Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 522

 

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Г.З,

         Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

         Гуравдагч этгээд: Г.С, М.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г овогтой З миний бие нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд /хуучин нэрээр/ Дотоод аудитын ахлах мэргэжилтнээр 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан.

Би одоо 55 настай, улсад болон төрийн байгууллагад 1984 оноос хойш тасралтгүй 33 жил ажиллаж байна.

Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинээр байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг, түр хариуцагч /ямар ч хуулинд ийм албан тушаал байхгүй/  Ц.******* нь Яам өөрчлөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан гээд Б/96 тоот тушаал  гаргаж намайг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж би үзэж байна.

Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагч Ц.******* гэдэг хүн тухайн үед тушаал гаргахдаа надтай уулзаагүй, санал солилцоогүй, хоёр биенийхээ зүс царайг ч хараагүй, өөр ажил ч санал болгоогүй.

Миний бие нь төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч мөн.

Би Н.******* сайдтай биечлэн уулзаж учир байдлаа ярихад Төрийн захиргааны удирдлагын газрын дарга *******ыг дуудаж энэ хүнийг, цаашид ажиллуул гэсэн аман шийдвэрийг 2016 оны 09 дүгээр сарын эхээр өгсөн.

Түүний дараа ******* дарга, таныг Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүллээ гзсний дагуу тус газарт 2-3 удаа очсон боловч удирдлагууд нь /тэргүүн дэд дарга, тамгын газрын дарга нар/ орон тоо байхгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд 50 гаруй хоног хүлээгээд арга буюу ажилгүй мөнгөгүй болсны улмаас насаараа төрийн байгууллагад ажилласан /33 жил мань мэтэд хуримтлал гэж юу байхав дээ/ албан тушаалын 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний /нэмэгдлүүд ороогүй/ тэтгэлгийг 10 дугаар сарын 20-ны өдөр авч 21-ний өдөр ажлаас халагдсан тушаалаа гардан авлаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 18-нд Б/96 тоот тушаалын талаар урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний 1258 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.*******т хариу ирүүлсэн байна.

Уг хариунд “Төрийн албаны тухай хууль болон уг хуульд нийцүүлэн баталсан эрх зүйн актуудад даргын үүргийг түр хариуцагч” гэсэн нэр томьёо, хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг “даргын үүргийг түр хариуцагч” гэсэн үүрэг гүйцэтгэгчийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагч Ц.*******ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүчингүйд тооцож, Г.*******г өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангаж ажиллана уу” гэсэн хариу ирсэн.

Дотоод аудитын ахлах мэргэжилтэн миний орон тоо, цалингийн сан, ажлын байр хэвээр хадгалагдаж, үр дүнгийн гэрээний биелэлт “В” буюу Сайн гэж дүгнэгдсэн байхад юуны учир, ямар үндэслэлээр ажлаас халсныг шалган тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дээрхи шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/24 тоотоор биелүүлэх боломжгүй гэсэн хариу ирсэн тул ЗХШХШТухай хуулийн 14.1.2-т заасныг үндэслэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

ЗХШХШТухай хуулийн 52 дугаар зүйлийг үндэслэн Б/96 тоот тушаалын талаар дараахь нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Г.******* миний биеийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.*******т даалгах шийдвэрийг тус тус гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагч Ц.*******ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 тоот тушаалыг гарсан үеэс нь бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10 298 808 төгрөгийг нэхэмжилж байгаа учир энэ мөнгийг гаргуулж өгнө үү, миний биеийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.*******т даалгах шийдвэрийг тус тус гаргаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Захиргааны акт илт хууль бус болох” нөхцлийг заасан бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь дээрх нөхцлийн алинд ч хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “даргын үүргийг түр хариуцагч”-ийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн нь илт хууль бус захиргааны акт гэж маргажээ.

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т “Төрийн нарийн бичгийн даргыг түр эзгүйд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хариуцуулсан шийдвэрийг гаргасан болно. Энэ тушаалын дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр газрын дарга Ц.******* ажилласан. Өөрөөр хэлбэл яамны албан хаагчдыг томилох чөлөөлөх эрх зэрэг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасан бүхий л эрхийг хэрэгжүүлж байсан юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 21.2-т дахь заалт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дагуу Засгийн газраас яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх ёстой байсан гэжээ.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Төрийн албаны хууль буюу энэхүү түр орлон гүйцэтгэх харилцаанд ерөнхий зохицуулалт болсон хууль нь бусад нарийвчилсан зохицуулалттай хуулиудтай /энэ тохиолдолд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль/ зөрчилдөхгүй байх нөхцлийг хууль тогтоогч “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж хуульчилсан байна. Энэ нь яамны Төрийн нарийн бичгийн апбан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх харилцаанд Монгол Улсын Яамны эрхзүйн байдлын тухай хуулийг баримтална. Харин ийм хууль байхгүй бол Засгийн газраас баталсан журмыг баримтлахыг ямар нэгэн хууль хэрэглээ, хэм хэмжээний зөрчилдөөн гаргахгүйгээр шууд хуульчилсан байна. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.1-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана” гэж заажээ. Энэхүү эрх бүхий албан тушаалтан нь хэн байх тухай Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т сайд болохыг тодорхой зохицуулсан.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ “даргын үүргийг түр хариуцагч”-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/04 дүгээр тушаалыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үүссэн маргааны төрлийн хувьд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан билээ. Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ажилтан нь нэхэмжлэгч Г.******* нарын хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан юм. Иймд ажил олгогч тал болох яамыг төлөөлөн шийдвэр гаргаж байсан этгээдийг ажилтныг томилох, чөлөөлөх эрхгүй гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Төрийн албанд төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах зарчим үйлчлэх ёстой тул яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн нь хууль тогтоомжид нийцсэн үйлдэл болно.

Хоёр. Төрийн албаны зөвлөлийн даргын албан бичиг нь эрх зүйн үндэслэлгүй болох тухайд

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудпаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж, Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр топгоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг энэ журмаар тогтоосон харьяаллын дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасан.

Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 9-т “Маргааны шинж байдлыг харгалзан Зөвлөлийн дарга уг комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тухайн Зөвлөлийн аль нэг гишүүнээр даргалуулна. Гомдлыг хянан шалгах ажлыг комиссын дарга хариуцан зохион байгуулна”, 13-т “Комисс нь маргаанд холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзаж, тэдний тайлбар, санал дүгнэлтийг сонсох, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн гомдол гаргагч иргэнээс гаргуулан авч танилцах эрхтэй” гэж, 16-д “Зөвлөл дүгнэлтийг хэлэлцээд, тогтоол гаргах, эсхүл дахин шалгуулахаар комисст буцаах шийдвэр гаргана” гэж заасан байна. Гэтэл Төрийн албаны зөвлөл нь Г.*******гийн гомдолд маргаан үүсгээгүй, талуудаас тайлбар аваагүй, комисс байгуулаагүй, тогтоол гаргаагүй зэрэг нь маргааныг ер шийдвэрлээгүй болохыг илтгэж байна. Зүй нь уг асуудлаар маргаан үүсгэж, Төрийн албаны зөвлөлийн тогтоол гаргах ёстой болно. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж хуульчилсан байна.

Гурав. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар.

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Хөдөлмөрийн яам /хуучин нэрээр/, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /хуучин нэрээр/ нэгдэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор тус яамны орон тооны дээд хязгаар 117 байхаар батлагдсан тул бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан.

Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн. /хуульд өөрчлөлт орохоос өмнөх байдлаар/ Учир нь нэхэмжлэгчийн ажлын байр цөөрсөн бөгөөд мэдлэг чадвар, мэргэшлийн хувьд хамгийн илүү шаардлага хангасан иргэдийг үлдсэн ажлын байранд авч ажиллуулсан нь хууль зөрчөөгүй болно.

Дөрөв. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасны дагуу гуравдагч этгээдүүдийг ажилд томилсон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.

Хөдөлмөрийн яамны дотоод аудитын мэргэжилтэн М.*******-******* боловсролын магистрын зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч тул Г.*******, Г.******* нараас давуу талтай болно. Харин Г.******* нь Г.*******гаас ажилласан жил болон боловсролын түвшингээр илүү /магистр зэрэгтэй/ тул дотоод аудитын 2 орон тоонд М *******-*******, Г.******* нарыг томилсон нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд гуравдагч этгээдийг орон тоо хасагдаж, цөөрсөн ажлын байранд гуравдагч этгээдүүдийг томилсон нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэлийн шаардпагыг хангаснаар хууль ёсны дагуу томилогдсон гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчих болно.

Тав. Нэхэмжлэгчийг ажлын байраар хангах арга хэмжээг хэрэгжүүлсэн тухай

Нэхэмжлэгчийг ажлын байраар хангах асуудлаар яамнаас харьяа байгууллагуудад албан бичгээр чиглэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь уг шийдвэрийн дагуу холбогдох байгууллагуудад албан ёсоор хандаагүй байна. Тухайлбал тус яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс ирсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь одоо төрийн байгууллагад ажпын байраар хангагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Зургаа. Ажиллаагүй хугацааны цалинтай тэнцэх олговор, ЭМ болон НД-т нөхөн бичилт хийлгэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардпага нь хууль зүйн үндэслэлгүй тул уг шаардлагууд ч хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь ажилгүйдпын даатгалын сангаас тэтгэмж авсан, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж авсан, одоо ажилтай байгаа зэрэг нь нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгдөж байгаа зэргийг дурдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 106 дугаар зүйгийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд М.*******-*******, Г.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Мяхбал овогтой *******-******* би МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр 1992-1995 онд, мөн сургуулийг 1997-2001 онд бакалавр зэрэгтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2012 онд бизнесийн удирдлагын магистраар тус тус суралцаж төгссөн ба Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй. 2003 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, дэс түшмэлийн тэргүүн зэрэгтэй төрийн жинхэнэ албан хаагч билээ.

Би улсад 23 жил, үүнээс төрийн албанд 18 жил нягтлан бодогч, боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба 2012 оноос дотоод аудит, хяналт-шалгалтын чиглэлээр ажиллаж байна. 1995-2000 онд *******- ХХК-д ерөнхий нягтлан бодогч, 2000-2003 онд Завхан аймгийн Боловсрол соёлын газарт нягтлан бодогчоор, 2003-2011 онд Завхан аймгийн боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлан нэгтгэл хариуцсан мэргэжилтнээр, 2011-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол сургалтын газарт дэмжих сангийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр, 2012-2016 онд Хөдөлмөрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт аудитор, ахлах мэргэжилтнээр ажиллаж, 2016 оны 09 дүгээр сараас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан ахпах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

2014 оны Хөдөлмөрийн яамны шилдэг ажилтнаар шалгарч Сайдын нэрэмжит шагналаар, Боловсролын салбарын 90,100 жилийн ойн медаль, Тэргүүний залуу алтан медаль, Сангийн яамны 100 жилийн ойн медаль, хүндэт жуух, Санхүү банкны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн яамны хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг шагналуудаар шагнагдаж байсан.

гийн ******* би Сүхбаатар хотын ийн нэрэмжит 10 жилийн сургуулийг 1976 онд төгссөн. Улмаар 1976 онд МУИС-ийн эдийн засгийн I курст элсэн суралцаж 1980 онд сургуулиа нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

1980 онд УБТЗ-ын замын даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод дохиолол холбооны IV ангид инженер-эдийн засагчаар 9 жил ажилласан. Тухайн үеийн бүтэц зохион байгуулалтаар Дархан-Уул аймагт шилжин суурьшиж дохиолол холбооны I ангид инженер-эдийн засагчаар замын даргын А/25 тоот тушаалаар ажилласан, 1999 оноос Дархан-Уул аймгийн Татварын байгууллагад улсын байцаагчаар, 2005 оноос УБТЗ-ын суудлын вагон депод ахлах эдийн засагчаар, 2012 оноос Хөдөлмөрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудитын мэргэжилтнээр, 2016 оны 9 дүгээр сараас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дотоод аудитын мэргэжилтнээр ажиллаж байна.

Хүндэт төмөр замчин цол тэмдэг, Банк санхүүгийн тэргүүний ажилтан, Алтан гадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан, төрийн жинхэнэ албан хаагч билээ.

Нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан бидний хувьд төрийн жинхэнэ албан хаагчид бөгөөд Хөдөлмөрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт дотоод аудитын ахлах мэргэжилтэн, мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

Бидний ажиллаж байсан ажлын байр, чиг үүрэг нь хэдий цөөрсөн боловч, одоо ажиллаж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээний дотоод аудитын газрын дотоод аудитын мэргэжилтний ажлын байранд хадгалагдаж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу томилогдсон юм.

Бид нэхэмжлэгчээс мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг хамгийн илүү хангаж байсан тул ажил олгогч буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам биднийг ажлын байранд маань үргэлжлүүлэн ажиллуулсан болно.Энэ нь хэргийн материалд хавсаргасан нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд хууль ёсны дагуу томилогдсон бидний эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Дотоод аудитын албаны дотоод аудитын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулж Г.*******г ажлаас чөлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдэлд шилжүүлсэн байна.

Улмаар маргаан бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны Б/96 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох” заалтыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” заалтыг тус тус баримтлан яамдын бүтэц, зохион байгуулалтыг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 тогтоолыг тус тус үндэслэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам өөрчлөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитын ахлах мэргэжилтэн Г.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг олгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлахдаа Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгож, тус яамыг 7 газартай, үүн дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай, орон тооны хязгаарыг 117 байхаар тогтоожээ.

Хариуцагч нь “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байжээ.

Учир нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам өөрчлөн байгуулагдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болсон ч шинээр батлагдсан бүтэц, орон тоогоор нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитын мэргэжилтний орон тоо хасагдаагүй, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрны өмнөх болон дараах тодорхойлолт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/124 дугаар тушаалаар тогтоогдож байна.  

Маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох” заалтыг баримталжээ.

Энэ заалтын төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэдгийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаныг, энэ тохиолдолд нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдах нь төрийн байгууллагын үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний чиг үүргийг өөр  байгууллагад шилжүүлэхийг ойлгох бөгөөд Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон байна.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангасан зохицуулалт юм. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “дотоод аудитын мэргэжилтний 2 орон тоон дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийг шалгаруулж үзүүлэлтээрээ илүү байсан гуравдагч этгээд М.*******-*******, Г.******* нарыг дотоод аудитын мэргэжилтнээр томилсон” гэж тайлбарлах боловч энэ үндэслэлийг маргаан бүхий актад дурьдаагүй, шалгаруулалт хийсэн талаарх нотлох баримт байхгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч Г.*******г ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасанд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад маргаан бүхий тушаалыг хүчингүйд тооцож, Г.*******г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангаж ажиллах тухай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1258 дугаар албан бичгийг хүргүүлсэн байхад нэхэмжлэгчийг өмнө ажиллаж байсан ажилд томилоогүй одоог хүрсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6.Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг хариуцагч зөрчиж байгааг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж зааснаас үзэхэд албан үүргийг түр хариуцах гэсэн хуулийн заалт байхгүй байх тул нэхэмжлэгчийн “Төрийн албаны тухай хууль болон уг хуульд нийцүүлэн баталсан эрх зүйн актуудад даргын үүргийг түр хариуцагч” гэсэн нэр томьёо, хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг “даргын үүргийг түр хариуцагч” гэсэн үүрэг гүйцэтгэгчийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, уг тушаал хүчингүй болсонтой холбогдуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон 6 сарын тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүү зэргийг тооцон олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлж холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.З-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.З Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.З-ийн ажилгүй байсан хугацааны цалинг дотоод аудитын ахлах мэргэжилтний цалингийн шатлалаар тооцож, нэхэмжлэгчид улсаас олгосон тэтгэмжүүд, одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг тооцон олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.ОЮУНГЭРЭЛ