Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1060

 

 

 

               Г.Б, Д.Б, Ч.У,

               Х нарт холбогдох эрүүгийн

               хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Д.Ширэндэв,

            шүүгдэгч Г.Б,

            шүүгдэгч Д.Б,

            шүүгдэгч Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, 

            нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, шүүгдэгч Д.Б, Ч.У нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд, иргэний нэхэмжлэгч “Жу Шин Лянь Чин Дао Олон Улсын менериал металл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох 2014250006873  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ............. овгийн ................ Б, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, “..............” ХХК-ийн ............ ажилтай, ам бүл ..; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг, Салхитын .. дүгээр гудамжны ... тоотод оршин суух албан ёсны хаягтай, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Зайсангийн ..-.. тоотод оршин суудаг, /регистрийн дугаар: ....................../,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болсон;

 

            2. ......... овгийн ................ Б, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 19.... оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, “..........” ХХК-ийн ............... ажилтай, ам бүл ..; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын .. дүгээр баг, Төмөр замчдын ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./;

 

            3. ............. овгийн .............. У, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 19.... оны ... дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “................” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4; дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо, “......” хорооллын ...-.... тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: ....................../,

            2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

4. Х /.............../ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ..-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “........” ХХК-ийн захирал гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Монгол Улсад Хан-Уул дүүргийн ....... дугаар хороо, Зайсангийн ...... дугаар байрны ..... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /гадаад паспортын дугаар: G-........../;

 

Г.Б, Д.Б, Ч.У, Х нар бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шиан Дун Шэн /XIANG DONG SHENGA/-д мэдэгдэлгүйгээр баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Шиан Дун Шэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х гэх нэрээр үйлдэж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д хүргүүлэн, тус компани болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тианжин хотын “Тайшин худалдааны экспорт импорт” компанийн хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дун Шэнээс шилжүүлсэн 2,000,000 ам.доллараас 1,200,000 ам.долларыг 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Скайтаур Энхбуян” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499 190 255, Голомт банкны 141 000 2390 тоот дансуудаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Г.Б, Д.Б, Ч.У, Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.У, Х нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б, Д.Б нарыг бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Б, Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамжны 30 дугаар байрны 02 тоот орон сууц, 30 дугаар байрны 28 тоот орон сууц зэрэг хөрөнгүүдийг чөлөөлж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б  409 хоног, Д.Б 166 хоног, Ч.У 54 хоног, Х 35 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, Хд авсан хилийн хоригийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд, Ч.У, Х нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй эргэлзээтэй байх тул...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ч.У, Хурц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй заалтыг дангаар баримтлан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгох заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг орхигдуулсанд дүгнэлт нь шийдвэртэйгээ зөрчилдөж байна.

Мөн дээрх 2 шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож байгаагаа тусгаагүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Б, Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж процессын хуулийг баримтлаж шийдвэр гаргалгүй, материаллаг хуулийг баримталсан нь буруу болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлах ёстой байсан.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... энэ хэргийн хохирогч хэн болох нь тодорхойгүй, хохирогч гэх Шиан Дун Шэн нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу яваад эргэж ирээгүй, хохирогч болох нь тодорхойгүй...” гэж дүгнэн тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шиан Дун Шэн нь мөрдөн байцаалтын явцад хохирогчоор тогтоогдсон учраас энэ хэргийн улмаас түүнд учирсан хохирол болох 1,200,000 ам.долларыг шүүгдэгч Г.Б, Д.Б нараас гаргуулж иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын “Чин дао менерал металс” компанийн төлөөлөгч Сүн Шүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг нараас нэхэмжилж буй 577,555,20 ам.долларыг иргэний хариуцагчаар татагдсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас гаргуулах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй байхад шүүгдэгч
Д.Бын нэр дээрх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 30
дугаар байрны 02 тоот орон сууц, 30 дугаар байрны 28 тоот орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулах саналтай байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Хгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй”, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэсэн байна.

Гэтэл шүүгч “... Хг цагаатгасугай ...” гэж шүүх хуралдааны танхимд уншиж сонсгосноо шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт заагаагүй нь миний үйлчлүүлэгч Хгийн эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна.

Х энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй болох нь шүүгдэгч Г.Б, Д.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон учир холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар цагаатгагдсан.

Шүүгч шүүх хуралдааны танхимд, шийтгэх тогтоол уншиж танилцуулахдаа “...Ч.У, Х нарыг цагаатгасугай...” гэсэн атлаа тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд тусгагдаагүй, мөн шийтгэх тогтоол уншиж танилцуулах явцад хэлэгдээгүй “...гэм буруутай нь нотлогдохгүй, эргэлзээтэй байх тул...” гэсэн үгийг хэлсэн мэт болгож тусгасан байна.

Гэм буруутай нь нотлогдохгүй, эргэлзээтэй гэсэн нь хөндлөнгийн хэнд ч энэ хэргийг дутуу шалгаад нотолж чадаагүй, сайн шалгасан бол Х гэм буруутай л байсан байна гэсэн ойлголт төрөхөөр байдлыг үүсгэсэн. Энэ хэргийн улмаас Х 7 жил гэр орондоо очиж чадалгүй, цагдаагийн байгууллагаар шалгагдаж, сэтгэл санааны болон эд материалын хохирол амссан.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн “... эргэлзээтэй...” гэсэн хуульд тусгагдаагүй үг хэллэг хэрэглэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хэрэгсэхгүй болгож цагаатгасугай...” гэж өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “Жу шин лянь чин дао олон улсын менериал металл” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг давж заалдах гомдолдоо: “... итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг надад 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй бөгөөд шийтгэх тогтоолыг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж өгсөн.

Шийтгэх тогтоолд “Хэргийн хохирогч хэн болох нь тодорхойгүй, хохирогч Шиан Дун Шэн нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу яваад эргэж ирээгүй, хохирогч болох нь тодорхойгүй. Иймд хохирлыг иргэний нэхэмжлэгч, хохирогч нар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” хэмээн 2011 оноос 2018 он хүртэл эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон хүмүүсийг илт орхигдуулан, тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн нь шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах үүргээ шууд орхигдуулж гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэн, хаацайлсан үйлдэл боллоо гэж хохирогч болон иргэний нэхэмжлэгч тал үзэж байна.

Тус эрүүгийн хэрэгт БНХАУ-д бүртгэлтэй “Жун шин лянь чин дао олон улсын менериал металл” компанийн төлөөлөгч Сүн Шүй /SONG SHU Yi/ нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр анх хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсоноос хойш 5 жилийн нүүр үзээд байна.

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хугацаанд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь концессийн гэрээгээр бусдад шилжсэн. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Жун шин лянь чин дао олон улсын менериал металл” ХХК-ийн шинэчилсэн бүртгэл болон компанийг төлөөлөх эрх нь БНХАУ-ын иргэн Шүй лэйд 2016 онд шилжсэн талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ хугацаанд 2012 он болон 2016 онд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд тус эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай хийгдсэн 2011-0125 тоот төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 575,000 ам.доллар санхүүгийн тайланд нь 2011 оноос хойш өглөг байдлаар тусгагдаж өнөөг хүрсэн. Иргэний хариуцагч энэ өглөгийг хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан байхад шийтгэх тогтоолд хэн гэдэг иргэний нэхэмжлэгч, хэн гэдэг иргэний хариуцагчаас хэдий хэмжээний хохирол нэхэмжлэх эрхтэй, залилан мэхлэх гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн этгээд хэний мөнгийг залилаад авсан, хэн гэдэг хохирогч иргэний журмаар хэдий хэмжээний хохирол, хэн гэдэг гэмт хэрэгтнээс нь гаргуулах талаар огт дурьдаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, биелэгдэх боломжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж иргэний нэхэмжлэлийг хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б, Ч.У нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдолдоо: “Шүүгч тогтоолоо уншиж танилцуулахдаа “Ч.У, Х нарыг цагаатгасугай” гэж танилцуулсан атлаа тогтоолдоо гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй эргэлзээтэй, гэмт хэргийн шинжгүй гэдгээр хэрэгсэхгүй болгосон мэт андуу ташаа бичсэн байна. Нэгэнт хэлсэн үг нь хуралдааны тэмдэглэлд байгаа учир Ч.Ут холбогдох хэргийг “хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “цагаатгасугай” гэж өөрчилж өгнө үү.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...энэ хэргийн хохирогч нь хэн болох нь тодорхойгүй, хохирогч Шиан Дун Шэн нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу яваад эргэж ирээгүй, хохирогч болох нь тодорхойгүй. Иймд хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй...” гэсэн байна.

Хохирогч хэн болох нь тодорхойгүй, хохирогч болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн юм бол бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан гэх асуудал яригдах ёсгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэх байсан.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Хэрэв хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг баримтлах ёстой. Мөн хохирогчгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгаж шийдвэрлэх ёстой байсан. Иймд Д.Быг цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... энэ хэргийн хохирогч нь хэн болох нь тодорхойгүй, хохирогч гэх Шиан Дун Шэн нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу яваад эргэж ирээгүй, хохирогч хэн болох нь тодорхойгүй...” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Хохирогч хэн болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн юм бол Г.Бид холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж цагаатгаж шийдвэрлэх байсан.

Залилангийн хэргийн хувьд хохирогч тодорхойгүй байхад гэм буруугийн тухай дүгнэлтийг хийх боломжгүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн. Энэ хэрэгт хохирогч хэн болох нь тодорхойгүй, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож чадаагүй, Сүн Шүй нь иргэний нэхэмжлэгч биш байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад, шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Г.Бид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.  Нийслэлийн прокуророос хавтаст хэргийн материалыг хохирогч Шиан Дун Шэнд танилцуулаагүй, хэргийн бүрдэл болоогүй байхад хэргийг шүүх хүлээн авсан. Хохирогч гэх Шиан Дун Шэнийг шүүх хуралд оролцуулаагүй, талуудын хуулиар олгосон эрхийг зөрчиж мэтгэлцэх зарчмыг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан. Хохирогч гэх Шиан Дун Шэн нь өөрийн гараар бидэнтэй зуучлалын гэрээ болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 1,200,000 ам.доллар авах хүсэлтэд гарын үсэг зурж, тамга дарсан нь шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр тогтоогдсон байтал шүүх нотлох баримтыг дутуу үнэлж гэм буруутайд тооцсон. Иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулсан зуучлалын гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга дарсан. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тэй хийсэн гэрээг хохирогч гэх Шиан Дун Шэн нь иргэн Чулуун гэгчид дамлан худалдсан нь тогтоогдсоор байтал үүнийг шүүх харгалзан үзэлгүй, нотлох баримтуудыг үнэлээгүй шийдвэр гаргасан. Хохирогч гэх Шиан Дун Шэнийн мэдүүлэгт 1,200,000 ам.доллар авах зөвшөөрлийн бичигт гарын үсэг зураагүй, энэ гарын үсэг минийх биш гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ нь шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр хохирогч Шиан Дун Шэний гарын үсэг мөн болох нь тогтоогдсон байдаг. Хохирогч Шиан Дун Шэн нь 2012 оноос хойш Монгол Улсад нэг ч удаа ирээгүй, өмгөөлөгч нараар дамжуулан гомдол гаргаж хохирогчийн мэдүүлэг өгсөн болоод л Монгол Улсын хилээр гарч зугтсан байдаг. Бодит байдал дээр хохирогч Шиан Дун Шэн нь зуучлалын гэрээ болон 1,200,000 ам.доллар авах зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан нь хуулийн байгууллагаар тогтоогдмогц өөрийн буруутай үйл ажиллагааг мэдээд хүн гүтгэсэн хэрэгт орно гэж бодоод өнөөдрийг хүртэл ор сураггүй алга болсон.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б намайг гэм буруугүйд тооцож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгч шийтгэх тогтоол уншиж танилцуулахдаа “...Ч.У, Х нарыг цагаатгасугай...” гэж уншсан атлаа шийтгэх тогтоолд цагаатгасан талаар дурьдаагүй нь миний эрх зүйн байдлыг эрс дордуулсны зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шүүгдэгч Г.Б өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ “...энэ хэргийн талаар Х ямар нэг байдлаар мэдээгүй учир оролцоогүй”, мөн Д.Б нь “миний гарын үсгийг дууриалган зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн”, энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Г.Б, Д.Б, Ч.У нартай бүлэглэн бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр Х надад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болгож, улмаар би цагаатгагдсан.

Шүүгч шүүх хуралдааны танхимд шийтгэх тогтоол уншиж танилцуулахдаа “...Ч.У, Х нарыг цагаатгасугай..." гэж монгол хэлээр уншиж танилцуулсан. Шийтгэх тогтоол уншиж танилцуулахдаа хэлээгүй үгээ хэлсэн болгож “гэм буруутай нь нотлогдохгүй, эргэлзээтэй байх тул Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж хэлсэн мэтээр шийтгэх тогтоолд тусгасан байна.

Дээр дурьдсан зүйлийг уншсан хөндлөнгийн хэнд ч “мөрдөгч нь энэ хэргийг дутуу шалгаад нотолж чадаагүй юм байна, сайн шалгасан бол Х гэм буруутай л байж” гэсэн ойлголт төрөхөөр байна. Шүүгдэгч нарын биеийн байцаалт, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурьдсанаас өөрөөр бичигдсэн. Би энэ хилс хэргийн улмаас 7 жил гэр орондоо харьж чадалгүй, цагдаагийн байгууллагаар шалгагдаж, сэтгэл санааны болон эд материалын хохирол их амссандаа гомдолтой байна.

Дээрх байдлыг тодруулахаар миний өмгөөлөгч Л.Мөнхсайхан 2018 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд шүүгчийн туслах Д.Оргилсайхантай 88910496 утсаар холбогдож, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзанданд хандан шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтээ гаргасан боловч “шүүгч болон шүүгчийн туслах Ариунаа нар амарсан, хавтас хэрэг нь түүний сейфэнд цоожтой байгаа” гэсэн тул шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж чадаагүй. Хэрэв шүүх хуралдааны тэмдэглэл зөв бичигддэг, шүүх хуралдааны бичлэг хадгалагддаг бол шийтгэх тогтоолоор “Хг цагаатгасугай” гэж тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгагдаж шийдвэрлэхээр байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн “...эргэлзээтэй...” гэсэн хуульд тусгагдаагүй үг хэллэг хэрэглэснийг хүчингүй болгож, мөн тогтоох хэсгийн “...хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг цагаатгасугай гэж өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг цагаатгаж өгнө үү гэж хүсч байна. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдол, эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

1. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, мөн зүйл, хэсгийн 2.2 дахь заалтад заасан “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан.

 Гэтэл анхан шатны шүүх Г.Б, Д.Б нарыг гэм буруутайд тооцохдоо үйлдсэн хэргийн талаархи нөхцөл байдал, хамтран оролцооны хэлбэрийн талаар дүгнэлт хийгээгүй байна.    

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтуудад заасан шаардлагын дагуу шүүгдэгч Г.Б, Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ заагаагүй, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

2. Шүүх хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагын дагуу хэргийн талаар тогтоосон байдал, цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл, улсын яллагч, бусад оролцогчийн санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо заах учиртай.

 

Гэтэл анхан шатны шүүх чухам ямар нөхцөл байдлыг үндэслэн Ч.У, Х нарын холбогдсон хэргийг нотлогдоогүй гэж үзсэн нь тодорхойгүй, ийнхүү үзэхдээ нотлох баримтад тулгуурлаагүйн гадна улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурьдсан яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна. 

 

3. Прокуророос Г.Б, Д.Б, Ч.У, Х нарыг бүлэглэн БНХАУ-ын иргэн Шиан Дун Шэнийг урьдын харилцааны явцад бий болсон илтгэлийг урвуулан, баримт бичиг ашиглаж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 ам.доллараас “Төлбөр буцаах тухай” албан бичгээр 1,200,000 ам.долларыг шилжүүлэн авч Шиан Дун Шэнийг залилан мэхэлсэн гэж үзэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан ...” үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцсон байна.

 

Залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт үйлдлийн улмаас бодит байдлыг буруугаар ойлгож төөрөгдөлд орсон этгээд байх бөгөөд тухайн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч хамаарна.  

 

Өмчлөх эрх гэдэг нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхийг ойлгоно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд БНХАУ-ын иргэн Шиан Дун Шэнээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 ам.доллараас төлбөр буцаах тухай хүсэлтийн дагуу 1,200,000 ам.долларыг буцаан шилжүүлэхэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд гэрээний нэг тал болох Шиан Дун Шэнийг төлбөрөө нэхэмжилж байгаа мэтээр төөрөгдсөн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байхад мөрдөн байцаалтын шатанд хохирогчийг зөв тогтоосон эсэх талаар анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

 

Тиймээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасны дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас “Тайшин худалдааны экспорт импортын” ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №86/25 дугаар “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” албан бичгийг үндэслэн “Скай Тауэр Энхбуян” ХХК-ийн дансанд 1,200,000 ам.доллар шилжүүлэхэд БНХАУ-ын иргэн Шиан Дун Шэн болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн аль нь залилах гэмт хэргийн хохирогч болсон талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... хохирогч хэн болох нь тодорхойгүй ...” гэж шүүгдэгч Г.Б, Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэртэй илт зөрчилтэй дүгнэлт хийсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн прокурор Д.Ширэндэвийн эсэргүүцэл, шүүгдэгч Х болон түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдол, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулахыг хүссэн шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, шүүгдэгч Ч.У, Д.Б нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдолд тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Г.Б, Д.Б, Ч.У, Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                                М.ПҮРЭВСҮРЭН