Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 434

 

                                                                        

 

                                                                       

 

 

 

Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Э.Гэрэлмаа,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 178 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/30 дугаар эсэргүүцлээр Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт холбогдох эрүүгийн 201625012317 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бодонгууд овогт Батбаярын Отгонбаяр, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 2-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЖВ94112811/,

2. Боржигон овогт Амарцогтын Баянцогт, 1994 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5-87 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЖВ94071713/,

            Б.Отгонбаяр, А.Баянцогт нар нь согтуугаар, бүлэглэн танхайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” дэн буудлын хойд зам дээр иргэн Л.Мөрөндалайг зодож, тоосгоор толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Отгонбаяр, А.Баянцогт нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ “Бидний бааранд бүжиглэж байсан 2 эмэгтэйг олж гэрчээр асуулгах ажиллагааг хийлгэхээр мөрдөн байцаагч болон прокурорт өмгөөлөгч нараараа дамжуулан удаа, дараа хүсэлт тавьсан боловч хийгдсэнгүй. Тэр хоёр эмэгтэйгийн нэгийг нь хүнсний зах дээр явж байхад нь тааралдаад мөрдөн байцаагчтай хэлсэн боловч хэргийн хугацаа дууссан гээд асууж өгөөгүй.” гэв.  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 787 дугаартай магадлалд “...гэмт хэрэг гарсан цаг хугацаанд байсан 2 эмэгтэйг энэ хэрэгт гэрчээр асуух шаардлагатай” гэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлнэ” гэж хуульчилжээ.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 787 дугаар магадлалын заалт биелэгдээгүй тул гэмт хэрэг гарсан цаг хугацаанд байсан 2 эмэгтэйг олж энэ хэрэгт гэрчээр асуух ажиллагааг хийх нь зүйтэй байна.

Мөн хохирогч Л.Мөрөндалайн бие махбодид учирсан гэмтлийн аль нь хөнгөн хүндэвтэр, хүнд болохыг шинжээч эмчийг дахин байцаах замаар тодруулах шаардлагатай байна. Шүүгдэгч нарын болон өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг анхааран үзэх нь зүйтэй байна.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзээд Бянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт холбогдох 201625012317 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт прокурорт очтол шүүгдэгч Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “…Мөрдөн байцаалтаар хохирогч Л.Мөрөндалай, шүүгдэгч Б.Отгонбаяр, А.Баянцогт нараар гэмт хэрэг гарсан хугацаанд байсан гэх үл таних 2 эмэгтэйгийн ам зургийг гаргуулан эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан ба камерын бичлэгт буусан дээрх эмэгтэйчүүдийн дүр төрхтэй харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн. Түүнчлэн “Алтан цайз” баарны гаднах болон доторх камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн байна. Үзлэгээр 1-01 ...43000 бичлэгийн 04 цаг 37 минут 30 секундээс 4 цаг 37 минут 50 секундийн хооронд хохирогч Л.Мөрөндалай 2 эмэгтэй, 2 эрэгтэй хамт гарч байгаа бичлэг /эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн үйлдэл хийгээгүй/ 4 цаг 38 минут 5 секундэд А.Баянцогт буцаж орж ирж байгаа бичлэг, 4 цаг 38 минут 26 секундэд Б.Отгонбаяр, А.Баянцогт нар гарч байгаа бичлэг 1-06 ...92400. Гаднах камерын бичлэгийн цаг зөрүүтэй 5 цаг 33 минут 54 секундээс 5 цаг 34 мин 31 секундэд Б.Отгонбаяр, А.Баянцогт нар араас гарч ирж хохирогч Л.Мөрөндалайн араас гүйн очиж үл таних эмэгтэйг татан газар унаган хохирогчийг түлхэн камерын үзэгдэх орчноос гарч байгаа дүрс бичлэг 1-07 ...52600 гаднах камерын бичлэгт яллагдагч А.Баянцогтыг гадна байж байхад хохирогч Л.Мөрөндалай 2 эмэгтэй, 2 эрэгтэйн хамт гарч байгаа бичлэг байгаа ба эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар А.Баянцогтоос тусламж гуйсан зүйлгүй /хх-ийн 9-11/ камерын бичлэгт тусгагдсан байна.

Мөн гэрч Б.Жавхлангийн “...намайг харж байхад ямар нэгэн машинтай хүн ирээгүй. Тэр 2 эмэгтэй бааранд байхдаа тусламж гуйж таксинд суулгаад өгөх талаар ямар нэг зүйлгүй. Тэр 2 эгч чинь буланд сууж байсан ах нар дээр очоод архи, дарс уугаад байсан...”, гэрч Б.Отгончулууны “..Харин Жавхлан очьё гээд байхаар нь “наад хүмүүс чинь тоосго шидээд байна цагдаа иртэл хараад байж бай” гэж Жавхланд хэлсэн. Тэгээд нөгөө 2 залуу цаашаа яваад алга болсон. Тэр 2 эмэгтэй бааранд байхдаа таксинд суулгаж өгөөч гэж тусламж хүссэн зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүдээр гэмт хэрэг гарсан цаг хугацаанд байсан гэх үл таних 2 эмэгтэй нь уг гэмт хэргийг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Дээрх хүмүүс нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бус учир хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Гэмт хэрэг гараад 1 жилийн хугацаа өнгөрч, хохирогч, яллагдагч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэрэг гармагц үл таних 2 эмэгтэй хэргийн газраас явсан. Өмнө нь хохирогч, яллагдагч хэн аль нь уг 2 эмэгтэйг таньдаггүй, тухайн үед анх удаа харсан. Шүүгдэгч А.Баянцогт, Б.Отгонбаяр нар нь “...Бид хоёр уг хоёр эмэгтэйг танихгүй. Тэр бааранд танилцсан. Гэрийн хаяг болон нэр усыг нь мэдэхгүй. Тэр хоёр эмэгтэй зодоон болох үед байгаагүй хаашаа явсаныг мэдэхгүй байна...” гэж мэдүүлдэг ба яллагдагч нараар ам зураг гаргуулан эрэн сурвалжлах ажиллагаа явуулан, зарлуулсан боловч олдоогүй. Тэдгээр этгээдүүд олдох боломжгүй болсон. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд, тэдний сэдэлт зэрэг нь бүрэн нотлогдсон.

Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдвол нотлох баримтын хэмжээнд үнэлж болохоор заасан байна. Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлэг нь өөр нотлох баримтаар гэрчлэгдээгүй байна. Харин шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид хэргийг шийдвэрлүүлэхгүй удаашруулах арга саам хайж байгааг хүлээн авах боломжгүй.

Хохирогч Л.Мөрөндалайгийн биед учирсан гэмтлийн талаар нийт 2 удаагийн дүгнэлтийг гаргуулж шинжээч эмч нараас дүгнэлтэд дурдаагүй зарим зүйлийг асууж тодруулсан байдаг. Тухайлбал: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 8134 тоот дүгнэлт /1-р хх-ийн 37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Т.Сэлэнгэ, Д.Мөнхбат нарын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 191 тоот дүгнэлт /2-р хх-ийн 90-92/.

Дээрх дүгнэлтүүдэд Л.Мөрөндалайн биед баруун чамархайн яс, ясны их далавч, баруун хацар яс, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн гадна доод хананы хугарал, баруун нүдний ухархайн гадна доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт гэмтэл учирчээ. Хохирогчийн биед учирсан баруун чамархай яс, суурь ясны их далавч ясны хугарал гэмтэл нь толгойн баруун чамархай хэсэгт хүч үйлчилснээс үүсэх боломжтой. Баруун чамархай яс, суурь ясны их далавчийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хацар яс, хоншоор ясны хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн гадна доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, тархи доргилт баруун нүдний зовхины цус хуралт баруун хацрын зулгаралт гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлтдээ тодорхой зааж өгсөн. ...Шинжээч эмч О.Болороо нь 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд биеэр оролцож өөрийн гаргасан дүгнэлтээ тодорхой тайлбарлан мэдүүлэг өгсөн байдаг.

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг гэмтэл тус бүрээр нь зааглан шинжээчийн дүгнэлтэд дурдсан боловч уг гэмтлүүд нь харилцан хамааралтай үүсэх ба хохирогч Л.Мөрөндалайгийн биед учирсан баруун чамархайн яс, ясны их далавч хугарлыг А.Баянцогт, Б.Отгонбаяр нар нь бүлэглэн учруулсан болох нь шинжээч эмчийн “...хохирогчийн чамархайн яс суурь ясны их далавчийн хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хүний гараар болон мөргөх үед үүсэх боломжтой. Мохоо гэдэгт тоосго орно. Тоосгоор цохих үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг болон хохирогч Л.Мөрөндалайн “...Шүүгдэгч нар бид нарыг гарснаас хойш 4-5 минутын дараа хойноос гарч ирсэн. А.Баянцогт миний куртикний ханцуйг шувтлаад 2 гарыг маань ямар ч хөдөлгөөнгүй барьсан. Б.Отгонбаяр ард гарч ирээд тоосгоор толгой руу цохисон. Б.Отгонбаяр намайг цохиход А.Баянцогт намайг 2 удаа мөргөөд миний 2 гарнаас мушгиж газар өнхрүүлсэн. ...А.Баянцогт миний 2 гарыг дахин барьж аваад араас А.Отгонбаяр ирж хацар луу тосгоодоход би зам дээр унасан. Өндийгөөд босож ирэхэд А.Баянцогт, Б.Отгонбаяр хамт тоосгоор нүдсэн. Б.Отгонбаяр 2 удаа тоосгоор цохих үед бүгдэн дээр нь А.Баянцогт гараас барьчихсан би хөдлөхөөргүй байсан...” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Б.Отгонбаяр нь хохирогч Л.Мөрөндалайг цохих үед шүүгдэгч А.Баянцогт нь хохирогчийн эсэргүүцэх үйлдлийг таслан зогсоосон нь нотлогдож байна.

Шүүгдэгч нарын гаргасан хүсэлтүүдийг анхааран үзэх нь зүйтэй гэжээ. ...шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ “тэр хоёр эмэгтэйгийн нэгийг нь хүнсний зах дээр явж байхад нь тааралдаад олж мэдээд мөрдөн байцаагчид хэлсэн боловч хэргийн хугацаа дууссан гээд асууж өгөөгүй...” гэж дурдсан. Гэтэл шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хуулиар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй урьд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар мөн “хохирогч Л.Мөрөндалай өөрийгөө ногоон машинтай хүмүүс ирж зодсон талаар бидэнд хэлсэн” гэж мэдүүлж байгаа, тэдгээр нь үүрэг хүлээгээгүйн учир хэргийг удаашруулах зорилгоор худал мэдээлдэг. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд байсан гэх үл таних 2 эмэгтэйг гэрчээр байцаалгах туйлын хүсэлтэй байсан бол уг эмэгтэйтэй тааралдахдаа нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэн авч мөрдөн байцаагчид хандаагүй байдаг. Одоо шинээр ийм хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй зүйлийг дурдаж хэргийг шийдвэрлүүлэхгүй байгааг анхаарч үзнэ үү.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 178 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Үл таних 2 эмэгтэйн асуудлыг өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд ч ярьсан. Тухайн 2 үл таних эмэгтэйг олох ажиллагааг Цагдаагийн байгууллага хангалттай хийсэн. Хохирогч, шүүгдэгч нараар тухайн хүмүүсийн ам зургийг гаргаж эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн. Гэтэл хохирогч “би одоо үнэхээр тэр хүмүүсийн царайг нь ч санахгүй” байна гэдэг. Шүүгдэгч нар дүрсэлж хэлээд 2 эмэгтэйн дүр төрхийг гаргаж ирсэн байдаг. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар “тэр хоёр эмэгтэйг зах дээр харсан” гэдэг. Шүүгдэгч нар үнэхээр тэр хүмүүсийг харсан бол тухайн цаг үед огт энэ талаар мэдэгдэж байгаагүй. Мөрдөн байцаалтын шат, өмнөх шүүх хуралдаанд “Хохирогч хүрч ирээд та хоёрт зодуулсны дараа өөр хүнд зодуулсан” гэж хэлж байсан зэргийг удаа, дараа хэлж байсан. Энэ байдлыг харвал хэргийг удаашруулах сонирхол байна гэж харж байна.

Гэтэл хэн бэ гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Тухайн хоёр эмэгтэйг олж ирлээ ч үнэн зөвөөр мэдүүлэг өгөх боломж байхгүй. Гэмт хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн. Тухайн хоёр эмэгтэйг олж ирлээ ч гэсэн тухайн хүмүүс хэргийн нөхцөл байдлын талаар одоо үнэн зөв мэдүүлэх боломж байхгүй. Эдгээр хүмүүс тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, цаг хугацаа өнгөрсөн тул тухайн цаг үеийн нөхцөл байдлыг тодорхой сайн санана гэж байхгүй. Тухайн бааранд ажиллаж байсан хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн камерын бичлэгт тухайн хоёр эмэгтэй хэн алин дээр нь очоод архи уугаад байсан нь харагддаг. Иймд энэ хоёр эмэгтэйг гэрчээр асууж, гэмт хэргийн сэдэлтийг тогтоох үндэслэл байхгүй. Хавтаст хэргийн хүрээнд тухайн гэмт хэргийг гарсан нөхцөл байдлыг шийдвэрлэх боломжтой.

“Шинжээчийг дахин байцааж, гэмтлийн зэргийг ялгуулах” гэсэн байна. Үүнд давтан дүгнэлт гаргасан байдаг. Хохирогчид учирсан гэмтлийг тус тусд нь гаргачихсан. Гэхдээ энэ гэмтлүүд нь өөрөө харилцаа хамааралтай юм гэдгийг шинжээч эмч мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Иймд шинжээчийг дахин байцааж тодруулах шаардлага байхгүй гэж үзэж байна.

“Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргаж буй хүсэлтийг харгалзаж үзэх хэрэгтэй” гэсэн байна. Бид тухайн хүмүүсийн гаргаж буй хүсэлтийг аль, аль шатандаа анхаарч үзэж байгаа. Гэхдээ эдгээр хүмүүсийн гаргаж буй хүсэлт үндэслэлтэй байх хэрэгтэй. Гэтэл эдгээр хүсэлтүүд нь үндэслэлгүй хүсэлт гаргаж байна. Бидэнд эдгээр хүсэлтийг огт анхаарч үзээгүй зүйл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Б.Отгонбаяр, А.Баянцогт нар нь согтуугаар, бүлэглэн танхайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” дэн буудлын хойд зам дээр иргэн Л.Мөрөндалайг зодож, тоосгоор толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд уг хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал зэрэг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заажээ. Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягтлаж үзсэний  үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай хохирогч, гэрчийг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт холбогдох хэрэгт бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: