Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 117

 

“Мон-Өртөөчин” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00257/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 641 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Мон-Өртөөчин” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч Ш- овогтой Б-ын М-д холбогдох

          “32.262.200 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,

          “57.237.895 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Хариуцагч Б.М- түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цагаандарь, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Мон-Өртөөчин” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, Нэхийгийн байрны зүүн талд орших подвальтай 1 давхар ногоон барилгын тал хэсгийг /209,7 м кв/ 300.000.000 төгрөгөөр худалдан авахаар Б.М-тэй тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. “Мон-Өртөөчин” ХХК нь гэрээний 6-р зүйлд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 32.262.200 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд: 15 сая төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, подвалийн засварт 7.893.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, хонгилын шатны засварт 400.000  төгрөгийг  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр,   “Манайх наран”  ХХК-ийн  зээл  төлөлтөд 2.800.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 1.350.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, 1.450.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 1.100.000, 200.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус тус “Манайх наран” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Нийт 32.262.200 төгрөг төлсөн.  Ингээд гэрээний 3.1-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай компани Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, Нэхийгийн байрны зүүн талд орших подвальтай 1 давхар ногоон барилгын тал хэсэг буюу 209.7 мкв барилга руу нүүн орсон. Үлдэгдэл төлбөрийг “Мон-Өртөөчин” ХХК банкнаас зээл авч, барьцаанд нь Б.М-өөс худалдаж авах барилгаа тавихаар Б.М-тэй тохирсон байсан. Холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Худалдаа хөгжлийн банкинд хандахад Б.М- зөвхөн барилгаа худалдана, газраа зарахгүй гэж анх хэлэлцэж тохиролцсоноосоо буцсан тул “Мон-Өртөөчин” ХХК 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсаны дараа Б.М-өөс урьдчилгаа төлбөрт өгсөн 32.262.200 төгрөгөө буцаан авч, компани үйл ажиллагаа явуулах байр олъё гэсэн боловч Б.М- мөнгийг буцаан өгөөгүй юм. Тэгээд 2016 оны 8 дугаар сард Б.М- барилгаа өөр хүнд худалдсан гэж утасдсан бөгөөд 9 дүгээр сард Дэмбэрэлсамбуу гэдэг хүн би наад байрыг чинь авсан одоо сулла гэсэн тул бид 10 дугаар сарын 01-ний өдөр байрыг суллаж өгсөн. Б.М- нь зөвхөн барилгаа худалдана газрыг зарахгүй гэснээс гэрээ биелэгдэх боломжгүй болж “Мон-Өртөөчин” ХХК гэрээнээс татгалзсан тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32.262.200 төгрөгийг Б.М-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх Дархан сум 14-р баг, 2-р хороололд үйлчилгээний зориулалттай нийт 838,87 м кв талбай бүхий подвальтай нэг давхар барилга барьсан юм. Бид өөрсдөө ашиглах гэж байгаад мөнгөний хэрэгцээ шаардлагаас болоод тал хэсгийг худалдахаар болсон. “Мон-Өртөөчин” ХХК нь тус барилгын подваль болон нэг давхрын 419,435 мкв талбай бүхий тал хэсгийг 240.000.000 төгрөгөөр худалдан авахаар ярилцаж, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилгаа 15 сая төгрөг Хас банкны дансаар шилжүүлснээр эхэлсэн. “Мон-Өртөөчин” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. “Мон-Өртөөчин” ХХК-аас 32.262.200 төгрөгийг авсантай маргах зүйл байхгүй. Тус компани нь тухайн хөрөнгийг банкны зээлээр худалдан авах байсан учир зээл хөөцөлдөх хугацааг 3 сараар бодож 2016 оны 4 дүгээр сарын 20-ны дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулахаар гэрээнд заасан байгаа. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тооцоо хийж, “Мон-Өртөөчин“ ХХК-ийг манай байрыг чөлөөлж өгөх тухай болон худалдах-худалдан авах гэрээний 8.3-т зааснаар алданги тооцох тухай шаардлага тавихад “Сонгууль болж байгаа учир манай борлуулалтын ид үе учраас түрээслэнэ” гэж хэлээд чөлөөж өгөлгүй, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барилгыг сулласан. “Мон-Өртөөчин” ХХК 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүтэн 9 сар үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олсон. “Мон-Өртөөчин” ХХК-аас 32.262.200 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Мон-Өртөөчин” ХХК-аас 2016.01.13-ны өдөр 15 сая төгрөг бэлнээр, банкинд нийт 8.700.000 төгрөг, подваль 0-1 давхрын шатны маршийн засварын зардалд 7.693.000 төгрөг, тооцооны хуудас, номын үнэ 75.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өргөмжлөл, хулдаасан хэвлэл, стикер хэвлүүлэхэд 394.200 төгрөг нийт 31.862.200 төгрөг. Үүнээс бид 240.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд үлдэгдэл 208.137.800 төгрөг байсан. Худалдах худалдан авах гэрээний 8.3-т заасны дагуу “Мон-Өртөөчин” ХХК нүүж орсон хугацаанаас 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 275 өдрийн 208.137.800 төгрөгийн 0,1 хувийн алданги 57.237.895 төгрөгийг “Мон-Өртөөчин” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.М- нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд заасан хугацааг хэтрүүлэн гэрээний үүргээ “Мон-Өртөөчин” ХХК-ийг зөрчсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрийг өгөхөөр талууд тохиролцсон байсан. Үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр болсон. Харин Б.М- тухайн байрыг барьцаанд тавихаар тохиролцсон боловч 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд зээл авахаар очиход Б.М- нь зөвхөн барилгаа зарна, газраа зарахгүй гэсэн асуудлаас болж зээл авах үйлдэл зогсож, гэрээ биелэгдэх боломжгүй болсон. Хавтаст хэргийн 63-р хуудсанд энэ талаарх материал авагдсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байхад Б.М-  гэрээний үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн талаар тодорхой заасан. Б.М- нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн учраас Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-д зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй. Аливаа үл хөдлөх хөрөнгө нь газартайгаа байх ёстой. Гэтэл Б.М- нь барилга барьсан газраа өгөхгүй гэсэн учраас “Мон-Өртөөчин” ХХК гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцааж өгөх талаар нэхэмжлэл гаргасан. “Мон-Өртөөчин” ХХК-ийг ямар үндэслэлээр хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 641 дугаар шийдвэрээр:

            Иргэний хууулийн 243 дугаар зүйлйин 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснааар хариуцагч Б.М-өөс 32 262 200 төгрөгийг гаргуулан “Мон-Өртөөчин” ХХК-д олгож, хариуцагч Б.М-ийн нэхэмжлэгч “Мон-Өртөөчин” ХХК-иас 57 237 895 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Мон-Өртөөчин” ХХК-аас Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 319 261 төгрөг, хариуцагч Б.М-өөс Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 374 189 төгрөгийг тус тус төрийн сангйин орлогод үлдээж, хариуцач Б.М-өөс 319.261 төгрөг гаргуулан “Мон Өртөөчин” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “Манайх наран” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч талд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлийг зааж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн үндэсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Нэг гэрээтэй холбоотой нэхэмжлэл учраас шүүх хамт шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээнээс татгалзсан маргааны харилцааг  зохицуулсан хуулийг  хэрэглээгүйтэй холбоотой  өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Мон-Өртөөчин” ХХК хариуцагч  Б.М-д холбогдуулан  худалдах худалдан авах гэрээний дагуу  шилжүүлсэн  32.262.200 төгрөгийг  буцаан гаргуулах  нэхэмжлэл гаргасан.

            Хариуцагч Б.М- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрснөөс гадна   худалдах худалдан авах гэрээний  үүрэгт  алданги  57.237.895 төгрөг  гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр, подвалтай 1 давхар  барилгын  тал хэсгийг  худалдах,  төлбөрийг  хэсэгчилж төлөхөөр тохирсон, төлбөрийн зарим 32.262.000 төгрөгийг  төлсөн,  “Мон-Өртөөчин” ХХК   үлдэгдэл төлбөрийг  төлөхийн тулд банкнаас зээл авахыг хүсч  Б.М-өөс  барилга байгаа газрыг шаардахад газрыг өгөхгүй гэсэн учир гэрээнээс 2016 оны 4 сард  татгалзсан, гэрээний зүйлийг  10 дугаар сарын 01-ний өдөр буцаажээ.

            Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах  бол энэ тухай нөгөө талдаа  мэдэгдэх  үүрэгтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс  татгалзсанаар  талууд өгсөн авсанаа  харилцан буцаах, хуулийн  227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар  учирсан хохирлыг арилгуулахаар  шаардах  зэрэг  үр дагаварууд  үүсдэг болно.

            Нэхэмжлэгч  “Мон-Өртөөчин”  ХХК  нь  шилжүүлсэн  32.262.000 төгрөгийг  дээрх хуулийн дагуу шаардсаныг буруу гэж үзэхгүй.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг түүний үндэслэлд тулгуурлаж хууль хэрэглээгүй байдлыг  зөвтгөх нь зүйтэй.

            Хариуцагч Б.М-ийн сөрөг нэхэмжлэлийн  шаардлагын агуулгаас үзэхэд   худалдах худалдан  авах гэрээний  8.3-н дагуу   үлдэгдэл  208.137.800 төгрөгөөс 0.1 хувийн алдангийг 275 өдрөөр тооцож  57.237.895  төгрөг  гаргуулах,  мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс  10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  хугацаанд  байрыг ашиглаж үйл ажиллагаа явуулж, ашиг олсон  гэж  үндэслэлдээ дурдсан  байна.

            Гэрээнээс татгалзсанаар  гэрээ дуусгавар болох учир  гэрээний үүрэгт алданги гаргуулах мөн ашиг олсныг баримтаар нотлоогүй тул хохирол гаргуулах   боломжгүй  юм.

            “Мон-Өртөөчин” ХХК-ийг   худалдан авсан  байранд  үйлдвэрлэл, үйл ажиллагаа  явуулж  ашиг олсон гэж  байгаа бол  энэ талаарх нотлох баримтыг  хуульд заасан үндэслэл журмын  дагуу  гаргаж ирүүлэхийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-т  зааснаар  Б.М-д үүрэг  болгосон,  нотлох баримтаар ирүүлсэн худалдаа үйлчилгээний талбай түрээслэх гэрээний   талууд  биш  учир өөр түрээсийн гэрээг ашиглаж хохирол гаргуулах нь үндэслэлгүй байна.

           Иймд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасныг хангах хуулийн үндэслэл  байхгүй гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 641 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад: 

           “Иргэний хуулийн  205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэсэн заалтыг нэмж  өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319.261 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                      ШҮҮГЧИД                                               Л.АМАРСАНАА

                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ