Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мэндбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн 454 дүгээр шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух Борлууд овогтой Цэнд-Аюушийн Мэндбаярын нэхэмжлэлтэй, Баян цагаан зам ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан гэрээний үнийн зөрүү 7.980.813 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлийн агуулга:“ Миний бие 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баян цагаан зам ХХК-ийн 55 айлын орон сууцанд 57 м.кв хэмжээтэй байрыг 1 м.кв-ыг 1.300.000 төгрөгөөр тооцож, нийт 74.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс урьдчилгаа төлбөр 30 хувь болох 22.230.000 төгрөгийг бэлнээр хийж, үлдсэн 51.870.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сард Хас банкны ипотекийн зээлд хамрагдаж Баян цагаан зам ХХК-д гаргуулж өгсөн. Би 2014 оны 03 дугаар сард байрандаа орсон. 2014 оны 6 дугаар сард байрны гэрчилгээг гаргуулах үед тухайн байр 2 метр квадратын зөрүү байгааг мэдсэн ба бид тохиролцоод сүүлд зөрүү мөнгөө авахаар болсон. Гэтэл өнөөг хүртэл хугацаанд М.Батдорж нь зөрүү мөнгийг өгнө гэдэг боловч өгөөгүй. 2016 оны 04 дүгээр сард Барилгын инженерүүд ХХК-д хүсэлт гаргаж хэмжилт хийлгэхэд 51.67 м.кв буюу 5.33 м.кв-ын зөрүү гарч ирсэн. Энэ нь мөнгөн дүнгээр 5.33 м.квх1.300.000 = 6.929.000 төгрөг болж байна. Мөн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Хас банкинд илүү төлөгдсөн 6.929.000 төгрөгийн сарын хүү болох 45.731 төгрөгийг 23 сараар тооцвол 1.051.813 төгрөг болж байна. Иймд хариуцагч Баян цагаан зам ХХК-аас нийт 7.980.813 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж зэргийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Ц.Мэндбаяр нь тус компаниас 2014 онд 57 м.кв талбай бүхий байр авсан нь үнэн болно. Тухайн үед авахдаа орон сууцны зээл гаргуулахдаа урьдчилгаа бага төлөх үүднээс 1 метр квадратын үнийг 1.300.000 төгрөгөөр тооцон материал бүрдүүлж зээл авсан. Тухайн үед зах зээлийн ханшнаас доогуур үнээр  тохиролцож зээл  гарсан. Тухайн иргэн байрны метр квадратыг тогтоохдоо хувийн кампаниар тогтоолгосон байна. Уг компани нь ашиг сонирхлын зөрчилтэй, тухайн иргэнтэй ах дүүгийн холбоотой байж болох талтай. Иймд манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн 454 дүгээр шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Баян цагаан зам ХХК-иас орон сууцны талбайн метр квадратын зөрүү 5,33 м.кв-ын үнэ 6.929.000 төгрөг, мөн Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1.051.813 төгрөг, нийт 7.980.813 /долоон сая есөн зуун наян мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мэндбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.645 /нэг зуун дөчин хоёр мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.”  гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ "Баянцагаан зам" ХХК-тай байгуулсан гэрээгээр тохирсон хэмжээнд хүрээгүй, доголдолтой буюу 2м/кв-ын зөрүүтэй байгааг би 2014 оны 6 дугаар сард мэдсэн боловч энэ талаар нөгөө талдаа нэн даруй мэдэгдсэн, түүнчлэн "Баянцагаан зам" ХХК-ийн захирал доголдлыг хүлээн зөвшөөрч, м/кв-ын зөрүү мөнгийг төлж өгнө гэдгээ илэрхийлсэн үеэс /2014 оны 6 сараас/ Иргэний хуулийн 254.6-д заасан нэхэмжлэгч миний гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Энэ үед би 2 м.кв-аар дутуу гэдгийг мэдэж байсан бөгөөд нийт 5.33 м.кв дутуу байгааг мэдээгүй. 2016 оны "Мөнгө өгөхгүй" гэж хэлсэн тул хуулийн байгууллагад хандахаар нотлох баримт цуглуулахаар 2016 оны 04 дүгээр сард "Барилгын инженерүүд" ХХК-д хүсэлт гаргаж, байрандаа хэмжилт хийлгэхэд байрны хэмжээ 51.67 м.кв гэсэн. Өөрөөр хэлбэл 2 км/кв-ын зөрүү байгааг би 2014 оны 6 сард, 3.33 м/кв-ын зөрүү байгааг би 2016 оны 04 дүгээр сард мэдсэн ба сүүлийн доголдлыг илрүүлснээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримт дутуу байхад 2014 оны 6 дугаар сараас шаардах эрх үүссэн гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч М.Батдоржийн “орон сууцны талбайн хэмжээ” тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд тайлбараар ирүүлснийг[1] шүүх 2016 оны 06 дугаар сарын 1393 дугаартай шүүгчийн захирамжаар[2] “Оюунсувд дэлгэрэх” ХХК болон Баярхүү нар шинжилгээ хийхгүй байгаа, багаж хэрэгсэл байхгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлүүдээр шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, талуудын хуулиар олгогдсон нотлох баримт гаргах, шүүхэд мэтгэлцэх эрхийг хангахгүйгээр илт үндэслэл муутайгаар шийдвэрлэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6–д заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгуулага хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журмыг ноцтой зөрчжээ.

Эд хөрөнгийн доголдолтой эсэхийг тогтоосны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолох тухай Иргэний хуулийн холбогдох заалтыг шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн маргааны үйл баримттай холбогдолгүй хөөн хэлэлцэх хугацааг тооцон хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үйл баримтуудтай харьцуулан хэргийн хүрээнд маргааныг үнэлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.645.00 төгрөгийг[3] түүнд шүүгчийн захирамжаар буцаан олгоно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.645 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Мэндбаярт шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

 


[1] Хэргийн 29 дүгээр тал

[2] Хэргийн 34 дүгээр тал

[3] Хэргийн 61 дүгээр тал