Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 97

 

 

Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Г.Б, Д.Б, Х, шүүгдэгч Х-ийн өмгөөлөгч Л.М, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1060 дугаар магадлалтай, Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох 2014250006873 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ш-ийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эрэгтэй, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, С овогт Г-ын Б,

2. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Д-ийн Б,

3. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ч-ын У,

4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х /H/ нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.У, Х нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б, Д.Б нарыг бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Г.Б, Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ш гаргасан эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж  байна. Анхан шатны шүүх “шүүгдэгч Ч.У, Х нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эргэлзээтэй байх тул” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй заалтыг дангаар баримтлан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгох заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг орхигдуулж, дүгнэлт нь шийдвэртэйгээ зөрчилдөж байна. Мөн прокуророос дээрх хоёр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож байгааг тусгаагүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт тус тус зааснаар …нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж процессын хуулийг баримтлан шийдвэр гаргалгүй материаллаг хуулийг баримтлан хууль буруу хэрэглэжээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг баримтлах нь зүйтэй байна. Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “энэ хэргийн хохирогч хэн болох нь тодорхойгүй, хохирогч гэх Ш Д Ш нь Хятад улс руу яваад эргэж ирээгүй, хохирогч болох нь тодорхойгүй” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын иргэн Ш Д Ш нь мөрдөн байцаалтын явцад хохирогчоор тогтоогдсон тул энэ хэргийн улмаас түүнд учирсан хохирол болох 1,200,000 ам.долларыг шүүгдэгч Г.Б, Д.Б нараас гаргуулах, мөн тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон БНХАУ-ын “Чин Дао Минералс Металс” компанийн төлөөлөгч С Ш, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нараас нэхэмжилж буй 577,555.20 ам.долларыг иргэний хариуцагчаар татагдсан “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК-иас гаргуулах нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй байхад шүүгдэгч Д.Б-ын нэр дээрх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 02 тоот 94 м.кв 4 өрөө орон сууц, 30 дугаар байрны 28 тоот 110 м.кв 5 өрөө орон сууц зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжилсэн эд хөрөнгөөс хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдээгүй байхад битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах бус харин шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй юм. Магадлалын 1 болон 2 дахь заалтын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулж зөвтгөх бүрэн боломжтой. Харин 3 дахь заалтын хувьд “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК нь гэрээний дагуу тус компанид БНХАУ-ын иргэн Ш Д Ш-ээс шилжүүлсэн 2,000,000 ам.доллараас 1,200,000 ам.долларыг Ш Д Ш нь буцаан нэхэмжилж байгаа мэтээр төөрөгдсөн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байгаа боловч бодит байдал дээр “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК-нд ямар нэг байдлаар хохирол учраагүй, “Скай тауэр Энхбуян” ХХК-д шилжүүлсэн 1,200,000 ам.долларын хууль ёсны өмчлөгч нь “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК биш юм. Учир нь “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК болон БНХАУ-ын “Тианжин хотын Тайшин худалдааны экспорт импорт” компани хоёрын хооронд байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ELYT-2011-0125 дугаартай гэрээний дагуу Ш Д Ш-ээс урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн 2,000,000 ам.долларыг “Д-ны т-ийн үйлдвэр”  ТӨХК нь хүлээн авсан атлаа тухайн үнийн дүнд тохирох хэмжээний төмрийн хүдрийг гэрээний нөгөө талд нийлүүлээгүй байдаг.

Иймээс тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Ш Д Ш-ээс шилжүүлсэн 2,000,000 ам.долларын хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс БНХАУ-ын иргэн Ш Д Ш болон “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК-ийн аль нь төөрөгдөлд орж залилах гэмт хэргийн хохирогч болсон талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр эд хөрөнгийн ямар нэг хохирол хүлээгээгүй этгээд болох “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК-ийг хохирогчоор тогтоох боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Г гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Г.Б нарын залилан мэхлэх үйлдлийн улмаас бодит хохирол амссан этгээд нь БНХАУ-ын иргэн Ш Д Ш бөгөөд энэ хүнийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй. 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, БНХАУ-ын иргэн Ш Д Ш-г 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогчоор тогтоож, 4 удаа байцаалт авахад тэрээр хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийн хохирогч тодорхойгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд прокурорын эсэргүүцэлд дурдсан процессийн хуулийн хэрэглээтэй холбоотой өөрчлөлтүүдээс гадна гэмт хэрэг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах, шүүгдэгч Г.Б, Д.Б нараас 1,200,000 ам.долларыг Монгол төгрөгт хөрвүүлж 1,484,280,000 төгрөгийг гаргуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулах, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад шилжүүлэх гэсэн өөрчлөлтүүдийг оруулах саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х-ийн өмгөөлөгч Л.М хэлсэн саналдаа “...Х нь зөвшөөрөл өгч гарын үсэг зураагүй, гарын үсгийг дуурайж зурсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Нэгэнт хэрэгт оролцоогүй тул түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч Г.Б, Д.Б, Ч.У, Х нар нь бүлэглэн БНХАУ-ын иргэн Ш Д Ш-д мэдэгдэлгүйгээр хуурамч баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Ш Д Ш-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Х гэх нэрээр үйлдэж “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК-д хүргүүлж тус компани болон БНХАУ-ын “Тианжин хотын Тайшин худалдааны экспорт импорт” компани хоёрын хооронд байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Ш Д Ш-ээс шилжүүлсэн 2,000,000 ам.доллараас 1,200,000 ам.долларыг “Скай Тауэр Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499190255 тоот, Голомт банкны 1410002390 тоот дансанд 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Ч.У, Х нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй эргэлзээтэй, Г.Б, Д.Б нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.У, Х нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б, Д.Б нарыг бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч тэдэнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, тодруулбал, Г.Б, Д.Б нарыг гэм буруутайд тооцохдоо үйлдсэн хэргийн талаарх нөхцөл байдал, хамтран оролцооны хэлбэрийн талаар дүгнэлт хийгээгүй, түүнчлэн ямар нөхцөл байдлыг үндэслэн Ч.У, Х нарын холбогдсон хэргийг нотлогдоогүй гэж үзсэн нь тодорхойгүй, ийнхүү үзэхдээ нотлох баримтад тулгуурлаагүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийг зөв тогтоосон эсэх талаар дүгнэлт өгөөгүй” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Д.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар огт дүгнэлт хийлгүйгээр гэм буруутайд тооцсон,

мөн Ч.У, Х нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо яллах нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, тэдгээр нотлох баримтын агуулга зэргийг тогтоолдоо тусгаж, хууль зүйн дүгнэлт өгөөгүй зэрэг нь шийтгэх болон цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагын талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дүгээр зүйлийг зөрчсөн бөгөөд дээрх нөхцөл байдал нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд тооцогдоно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” хэмээн заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Д.Б нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа энэ хэргийн хохирогч хэн болох нь тодорхойгүй гэсэн харилцан эсрэг, зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, БНХАУ-ын иргэн Ш Д Ш-ээс “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК-д гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 ам.доллар нь “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК-ийн өмчлөлд бүрэн шилжсэн бөгөөд төлбөр буцаах тухай хуурамч хүсэлтийг үндэслэн 1,200,000 ам.долларыг буцаан шилжүүлсэн “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний нэг талын төлөөлөгч Ш Д Ш-ийг төлбөрөө буцаан нэхэмжилсэн мэтээр хууртагдаж, төөрөгдсөн нөхцөл байдал үүссэн байхад Ш Д Ш, эсхүл “Д-ны т-ийн үйлдвэр”  ТӨХК-ийн хэн нь энэхүү үйлдэлд хохирогчоор тогтоогдох талаар ямар нэг үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үйл баримтын болоод хууль зүйн дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн БНХАУ-ын “Тианжин хотын Тайшин худалдааны экспорт импорт” компанийг төлөөлөгч Ш Д Ш болон “Д-ны т-ийн үйлдвэр” ТӨХК хоёрын хооронд хийгдсэн гэрээ, түүнээс үүдсэн нэхэмжлэлийн асуудлыг “Залилах” гэмт хэрэгт холбогдсон Г.Б нарын гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх нь хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой болно.

Энэхүү асуудлуудад хяналт тавьж ажилласан прокурорууд огт дүгнэлт хийж байгаагүйн дээр хэргийг Г.Б нарт холбогдох хэргээс тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг удаашруулсны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах, ял завших үр дагавар үүссэн болохыг тэмдэглэвэл зохино.

Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч гэм буруугийн асуудлаар маргаж байгаа тохиолдолд эрүүгийн хэргийг ердийн журмаар хэлэлцэн шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэй юм.

Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ш-ийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1060 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ш-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН