Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00086

 

Г.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01429 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2034 дугаар магадлалтай,

Г.Згийн нэхэмжлэлтэй

МУУУХҮЯхолбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 11 824 360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнзул, Т.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 04 сарын 10-ны өдрийн 66 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажил олгогч 2015 оны 01 сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч 2017 оны 01 сарын 27-ны өдөр 12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг баримтлан Г.Зг 4 сартай жирэмсэн байхад нь ажлаас чөлөөлсөн боловч уг тушаалаа гардуулж өгөөгүй. Г.З нь 2015 оны 03 сарын 05-нд тус яамны дэд сайд Тэмүүлэн, Төрийн нарийн бичгийн дарга Артаг нарт өгсөн өргөдөлдөө ажлаас үндэслэл муутай халагдсанаа бичиж зохих арга хэмжээ авч өгөхийг хүсч байсан. 2015 оны 03 сарын 16-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргадаа ажилдаа буцаан оруулахыг хүсч өргөдөл гаргаж, гомдол гаргах нэг сарын хугацаандаа багтаан 2016 оны 04 сарын 02-нд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба 2015 оны 04 сарын 09-ний өдөр “таны өргөдөлд дурдсан асуудлыг тус зөвлөл шийдвэрлэх боломжгүй“ гэсэн хариу өгсөн байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2015 оны 05 сарын 13-ны өдрийн 8306 дугаар захирамжаар харьяаллын биш үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Г.Зг жирэмсэн байхад нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн байх тул МУУУХҮЯны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож 2015 оны 11 сарын 25-наас хойшхи ажилгүй байсан хугацааны олговорт 11 824 360 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч МУУУХҮЯ болон төлөөлөгч Г.Мөнгөнзул, Т.Мөнхбаяр нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.З нь 2014 оны 4 сарын 10-ны өдрийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 66 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2014 оны 6 сард Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий ажлын хэсэг Гадаад хамтын ажиллагааны хэлтэст төрийн албаны шалгалт өгөөгүй томилогдсон Г.Зг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албаны тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах” үндэслэлийг зөрчиж томилсон байх тул зөрчлийг арилгах үүргийг өгсөн. Мөн уг үйл явдалтай давхцан бүтэц орон тоог цомхтгон цөөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоол гарсан. Ажил олгогчийн зүгээс 2015 оны 01 сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нийт ажилчдад өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Түмэнбаярын 2015 оны 01 сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаал гарч Г.Зг ажлаас нь чөлөөлсөн ба ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг тэр өдөртөө танилцуулсан. Г.З нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажлаас буруу халагдсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байсан. Г.З нь 2015 оны 3 сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд тус яам нийгмийн даатгалын шийтгэлийг төлж байгаа харин МУУУХҮЯны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01429 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан МУУУХҮЯанд холбогдох Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,824,360 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Г.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5. дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2034 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.11-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч МУУУХҮЯанд холбогдох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.28-ны өдрийн 182/ШШ2017/1429 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцээд 2034 дүгээр магадлал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх энэхүү гомдол гаргаж байна. 1.Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан нэг сарын хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн мэтээр буруу дүгнэлээ. Энэ нь хэргийг шүүхээс буцаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон хугацаанаас уг нэг сарын хугацааг тоолохоор зааж хуулийг буруу тайлбарласнаас тодорхой харагдаж байна. 2. ИХШХШ тухай хуулийн нотлох баримтыг хэрхэн үнэлэх тухай заалтыг бүрэн дүүрэн хэрэглэсэнгүй. Нэхэмжлэгч нь анх 2015.05.04-ний өдөр тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны нэхэмжлэгч гомдлоо шүүхэд хэдийд гаргасан нь тодорхой бус гэж буруу дүгнэжээ. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагч нь хуулийг илэрхий зөрчин жирэмсэн хүнийг ажлаас халахаар мэдэгдэл өгсөн уг мэдэгдэлдээ заасан хугацаа дуусахаас өмнө ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан, энэхүү шийдвэрээ албан ёсоор гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй, Г.Зг зохих албан тушаалтан байгууллагуудад гомдол гаргаж эхлэнгүүт хариуцагч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлэх үүднээс жирэмсэн хүний оронд ажилд авч аргалахыг оролдсон. Г.З нь жирэмсэн хүний оронд ажиллаж байсан хугацаандаа тийнхүү шүүхэд гомдол гаргаж байсан зэрэг нөхцөл байдлыг бүрэн дүүрэн харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэнгүй. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн 182/ШШ2017/01429 дүгээр шийдвэр 2034 дүгээр магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.З нь МУУУХҮЯанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 11 824 360 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хоёр шатны шүүх “... Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн...” гэх үндэслэлээр Г.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул зөвтгөж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

1. Г.Зг МУУУХҮЯны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийн тус тус зөрчсөн байна.

Г.З нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр ажиллажээ. Хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацаа үргэлжилсэн ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь байнгын ажлын байр байжээ.

Ажил олгогчийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалд   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлийг баримталсан хэдий ч тус яаманд ...нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан, цөөрсөн гэх байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.” гэж заасан, нэхэмжлэгч нь тухайн үед жирэмсэн байсан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байжээ.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн гомдол хуулийн үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн нотлох баримтад тулгуурлаагүй байна.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т, энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж мөн хуулийн 129.3-т тус тус заажээ.

Ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авснаас хойш шүүхэд гомдол гаргахыг хуульд заасан тул хариуцагч байгууллага шийдвэрийг гардуулаагүй байхад ажилтны хувьд шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацааг хэтрүүлээгүй байна. Ажил олгогч 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн боловч нэхэмжлэгч уг албан тушаалд ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар хүний оронд,  өөр ажилд томилогдсон, ажил олгогч өөр ажилд томилох тухай тушаалыг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргаж байгаа атлаа 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд авах тушаал гаргажээ. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалыг мөн оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх ажлаас халсан тушаал, өөр ажилд шилжүүлсэн тушаалыг нэхэмжлэгч мэдсэн атлаа хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзэхдээ ажил олгогч тушаалыг гардуулж өгсөн эсэхийг анхаараагүй нь буруу байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний орон тоонд, жирэмсний амралттай байгаа хүний оронд томилогдон ажиллаж байхдаа Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлөгдснийг ажил олгогчид мэдэгдэж, маргасан бөгөөд өөр ажилд шилжүүлсэн талаар гомдол гаргаагүй юм.

Давж заалдах шатны шүүх “...Г.З нь ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 33929 дугаар шүүгчийн захирамж гарснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандсан, мөн түүний нэхэмжлэлийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2016/01623 дугаар шүүгчийн захирамжаар буцааснаас хойш 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандсан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн...” гэж дүгнэхдээ шүүгчийн захирамж хэдийд гарсан, нэхэмжлэгч захирамжийг хэзээ хүлээн авсан, хугацааг  эхэлж тоолох үйл баримтыг тогтоохгүйгээр эрхийн акт гарсан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д нийцээгүй байна.  

Нэхэмжлэгч нь анх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацааг хэтрүүлээгүй боловч дараа нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан, уг хугацаанаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаа хэтэрсэн харагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол  шүүх хугацааг сэргээж болно гэж заажээ. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх, хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх хоёр нөхцөл дээрх зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь болно.

Г.З нь хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ тайлбарлахдаа Төрийн албаны зөвлөлд хандсан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, дараа нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэд хэдэн удаа хандсан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжид гомдол гаргаж байсан баримтуудаас үзэхэд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар, хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч нь нэхэмжлэгч тушаал гардаж авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй гэж маргасан ба нэхэмжлэлээ татан авсан, нэхэмжлэлийг буцаасан үеэс хойш шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацааг хэтрүүлсэн болохыг нотлоогүй байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

3. Нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх шаардлагыг хангах боломжгүй байна.

Г.З нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс жирэмсний амралт авсан, одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ажилдаа орох боломжтой байсан талаар баримт гаргаж нотлоогүй тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах үндэслэлгүй юм.   

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2034 дүгээр магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01429 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Згийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсгийг баримтлан Г.Зг МУУУХҮЯны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс “ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                             

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

              ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА