Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01393

 

П.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01217 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1463 дугаар магадлалтай,

П.Н-ийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн,

зээлийн гэрээний үүрэгт 14.074.380 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч П.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “Монгол тоосго” ХХК-ийн 33-27 тоот, 1 өрөө орон сууцыг барьцаалан Хтай 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 222 тоот Зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан. Тухайн үед банкны зээлийг төлчихсөн чамд хамаагүй болсон гэж эхнэр Л.Гангантогос хэлж байсан болохоор зээл төлөгдсөн гэж бодож явсан. Эхнэр маань 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барж, бага насны охины хамт үлдсэн. Ингээд дахин Солонгос улс явах гэж хууль бусаар хил нэвтрэхийг завдсан, хуурамч бичиг баримт ашигласан гээд шүүхээс 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр торгуулийн ял авсан. Гэвч торгуулийг төлж чадаагүй тул 1 жилийн хорих ялаар сольж биечлэн эдэлсэн. 2014 оны намар үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авахдаа зээл төлөгдөөгүйг мэдсэн. Энэ хугацаанд Х нэг ч удаа шаардаж байгаагүй. Банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа өнгөрөөд 10 жил болсон, хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагчийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд дээрх зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Н- нь зээл авснаас хойш 1 удаа зээл, зээлийн хүүд 523.500 төгрөгийг төлсөн бөгөөд түүнээс хойш зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж оршин суугаа газар нь тодорхойгүй болсон. Банк 2007 онд зээл төлүүлэхээр шүүхэд хандахад П.Н- хаягтаа байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэх зорилгоор түүнийг цаг үргэлж эрж хайж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Н- нь 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хтай 222 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн барьцаанд Сонгинохайран дүүргийн 5 дугаар хороо Монгол тоосго ХХК-ийн 33 дугаар байрны 27 тоот, 18 м.кв талбайтай Ү-2201013781 тоот улсын бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан. Зээл авснаас хойш зээлийн төлбөрт 523.500 төгрөгийг төлсөн, өнөөдрийн байдлаар 4190 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээг П.Н-тэй хийсэн, эхнэр нь хамтран зээлдэгч. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3.598.801,37 төгрөг, хүүд 14.982.574,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.984.291,83 төгрөг, нийт 21.565.667,86 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 265.779 төгрөгийн хамт гаргуулж, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг хангуулж өгнө үү. Банкны зүгээс зээлийн хүүг 50 хувиар бууруулах боломжтой гэжээ.

Нэхэмжлэгч П.Н- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаартай зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар 2006 оны 5 дугаар сараас эхлэн тоологдсон байна. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоноос хойш 10 жил өнгөрсөн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар зээл болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Х надад холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч гаргаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01217 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан зээлдэгч П.Н-, Х ХХК-ийн хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай П.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, П.Н-ээс 11.588.345 төгрөг гаргуулан Хинд олгож, үлдэх 2.486.036 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар П.Н- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013781 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Монгол тоосго ХХК 33 дугаар байрны 27 тоот орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.,-т зааснаар нэхэмжлэгч П.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.000 төгрөг, хариуцагч Хнаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.779 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 200.363 төгрөг гаргуулж хариуцагч Хинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1463 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасныг баримтлан П.Н-, Л.Гангантогос болон Х ХХК нарын хооронд байгуулагдсан 222 тоот зээлийн болон 222-2 тоот барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201013781 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Монгол тоосго ХХК, 33 дугаар байрны 27 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг хариуцагч Х ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч П.Н-д олгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас нэхэмжлэгч П.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 14.074.380.53 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дах заалтыг хасч, 3 дах заалтыг 2 гэж дугаарлан “нэхэмжлэгч П.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 200.363 төгрөг гаргуулж, хариуцагч Хинд олгосугай” гэснийг “хариуцагч Х ХХК-иас 79.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Н-д олгосугай” гэж өөрчилж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Н- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.400 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, шүүхийн шийдвэр нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хны зүгээс зээлдэгч П.Н-тэй уулзаж зээлийн төлбөрийг шаардаж холбогдох уулзалтуудыг хийхэд зээлийн төлбөрийг хойшлуулах, барьцаа хөрөнгөө худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлөх талаар хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан бөгөөд банкны зүгээс ч гэсэн боломж олгож хугацаа өгч байсан болно. Банкны зүгээс П.Н-ийн өөрийн гараар бичиж өөрөө гарын үсэг зурсан зээлийн төлбөрийг төлөхөд хугацаа олгож өгнө үү, барьцаа хөрөнгөө худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлөх саналтай байгаа талаараа илэрхийлсэн хүсэлт зэрэг холбогдох баримтууд нь иргэний хэргийн хавтаст хэрэгт байсаар байхад, мөн анхан шатны шүүхээс тухайн баримтуудыг үнэлж үнэн зөвөөр, шударга шийдвэр гаргасан байхад Давж заалдах шатны шүүхээс энэ талаар аливаа баримт байхгүй байна гэж магадлалдаа дүгнэснийг алдаатай буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. П.Н- нь банктай байгуулсан гэрээний дагуу оршин суух хаягаа санаатайгаар өөрчилсөн, энэхүү өөрчилсөн талаараа банкинд мэдэгдээгүй, гадаад улсад явсан, мөн түүний зүгээс банкинд хандаж зээлийн төлбөрийг төлөх хугацааг сунгаж өгнө үү барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлээ төлөх гэж байгаа гэх мэтийн хүсэлтүүдийг гаргаж байсан, П.Н- нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3-р хороололд, 21-118 тоот хаягт очиход тухайн хаяг дээрээ байгаагүй талаарх гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэж шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээж хэргийг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаангүй байна гэж дүгнэснийг мөн алдаатай буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх яагаад Хийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзсэн мөртлөө гэрээний нөгөө тал болох П.Н-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа байна гэж үзэж нэхэмжлэлийг нь хангаж байгааг ойлгохгүй байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн №1463 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №181/ШШ2017/01217 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч П.Н- нь хариуцагч Хинд холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн төлбөрт 14.074.380 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

П.Н-, Л.Гангантогос нар нь Хтай 2005 оны 8 дугаар сарын 12-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “Монгол тоосго” ХХК-ийн 33-27 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалан 4.000.000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 9 сарын хугацаагаар зээлжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банкнаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Харин шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь маргааны зүйл болжээ.  

Нэхэмжлэгч П.Н- нь 2017 оны 04 дүгээр сарын 4-ний байдлаар үндсэн зээл 3.598.801 төгрөг, хүү 14.982.574 төгрөг, торгууль 2.984.291 төгрөг төлөгдөөгүй талаар Зээлийн бүртгэлийн картад тэмдэглэгджээ.

Зээлийн гэрээний хугацаа 2006 оны 5 дугаар сарын 15-нд, уг гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусах байжээ.

Х П.Н-д холбогдуулан зээлийн төлбөрт 5.622.721 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 17-ний өдрийн 138 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэжээ /хэргийн 28 дугаар тал/.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан ба хариуцагч Х 2007 оноос хойш 10 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хны зээлийн ажилтан зээлдэгчийн хаягаар очиж байсан, түүнчлэн П.Н- нь хорих ял эдэлж байсан нь зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зогсох, эсхүл тасалдах эрх зүйн үндэслэл үүсээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч Х нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 7 жил хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1463 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 200.364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ