Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00087

 

“ М Ө “ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 641 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 117 дугаар магадлалтай,

“ М Ө “ ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Мд холбогдох

32 262 200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 57 237 895 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Мийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цагаандарь, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ““ М Ө “” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, Нэхийгийн байрны зүүн талд орших подвалтай 1 давхар ногоон барилгын тал хэсгийг /209,7 м кв/ 300.000.000 төгрөгөөр худалдан авахаар Б.Мтэй тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. ““ М Ө “” ХХК нь гэрээний 6-р зүйлд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 32.262.200 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд: 15 сая төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, подвалийн засварт 7.893.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, хонгилын шатны засварт 400.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, “Манайх наран” ХХК-ийн зээл төлөлтөд 2.800.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 1.350.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, 1.450.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 1.100.000, 200.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус тус “Манайх наран” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Нийт 32.262.200 төгрөг төлсөн. Ингээд гэрээний 3.1-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай компани Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, Нэхийгийн байрны зүүн талд орших подвалтай 1 давхар ногоон барилгын тал хэсэг буюу 209.7 мкв барилга руу нүүн орсон. Үлдэгдэл төлбөрийг ““ М Ө “” ХХК банкнаас зээл авч, барьцаанд нь Б.Мөөс худалдаж авах барилгаа тавихаар Б.Мтэй тохирсон байсан. Холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Худалдаа хөгжлийн банкинд хандахад Б.М зөвхөн барилгаа худалдана, газраа зарахгүй гэж анх хэлэлцэж тохиролцсоноосоо буцсан тул ““ М Ө “” ХХК 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсаны дараа Б.Мөөс урьдчилгаа төлбөрт өгсөн 32.262.200 төгрөгөө буцаан авч, компани үйл ажиллагаа явуулах байр олъё гэсэн боловч Б.М мөнгийг буцаан өгөөгүй юм. Тэгээд 2016 оны 8 дугаар сард Б.М барилгаа өөр хүнд худалдсан гэж утасдсан бөгөөд 9 дүгээр сард Дэмбэрэлсамбуу гэдэг хүн би наад байрыг чинь авсан одоо сулла гэсэн тул бид 10 дугаар сарын 01-ний өдөр байрыг суллаж өгсөн. Б.М нь зөвхөн барилгаа худалдана газрыг зарахгүй гэснээс гэрээ биелэгдэх боломжгүй болж ““ М Ө “” ХХК гэрээнээс татгалзсан тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32.262.200 төгрөгийг Б.Мөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Дархан сум 14-р баг, 2-р хороололд үйлчилгээний зориулалттай нийт 838,87 м кв талбай бүхий подвалтай нэг давхар барилга барьсан юм. Бид өөрсдөө ашиглах гэж байгаад мөнгөний хэрэгцээ шаардлагаас болоод тал хэсгийг худалдахаар болсон. ““ М Ө “” ХХК нь тус барилгын подвал болон нэг давхрын 419,435 мкв талбай бүхий тал хэсгийг 240.000.000 төгрөгөөр худалдан авахаар ярилцаж, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилгаа 15 сая төгрөг Хас банкны дансаар шилжүүлснээр эхэлсэн. ““ М Ө “” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. ““ М Ө “” ХХК-аас 32.262.200 төгрөгийг авсантай маргах зүйл байхгүй. Тус компани нь тухайн хөрөнгийг банкны зээлээр худалдан авах байсан учир зээл хөөцөлдөх хугацааг 3 сараар бодож 2016 оны 4 дүгээр сарын 20-ны дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулахаар гэрээнд заасан байгаа. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тооцоо хийж, ““ М Ө ““ ХХК-ийг манай байрыг чөлөөлж өгөх тухай болон худалдах-худалдан авах гэрээний 8.3-т зааснаар алданги тооцох тухай шаардлага тавихад “Сонгууль болж байгаа учир манай борлуулалтын ид үе учраас түрээслэнэ” гэж хэлээд чөлөөж өгөлгүй, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барилгыг сулласан. ““ М Ө “” ХХК 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүтэн 9 сар үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олсон. ““ М Ө “” ХХК-аас 32.262.200 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд ““ М Ө “” ХХК-аас 2016.01.13-ны өдөр 15 сая төгрөг бэлнээр, банкинд нийт 8.700.000 төгрөг, подваль 0-1 давхрын шатны маршийн засварын зардалд 7.693.000 төгрөг, тооцооны хуудас, номын үнэ 75.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өргөмжлөл, хулдаасан хэвлэл, стикер хэвлүүлэхэд 394.200 төгрөг нийт 31.862.200 төгрөг. Үүнээс бид 240.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд үлдэгдэл 208.137.800 төгрөг байсан. Худалдах худалдан авах гэрээний 8.3-т заасны дагуу ““ М Ө “” ХХК нүүж орсон хугацаанаас 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 275 өдрийн 208.137.800 төгрөгийн 0,1 хувийн алданги 57.237.895 төгрөгийг ““ М Ө “” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Мөөс нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд заасан хугацааг хэтрүүлэн гэрээний үүргээ ““ М Ө “” ХХК-ийг зөрчсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрийг өгөхөөр талууд тохиролцсон байсан. Үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр болсон. Харин Б.Мөөс тухайн байрыг барьцаанд тавихаар тохиролцсон боловч 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд зээл авахаар очиход Б.М нь зөвхөн барилгаа зарна, газраа зарахгүй гэсэн асуудлаас болж зээл авах үйлдэл зогсож, гэрээ биелэгдэх боломжгүй болсон. Хавтаст хэргийн 63-р хуудсанд энэ талаарх материал авагдсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байхад Б.М гэрээний үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн талаар тодорхой заасан. Б.М нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн учраас Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-д зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй. Аливаа үл хөдлөх хөрөнгө нь газартайгаа байх ёстой. Гэтэл Б.М нь барилга барьсан газраа өгөхгүй гэсэн учраас ““ М Ө “” ХХК гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцааж өгөх талаар нэхэмжлэл гаргасан. ““ М Ө “” ХХК-ийг ямар үндэслэлээр хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 641 дүгээр шийдвэрээр Иргэний хууулийн 243 дугаар зүйлйин 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснааар хариуцагч Б.Мөөс 32 262 200 төгрөгийг гаргуулан ““ М Ө “” ХХК-д олгож, хариуцагч Б.Мийн нэхэмжлэгч ““ М Ө “” ХХК-иас 57 237 895 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ““ М Ө “” ХХК-аас Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 319 261 төгрөг, хариуцагч Б.Мөөс Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 374 189 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, хариуцач Б.Мөөс 319.261 төгрөг гаргуулан “Мон Өртөөчин” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 117 дугаар магадлалаар Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 641 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад: “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэсэн заалтыг нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319.261 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М хяналтын гомдолдоо: Иргэний хэргийн хариуцагч Б.М миний бие нь анхан шатны шүүхийн 641 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 117 дугаартай магадлалыг эс зөвшөөрч доорхи гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хууль буруу хэрэглэсэн гэж би үзэж байна. Нэхэмжлэгч талтай би “үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах” гэрээг 2016 оны 01 сарын 15-ны өдөр байгуулсан ч гэрээний үнэ болох үлдэгдлийг банкны санхүүжилтээр өгч авах талаар гэрээгээр тохиролцоогүй юм. Мөн гэрээтэй холбогдолтой маргаан үүсвэл шүүхээр шийдвэрлүүлэх үү, арбитраар шийдвэрлүүлэх үү гэдгийг харилцан ярилцаж тохироогүй. Мөн гэрээгээр барилгын тал хэсгийг худалдаж байгаа гэж тохирсон ч үүнд газрыг нь дагалдуулж өгөх талыг ч мөн харилцан тохиролцоогүй юм. “ М Ө “ ХХК-ний захирал М.Батцэнгэл нь 2016 оны 01 сарын 27-нд худалдах худалдан авах гэрээ байгуулчихаад үлдэгдэл төлөх сүүлчийн өдөр буюу 2016 оны 04 сарын 20-ны өдрөөс өмнө 2016.04.10-ны өдөр банкнаас зээл авах хүсэлтийг гаргаж материал бүрдүүлж банкинд өгсөн байдаг. Батцэнгэл нь энэ үед банкинаас зээл авахын тулд 300 000 000 төгрөгийг гэрээ хийж надаар гуйж байж гарын үсэг зуруулчихаад банкинд өгөхөд банк 300 000 000 төгрөгийн зээл авахыг хүсэж байгаа бол нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжгүй болохоороо худал шалтаг гаргаж барилгад ногдох газрыг намайг өгөхгүй байна гэсэн ташаа ойлголт банкны эдийн засагчид ойлгуулж худал ташаа бичиг хийлгэж аван түүнийг гэрээнээс татгалзах үндэслэл болгосон. Гэрээнээс татгалзсан шалтгаан нь надаас болоогүй, өөрсдөө санхүүгийн чадваргүй болсон явдал юм. Сүүлд нь зээл авч барилгын үлдэгдэл төлбөрийг төлөх гэж байгаа юм байна гэж мэдэж байсан. Худалдах худалдан авах гэрээг хийсэн ч би өмчлөх эрхээ нэхэмжлэгчид шилжүүлээгүй тэр ч мөнгийг гүйцэд надад төлөөгүй байсан. Иймд Иргэний хуулийн 243-т заасан иргэний эрх зүйн харилцаа бидний хооронд үүсээгүй байж болох талтай. Харин нэхэмжлэгч санхүүгийн боломжгүй болсон бол Иргэний Хуулийн 249.1-д зааснаар гэрээнээсээ татгалзаж байгаа бол байж болох асуудал юм. Гэвч нэхэмжлэгч нь миний барилгыг худалдаж авна гээд 3 сар үнэ төлбөргүй ашиглаж, түрээслэн сууя гэж хуурч мэхлэн 6 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулж өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой гэсэн зарчим, шудрага ёсны зарчим алдагдуулж нэг талыг барьж намайг хохироосон шийдвэр гаргасанд миний бие гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд болсон үйл явдал хэрэгт авагдсан нотлох баримтанд бодит зөв дүгнэлт хийж чадаагүй хууль буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж би үзэж байна. Мөн миний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд хууль хэрэглээний алдааг залруулж хэргийн үйл явдал бодит байдлыг зөв тогтоох үүднээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:                              

Нэхэмжлэгч ““ М Ө “” ХХКомпани хариуцагч Б.Мөөс 32 262 200 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “худалдах худалдан авах гэрээний үүрэгт алданги 57 237 895 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас 32 262 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуульд нийцжээ.

Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, Б.М нь ...подвалтай 1 давхар барилгын зарим хэсгийг худалдах, ““ М Ө “” ХХКомпани эд хөрөнгийн үнэ 300 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, урьдчилж  32 262 200 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг банкнаас зээл авах журмаар төлөхөөр тохирсон, гэвч гэрээнээс татгалзсан, худалдагч Б.М нь эд хөрөнгөө буцаан авч, бусдад худалдсан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Харин гэрээнээс татгалзсанд буруутай эсэх, гэрээний зүйлийг ашигласан эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болжээ.

Худалдан авагч ““ М Ө “” ХХК үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд банкнаас зээл авахад Б.М нь холбогдох баримтыг шилжүүлээгүйгээс гадна уг барилга нь зээлийн барьцааны хэмжээнд хүрээгүйгээс нэхэмжлэгч зээл авах боломжгүй болж,  төлбөрийг төлж чадахгүй болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, энэ байдлыг хариуцагч мэдсэн боловч гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан олгоогүй тул нэхэмжлэгч байрыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эзэмшсэн нь баримтаар тогтоогдсон, шүүх гэрээнээс татгалзах үндэслэл, журмын талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх хөрөнгө гэж заасан тул гэрээний зүйлийг газраас салгаж, маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм. 

Б.М нь гэрээний зүйлийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулсан тул эд хөрөнгийг ашигласны төлбөрийг хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчилж, “...алданги...” гаргуулна гэжээ.

Гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болох учир гэрээний үүрэгт алданги гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм. Алданги нь гэрээний үүргийг хангуулах арга бөгөөд гэрээний үүрэг дуусгавар болсон тул алданги төлөх үүрэг дуусгавар болж, өөрөөр хэлбэл үндсэн үүрэг дуусгавар болсноор нэмэлт үүрэг мөн адил дуусгавар болно. Иймд “...сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөх...”-ийг хүссэн хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Гэрээний талуудын хэн аль нь шилжүүлсэн эд хөрөнгө, шилжүүлсэн мөнгийг тус тус эзэмшиж, ашиглаж байсан ба гэрээнээс татгалзсанаар талууд өгсөн авснаа харилцан буцаах тул хариуцагчаас 32 262 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуульд зааснаар явуулж, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 117 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 319 261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА