Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 445

 

 

 

 

 

 

 

 

 

        Д.Оюунтуяад холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Уранчимэг,

            цагаатгагдсан этгээд Д.Оюунтуяа, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 105 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Пүрэвдаваагийн өмгөөлөгч П.Цолмонбаатарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Оюунтуяад холбогдох 201625030484 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Чой овгийн Данжингийн Оюунтуяа, 1969 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Сансар хотхон”, Глоб-32-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: НТ69050503/

 

Д.Оюунтуяа нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн эрхийг хамгаалах холбооны байранд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг “2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд жирэмсэн эмэгтэй Н.Эрдэнийг зодсон” гэсэн гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Оюунтуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунтуяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Пүрэвдаваагийн өмгөөлөгч П.Цолмонбаатар давж заалдах гомдолдоо: “... хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Д.Оюунтуяа нь Д.Пүрэвдавааг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд жирэмсэн эмэгтэй Н.Эрдэнийг зодсон гэж гүтгэлгийг телевизэд ярилцлага өгч олон нийтэд тараасан. Энэхүү гүтгэлгээс болж Д.Пүрэвдаваагийн нэр хүнд олны дунд буурч ажил хэргээ хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломж байхгүй болсон. Д.Пүрэвдаваа нь сонгуульт ажил эрхэлдэг бөгөөд энэхүү илт худал гүжирдлэг тарснаас хойш сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал Н.Эрдэнэ нь “засаг дарга Д.Пүрэвдаваатай ажил хэргийн шугамаар уулзахаар ороход нь Д.Пүрэвдаваа нь хэл амаар доромжилж, түүнийг зодсон талаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, гомдлын дагуу цагдаагийн хэлтсээс хойшлуулшгүй ажиллагааг явуулахад Н.Эрдэнэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бусдад зодуулсан тухай гомдолтой шалтгаант холбоогүй, бусдад зодуулсан болох нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан байдаг.

Мөн Д.Оюунтуяагийн мэдүүлэгт “Эрдэнэ уйлаад намайг зод гэхэд нь би Эрдэнэтэй маргалдаад, зодсон байна” гэж шууд ойлгосон гэсэн байдаг. Хохирогч Д.Пүрэвдавааг бусдыг зодож байгааг өөрөө хараагүй байж бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор “Засаг дарга Д.Пүрэвдаваа 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд жирэмсэн эмэгтэй Н.Эрдэнийг зодсон” гэсэн илт худал гүжирдлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан.

Гэтэл шүүх Д.Оюунтуяагийн тараасан мэдээлэл нь бодит байдлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн, илт худал гүжирдлэг гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зарчмыг зөрчсөн.

Д.Оюунтуяа нь Д.Пүрэвдаваа бусдыг зодож байхыг хараагүй, бусдыг зодож гэмтэл учруулсан талаар нотлогдоогүй байхад түүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд илт худал гүжирдлэгийн чанартай мэдээлэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан гүтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Мөн шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16-д “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг баталгаатай эдлэх талаар хуульчлан заасан гэсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэнд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг олгосон болохоос биш бусдын нэр хүнд, алдар хүндийг гутаах, доромжилох эрх, эрх чөлөөг олгоогүй болно. Иймд шүүхийн шийдврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор Б.Уранчимэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураасан сиди, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар Д.Оюунтуяа нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн эрхийг хамгаалах холбоон дээр 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдавааг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд жирэмсэн эмэгтэй Н.Эрдэнийг зодсон гэж гүтгэлгийг телевизэд ярилцлага өгч олон нийтэд тараасан болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Н.Эрдэнэ нь Д.Пүрэвдаваатай ажил хэргийн шугамаар уулзахаар ороход нь Д.Пүрэвдаваа нь хэл амаар доромжилж, түүнийг зодсон талаар 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж, гомдлын дагуу цагдаагийн хэлтсээс хойшлуулашгүй ажиллагааг явуулж, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтанцэцэг нь “Н.Эрдэнэ 2016 оны 2 дугаар сарын 22-ноос 26-ныг хүртлэх хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бусдад зодуулсан тухай гомдолтой шалтгаант холбоогүй, бусдад зодуулсан болох нь тогтоогдоогүй” үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2748 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдврийг гаргасан уг шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа болно.

Мөн хохирогч Д.Пүрэвдаваа нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Д.Оюунтуяа телевизэд худал мэдээлэл тарааж ярилцлага өгсөн талаар шалгаж өгнө үү гэсэн гомдлыг 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан байхад Н.Эрдэнэ нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагад бусдад зодуулсан тул шалгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байгааг анхаарах нь зүйтэй байна. Цаг хугацааны хувьд Д.Оюунтуяагийн мэдээлэл хийснээс хойш Н.Эрдэнэ цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Шүүх Н.Эрдэнээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, шинжээчийн дүгнэлт, Д.Оюунтуяа нь гэмтэл авч, хохирсон талаараа цагдаагийн байгууллагад хандан, шүүх эмнэлэгт үзүүлж, дүгнэлт гаргуулж байсан нь Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагийн зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн, Д.Оюунтуяагийн тараасан мэдээлэл нь бодит байдлаар илт худал гүжирдлэг гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зарчмыг зөрчиж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д зааснаар “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...нэр төрийг нь доромжилж болохгүй... гэж заасан. Гэтэл Д.Оюунтуяа нь Д.Пүрэвдаваа бусдыг зодож гэмтэл учруулсан талаар нотлогдоогүй байхад түүнийг гүтгэж, нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж дүгнэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 105 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээ дэмжиж байна. Ингэхдээ хэргийг өөр шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлж өгнө үү.” гэв.

 

            Цагаатгагдсан этгээд Д.Оюунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй, зөв гарсан. Өмнө нь хэргийг шийдвэрлэж гарсан цагаатгах тогтоолыг шийтгэх тогтоолын бланк дээр хэвлэж хүчингүй болсон байгаа. Надад Д.Пүрэвдавааг гүтгэсэн зүйл байхгүй. Би олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Д.Пүрэвдаваа Н.Эрдэнэд гэмтэл учруулсан” гэж яриагүй, түүнийг гүтгээгүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд “ТВ-8” телевизийн сэтгүүлч ирж надаас сурвалжлага авсан. Тухайн үед би хэвлэлийн хурал зарлаагүй. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.” гэв.

 

            Цагаатгагдсан этгээд Д.Оюунтуяагийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хавтаст хэргийн 110, 144, 160 дугаар хуудаст Н.Эрдэнийг Д.Пүрэвдаваа зодсон гэдгийг гэрчлэх баримтууд байгаа. Гол маргаж байгаа асуудал нь уг үйл явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан явдал юм. Эрүүгийн эрх зүйн ойлголтод болсон үйл явдал тухайн этгээдийн зан байдал, төлөвт илэрсэн байх юм бол гэмт хэрэг гэж үзэхгүй. Мөн болж байгаа үйл явдалд буруу ташаа үнэлэлт, дүгнэлт өгч олон нийтэд тараасан байх юм бол үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэхгүй. Шүүхээр тараагдаагүй байхад нь тараасан гэх үйлдэл нь Иргэний эрх зүйн ойлголтод хамаарч Иргэний хуулийн 21, 510, 511 дүгээр зүйлүүдэд зааснаар хохирлын асуудлыг хэлж, нарийвчилсан шатгаант холбоог хэлээд явахад ойлгомжтой болчих зүйл юм. Эрүү болон Иргэний эрх зүйн процессуудыг нарийвчлан ойлгоогүйгээс болж ойлголтын зөрүүнүүд гарч байна. Тэрнээс биш Н.Эрдэнийн зан төлөв, үйлдэл, үйл ажиллагаанд хүн зодсон гэдэг нь баримтуудаар тогтоогдож байгаа. Харин зодсон үйлдлийн улмаас гэмтэл учруулсан уу, үгүй юу гэдэг нь өөр ойлголт юм. Тийм учраас цагаатгах тогтоол зөв гарсан гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Д.Оюунтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тогтоохын зэрэгцээ давж заалдах гомдол, эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Д.Оюунтуяаг гэм буруугүй хэмээн дүгнэж цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гэрч Н.Эрдэнийн “... Тухайн өдөр би ажил хэргийн шугамаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай уулзаж “Та миний албан тушаалыг бууруулсан. Одоо би яг юу хийх юм бэ. Надад тайлбарлаад өг” гэхэд Пүрэвдаваа дарга “чи удахгүй зайлна, чамайг би дуусгана, чи намайг шүүхэд өгсөн байна, хэн нь дийлэхээ үзье, зайл” гэж хэлээд заамдаж сэгсэрээд, сандал дээр хүчтэй түлхэж суулгасан. Энэ үйл явдлыг гар утсаар бичлэг хийсэн чинь Пүрэвдаваа, Ган-Ялалтад хандаж “адилхан бичлэг хийгээдэх” гэхэд Ган-Ялалт танхимаас гарсан. Энэ хооронд хоёул үлдсэн ба Пүрэвдаваа миний хувцаснаас угзарч, сандал дээр хүчтэй суулгаж, гэдэс рүү цохьсон. Хэдэн удаа гэдэс рүү цохьсныг мэдэхгүй байна. Намайг заамдах явцдаа гараараа нүүр рүү цохиход би толгойгоороо хана мөргөсөн юм. Энэ үед гаднаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа орж ирээд Пүрэвдаваа даргад хандаж “болиоч” гэж хэлсэн. Гэтэл Пүрэвдаваа миний “Самсунг” загварын гар утсыг, өөрийнхөө жижиг шар өнгийн тэмдэглэлийн дэвтэртэй хамт над руу шидчихээд танхимаас гараад явсан юм. Би араас нь танхимаас гараад “чи яасан гэж намайг зодож байгаа юм бэ, энэ хүмүүсийн нүдэн дээр дахиад намайг зодоодох, би чамайг цагдаад өгнө” гэж хэлтэл намайг коридорын сандал дээр хүчтэй суулгаад өрөөндөө яваад орчихсон юм...” /1-р хх-236-237/,

- Д.Оюунтуяагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...  “Соёмбо” танхимаас Эрдэнийн орилох дуу гарсан. Намайг ороход Пүрэвдаваа дарга Эрдэнийг заамдаж сэгсэрээд зогсож байсан. Харин Эрдэнэ “зод чи, зод” гээд орилоод байсан. Би “Эрдэнэтэй маргалдаад, зодсон байна” гэж ойлгосон...” /1-р хх 194-196/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Амбулаторийн картаас 2016.01.29-ний мэдрэлийн эмчийн үзлэгт:... тархи доргилт, тархины хаван гэжээ... Дүгнэлт: Н.Эрдэнийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирсан байх боломжтой” гэх шинжээчийн №3288 дугаар дүгнэлт /1-р хх-133/,

- шинжээч эмч Б.Ундармаагийн “... 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт Н.Эрдэнийн биед тархи доргилт, тархины хаван гэсэн онош тавьсныг үндэслэж дүгнэлт гаргасан. Н.Эрдэнэ нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зодуулсан гэсэн бөгөөд 3 дугаар сарын 7-нд буюу 1 сар гарангийн дараа ирж үзүүлэхэд ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй...” /1-р хх 134/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Д.Оюунтуяагийн олон нийтэд тараасан “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны “Соёмбо” танхимд иргэн Н.Эрдэнийг зодсон” гэх мэдээлэл нь илтэд худал гүжирдлэг биш болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэлд агуулагдсан үйл баримт нь Д.Пүрэвдаваагийн үйлдэлд бодитой илэрсэн гэж үзэхээр байна.

 

Иргэн Н.Эрдэнийн цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасныг үндэслэн холбогдох шалгалтыг явуулахад шинжээчийн №3288 тоот дүгнэлтээр түүнд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон байхад Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2748 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн /1-р хх 141/ нь илт үндэслэл муутай байх тул уг шийдвэрийг гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой яллах талын баримтаар үнэлэх боломжгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан “...илт худал гүжирдлэг...” гэдэг нь илтэд худал мэдээлэл, баримт сэлтийг ойлгох ба үүнийг тараасан үйлдлээр гүтгэх гэмт хэргийн объектив талын шинж хангагдана. Харин иргэд, олон нийтэд тараагдсан мэдээлэл нь үнэн бодитой буюу гүтгэгдсэн гэх хүний зан төлөв, үйл ажиллагаанд бодитоор илэрсэн байвал тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийн шинжийг хангахгүй.

 

Иймд анхан шатны шүүх Д.Оюунтуяагийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 105 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Пүрэвдаваагийн өмгөөлөгч П.Цолмонбаатарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

М.ПҮРЭВСҮРЭН