| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 129/2021/00688/и |
| Дугаар | 211/МА2026/00012 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 211/МА2026/00012
211/МА2026/00012
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2026/00170 дугаар шийдвэртэй
А аймаг дахь Мд холбогдох
Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амартүвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батцэрэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах.
1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: А аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э-А-19/15 тоот гэрээ байгуулан А аймгийнМ барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрээний үндсэн төлбөрт 48,790,968 төгрөг, алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь “Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны өмнөөс Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан учраас тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна” гэж тайлбарладаг, мөн анхан шатны шүүх 2 удаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон.
Манай компанийн хувьд зураг төсөлд зориулан цалин хөлс болон удирдлага менежментийн нийт 51,523,138 төгрөгийн зардал гаргаж 12 хүнийг 3 сарын хугацаанд, 2 хүнийг тус бүр 0,5 сарын хугацаанд ажиллуулсан ба тухайн зургийг буцаан авч дахин ашиглах боломжгүй, тухайн зураг төслийг буцаан авсан тохиолдолд дээрх зардлууд нь нөхөгдөх ямар ч боломжгүй юм.
Иймд анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Э-А-19/15 дугаартай Мийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах зургийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож хариуцагч А аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс Э ХХК-д учруулсан 51,528,138 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа.” гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга:
2.а. Хариуцагчийн татгалзал: Манай Мспорт заалны барилгын зураг төслийг боловсруулахад зориулагдсан төсөв эрх бүхий байгууллагаас батлагдаагүй, ийм зардлын эх үүсвэр байдаггүй тул мөнгийг гаргаж өгөх боломжгүй.
2.б. “Манай байгууллага харьяа яамны сайдад спорт заалтай бариулах талаар хүсэлт гаргахад заалны зураг төсөлтэй болчихвол уг асуудлыг төрийн бодлого талаас нь анхааръя гэсэн хариу өгсөн. Үүнийг дагуу тохиролцооны дагуу “Э” ХХК-аар спорт заалны барилгын зураг төслийг хийл хийлгэж, төсөвт тусгагдахаар нь төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл төсвийн асуудал шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Манай байгууллага төсвийн байгууллага учраас ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл гэх зэргээр төсөв хуваарилагдчихсан байгаа. Тийм учраас манай байгууллагад спорт заалны ажлын зургийн төлбөрийг гаргаж өгөх боломж бололцоо байхгүй.
Харин хариуцагч спорт залны санхүүжилт батлагдсан тохиолдолд, зургийн дагуу спорт заалаа бариулж, гэрээний үүргийн дагуу төлбөрийг өгөх байр суурьтай байсан боловч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хохирол нэхэмжилсэн байна. Э ХХК нь тухайн үед Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаар Хөдөлмөр нийгэм хамгааллын яамтай гэрээ байгуулж барилгын зураг төсөв хийж гүйцэтгэх байтал гэрээ байгуулах эрхгүй А аймгийн Мтэй гэрээ байгуулж хохирол учирсан нь манай байгууллагаас хамаараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.а. А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймгийн Мнарын байгуулсан Мийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл боловсруулах зургийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдийн Э-А-19/15 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1, 493.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч А аймгийн М42,915,188 /дөчин хоёр сая есөн зуун арван таван төгрөг нэг зуун наян найман мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,607,950 /найман сая зургаан зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан хэрэгт авагдсан Спорт заалны барилгын ажлын зургийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч А аймгийн Мд олгохоор шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж, давж заалдах гомдол гаргах эрхийг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга.
4.а. А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймгийн Мнарын байгуулсан Мийн “Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” зургийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдийн Э-А-19/15 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа.
Учир нь А аймгийн Мнь сургалт зохион байгуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилга бариулах зураг төсөв хийлгэх эрх зүйн чадамжгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан энэ гэрээнээс дээрх шинж харагддаг.
Гэрээний талуудын аль аль нь А аймгийн М гэрээ байгуулах эрхгүй гэдгийг мэдэж байгаа.
4.б. Харин анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1, 493.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч А аймгийн М42,915,188 /дөчин хоёр сая есөн зуун арван таван төгрөг нэг зуун наян найман мөнгө/ төгрөг гаргуулж Э ХХК-д олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа.
4.в. Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой үндэслэл.
Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6- д зааснаар гэрээ хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.
Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах даалгаврын захиалагч хэсэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, үндэслэл хэсэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ... тоот гэж бичсэн байдаг /1 хх 15/,
Спорт заалны барилгын ажлын зурагт гүйцэтгэгч “Э” ХХК-ы захирал Мөнхтулга гээд гарын үсэг зурж, тамга дарсан байдаг, харин захиалагч гэсэн хэсэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Чинзориг гээд гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй хоосон орхисон байдаг.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2018 оны 145 дугаар тушаал, 2019-03-04 өдрийн ХНХЯ болон "Э" ХХК-ы хооронд байгуулсан гэрээ, гадна дулааны шугам сүлжээний төлөвлөлтийн норм ба дүрмийг зураг төсөл гүйцэтгэхдээ мөрдлөг болголоо гэж Спорт заалны барилгын ажлын зурагт бичсэн байгаа.
Гэтэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2018 оны 145 дугаар тушаалд Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хөрөнгө оруулалтаар хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг түшиглэн байгуулах үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн төв болон политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн чиглэлийг баталж, баталсан мэргэжлийн чиглэлийн дагуу төслийн хөрөнгө оруулалтыг шуурхай үр дүнтэй хэрэгжүүлэх талаар тусгасан, спорт залны барилгатай ямар ч хамаагүй. /3 хх 1/
Мөн Захиалагч нь гэрээг баталгаажуулаагүй байхад Э ХХК нь уг зураг төслийг баталдаг байгууллагуудаар батлуулсан, техник эдийн засгийн үзүүлэлтийг зохих байгууллагаас гаргуулж авахдаа захиалагчийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэж тодорхойлсон байдаг. Үүнээс "Э" ХХК-ийн буруутай үйл ажиллагаа харагдаж байгаа.
“Э” ХХК ямар байгууллагатай гэрээ байгуулж болох, болохгүй талаар сайн мэдэж байсан.
Иймд А аймгийн М захиалагч биш тул хохирол төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн дүгнэлт шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Нэхэмжлэгч Э ХХК нь анх А аймгийн Мспорт заалны зураг төсөл боловсруулах гэрээний үнэ 48,790,968 төгрөг алданги 7,108,839 төгрөг нийт 55,899,807 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж 51,523,138 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчилжээ.
3. Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч А аймгийн Мнар нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт баригдах М-н спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах зургийн Э-А-19/15 дугаар гэрээг байгуулж, Э ХХК спорт заалны зургийг хүлээлгэн өгсөн ч Мүнийг төлөөгүй байна. Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
4. Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Э ХХК нарын хооронд байгуулсан зураг төсөл боловсруулах Э-А-19/15 дугаар гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч байна.
5. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хохирол гаргуулахаар шаардсан боловч мөн зүйлд нэрлэн заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн аль нь болохыг тодорхойлоогүй, анхан шатны шүүх 2 удаа хэргийг хэлэлцэхдээ уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх болсон талаар дурдсан, харин хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс уг гэрээг эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн учраас хууль зөрчсөн хэлцэл гэж тодорхойлжээ.
6. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь агуулга, шинж чанараасаа шалтгаалж өөр өөр үр дагаврыг бий болгох боломжтой.
7. Тиймээс талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулга, үр дагавар эрх зүйн бусад хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхтэй уялдуулан дүгнэх шаардлагатай гэж үзлээ.
8. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн нь түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байх бөгөөд жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох зэрэг эрхийг хэрэгжүүлдэг.
9. Харин төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт зааснаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байх бөгөөд батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй.
10. Мнь тухайн үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага байсан бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд байжээ.
11. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болохоор заасан.
12. Гэвч А аймгийн Мспорт заалны барилгын ажлын төсөв батлагдаагүй, Нийгмийн хамгааллын яамны сайд нь А аймгийн Мзахиралтай тус сургуулийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд гэрээ байгуулаагүй, түүнтэй холбоотой төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулах эрхээ шилжүүлсэн байдал нотлогдоогүй байна.
13. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлд төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн төсвийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг нэгтгэн гаргаж, төсвийн төслийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, улсын төсөв батлагдсаны дараа худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөг баталж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр заасан байна.
14. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийн 1.5.1, 1.5.2 дахь заалтад захиалагч буюу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагч нь ерөнхийлөн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагчгүй бол төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагчид гэсэн шатлалаар нэгтгэн баталж дээд шатны байгууллагад хүргүүлэхээр тус тус зохицуулжээ.
15. Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.12 дахь хэсэгт Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж нь төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа төсөвт бүх байгууллагын тухайн онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан хууль журамд нийцсэн бол баталгаажуулж, төлөвлөгөө нь хууль журамд нийцээгүй тохиолдолд үндэслэлийг дурдан буцаахаар заажээ.
16. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагын улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжих бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад тухайн салбарын засгийн газрын гишүүн захиалагч этгээд байна.
17. Мөн хуулийн 36 дүгээр зүйлд зааснаар захиалагч нь шаардагдаж байгаа үйлчилгээний зорилт, хүрэх үр дүн болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан ажлын даалгавар бэлтгэх бөгөөд ажлын даалгавар нь тухайн зөвлөхтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг байна.
Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний төсөвт өртгийг тооцохдоо боловсон хүчний мэргэжлийн чиглэл, түвшин, зөвлөхийн ажлын талбайд болон төв байранд ажиллах хугацаа, бичиг хэргийн болон тухайн үйлчилгээнд шаардлагатай бусад зардалд үндэслэсэн байна гэжээ.
18. 2019 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль түүнд нийцүүлэн Засгийн газраас баталж хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын дагуу төсөвт өртөг нь 50 сая төгрөгөөс ихгүй зөвлөх үйлчилгээг дор хаяж 3 этгээдийг өрсөлдүүлэх замаар, харьцуулалтын аргаар, бага үнэ санал болгосон зөвлөхийг шалгаруулах замаар худалдан авч болохоор зохицуулж байжээ.
19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд захиалагч нь бараа, ажил үйлчилгээ, худалдан авах талаарх эрх, үүргээ тухайлбал худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулахыг төсвийн ерөнхий менежерт шилжүүлж, болох боловч ийнхүү эрхээ шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар тусгасан.
20. Гэвч энэ хэргийн захиалагч зөвлөх үйлчилгээ худалдан авах эрхээ шилжүүлсэн байдал нотлогдоогүй, тухайн үйлчилгээний төсөв батлагдаагүй тул худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх үүсээгүй байжээ.
21. Тухайн төсвийн жилд худалдан авах бараа, ажил үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр дээр дурдсан, хуулиар хатуу тогтоосон журмын дагуу батлагдсан байх ёстой бөгөөд захиалагч санхүүгийн эх үүсвэр батлагдаагүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах нь хуулиар хориглогдсон байна.
22. Хариуцагч А аймгийн Мнь хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд, төрийн нарийн бичгийн дарга нар спорт заалны барилгын зургаа зуруулчихвал төсөвт хөрөнгийг нь тусгуулж шийдвэрлэх боломжтой талаар амаар хэлсний дагуу барилгын зургийг хийлгэсэн гэж тайлбарласан боловч энэ байдлаа нотлох баримтаар нотлоогүйн дээр ингэж хэлсэн байлаа ч түүнийг үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
23. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
24. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд харшлахгүй хэлцлүүд нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох бөгөөд Иргэний эрх зүйн хэлцэл нь агуулгаараа хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээг зөрчөөгүй байх ерөнхий шаардлага тавигдана.
25. Өөрөөр хэлбэл гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим нь хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар хязгаарлагдана.
26. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим зөвшөөрсөн тохиолдолд уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэх тухай зохицуулалт нь эрх олгогдоогүй этгээдийн хуульд нийцсэн үйлдэлд хамаарах бөгөөд энэ заалт хуулийн хориог зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
27. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь агуулгын хувьд хуульд нийцсэн ч хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн байдаг.
28. Энэ төрлийн хэлцлийн тухайд эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг хожим нөхөн авсан тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр байж болдог бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл нь хуулиар хатуу тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байдаг тул нь хэн нэгний зөвшөөрлөөр хожим хүчин төгөлдөр болох боломжгүй, байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус шинжтэй хэлцэл байдаг.
29. Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч А аймгийн Мнарын хооронд байгуулсан спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээ нь дээр дурдсан хуулиудаар хатуу тогтоосон хэм хэмжээнүүдийг зөрчиж хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
30. Агуулгын хувьд хууль зөрчсөн хэлцэл нь талуудын хэлцэл хийх сэдэл, зорилго ямар байснаас үл шалтгаалан зөвшөөрөгдөх боломжгүй нөхцөлөөр хийгдсэний хувьд байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх бөгөөд хэн, хэзээ ч хууль ёсны болгох боломжгүй, үр дагаврын хувьд зөвтгөгдөх хууль зүйн үндэслэлгүй, талуудын хооронд иргэний эрх, үүрэг үүсгэдэггүй, шаардах эрхийн үндэслэл болдоггүй.
31. Энэ нь хууль бус үйлдлээс шаардах эрх үүсэхгүй буюу "Ex dolo malo non oritur actio" гэсэн онолын зарчимд тулгуурлан хөгжиж, хууль тогтоомжид тусгагдан, шүүхийн практикт хэвшсэн ойлголт юм.
32. Харин талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх үүрэг нь нь гэрээний үүргийн шаардлага бус харин гэрээ байгуулахаас өмнөх байдлыг бий болгох зорилгоор шүүхээс талуудад хүлээлгэж буй үүрэг бөгөөд Иргэний хуулийн 1.2 дахь хэсэгт заасан зөрчигдсөн эрхийг сэргээх зарчимд үндэслэдэг.
33. Нэхэмжлэгч Э ХХК нь хүчин төгөлдөр хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагчаар төлүүлэхээр шаардаж байгаа бөгөөд хариуцагч нь хэлцлийн дагуу нэхэмжлэгчийн боловсруулсан спорт заалны зураг төслийг буцаан өгөхийг зөвшөөрч харин хохирол төлөхөөс татгалзсан байна.
34. Тодруулбал хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд хэн буруу , хэн хохирлыг хариуцах нь зохигчийн маргааны зүйл болжээ.
35. Нэхэмжлэгч Э ХХХ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас 51,523,138 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хариуцагчийн буруугаас болсон гэсэн үндэслэлээр хариуцагчаас нэхэмжилснийг хариуцагч бодитой бус, нэхэмжлэгч өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд буруутай гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
36. Хүчин төгөлдөр бус гэрээнээс учирсан хохирлоо нотлохоор нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э-Б-19/50 А М урьдчилгаа төлбөр гэсэн утгаар Лэнд тест ХХК-д 1,800,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Э-Б-19/50 тоот гэрээний төлбөр гэсэн утгаар тус тус Лэнд тест ХХК-д тус тус 2,700,000 төгрөг, /3 хх 51, 4 хх 68-69/ 2019 оны 12 сарын 19-нд Э-Б-19/41 А М гэсэн утгаар хийгдсэн 900,000 төгрөг зарлагын гүйлгээнээс бусад нь цаг хугацааны хувьд А аймгийн М-тэй байгуулсан гэрээнээс өмнө хийгдсэн, гүйлгээний утга хэсэгт нэхэмжлэгчийн бусад байгууллагатай хийсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэрээний дугаар бичигдсэн, ажилтны цалин хөлс нэхэмжлэхдээ ажилтан компани бусад ажлаас чөлөөлөгдөж, зөвхөн тухайн зураг төсөл дээр ажилласан эсэхийг нотлоогүй, бусад компаниар хийлгэсэн ажлын хөлс, компаны бусад гэрээний тухайлбал Дорноговь аймгийн өргөн сумд баригдах спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн зэрэг нь эргэлзээтэй байхад тухайн нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна гэж үнэлсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх шаардлагад нийцээгүй байна.
37. Түүнчлэн хууль бус үйлдэл хийсэн этгээд хууль бус үйлдлийнхээ үр дүнд ашиг олох ёсгүй гэдэг эрх зүйн онолын зарчим нь Монгол улсын иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийн агуулгад тусгагдсан.
38. Энэ зарчим нь шүүх хууль бус үйлдэлд туслалцаа үзүүлбэл нийгэмд "хууль зөрчиж ашиг олж болно" гэсэн буруу ойлголт жишиг тогтоно гэж үзэж түүнээс сэргийлэх зорилготой уялдаж бий болсон зарчим.
39. Тиймээс нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч А аймгийн Мхооронд байгуулсан спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан буруутай этгээд гэрээ байгуулагдсанаас учирсан хохирлыг хариуцаг үүрэгтэй болно.
40. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дахь хэсэгт барилгын зураг төсөл зохиогч нь барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын үр ашиг болон техникийн тооцоонд тулгуурлан боловсруулж, баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээхээр заасан.
41. Энэ нь барилгын зураг төсөл зохиогч нь тухайн төслийг зөвхөн техникийн шаардлагад нийцүүлэх төдийгүй төсөл хэрэгжих хууль зүйн үндэслэлд ч мэргэжилтний хувьд хариуцлагатай хандах агуулга илэрхийлж байна.
42. Тиймээс зураг төсөл зохиогч нь зураг төсөл боловсруулах захиалга хууль бус болохыг мэдсээр байж захиалгыг гүйцэтгэсэн тохиолдол нь тухайн хууль бус үйл ажиллагааг дэмжсэн үйлдэл болох бөгөөд энэ тохиолдолд зураг төсөл зохиогч нь мэргэжилтний хувьд илүү гэм буруутайд тооцогдох эрсдэлтэйг мэдэж байх ёстой.
43. Э ХХК нь мэргэжилтний хувьд өөрийн салбарын хууль тогтоомж, техникийн стандартыг гэрээнд заасан үйлчилгээтэй хамааралгүй сургалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс илүү сайн мэдэх боломжтой.
44. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс: “Э ХХК нь Спорт заалны барилгын ажлын зурагт уг зургийг захиалагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам түүнийг төлөөлж хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Чинзориг гэж бичсэн, Мөн спорт заалны барилгын ажлын зургийн гадна дулаан, цэвэр усны ажлын зургийн тайлбар хэсэгт /ажлын зургийн 97 тал/ “Зураг төслийг гүйцэтгэхдээ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2018 оны өдрийн А/145 дугаар тушаал, АХБ-ы Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд 2019-03-04 өдрийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Э ХХК-ы хооронд байгуулсан CS41-ADB3243 тоот гэрээ болон гадна дулааны шугам сүлжээний төлөвлөлтийн норм ба дүрмийг удирдлага болголоо.” бичсэн нь А аймгийн Мзахиалагч биш, гэрээ байгуулах эрхгүй, гэрээ хууль зөрчсөн гэдгийг Э ХХК мэдэж байсан болохыг нотолж байна.” гэж мэтгэлцэж байгааг нэхэмжлэгч тал няцааж чадаагүй байна.
45. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан гэрч Д.Чинзоригийн мэдүүлэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Э ХХК-д спорт заалны зураг төсөл боловсруулах гэрээ байгуулах эрх олгоогүй, энэ асуудалтай холбоотойгоор А/145 дугаар тушаал гараагүй, 3243 дугаар гэрээ байгуулагдаагүй болох нь нотлогдсон байна.
46. Тиймээс А аймгийн Мспорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээ ажлын даалгаврыг бэлтгэх, үйлчилгээний төсөвт өртгийг тооцох ажиллагаа бүхэлдээ хуульд нийцээгүй гэдгийг Э ХХК анхнаасаа мэдэж байсан гэж үзнэ.
47. Э ХХК нь А аймгийн Мгаргасан саналын дагуу спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан тул буруугүй гэж мэтгэлцэж байгаа боловч мэргэжилтний хувьд яагаад ийм хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ хийх болсон шалтгаан, үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна.
48. Хэлцэл хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус болохыг тогтоож хохирол барагдуулахад хэн эхэлж санал гаргасан нь бус харин хэн илүү буруутай болох нь шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд хэлцэл хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх магадлалтайг мэдэх ёстой байсан буюу мэдэж байсан боловч хэлцэл хийсэн тал гэм буруутайд тооцогдох бөгөөд тухайн хэлцэл хийснээс үүдэлтэй хохирлыг хариуцах ёстой.
49. Гэрээний талууд гэрээ байгуулахаас өмнөх шатанд ч бие биедээ шударга хандах үүрэгтэй бөгөөд Э ХХК нь мэргэжилтний хувьд хууль бус гэрээ байгуулагдаж байгааг мэдсээр байж зөвшөөрсөн эсхүл, мэдэх боломжтой байтал мэдээгүй бол гэрээ байгуулах шатанд гэм буруутай Culpa in Contrahendo байсан гэж үзэх үндэслэл болдог.
50. Хэдийгээр төрийн байгууллага хууль биелүүлэх үүрэгтэй ч барилгын зураг төсөл боловсруулах зэрэг нарийн мэргэжлийн мэдлэг, мэдээлэл дутмагийн улмаас тухайн асуудлаар зөвлөх үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлж, итгэл хүлээлгэж гэрээ байгуулах санал гаргасан энэ тохиолдолд Э ХХК нь мэргэжилтний хувьд илүү өндөр хариуцлага хүлээх, анхаарал болгоомжтой хандах ёстой байтал хууль бус ажил гүйцэтгэхээр гэрээ хийсэн нь түүнийг илүү гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
51. Түүнчлэн бусдын эд хөрөнгөд бодит хохирол учирсан, учирсан хохирол нь тухайн этгээдийн гаргасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой буюу "тухайн үйлдэл болоогүй байсан бол хохирол учрахгүй байсан" гэх логик холбоо тогтоогдсон, тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг урьдчилан мэдэх боломжтой, буюу мэдэж байсан боловч энэ байдалд шаардлагатай анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас хохирол учирсан тохиолдолд тухайн этгээдийг буруутай гэж үзнэ.
52. Тиймээс Э ХХК-ы эд хөрөнгөд учирсан хохирол нь түүний өөрийнх нь хууль зөрчиж гэрээ хийсэн үйлдлийн улмаас үүссэн байх бөгөөд Э ХХК нь А аймгийн Мхүчин төгөлдөр бус хэлцэл хийх саналыг хүлээж аваагүй тохиолдолд ийм хохирол учрах боломжгүй байжээ.
53. Хэлцлийн нэг тал хэлцлийг хүчин төгөлдөр гэж итгэж үйлдэл хийсэн бол тэрхүү итгэлийг нь хамгаалах шаардлага гардаг боловч энэ тохиолдолд итгэл хамгаалах зарчим ч нэхэмжлэгчид үйлчлэхгүй.
54. А аймгийн Мнь энэ хэлцлийн улмаас ямар нЭн ашиг олоогүй байх бөгөөд спорт заалны барилгын ажлын зургийг нэхэмжлэгчид буцаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчид буцаан өгсөн нь үндэслэлтэй.
55. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бодитой үнэлээгүй анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүхээс түүнийг залруулах боломжтой байх тул дээр дурдсан дүгнэлтүүдэд тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон хэсгийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2026/00170 дугаар шийдвэрийн “1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ы хариуцагч А аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 51,523,138 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.” гэж өөрчилж, Шийдвэрийн 4 дэх заалтад “56.2” гэснийг “56.1” гэж, “437,449 төгрөгийг улсын орлогод хэвээр” гэсний дараа “үлдээж” гэснийг “үлдээсүйгээ.” гэж өөрчилж түүнээс хойших хэсгийг хасч тус тус анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.АЗЖАРГАЛ