Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1002

 

 

 

 

 

2019          10              08                                            2019/ДШМ/1002

 

Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт                                                                                                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ням-Очир,

            цагаатгагдсан этгээд Г.Б,

цагаатгагдсан этгээд Х //, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, 

иргэний нэхэмжлэгч “Жу Шин Лянь Чин Дао Олон Улсын менериал металл”

компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 537 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч “Жу Шин Лянь Чин Дао Олон Улсын менериал металл” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б, Д.Б, Ч.У, Х /HURICHA/ нарт холбогдох 2014250006873  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Г-ын Б, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1973 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхитын 4 дүгээр гудамжны 66а тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 00000 дугаар хороо, Зайсангийн 00000 тоотод оршин суудаг, /регистрийн дугаар: 00000000/,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болсон;

            2. А\ овгийн Д-ийн Б, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1965 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 00 дүгээр баг, Төмөр замчдын 000000000000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000000/;

            3. Б овгийн Ч-ын У, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1986 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Скайтаур-Энхбуян” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4; дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Өнөр” хорооллын 27-112 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,

            2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

4. Х // Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Ахон” ХХК-ийн захирал гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Монгол Улсад Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Зайсангийн 00 дугаар байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /гадаад паспортын дугаар: 000000000000000/;

Г.Б, Д.Б, Ч.У, Х нар бүлэглэн БНХАУ-ын иргэн Шиан Дун Шэн /XIANG DONG SHENGA/-д мэдэгдэлгүйгээр баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Шиан Дун Шэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х гэх нэрээр үйлдэж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д хүргүүлэн, тус компани болон БНХАУ-ын Тианжин хотын “Тайшин худалдааны экспорт импорт” компанийн хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дун Шэнээс шилжүүлсэн 2,000,000 ам.доллараас 1,200,000 ам.долларыг 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Скайтаур- Энхбуян” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499 190 255, Голомт банкны 141 000 2390 тоот дансуудаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Г.Б, Д.Б, Ч.У, Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б, Д.Б, Ч.У, Х /HURICHA/ нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Б, Д.Б, Ч.У, Х нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт Д.Бын нэр дээрх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 02 тоот, 94 м2 талбайтай, 4 өрөө орон сууц /үнэлгээ 169.200.000/, 30 дугаар байрны 28 тоот, 110 м2 талбайтай, 5 өрөө орон сууц /үнэлгээ 198,000,000/ зэргийг битүүмжилснийг тус тус хүчингүй болгож, Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Б 409 хоног, Д.Б 166 хоног, Ч.У 54 хоног, Х 35 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, Хд авсан хилийн хоригийг шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

            Иргэний нэхэмжлэгч “Жу Шин Лянь Чин Дао Олон Улсын менериал металл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Г.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон компанийн итгэмжлэлийн дагуу Л.Г миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Шүүх бүрэлдэхүүн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч мэтгэлзэж оролцохгүй гэдэг үндэслэлээр иргэний нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд тайлбар гаргах, нотлох баримт судлуулах эрхээр хангаагүй.

2. Цагаатгах тогтоолыг 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гардаж авсан.

3. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Тянь Жин хотын “Тай Шин экспорт импортын худалдааны хөгжлийн” компанийн захирал XIANG DONG SHENG нь 2012 оны 11 дүгээр сарын 15-нд Мэдэгдэл болон Итгэмжлэл үйлдэж нотариатаар батлуулсан. Энэхүү мэдэгдэл болон итгэмжлэлд “Тянь Жин хотын “Тай Шин экспорт импортын худалдааны хөгжлийн” компани нь “Жун Шин Лянь Чин Дао олон улсын уул уурхайн” компани түүний төлөөлөгч XU LEI-д өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг олгож байна гээд Монгол Улсын Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн төмөр хүдрийн данс дахь үлдэгдэл мөнгө болон Буяндорж нарын хууль бусаар авсан мөнгийг “Жун Шин Лянь Чин Дао олон улсын уул уурхайн” компани нь буцаан авахыг хүлээн зөвшөөрч байна” хэмээн дурдсан. Мөрдөн байцаах ажиллагааны явцад энэхүү баримт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн тус эрүүгийн хэрэгт БНХАУ-д бүртгэлтэй “Жун Шин Лянь Чин Дао олон улсын уул уурхайн” компанийн төлөөлөгч Сүн Шүй /Song Shu Yi/ нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр анх иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсоноос хойш даруй 6 жилийн нүүр үзээд байна. Энэ 6 жилийн хугацаанд Монгол Улсын Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн төмөр хүдрийн данс дахь үлдэгдэл мөнгийг иргэний нэхэмжлэгчид буюу тухайн мөнгөн хөрөнгө эзэмших эрхтэй этгээдэд олгох, ядаж л иргэний журмаар нэхэмжлэх боломжийг олгоогүй өнөөдрийг хүрсэн. Учир нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд “хэрэг маргаан шийдэгдтэл энэхүү мөнгийг данснаас гаргах боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүрсэн. Энэ талаар төлөөлөгч миний бие нийтдээ 6 удаа прокурорын байгууллагад гомдол гаргаж байсан боловч асуудлыг шийдээгүй. Анхан шатны шүүх хэргийн материалыг уншиж судалсан бол энэ талаар баримт хэрэгт хангалттай байгаа. Энэхүү хэргийг мөрдөн шалгах бүх хугацаанд “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь концессын гэрээгээр бусдад шилжсэн байна. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Жун Шин Лянь Чин Дао олон улсын менериал металл” компанийн шинэчилсэн бүртгэл болон компанийг төлөөлөх эрх нь Шүй Лэйд /XU LEI/ 2016 онд шилжсэн талаарх баримтуудыг иргэний нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн билээ. Энэ хугацаанд 2012 он болон 2016 онд “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийг иргэний хариуцагчаар хэрэгт татан оролцуулсан бөгөөд тус эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай хийгдсэн 2011-0125 тоот төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 575,000 ам.доллар “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн санхүүгийн тайланд 2011 оноос хойш өглөг байдлаар тусгагдаж өнөөг хүрсэн. Иргэний хариуцагч нь энэ өглөгийг зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан.

4. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтад иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цагаатгах тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсан боловч иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэг ч баримтыг шинжлэн судлаагүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь 2011 оноос 2019 он хүртэл эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон, Монгол Улсын хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж өнөөдрийг хүрсэн иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг шууд орхигдуулсан, хууль бусаар хязгаарласан байдлыг шүүх гаргалаа гэж үзэж байна. Анхан шатны шүүх бүтэн 8 жил шалгагдсан гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ энэ хугацаанд иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршгийг үл тоомсорлож, өнөөдрийг хүртэл хугацаанд “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн санхүүгийн тайланд 2011 оноос хойш өглөг байдлаар тусгагдаж ирсэн, гэрээний үлдэгдэл төлбөр болох 575,000 ам.долларыг хэн хэнээс нэхэмжлэх талаар огт дурдаагүй нь энэ гэмт хэрэг шалгагдаж эхэлсэн үеэс эхлэн Дархан төмөрлөгийн үйлдвэрээс гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироож, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК цаашлаад концессын гэрээгээр эрх хүлээн авсан “Кью Эс Си” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгоод зогсохгүй, гэмт хэрэгтнүүдийг цагаатгасан боловч энэхүү гэмт хэрэг шалгагдаж 8 жилийн хугацаанд хохирсон иргэний нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах үүргээ санаатайгаар орхигдуулж, гэмт хэрэгтнүүдийг цагаатгасан шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд шударга ёс, хууль ёсны зарчмыг үл ойшоосон явдал гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтыг хангаагүй цагаатгах тогтоолд мөн хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар өөрчлөлт оруулан иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх, хангах, эсхүл хэн хэнээс хэдэн төгрөгийг Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй талаар тодорхой тусгаж магадлахыг хүсье.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Ганцэцэг нь шүүхийн цагаатгах тогтоолд иргэний нэхэмжлэлийг хэрхэх эсэх нь тодорхойгүй шийдвэрлэсэн гэх агуулгаар гомдлоо гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих талаар зохицуулсан. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт буюу тогтоолын 9 дэх хуудаст иргэний нэхэмжлэгч ... хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Түүнчлэн иргэний нэхэмжлэгчийн олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт “Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш 1 жил хүчин төгөлдөр байна” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх ба уг итгэмжлэл нь иргэний нэхэмжлэгчээс олгосон эсэх нь эргэлзээтэй байна. Энэ нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гийн гомдолд тодорхой дурдсан иргэний нэхэмжлэлээр тогтоогдсон Сүн Шүйнээс шүүхэд төлөөлөх албан ёсны итгэмжлэл аваагүй, хэргийн оролцогч бус Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шү Лэй болон уг хэргийн хохирогчоор тогтоогдсон Тян Жин хотын экспорт, импортын Худалдааны Хөгжлийн компанийн захирал Шиан Дун Шэн нарын хооронд хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл гэгчийн орчуулгыг хуулбарлан 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн нотариатч Гэрэлээр хуулбар үнэн гэсэн тамга даруулан шүүхэд өгсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус этгээдийн өмнөөс иргэний нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Л.Г нь тус шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Мөн шүүхэд гомдол гаргахдаа гаргаж өгсөн 2012 онд үйлдсэн итгэмжлэлд хууль, шүүхийн байгууллагад төлөөлөх эрхийг олгоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр гомдлыг хэлэлцэхгүй орхиж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Х тус шүүх хуралдаанд “... хэлэх тайлбаргүй ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Хгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан учраас цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль хэрэглээний асуудалд давж заалдах гомдол гаргаагүй учраас хэлэх зүйл байхгүй.” гэв.

            Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэгт маргаан байхгүй. Гэхдээ цагаатгагдсан этгээдүүд гэмт хэрэг үйлдэж ашиг олсон. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг яах ёстой талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоогдсон байсан. Зуучлалын гэрээний асуудлыг анхан шатны шүүх гол нотлох баримт болгож дээрх хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн. Зуучлалын гэрээ бодит байдалд нийцэхгүй, цаг хугацааны хувьд гэрээ хийгдсэний дараа хийгдсэн. Төмрийн хүдэр авна гээд 2,000,000 ам.доллар шилжүүлсэн байхад дараа нь зуучлалын гэрээ хийсэн нь ойлгомжгүй. Зуучлалын гэрээ нь гэрээ хийгдэхээс өмнө талуудын хооронд тохиролцож хийдэг гэдгийг бүгд мэднэ. 2,000,000 ам.долларын гэрээ хийгээд 1,200,000 ам.долларыг нь зуучлалын хөлсөнд авсан. Үлдсэн 800,000 ам.доллар нь төмрийн хүдрийн үнэ гэж үзэхэд ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг цагаатгасан нь хуульд нийцэхгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэдгийг үгүйсгэхгүй. Учир нь, хуурамч нотлох баримт үйлдээд, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс мөнгөө шилжүүлээд авчихсан. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. Тухайн үйлдвэрийн дансанд 2,000,000 ам.доллар байсан. Хуурамч бичиг баримтыг Шиан Дун Шэн гэх хүний өмнөөс Х гэх хүн бичиж, нотлох баримт үйлдэж, гэрээгээ цуцлах асуудлаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт хандсан байдаг. Хохирогч хэн байсан гэдгийг тогтоох шаардлагатай байсан. Мөрдөн шалгах ажиллагаа дахин хийгдэх шаардлагатай. Гэмт хэргийн улмаас олсон мөнгийг нь ямар байдлаар шийдвэрлэхийг тогтоох шаардлагатай. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүйн улмаас давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Учир нь:

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан. Тухайлбал, шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга;” гэж, мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” гэж тус тус заасан асуудлуудын талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгахаар байна.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 537 дугаартай цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан үндэслэлээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 81/82/83 тоот шинжээчийн дүгнэлтэнд “... шинжилгээнд ирүүлсэн баруун доод буланд улаан өнгийн бичигч хэрэгслээр нэг гэж дугаарласан А4 хэмжээтэй албан бланкны доод гол хэсэгт хаалтан дотор /XIANG DONG SHENG/ гэсний урд талд байх гарын үсэг, тамга нь хувилан олшруулах ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баруун доод буланд улаан өнгийн бичигч хэрэгслээр нэг гэж дугаарласан А4 хэмжээтэй албан бланкны доод гол хэсэгт хаалтан дотор /XIANG DONG SHENG/ гэсний урд талд байх гарын үсэг нь XIANG DONG SHENG-ний зурсан гэх гарын үсгийн чөлөөт болон албадан загваруудтай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 улаан өнгийн бичигч хэрэгслээр 3 гэж дугаарласан А4 хэмжээтэй цаасны баруун доод буланд зурсан 2011.8.3 гэсэн огноо бүхий баримтны тамганы дардасны зүүн доод хэсэгт болон огнооны дээд талд байрлах гарын үсгүүд нь XIANG DONG SHENG-ний зурсан гэх гарын үсгийн чөлөөт болон албадан загваруудтай тохирч байна.” гэсэн болохыг дурьдаад “... шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна ...” гэж  тайлбарлажээ.

Үүнээс үзэхэд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнээр чухам ямар нөхцөл байдал тогтоогдож, шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцох үндэслэл болсон нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлтээр тодорхой баримт дээр зурсан гарын үсэг хохирогчийн гарын үсэгтэй тохирч байгаа нь хэргийн байдалд хэрхэн нөлөөлсөн нь ойлгомжгүй, хэрэв хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзвэл улсын яллагчийн санал дүгнэлт болон түүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаартай тогтоолд “... “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний нэг талын төлөөлөгч Шиан Дун Шэнийг төлбөрөө буцаан нэхэмжилсэн мэтээр хууртагдаж, төөрөгдсөн нөхцөл байдал үүссэн байхад Шиан Дун Шэн, эсхүл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хэн нь энэхүү үйлдэлд хохирогчоор тогтоогдох талаар ямар нэг үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ...” гэж анхан шатны шүүхийг буруутган, энэ асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн болно.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ дээд шатны шүүхүүдээс гарсан дээрх шийдвэрийг үл хайхарч, тухайн асуудлаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийвэрийг анхан шатны шүүх ... биелүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон тул иргэний нэхэмжлэгч “Жу Шин Лянь Чин Дао Олон Улсын менериал металл” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргасан давж заалах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 537 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх хүртэл Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН