Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1139

 

 

 

 

 

 

 

2019          11            12                                           2019/ДШМ/1139

 

Д.Гөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ  даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Г.Хын өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн дарга Г.ЖамбалД нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 829 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Хын өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн давж заалдах гомдолд үндэслэн Д.Гөд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Дийн Г, 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эгч, хүргэн ах, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

Д.Г нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны орой 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчилэн хийдийн хойд замд “...” ХХК-ний эзэмшлийн “Хьюндай Соната” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Хыг автомашинаар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Дийн Гийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Д.Гөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн Д.Гөд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгож, Д.Г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, Д.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, Д.Гийн гэх “Жолоочийн үнэмлэх” хэргийн хамт ирээгүй болохыг дурдаж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, хохирогч Г.Хын энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Хын өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Х нь маш хүнд гэмтэлтэй. Одоогийн байдлаар явж чадахгүй, тархины хүнд гэмтлийн улмаас ухаан санаа нь тогтворгүй болж, зарим үед эцэг, эх, эгч, дүүгээ танихгүй болж буруу, зөрүү ярих боллоо. Байдал ийм хүнд  байхад анхан шатны шүүх Д.Гөд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэнд хохирогч, түүний ар гэрийнхэн гомдолтой байна. Мөн Г.Хын биеийн байдал дордож байгаа тул сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа юм. Д.Г нь хохирогчтой болон түүний ар гэрийнхэнтэй уулзаж ярилцахгүй хаяж, эмчилгээг нь тасалдуулан зугтаж байгаа болно. Нөгөө талаар Г.Хын тархины гэмтэл нь удаан хугацаагаар эмчлүүлж байж гайгүй болдог учраас нилээд зардал гаргаж байгаа бөгөөд өөрөө хэвтэрт, эцэг, эх хоёр нь тэтгэврийн хүмүүс тул тэтгэврийн зээл аван хүүгээ үзүүлж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчид хохирол төлбөрийг тухай бүр нь өгдөг байсан. Би өөрөө ажил хийдэг. Тэр болгон мөнгө олдоод байдаггүй учир зарим үед өгч чаддаггүй байсан. Боломж бололцоогоороо хохиролд мөнгө өгдөг байсан. ...” гэв.

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн гомдолтой танилцсан. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхгүй зугтаад байна гэсэн асуудал байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бий “энэ мөнгийг өгвөл бид гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч боломж бололцоогоороо хохирол төлбөрийг өгсөн гэж бодож байна. Дахиад хохиролтой холбоотой зардал гарвал баримтаа гаргаж ирээд нэхэмжилбэл түүний дагуу бид төлөхөд бэлэн байна. Ямар ч баримтгүйгээр хэзээ зогсох нь мэдэгдэхгүйгээр мөнгө нэхэмжлээд байхад хэрхэн яаж төлөхөө мэдэхгүй байна. Цаашдаа баримт гаргаж өгвөл төлөх болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчийн ээжид нэхэмжилсэн мөнгийг өгч байсан. Нийт хохирогчид 2.464.500 төгрөг хохиролд төлбөр өгсөн байдаг. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд хохирлыг гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогчийн өвчний байдлыг дүгнэхэд эмчид үзүүлж чадаагүйгээс хүнд байдалтай байгаа нь харагдлаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь үндэслэл бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Д.Гийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, мөн дүрмийн 12.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, энэхүү ослын улмаас явган зорчигч Г.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Гийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч гэм буруугаа ойлгон, гэмшиж байгаагийн илэрхийлэл бол хохирогчид учирсан хохирол, гэм хорын төлбөрийг бүрэн арилгасан байх явдал юм. Гэтэл шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ тодорхой хэмжээнд авч хохирол төлбөрийг төлж байсан боловч энэ нь гэмт хэргийн хор уршгийг арилгаагүй болох нь хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан “Хохирогч Г.Х унаж татдаг, сэтгэцийн өвчтэй болсон” гэх давж заалдах гомдол тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тодорхойлогдож байна.

Хэрэгт авагдсан баримтууд, өвчний түүх, эмчилгээ хийлгэсэн баримтууд, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр хохирогч Г.Хын биед зам тээврийн ослын улмаас “дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, зүүн хоншоор ясны хөндийн өмнөд болон латерал хананы хугарал, зүүн хоншоор ясны хөндийд цус хуралт, баруун умдаг ясны дээд, доод салааны хугарал, ууцны 1, 2, 3 дугаар нугалмуудын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, зулай, баруун мөр орчмын зулгарсан шарх” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасан хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарах талаар тодорхой дурдсан байна.

Нөгөөтэйгүүр шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хууль ёсны зарчмын үүднээс боломжтой хэдий ч гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан нөхцөл шаардлага бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байж, шүүхийн шийдвэр шударга ёсны зарчмыг хангах учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гөд холбогдох эрүүгийн хэрэгт хохирол төлбөрийг төлсөн гэх байдалд тулгуурлан шүүхийн шийдвэрээр шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзсэн атлаа “...хохирогч Г.Х энэ хэрэгт холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй...” гэж харилцан уялдаагүй, ойлгомжгүй байдлаар дүгнэж, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдлыг, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан эсэхийг дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд тодорхой заасан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн /үүнд хохирогч Г.Х согтуу байсан/ зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж ял оногдуулахад харгалзав” гэх зэргээр ойлгомжгүй байдлаар дүгнэлт хийсэн байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан, Монгол Улсын Олон Улсын гэрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.” гэсэн заалтыг үндэслэн гэмт хэргийн хор уршгийг арилгах тухай, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй байхад эрүүгийн хариуцлага хөнгөдүүлсэн тухай хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Д.Гөд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 829 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Гөд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Гөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ