Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 67

 

Т.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 260 дугаар магадлалтай, Т.Г-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жилийн хорих ял,

            мөн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 126.2.4-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолын зарим хэсэг болох 1 жил 5 сарыг нэмж нэгтгэн 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

            Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 лны 05 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж,

2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 425 дугаар шүүгчийн захирамжаар 7 сар 9 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Т.Г.

 

Т.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан цайз” нэртэй караокены ариун цэврийн өрөөнд иргэн Ч.Н-тай “эмэгтэй ариун цэврийн өрөө орлоо” гэх шалтгаанаар маргалдан Ч.Н-гийн цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г-д 14 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Г-эс 131,696,612 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чт олгох,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Нэгдүгээрт, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 436 дугаар тогтоолоор “...хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон” гэж тайлбарласан. Хэргийн үйл баримт нь амь хохирогч эмэгтэй ариун цэврийн өрөөнд ороход нь Т.Г- “чи эрэгтэй ариун цэврийн өрөөнд орооч ээ” гэж шаардлага тавьсны үүднээс миний үйлчлүүлэгчид “чи тэгвэл сууж бие засмаар байгаа юм уу” гэж хэрэлдэж, маргалдсанаар барьж авч мөргөсөн байдаг. Шүүгдэгч Т.Г- нь тухайн амь хохирогчийн довтолгооноос шалтгаалж, хөнгөн зэргийн гэмтэл авсан. Хэрэгт авагдсан камерийн бичлэгт шүүгдэгч Т.Г- нь ариун цэврийн өрөөнөөс гараад зугтах гэж хаалга онгойлгон гаргах гэхэд араас нь амь хохирогч буцааж татаж оруулан мөргөөд боогоод байсан үйл баримт байдаг. Энэ нь хохирогч идэвхтэй довтолгоо хийж, шүүгдэгчийг боогоод, амь хохирох нөхцөл байдлыг бий болгож байсан. Хэрвээ Т.Г- үйлдэл хийгээгүй тохиолдолд хохирогч болохыг үгүйсгэх аргагүй. Талийгаачийн биед хийсэн үзлэг шинжээчийн дүгнэлтээр духандаа гэмтэлтэй гэж гарсан. Шүүгдэгчийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтээр хоолойн хэсэг болон дух орчим хэсэгт хөнгөн зэргийн гэмтэл авсан гэж гарсан байгаа.

Хоёр дахь үндэслэл нь аргагүй хамгаалалт биш гэж үзэхэд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Түүнээс шалтгаалан шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэж байгаа тул Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192, мөн оны 295, 2019 оны 525, мөн оны 360 дугаар тогтоолуудаар санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан тухай тайлбарлаж өгсөн. Хэргийн үйл баримт болон нотлох баримтыг шинжлэн судалж харьцуулан үзэхэд цочрон давчидсан нөхцөл байдал харагддаг. Учир нь хэрэг үйлдсэн үгүйгээ мэдэхгүй нөхцөл байдал тогтоогддог. Гэрч Г.Г-тэй такси дотор сууж явах үедээ “мань чинь шаачих шиг боллоо” гээд хэлсэн байдаг. Мөн боолтод орж, биеийн бүслэхүй хэсгээс доогуур халуун оргиод байсан учраас өөрийгөө хутгалчихлаа гэдэг байдлаар халаасаа тэмтэрч үзээд хутга гаргаж ирээд хохирогчийг ганц л удаа хутгалсан байдаг. Түүнээс өмнө маргалдаж, өс хонзонгийн сэдэлт байхгүй, тохиолдлын шинжтэй үйл баримтууд бий болсон. Тухайн үед цагдаагийн байгууллагаас дутуу үзлэг хийсэн. Халуун оргисон зүйл гэдэг нь боолтод ороод амь тавихын өмнөх нөхцөл байдалтай өмдөндөө шээсэн нөхцөл байдал үүссэн. Энэ талаар шүүгдэгч хангалттай мэдүүлдэг.

Гурав дахь нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг. Энэ хэрэг нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-эс 131,696,612 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чт олгуулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлгүй шийдвэр болсон. Тухайлбал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан нэмэлт өөрчлөлт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Дээрх зохицуулалтаас үүдэлтэйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэсэн нэмэлт өөрчлөлт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оруулсан. Түүний дагуу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” тус тус баталснаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэг хэрэгжих нөхцөл боломж бүрдсэн байна. Тухайн үед сэтгэцэд учирсан хохирлын тухайн хууль болон заавар журмууд гараагүй байсан. Эрүүгийн хууль болон Иргэний хуулийг буцаан хэрэглээд сэтгэцэд учирсан хор, хохирол учруулж байгаа асуудал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул шүүх бүрэлдэхүүнээс анхаарч үзэж жишиг тогтоолгох үндэслэлээр хандсан. Түүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлээд зөрүүтэй байдлаар хэрэглэгдэж байна. Мөн хүснэгтэд “25 дугаар тогтоолд зааснаар шинжээчийн дүгнэлтэй адилтгаж үзнэ” гэж заасан. Тус хүснэгтэд заагаагүй гэмт хэргүүдийг шинжээч томилж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу хүнийг алах гэмт хэрэг нь тус хүснэгтэд ороогүй. Шинжээч томилоохгүйгээр сэтгэцэд ямар хор уршиг учирсныг таамгаараа хэрэглэж, хор хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай гарсан.

Дөрөвдүгээрт нь хохирогчоор буруу тодорхойлсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч нь эхнэр хүүхэдтэй байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээжийг томилсон нь үндэслэлгүй, эхнэр хүүхдийнх нь эрхийг хязгаарласан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчөөр томилохоор заасан байхад амь хохирогчийн эхнэрийг томилоогүй нь түүний эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйл 1 дэх хэсгийн 520.1.1 дэх заалтад “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”, 520.1.2-т “энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ”, 520.3, 520.4 гэх зүйл заалтуудад амь хохирогчийн эд хөрөнгө нэн тэргүүнд эхнэр, нөхөр байгаа. Дараа нь хамт амьдарсан байхыг шаардаж байгаа. Хамт амьдарч байсан хүмүүстэй эдийн засаг болон сэтгэл санааны хохирол хор уршиг учирч байгаа учраас хуулиараа хамт амьдарч байсан хүнийг хохирогчоор тогтоох ёстой. Хохирогчийн ээжийг тогтоосон нь үндэслэлгүй дээрээс нь хохирогчийн эхнэрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн асуудал болж байна” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...миний зүгээс камерийн бичлэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа талаар мэдээгүй ба 2022.03.14-ний өдрөөс хойш 2024.01.03-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, 5 удаагийн шүүх хурал болоход нэг ч удаа бичлэгийн талаар сөхөөгүй байж байгаад сүүлийн хурал дээр гэнэт гаргаж ирсэн. Хэрэг үйлдэгдэх үед Т.Г-, Г.Г- нар хамт тухай ариун цэврийн өрөөнд ороод хамт гарч ирээд хэргийн газраас зугтаасан талаар гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэгийн үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсан. Мөн Т.Г- ариун цэврийн өрөөнд эхэлж ороод араас нь Г.Г- орж ирсэн гэж мэдүүлдэг боловч Г.Г- болон бусад гэрч, камерийн бичлэгт хийсэн үзлэг гэх мэт баримтуудаар тэдгээр нь хамт ороод хэдхэн секундын дотор хүүгийн маань амийг бүрэлгээд хамт гарч ирсэн нь нотлогддог.

Миний хүүг Т.Г-, Г.Г- нар нь хамжаад амь насыг нь хохироож байгаа нь харагдаж байхад хоёр шатны шүүхийн шүүгч нар нягтлан шалгалгүйгээр Г.Г-д ял завшуулж байгаад гомдолтой байна. Тэдний талаар бүх гэрчүүд мэдүүлсээр байтал мөрдөн шалгах ажиллагааны шатанд яагаад нэгийг нь шалгаад Г.Г-ийг шалгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хэргийн бодит байдлыг тогтоохын тулд тал бүрээс нь эргэлзээгүй нотлох ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзэж байна.

Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан Г.Г-ийн үйлдлийг нэмж шалгаж өгнө үү” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Г.Г-ийг яллагдагчаар татаагүй нь Эрүүгийн хуульд заасан зорилгод нийцэхгүй байна гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой боловч тус зорилгод нийцээгүй байна. Бид Т.Г-ийн үйлдэлтэй холбоотой шалгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесстэй маргаагүй. Харин яллагдагчаар Г.Г-ийг татаагүй, камерийн бичлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр хоёулаа хамт орсон учраас зөвшөөрөхгүй байгаа. Г.Г-, Т.Г- нарын найзуудын мэдүүлэгт “эхэлж ирж суугаад, ярилцаж байгаад буцаж явсан ингэхдээ Т.Г- үлдээд Г.Г- ирээд асуудал үүслээ хурдан явъя гээд явсан. Тэр хооронд Т.Г- үүдэндээ байж байгаад бид хэдийг авч гараад Т.Г-ийг түрүүлээд таксинд суулгаад явуулсан” гэх мэдүүлгийг өгдөг. Гэрчүүдийг өгсөн мэдүүлэг хооронд таарч байдаг. Мөн тус караокены ажилтан “хоёр Г хоёулаа зэрэг ариун цэврийн өрөөнд ороод зэрэг гарч ирсэн” гэж мэдүүлдэг. Түүнд мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь Т.Г- гарах гэсэн боловч буцаагаад араас татсан гэж тайлбарласан боловч тухайн үйлдэл болоогүй. Энэ талаар камерийн бичлэгийн үзлэг дээр ч байхгүй. Тэгэхээр хамт гэмт хэргийг үйлдсэн байхад гэмт хэрэг үйлдсэн хүнд тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх ёстой. Гэтэл тухайн хариуцлагыг хүлээлгээгүйгээс болж бусдын амь нас эрсдэг ч гэсэн магадлал өндөр байна. Эрүүгийн хариуцлага нь зорилгод нийцээгүй хууль зөрчсөн байгаа учраас хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, Г.Г-ийн үйлдэлтэй холбоотой нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх саналтай байна” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Алтан цайз” нэртэй караокены ариун цэврийн өрөөнд амь хохирогч Ч.Н-тай “эмэгтэй ариун цэврийн өрөөнд орлоо” гэж маргалдан, улмаар хохирогчийн зүрхэн тус газарт хүрэмнийхээ халааснаас авч явсан хутгаар хутгалж, санаатай алсан хэргийн үйл баримт нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байна. Тодруулбал, шүүгдэгч амь хохирогчтой маргалдан амин тус газарт нь хутгалсан хэргийн үйл явдал 1 минут хүрэхгүй хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 00 цаг 33 минут 08 секундээс 00 цаг 34 минутын хоорондын хугацаанд хоромхон зуур камерийн хяналтгүй буюу ариун цэврийн өрөөнд болж өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч нь амь хохирогчийн хууль бус, тулгарсан довтолгооноос өөрийгөө хамгаалах зорилгоор хутгалсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан санаа сэтгэл нь цочрон давчдаж уг хэргийг үйлдсэн гэж үзэх шинж байдал тогтоогдоогүй байна.

Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хор уршиг, хувийн байдалд нь тохирсон байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-т “сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, түүнийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар, хор уршгийг арилгуулах зорилгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримтад үндэслэн 14,546,612 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бий болсон харилцаанд хамааралтай эдийн бус гэм хорыг аргилгах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж, гэм хорын нөхөн төлбөрийг тооцож, улмаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолын 6 дахь заалтад энэ талаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан цайз” нэртэй караокены ариун цэврийн өрөөнд иргэн Ч.Н-тай таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр маргалдах явцдаа цээжин тус газарт хутгалж алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Мөн шүүгдэгч Т.Г-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг хоёр шатны шүүх зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дээрх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан 14 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулууны зүгээс шүүгдэгч Т.Г-д холбогдох эрүүгийн хэргийг аргагүй хамгаалалт хийсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчлэх, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах бүхий салаа агуулгатай гомдлыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чийн зүгээс хэргийг прокурорт буцаалгахыг хүссэн гомдлыг тус тус гаргажээ.

 

Аргагүй хамгаалалт нь хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийгддэг, харин сэтгэл санааны онц хүчтэй цочролд автсанаас өөрийгөө хянах чадваргүй болсныг аффектын нөхцөл байдалд тооцдог атал амь хохирогч Ч.Н, шүүгдэгч Т.Г нарын хооронд үл ялих зүйлээс шалтгаалсан маргаан үүссэн нь нотлогдсоноос бус хохирогчийг хутгалж амь насыг хөнөөх хэмжээнд шүүгдэгч рүү довтолж дайрсан, эсвэл сэтгэцийн хувьд өөрийгөө удирдах чадваргүй болох хэмжээнд цочроосон, гутаасан, хүндээр доромжилсон явдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Амьсгалын боолтонд орсны улмаас аргагүй хамгаалалт хийсэн талаар өмгөөлөгчийн зүгээс гаргасан үйл баримтын хувилбар нь шүүгдэгчийн хоорондоо зөрүүтэй, эсрэгцсэн мэдүүлэгт үндэслэснээс бус өөр бусад тодорхой баримтаар тогтоогдсон, эсхүл магадлал бий болгосон шинж чанаргүй байх тул шүүгдэгч Т.Г нь биедээ авч явсан хутгаараа Ч.Н-гийн цээжин тус газарт хутгалж алсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэргийг прокурорт буцааж, гэрч Г.Г-ийг яллагдагчаар татах гомдлын тухайд анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг шүүхүүд шийдвэрлэсэн нь Г.Г-ийн оролцооны талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн хувийн хардлага, сэрдлэгээс өөрөөр түүний гэм бурууг илтгэх бодитой баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.

 

Хүнийг алах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугларсан, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдсан ба хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Т.Г-ийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Харин хоёр шатны шүүх Т.Г-эс амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 117,150,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ. 

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг байна. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

 

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна.

 

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

 

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байхад хоёр шатны шүүх “... хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж, гэм хорын асуудлыг шийдвэрлэжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсан тогтоол, магадлалын холбогдох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан гомдлыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...шүүгдэгч Т.Г-ээс 131,696,612 төгрөгийг гаргуулж,...” гэснийг “...шүүгдэгч Т.Г-ээс 14,546,612 төгрөгийг гаргуулж...” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                                   С.БАТДЭЛГЭР

                  ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Ч.ХОСБАЯР

                      Б.ЦОГТ