Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01031

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00955 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, буцаан шилжүүлэхийг даалгах, зөвшөөрөлгүй барьсан 750 м.кв барилгыг албадан буулгуулах, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0294107 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 10,000 м.кв талбайтай газрыг хууль ёсоор эзэмшиж байсан. *******-ийн менежер ******* нь *******-ийн захирал *******д итгээд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хийхдээ зохих этгээд болох компанийн захирал *******гийн зөвшөөрөл аваагүй. Нотариатч тойрог зөрчиж гэрээг гэрчилсэн. *******-ийн захирал ******* нь *******-ийн ******* захиралтай тохиролцоод 200,0 гаруй сая төгрөг төлөөд уг 7,000 м.кв газрыг худалдаж авсан гэдэг боловч уг баримт огт байхгүй, мөнгө төлж байгаагүй. Манай газар *******-д хууль бусаар шилжсэн асуудал дээр ******* дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулж байсан боловч хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан тул хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг прокурорын тогтоолд дурдсан. Мөн манай 10,000 м.кв газар дээр ******* нь ямар ч зөвшөөрөлгүйгээр 750 м.кв талбай бүхий барилга барьсан. Уг барилгыг буулга гэх шаардлага тавихад буулгаагүй.

 

Иймд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, уг гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа 7,000 м.кв газар эзэмших эрхийг *******-д буцаан шилжүүлэх болон уг газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар баригдсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг *******-д тус тус даалгуулж өгнө үү.

2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нотариатын тухай хуулийг зөрчиж уг гэрээг гэрчилсэн тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч *******гийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатын бүртгэлийн 1380 дугаарт гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1576 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарч, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Бодит байдал дээр *******-ийн захирал *******тай *******-ийн хувьцаа эзэмшигч болон удирдлагын хүрээнд харилцан тохиролцож, холбогдох төлбөрийг нь төлснөөр газар эзэмших эрх шилжүүлсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч компаниудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, энэ нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.6-д зааснаар эрх шилжүүлэх гэрээнд хамаарна. Эрх шилжүүлэх гэрээг заавал тухайн тойргийн нотариатч гэрчилнэ гэсэн зохицуулалт байхгүй. *******-ийн эзэмшлийн 10,000 м.кв газраас 7,000 м.кв газрыг шилжүүлэн авахдаа *******-ийн нэр дээр үлдэх 3,000 м.кв газрыг байршлын хувьд урд хэсэгт байхаар тохиролцсон.

******* махны үйлдвэртээ зориулан агуулахын барилга барих ажлыг эхэлж, анх тохиролцсоны дагуу өөрсдийн худалдаж авахыг хүссэн газартаа барилгаа барьсан. Үүнийг нэхэмжлэгч ******* болон удирдлага нь мэдэж байсан. Иймд *******-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуульд заасан эрхийн хүрээнд итгэмжлэл өгсөн. Гэрээ хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх буюу итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нотариатч нягтална. Архиваас ирсэн баримтад ******* гэх хүний хувьцаа эзэмшигчийн шийдвэр байна. Тэрээр ийм шийдвэр гаргах эрхтэй ба шийдвэр гарсан байгаа. 750 м.кв барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, 10,000 м.кв газарт тухайн 750 м.кв барилгаас өөр олон үл хөдлөх хөрөнгө байгаа. Аль алийг нь буулгах гээд байгаа нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 137 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч зөвшөөрөлгүй барьсан барилгын хөрш хил зөрчсөн үйлдэл гаргасан бол буцаан хэвийн байдалд нь оруулахаар шаардлага гаргах эрхтэй. Гэхдээ энэ талаар мэдсэнээс хойш нэн даруй шаардлага гаргах ёстой. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт хөрш зэргэлдээ газар эзэмшигч хөршийнхөө хил давсан үйлдлийг зогсоохыг тухайн үед нь нэн даруй шаардаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн компани нэг гишүүнтэй, тэр гишүүн нь шийдвэрээ гаргаад компанийн гэрчилгээ, дүрэм, бусад холбогдох бичиг баримтуудын хамт ******* гэх хүнд компанийн эрхийг шилжүүлэх бичиг баримтууд байсан. Хоёр компанийн хооронд хийгдэж байгаа гэрээ хэлцлийн хувьд хичнээн гишүүнтэй байна, хэн төлөөлөх эрхтэй байна гэх зэргийг шалгах үүрэгтэй. Үүний дагуу шалгахад компанийг төлөөлөх эрх олгосон байсан учраас гэрээг гэрчилсэн. Иймд нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.4, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд зааснаар 3,000 м2 газар дээр зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 7,000 м2 газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах, уг газар дээр зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулах, газар чөлөөлүүлэх, нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. ...Шүүх ийнхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус болно гэж дүгнэсэн атлаа ******* нь компанийг төлөөлж гарын үсэг зурах эрх хэмжээтэй байсан гэж логик зөрчилтэй дүгнэлт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч компанийн захирал ******* нь *******т хэзээ ч итгэмжлэл олгож байгаагүй бөгөөд ******* нь компанийг төлөөлж гарын үсэг зурах эрх хэмжээ олгоогүй, тухайн итгэмжлэл олгосон гэх баримтыг нэхэмжлэгч үйлдээгүй байхад түүнийг эрх хэмжээтэй байсан мэтээр дүгнэсэн. Тухайлбал, хэрэгт авагдсан *******т итгэмжлэл олгосон гэж үзсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэх *******-ийн Захирал *******гийн гарын үсэгтэй баримт нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, Монгол Улс Улаанбаатар хотод үйлдсэн баримт байдаг. Уг хугацаанд *******-ийн Захирал ******* Монгол улс Улаанбаатар хотод байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нотлогдож байхад шүүгч уг баримтыг үнэлэлгүйгээр буруу дүгнэжээ.

5.2. ...Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд шүүх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг нь талууд өөрсдөө хэлцлийг хүчин төгөлдөр болгох хүсэл сонирхолтой тохиолдолд л хэрэглэгдэх ёстой. Гэтэл уг маргаанд нэхэмжлэгч тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хүчингүй гэж маргаж, тухайн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөрт тооцох ашиг сонирхол байхгүй байхад тус хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

5.3. Шүүх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тогтоосон атлаа уг хэлцлийн үр дагаврыг хэрэгжүүлээгүй нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус бол талууд хэлцэл хийхээс өмнөх байдалд буцах бөгөөд энэ тохиолдолд 7,000 м.кв газрын эзэмших эрхийг анхны эзэмшигч болох *******-д буцаан шилжүүлэх ёстой. Гэтэл шүүх хариуцагч *******-ийг хууль ёсны эзэмшигч гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл дээр үндэслэсэн эзэмшлийг хууль ёсны гэж үзсэнтэй адил бөгөөд энэ нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй гэж үзэж байна. Хууль ёсны эзэмшил үүсэх үндэслэл нь хүчин төгөлдөр гэрээ, эсвэл хуульд заасан өөр үндэслэл байх ёстой атал дээрх үндэслэл огт байхгүй юм. Үүнд шүүхийг анхаарал хандуулж бодит дүгнэлт хийсэн гэж үзэхээргүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас шилжүүлсэн хөрөнгөө буцааж өгөх үүрэг үүсэх ёстой гэж үзэж байна.

5.4. ...Дээрх шүүхийн дүгнэлтээс үзэхэд шүүх нь Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсгийг хэрэглэн нэхэмжлэгчийг барилга баригдаж байх үед зөрчигдсөн эрхээ хамгаалах талаар шаардлага гаргаагүй тул уг зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд ******* тухайн үед Монгол улсад байгаагүй болох нь хилийн лавлагаагаар нотлогддог бөгөөд барилга баригдаж байгааг мэдэх боломжгүй байсан. Мөн ******* нь Монгол Улсад ирж байсан ч тухайн газрыг БСЖМН ХХК-д түрээслүүлсэн тул байнга очих шаардлага байгаагүй. Түрээслүүлдэг тухай баримт гэрээг ч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн газар түрээсэлдэг БСЖМН ХХК-аас *******-ийн захирал *******д *******-ийн захирал ******* манайх уг газрыг шилжүүлж авсан одоо танайх яв гэж хэлснийг хэлж дамжуулснаар ******* нь Монгол улсад ирээд шалгаж үзэхэд газар шилжиж, дээр нь барилга баригдсан байдлыг мэдсэн. Иймд нэхэмжлэгчийг зөрчлийг мэдсээр байж хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү *******-ийн захирал ******* нь газрын эрх өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр шилжсэн бөгөөд дээр нь барилга баригдаж байгааг мэдэнгүүтээ хууль бус барилгыг буулгах тухай гомдлыг Газрын тухай хуульд зааснаар Засаг даргад гаргасан. Засаг дарга, дүүргийн засаг даргын тамгын газраар уламжлуулан газар зохион байгуулалтын албанаас шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хариу өгсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, газрын эрхийг хууль бусаар шилжүүлсэн тухай гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж хууль хяналтын эрх бүхий байгууллагуудад зэрэг хандсан. Гэтэл цагдаад гаргасан гомдол шалгагдаж байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж хаасан байдаг. Гэмт хэрэг мөн эсэхийг эцэслэн тогтоох газар бол шүүх байтал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж чадалгүй хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймээс барилга буулгаж газар чөлөөлүүлэх иргэний үүссэн хэрэгт дээрх хууль бусаар газрын эрх шилжсэн тухай асуудлыг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргасан.

Мөн Иргэний хуулийн 137 дугаар зүйл нь хөршийн хилийн асуудлыг зохицуулсан хуулийн зохицуулалт бөгөөд тухайн хэрэг маргаанд хөршийн эрх яригдах боломжгүй, тус хуулийн заалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байхад шүүх маргааны бодит шинжийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Учир нь хөрш гэж үзэж байгаа тухайн 7,000 м.кв газар нь анхнаасаа *******-ийн эзэмшил бөгөөд ******* нь хууль бусаар эзэмшилдээ авсан бөгөөд тухайн газрыг хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэж маргаж байхад хууль ёсны хөрш гэж үзэж, тухайн үед мэдэх боломжтой гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Уг барилгыг барьсан хариуцагчийн үйлдэл нь хөршийн эрх зөрчиж байгаа үйлдэл биш, харин эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл тул эзэмшигч нь зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгуулах эрхтэй юм. Үүнд шүүх маргааны бодит байдлыг тогтоогоогүй нотлох баримтуудыг үнэлэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

5.5. Шүүхээс нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй, нотариатч гэрээг гэрчилсэн болохоос паспортын үнэн зөвийг гэрчлээгүй учраас хугацаа дууссан хүчингүй паспортыг *******-ийн захирал ******* уг гэрчлүүлэх үйлдэлдээ ашигласан болохыг шалгах шаардлагагүй нотариатын үйлдэл үнэн зөв мэтээр дүгнэсэн байна.

Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г нотариатч гэрчлэхдээ талуудын эрх зүйн байдал, төлөөлөх эрх, баримт бичиг жинхэнэ эсэхийг шалгах үүргээ биелүүлэлгүйгээр баталсан нь уг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г газрын алба хүлээж авч, газрыг шилжүүлэх үндэслэл болсон байдаг.

Уг нотариатын үйлдэл хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэсэн баримтад ******* биш ******* гарын үсэг зурсан байдаг. ******* гэрээнд гарын үсэг зурсан учраас гэрээг гэрчлэхэд гарын үсэг зурсан гэх *******г заавал байлгах ёстой, эсвэл ******* буюу ******* нь *******т итгэмжлэл олгосон бол нэг хувьцаа эзэмшигчтэй компани хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэж гаргах боломжтой юу?, Итгэмжлэл олгосон нь хүчин төгөлдөр үү?, үнэхээр хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр газар шилжиж байгаа бол тус гэрээнд ******* биш ******* гарын үсэг зурах ёстой байсан гэх мэтээр эргэлзээтэй буюу но-той асуудлуудыг нотариатч үл хайхран дээрх нөхцөл байдлыг шалгалгүй гэрээг баталсан байдаг.

Мөн хүчин төгөлдөр бус баримтын үндсэн дээр баталсан болох нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж байна. Тухайлбал, *******-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, захирал ******* нь тухайн өдөр Монгол Улсад байгаагүй нь хилийн лавлагаагаар нотлогдсон, мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн баримт бичигт зурагдсан ******* гэх гарын үсэг нь *******гийн өөрийн гарын үсэг биш, гарын үсэгтэй нь таарахгүй болох нь тогтоогдсон. Мөн гэрээг гэрчлүүлэх эрх олгосон гэх Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэх баримт нь мөн л *******г Монгол улсад байхгүй байх хугацаанд үйлдэгдсэн бөгөөд гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр барласан гарын үсэг байна гэж тогтоогдсон. Барласан гарын үсэг гэдэг нь тухайн гарын үсгийг жинхэнэ үзгээр зураагүй, тамга, хэв, скан, хуулбар гэх мэтийг ашиглаж жинхэнээр бичигдээгүй гарын үсэг юм. Гэтэл шүүх уг шинжээчийн дүгнэлтэд огт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь алдаа болсон гэж үзэж байна. Иймд хуурамч баримт бичигт үндэслэсэн нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байж болохгүй. Энэ нь хууль, шударга ёсонд үл нийцнэ.

 

Мөн тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэсэн баримт нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн огноотойгоор нотариатын баталсан хувилбараар архиваас нэг хувь ирсэн байтал, хариуцагч буюу *******-аас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой өөр эх хувийг өөрсдөө шүүхэд гаргаж өгсөн байдаг. Тэгэхээр хариуцагч ******* нь тухайн баримтыг хэд хэдэн хувилбараар өөрсдөө үйлдэж, уг газрын эрх шилжүүлэх үйлдэлдээ ашигласан гэж үзэх үндэслэл байгааг шүүх мөн дүгнэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт хуулийн шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хэрэгт ямар үйл баримт болсон болон нэхэмжлэгч тал түүнийг хүлээн зөвшөөрсөн гэх Засаг даргын гэрчилгээ олгосон захирамж зэрэг баримтууд бүгд авагдсан байгаа. Нэхэмжлэгч ******* нь Монгол улсад бүртгэлтэй, гадаад улсын хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд юм. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч Монгол улсад байсан, байгаагүй гэх асуудлыг тодруулж, гарын үсгийг нь шинжлэн судална гэж энэ олон жилийн хугацаанд маргадаг боловч тухайн хүн Монгол улсад байдаггүй. Маргаан бүхий хэлцэл нь Монгол улсын хуулийн этгээд болон ******* гэх иргэний хооронд хийгдсэн хэлцэл биш, хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцэл юм. ******* гэх хүн Монгол улсад байдаггүй бөгөөд маргаан бүхий гэрээ хэлцлийг хийх үед тухайн хүн Монгол улсад байгаагүй талаар бид маргаагүй. Компанийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээд итгэмжлэл олгосон учир түүний дагуу нотариат дээр очиж гэрээ хэлцэл хийж, холбогдох засаг даргад нь бүх материалаа өгч газраа хуваан шилжүүлж авсан үйл баримт юм. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх мэт залилан мэхлэх гэмт хэргийн талаар яриад байдаг. Энэ талаарх асуудлыг эрүүгийн хэргийн холбогдох журмын дагуу шалгаж тухайн гомдол мэдээллийг нь хааж хэрэгсэхгүй болгосон байхад нэхэмжлэгч талын зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Тухайн үйл баримт гэмт хэргийн шинжгүй гэдэг нь маш тодорхой байдаг.

Өөрөөр хэлбэл, ******* гэх хүнд итгэмжлэл олгосон байх тул тухайн хүн нэхэмжлэгч компанийн газрыг шилжүүлсэн буюу ******* гэх хүн мөн Монгол улсад ирж очдог байсан бөгөөд тухайн хэлцлийг зөвшөөрч газраа хуваан эзэмшиж, түрээсэлж байсан асуудал байдаг. ******* гэх хүнийг Монгол улсад байхгүй байх үед залилан мэхэлж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэхээс илүү хэрэгт авагдсан баримтаар тухайн 2 компанийн хүмүүс адилхан БНХАУ-ын иргэд буюу хоорондоо төлбөр тооцоо хийж байсан баримтууд байсныг нь хэрэгт өгсөн. Үүний дагуу газрыг 7,000 м.кв болон 3,000 м.кв талбайгаар хуваан эзэмшиж ашиглаж байсан атлаа үлдсэн 3,000 м.кв талбайгаа авъя гэх асуудалд төлбөрийн маргаан гарсан учир 2019 оноос эхлээд маргаж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч анх Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасан хөршийн эрхийн асуудлаар нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 7,000 м.кв талбай бүхий газар хариуцагч талд очих ёсгүй байсан гэж анхнаасаа бодож байсан бол яагаад илүү барьсан барилгын талаар ярьж байна вэ. Энэ нь гэмт хэрэг бөгөөд 7,000 м.кв талбай бүхий газар анхнаасаа танайх биш гэж маргах ёстой. Гэтэл анхнаасаа жил гаруй хугацаанд Иргэний хуулийн 137 дугаар зүйлд зааснаар танайх манай эзэмшлийн 3,000 м.кв талбай бүхий газар руу оруулж байшин барьсан байна, 400 метр газар хэтэрсэн байна, үүнийг буулга гэж маргаж байсан. Мөн Монгол улсад байхгүй хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлнө. ******* гэх хүн Монгол улсад байсан тохиолдолд хүсэл зориг нь биелдэг, байхгүй байх үед нь буюу төлөөлөгчөөрөө дамжуулах үед нь газраа шилжүүлэх хүсэл зориг нь байхгүй болдог гэх асуудлыг би ойлгохгүй байгаа бөгөөд хуулийн маш ойлгомжтой зүйл заалтыг хэт явцуугаар тайлбарлаж болохгүй.

Маргаан бүхий 3,000 м.кв болон 7,000 м.кв талбай бүхий газрын хуваалтын хувьд анхнаасаа урд хойно, баруун зүүн гэх талаар маргаан гарсан. Анх 3,000 м.кв талбай бүхий газрыг хойд талд нь тэнцүү хуваах байсныг 3,000 м.кв талбай бүхий газар нь дээрээ гарсан гэж анхнаасаа тохирч байшингаа барьж 2016, 2017 онд ашиглалтад оруулсны дараа гэрчилгээгээр орц гарцаа шийдвэрлэж болохгүй байна гэж байршил нь өөрчлөгдөж гэрчилгээ нь гарснаас үүдэж энэ маргаан үүссэн. Анхнаасаа барилга байшин баригдаж байгааг нэхэмжлэгч тал мэдэж байсан атлаа 2019 онд аль хэзээний ашиглалтад ороод 2 жил болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгын талаар анхан шатны шүүхээс анх зөрчил үйлдэх үед нь мэдсээр байж хүлээн зөвшөөрсөн бол одоо буулга гэж шаардах нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв. Харин хүний газрыг зүгээр ашиглаж болохгүй учир холбогдох хуульд заасан журмаар нь нөхөн төлбөр гаргуулах эсвэл яг давхацсан хэсгээр нь газраа хасалт хийлгэж 2 талдаа шилжүүлье гэж ярьж байсан учир үүний дагуу шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

 

Нотариатын үйлдэл хууль зөрчсөн болон зөрчөөгүй гэх асуудлын тухайд нэхэмжлэгч тал нь хөршийн эрх гэж ярьж байснаа дараа нь талуудын хооронд хийсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус гэж яриад байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хүсэл зориг анхнаасаа тийм биш байсан юм бол яагаад хамгийн эхний нэхэмжлэлийн шаардлагаа энэ агуулгаар гаргаагүй вэ. Огт өөр агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан атлаа одоо хэрэгт хамааралгүй нотариатын тухай асуудлыг хүртэл оруулж ирж байна. Тухайн үед 2011 оны Нотариатын тухай хууль үйлчлэх бөгөөд 7,000 м.кв талбай бүхий газар буюу үл хөдлөх эд хөрөнгийн талаарх асуудлыг тойргийн нотариатч гэрчлэх ёстой. Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь газар эзэмших эрх шилжүүлэх буюу Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-д заасан эрх шилжүүлэх гэрээний төрөл бөгөөд уг хэлцлийг заавал тойргийн нотариатч харьяаллын дагуу батлах хуулийн шаардлага байхгүй. Тиймээс ******* гэх тойргийн нотариатч хууль зөрчсөн зөрчил гаргаагүй.

 

Мөн нэхэмжлэгч талын зүгээс Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасныг үндэслэж хуурамч бичиг баримт үйлдсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талын хувьд тухайн баримт бичиг хуурамч баримт бичиг мэт байдаг. Харин тухайн баримтыг хуурамчаар үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад залилан мэхэлж, хүний газрыг авсан мэтээр яриад байдаг. Гэтэл ийм зүйл огт болоогүй. Мөн ******* гэх хүний бичиг баримтын хугацаа дууссан байхад тухайн баримтыг үндэслэж маргаан бүхий хэлцлийг баталсан байна гэх зүйлийн талаар ярьдаг. Энэ талаарх асуудлыг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, ******* гэх хүний бичиг баримтыг үнэн зөв, хугацаа нь дуусаагүй гэж батлаагүй. Зөвхөн итгэмжлэл төлөөллийн дагуу энэ гэрээ хэлцлийг баталсан үйлдэл болохоос тухайн бичиг баримтын үнэн зөвийг батлаагүй үйлдэл гэж маш тодорхой дүгнэсэн байхад үүнийг нотариатч мэдэх ёстой байсан бөгөөд маргаан бүхий гэрээ хэлцлийг батлах ёсгүй байсан гэх зүйлийг ярьдаг. Тиймээс нотариатч энэ талаарх асуудалд хууль зөрчөөгүй байна. Мөн нэхэмжлэгч тал шинжээчийн талаарх асуудлыг ярьж байна. Шинжээчийн дүгнэлтэд энэ талаар маш тодорхой бичсэн. ******* гэх хүнд ******* гэх хүний дардас байсан учир тухайн хүн ******* гэх хүний дардсыг дарсан үйл баримт байдаг. Тухайн дардас ******* гэх хүний бусад бичиг баримт дээр дарсан дардастай таарч байна гэж шинжээч дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал ямар учраас тухайн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, ёс суртахуунд харшилсан хэлцэл гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв. Учир нь 2016 онд байгуулсан гэрээг 2018 онд зөвшөөрч, тухайн газрыг эзэмшиж байгаа үйл баримт байхад зөвхөн ******* гэх хүн Монгол улсад байгаагүй гэх үндэслэлээр уг гэрээ хэлцлийг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл зөв, харин хууль хэрэглээний өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч ******* тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, буцаан шилжүүлэхийг даалгах, уг газар дээр зөвшөөрөлгүй барьсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлэх, хариуцагч *******д холбогдуулан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0294107 дугаар гэрчилгээний үндсэн дээр ******* дүүргийн ******* хороо, ТЭЦ-4 станцын урд байршилтай, нэгж талбарын 8023/5104 дугаар бүхий 10,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан, /1хх-8-10/

 

3.2. *******-ийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр *******-ийн өөрийн эзэмшлийн ******* дүүргийн ******* хороо, ТЭЦ-4 станцын урд байршилтай, нэгж талбарын 8023/5104 дугаар бүхий, аж ахуйн зориулалттай 10,000 м.кв газрын 7,000 м.кв газрыг *******-д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэх, газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой ажлыг хариуцан гүйцэтгэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад баримт бичигт компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг иргэн Батболд овогтой Бэрцэцэгт олгожээ. /2хх-28/

 

3.3. Нэхэмжлэгч *******-ийн захирал *******, хариуцагч *******-ийн захирал ******* нарын хооронд хийгдсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байгаа ******* дүүргийн ******* хороо, ТЭЦ-4 станцын урд байршилтай, 10,000 м.кв газраас 7,000 м.кв газрыг хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон, /2хх-124/

Мөн талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дээрхтэй ижил агуулга бүхий бичгийн хэлцэл хийгдсэн, /1хх-48/

 

3.4. ******* дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/312 дугаар захирамжаар ******* дүүргийн ******* хороо, ТЭЦ-4 станцын урд байршилтай, нэгж талбарын 8023/5104 дугаар бүхий, аж ахуйн зориулалттай 10,000 м.кв газрын 7,000 м.кв газрын эзэмших эрхийг *******-д шилжүүлэх шийдвэр гарч, улмаар тус компанид ******* дүүргийн ******* хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий, 6995 м.кв газрыг ХАА-н машин, механизмын аж ахуйн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 000016947 дугаар гэрчилгээ 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гарчээ. /1хх-185/

 

3.5. Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1576 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор маргааны зүйл болох 7,000 м.кв газар эзэмших эрхийг *******-ийн захирал ******* залилан авсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. /2хх-52-54/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасан өөрчлөлт оруулна.

 

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 7,000 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх талаар хариуцагчтай огт ярилцаж байгаагүй, газрын эрхийг шилжүүлэн авахдаа компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар хууран мэхэлж авсан, гэрээ байгуулах үед нэхэмжлэгч компанийн захирал Монгол улсад байгаагүй байхад өөрөө гэрээ байгуулсан мэтээр гарын үсгийг зурж, компанийн тамга, тэмдгийг дарсан нотариатч нь ******* захирлыг өөрөө байсан мэтээр хуурамч гарын үсэг, компанийн тамга, тэмдэг дарагдсан баримтыг гэрчилсэн, хуурамч бичиг баримтыг ашигласан... гэж, хариуцагч *******-аас нэхэмжлэлийг эс зөвшөөрч газрыг нэхэмжлэгч компанийн захиралтай ярьж тохиролцож газрын үнийн 70 хувийг төлсний дагуу газрын эрхийг шилжүүлж авсан, хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, ******* гэх хүнтэй холбогдоод газраа шилжүүлж аваарай гэж хэлсний дагуу энэ газрыг шилжүүлж авсан , хариуцагч *******т компанийг төлөөлөх эрх олгогдсон байсан, олгосон шийдвэрийг үндэслээд хоёр компанийн хооронд хийгдсэн гэрээг гэрчилсэн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тус тус тайлбарласан.

4.2. Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2-36/55 тоот албан бичиг, БНХАУ-ын иргэн *******-ны улсын хилээр нэвтэрсэн талаар лавлагаагаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарах болон компанийн эзэмшлийн ******* дүүргийн ******* хороо, ТЭЦ-4 станцын урд байршилтай, нэгж талбарын 8023/5104 дугаар бүхий, аж ахуйн зориулалттай 10,000 м.кв газрын 7,000 м.кв газрыг эрхийг шилжүүлэх хэлцэл хийх үед *******-ийн захирал ******* нь Монгол Улсад байгаагүй болох нь нотлогдож байна.

 

4.3. Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2982 дугаар дүгнэлтэд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн огноотой *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэсэн баримтын Компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч гэсэн хэсэгт байх үндэсний бичгийн зурлагуудаас бүтсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн *******-ын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж *******-ийн захирал ******* гарын үсэг зураагүй болохыг эргэлзээгүй тогтоожээ.

 

4.4. Дээрх үйл баримтаас үзэхэд *******-ийн өөрийн эзэмшлийн ******* дүүргийн ******* хороо, ТЭЦ-4 станцын урд байршилтай, нэгж талбарын 8023/5104 дугаар бүхий, аж ахуйн зориулалттай 10,000 м.кв газрын 7,000 м.кв газрыг *******-д эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн үйлдлийг хариуцан гүйцэтгэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад баримт бичигт компанийг төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг иргэн *******т олгосон гэж үзэхгүй.

 

4.5. Газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, мөн өдрийн нэхэмжлэгч *******-ийн захирал *******, хариуцагч *******-ийн захирал ******* нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь газар эзэмшигч этгээд буюу *******-ийн хүсэл зоригоос гадуур, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй.

 

5. Хариуцагч *******-ийн төлөөлөгч ******* нь хэлцлийг хийхдээ *******-ийн хувьцаа эзэмшигч, захирал БНХАУ-ын иргэн *******-ны эзгүй байгаа тохиолдолд хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн гарын үсгийн дардас, компанийн тэмдгийг ашиглах эрх олгосон баримтыг шалгах, түүнийг тодруулаагүй, энэ нөхцөл байдлыг мэдсэний үндсэн дээр хэлцлийг хийж газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байна.

 

Тодруулбал *******-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эзгүй байгаа тохиолдолд түүний нэрээр гэрээ байгуулах боломжгүй тул ******* нь хуулийн этгээдийн эрх шилжүүлсэн баримт, эсхүл итгэмжлэлийг үндэслэн гэрээ байгуулах боломжтой эрхтэй болохыг энэ үйлдлийг өдөр тутам гэрчилж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг нотариатч ******* болон хариуцагч байгууллага нь тодруулж, хуулийн дагуу явуулахыг шаардах боломжтой байхад уг хэлцлийг байгуулж, газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

 

6. Хариуцагч ******* нь *******-ийн захирал *******, хариуцагч *******-ийн захирал ******* нарын хооронд хийгдсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо ...итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, ...тогтоож болно гэж, 31 дүгээр зүйлийн 31.1-т Нотариатч дараах тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж, 31.1.4-т үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Учир нь нотариатч маргаан бүхий гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ гэрээний нэг тал нь итгэмжлэлээр эрх олгосон этгээд бус харин *******-ийн хувьцаа эзэмшигч, захирал БНХАУ-ын иргэн ******* өөрөө байхад түүнийг байлцуулахгүйгээр гэрээ, хэлцлийг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн дээрх заалт болон Нотариатын үйлдэл хийх зааврын 2.14-д нотариатын үйлдэл хийх үед үйлчлүүлэгч хууль зөрчсөн нь илэрвэл нотариатч нь үйлдлийг зогсоож, энэ тухай холбогдох байгууллагад мэдэгдэнэ. 4.6-д хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно гэснийг тус тус зөрчжээ. Энэ талаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгоно.

 

7. Анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 7,000 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд хийгдсэн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзнэ гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

7.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үздэг.

 

7.2. Хэргийн баримтаар нэхэмжлэгч *******-ийн захирал ******* нь 2016 оноос хойш Монгол улсад олон удаа ирж байсан боловч тэрээр өөрийнх нь эзэмшилд байсан ******* дүүргийн ******* хороо, ТЭЦ-4 станцын урд байршилтай, 10,000 м.кв газраас 7,000 м.кв газрын эзэмших эрх *******-ийн захирал *******д хууль бус аргаар шилжсэн асуудлыг 2018 онд олж мэдсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, ******* дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1576 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.

 

7.3. Мөн нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байсан 3,000 м.кв газар эзэмших хүсэлтийг газрын албанд гаргаснаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших ******* дугаар гэрчилгээ олгогдсон байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаараа үлдсэн газраа алдахгүйн тулд 3,000 м.кв газар эзэмших хүсэлтээ гаргасан гэж тайлбарласан байхад нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр бус хэлцлийн агуулгыг зөвшөөрсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн нөхцөлийг хангах өөр тохиролцоо талуудын хооронд хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

8. Хариуцагч талаас нэхэмжлэгч *******-ийн захирал *******, хариуцагч *******-ийн захирал ******* нарын хооронд хийгдсэн гэх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ бичгийн баримтыг нотлох баримтаар гаргасан. Гэвч энэ хэлцэл нь мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч *******-ны эзгүй байх хугацаанд, тус компанийн тэмдэг, төлөөлөх эрхтэй этгээдийн гарын үсгийн дардсыг ашиглаж хийгдсэн ба хүчин төгөлдөр бус гэж дүгнэгдсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-тэй ижил агуулгатай хүчин төгөлдөр бус баримт тул аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүйгээс гадна хариуцагчийн татгалзлыг нотолсон баримт болж чадахгүй юм.

8.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заажээ.

 

Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагч *******-ийн эзэмшилд шилжсэн ******* дүүргийн ******* хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаартай, ХАА-н машин, механизмын аж ахуйн зориулалттай, эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ бүхий, 6995 м.кв газрын эзэмшигчээр нэхэмжлэгч *******-ийг бүртгэхийг ******* дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

9. Нэгэнт талуудын хооронд хийгдсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн олж авсан хариуцагч *******-ийн ******* дүүргийн ******* хороо, ТЭЦ-4 станцын урд байршилтай, 10,000 м.кв газар дээрх аливаа эрх, эзэмшил хууль бус болно.

 

9.1. Хариуцагч ******* нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэгдсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* дүүргийн ******* хороо, ТЭЦ-4 станцын урд байршилтай, 10,000 м.кв газар дээр 750 м.кв үл хөдлөх эд хөрөнгө барьсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

 

9.2. Тиймээс нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний эзэмшлийн газар дээр хууль бусаар баригдсан 750 м.кв үл хөдлөх хөрөнгийг албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

10. Нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар шаардлагаа барилга баригдаж байх үед гаргаж байгаагүй гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байгааг залруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00955 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, ******* дүүргийн ******* хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаартай, ХАА-н машин, механизмын аж ахуйн зориулалттай, эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ бүхий, 6995 м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч *******-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг ******* дүүргийн Газрын албанд даалгасугай. гэж өөрчлөн,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн эзэмшлийн газраас хариуцагч *******-ийн өмчлөлийн 750 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгасугай. гэж,

тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн ******* дугаарт бүртгэгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2, 3 заалтыг 4, 5 гэж дугаарлан, 4 дэх заалтаас 7.1.2 гэснийг хасаж, үлдээсүгэй гэснийг үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******-аас 140,400 төгрөг, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН