Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2020/0557

 

  “М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, Ш.А, хариуцагч Б.Б, Б.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх туахй хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 дүгээр шийтгэлийн хуудсын тогтоох хэсгээр ногдуулсан нөхөн татварыг 178,153,958 төгрөгөөр бууруулж, 636,670,642 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж, гомдлын үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, Ш.А нар давж заалдах гомдолдоо: Уг хэргийн тухайд анх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр шийдвэрээр захиргааны актыг 6 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 258 дугаар тогтоолоор хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Улмаар анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 178,153,958 төгрөгийн хэмжээнд хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 329 дүгээр магадлалаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гомдлын шаардлагын үндэслэлийг тодруулсан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс хууль зүйн хувьд огт өөр агуулгаар гаргасан. Шүүх хуралдаан дээр талууд өмнө шийдвэрлэснээс өөр агуулга хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, түүнийгээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотолж мэтгэлцсэн.

Шүүх шийдвэрээ дээрх мэтгэлцээн буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзлын хууль зүйн үндэслэлийг хууль болон нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх зарчимтай.

Гэтэл анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 477 дугаар шийдвэр гаргасан нь талуудын өмнөх хүчингүй болсон маргааны үндэслэлийг буюу анхан шатны шүүхийн 89 дүгээр шийдвэр хүчингүй болсноор шийдвэрлэсэн асуудлаар гарсан байна.

Тэр ч байтугай 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаар шийдвэр нь мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт нь үг, үсэг, тэмдэгтийн нэг ширхэг ч ялгаа байхгүй илүү ч үгүй дутуу ч үгүй ижилхэн буюу өмнөх шийдвэрээ хуулбарласан байна. Энэ нь тухайн өдрийн шүүх бүрэлдэхүүн маргааныг шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн явдал гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болон шүүх хуралдаанд талуудын мэтгэлцсэн үндэслэлийн талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт огт дурдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.4-д заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх нь Хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор даалгасан ажиллагааг хийгээгүй байна. Уг хэргийн тухайд нэхэмжлэл анх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарч анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр шийдвэрээр захиргааны актыг 6 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 258 дугаар тогтоолоор хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд дурдсан ажиллагааг хийгээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-д “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д Эрүүгийн 2014250003995 дугаартай хэрэгт шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэснийн хүрээлэнгийн шинжээч 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 140 дүгээр дүгнэлт гаргасан, шинжээч эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргахдаа эрүүгийн хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан тус компанийн санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэлсэн гэх тул шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон тэдгээр баримтуудыг шүүх хуралдаанд нотлох баримтаар үнэлсэн болно гэжээ. Тус агуулга нь өмнөх шүүхийн буюу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр шийдвэрт байсан өгүүлбэр бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, нотлох баримтын шаардлага хангаж авагдаагүй баримтыг “шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон тул” шалтгаанаар үнэлсэн болохоо тэмдэглэж тайлбарласан агуулгатай байсан.

Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 329 дүгээр магадлалаар хүчингүй болгохдоо дээрх асуудал болох нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг “шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон тул” шалтгаанаар үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1, 32.1, 34.1, 34.2, 34.3, 106.4-т заасныг тус тус зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон.

Гэтэл дахин хэлэлцэж байгаа анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийж байгаа нь нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж шийдвэрлээд байгаа юм уу, эсхүл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг дээрх шалтгаанаар дам ишлэн үнэлж шийдвэрээ гаргаад байгаа юм уу ойлгомжгүй байна. Хоёрдугаар хавтаст хэргийн 58-172 талд авагдсан баримтуудаас 56-59, 61-69, 76-84, 130-163, 169-172 дугаарлагдсан баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтууд байна.

Гэтэл шүүх тус баримтуудыг өөрийн шийдвэрийн үндэслэл болгосон нь өмнө гаргасан алдаагаа засаагүй дээд шатны шүүхийн даалгасан ажиллагааг хийгээгүй байна.

Шүүх хуралдаанд талууд нэхэмжлэгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гомдлын үндэслэлийн тодруулгын хүрээнд мэтгэлцсэн.

Иймд шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг гүйцэд цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлал болон Хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтыг бүрэн гүйцэд биелүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 дүгээр “Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаарлага гаргажээ.

Хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 258 дугаар шүүх хуралдааны тогтоолоор “...маргааны үйл баримтыг буруу тодорхойлсон, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 329 дүгээр магадлалаар хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, үнэлэх журмыг зөрчсөн гэж тус тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх дээрх Улсын дээд шүүхийн тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдол үндэслэлтэй.

Учир нь шүүх шийдвэрээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан байна.

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаар шийдвэр нь мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэгтэй нь ижил байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасан “...Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана...” гэсэнтэй нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 329 дүгээр магадлалаар хянасан байхад дахин түүнийг хуулбарлах байдлаар анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаар /хоёр шатны шүүхийн шийдвэрт заасан нотлох баримтыг цуглуулах үүргийг гүйцэтгээгүй/ шийдвэрийг гаргаж бичсэн байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тодруулсан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ “...Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар гаргах ёсгүй акт гаргасан, Татварын ерөнхий хууль /2008 оны/-д заасныг хэрэгжүүлж түүнд заасны дагуу гаргах ёстой татвар төлүүлэх акт атал тус хуулийг бүхэлд нь зөрчсөн, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 дүгээр тогтоолоор нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар татварын улсын байцаагчид тус асуудлаар дахин шалгалт хийж шинээр дүгнэлт гаргасан нь прокурорын эрх хэмжээнд халдсан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д заасныг зөрчсөн, Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийг үндэслэл болгосон, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэглээгүй...” гэж тус тус үндэслэж маргасан байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн тодруулж, өөрчилсөн шаардлагад огт дүгнэлт өгөлгүй талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН