Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2015/06031/и |
Дугаар | 001/ХТ2018/00052 |
Огноо | 2018-01-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2018/00052
Ж.Рийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02399 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2014 дугаар магадлалтай,
Ж.Рийн нэхэмжлэлтэй
Т Ө Б, З Г-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлиийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, З.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг “Үндэсний цахилгааны дамжуулах сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот тогтоолоор томилж, надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Би, энэхүү компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хөлсөөр ажиллах гэрээний эрх, үүргээ удаа дараа “сайн” гэсэн дүнтэй биелүүлж байсан. Компанийн дүрэм болон хөлсөөр ажиллах гэрээнд зааснаар надад өгсөн эрх, үүрэг бол тухайн компанийг бүрэн удирдаж, зохион байгуулах, аливаа осол, гэмтэл гаргахгүй байх, сар, улирал, жилийн үр дүнгээр цалин дээр нэмж урамшуулал авах, гүйцэтгэсэн ажлаа төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах зэргээр ажилладаг байсан ба хариуцагч Төрийн өмчийн хороонд намайг томилж, чөлөөлөх эрх хэмжээ байхгүй, үүнийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх ёстой юм. Гэтэл хариуцагч тал 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. “Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг хэлэлцээгүй, хууль бус шийдвэр гаргасны дараагаар хэрэгт ийм асуудлыг хэлэлцсэн мэтээр тэмдэглэлд тусгаж, шийдвэрлэсэн баримт бүрдүүлсэн, миний өгсөн нотлох баримтаар төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болоогүй байсан гэдгийг нотлох юм. Хэдийгээр Төрийн өмчийн хороонд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн оролцоотой компанид төлөөлөх эрхтэй этгээдийг томилох эрх байдаг боловч компанийн гүйцэтгэх захирал нь тухайн төлөөлөгч биш юм. надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг Хөдөлмөрийн хуулийн контракт гэрээ мөн хэмээн дүгнэсэнтэй санал нэг байдаг, учир нь, надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, түүний биелэлтийг дүгнэсэн актууд энэ талаарх үйл баримтыг тодорхой илэрхийлдэг. Иймд, намайг “Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” хувьцаат компанид төрийг төлөөлөх этгээдээр М.Батгэрэл, В.Дарханбаатар нарыг томилсон боловч тус хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 377, 378 тоот тогтоолоор эдгээр төлөөлөгч болон Д.Дэлгэрцогт нарыг мөн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд оролцох төлөөллийг Т Ө Хтомилохоос гадна тус компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хариуцагч тал мөн адил хэрэгжүүлдэг. Гэтэл “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” хувьцаат компанийн төлөөлөгчид Төрийн өмчийн хорооны удирдамжийг биелүүлээгүй тул тэднийг ажлаас чөлөөлсөн бөгөөд компанийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг Т Ө Ххэрэгжүүлэх эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх захирал Ж.Рийг ажлаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч тал энэхүү компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа удаа дараагийн үйлдлээр Тендерийн тухай хууль болон худалдан авалтын холбогдох журмуудыг зөрчсөн учраас шалгалт орж, нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, тухайн асуудлаар авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм. Ерөнхийдөө тухайн үед нэхэмжлэгчийг ажил, албан тушаалдаа хайнга хандсан, хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гарах байсан боловч хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч байсан тул гэрээний хугацааг үндэслэн чөлөөлж, хожим түүнд хүлээлгэх хариуцлагын асуудлыг харъяа байгууллагаар шийдвэрлүүлэх гэж байсан. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын 1.2-т заасны дагуу Т Ө Хнь эрх бүхий төлөөлөгчийг томилох эрх, үүрэгтэй ба нэгэнт төлөөлөгчийн эрх, үүрэг дуусгавар болсон тул гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн болно. Иймд, нэхэмжлэгч Ж.Рийг хуульд заасан бүрэн эрхтэй этгээд хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай хэлэлцсэн үйл баримт тодорхой байгаа тул энэ талаар маргах шаардлага байхгүй, нөгөө талаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ийм хүнийг гүйцэтгэх удирдлагаар ажиллуулах нь ёс зүйн хувьд зөрчилтэй учраас эрүүгийн хэргийг шалгаж дуустал иргэний хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн байгааг шүүх анхаарах хэрэгтэй байна” гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02399 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Рийг “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30,403,040.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас 309,965.00 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2014 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д хяналтын гомдолдоо: Иргэн Ж.Рийн нэхэмжлэлийн шаардлагатай Т Ө Х/хуучин нэрээр/- д холбогдох хэрэг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02399 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-д Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн өмчийн оролцоотой этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байгууллага нь Т Ө Хбайхаар заасан, Төрийн өмчийн хорооны 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журам”-ын 1,2-т Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх чиг үүргийг Т Ө Х/ТӨХ/ гүйцэтгэнэ гэсний дагуу “ЦДҮС” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит компанийн хувьд төрийн өмчийн төлөөлөх эрх нь Төрийн өмчийн хороонд бүрэн шилжсэн юм. Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолоор баталсан компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Компани нь Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу хувьчлагдах эсхүл хувьцааг бусад этгээдэд худалдах хүртэл компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг үүсгэн байгуулагчийг төлөөлж Т Ө Ххэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Т Ө Х/хуучин нэрээр/-ны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1.0 дугаар хуралдаанаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хуралд таслах эрхтэй оролцох төрийн өмчийн төлөөлөгч Д.Дэлгэрцогт, М.Батгэрэл, В.Дарханбаатар нарыг тухайн өдрөөр тасалбар болгон чөлөөлөх, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийг мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Рийн “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөх тус тус шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд төрийг төлөөлж таслах эрхтэй гишүүдийг мөн ТУЗ-ийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх нь дээр дурьдсан хууль, журам, дүрмийн дагуу Төрийн өмчийн хороонд бүрэн шилжсэн юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Компаний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хувьцаат компани заавал төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.1,8-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх ба компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол тус эрхийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3- д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хэрэгжүүлж болно. Гэтэл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” хувьцаат компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5.10-д “компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас төлөөлөн удирдах зөвлөлд гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх талаар удирдамж өгөх”, мөн зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.3.9-д “төлөөлөн удирдах зөвлөл нь Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, бүрэн эрхийг тогтоох эрх хэмжээг хэрэгжүүлэх” тул нэхэмжлэгч Ж.Рийг томилох, чөлөөлөх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь гагцхүү хувь хүн байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар Т Ө Хнь зөвхөн төрийн өмчит компанид төлөөлөх хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх эрх эдлэх ба компанийн гүйцэтгэх удирдлага нь төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх төлөөлөл биш тул хариуцагчид тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх эрх шилжихгүй юм. Иймд хариуцагч Т Ө Хнь хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж, гүйцэтгэх захирал Ж.Рийг ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэсэн. Компанийн тухай хуулийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.”, 75.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг чөлөөлсөн нөхцөлд Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд нь дээд эрх мэдлийг хэрэгжүүлж, аливаа шийдвэрийг гаргах эрхтэй болно. Засгийн газрын 1998 оны 139 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад Төрийн өмчийн хорооны дүрмийг баталж дүрмийн 2-ийн з/ төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг, хуульд тогтоомжинд заасны дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах ..., Төрийн өмчийн хорооны 2005 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журмын 11 дүгээр зүйлийн 11.2-т Төрийн өмчийн хорооноос өгсөн удирдамж, заавар энэхүү журмыг хүндэтгэх шалтгаангүйгээр зөрчсөн буюу удирдамжийн эсрэг санал өгсөн бол өмчийн төлөөлөгчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг өөрчилнө, 7 дугаар зүйлийн 7.3-д Төрийн өмчит хуулийн этгээдийн захирлыг Төрийн өмчийн хорооны хуралдаанаар томилох буюу өөрчлөх... гэж тус тус заасан Т Ө Х/хуучин нэрээр/ нь Компаний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврын дагуу зохих тогтоол, шийдвэрээ гаргасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Т Ө Ххууль тогтоомжинд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 101/ШШ2017/02399 дугаар шийдвэр, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2014 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нэхэмжлэлийг хангах талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх боловч хууль зүйн зарим дүгнэлтийг залруулж, хууль хэрэглээний хувьд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн хяналтын гомдолд заасан “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хувьцаа эзэмшигчийн эдлэх бүрэн эрхийн талаар хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн, ....гэрээний хугацаа дууссан нөхцөл байдлыг шүүх дүгнэж чадаагүй...” гэх үндэслэл тогтоогдоогүй тул “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”- ыг хүссэн гомдлыг хангахгүй орхино.
Нэхэмжлэгч Ж.Р нь хариуцагч Т Ө Б, З Гхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан..., тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн байсан тул хувьцаа эзэмшигчийн хувьд гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлсөн...” гэх үндэслэлээр маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ж.Р нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай “хөлсөөр ажиллах” нэр бүхий гэрээ байгуулсан, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолоор гэрээний хугацааг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар сунгасан, гэрээний хугацааг дуусахаас өмнө Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 384 тоот тогтоолоор “...хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан...” гэсэн үндэслэлээр Ж.Рийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 9 дүгээр зүйлийн 9.3.9-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх эрхтэй, 10.5-д компанийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэж тус тус заасан тул Ж.Рийг ажилд томилох, гэрээний хугацааг сунгах зэрэг асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлж байсан байна.
Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 501 тоот тогтоолоор Т Ө Хтатан буугдаж, Улсын их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолоор Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газар нь Ерөнхий сайдын эрхлэх хүрээн дэх Т Ө Б, З Гшилжсэн байх тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцагчаар оролцжээ.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХКомпани 100 хувь төрийн өмчийн хэлбэртэй ба 41 хувийг Дэд бүтцийн яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Санхүү, эдийн засгийн яам эзэмшдэг байна
Гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах, гэрээг дуусгавар болох үйл явдал нь уг эрх зүйн үр дагаврыг бий болгосон талуудын хооронд байдаг тул Ж.Р болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хооронд үүссэн гэрээний харилцааг Т Ө Хдуусгавар болгосон нь хууль зөрчснөөс гадна эдгээр талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байжээ. Төрийн өмчийн хороонд тус компанийн гүйцэтгэх захирлыг томилох эрх хуулиар олгогдоогүй, компанийн дүрмээр ч зохицуулагдаагүй тул хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээр байхгүй байсан нь хувьцаа эзэмшигч этгээдэд Төлөөлөн удирдах зөвлөлийн эдлэх бүрэн эрхийг олгодоггүй болно. Учир нь тус компани хувьцаат компани тул Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 72.2-т тус компанийн дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ёстой ба Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх хувьцаа эзэмшигчид шилждэггүй байна. Т Ө Хөмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнийг санал болгох, гүйцэтгэх захиралд тодорхой этгээдийг санал болгох байдлаар оролцож байсан бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирлыг томилох чөлөөлөх асуудлыг бүрэн эрхийн дагуу шийдвэрлэж байсан байна. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд шийдвэр гаргасан талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ.
Харин шүүх гэрээний харилцааг тодорхойлсон нь үндэслэл бүхий болоогүйгээс гадна хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.
Гэрээг дуусгавар болгох эрхгүй этгээд дуусгавар болгосноос нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тул шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 9.4.7-д зааснаар нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, энэ талаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Энэхүү маргаанд гэрээний нэг тал болох “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл оролцоогүй тул гэрээг хөлсөөр ажиллах гэрээ, эсвэл контракт эсэхийг дүгнэх боломжгүй, дүгнэх шаардлагагүй байжээ. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дүрмийн 9.3.10-д гүйцэтгэх захиралтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэж, Ж.Рийг ажилд томилсон ....Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолд түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг үүрэг болгосон, Ж.Р болон Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хооронд “хөлсөөр ажиллах” гэрээ байгуулагдсан байх боловч гэрээний нөгөө тал оролцоогүй тул гэрээг хөлсөөр ажиллах эсвэл контракт эсэхийг дүгнэх боломжгүй юм. Энэ шийдвэр нь гэрээний талуудын эрхэд нөлөөлөх учиргүй болно.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2014 дүгээр магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах...” гэснийг “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 9.4.7 дах...” гэж өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА