь үнэн үү гэсэн асуултанд гэрч Б.С труба ачуулсан, Э.Т ХХК-ийн ажилтан гэх 2 залуу байсан, нэрийг нь мэдэхгүй, трубаны төлбөрийг төлсөн эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлсэн, гэрч М.Тогтохбаяр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б.С манай захиалагч компани захиалсан гээд машинд 133, 159-ийн 19 ширхэг труба ачуулсан, гэрч Э.Оюун-Эрдэний Б.Ст утсаар захиалга өгсөн гээд борлуулагч М.Тогтохбаяр, Б.С нар зогсоол дээрээс хөлсний машинд ачуулсан. М.Тогтохбаяр тооцооны хуудас өгсний дагуу би баримт бичсэн. Хэн гарын үсэг зурсанг мэдэхгүй гэж мэдүүлсэн, Х.Б ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5.415.000 төгрөгийн Зарлагын баримт-д зурагдсан Ш.Г гэсэн гарын үсэг хариуцагч компаний захирал Ш.Гын гарын үсгийн загвартай тохирохгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, 5.415.000 төгрөгийн барааг хэн хүлээж авсан, хэнд хүлээлэгэн өгсөн нь тодорхойгүй, гэрчийн мэдүүлэг баримтаар тогтоогдоогүй тул зарлагын баримтыг үндэслэн хариуцагчаас үнийг гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Э.Т ХХК нь нэхэмжлэгч Х.Б ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 8.596.000 төгрөг шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт 2013 оны 11 дүгээр сард худгийн ажлыг дуусгаж хүлээлгэн өгснөөр бидний хоорондох бүх асуудал дууссан. Тэр үед мөнгө нэхэмжлэх шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 онд шинжээч томилогдож, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Бидний хооронд байгуулагдсан гэрээ нэгэнт дуусгавар болсон учир шаардах эрхгүй болж байна гэсэн тайлбараас дүгнэхэд Э.Т ХХК худаг гаргах ажлыг гүйцэтгэж талууд 2013 оны 11 дүгээр сард ажлыг хүлээлцсэн, нэхэмжлэгч Х.Б ХХК үүнээс хойш ажлын гүйцэтгэл, доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.Б ХХК, хариуцагч Э.Т ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон тул хариуцагчийн ажлын хөлс 8.596.000 төгрөг нэхэмжлэгч Х.Б ХХК-наас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зохигч хэн алины улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Э.Т ХХК-наас 15.885.200 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Б ХХК-нд холбогдох ажлын хөлс 8.596.000 төгрөг гаргуулах хариуцагч Э.Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.075 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА