Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 537

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо,

Шүүгдэгч Д.Б, Ч.У, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

Шүүгдэгч Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

шинжээч Д.Золзаяа,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Г.Б, Ачит ламынхан овогт Д.Б, Боржигон овогт Ч.У, Хнарт холбогдох эрүүгийн 2014250006873 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Сартуул овогт Г.Б, Монгол улсын иргэн, 1973 оны 2 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Зүүн хараа суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй, Сэлэнгэ ноёд ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн 30 дугаар байрны 31 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Урьд 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 121 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан хэргийг 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хэргийг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, регистрийн дугаар ..............................................................

2. Ачит ламынхан овогт Д.Б, Монгол улсын иргэн, 1965 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төмөр замчдын 1 дүгээр баг, 45-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .....................................

3. Боржигон овогт Ч.У, Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдөгр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежир мэргэжилтэй, ам бүл 4, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Өнөр хороолол 27-112 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “Скай таур Энхбуян” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Урьд 2005 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

4. ............................. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүүх эмч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсангийн 30 дугаар байрны 16 тоотод оршин суух, “Ахон” ХХК-ний хөрөнгө оруулагч, ерөнхий захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ....................................

        Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Б, Д.Б, Ч.У, Х нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Шиан Дун Шэн /XIANG DONGSHENG/-д мэдэгдэлгүйгээр баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Шиан Дун Шэн-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хурцаа гэх нэрээр үйлдэж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд хүргүүлж тус компани болон БНХАУ-ын “Тианжин хотын Тайшин худалдааны экспорт импорт компани хоёрын хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дун Шэнээс шилжүүлсэн 2.000.000 /хоёр сая/ ам.доллараас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ ам.долларыг “Скай Тауэр Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499 190 255 тоот, Голомт банкны 141 000 2390 тоот дансанд 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Г.Буяндоржоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хохирогч Шан Ду ши мэдүүлэгтээ зуучлалын гэрээ хийснээ хүлээн зөвшөөрсөн байна. Хятад хүний гэрээг Хятад хэл дээр хийж байгуулсан хүчин төгөлдөр иргэний эрх зүйн харилцаа үүссэн юм. Хохирогч 1.2 сая ам долларын бичгийг харж байсан тухайгаа мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлж байсан. Тусгай шинжилгээний байгууллага болох шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлт гарсан. Энэ гэрээний 8 дугаар заалтад гэрээний зөрчилтэй холбоотой асуудлыг тусгаж өгсөн. Энэ хэрэг 8 дахь жилийн хугацаанд үргэлжилж байна. Хуурамч нотлох баримт, ямар нотлох баримтыг үндэслэж гэх нөхцөл байдлыг тодорхой болгох хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан ямар нотлох баримтуудыг үндэслэж байгаа юм бэ. Бусдыг төөрөгдөлд оруулсан гэмт хэргийн шалтгаан харагдахгүй байна. Нийслэлийн давж заалдах шатны прокурор Ширэндэвээс асууж байсан. Энэ үйлдлийн улмаас хэн хэнийг төөрөгдөлд оруулсан зүйл байгаа юу гэж асуухад асуултанд хариулж чадахгүй байсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг бодит байдлаар тогтоох ёстой. Ч.Ууганбаярыг яллагдагчаар татчихаад яллагдагчийн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар мэдүүлгийг нь үнэлээд байна. Яллагдагчийг өөрийнх нь мэдүүлгээр үйлдсэн хэргийг нь нотлох нь хууль зөрчиж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1.2 сая ам долларын бичиг хийсэн тухайгаа хэлээгүй. Бизнесийн нууц тул гаргаж өгөөгүй. Улсын яллагч 20.000 доллар авсан гэж тусгасан байна. Би Шан Ду Ши-нээс мөнгөө өгөөрэй гэж хэлсэн. Би зуучлалын гэрээний үндсэн дээр Шан Ду Ши-нээс мөнгө авсан нь үнэн. Улсын яллагч энэ асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй. 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Баасанбат: Худалдах худалдан авах гэрээтэй холбоотой асуудал нь Иргэний эрх зүй, Арбитрын журмаар шийдвэрлэх нь зүйтэй. Улсын ерөнхий прокурор Дорлигжав таны энэ асуудал бол 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Буяндорж нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Дархан Төмөрлөгийн үйлдвэр болон БНХАУ Тайшин ХХК нарын хооронд байгуулсан гэрээний асуудал нь арбитр, иргэний эрх зүйн асуудлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Шүүгдэгч Д.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Би урд Сандагсүрэн гэх прокурорт хэлж байсан. Намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 03 дугаар сарын 16-ны гэрээ байгуулахын тулд очиход Шан Ду Ши хуурамч тамга аваад ирсэн. Бид үдээс хойш Дархан Төмөрлөгийн үйлдвэр дээр очиход Шан Ду Ши надад итгэмжлэл өгсөн. Итгэмжлэлийн дагуу гарын үсэг зурах эрх байгаагүй. Гэрээ хийгдсэний дараа биднийг Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн гадна буулгасан. Г.Б, Шан Ду Ши нар надаас өөр орчуулагч аваад 1 тонн 5 доллар гэх зуулчлалын гэрээг байгуулсан. Надад 1 тонн 2 доллар гэж тооцож байсан. Надад нэг ч доллар өгөөгүй, цалин ч өгөөүй юм.  2011 оны 11 дүгээр сард мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч намайг дуудаад чи мөнгийг авсан уу гэж асууж байсан. Г.Б болон Шан Ду Ши нар хоорондоо мөнгөө өгөх, авах асуудлаа зохиуцуулсан байх. Надад мөнгө шилжүүлсэн эрх байхгүй. Би 200 сая юаныг Шан Ду Ши-д өгсөн. Буяндоржид 5 доллар нэмээд урагшаа 1000 доллараар зарсан. Энэ ашигтэй наймаа байна гэж ярьж байсан. Би эхнэр хүүхэдтэйгээ кантнерт сууж байсан. Энэ хэрэг надад хамааралгүй. Би гадаад паспорт авмаар байна. Гадаад паспорт авахын тулд прокуророос зөвшөөрөл авах ёстой байдаг юм. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Намайг цагаатгаж өгнө үү” гэв.   

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Төмөрлөгийн үйлдвэртэй 2013 оны 3 сард төмөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 2014 оны 4 дүгээр сарын 23-нд Жүн Ши Лян гэх компань гэрээ байгуулсан. 04 дүгээр сарын 12, 25-ны өдөр 20.000 Тайшин компани руу шилжүүлсэн юм. Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой зуулчлалын гэрээнээс Г.Б 1.2 сая ам долларыг өөрийнхөө Энх Буян тоуэр гэх компаниар дамжуулж авснаас болоод Шан Ду Ши цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Энэ мөнгө нь БНХАУ-ын Жүн Ши Ляан гэх компанийн мөнгө болсон юм. 2011 оноос эхлэн гүйцэтгэх захирал хийж байсан Сүн Шү гэх хүн гэрчийн мэдүүлэг өгсөн юм. Дараа нь 2013 оноос эхлэн Сүн Шү гэх хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 15-нд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх баримт алга болсон тул би дахин эх хувиас нь хуулбарлан өгсөн юм. Сүн Ши Ляан гэх хүн миний мөнгө биш дамжуулан гэрээ хийсэн. Тайшин экспорт худалдааны компани нь Жүн Ши Ляан, Дархан Төмөрлөгийн үйлдвэр, Г.Б зэрэг хүмүүсийн хууль бусаар авсан мөнгийг буцаан авахыг хүлээн зөвшөөр байна. Манайх мөнгийг буцааж авсаныхаа дараа Жүн Ши Ляан гэх компанийн данс руу шилжүүлнэ. Тухайн өдөр Жүн Ши Ляан гэх компанийн төлөөлөгч Сүн Ши Ляан гэх хүн төлөөлж байсан. 557 мянган доллартай асуудлаар бүх үйлдэл хийхийг Жүн Ши Ляан гэх компанид даалгасан юм” гэв.

     Хохирогч Шиан Дун Шэний /Xiang Dongshen/ мөрдөн байцаалтад өгсөн: “…би 2011 оны 3 сарын 10-дын үеэр Монголд ирсэн бөгөөд 2011 оны 3 сарын 17-нд Хурцаа намайг Буяндорж гэдэг хүнтэй танилцуулсан …Тухайн үед Буяндорж төмрийн хүдрийн гэрээ хийж өгнө, гэхдээ зуучлалын гэрээ хийнэ, хөлс өгнө гэсэн яриа гарсан. Гэхдээ хүдрийн талбай дээр буулгаад талбайгаас вагонд ачуулсаны дараа ачсан хэмжээгээр тооцож, хөлс өгнө гэж амаар тохирсон …2011 оны 3 дугаар сарын 18-нд Хурцаагийн хамт Дархан руу гэрээ хийхээр явсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр лүү би эхнэртэйгээ мөн Хгийн хамт ороход 1 давхарт нь хуулийн зөвлөх, борлуулалтын менежир, экспортын менежер гэсэн 3 хүн байсан. Тэгээд л төмрийн хүдрийн худалдах, худалдан авах гэрээ хийгээд гарч ирэхэд гадаа Буяндорж ирчихсэн байж байсан. Дарханы үйлдвэрийн захиралтай бол биечлэн уулзаагүй. Нэг эмэгтэй хүн гэрээг барьж аваад гарын үсэг зуруулж ирж байсан ...100.000 тонн хүдрийг 1 тонныг нь 40.000 ам доллараар буюу нийт 4 сая ам доллараар худалдаж авах гэрээ хийсэн ...Ингээд би гэрээгээ аваад мөнгөө олохоор Хятад руу буцсан ...би 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эрээн хотын “Youngtong” банкаар дамжуулан 2.0 сая ам долларыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд шилжүүлсэн ...Гэтэл Х 2011 оны 8 дугаар сард чи Буяндоржид зуучилсан хөлс өгөхгүй бол 1 ч тонн хүдэр буулгахгүй гэсэн. Тэгэхээр нь 2011 оны 8 дугаар сард 60.000 ам долларыг Буяндоржид бэлнээр нь өгсөн. Ингэж мөнгө өгөхөөс өмнө 7 хоногийн өмнө байх Буяндорж надтай зуучлалын гэрээ хийнэ гээд гэрээ хийсэн. Гэтэл гэрээнд 100.000 тонн хүдрийг 200.000 тонн гэж мөн зуучлалын хөлсийг 500.000 ам доллар байх байтал 1.0 сая ам доллар гэж бичсэн байсан. Мөн гэрээнд гэрээ хийсний дараа зуучлалын мөнгийг өгөх тухай заасан байсан ба би түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэрээний төгсгөлд өөрийн гараар ачсан хүдрийн хэмжээгээр зуучлалын хөлс өгнө гэж бичсэн. Би гэрээнд дурдсан хүдрийн хэмжээ буюу 200.000 тонн гэснийг засаагүй, харин 1.0 сая ам доллар гэснийг 500.000 ам доллар гэж зассан байгаа ...1 тонн төмрийн хүдрийн үнэ болох 40 ам доллар тутмаас 5 ам долларыг Буяндоржид зуучлалын хөлс болгон өгнө гэж тохирсон байсан ...Буяндоржид өгөх зуучлалын хөлс нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр лүү шилжүүлсэн мөнгөнөөс тусдаа асуудал. Гэтэл Буяндорж хуурамч баримтаар Дарханы үйлдвэрээс төмрийн хүдэрт өгсөн мөнгөнөөс авсан байгаа юм ...Буяндорж эхний ээлжинд 800.000 ам долларыг өгье маргааш банкин дээр уулзъя гэсэн боловч худлаа хэлээд алга болсон. Дарханы үйлдвэрээс нийт 5000 гаран тонн хүдрийг буулгасан байгаа, дахиж буулгаагүй ...Би Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ний дансанд шилжсэн 2.0 сая ам доллараас 1.2 сая ам долларыг нь шилжүүлж ав гэсэн албан бичгийг Буяндоржид өгөөгүй. Тийм албан бичгийн хуулбарыг өмнө үзэж байсан, гэхдээ тэр албан бичиг дээрх гарын үсэг миний үсэг биш байсан ...Би 100.000 тонн төмрийн баяжмал авах гэрээ байгуулаад 1 тонн тутамд нь 5 доллар гэж тооцоод 500.000 ам доллар өгнө гэсэн. Гэхдээ төмрийн хүдэр ачигдаад дууссан үед энэ мөнгийг өгөх ёстой байсан ...Х төмрийн хүдрийг ачуулахад хэрэг болно гэж хоосон бланкан дээр тамга даруулж авч байсан ...Буяндорж анхнаасаа намайг залилах гэж гэрээ хийсэн байна ...Би Монгол хэл мэдэхгүй болохоор Монгол дахь төлөөлөгч гэж Хг гэрээнд гарын үсэг зуруулсан ...” гэсэн мэдүүлэг /8хх-169-174х/,

“Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Даваадоржийн гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гэрээг санаж байна. 2011 оны 3 сарын 18-ны өдөр нэг талаас манай Дарханы төмөрлөгийн үйлдвэр нөгөө талаас БНХАУ-ын Тианжин хотын Тайшин худалдааны экспорт, импортын ХХК нар хамтран манай эзэмшлийн Хонгор суман дахь Төмөр толгойн ордоос 100.000 тонн төмрийн хүдрийн баяжмал 1 тонныг нь 40 ам доллараар буюу нийт 4.0 сая ам доллараар худалдах худалдан авах гэрээ авах ...№ELYT-2011-0125 тоот гэрээг байгуулсан …2011 оны 5 сарын 13-ны өдөр Юндэн ХХК-наас, 2011 оны 5 сарын 15, 16-ны өдөр Мөнх-Од гэгчээс, 2011 оны 5 сарын 16-ны өдөр Батсүрэнгээс гэсэн нэрээр доллар  шилжүүлсэн байсан. Гол нь бид гэрээний дугаараа хараад л энэ гэрээний мөнгө байна гэж л ойлгодог. Дээрх гэрээ байгуулсан компанийн манайд төлөх ёстой 4 сая ам долларын 50 хувь болох 2 сая ам доллар шилжиж орж ирсэн. Ингээд төлбөр ирсэн тул 2011 оны 8 дугаар сарын 30-наас 2011 оны 9 дүгээр сарын 17-ны хооронд нийт 5561.12 тонн төмрийн хүдрийн баяжмалын ачилт хийгдсэн …Тухайн үед манай үйлдвэрийн төлөвлөгөөнөөс хамаарч ачилтыг цаг тухайд нь хийж чадаагүй юмаа. Тэгтэл сүүлд нь Хурцаа нь мөнгөө буцааж авъя гэж ярьдаг болсон. Тэр үед манай ерөнхий захирал гадаадад явж байсан, би Хятадын Тайшин компани мөнгөө буцааж авъя гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд тэгвэл гэрээг нь цуцлаад мөнгийг нь буцаагаад өгчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тайшин компанийн төлөөлөгч байна гэхээр нь Хурцаа гэдэг хүн байна гэж бодоод мөнгөө буцааж авах хүсэлтээ бичгээр гаргачих гэж хэлсэн. Тэгээд манайх одоо бэлэн мөнгөний боломжгүй байгаа учир 1,2 сая ам долларыг чинь буцааж шилжүүлье гэж хэлсэн. Тэгэхэд тэр төлөөлөгч нь тэгвэл 1.2 сая доллартаа хүсэлтээ тавъя гэж хэлсэн. Тэгээд тэр хүсэлтэн дээр нь “Скай Таур Энх Буян” гэх компанийн долларын болон төгрөгийн дансыг явуулсан байсан …Хурцаа гэх хүний гарын үсэг, тамга тэмдэгтэй хүсэлтийг үндэслэн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Скай Таур Энх Буян ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499190255 тоот валютын данс руу 880.0 мянган ам доллар, мөн Голомт банкинд дахь төгрөгийн 1410002390 тоот данс руу 320.0 мянган ам долларт дүйцэх 404.774.400 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед манай дансан дахь ам доллар хүрээгүй учир төгрөгөөр 1 ам долларыг албан ханшаар 1264,92 төгрөгөөр бодож шилжүүлсэн. Одоо манайд дээрх компаниас авсан мөнгөний үлдэгдэл тооцоо 577.555.20 ам долларын тооцоо үлдэгдэл байгаа …тайшин компанийн төлөөлөгч байна гэж утсаар ярьсан хүн нэрээ хэлж байгаагүй, ямар ч аялгагүй цэвэр монголоор ярьж байсан …надтай нэг л эрэгтэй хүн ярьдаг байсан, өөр хүн ярьж байгаагүй …Гэтэл Хурцаа нь Өвөрмонгол байсныг дараа нь мэдсэн. Утсаар ярьж байсан хүн бол ямар ч Өвөрмонгол аялгаар ярьж байгаагүй …” гэх мэдүүлэг /8хх-193-199х/,

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн дэд захирал М.Баттөгсийн гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн: “…2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас манай Дарханы төмөрлөгийн үйлдвэр нөгөө талаас БНХАУ-ын Тианжин хотын Тайшин худалдааны экспорт, импортын компани нар хамтран …100.000 тонн төмрийн хүдрийн баяжмал 1 тонныг нь 40 ам доллараар буюу нийт 4,0 сая ам долларын худалдах худалдан авах гэрээ байгуулсан …Тэгээд Хятад талын компаниас мөнгөө шилжүүлсний дараа тус компанийн төлөөлөгч гэх хүн 1-2 удаа манай үйлдвэр дээр ирсэн. Тэгээд бид мөнгөө шилжүүлчихлээ, ачилтаа хийгээч гэхээр нь танайх гэрээний нөхцлөө биелүүлээгүй байна …Мөн танайхаас гарах хүдрийн хэмжээ одоогоор бага гарцтай байна гэаж хэлсэн …Тэгээд байж байтал манай ерөнхий нягтлан Даваадорж надад ийм хүсэлт ирчихлээ, гээд ирсэн бичиг үзүүлсэн. Тэр нь та нар хүдрээ өгч чадахгүй юм бол манай төлбөрийг буцааж шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт байсан. Тэгээд Даваадорж энэ асуудлаар ерөнхий захирал Эрдэнэцогттой ярьсан гэсэн. Тэгтэл одоо тэгвэл яах вэ мөнгийг нь буцаагаад өгчихгүй юу гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би Даваадоржоос ийм их мөнгө манайд байгаа юм уу гэхэд Даваадорж би нөгөө талын хүмүүст яг одоо манайд 2.0 сая ам доллар алга, 1.2 сая долларыг нь шилжүүлье ерөнхий захиралтай ярьчихлаа гэсэн. Тэгээд 2011 оны 6 дугаар сард мөнгө буцаж шилжсэн. Миний одоо санахаар мөнгө буцааж шилжүүлсэн данс нь манайхтай гэрээ хийсэн БНХАУ-ын Тианжин хотын Тайшин худалдааны экспорт, Импортын компанийн данс бол биш байсан …тэгээд Ерөнхий захирал Эрдэнэцогтын зөвшөөрлөөр манай ерөнхий нягтлан Даваадорж 1,2 сая ам долларыг буцааж шилжүүлэх хүсэлтийн дагуу шилжүүлсэн …” гэх мэдүүлэг /8хх-200-205х/,

БНХАУ-ын иргэн гэрч Сүн Шүй /SONG SHUYI/-н мөрдөн байцаалтанд шатанд өгсөн: “Би …GINGDAO MINERALS METALS” компанийн ерөнхий захирлаар ажилладаг юм. Тэгээд Шиан Монголоос төмрийн хүдрийн баяжмал оруулж ирж надад нийлүүлж чадна гэсэн болохоор би түүнтэй 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 100.000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг  1 тонныг нь 1000 юаниар буюу нийт 100.0 сая юаниар худалдан авах гэрээ байгуулсан …Би Шианы Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан гэрээг үзэж байгаад гэрээ байгуулсан юм. 2011 оны 4 дүгээр сарын 30-ны дотор багтаж Шианы компаний данс руу 100.0 сая юанийн урьдчилгаа 20 гэж 20.0 сая юанийг шилжүүлсэн. 20.0 сая юанийг ам доллараар тооцвол ойролцоогоор 3.070.000 ам доллар, Монгол төгрөгөөр тооцвол 4 тэрбум 192.0 сая төгрөг болж байгаа юм …Тэгээд төмрийн хүдрээ хүлээгээд байсан боловч нэг ч тонн ирээгүй…тэгээд намайг Монголд 2011 оны 11 дүгээр сарын 19-нд ирсний дараа Шиан надад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн данс руу шилжүүлсэн 2.0 сая ам доллараас 1.2 сая ам долларыг Хурцаа, Буяндорж нар буцаагаад авсан байж магадгүй гэж надад хэлсэн …” гэх мэдүүлэг /8хх-222-229х/,

Ч.Ууганбаярын гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн: “…Буяндорж ах өөрийнхөө “Ноёд” Группын дэргэд “Скай таур Энхбуян” гэдэг 1 гишүүнтэй охин компанийг миний нэрээр үүсгэн байгуулж, захирлаар нь намайг тавьсан юм …2011 оны 8 дугаар сард байх Буяндорж ах надад ах нь чиний компани болон чиний нэрээр нэг хятад нөхөртэй зуучлалын гэрээ байгууллаа шүү гэхээр нь тэгээ тэг гэж зөвшөөрсөн. Гэхдээ би хаана ямар хүнтэй ямар ажил үйлчилгээний зуучлалын гэрээ байгуулж байгаа талаар нарийн асуудлыг нь үнэндээ мэдээгүй …Манай Скай таур Энхбуян ХХК нь Голомт банкинд төгрөгийн, Худалдаа хөгжлийн банкинд ам долларын данстай. 2011 оны 6 дугаар сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс манай компанийн Голомт банкны төгрөгийн дансанд 400 гаруй сая төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ам долларын дансанд 800 гаруй мянган ам доллар шилжиж орсон байсан. Ямар учиртай мөнгө гэдгийг нь би үнэндээ мэдээ ч үгүй. Тэгээд л Буяндорж ах мөнгө авна гэхээр нь би банкин дээр очоод авах мөнгөний тоогоор баримт үйлдэж би өөрөө мөнгийг нь гаргаж ах Буяндоржид өгдөг байсан …Дээрх 2 банкинд орсон мөнгийг бүгдийг нь цувуулж авсан одоо мөнгө байхгүй байх …” гэх мэдүүлэг /8хх-209-210х/,

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирал П.Эрдэнэцогтын гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн: “…2011 оны 3 сарын 10-ны үеэр гэж санаж байна. Г.Буяндорж нэг өвөрмонгол хүнтэй ирээд танай хүдрийн баяжмалыг худалдаж авах гэсэн юм” гэхээр нь би нөхцлөө танилцуулсан, би тэр байтугай гоеогийнх нь тогтоцыг хүртэл зурж тайлбарлаж өгсөн юм. Дээж авч юу авч байгаагаа үз, 8 сараас нааш хайлт хийх боломжгүй, манай нөхцлийг сайн судалж байгаад гэрээ хийхийг зөвлөсөн. Тэгэхэд Буяндорж танай нөхцлийг судалсан, танайхаас худалдаж авна, танайхыг мэдэж байна гээд байсан …Ингээд 3 сарын 18-ны өдөр намайг технологи судлаад Хятад улсад явж байхад манай дэд захирал Баттөгс утасдаад “Хятадын Тайшин компанийн хүмүүс ирээд таньтай ярьсан гээд байна, баяжмал авах гэрээ хийнэ гэнээ яах бэ гэж асуусан. Тэгэхээр нь би түүнд манай нөхцлийг ахиж сайн тайлбарла, тэгээд зөвшөөрч байвал гэрээ хийхгүй гээд яахав дээ гэж хэлсэн. Надаас гэрээ хийх зөвшөөрөл аваад манай дэд захирал Баттөгс гэрээнд гарын үсэг зурсан байсан …гэрээ хийснээс хойш 2 сая ам доллар орж ирсэн гэж манай нягтлан надад хэлсэн …Тэгээд дараа нь дэд захирал Баттөгс, ерөнхий нягтлан бодогч Даваадорж нар над руу утсаар яриад нөгөө Хятадын компанийхан мөнгөө авна гээд байнаа гэсэн. Тэгэхээр нь би гэрээг нь цуцлаад мөнгийг нь өгчих гэсэн юм …Тэгээд дараа нь гэрээний дагуу шилжсэн 2 сая ам доллараас 1.2 сая доллар нь Скайтаур Энхбуян компанид шилжсэн гэдгийг мэдсэн …” гэх мэдүүлэг /8хх-217-221х/,

Яллагдагч Д.Батжаргалын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “…Би Тайшин худалдааны экспорт, импортын компанийн төлөөлөгч байна …ачилт яасан бэ төмөрийн баяжмал хэзээ буух юм гэж 3-4 удаа ярьсан …шилжүүлсэн төлбөрөө буцааж авъя гэж ч ярьж байсан байх …мөнгөө буцааж шилжүүлж авъя гэж санхүүгийнхэнтэй нь ярьсан …Хурцаа өөрөө төмөрлөгийн үйлдвэр лүү шаардлагатай бичиг өгөхөөр бол миний өмнөөс гарын үсэг зураарай гэж хэлж байсан юм …Буяндорж захирал тэр албан бичгийг хурдан явуулъя гэж ярилцаад Төв шуудангаар дамжуулж факсаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр лүү явуулсан …Буяндорж албан бичгийг боловсруулсан гэсэн, би бол гарын үсэг л зурсан …” гэх мэдүүлэг /10хх-203-204х/,

Э.Хурцаагийн сэжигтнээр мөрдөн байцаалтанд өгсөн: “…Шиан Дун Шэн надад хэрэг болж магадгүй гээд Тайшин компанийхаа тамгыг дарсан хоосон бичилт хийгээгүй албан бланк 3 ширхэгийг үлдээж байсан нь үнэн гэрээний хугацаа буюу мөнгө шилжүүлэх хугацааг сунгуулахад 1-ийг нь хэрэглэсэн, мөн хүдэр буулгах талбайгаа заасан албан бичгийг мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хүргүүлж байсан …харин 1 ширхэгийг нь Д.Батжаргалд өгөөд хэрэг гарвал ашиглаж байгаарай гэж өгсөн …1,2 сая ам доллар буцааж өгнө үү гэсэн албан бичгийн хувьд …миний гарын үсгийг зур гэж зөвшөөрсөн боловч би албан бичгийн утгыг нь асууж үзээгүй дараа нь Г.Буяндоржоос асууж тодруулахад Шиан Дун Шэн өөрөө 1.2 сая доллар ав гэж албан бичиг хийж өгсөн гэж байсан …түүний дагуу албан бичиг төлөвлөж явуулсан гэж байсан …” гэх мэдүүлэг /10хх-229-231х/,

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 100.000 тн төмрийн хүдрийн баяжмал нийлүүлэх, түүний үнэ 4 сая ам долларын “Тианжин хотын Тайшин худалдааны экспорт импортын” ХХК төлөх нөхцөлтэйгээр 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ¹ЕLYT-2011-0125 тоот худалдах, худалдан авах гэрээ /9хх-186-188х/,

“Тайшин худалдааны экспорт, импортын” ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ¹86/25 дугаартай Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-нд хүргүүлсэн “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” факсаар хүргүүлсэн хүсэлт /16хх-36х/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа,  

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Нийслэлийн прокурорын газраас Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Хурцаа нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Шиан Дун Шэн /XIANG DONGSHENG/-д мэдэгдэлгүйгээр баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Шиан Дун Шэн-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хурцаа гэх нэрээр үйлдэж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд хүргүүлж тус компани болон БНХАУ-ын “Тианжин хотын Тайшин худалдааны экспорт импорт компани хоёрын хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дун Шэнээс шилжүүлсэн 2.000.000 /хоёр сая/ ам.доллараас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ ам.долларыг “Скай Тауэр Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499 190 255 тоот, Голомт банкны 141 000 2390 тоот дансанд 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар Г.Б, Д.Б, Ч.Ууганбаяр, Х /HURICHA/ нарын үйлдэлд гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 12 дугаар 16-ны өдрийн шинжээчийн 81/82/83 тоот дүгнэлтэнд: “...шинжилгээнд ирүүлсэн баруун доод буланд улаан өнгийн бичигч хэрэгслээр нэг гэж дугаарласан А4 хэмжээтэй албан бланкны доод гол хэсэгт хаалтан дотор /XIANG DONG SHENG/ гэсний урд талд байх гарын үсэг, тамга нь хувилан олшруулах ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдэгдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баруун доод буланд улаан өнгийн бичигч хэрэгслээр нэг гэж дугаарласан А4 хэмжээтэй албан бланкны доод гол хэсэгт хаалтан дотор /XIANG DONG SHENG/ гэсний урд талд байх гарын үсэг нь “Xiang Dong Sheng”-ний зурсан гэх гарын үсгийн чөлөөт болон албадан загваруудтай тохирч байна. Шмнжилгээнд ирүүлсэн 1,2,3 улаан өнгийн бичигч хэрэгслээр 3 гэж дугаарласан А4 хэмжээтэй цаасны баруун доод буланд зурсан 2011.8.3 гэсэн огноо бүхий баримтны тамганы дардасны зүүн доод хэсэгт болон огнооны дээд талд байрлах гарын үсгүүд нь ““Xiang Dong Sheng”-ний зурсан гэх гарын үсгийн чөлөөт болон албадан загваруудтай тохирч байна ...” гэжээ.

Шүүх Г.Б, Д.Б, Ч.Ууганбаяр, Х /HURICHA/ нарын         үйлдэлд гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан дээрх шинжээчийн 2011 оны 12 дугаар 16-ны өдрийн шинжээчийн 81/82/83 тоот дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг  цагаатгах нь зүйтэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий  л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” байх үндэслэлээр Сартуул овогт Гүнгэрэгжавын Буяндорж, Ачит ламынхан овогт Доржийн Батжаргал, Боржигон овогт Чулуунбатын Ууганбаяр, Хурцаа /HURICHA/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Б, Д.Б, Ч.Ууганбаяр, Х /HURICHA/ нарыг цагаатгаж шийдвэрлэв.

Хэрэгт Д.Батжаргалын нэр дээрх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 02 тоот 94 м.кв 4 өрөө орон сууц /үнэлгээ 169.200.0000 төгрөг/, 30 дугаар байрны 28 тоот 110 м.кв 5 өрөө орон сууц /үнэлгээ 198.000.000 төгрөг/ зэрэг битүүмжилснийг тус тус хүчингүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Буяндорж нь 409 хоног, Д.Батжаргал нь 166 хоног, Ч.Ууганбаяр нь 54 хоног, Хурцаа 35 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.