Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Пүрэвсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Отгонбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг ҮД:01-28,

шүүгдэгч А.Баянцогтын өмгөөлөгч Б.Борхүү ҮД:19-86,

            хохирогч Л.Мөрөндалай,

хохирогчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир ҮД:13-12,

шинжээч эмч О.Болороо,

гэрч Л.Батзориг,  В.Батдорж,

            шүүгдэгч Б.Отгонбаяр, А.Баянцогт,

           иргэдийн төлөөлөгч Н.Цэвээнсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хууль Сахиулах Их Сургуулийн Хилийн сургуулийн 3 дугаар курст сурдаг, ам бүл-3, ээж, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 2-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Бодонгууд овогт Батбаярын Отгонбаяр  /РД:ЖВ94112811/

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1994 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, ах, дүү  нарын хамт Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 5-р байрны 87 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Амарцогтын Баянцогт нарт  /РД:ЖВ94071713/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012317 дугаартай 105/2016/0164/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Отгонбаяр, А.Баянцогт нар нь согтуугаар, бүлэглэн, танхайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран ” дэн буудлын хойд зам дээр иргэн Л.Мөрөндалайг зодож, тоосгоор толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбаяр мэдүүлэхдээ:  2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Алтан Цайз” гэдэг бааранд 23 цагийн үед найз Баянцогтын хамт орж тус бүр 1 пиво авч уугаад бүжиглэж байсан. Бид нар бүжиглэж байхад хоёр  эгч сууж байсан. Тэгээд бид  хоёр  тэр  хоёр  эгчийн хажууд пиво ууж сууж байхад баарны буланд 4 ах сууж байсан.  Нэг  эгч нь тэр 4 ах дээр очоод нөгөө эгч нь бид  хоёр  дээр ирээд манай найз тэр ширээ рүү явчихлаа, намайг дуудаад байна. Би тийшээ явмааргүй байна, надад туслаач, эгч нь 2 хүүхэдтэй, би гэртээ харьмаар байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй буланд  сууж байсан 4  ах тэр 2 эгчтэй хамт гарч явсан. Араас нь  А.Баянцогт дагаж гараад орж ирэхдээ нөгөө эгчийг тэр ах нар чангаагаад аваад явж байна. Араас нь хоёуулаа гаръя гээд намайг дагуулж гарсан. Тэр эгчийн сугадаад явж байсан ахыг А.Баянцогт араас нь очиж  татсан. Би нөгөө эгчийг татахад унасан. Тэгээд би тэр эгчийг орхиод “Наран” буудлын үүдэнд очиход А.Баянцогт хохирогч ах болох Мөрөндалайгийн гараас бариад зогсож байхаар нь зодолдох гэж байгаа юм байх гэж бодоод газарт байсан тоосго авч Мөрөндалайн толгой руу нь 1 удаа цохисон. Өөр биед нь учруулсан хүнд гэмтэл байхгүй. Тэгээд буудлын хажууд байсан таксины жолооч болиоч гэж хашгираад байхаар нь  А.Баянцогттой хамт зугтаасан. Би хийсэн үйлдлээ бодож маргааш нь харамсаж, шаналаж байсан. Тэгээд бид нар цагдаад баригдаад эрүүлжүүлэгдсэн. Хохирогч 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хагалгаанд орох гэж байгааг байцаагч хэлэхээр нь бид 2 ярьж байгаад тус бүр 300.000 төгрөг өгсөн. Манай ар гэрийнхээс 300.000 төгрөг эмчилгээний зардал, 75.000 төгрөгийн Эрдэнэтээс Улаанбаатар руу ирэх замын зардал, 250.000 төгрөг эмчилгээний мөнгө, 72.500 төгрөг ор хоногийн мөнгө гэж Гэмтлийн эмнэлэгт өгсөн. 50.000 төгрөг ор хөнжлийн даавуу, шүдний сойз, 00-ын цаас гэх мэт зүйлүүдийг авч өгч хохирогчоос уучлалт гуйсан. Хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж гэмшиж байна гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баянцогт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө “Алтан Цайз” нэртэй  караокед 23 цагийн үед Отгонбаяр найзтайгаа орсон. Бид 2 ороод тус бүр  нэг нэг  пиво авч уусан. Тэгтэл Б.Отгонбаяр  нэг  эгчтэй ширээнд суусан. Би гараад ороод ирэх хооронд  Б.Отгонбаяр нөгөө эгчтэй хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байхаар нь очоод наад хүн чинь юун хүн юм бэ, чамаас хамаагүй эгч юм байна шдээ, хоёуулаа явъя гэхэд  Б.Отгонбаяр хамт жаахан байж бай гэсэн. Би түрүүлээд явлаа шүү гэхэд цуг байж бай гээд байхаар нь  Б.Отгонбаярыг хүлээнгээ баарнаас орж гараад байж байсан. Тэгээд зөөгч ирээд баар хаалаа найзыгаа аваад гараарай гэхээр нь Б.Отгонбаярт хэлэхэд намайг нөгөө эгчтэйгээ танилцуулсан. Нөгөө эгчид энэ манай найз байгаа юм гэсэн. Тэгээд баар хаахаар нь би түрүүлж гараад байж байхад хохирогч Мөрөндалай Б.Отгонбаяртай хамт бүжиглэж байсан эмэгтэйтээ хамт гараад явсан. Би буцаад ороход Б.Отгонбаяр дотор ганцаараа сууж байхаар нь очиход надаас Баянцогтоо надтай хамт сууж байсан эмэгтэй яасан бэ гэж асуухаар нь том биетэй ахтай хамт гараад явж байна гэхэд хаана байна, араас нь гаръя гээд бид нар гарцгаасан. Тэгээд Б.Отгонбаяр очоод нөгөө эмэгтэйг татаж унагаасан. Би хохирогчийг шүүгдэгч Б.Отгонбаярыг цохиод авчих байх гэж болгоомжлох үүднээс гарнаас нь барьж авсан. Тэгээд  Б.Отгонбаярыг би тоосгоор цохино гэж бодоогүй байтал тоосгоор хохирогчийн араас цохисон. Би тухайн үед хохирогч миний гарнаас зуураад тавихгүй байсан.   Тэгээд би баруун гараа арай гэж салгаад нүүр рүү нь түлхсэн ч зуураад гарнаас тавихгүй байха; Б.Отгонбаяр тоосго бариад тоосгоо шидээд гүйсэн . Тэр үед гэрч Батзориг ах гарч ирээд та нар боль, хүн аллаа гэсэн . Тэгээд байж байхад “Наран “буудлаас 1 хүн та нар хүн аллаа гэж хашгирсан. Тэгээд би Б.Отгонбаярыг аваад Оюутны байр руу гүйсэн . Хийсэн хэрэгтээ  гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Мөрөндалай  мэдүүлэхдээ:  2016 оны  06 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэтээс  Улаанбаатар хотод ирж  том машины сэлбэг авах гэж явж байгаад хуурай ах Батзоригтойгоо таарсан. Тэгээд найз Батдоржийгоо дуудаж бид 3 гурав  уулзалдсан. “Алтан-Цайз” гэдэг баар руу шөнө 1, 2 цагийн үед ороод пиво, архи аваад хуучнаа яриад, бүжиглэсэн. Бид нарыг бүжиглэж байхад  нэг  хүүхэн хажууд ирж бүжиглэсэн. Тэгээд бид нар суухад нөгөө хүүхэн бид нарын ширээн дээр ирээд би алуулсан, нөхөр, 2 хүүхэдтэй, хэдүүлээ хамт гаръя гэсэн. Эд нарын ширээн дээр сууж байсан нөгөө хүүхэн юу гэж ярьж байсныг би мэдэхгүй. Тэгээд баар хаах болоход бид нар гарсан. Хажуу талын буудлыг манай найз түрээсэлж ажиллуулдаг. Бид хоёрыг  ирсэн гээд 5-н тоотод өрөө гаргаж өгсөн. Бид нарыг машин барьж байгаа юм чинь архи уучихаад явж болохгүй гээд машиныг маань тавиулсан байсан. Надтай яриа өдөж ярьсан хүүхэн нь надтай хамт гарч явсан. Батдорж би согтоод байна гээд бид нараас түрүүлж гарч буудал руу орж унтсан байсан. Тэгээд би нөгөө хүүхэнтэй гараад явсан. Бидний ард Батзориг ах шүүгдэгч нартай яриад байсан нөгөө хүүхэнтэй хамт дагаад явж байсан. Шүүгдэгч нар бид нарыг гарснаас хойш 4, 5 минутын дараа хойноос гарч ирсэн. Тэгээд шүүгдэгч  Б.Отгонбаяр нөгөө хүүхнийг нилээд хэрцгий байдалтай татаж унагаасан. Тэгээд би нөгөө хамт явж байсан хүүхэнтэй буудлын үүдэн дээр зогсоод харахад Батзориг ахтай нэг  залуу уулзаад зогсоод байхаар нь очсон. Тэгээд хэрүүл маргаан болох гээд байхаар нь миний дүү нар яв, гэртээ харь, Батзориг ах согтуу байна, та нар настай хүнийг ингэж болохгүй гэхэд шүүгдэгч А.Буянцогт миний куртикний ханцуйг шувтлаад хоёр  гарыг маань ямар ч хөдөлгөөнгүй барьсан. Тэгээд шүүгдэгч Б.Отгонбаяр хагархай цеметэн брожур авч цохих гээд байхаар нь та нар чулуугаар цохиж болохгүй шүү, хэрэгт орно, одоо та нар боль гэхэд ард гарч ирээд тоосгоор толгой руу цохисон. Шүүгдэгч Б.Отгонбаяр намайг цохиход шүүгдэгч А.Баянцогт намайг 2 удаа мөргөөд миний 2 гарнаас мушгиж газар өнхрүүлсэн. Тэр үед гэрч Батзориг ах гүйж ирээд шүүгдэгч Б.Отгонбаярыг түлхсэн байгаа юм. Түлхэхэд нь шүүгдэгч Б.Отгонбаяр барьж байсан тоосгоороо дух руу нь цохисон. Би тухайн үед шүүгдэгч нараас та нар болиорой гэж их гуйсан. Тэгээд харахад шүүгдэгч Б.Отгонбаяр тоосго аваад шидсэн. Хорхой шавьж алах гэж байгаа юм шиг шидэж байсан. Би хөдөлж чадахгүй нүүрээ дараад хэвтсэн. Тэгтэл шүүгдэгч А.Баянцогт Батзориг ах руу гүйж очихоор нь би гүйж очоод шүүгдэгч А.Баянцогтыг түлхээд миний дүү нар боль настай хүн аллаа, нэг  цохиод болоо биз дээ, цагдаа ирээд бөөн асуудал болно гэхэд шүүгдэгч А.Баянцогт миний 2 гарыг дахин барьж аваад араас шүүгдэгч Б.Отгонбаяр ирж хацар руу тоосгодоход би зам дээр унасан. Тэгээд миний нүүр, энгэр битүү цус болсон. Өндийгөөд босож ирэхэд шүүгдэгч А.Баянцогт намайг унагаагаад шүүгдэгч Б.Отгонбаяртай хамт тоосгоор нүдсэн. Хажуу талын  Супер Маркетын залуу хашгираад дийлэхээ байгаад гүйж очиж салгах гээд өөрөө цохиулна гэж айгаад боль гэж хэлсэн. Машинтай явж байсан хүн хүртэл та нар хүн аллаа гэхээр нь шүүгдэгч нар зугтаасан. Тухайн үед “Алтан-Цайз” баарны зөөгч нар хүн аллаа гэж дуудлага өгсөн байсан. Би шүүгдэгч нарын хойноос явахад шүүгдэгч нар гүйгээд зугтаасан. Би цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Түргэн ирээд намайг авч явна гэхээр нь би цагдаа руу очно гээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст очсон. Батзориг ах бас цагдаагийн хэлтэст битүү цус болсон орж ирсэн. Тэгээд бид хоёр  цагдаагийн хэлтэс дээр нүүр гараа уугаасан. Би ухаан алдаж уначих гээд байхаар нь дахиж түргэн дуудаад Гэмтлийн эмнэлэг дээр очоод толгой дээрээ 3-н оёдол тавиулсан. Хацарныхаа зургийг авахуулсан. Тэгээд найз Батцогт дээр ирээд би ийм хүүхдүүдэд зодуулчихлаа чи таних уу, камер дээр чинь гарч байна уу гээд үзүүлсэн. Тэгээд миний толгой дайвалзаад байхаар нь эмнэлэг дээр очиход шууд хагалгаанд ор гэсэн ч хавдарыг нь буулгаж байж ир гэсэн. Би 7 хоног битүү хавдар болсон нүүртэй явсан. 06 дугаар сарын 25-нд хагалгаанд орсон. Намайг шүүгдэгч Б.Отгонбаяр 2 удаа цохисон. Шүүгдэгч А.Буянцогт нь намайг мөргөж, цохиж зодсон. Шүүгдэгч нарын ээж эгч нар нь надад туслалцаа үзүүлсэн. Шүүгдэгч нар хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Эмчилгээний зардалд 1.500.000-аад төгрөг болсон байх. Би хацарнаасаа яс авхуулсан болохоор хүйтэн үзэж чадахгүй болсон. Уруулаа норгохоор нүд рүү сийгээд нулимс гардаг. Энэ хэргээс болж ажил амьдрал, эрүүл мэндээрээ хохирч байна. Шүүгдэгч нарт гомдолтой байна. Шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээхгүй байна. Нийт эмчилгээний зардал 1.524.673 төгрөг болж байгаа. Шүүгдэгч нар эмчилгээний зардал хадаасны 300.000 төгрөг өгсөн.Ор хоногийн мөнгө 72.500 төгрөг өгсөн. Шүүгдэгч Б.Отгонбаярын эгч нь хоолонд хэрэглээрэй гээд 300.000 төгрөг өгсөн. Ор хөнжлийн даавуу, аяга зэргийг надад өгсөн. Би үүнийх нь үнийг нь мэдэхгүй. Эмчилгээний зардал 250.000 төгрөгийг 10 дугаар сарын 05-нд өгсөн. Шүүгдэгч нар хүний урманд бие чинь яаж байна гэж нэг ч асуугаагүй. Би хийсэн ажилгүй, эхнэрийнхээ группын мөнгөөр амьдарч байна. Шүүгдэгч нь тус бүр 75.000 төгрөг замын зардал гэж өгсөн. Үүнээс баримтаар 697.000 төгрөг хасагдана. 12 дугаар сард нүүрний хадаасыг авахуулна. Цаашид мэдрэлийн эмчилгээ хийлгэнэ. Би одоогоор боломжгүй байгаа учир хувийн эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа. Манайх ам бүл 5-уулаа амьдардаг. Эхнэр, оюутан охин, 2 хүүгийн хамт байдаг. Манай гэрт надаас өөр орлого олдог хүн байхгүй. Би бас хойноо 2, 3 ам бүл авч явдаг. Нийт нэхэмжлэл 31.524.673 төгрөг болж байгаа. 1.524.673 төгрөг эмчилгээний зардал, такси унааны мөнгө, олох байсан цалин, орлогоо нэхэмжилж байна. Би шүүгдэгч нарт маш их гомдолтой байна. Шүүгдэгч нар хэрцгий байдалтайгаар намайг зодсон. Би шүүгдэгч А.Баянцогтын гараас бариагүй. Би хоёр  гараа хөх болтол шидсэн тоосгыг нь хаасан. Шүүгдэгч нарыг хэрцгий хүмүүжиж байгаад харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч В.Батдорж мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 05 цаг 25-н минутад би тэр баарнаас гарч ирсэн байсан. Би үүнийг камерын бичлэг шүүгээд мэдсэн. Над дээр өглөө нь Мөрөндалай, Батзориг нар зодуулсан байдалтай ирээд ийм асуудал болсон гэж хэлсэн. Буудлын чинь гадна талын камерт бичигдсэн зүйл байна уу гэхээр нь камераа шүүсэн. Камерын бичлэг үзэж байгаад 2 банди ирээд хохирогч, гэрч Батзориг нартай маргаж байснаа сүүлдээ Мөрөндалайгийн нүүр рүү тоосго авч шидээд байсан. Шүүгдэгч нарын аль нь тоосго авч шидсэнийг мэдэхгүй. Бичлэгээс харахад шүүгдэгч нар тус бүр 2 гартаа 2, 2 тоосго аваад шидээд байсан гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Батзориг мэдүүлэхдээ: Би хохирогч Мөрөндалай, Батдорж нартай бааранд орсон. Өглөө 5 цагийн үед баар хаагаад бид нар гарч явсан. Манай найз буудал ажиллуулдаг учир тийшээ орох гэхэд зодоон болсон. Би тухайн үед буудал руу орсон байсан. Тэгээд эргэж гарч ирэхэд шүүгдэгч нарын нэг  нь Мөрөндалайтай зууралдаад зогсож байсан. Би тухайн үед нилээд согтуу байсан. 1 залуу нь савхин куртиктэй байсан. Нөгөө нь цагаан ноосон цамцтай байсан байх. Савхин куртиктэй залуу нь хохирогчтой зууралдаад байхаар нь салгах гэж зууралдахад хэдэн талаас тоосго шидээд, зугтаагаад яваад өгсөн. Цагдаа ирээд намайг авч явсан гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Батзоригийн өгсөн :… 2016 оны 6 дугаар сарын 9-ний  өдөр хуурай дүү Л.Мөрөндалай Орхон аймгаас ирээд Солонгос улсад хамт ажиллаж байсан Батдорж гэдэг дүү дээрээ очсон. Тэгээд бид гурав Баянзүрх дүүргийн 22 хороо “Алтанцайз” нэртэй бааранд орж найз нөхдийн яриа болон Солонгост ажиллаж амьдарч байсан үеийг дурсаж уг баарнаас 4 шил пиво, 0,5 литрийн 1 шил архи авч уусан. Ингээд байж байтал өглөөний 5 цаг болж баар хаахаар болсон тул баарнаас гарсан. Бааранд бүжиглэж байхад Мөрөндалайтай нэг эмэгтэй бүжиглээд байсан ба гарах үед нөгөө эмэгтэй найз эмэгтэйгээ дагуулан гарч ирсэн. Нэг эмэгтэй надтай хамт явж байтал араас үл таних хоёр залуу ирээд намайг түлхээд нөгөө эмэгтэйг татаж чангааж байгаад аваад үлдсэн. Харин  би  цаашаа явах гэж байтал нэг залуу ирээд Мөрөндалайг цагаан фудволктой залуу тоосгоор цохиод байсан. Тэгээд би боль гэж дундуур нь орсон боловч намайг цохиж унагаасан. Тэгээд тэр хоёр залуу бид хоёрыг зодсон. Тэр хоёр залуу Мөнгөндалайг ямар ч шалтгаангүй зодсон. Намайг ч гэсэн зодсон. Тэгэхдээ миний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй. “Наран” буудлын хажуугийн буудлын эзэн бололтой залуу бүгдийг харж байсан. Нөгөө хоёр залууг боль хүн аллаа гэж орилж байсан. Би тэр хоёр эмэгтэйг тухайн бааранд харсан нэр усыг нь мэдэхгүй. Мөн гэрийн хаягийг мэдэхгүй. Зодоон болох үед Мөрөндалай бид хоёр нөгөө талаас хоёр залуу байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 18-20-р тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч В.Батдоржийн өгсөн:...2016 оны 6 дугаар сарын 9-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Наран” дэн буудал дээр жижүүртэй гарч байсан. Тэгтэл 00 цаг 30 минутын орчим надтай Солонгос улсад хамт ажиллаж байсан. Л.Мөрөндалай, Батзориг ах хоёр орж ирсэн. Тэгээд бид нар хэдэн жил уулзаагүй юм чинь гээд манай хажуу талын паб болох “Алтан-Цайз” нэртэй бааранд орсон. Уг бааранд нэг шил 0,5 литрийн Хараа архи, нэг нэг шил пиво авч ууцгаасан...Тэгээд би буудал дотор орж ирээд унтаад өгсөн. Өглөө 9 цаг өнгөрч байхад Батзориг ах Баянзүрх дүүргийн цагдаа дээр байж байгаад гарлаа, мөн Мөрөндалай хүнд зодуулсан гэж байсан. Ингээд буудлын гадна байх камерыг шүүж үзэхэд Л.Мөрөндалай нь манай нэг цагаан пудволктой залуу гартаа тоосго барьчихсан Л.Мөрөндалайг үсэрч ирээд тоосгоор цохиод байсан бичлэг байсан. Манай буудлын гадна талбай дээр тоосго зардаг цэг байдаг юм. Тэр тоосгоор цохиод байсан . Манай камер нь бичлэгээ нэг өдөр хадгалдаг... гэх мэдүүлэг, /хх-ийн 29-31-р тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Лхагвадоржийн өгсөн:.. 2016 оны 6дугаар  сарын 9-ний орой гэртээ байж байтал манай хуурай ах Батдорж хүрээд ирээч, ах дээр нь хамт Солонгос улсад ажиллаж байсан хүмүүс нь ирчихлээ, ахынхаа оронд гараад өгөөч гэж хэлсэн. Ингээд би орой ажил дээр нь ирсэн. Тэгээд Батдорж ах Солонгост хамт ажиллаж байсан гэх хоёр ахтай гараад явсан. Ингээд шөнө 5 цагийн үед Батдорж ах согтуу орж ирээд унтаад өгсөн. Би текэн дээр сууж байтал буудлын гадна хүмүүс орилолдоод ирсэн. Тэгэхээр нь камерт харсан чинь хэдэн хүмүүс зодолдоод байхаар нь текны хойно байх цонхоор харсан чинь том  биетэй залууг нэг баньд хоёр гарнаас нь барьсан байсан. Мөн хажууд нь  цагаан фудволктой залуу тоосгоор нөгөө бүдүүн том биетэй ахыг цохиод байсан. Тэгэхээр нь боль хүн аллаа ш дээ гэж цонхоор орилсон. Тэгтэл нөгөө хоёр залуу зугтаагаад яваад өгсөн. Миний харж байснаар эмэгтэй хүн байгаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р тал/

         -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р тал/,

         -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8134 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн:

1. Л.Мөрөндалайн биед баруун чамархайн яс, суурь ясны их далавч баруун хацар яс, хоншоор ясны хугарал, баруун ухархайн гадна доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ .

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед   аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамааарна .

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтноги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна . Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал / зэргийг шинжлэн судлав.

 Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс  үзэхэд шүүгдэгч  Б.Отгонбаяр, А.Баянцогт нар нь согтуугаар, бүлэглэн, танхайн сэдэлтээр   үл таних хоёр эмэгтэйг хохирогч Л.Мөрөндалайг авч  явлаа гэх  шалтгаан буюу  үл ялих зүйлээр  шалтаглан  зодож, А.Баянцогт хохирогчийн  гарыг  нь барьж мөргөх,  өшиглөх  үйлдэл хийж, Б.Отгонбаяр тоосгоор толгойн тус газарт нь 2 удаа  цохиж  бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан  байна.

 Шүүгдэгч  нарыг  үл ялих зүйлээр шалтаглан  хэрүүл маргаан үүсгэн  биед  нь халдах явцад  хохирогч Мөрөндалай нь  хууль бус үйлдлийн эсрэг  ямар  нэгэн хариу үйлдэл  хийсэн баримт  хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч  А.Баянцогтын өмгөөлөгч  шүүх хуралдаанд  А.Баянцогтын  хууль бус үйлдлийг танхайн үйлдлээр  зүйлчлэх нь зүйтэй гэж  мэтгэлзэж байгааг  хүлээн авах  боломжгүй байна.

           Танхайрах явцад  бусдын бие махбодид  хүнд гэмтэл санаатай учруулсан  бол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн  аль  тохирох хэсгээр  зүйлчлэх үндэстэй тул  Прокуророос  шүүгдэгч нарын хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл ангийг тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8134 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:  Хохирогч Л.Мөрөндалайн биед баруун чамархайн яс,суурь  ясны их далавч баруун хацар яс, хоншоор ясны хугарал, баруун ухархайн гадна доод хананы хугарал, баруун нүдний ухархайн гадна доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэснээс үзэхэд хохирогчийн баруун чамархайн яс болон суурь ясны их далавчны хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна.

        Иймд Б.Отгонбаяр, А.Баянцогт нар нь согтуугаар, бүлэглэн, танхайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран ” дэн буудлын хойд зам дээр иргэн Л.Мөрөндалайг зодож, тоосгоор толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан  хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар бусдын бие махбодид  хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.Отгонбаяр, А.Баянцогт нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 76, 78-р тал/  

            Хохирогч Л.Мөрөндалай нь эмчилгээний зардалд нийт 1.524.000 төгрөгийг  нэхэмжилж байгаагаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг  үндэслэн доорхи  хохирлыг гаргуулан шийдвэрлэх  нь зүйтэй  гэж үзлээ.

Үүнд: 80.000+40.000+5550=125.550 / хх-н 83-р тал/

27.750. /хх-ийн 84-р тал/

25.000+25.000+25.000+ 14.000+4700+2000+20.000 + 8250=123.950 /хх-ийн 85-р тал/

20.000+45.000+4500+8500+300+7500+4800+16.250+1300+76.194= 184.344 /хх-ийн 86-р тал/

11.600+40.275+25.000+17.500+ 4600+2000= 100.975  төг/хх-ийн 87-р тал/

30.000+110.000+25.000+25.000+25.000+13.750+19.000=247.750 /хх-ийн 88-р тал/

25.000+13.500+25.000+25.000+ 21.400+9000=118.900 /хх-ийн 89-р тал/

9090+30.727+27.250+13.636+9090+6700=96.493 /хх-ийн 90-р тал/

1750+40.000+20.000+18.100+5500+15.000=100.350 /хх-ийн 91-р тал/

9090+20.000+16.900+20.000+46.950+47.000=159.940 /хх-ийн 92-р тал/

15.454+150.000+ =165.454 /хх-ийн 93-р тал/

25.000 /хх-ийн 95-р тал/

57.250+ 26.000+ 9800 = 93.050  /хх-ийн 169-170-р тал/ нийт 1.569.506  төгрөг болж байгааг шүүгдэгч нараас  хувь тэнцүүлэн  гаргахад   нэг хүнд 784.753  төгрөг болж байна.

Хохирогч Л.Мөрөндалайд шүүгдэгч Б.Отгонбаяр 300.000+75.000+250.000= 625.000 төгрөгийг төлсөн байна. / хх-н 107,108, 154-р тал/

          Шүүгдэгч  А.Баянцогт нь  хохирогчид  учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх боловч нь нотлох  баримтаар тогтоогдохгүй   байна.

            Хохирогч  Л.Мөрөндалай нь цалин хөлс болон олох ёстой  байсан орлого болох  31.000.000 төгрөгийг   нэхэмжилж байгаа боловч  холбогдох бичгийн нотлох баримтаа хавтаст хэрэгт ирүүлээгүй тул  хохирлыг шүүх шийдвэрлэх боломжгүй байна..

            Иймд хохирогч Л.Мөрөндалай нь холбогдох нотлох  баримтаа  бүрдүүлж Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан журмын  дагуу  жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Харин Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар... гэм хор учруулах үед  хохирогч цалин орлогогүй байсан бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах  эрхтэй тул  хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа болох  2016 оны  6, 7,8, 9. 10 сарын  цалин орлогыг хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээ болох  192.000 төгрөгөөр  тооцож  нийт  960.000 төгрөгийг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид  олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч  Б.Отгонбаяр, А.Баянцогт нар нь  2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс  2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл  3 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох зүйтэй байна.

Шүүгдэгч  Б.Отгонбаяр, А.Баянцогт нар  нь хүнд   гэмт хэрэг  үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар    тэдгээрийн  эдлэх  ялыг  чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх  үндэстэй байна.

Баянзүрх дүүргийн  Прокурорын газраас  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Прокурорын  №188, 189 дугаартай тогтоолоор А.Баянцогт, Б.Отгонбаяр  нарт  ял өөрчлөн  сонсгосон боловч сонсгосон  хуулийн зүйл, хэсэг  өөрчлөгдөөгүйг дурьдах нь зүйтэй  байна. /хх-н 121-122-р тал / 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бодонгууд  овогт Батбаярын Отгонбаяр, Боржигон  овогт  Амарцогтын Баянцогт нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Монгол улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 .1, 96.2.5 дах хэсэгт зааснаар Б.Отгонбаярт 7 /долоон/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,  А.Баянцогтод 7 /долоон/  жил 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  52.6 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаярт оногдуулсан 7 /долоон/ жил 6/ зургаан/ сарын хугацаагаар  хорих ялыг,  А.Баянцогтод оногдуулсан  7 /долоон/  жил 1/ нэг/ сарын хугацаагаар хорих  ялыг  чанга  дэглэмтэй  хорих ангид  тус тус эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  Б.Отгонбаяр, А.Баянцогт нарын  цагдан хоригдсон /3/ гурав  хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан  тооцсугай.

5. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн  505.1-д  зааснаар Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 5-р байрны 87 тоотод оршин суух хаягтай  А.Баянцогтоос 480.000+784.753=1.264.753 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун тавин гурван мянган/ төгрөгийг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 2-12 тоотод оршин суух хаягтай Б.Отгонбаяраас  159.753+480.000=639.753 /зургаан зуун гучин есөн мянга долоон зуун тавин гурван мянган /төгрөгийг тус  тус гаргуулан хохирогч  Л.Мөрөндалайд  /РД:ФЖ76080310/ олгосугай.

6. Хохирогч Л.Мөрөндалай нь цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-д  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Number 16х dvd”  1 ширхэг СД-ийг  уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Отгонбаяр, А.Баянцогт нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ

 

                                     ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН